Categories
мэдээ нийгэм

Аялал жуулчлалын улирлыг уртасгана

Аялал жуулчлалын үндсэн үйл ажиллагаа зуны улиралд явагддагаас шалтгаалж мэргэжлийн ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, тур операторууд өрсөлдөх чадвартай үнэ санал болгох, их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжгүй болдог. Зочид буудлын ор ашиглалт, агаарын тээврийн компаниудын суудал дүүргэлтийн түвшин ч улирлаас шууд хамаарч, аялал жуулчлал, түүнийг дагасан олон бизнесүүд аравдугаар сараас зургадугаар сарыг хүртэл зогсонги байдалд ордог билээ. Тэгвэл энэ асуудлыг Улаанбаатар хотод төрийн байгууллагуудын шугамаар зохион байгуулах олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалтыг аялал жуулчлалын идэвхгүй улиралд явуулах замаар шийдвэрлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргалаа. Өнгөрсөн онд 129 534 гадаадын иргэн албан зорилгоор манай улсад жуулчилсны 44 508 нь зургаа, долоо, наймдугаар сард иржээ.

“Төвлөрлийг сааруулах арга хэмжээ авснаар тур оператор компаниудад зуны улиралд авдаг жуулчдаа багагүй хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Төрийн байгууллагууд ч төсөв хэмнэх боломжтой болно. Учир нь бид Улаанбаатар хотын 4, 5 одтой 10 зочид буудалтай есдүгээр сараас тавдугаар сар хүртэл 50 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гадаад сурталчилгаанд нь дэмжлэг үзүүлж байгаа” гэж нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга онцлов.
Улаанбаатар хот нь долоо хоногт дунджаар таван чиглэлийн 20 олон улсын галт тэрэг, долоон авиа компанийн есөн чиглэлээр 50 орчим олон улсын нислэг хүлээн авдаг бүс нутгийн зам тээврийн зангилаа боловч зорчигч урсгалын хувьд жилийн саруудад ихээхэн ялгавартай байдаг. Нийт жуулчдын 44 хувь нь долоо, найм, есдүгээр саруудад ирдэг тул энэ үед олон улсын нислэг болон зочид буудлуудад их хэмжээний ачаалал үүсдэг байна. Нийслэл хотын зүгээс хурал зөвлөгөөнөөс гадна өвлийн эвентэд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй аж. хоёрдугаар сарын 06-ны өдөр “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Түрээсийн орон сууц” хөтөлбөр гуравдугаар сараас хэрэгжинэ

“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөр ирэх гуравдугаар сарын 1-нээс хэрэгжихээр болжээ. Тодруулбал, уг хөтөлбөрийг 2015 оны долоодугаар сард баталж, хэрэгжүүлэх тогтоолыг энэ сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан билээ.

Уг хөтөлбөрт орон сууц худалдан авах боломжгүй, орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн нөхцөлийг хангах боломжгүй буюу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувь нь бүрдээгүй иргэд хамрагдах аж.

Мөн амьжиргааны түвшингийн 3-10 дугаар бүлэгт хамаарах бага, дунд орлоготой иргэд хамрагдах юм байна.

Түүнчлэн “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээндУлаанбаатар хотод 16 мянга, орон нутагт 4000 айлын орон сууц барихаар төлөвлөжээ.

Дашрамд дурдахад, төрийн өмчийн түрээсийн орон сууцны төлбөр ньөрхийн орлогын 25 хувиас хэтрэхгүйбөгөөд Улаанбаатар хотод нэг байрны үнийг 200-280 мянгантөгрөг буюу/1 мкв -6500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг буюу /1 мкв- 4500 төгрөг/ байхаар тогтоод байгаа аж. Ингэхдээ нэг айл 30-50 ам.метр байранд байхаар болжээ.

