Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээр хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээр хийлээ. Хэлэлцээр илэн далангүй, найрсаг, дотно уур амьсгалд боллоо гэдгийг хоёр Ерөнхий сайд онцоллоо.

Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа хамтын хүчин чармайлтаар өргөжин хөгжиж байна. Унгар улсын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нар манай улсад айлчилсан төдийгүй Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод 2015 онд сэргээн нээсэн нь Унгарын Засгийн газар Монгол Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэлцээний эхэнд тэмдэглэлээ.

Энэ оны долдугаар сард Монгол Улс АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. Энэ уулзалтад урьсанд талархаж байгаагаа Ерөнхий сайд Виктор Орбан хэлсэн юм.

Хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлага байна. Энэ хүрээнд Европын стандартад нийцсэн хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ. Өнөөдөр байгуулж буй Монгол Улсын Хөгжлийн банк, Унгар улсын ЭКСИМ банк хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг чухал ач холбогдолтой. Хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтарсан төслүүдийг дэмжих, зээлийн шугам нээх, хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах боломжийг судалж үзэхийг Унгарын Ерөнхий сайдаас хүслээ.

2010 оноос яригдаж эхэлсэн Сонгино дахь “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газарт Унгар улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр иж бүрэн шинэчлэл хийх ажлын явцыг эрчимжүүлэх нь хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд түлхэц болно. Энэ төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Унгарын талтай хамтарч хийх саналтай байна. Хоёр орны худалдааны нийт эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг харилцан ашигтай хоёр урсгалтай болгоход анхаарч ажиллахыг хүсээд Унгарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илэрхийллээ.

Хоёр улсын Хөдөө аж ахуйн яам хооронд 2011 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх шаардлага байна. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн Унгар улсын туршлагыг судлах, хамтран ажиллах сонирхлоо мөн илэрхийллээ.

Уул уурхайн салбарт хамтран ажиллаж ирсэн туршлага бий. Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын ховор металын эрэл хайгуулын судалгааны ажил, мөн 1:50000 масштабтай геологийн эрэл-зураглалын ажил зохион байгуулахад хамтран ажиллах боломжтой гэлээ.

Улаанбаатар, Будапешт хотуудын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр хот хамтран ажиллах гэрээ саяхан байгуулсан. Гэрээнд эко-автобус үйлдвэрлэл, ухаалаг бизнес болон үзвэр үйлчилгээний төв байгуулах, Туул голын үерийн менежмент, барилгын материал үйлдвэрлэл, хөдөө ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хоол хүнс боловсруулах үйлдвэр хамтран байгуулахаар тусгажээ.

Сонгино дахь Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн иж бүрэн шинэчлэлийг Унгарын санхүүжилтээр хийхээр болсны дагуу цаашид энэ бүсэд Унгар улстай хамтран мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах цогц комплекс бүхий дагуул хот байгуулах боломжтой талаар хоёр Ерөнхий сайд ярилцлаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн саналыг дэмжиж, хамтран ажиллах бүрэн боломжтой. Хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг харилцан ашигтай болгоход анхаарч ажиллахаа Унгарын Ерөнхий сайд илэрхийллээ. Унгар улс усны нөөцийн судалгаа, гүний усны нөөц тогтоох, эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх туршлагатай. Эдгээр салбарт Монгол Улстай хамтран ажиллах боломж байгааг Унгарын Ерөнхий сайд хэллээ.

Унгар улсын тэтгэлгээр Монголын 400 оюутан тус улсад сурсны олонх нь анагаахын салбарт мэргэжил эзэмшсэн. Өнөөдөр 100 оюутан сурч байна, тэдний тоог 200-д хүргэх боломжтой гэж Унгарын Ерөнхий сайд хэлээд тэтгэлгийг хамтарч ажиллах эдгээр чиглэлээр суралцах оюутнуудад олгох нь зүйтэй гэсэн саналаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ынхан УИХ-ын даргыг ажлаа өг хэмээн шаардлага хүргүүлэхээр болжээ

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны талаар бүлгийн дарга С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийв.

