Categories
гадаад мэдээ

Цасан шуурганы улмаас 28 хүн амиа алджээ

АНУ-ын зүүн эргийн нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсаар байгааг мэдээлсэн билээ. Хүчтэй шуурганы улмаас зам тээврийн осол гарч 28 хүн амиа алдсан байна. Өнгөрсөн баасан, бямба гаригт гэхэд метр гаруй зузаантай цас хунгарлаж, Нью-Йорк зэрэг томоохон хотод 68 см зузаантай цас тогтоод байгаа аж.

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас агаарын болон зарим авто замуудыг хаагаад байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 9000 орчим нислэгийг цуцлаад байна. АНУ-д 1869 оноос хойш ийм их хэмжээний цас ороогүй аж.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн хуралдаан хойшиллоо

УИХ дахь АН-ын бүлэг өнөө өглөө ээлжит хуралдаантай байсан юм. Намын бүлгийн хуралдааныг үдээс хойш 14.00 цагаас болгохоор хойшлуулсан байна. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан манай улсад айлчлал хийж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхана. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзалт хийнэ. Эдгээр арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд оролцох ёстой болсон учраас бүлгийн хурлаа хойшлуулсан аж.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байгаа бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг үдээс хойш хуралдахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Удаа дараалан дээрэм хийсэн этгээдийг баривчилжээ

Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчид удаа дараалан дээрэм үйлдсэн этгээдийг илрүүлэн шалгаж байгаааж.

Тодруулбал, тус дүүргийн XII хороо “Зам гүүрийн авто баазаас хойшоо 602 дугаар худгийн хажууд манай хүүхдийг боож унагаад цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдсэн байна” гэсэн мэдээлэл энэ сарын 23-нд иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд суух, 25 настай эмэгтэй Ж-ын хоолойг боож ном, оюутны автобусны карт, арьсан хэтэвч, иргэний үнэмлэх, гоо сайхны хэрэгсэлтэй гар цүнх, 23 настай эмэгтэй Ө-ийн хоолойг боож иргэний үнэмлэх, 10.000 төгрөгтэй гар цүнхийг дээрэмдсэн байна.

Мөн 58 настай эмэгтэй Д-ийн хоолойг боож ном, өндөр настны автобусны карт, оюу чулуун эрх, бор өнгийн хоёр ширхэг эрх, “LG” , “Nokia-3110” гар утастай цүнхийг дээрэмджээ. Эдгээр гурван удаагийн дээрмийг Чингэлтэй дүүргийн XIII хороонд суух 18 настай эмэгтэй М үйлдсэн нь тогтоогдсон байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа нарыг хоёр жилээс доошгүй хугацаанд сургана

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хууль сахиулахын их сургуулийн удирдлага, багш нартай уулзаж эрх зүйн шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөр, агуулгыг өөрчлөх талаар үүрэг чиглэл өглөө.

Хуулийн мэргэжилтэн бэлтгэж байгаа бүх их, дээд сургуулиуд шинээр батлагдсан хуулиуд болон эрхзүйн шинэчлэлтэй холбоотойгоор сургалтын хөтөлбөрөө өөрчлөх хэрэгтэй болоод байгаа талаар салбарын сайд онцлов.

Хууль зүйн яамны зүгээс энэ чиглэлээр бодлого гаргасан бөгөөд төрийн болон хувийн их, дээд сургуулиудын багш нарыг бэлтгэж, практик дээр ажиллаж байгаа хүмүүсийг хууль үйлчилж эхлэх хүртэлх хугацаанд шат дараатай сургалтад хамруулж, тодорхой мэдлэг олгох чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.