Categories
гадаад мэдээ

Огцом хүйтэрснээс 50 гаруй хүн амиа алджээ

Тайваньд огцом хүйтэрсний улмаас өнгөрсөн амралтын өдөр 50 гаруй хүн амиа алдсан байна. Энэ талаар “Focus Taiwan” мэдээлжээ. Тодруулбал, энэ сарын 25-ний өдрийн ням гаригт -4 градус хүртэл хүйтэрчээ. Өмнө нь тус улсад ингэж хүйтэрч байгаагүй учраас иргэд олноор амиа алдах болсон байна. Хүйтэрлийн үеэр Таоюань арлын хойд хэсэгт, Тайваний нийслэл Тайбэйд 36 хүн нас барсан байна. Мөн Тайванийн өмнөд нутаг болох Каосюнг хотод 16 хүн амиа алджээ. Тус улсыд сүүлийн 40 гаруй жил ингэж хүйтрээгүй байна. Амиа алдсан иргэдийн дийлэнх нь өндөр настан буюу 65-93 насны хүмүүс байжээ. Агаарын температур огцом буурсны улмаас зүрх нь ачааллаа дийлээгүй аж. Иймд Тайваний эмч нар иргэддээ шаардлагагүй бол гэрээсээ гадагш гарахгүй байхыг зөвлөж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зээлийн маргаан өсчээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр болсон юм. Хурлын үеэр өнгөрсөн онд шүүхээр шийдэгдсэн хэргүүдийн тухай мэдээллийг хүргэсэн юм.

2015 онд иргэний хэргийн шугамаар 56 мянга гаруй нэхэмжлэл гомдол шүүх байгууллагад иржээ. Эдгээрийн 40 мянга гаруйг нь шийдвэрлэсэн байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай холбоотойгоор иргэдийн дунд зээлийн гэрээтэй холбоотой маргаан нэмэгдэх хандлагатай болжээ. Нийт маргааны дийлэнх хувийг зээлийн гэрээ, банкны зээлийн үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэл эзлэх болсон байна. Тухайлбал, зээлийн гэрээний маргаан хоёр дахин өссөн бол банкны зээлтэй холбоотой маргаан 60 орчим хувиар өсжээ.

ХУЛГАЙЛАХ, ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ӨСӨВ

Бусдын эд хөрөнгийг хулгайлах, залилах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх олж авах, хадгалах, борлуулах, тээвэрлэх, илгээх, борлуулах хэрэг өсчээ.

Шийдвэрлэсэн гэмт хэрэг дотроос хүнийг санаатай алах гэмт хэрэг 186 байгаа нь өмнөх оноос 13 хэргээр буюу 6.5 хувиар, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах хэрэг 303 байгаа нь 17 хэргээр буюу 5.3 хувиар, танхайрах гэмт хэрэг 623 байгаа нь 15 хэргээр буюу 2.4 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлөгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 750 хэрэг гарсан нь 44 хэргээр буюу 5.5 хувиар өнгөрсөн оноос тус тус буурсан дүн юм.

Харин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 1418 байгаа нь өнгөрсөн оноос 82 хэргээр буюу 6.1 хувиар, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг 209 байгаа нь өнгөрсөн оноос 26 хэргээр буюу 14.2 хувиар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 42 гарсан нь өнгөрсөн оноос 9 хэргээр буюу 27.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. Бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн нийт эрүүгийн хэргийн 41.3 хувийг эзэлж байна.

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ ӨСЧЭЭ

Өнгөрсөн онд ШШГЕГ 11 603 хүнд холбогдох 7998 эрүүгийн хэргийг хүлээн авсан байна. Өнгөрсөн оны хувьд “Өршөөлийн тухай хууль”-ийг хэрэгжүүлсэн. Тэгвэл “Өршөөлийн тухай хууль”-ийг хэрэгжүүлсэн ч зарим эрүүгийн хэргийн үзүүлэлт өсөлттэй гарсан дүн мэдээ байна. Ялангуяа мансууруулах бодистой холбоотой эрүүгийн хэрэг хамгийн өндөр буюу 27 хувиар өссөн таагүй үзүүлэлт гарчээ. Тухайлбал, мансууруулах бодистой холбоотойгоор 2014 онд 33 хэрэг, 2015 онд 42 хэрэг бүртгэгдэж 27 хувиар өссөн байна. Харин ял шийтгүүлэгчдийн тоо 2014 онд 54, харин 2015 онд 76-д хүрч нэмэгджээ. Ийнхүү мансууруулах бодистой холбоотой хэрэг өсч буй нь энэ чиглэлд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлага тулгарсныг харуулж буй хэрэг аж.

2015 оны байдлаар гэмт хэргийн улмаас улсад 60 тэрбум орчим төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирчээ. Харин гэмт хэргийн улмаас 500 гаруй хүний амь хохирч, 3000 гаруй хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан байна.

Өнгөрсөн оны хувьд 14-15 насныхан ял шийтгэл эдлэх нь буурсан үзүүлэлт гарчээ. Тухайлбал, 2014 онд 14-15 насны 134 иргэн ял шийтгүүлсэн бол 2015 онд 110 болсон байна. Ял шийтгүүлэгчдийн дийлэнх нь 18-29 насны иргэн байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Европын хөгжлийн банк салхин станц байгуулахад хөрөнгө оруулна

Европын Хөгжлийн банк Монголын говийн бүс дэх Сайншандын салхин цахилгаан станцын төсөлд 115 сая ам.долларын санхүүжилт олгох болсон талаар “Ferrostaal” компани мэдээлжээ. Сайншанд салхин парк компанийн захирал Oliver Schnorr-ийн мэдэгдсэнээр, тус Салхин станцыг 2017 оны есдүгээр сард ашиглалтад оруулах юм байна.

Станц байгуулах санхүүжилтийн 70 хувийг зээлээр, үлдсэн 30 хувийг өөрийн хөрөнгөөс гаргах бөгөөд Европын хөгжлийн банк гол зээлдэгч нь аж. Энэхүү салхин цахилгаан станц нь 52 мвт-ын суурилагдах хүчин чадалтай бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд сумын зүүн хойд хэсэгт 2016 онд байгуулахаар төлөвлөжээ.

Салхин цахилгаан станцыг байгуулахад 120 сая орчим ам.доллар шаардлагатай ба ашиглалтад орсноор жилдээ 170 сая квт.ц цахилгааныг төвийн эрчим хүчний системд нийлүүлж, 200 мянга орчим тоннтой тэнцэхүйц нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээлд 77 мянган иргэн хамрагджээ

Монголбанк сар бүр гаргадаг ипотекийн зээлийн тайлангаа гаргасан байна. Тайлангаас харахад арилжааны банкаар дамжуулан 77105 иргэн ипотекийн зээлд хамрагджээ.

Гэсэн ч зээл авах иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал 2015 оны арванхоёрдугаар сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 32.3 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56.9 хувиар буурсан байна.

Харин чанаргүй зээл харьцангуй бага буюу нийт зээлийн 0.6 хувийг эзэлжээ. Нийт зээлдэгчид дунджаар 16-20 жилийн хугацаатай зээл авдаг байна.

Categories
мэдээ улс-төр

Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтад Унгар улсын компани хамтарна

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Унгар улсын аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг гуравдагч улсуудад экспортлох үйл ажиллагаа явуулдаг “Сабадич Козми Иш Мэйэпито Корпораци”-н Ерөнхий захирал Тамас Гюла Ковакс,”Профешнл Прожет ХХК”-ийн ерөнхий зөвлөх Линг Анталне нар “Авто худалдааны цогцолбор”-ын бүтээн байгуулалтад хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтад Унгарын талаас нийт 70 сая долларын хөрөнгө оруулалтыг хийхээр болж байгаа юм.
Тодруулбал, авто худалдааны цогцолборын олон улсын авто худалдааны үзэсгэлэнгийн төвийн барилга, дулааны станц, эрчим хүчний инженерийн иж бүрэн байгууламж, усан хангамж, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын байгууламж, цогцолборын доторх авто зам, хамгаалалтын хашаа, ногоон байгууламж, нуур, явган хүний замын тохижилт зэрэг томоохон дэд бүтцийн ажлуудыг хийнэ. Санамж бичгийн хүрээнд талууд хөрөнгө оруулалтын нарийвчилсан гэрээнүүдийг байгуулж, тус тусын ажлын хэсэг байгуулан бүтээн байгуулалтын ажлыг энэ хавраас эхлүүлэхээр тохиролцлоо.


Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн удирдлагууд үр дүнгийн гэрээ байгууллаа

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн 2016 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, нийслэлийн ЗДТГ-ын дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер, Улаанбаатар хотын ерөнхий архитектор, дүүргүүдийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн харьяа газар, агентлаг, төсөвт үйлдвэрийн газруудын удирдлагатай 2016 оны Үр дүнгийн гэрээ байгууллаа.

Мөн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын 2015 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан дүүрэг, харьяа агентлаг, төсөвт үйлвэрийн газруудыг шагнав.

2015 онд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, нийслэлийн Авто замын газар, Архивын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эдийн засгийн хөгжлийн газар, Дотоод аудитын газар, Мал эмнэлгийн газар, Статистикийн газар, Байгаль орчин, Ногоон хөгжлийн газар, Эдийн засгийн хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийтлэг үйлчилгээний газар, Монгол хүүхдийн ордон, Монгол наадам цогцолбор, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Улаанбаатар чуулга, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор төв, Зорчигч тээврийн нэгтгэл, Хөрөнгө оруулалтын газар, Ус сувгийн удирдах газар, Асгат, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлагын төв гэрээгээр хүлээсэн үүргээ “Бүрэн хангалттай” биелүүлжээ гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Арвайн үндэс”-д арван сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн үед НӨАТ-тай холбоотой гомдлууд их гарч байна. Албан байгууллагууд үнээ нэмэхийн сацуу зохиомол хямдрал зарлаж байгааг цаг тухайд нь шалгаж байна. Үүнээс гадна “Барс”, “Нарантуул” захуудад хяналт явуулахад “Арвайн үндэс” ХХК-аас шинээр үйлдвэрлэж байгаа архинууддаа урамшуулал зарласан нь Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний хуулийг зөрчсөн үйлдэл юм. Тиймээс бид арван сая төгрөгийн торгууль ногдуулсан. УБТЗ-аас тасалбараа алга болгосон тохиолдолд дахин худалдан авах, мөн тасалбар дээр нэмж цай, ор хөнжлийн мөнгө нэхэх, бэлэн бус төлбөрийг зөвхөн Хаан банкны картаар төлөх шаардлага тавх зэргээр хэрэглэгчийн эрхийг ноцтой зөрчиж байгааг илрүүлсэн. Одоогоор дээрх зөрчлөө арилгах үүрэг даалгавар өгөөд байна” гэж мэдэгдэв.

Энэ оныг Монгол Улсын Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгосон. Үүнтэй холбоотой ШӨХТГ гурван сая хэрэглэгчийнхээ эрхийг хамгаалахын тулд бодитой алхам хийх, томоохон шинэчлэлт, өөрчлөлтийг хийх төлөвлөгөөг гаргасан гэдгийг тэрбээр тодотгов. Тухайлбал Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барих, Архи, тамхи, био бэлдмэлтэй холбоотой хууль бус зар сурталчилгааг таслан зогсоох, СӨХ болон цахилгаан, дулааны төлбөрийг шилэн болгох гэх мэт олон ажлыг хийх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Тахарын албыг шүүхийн шийдвэрт шилжүүлэх хуулийн төслийг өргөн барина

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр Тахарын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. Удахгүй Д.Дорлигжав сайд УИХ-д Тахарын албаны тухай болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өргөн барих юм. Энэхүү хуулийн төсөлд одоогийн Тахарын ерөнхий газрын бүтцэд өөрчлөлт оруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын дэргэд Тахарын алба болгож, гэрч хохирогчийг хамгаалах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар тусгажээ. Мөн Тахарын ерөнхий газрын одоогийн байраа суллаж, хуучин Архивын барилгыг засч, тохижуулан нүүж орох шаардлагатайг салбарын сайд нь онцлон ярьсан юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Тахарын албаны арван тойрог, 22 хэсгийн 550 гаруй алба хаагчид шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан байна. 2015 оны эцсээр Тахарын алба нийт 59 мянга 779 шүүх хуралдаан хуралдсанаас 37 мянга 546 шүүх хуралдааны журам сахиулан улсын хэмжээнд 44 шүүхийн байрны аюулгүй байдлыг хоногийн 24 цагийн туршид хамгаалан ажиллаж байгаа юм. Яллагдагч, ялтныг хуяглан хүргэх чиг үүргийн хүрээнд Стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулсан тусгай тоноглосон тээврийн хэрэгслээр 11 мянга 765 яллагдагч, ялтныг хуяглан хүргэх ажиллагааг хэрэгжүүлэн, 1697 шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн дагуу шүүх хуралдааны оролцогчдыг албадан ирүүлэх ажиллагааг 2015 онд гүйцэтгэжээ.

Түүнчлэн иргэний хэргийн хариуцагчийг эрэн сурвалжлах чиглэлээр нийт 3561 шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу иргэний хэргийн хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж 2225 шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг биелүүлснээр хуралдаан хойшлох асуудал буурч, хэргийг цаг алдалгүй шийдвэрлэн шүүн таслах ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдсан эерэг мэдээлэл байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 346 дугаар тогтоолоор батлагдсан “Гэрч хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд улсын хэмжээнд 73 өргөдөл хүсэлт хүлээн авч, 85 гэрч, хохирогч, шүүгч, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах ажлыг Тахарын албан гардан зохион байгуулжээ.