МАН-ын бүлгийн хурлаар гурван асуудлыг хэлэлцсэн байна. Юуны өмнө тус бүлгийнхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг 100 хувь дэмжихээр нэгдсэн байна. Үүнээс гадна УИХ-ын дарга З.Энхболдыг өөрийнхөө хүсэлтээр УИХ-ын даргын ажлаа өг хэмээн шаардах бичиг хүргүүлэхээр болжээ. Харин гуравдугаарт нийслэлийн тойргийн мандатын тоог нэмэгдүүлэхгүй гэдэг саналд нэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболдод Унгарын Ерөнхий сайд бараалхав

УИХ-ын дарга З. Энхболдод өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар бараалхав.

УИХ-ын дарга хэлэхдээ, уламжлалт найрсаг харилцаатай Унгар улстай хамтын ажиллагааг бололцоотой бүх салбарт эрчимжүүлж, тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилт болохыг онцлов. Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засгийн агуулгаар баяжуулахад Ерөнхий сайд Виктор Орбаны Монгол Улсад хийж буй анхны айлчлал ихээхэн ач холбогдолтойг тэмдэглэн хэллээ.
Ази, Европын Парламентчдын /АЕП/ дээд түвшний уулзалт энэ оны дөрөвдүгээр сарын 21-22-нд Улаанбаатар хотноо болохыг УИХ-ын дарга хэлээд, уг уулзалт арга хэмжээнд Унгар Улсын Парламентын даргад урилга илгээсэн.
Монгол Улс, Унгар Улстай улс төр, эдийн засаг, бизнес зэрэг бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа улам батжуулах зорилготой байна. Монгол Улс бол зөвхөн гурван сая хүний зах зээл биш, харин манай хөрш хүчирхэг хоёр улсын 1.5 тэрбум хүн амтай зах зээл биднийг хүрээлэн байдаг. Түүнчлэн өнгөрсөн жил Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан бөгөөд манайд үйлдвэрлэсэн бүх төрлийн бүтээгдэхүүн 70-80 хувийн татварын хөнгөлөлттэйгөөр тус улсын хилээр нэвтрэх боломж бүрдсэнийг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцолж байв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч эх орондоо ирэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн холбооны улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлж, энэ удаагийн чуулга уулзалтаар “Үйлдвэржилтийн дөрөв дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд болсон юм.

Энэ удаагийн чуулга уулзалтаар эрүүл мэнд, санхүү, боловсролын салбарыг хэрхэн өөрчлөх, уур амьсгалын өөрчлөлт, бүх нийтийн эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэхэд технологийн хөгжил дэвшил хэрхэн нөлөөлөх, тулгарч буй асуудал, сорилтууд урьд өмнөхөөс илүү ээдрээтэй, хурдацтай, харилцан хамааралтай болсон үед оновчтой зөв шийдвэр гаргах чадамжтай Төрийн байгууллагын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн билээ.

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, тавьж буй хөгжлийн зорилтоо танилцуулах зорилгоор нэгдүгээр сарын 22-нд “Монголын үдэш” арга хэмжээг зохион байгуулсан юм.

Чуулга уулзалтад Монгол Улс өндөр дээд түвшинд оролцох нь улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

“Юнивишн”-ийг шүүхэд өгнө гэв

“Юнивишн” компанийн хоёрдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх гэж буй шинэ үйлчилгээ журмын талаар болон SPS, төлбөртэй спорт сувгийн үйлчилгээний талаар сэтгүүлч Э.Амарсайхан хуульч О.Батхүү, хөлбөмбөг спорт сонирхогч иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийв. Тус компани хоёрдугаар сарын нэгнээс эхлэн иргэдийн интернет хэрэглээг хязгаарлах болсноо мэдэгдсэн. Үүнд нь хэрэглэгчид ихээхэн бухимдалтай байгаа билээ.

Хуульч О.Батхүү хэлэхдээ “Хэрэглэгчид энэ компаниас гэрээнээс гадуур зүйл ерөөсөө хүсээгүй. Гэрээгээр заасан үүргээ биелүүлээч, гэрээгээ мөрдөөч л гэж хүсэж байна. Мөн Юнивишн компанийн хэрэглэгчидтэйгээ хийдэг гэрээг харахад маш их асуудалтай байна. Тус компанийн хувьд гэрээндээ давуу эрх эдэлж байна. Хэрэглэгчдээс ямар ч хамааралгүйгээр гэрээндээ өөрчлөлт оруулж болохоор тийм гэрээ байна. Хэрэв энэ гэрээг шүүх дээр бариад очвол асуудал үүснэ” гэлээ. Мөн эдгээр асуудлаа шийдэхгүй бол Юнивишн компанийг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэв.