Хууль сахиулахын их сургуулийн хувьд, манай үндсэн гол мэргэжилтнүүдийг бэлтгэдэг сургууль тул энэ бодлогод мөн хамрагдах юм. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахын тулд хоёр төрлийн сургалт зохион байгуулахаар болсон байна. Жирийн цагдаагийн сургалт хоёр жилээс доошгүй хугацаанд явагдана. Харин цагдаагийн байгууллагад анхан шатны нэгжээс эхлэн ажилласан залуу, шилдэг боловсон хүчнүүдээс сонгож, цагдаагийн офицер, мөрдөгч нарыг бэлтгэдэг болох ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Э.Бат-Үүл: Төлөөлөл алдагдсанаас нийслэлийн асуудлууд шийдэгдэхгүй байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн юм. Тэрээр “2008 оны үед бол 800 мянга орчим хүнтэй байсан хотын хүн ам хамгийн сүүлийн тооллогоор нэг сая 314 мянга болсон. Гэтэл төлөөллийн мандат нь 2008 оныхоороо хадгалагдаад явж байна. Манай нийслэлийн 500 гаруй мянган иргэдийн төлөөлөл байдаггүй гэсэн үг. Орон нутгаасаа шилжээд ирсэн ч дагаж мандат нь ирээгүй. Нийслэлээс УИХ-д 800 гаруй мянган хүнийг төлөөлсөн төлөөлөл байгаад байгаа юм. Тэгэхээр парламент ард иргэдийнхээ төлөөллийг хангаж чадахгүй байна. Нийслэл дээр маш том хэмжээгээр алдагдаад байна гэж үзэж байгаа. Мөн УИХ-ын гишүүд тойргоо өмчилж авах хандлага хүчтэй болчихож. Учир нь тойрогт бага хүн байх тусмаа ажиллахад хялбар болно. Тийм учраас орон нутгийн тойргууд тэр УИХ-ын гишүүн сайн муу ажилласнаас үл хамаараад гишүүндээ иргэд нь барьцаалагдчихсан байдалтай байна. Яг үнэндээ төлөөлөл алдагдсанаас орон нутгийн феодалууд үүсч байна шүү дээ. Тойргоо өмчилсөн гэдэг нь нууц биш болчихлоо. Сүүлийн сонгуулийг харж байхад гишүүдийнхээ хариуцлагыг ярьж, төлөөлөл өөрчлөгдөх хандлага нийслэлд л гарсан. Цаашдаа энэ хэвээрээ байвал ардчиллын өөрийнх нь ард түмнээ бүрэн төлөөлж, тэдний хүсэл зоригт нийцсэн шийдвэр гаргах үйл явц муудна” хэмээж байсан юм.

Мэдээллийн дараа түүнээс дараахь асуултад хариулт авсныг хүргэж байна.

-МАН-аас Улаанбаатар хотод УИХ-ын мандат нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа тухай мэдээлэл байна?

-Үүнийг би гайхаад байгаа юм. Ардын намаас нийслэлийг удирдаж байсан М.Энхболдоос эхлээд Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар аль ч үед “Манай нийслэлийн мандат иргэдийг бүрэн төлөөлж чадахгүй байна. Үүнийг нэмэгдүүлээч” гэсэн шаардлага тавьж байсан. Гэтэл одоо гэнэтхэн үгүй ээ гээд суучихаж байгаа нь ойлгогдохгүй байгаа юм. Ийм хоёр нүүртэй баймааргүй байна. Үнэхээр л төлөөллийг хадгалъя гэж байгаа бол нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж 76 гишүүний тоог нэмэгдүүлсний дараа энэ асуудлыг тавих байсан юм биш үү. Аймгуудад нэг л төлөөлөл үлдэх болоод байх шиг?