Хэвлэлийн хурал хийгчид Юнивишний асуудлаар Харилцаа холбооны зохицуулах газарт хандсан ч “Манайд хамааралгүй” гэх хариултыг өгчээ. Иймд ШӨХТГ-т хандсан байна. Тухайн үед тус газрын даргаар Т.Аюурсайхан ажиллаж байсан бөгөөд эл асуудлыг нааштайгаар хүлээн авчээ. Харин дараа нь ШӨХТГ-ын дарга солигдсоноор эл асуудал таг болсон гэнэ. Иймээс тэд ШӨХТГ-ын одоогийн дарга Д.Мөнхтөрийг дээрх асуудалд анхаарлаа хандуулж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахыг хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд төрийн албатай холбоотой маргаан хоёр дахин өсчээ

Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнгөрсөн 2015 онд шүүхээр шийдэгдсэн хэргүүдийн талаар мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн үеэр төрийн албаны халаа сэлгээ, цомхотголтой холбоотойгоор шүүхэд ирэх маргаан нэмэгдсэн гэдгийг онцолж байлаа. Тухайлбал, 2015 онд төрийн албаны маргаан өмнөх жилээс 34.7 хувиар буюу хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 онд нийт 2775 хэрэг, нэхэмжлэл хүлээн авчээ. Гэхдээ эдгээрийн 641 нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзаж, үлдсэн 1439 хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөлд нийт ирсэн маргааны 26.8 хувийг төрийн албаны асуудал эзэлжээ. Харин эдгээр маргааны дийлэнх хувь нь тухайн маргаан үүсгэж буй иргэний талд шийдэгддэг байна.

Үүний араас газар болон татварын маргаан, үл хөдлөх хөрөнгө, тендэр, нийгмийн даатгалтай холбоотой маргаан захиргааны хэргийн шүүхэд ихэвчлэн иржээ.

Categories
мэдээ улс-төр

МАХН таван жилийн ажлаа дүгнэж, “Хөгжлийн хувьсгал”-аа хийнэ

МАХН 2011 онд шинээр байгуулагдаж жил бүр Онц их хурал гэдгийг зохион байгуулсан. Тус намын таван жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн арга хэмжээнд зориулан “Хөгжлийн хувьсгал” арга хэмжээг энэ сарын 27-нд зохион байгуулах гэж байна. Арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс МАХН-ын гишүүд дэмжигчид ирж оролцох юм байна. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож, үг хэлэх аж.

Тус арга хэмжээнд МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, МАХН-ын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “Тэмцэж хатуужсан таван жил”, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Улаан “Оюу толгойг олноороо шийдье” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр товложээ.

Categories
мэдээ нийгэм

Хятад руу мах экспортлох боомтыг тохиролцоно

Ойрын хугацаанд БНХАУ руу үхэр, хонины махыг аль боомтоор экспортлохыг тохиролцохоор болжээ. БНХАУ 2013 онд манай улсын баруун бүсийн таван аймгийн үхэр, хонины махыг авахад шүлхийн хориг тавьсан байсан. Энэхүү хоригийг өнгөрсөн арванхоёрдугаар сард цуцалсан юм.

Ингэснээр Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Завхан аймгаас өмнөд хөрш рүү мах экспортлох эрх нээгдсэн. Мах экспортлох холбогдох баримт бичигт гарын үсэг зурж эхний алхмыг хийсэн гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар мэдээлжээ.

Categories
мэдээ спорт

“ДМЮ” Улаанхадаас хүрэл медальтай ирэв

Монголын өсвөрийн хөлбөмбөгийн “ДМЮ” клубийн 12 хүртэлх насны баг энэ сарын 16-21-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотод болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Өмнөд Монголын хөлбөмбөгийн холбооноос зүлгэн талбайд футзалын дүрмээр зохион байгуулсан тэмцээнд гурван улсын 15 баг өрсөлдөхөд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хорчин аймгийн баг алт, ОХУ-ын “Чита” клуб мөнгө, Монголын “ДМЮ” хүрэл медаль хүртэв.

Дашрамд дуулгахад, “ДМЮ” клубийн 13 хүртэлх насны баг оны өмнөхөн БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотод болсон олон улсын тэмцээнээс гуравдугаар байр эзэлсэн билээ.