-Манай НИТХ-ын дарга саяхан л нэмэгдүүлье гэсэн хүсэлт явууллаа шүү дээ. Бид Үндсэн хуульд бараг оны өмнө өөрчлөлт орох гээд байна. Мандат нэмэгдэнэ гэсэн байдал байхаар нь хүлээгээд суугаад байсан. Тэгтэл тийм юм болсонгүй. Тэр битгий хэл Сонгуулийн тухай хууль үндсэндээ хуучин маягаараа ороод ирсэн. Орон нутгийн төлөөлөл парламентад дандаа гуравны хоёрт нь байж ирлээ шүү дээ. Үүний цаана манай нийслэлийн өөрийнх нь бодлого хаягдаж байгаа юм. Нийслэлийн хүн ам нийт Монгол Улсын хүн амын 48 хувь байна. Гэтэл 20 хувийн төлөөлөлтэй суугаад байна шүү дээ. Ардчиллын зарчим нь шийдвэр гаргахдаа хүн амаа төлөөлж, оролцоог нь хангаж байх ёстой байдаг.

-Нийслэлд Ардчилсан нам байнга давуу байж ирсэн. Үүнийгээ улам баталгаажуулах гэж нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх гээд байна уу гэсэн хардлага байна?

-Ямар ч асуудлыг аль ч өнцгөөс нь тайлбарлаж болно. Ямар судалгаагаа иш үндэс болгосныг мэдэхгүй. Манай намын хийсэн судалгаагаар бол орон нутагтаа хүчтэй, дэмжлэгтэй байна. Намайг хэлэхээр мэдээллийн хэрэгсэл ашиглаж худлаа хэллээ гэх байлгүй. Шууд хэлье. Яг үнэндээ бид аймгуудын 60 хувьд дэмжлэгтэй хэвээр л байгаа. Тэгэхээр асуудлаас зайлсхийхийн тулд ийм яриа гаргаад байгаа байх. Манай судалгаа гээд юу ч яриад байж болно шүү дээ. Хамгийн гол нь 500 мянган хүн орон нутгаас ирсэн болон шинээр мэндэлсэн байна. Тэдгээр хүмүүс төлөөлөлгүй болчихоод байгааг яах юм гэдгийг л ярих хэрэгтэй. Зарим нутагт сумынх нь хүн ам хоёр дахин цөөрсөн. Аймгийнх нь хүн ам эрс багассан байгаад байдаг. Тэр хэмжээгээр хүмүүс аймгаас шилжиж ирсэн. Ирчихээд төлөөллөө алдчихаад байгаа юм.

-Улаанбаатарт мандатыг нэмэгдүүлснээр ямар ашигтай юм бэ. Бүтээн байгуулалт нэмэгдэх үү?

-Улаанбаатар хотод нийт үйлдвэрлэлийн 60 гаруй хувь, хүн амын 50 шахуу хувь нь байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувь нь энд байна. Гэхдээ хамгийн хүнд асуудлууд бас нийслэлд бий. Өнөө орчны бохирдлоос эхэлнэ. Улаанбаатар хот руу гарах л юм бол хэт төвлөрөлтэйгөө уялдаад бүхий л асуудал бий болчихсон байгаа. Яагаад шийдэж чадахгүй байна вэ. Яагаад гэвэл төлөөлөл хангагдаагүй, 500 мянган хүн хаягдсан байдлаар шийдвэр гараад байгаа учраас асуудлууд орхигдоод байна шүү дээ. Энүүхэндээ хэлэхэд сайн харах юм бол бараг хүнд хэрэглэгддэггүй маш их хөрөнгө оруулалт хийгээд явчихсан байдаг. Өдөрт 10-аад машин дээгүүр нь явдаг газар зам тавиад хаячихсан байх жишээтэй. Гэтэл Улаанбаатарт асуудал нь улам хүндрээд байдаг. Төлөөлөл алдагдсаны гай ингэж гараад байгаа юм.

-Төлөөлөл алдагдсантай холбоотой хор хохирол гэдгийг тодотгохгүй юу. Мандатыг 21 болгох нь хангалттай юу?

-Уг нь хангалтгүй. Хүн амын 48 хувь шүү дээ. Тэгэхээр 35 орчим гишүүн байж л хангагдана. Гэхдээ илүү тавьбал мэдээжийн хэрэг УИХ-ыг давж гарч чадахгүй. Ийм байдалтай байна шүү дээ. Би нэг юмыг ойлгуулж чадсан уу, яасан. Улаанбаатарт үүсч байгаа асуудал бол төлөөлөл алдагдсантай л холбоотой гэдгийг зориуд хэлье. Өнөөдөр Улаанбаатар хотын гэр хороололд 200-гаад мянган айл өрх, 800-гаад мянган хүн байна. Эдгээр хүмүүс эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох эрхгүйгээр амьдарч байгаа гээд ойлгочих. Жишээ нь Чингэлтэй дүүрэгт есөн айл хашааныхаа газрыг нийлүүлээд 56 айлын таун хаус байгуулах бизнес төлөвлөгөө хийе гэж бодъё. Түүнийгээ хийх гэтэл харамсалтай нь хангаж өгөх санхүүгийн эх үүсвэр байхгүй. Байхгүй байгаа юм биш. Байлгахгүй байна. Юу гэж хэлмээр юм дээ. Энэ хүмүүс өөрөө өөрсдийнхөө эдийн засгийн эрхээ эдэлж чадахгүй хаягдаж ирлээ. Гэхдээ хичнээн их хөрөнгө мөнгийг яаж цацагдсаныг мэдэж байгаа шүү дээ. Асар их хэмжээний хөрөнгө мөнгийг цацсан хэдий ч тэр хүмүүс төлөөллөө алдсан болохоор хүртээлгүй байгаа юм. Хэрвээ төлөөллөө алдаагүй байсан бол дуу хоолойгоо хүргээд асуудлыг шийдчихсэн байх байсан. Одоо нэг юмыг ойлгох цаг болсон. Нийслэлийн гэр хороолол гэдэг бол Монгол Улсын ойрын 20 жилийн эдийн засгийн хөгжлийг хөдөлгөх гол хөдөлгүүр нь юм. 7,2 тэрбум ам.доллартай тэнцэх газар гэдэг актив үхмэл хөрөнгө болчихоод байна. Харамсалтай нь энэ хүмүүс төлөөллөө алдсанаас болоод энэ санхүүгийн, хөрөнгийн эх үүсвэрт хүрч чадахгүй байгаад байна. Би үүнийг ойлгоод өгөөч гэж гуйгаад байгаа юм. Энэ 7.2 тэрбум ам.долларыг л эргэлтэд оруулбал бид дэлхийн хамгийн хөгжилтэй, хурдтай өсч байгаа, эдийн засгийн эрэлт нь тогтвортой өсөх хандлагатай орон болно. 20 жилээр хязгаарлаж байгаа юм биш. Ийм боломж байна. Үүнийг ерөөсөө ойлгож өгөхгүй байна шүү дээ. Тэр үр ашиггүй болж байгаа хөрөнгө оруулалтаа болиоч. Энд эдийн засгийн эх үүсвэр байна, тийш нь оруулаач гээд дийлэхгүй байна шүү дээ. УИХ руу Д.Баттулга дарга бид хоёр байн байн захиа бичсэнийг санаж байгаа биз дээ. Дандаа л эсэргүүцээд, төсөв мөнгө булаацалдана. Тэгээд ялагдаад байгаа шүү дээ. Тэр тусмаа дээр нь ямар юм бий болчихоод байна гэхээр УИХ-д хэн их нөлөөтэй гишүүн байна тэр нь тойрог руугаа их юм авдаг бүр аюултай зүйл тогтчихсон. Энэ бүгдийг зогсоож, асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэдгийг л хэлмээр байна. Тиймээс мандатын эрхээ алдсан 500 мянган хүний мандатыг өгөөч гэж гуйх гэсэн юм.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн сурагчдын ТВ хичээлийн хуваарь

Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан 1-5 ангийн сурагчдын амралтыг хойшлуулах саналыг нийслэлийн Засаг дарга БСШУЯ-д хүргүүлсэн. Уг саналын дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр нийслэлийн ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралтыг хоёрдугаар сарын 02-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн. Амралтын өдрүүдийг сунгасантай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас өмнөх улирлын хичээлийг сэргээн сануулах зорилгоор теле хичээл заах ажлыг зохион байгуулж байна.

Математик, монгол хэлний теле хичээлийг дараахь хуваарийн дагуу заах тул эцэг эхчүүд, багш нар хүүхдүүдээ теле хичээлд идэвхтэй оролцуулахыг уриалж байна.

Хичээлийг өдөр бүр 12.30-13.30 цагийн хооронд UBS сувгаар цацна. Эхний гурван өдрийн хичээлийн хуваарийг хүргэе.

2016.01.25-ны даваа гариг

  • Монгол хэл “Бараа бүтээгдэхүүний заавар шошгыг таньж хэрэглэж сурцгаая” Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн бага ангийн багш Ү.Шинэчимэг
  • Математик “Уртыг хэмжих нэгж” Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа цогцолбор 54 дүгээр сургуулийн бага ангийн багш Б.Должинсүрэн

2016.01.26-ны мягмар гариг

  • Монгол хэл “Эхийг хураан бичиж сурцгаая” Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн бага ангийн багш Ш.Азжаргал
  • Математик “Тооны бүтэц, дугаарлал” Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургуулийн бага ангийн багш Ч.Чагцал

2016.01.27-ны лхагва гариг

  • Монгол хэл “Эхийн утгыг ойлгож уншин, эхэд байгаа эсрэг санааг ялган таних” Сүхбаатар дүүргийн Хөгжим бүжгийн коллежийн бага ангийн багш А.Дэлгэрмаа
  • Математик “Олон оронтой тоо” Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор Нэгдүгээр бага сургуулийн бага ангийн багш Ш.Пунсалдулам

Монгол хэл “Учир шалтгааныг олж, тайлбарлаж сурцгаая” Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Шархүү

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол, Унгарын бизнес уулзалт эхэллээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Виктор Орбаныг Унгарын бизнес эрхлэгчид дагалдан ирсэн бөгөөд тэд МҮХАҮТ-д зочилж, Унгарын өдөрлөгийг эхлүүлээд байна. Өдөрлөгийн үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, Унгарын аж ахуйн нэгж, байгууллагуудын үзэсгэлэн худалдаа, ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулна.

Унгарын талаас аялал жуулчлал, хими цэвэрлэгээ, химийн бодис, автомашин, цахим технологи, барилга, архитектур, хүнс, тавилга, электрон бараа, нэхмэл үйлдвэрлэл, хэвлэл, эм, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ, банк, санхүү, хөдөө аж ахуй зэрэг нийт 40 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Битүүний өдөр айл болгонд Балданлхам бурхан залардаг

Энэ сарын 22-ны өдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Ач авралт охин тэнгэрүүд ба Дарь эх” нэртэй үзэсгэлэн нээгдэх юм байна. Ач авралт охин тэнгэрүүд хэмээн нэрлэдэг дөрвөн сахиуст Балданлхам бурхан ордог юм байна. Гал бичин жил гарахын өмнө энэхүү үзэсгэлэнг үзэгч олны хүртээл болгож байгаа нь учиртай аж. Жил бүрийн сүүлийн сарын адаг, битүүнд бар цагаар сүм хийдүүдэд сүсэгтэн олон түмэн зургаан зүйлийн амьтанд зориулан хамгийн түрүүн Балданлхам бурханыг тахидаг уламжлалтай аж. Түүнийг урин дуудахад айл бүрийн тооноор аз жаргал хайрладаг хэмээн бэлгэдэж, ирж буй ондоо сайн сайхан байхаа сахиустаа даатгасаар иржээ.

Балданлхам бурханыг баярлуулж чадваас ирж буй ондоо аюул зовлонгүй, амар амгалан байна. Тиймээс монголчууд түүнийг бүтээлгэн тахисаар иржээ. Балданлхам гэдэг нь монгол хэлнээ хөрвүүлэхэд Цогт төгөлдөр охин тэнгэр гэсэн утгатай бөгөөд түүний тухай олон хууч домог байдаг. Уншигчдадаа заримаас нь сонирхуулъя. Энэтхэгийн хиндү шашны “Махаапарата ба Рамааяана” туульсад бичсэнээр шарын шашны зарим бурхад, сахиусууд баатарлаг гавьяа байгуулан, бурханы дүрийг олсон тухай өгүүлдэг аж. Ганеш бурханы ээж үзэсгэлэнт дагина тэрсүүтнийг дарахын тулд ихэд уурлан Балданлхам болж хувирсан гэсэн домог байдаг. Энэ үзэсгэлэнгийн үеэр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн санд хадгалагдаж байдаг хосгүй үзмэрүүдийг архиваас гарган үзэгчдийн хүртээл болгох юм.

Үзэсгэлэнгийн талаар тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Д.Гоомаралаас тодрууллаа.

Монголчуудын эрт дээр үеэс шүтэж ирсэн Балданлхам бурханы түүхээс уншигчдад сонирхуулаач?

-Балданлхам нь шарын шашныг хамгаалах арван хангал бурханы нэг. Догшин эмэгтэй хүний дүртэй бурхан. Энэтхэг, Шри-Ланка, Түвд зэрэг буддын шашинтай орнуудаас манайд орж ирсэн гэдэг. Цагаан сарын өмнө Балданлхам бурханыг залах зан үйлийг эртнээс хийдэг байсан. Өөрөөр хэлбэл энэ уламжлалт үйлийг Балданлхам бурханаар дамжуулан сануулах зорилгоор бид “Ач авралт охин тэнгэрүүд ба Дарь эх” нэртэй үзэсгэлэнг гаргаж байгаа юм.

Танай музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг зарим ховор үзмэрүүдийг энэ үеэр үзэгчдийн хүртээл болгох юм байна?

-Манай музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүдээс хоёр ширхэг хосгүй үнэтэй бүтээлийг дэлгэн үзүүлнэ. Үүнд Балданлхам бурханы зээгт наамал мөн шүтээн зургийн нэг төрөл болох нагтан зураг тавигдана. Балданлхам бурханы зээгт наамлыг Их хүрээний нэрт урчууд хамтран бүтээсэн. Нөгөө нь танка зураг. Мөн энэ үзэсгэлэнд дүрслэх урлагийн төрлүүд болох модон баримал, бар, цутгуур зэрэг бүтээлүүд тавигдана.

Ер нь бол үзэсгэлэнг дэглэнэ гэдэг нь урлагийн бүтээл туурвиж байгаатай ижил юм. Түүнээс гадна бид үзэсгэлэнгийнхээ каталогийг гаргасан.

Таны дурдсан энэ хоёр хосгүй бүтээлийг хаана хэзээ бүтээсэн юм бол?

-Түүнийг XIX-XX зууны эхэн үед бүтээсэн. 2005 онд урлагийн хосгүй бүтээлд бүртгэж авсан. Ер нь шашны үйлд зориулсан бүтээлийг хийсэн хүмүүс нь өөрийн нэрээ бичдэггүй байсан.

Танай музейд тавигдсан байдаг Балданлхам бурханы талаар манай уншигчдад тайлбарлаж өгвөл сонин байх болов уу?

-Цагаан өнгийн даавуун дээр малын тархийг шороон будагтай хольж байгалийн өнгийг гаргаж авдаг. Дээрээс нь алт болон эрдэнийн чулуу мөн ургамлын гаралтай шороон будгийг ашигласан байдаг юм. Балданлхам сахуисын баруун талд нь матар толгойт, зүүн талд нь арслан толгойт хоёр дагуулыг дүрсэлсэн. Тэднийг нөхөрсэлт гэдэг. Түүнийг дөрвөн улирлыг даасан дөрвөн охин тэнгэрийн хамт зохиомжилсон. Балданлхам бурхан нь баруун гартаа очирт бороохой, зүүн гартаа цус бялхсан гавал барьсан нь догшин дүртэйг илэрхийлнэ. Очирт бороохой нь хорвоогийн амьтан бүхнийг өвчин зовлонгоос ангижруулан асран тэтгэхийг бэлгэднэ.

Харин цустай гавал нь амьдралыг тэтгэхийн илэрхийлэл. Бурхны унаж буй луусын ганзаганд байгаа хар цагаан шоо нь мэргэн байх ба хамаг амьтан туслахыг бэлгэдсэн. Баруун талд байгаа ороомог утас нь бүх тарнийн хүч биеллийг илэрхийлсэн. Балданлхам бурхан мөн мэргэ төлгийн үйлийг эрхшээх буюу ивээдэг.

Танай музейгээс арван хангал бурхад үзэсгэлэн гаргаж байгаа. Энэ талаараа дэлгэрүүлэн ярина уу?

-Тиймээ. Хамгийн анх Очир аюултган үйлдэгч буюу Ямандаг бурханаар үзэсгэлэн гаргасан. Энэ нь арван хангал бурханы хамгийн тэргүүнд нь залардаг учир түүгээр эхэлсэн. Дараа нь “Нууцын эзэн буюу Очирваань” нэртэй үзэсгэлэн гаргасан. Энэ нь гурав дахь үзэсгэлэн болно. Ийнхүү арван хангал бурхадуудаа бүгдийг нь олны хүртээл болгож толилуулна. Өөрөөр хэлбэл эдгээр бурхадыг хэрхэн бүтээсэн буюу урлагийн хосгүй үнэт өв талаас нь харуулах зорилготой юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Болор цомд оролцох бүтээлүүдийг өнөөдөр авч дуусна

Өнөөдөр “Болор цом-2016” наадамд оролцох бүтээлүүдийг хүлээн авах сүүлийн өдөр. Яруу найрагчид уламжлал ёсоор хоёр бүтээлээ Монголын зохиолчдын хороонд ирүүлэх юм.

Жил бүр уламжлал болгон зохиодог энэ наадмыг уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, уншигч зохиолчдыг холбох зорилгоор сүүлийн жилүүдэд орон нутагт зохион байгуулж байгаа. Харин энэ удаагийн наадам Улаанбаатар хотод ирэх сарын 2-нд болно. 2016 онд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой, мөн нэрт яруу найрагч Д.Сэнгээгийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа учраас наадмыг нийслэлд зохион байгуулах юм байна.

Өнгөрсөн жил “Болор цом” яруу найргийн наадам Төв аймгийн Зуунмод суманд болж, Хөвсгөл аймгийн харьяат яруу найрагч Б.Мягмаржав “Тэнгэрийн татах хүч” шүлгээрээ түрүүлжээ. 1983 оноос хойш зохион байгуулж ирсэн энэ наадмыг Дархан-Уул, Орхон, Архангай, Өвөрхангай аймагт зохион байгуулж байв.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын циркчид олон улсын наадмаас алтан цом хүртлээ

Франц улсад болсон 40 дэх удаагийн Монте Карлогийн олон улсын циркийн наадам энэ сарын 14-нөөс 24-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Тус наадамд Монголын үндэсний циркийн жүжигчин Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид, дээсээр наадагчид, шидэлттэй акробат үзүүлбэрээр амжилттай оролцож, алтан цомын эзэд болсон байна.

Дэлхийн циркчдийн чансааг жил болгон шалгадаг тус тэмцээнд нийт 12 орны жүжигчин оролцсоноос манай жүжигчдийн “Жалам хар”-ын аялгуунд дээсээр наадсан үзүүлбэр ийн шилдгээр шалгарчээ.