Categories
мэдээ спорт

И.Ярыгиний цомын тэмцээнд оролцох бүрэлдэхүүн тодорлоо

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” болон И.Ярыгиний Цомын төлөөх хүнд жингийн бөхчүүдийн олон улсын тэмцээн ОХУ-ын Красноярск хотод нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд болох гэж байна.

Энэ оны тэмцээнийг Бүх Оросын бөхийн төрлүүдийн холбоо, Ярыгиний нэрэмжит сангаас Красноярск мужийн Амбан захирагчийн албатай хамтран зохион байгуулж байгаа аж. Оросын талаас тус тэмцээнд оролцдог бөхчүүдийнхээ тоог энэ удаа хязгаарлаж эрэгтэй 32, эмэгтэй 24 бөх барилдуулах болжээ.

Тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

Багийн ахлагч: Жамъянсүрэнгийн Түмэн-Аюуш, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан

Эрэгтэй баг

57 кг:

  • Энхсайханы Ням-Очир, ОУХМ, ҮШБ, “Хилчин” спорт хороо

61 кг:

  • Батсайханы Нэмэхбаяр, ОУХМ, “Хасу-Мегастарс” клуб

65 кг:

  • Ганзоригийн Мандахнаран, МУГТ, ҮШБ, “Алдар” спорт хороо
  • Баатархүүгийн Өсөхбаяр, СМ, “Цастын барс” клуб

70 кг:

  • Болдхүүгийн Батсүх, СМ, “Хасу-Мегастарс” клуб
  • Буянцогтын Цогтгэрэл, СМ, “Хасу-Мегастарс” клуб
  • Нүржигдаваагийн Пүрэвдаваа, “Цастын барс” клуб

74 кг:

  • Ганболдын Төрболд, СМ, “Женко” клуб

Дасгалжуулагч

  • Цэрэнбаатарын Цогтбаяр, эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин

Эмэгтэй баг

48 кг:

  • Эрдэнэсүхийн Нарангэрэл, ОУХМ. ҮШБ, “Хангарьд” клуб
  • Батбаатарын Мѳнхтуяа, СМ, “Хасу-Мегастарс” клуб

53 кг:

  • Эрдэнэчимэгийн Сумьяа, ОУХМ. ҮШБ, “Хилчин” спорт хороо
  • Даваасүхийн Отгонцэцэг, ОУХМ. “Хасу-Мегастарс” клуб
  • Бүүвэйбаатарын Хатантуул, СМ, “Арслан” клуб

55 кг:

  • Батбаатарын Номин-Эрдэнэ, ОУХМ. “Хангарьд” клуб

58 кг:

  • Сүхээгийн Цэрэнчимэд, МУГТ, ҮШБ, “Алдар” спорт хороо
  • Пүрэвдоржийн Орхон, ОУХМ. ҮШБ, “Алдар” спорт хороо
  • Энхбатын Гантуяа, СМ, “Хилчин” спорт хороо
  • Баатаржавын Шоовдор, ОУХМ, ҮШБ, “Цастын барс” клуб
  • Алтанцэцэгийн Батцэцэг, ОУХМ, ҮШБ, “Хасу-Мегастарс” клуб
  • Сүндэвийн Бямбацэрэн, ОУХМ. ҮШБ, “Аврагч” спорт хороо

60 кг:

  • Отгонбатын Оюунтуяа, СМ, “Аварга” БТДС

69 кг:

  • Шархүүгийн Түмэнцэцэг, ОУХМ, “Хилчин” спорт хороо

75 кг:

  • Очирбатын Бурмаа, МУГТ, ҮШБ, “Хангарьд” клуб
  • Бадрахын Одончимэг, ОУХМ, ҮШБ, “Алдар” спорт хороо
  • Гэлэгжамцын Наранчимэг, ОУХМ, “Хилчин” спорт хороо

Дасгалжуулагчид

  • Буяндэлгэрийн Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч
  • Зэвэгийн Дүвчин, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч
  • Тэмэндэмбэрэлийн Сүхбаатар, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч
  • Даваажавын Батням, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч

Шүүгч

  • Лутбаярын Ганзориг, олон улсын шүүгч

Эмч

  • Чулууны Насанбат, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч