Categories
мэдээ цаг-үе

Вашингтоны дунд сургуулийн хүүхдүүд Алунгоо эхийн домгийг сурав

Хүүхдүүдийн нэрийг монгол бичгээр бичиж өгч буй нь.

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байдаг “Вашингтон Перформинг Арт” хэмээх байгууллага тавь шахам жилийн турш соёл урлаг, боловсролын чиглэлээр амжилттай ажиллажээ. Тус байгууллагаас хэрэгжүүлдэг олон сонирхолтой төслийн нэг нь хотын хүүхэд залууст гадаадын улс орны үүх түүх, соёл урлаг, ёс заншил зэргийг танилцуулдаг “Элчин сайдын яамны хөтөлбөр” юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд аль нэг улсын Элчин сайдын яамыг тодорхой нэг сургуулийн тухайн нэг анги, багштай холбож өгөх бөгөөд ЭСЯ нь тусгайлан бэлдсэн хөтөлбөрийн дагуу, тодорхой хуваариар улс орноо сурталчлан таниулдаг байна.

Өмнө нь олон жил өөрөөр улсын Элчин сайдын яамд оролцсоор ирсэн энэхүү хөтөлбөрт Монгол Улс анх удаагаа хамрагдаж буй нь 2016 оны эхэнд “зөөлөн хүчний бодлого”-оо тодорхойлж, гадаадад Монголыг сурталчлан таниулах төлөвлөгөө боловсруулсан манай Гадаад харилцааны яамны чиг хандлага, бодлоготой яв цав уялдсанаараа онцлог байлаа.

Хөтөлбөрийн бас нэг өвөрмөц тал нь гадаад харилцаа сайтай, төгсөгчид нь дэлхийн улс орнуудын байдал төлөвийг сайн мэддэг, чанартай сургуулиудын хүүхдүүдийг бус харин боломж муутай, төгсөөд гадаад улс оронд ажил сургууль, амралт аяллаар явах магадлал багатай хүүхдүүдэд мэдлэг боловсрол, сэдэл тэмүүллийг олгоход оршино. Тийм ч учраас зориуд хотын захын, ядуувтар дүүргийн сургуулиудыг сонгодог аж. Энэ удаад Монгол Улсыг судлахаар Вашингтон хотын зүүн өмнөд этгээдэд орших МкКинли дунд сургуулийн Кэйтлин Криек багштай VI ангийн хүүхдүүд сонгогджээ.

СУРГУУЛЬ ДЭЭР

Ингээд энэ оны тавдугаар сарыг хүртэл үргэлжлэх Монголын хөтөлбөрийг нээж, анхны хичээлийг заахаар нэгдүгээр сарын 14-ний өдөр, “Өдрийн сонин”-ы сурвалжлагч миний бие Монгол Улсын ЭСЯ-ны Боловсрол, соёл, шинжлэх ухаан хариуцсан атташе С.Золзаяагийн хамт сургууль дээр очлоо. Би бээр анх АНУ-д ирэхдээ Индиана мужийн Блүүмингтон хотноо сурч, ажилласан, дараа нь Виржиниа мужийн Арлингтон, Фоллс Чөрч хотуудад суурьшсан, дурдсан бүх хот бага, дунд, ахлах сургуулиараа АНУ-даа дээгүүр ордог, суралцах орчин сайн, хэрэг зөрчил багатай газрууд билээ. Энэ удаад тэгвэл Америкт ирсээр анх удаагаа ядуувтар дүүргийн хэцүүхэн сургуульд зочилж үзлээ. Сургуулийн үүдээр нэвтрэхэд эгээ л онгоцны буудлын нислэгийн танхимд орж буйтай адил сайтар шалгуулж, төмөрлөг илрүүлэгч хаалгаар өнгөрөх бөгөөд бичиг баримт нэр усаа бүртгүүлэн, тусгай зөвшөөрлийн бичиг аван ордог аж. Буудалцаантай америк кинон дээр гардаг тийм нэг сургууль яг мөн. Сургуулийн бараг хонгил бүрд “тусгай цагдаа” гэсэн дүрэмт хувцас бүхий, эрэгтэй эмэгтэй биерхүү албатнууд зогсоно. Сургууль гэхээсээ илүү өөр байр байгууллага мэт сэтгэгдэл анхлан төрснийг нуух юун. Гэвч л эгээ л кинон дээр гардаг шиг, тийм сургуульд олон сайн хүүхэд байдаг, зөв залаад өгөхөөр амжилтад хүрдэг шиг, үнэхээр хоёр цагийн хичээлийн дараа сэргэлэн цовоо, толгой сайтай, юм их сонирхдог хүүхэд олон байдаг юм байна даа гэсэн сэтгэгдэлтэй гарсан билээ. Энэ тухай одоо өгүүлсү.

Ангийн хананд өлгөсөн Монгол улсын далбаа, танилцуулга.

МОНГОЛООР МЭНДЭЛЖ, НЭРЭЭ ХЭЛЖ, БИЧИЖ СУРСАН НЬ

Монголтой танилцах VI ангийн багш Кэйтлин Криек нь сургуульдаа цорын ганц цагаан арьст багш гэнэ. “Манай хүүхдүүд Америкийн бусад сургуулийн VI ангийн хүүхдүүдийн дунджаас доогуур түвшний мэдлэгтэй шүү, хичээл заахдаа үүнийг бодоорой” хэмээн бид хоёрт анхааруулна. Ингээд Золзаяа бид хоёр хамгийн түрүүнд бүх хүүхдийг “Сайн байна уу? – Сайн” гэж мэндлүүлж сургав. Зарим нь “Шайн” гэх мэтээр буруу дуудах боловч ихэнх хүүхэд тодорхой хэлж байлаа. Дараа нь “Би Жером” гэх мэтээр нэрийг нь хэлүүлж сургав. Ингээд хос хосоор нь ажиллуулснаар хүүхдүүд хоорондоо

“Сайн байна уу?

Сайн, сайн байна уу?

Би Жером.

Би Жулиана” хэмээн монгол хэлээр хөөрөлдөх нь тун хөөрхөн. Аравхан минутын дотор монголоор ярьдаг болчихлоо гэж онгирон хөөрөлхөх хүүхэд ч байх аж.

Дараа нь самбар дээр нь бүх хүүхдийн нэрийг монгол бичгээр бичиж өгөөд хуулуулав. Анх удаа дээрээс доош бичдэг, босоо бичиг харж буй хүүхдүүд ихэд сонирхон, дэвтэр дээрээ мурий сарий янз бүрээр, чадах чинээгээрээ бичицгээлээ. Бас л сурсан эрдэмдээ урамшин, нэг охин ээжийнхээ, нэг хүү дүү охиныхоо нэрийг монголоор бичүүлж авсан нь гэртээ хариад бичиж өгөх гэж яарсных бололтой.


Сурагч Рияанна багласан таван савхыг хугалахаар оролдож байгаа нь. Найзууд нь түүнийг дооглосон янзаар харах ба ширээн дээр нь салангид байхад нь амархан хугалж орхисон ганц савх хэвтэнэ.

АЛУНГООГИЙН ДОМГИЙГ БИЕЭР МЭДЭРСЭН НЬ

Монголын түүхийг товч танилцуулахдаа мэдээж Чингис хаан гэж хэн болохыг ярьж өглөө. Тэгээд яагаад Чингис хаан, монголчууд тийм амжилтад хүрснийг ойлгуулахын тулд Алун гоо эхийн домгийг өөрсдөөр нь хийлгэж үзүүлэв. Үүний тулд ангийн хүүхдүүдийг тав таваар нь бүлэг болгон хуваагаад сум байхгүй тул нэжгээд савх өгч хугалуулсан юм. Хүүхдүүд гэж угийн сахилгагүй улс учраас савх хугалж үзүүлэхдээ баярлаж байна гэж жигтэйхэн. Дараа нь савхнуудаа нийлүүлэн боогоод өгсөнд хэн ч хугалж үл чадав. Тэгээд яагаад ийм байгааг асуусанд хүүхдүүд биднээр тайлбарлууллалгүйгээр чухам хамтдаа, эвтэй байвал хүчтэй байх санааг сайтар ойлгосноо өгүүлж байсан юм.

Үүний дараа “Хүүхдэд зориулсан Монголын Нууц Товчоо” гэж ном хэвлүүлснээ америк хүүхдүүдэд тараан өгч, Алунгоо эхийн домгийг англи хэлээр уншуулаад, зургаас нь нууц тэмдэг олох даалгавар өгсөн маань анхаарал сонирхлыг нь татах нэг арга байсан юм.

МОНГОЛ УЛСЫН ГАДРЫН ЗУРАГ ДЭЭРЭЭС ОЛЖ СУРСАН НЬ

VI ангийн хүүхдүүдэд Монголын тухайд нийгэм, эдийн засгийн том том асуудлууд ойлгуулах гээд нэмэргүй. Бидний хичээлийн зорилго ч амархан бөгөөд тодорхой байв. Монголоор мэндэлж сурна, Чингис хаан гэж хэн болохыг таниулна, тэгээд газрын зураг дээрээс Монгол Улсыг олдог болгоно. Өөр олон юм хэрэггүй. Ингээд сүүлчийн зорилтоо биелүүлэхийн тулд прожектороор Монгол орчмын газрын зургийг үзүүлсний дараа мэдлэгийг нь бататгахын тулд Азийн өнгөгүй газрын зураг өгч өөрсдөөр нь улс улсаар нь ялгуулан будуулав. Зурах будах даалгаварт хүүхдүүд дуртай, будангаа гол нь Монгол Улсыг зураг дээрээс сайтар танихаар болж байгаа юм. Эцэст нь Монголын тухай англи хэлээр бичсэн жижиг гарын авлага тарааснаар энэ удаагийн хичээл дууслаа.


Сурагч Каниша Монгол Улсыг газрын зургаас олж будсан нь

ЦОГУ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛНЭ

Ийнхүү заасан хоёр цагийн хичээл бол “Вашингтон Перформинг Арт” байгууллагын “Элчин сайдын яамны хөтөлбөр”-ийн хүрээнд МкКинлигийн дунд сургуулийн VI ангид Монголыг таниулах цогц хичээлийн анхных нь юм. Хоёрдугаар сард монгол сургуулийн багш, бүжигчин Б.Дэлгэрмаа ирж монгол бүжиг зааж өгөх бол гуравдугаар сард зураач, барималч Н.Ганхуяг хүүхдүүдэд Монголтой холбоотой зураг урлалын хичээл орно. Дараа нь дөрөвдүгээр сард Корнеллийн их сургуулийн оюутан П.Гэрэлтуяа “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр яриа хийх бол эцэст нь нийт хүүхдүүд, багшийнхаа хамт тавдугаар сард Монгол Улсын ЭСЯ-нд зочлон, монгол хоол идэж, Монголын тухай илүү ихийг мэдэж авах юм.

Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.СаруулЭрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Э.Алдар: Өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа л гэр бүл зохионо доо

Маскпродакшны жүжигчин Э.Алдартай ярилцлаа.

Сургуулиа хаана төгсч байв. Багадаа Орост байсан гэдэг байх аа?

-Би зургаан настайдаа Орос яваад 17 настайдаа ирж 108 дугаар сургууль буюу Монгени сургуулийг 2003 онд төгсч байлаа. Сургуулийн маань найзууд намайг анх монголоор их сонин ярьдаг байсан гэдэг юм. Монгол хүн л юм чинь одоо зүгээр л ярьдаг болчихож. Сургуулиа төгсөөд СУИС-д орж 2007 онд төгссөн. Манай ангийнхан одоо “Эмоци продакшн”-ы С.Тэмүүжин, Г.Эзэнмөнх, жүжигчин А.Туяа, Д.Ганцэцэг, Г.Анхбаяр, Б.Алтансүх гээд мэргэжлээрээ ажиллаж байгаа залуус бий.

Жүжигчин мэргэжлийг яагаад сонгов?

-Би багаасаа Орост байсан. Бага байхад Монголоос приставкны видео бичлэг ирдэг байсан. Тэрэн дээр хошин урлагийн тоглолт гардаг байлаа. Тухайн үед “Хошин урлагийн театр” гэж байхад гарсан “Хадлан” жүжгийг анх үзээд ямар гоё юм бэ, Монголд очоод энэ ах, эгч нартай хамт тоглож үзэх юмсан гэж бодсон. Хүүхдийн сэтгэхүйгээр очоод та нартай хамт тоглож болох уу гэж асууна даа гэж боддог байлаа. Гэхдээ би Олон улсын харилцааны мэргэжилтэй, дипломат болно гэж боддог байлаа. Заавал Орос руу буцаж очно гэдэг байсан ч одоо жүжигчин болчихсон явна.

Арван жилд байхад манай сургуулийн урлагийн үзлэг боллоо. Тэр үед “Tv cocktail”-ын Цоомоо ах ирж биднийг бэлдүүлж байсан юм. Цоомоо ах намайг гол дүрд тавьчихсан. Бэлтгэлээ хийж байгаад яг тоглолт дээр Цоомоо ах хөгжим тавих гэсэн техникийн саатал гарчихлаа. Би тайзан дээр яана аа гэж бодож байснаа хүмүүсийг уйдаахгүй байхсан гэж бодоод янз бүрийн юм ярьж байгаад за одоо хөгжмөө тавь гэсэн Цоомоо ах тавьж таарсан. Тэгээд тоглолт үргэлжлээд манай анги нэгдүгээр байрт орсон түүхтэй. Цоомоо ах “Алдараа, миний дүү жүжигчин бол. Чамд авьяас байдаг юм байна” гэж байсан. Тухайн үед нээрээ би жүжигчин болъё гэж бодоод л энэ мэргэжлээ сонгож байлаа.

Ажлын гараа хэзээнээс эхэлж байв. “Boom town” хамтлаг байгуулж байсан байх аа?

-Оюутан байхдаа “Boom town” гэж бүжгийн хамтлаг байгуулсан. Тухайн үедээ л бүх хошин урлагийн продакшны ард бүжиглэнэ. “Өнгөт инээд”, “Х түц”, “Захиалгат инээд” продакшны ах, эгч нарыг хажуунаас нь харж, өөрсдөө тушлагажиж байсан. Дөрөвдүгээр курст орох жил “Маск” продакшны анхны “Монголын нууц товчоо” тоглолтод оролцож байлаа. Жүжигчний дипломоо авсны дараа “Х түц” продакшнд нэг жил ажиллаж байсан. Тэгээд буцаад “Маск” продакшндаа ороод өдийг хүртэл ажиллаж байна.

Одоо бас “Fantastic” продакшнд харьяалагдаад байна уу?

-“Fantastic” продакшнд бас харьяалагдана. “Brotherhoods” нэгдэл гээд найз нөхдөөрөө нийлж нэг продакшны нэр дор уран бүтээл хийж байгаа. Албан ёсоор нэртэй байх ёстой учраас ингээд явж байна.

Энэ продакшны залуус нэгдээд хэд хэдэн кино гаргачихлаа. Зохиолоо яаж бичдэг юм бэ?

-Ямар сэдвээр ямар кино хийх вэ гэдгээ бөөнөөрөө сууж байгаад ярилцдаг. Бүгд жүжигчин мэргэжилтэй хүмүүс учир олон санаа гарна. Дараа нь зохиолоо бичих үед найруулагч бүх хүний хэлсэн санааг тэмдэглээд нүдэндээ харж байгаагаар бичдэг. Гэхдээ олон арга бий л дээ. Сүүлд гарсан “Том толгойтын романс” киног францын зохиолчийн зохиолоос сэдэвлэж хийсэн. Гадаад киноноос хуулсан гээд байдаг. Олон улсад энэ киноны сэдвээр олон кино хийсэн байдаг. Хятад, Герман, Америкт ч бас бий. “Том толгойтын романс” бол түүний зохиолыг уншиж сэдэвлээд Монголын хөрсөн дээр буулгаж хийсэн кино. Хүмүүст их таалагдсан байна лээ.

-“Миний ах атаманкино бас их сонин шийдэлтэй. Мафи гэж хүмүүс мэддэггүй байхад гаргаж ирсэн санагддаг?

-Бид залуучууд учраас юм бүхнийг шинээр сэтгэж хийхийг зорьдог. Байдаг л нэг зүйл хийх нь сонирхолгүй. Бид хэцүү зохиол бичээд хийвэл өөрсдөө хөгжинө гэж боддог. Энэ утгаараа аль болох хэцүү юм руу тэмүүлдэг. “Миний ах атаман” Монголд хэзээ ч байдаггүй мафийг хөрсөндөө яаж авцалдуулах вэ гэж бодож байгаад хийсэн кино. Үзэгчдэд хүрэхгүй байх вий гэсэн эмээлт байсан. Үзэгчдийн хүртээл болгож эхэлснээс хойш хүмүүс сайхан хүлээж авсан. Түүнээс нь урам их авсан даа.

-“Маш нууцкиноны хувьд болсон явдлаас сэдэвлэсэн гэдэг?

-Манай О.Бат-Өлзий ах зохиол гаргасан. Зураг авалтыг өнгөрсөн зун хийсэн ч жилийн өмнөөс “Маш нууц” киноны постер гарч байлаа. О.Бат-Өлзий ах биднийг дуудаад дүр хуваарилж өгөөд дүрээ бодож байгаарай. Цэргүүд ямар байдгийг ажиглаж бай. Ах нь удахгүй кино хийнэ гэж зохиолоо танилцуулж байлаа. Жилийн хугацаанд ярилцаж байгаад өнгөрсөн зун уран бүтээл болгож гаргасан. Түүхэн сайхан сэдэвтэй кино. Гэхдээ энд тэндээс болсон явдал сонсч, түүх уншаад нэгтгэж тэр болгоныг кинондоо шигтгэсэн. Тэр кинон дээр гарсан бүх үйл явдал цэргүүдэд болсон юм шиг хүмүүс бодоод байдаг. Энэ бол уран сайхны хэлбэрээр бүтээгдсэн уран сайхны кино шүү гэж хэлмээр байна.

Танай продакшн эмэгтэй жүжигчин авахгүй юм уу. Драмын театрын Б.Одончимэг л орж байгаа харагддаг?

-Манайхан заавал продакшн гэхээр ийм жүжигчин хүн авна гэдэггүй. Бүгд тус тусынхаа ажлыг хийдэг. Б.Одончимэг маань УДЭТ-д ажиллаж байна. Сарын өмнө төлөвлөгөө гаргаж ийм кино хийнэ гээд цаг заваа тохироод хийдэг. Нэг хүн шинээр аваад л чи манай продакшны жүжигчин, өөр юманд тоглож болохгүй гэх зүйл байхгүй.

Таны анхны дэлгэцийн уран бүтээл юу байв?

-Оюутан байхдаа О.Бат-Өлзий ахын “Хайрыг хайрла” кинонд Б.Тамир бид хоёр орж байсан. Тамир гол дүр, би туслах дүрд тоглосон. “Boom town” хамтлаг маань дууг нь дуулсан байдаг. Анхны уран бүтээлд ороход гоё байсан ч айдас хүрч байсан. Алдаа оноо ч их байлаа. Жүжигчин болгон өөрийгөө хараад энэ хэсэгт ингэдэг байж гээд алдаагаа хараад сурч явдаг. Одоо ч гэсэн би жүжигчний мэргэжлийг сайн эзэмшээгүй л байна. Жүжигчин хүн олон жил суралцаж хүний физологийг мэдэрч байж мэргэжлээ эзэмшинэ. Монгол Улсын ардын жүжигчин Ц.Гантөмөр багш маань “Би одоо болтол жүжигчин мэргэжлийг сураагүй л явж байна. Ямар ч дүр авсан би хичээдэг” гэж хэлж байлаа. Тэр нь яг үнэн юм билээ. Жүжигчин хүн ямар ч зүйлд алдаа гаргаж болно. Тэрнээсээ суралцаж, хүний амьдралыг судалж, хүний бодлыг ойлгож сайн жүжигчин болох байх.

Голдуу ямар дүрд тоглоод байна вэ?

-Ихэнхдээ хоёрдугаар гол дүр дээр ажилласан байна. Удахгүй гол дүрд тоглох байлгүй. Гэхдээ гол дүрд тоглохыг боддоггүй юм. Гол дүрд тоглохоор хийх юмгүй санагддаг. Туслах гол дүрд хийх юм их. Гол дүрээ тодотгож өгнө. Олон хүнтэй харьцдаг. Маш олон хувиралт, олон ухаан гарах ёстой. Гол дүр гэхээр чи ийм залуу байх ёстой гээд гол шугамыг нь гаргачихсан байдаг. Гэхдээ гол дүр авбал яаж хийж байгаад хийнэ л дээ.

Тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Оюутан байхдаа их олон дүрд тоглохыг хүсдэг байлаа. Одоо нэг баатрын дүрд тоглочихмоор л байна. Ер нь ямар ч дүрийг амилуулахыг л хүсдэг. Урьд нь байсан дүрээсээ өөр байхыг хичээдэг. Дотоод ертөнцөөрөө өөр байхыг хичээдэг. Алдар гэдэг хүн “Маш нууц”, “Миний ах атаман”, “Аз жаргалын шок” кинонд тоглосон дүрээсээ эрс өөр хүн. Дүр бүрийнхээ харцыг би өөрчлөхийг хүсдэг.

Ингэхэд “Boom town” хамтлаг тарчихсан уу?

-“Boom town” хамтлаг оюутан цагийн залуу насны эрч хүчтэй, өөрсдийгөө таниулах, сорих үе байсан. Жүжигчин болохын тулд юм юмыг хийх ёстой байдаг. Тэр утгаараа бидэнд их туршлага болсон. Хүмүүс манай хамтлагийг тарчихсан, хоорондоо хэрэлдчихсэн байна лээ гэж ойлгоод байгаа. Тийм юм байхгүй. Үнэндээ “Boom town” хамтлаг таръя гээгүй л байна. Бүгд өөр өөрсдийнхөө хүссэн ажлыг л хийгээд явж байгаа. Хаяахан уулзаж ярилцаж сууна. Гэнэт л “Boom town” хамтлаг тоглолтоо хийчих ч юм бил үү.

Цахим ертөнцөд хэр идэвхтэй байдаг вэ. Хүмүүсийн асуултад хариулдаг уу?

-Фэйсбүүкт зураг хийхэд асуулт асуух нь элбэг. Асуултад хариулт өгдөг ч тэр бүр цаг зав бас таарахгүй юм. Харин твиттерт идэвхтэй биш. Цахим ертөнцөд ороход дүүрэн улс төр, нэгнийгээ муулсан постууд байх юм. Заримдаа фэйсбүүк рүү орохоосоо хүртэл эмээх боллоо. Вирус гээд л янз бүрийн зураг явна. Тэнд магадгүй бидний дүү нар орж байгаа. Хааяа фэйсбүүкийн насыг хязгаарлавал зүгээр юм уу гэж боддог. Ерөөсөө эерэг энергитэй юм байхаа больчихсон. Аз жаргалтай гоё мэдээлэл байхаа больчихжээ. Энд ийм гоё юм болж байна гэсэн гэгээлэг мэдээлэл, онигоог уншиж байж бид нийгмийн стрессээсээ сална гэж боддог. Одоо бараг фэйсбүүктээ орохоор стресстдэг болж байна. Тэр 16 настай хүүхдэд улс төр ямар хамаатай юм бэ. Өөрийгөө хөгжүүлээд явахын оронд түүнийг хүмүүст түгээгээд байх юм. Хүн өөрөө юмыг гэрэл гэгээтэй харвал улс хямраад хэцүү байгаа ч хялбархан давж болох байх.

Хошин урлаг, дэлгэцийн урлаг хоёрын аль нь танд илүү ойр вэ?

Миний хувьд хошин урлаг илүү ойр. “Маск” продакшнтай олон жил ажиллалаа. Тайзан дээр гарах ямар гоё байдаг билээ. Олон жил нөхөрлөсөн ах, эгч, найз нөхөдтэйгөө инээлдээд тайзан дээр гарна гэдэг аз жаргал. Тайз, дэлгэцийн уран бүтээл асар өөр. Тайзан дээр тэр олон хүний өмнө нэг хүн тоглох гэж байгаа бол маш том хүлээн авалттай байх ёстой. Кино урлагт бол дотоод мөн чанар чухал. Дүрээ мэдэрч, нарийн зүйлийг гаргах ёстой.

Анх тайзан дээр гарахад ямар байсан бэ?

-Анх тайзан дээр яаж гарснаа ч мэддэггүй юм. Их сонин мэдрэмж. Тоглолт дуусахад хүмүүсийн алга ташилтаас юугаар ч зүйрлэшгүй гоё мэдрэмж авна. Тэр олон хүн инээчихсэн алга ташиж байхад үзэгчдэдээ мэхийн ёслох жүжигчин хүний кайф. Мянган хүн нэгэн зэрэг инээнэ гэдэг үнэхээр сайхан. Тэр мэдрэмжийг мэдрэх сайхан байдаг. Бид нар чинь үзэгчдээсээ л урам авч цаашдын уран бүтээлээ хийдэг.

Гэр бүлээ хэзээ зохиох гэж байна?

-Одоохондоо залуу байна. Болоогүй л гэж бодож байгаа. Цаг нь ирэхээр гэр бүл зохионо. Одоогоор баттайгаар өөрийнхөө амьдралыг босгох хэрэгтэй байна. Залуус маань эрт хүүхэдтэй болж байна. Гэр бүл салалт маш их болж. Хүүхэдтэй ганц бие ээж, аавууд олширчээ. Залуучууд хүнийг таниагүй байхдаа сэтгэлийн хөөрлөөр дурлаад хүүхэдтэй болчих юм. Хүүхдэд буруу өгч болохгүй. Олон жил найзалж бие биенээ таньсан тохиолдолд гэр бүл салахгүй бат бөх байна шүү дээ. Тэгэхээр залуусдаа хандаж хэлэхэд хүнийг сайн танитлаа юманд яарах хэрэггүй. Өөрийнхөө амьдралыг баталгаажуул. Төрүүлж, өсгөсөн аав, ээжийнхээ амьдралыг мөн баталгаажуулах хэрэгтэй. Түүний дараа өөрийнхөө амьдралыг босгоход буруудахгүй.

Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-“Fantastic” продакшны залуус маань хоёрдугаар сарын 13-нд үзэгчдэдээ томоохон бэлэг барих гэж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Архи уух сайхан

Архидан согтуурах нь нийгмийн үзэгдэл болохыг олон жилийн өмнө тогтоожээ. Гэмт хэрэг, биеэ үнэлэх, архидан согтуурах зэрэг нь нийгмийг хамарсан үзэгдэл болж буйн цаад шалтгаан нь өөр юу ч биш, чухам ядуурал, ажилгүйдэл, гуйранчлал аж. Будда бурханы сургаснаар алив зовлонгийн үр дүнтэй бус гагцхүү зовлонгийн шалтгаантай тэмцэх ёстой ажгуу. Бурхан Буддагийн сургаснаар ч, өнөөгийн иргэншсэн олон нийгмийн авч буй арга хэмжээний үр дүнгээс ч харсан хэрэвзээ архидан согтуурах нь нийгмийг хамарсан зовлон болсон бол түүний цаад шалтгаан болох ядуурал гуйранчлалыг арилгах ёстой болой.

Архидалт нийгмийн хавтгай үзэгдэл болуут зовлонгийн шалтгаантай биш үр дүнтэй тэмцсэн түүх дэндүү баялаг. 1917 онд америкчууд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байгаад л архийг хорив. Үүний дараа энэ хуулийг санаачлагчдын нэг Сандэй гэгч “Нулимс хатлаа, ядуу хороолол зөвхөн дурсамж болов. Шоронг дэлгүүр, хорих газрыг үйлдвэр болгож хувиргана. Хүмүүс нүүр бардам, хүүхнүүд инээдтэй, хүүхдүүд хөөр наадамтай. Там нэгэнт ашиглалтаас гарч “түрээсэлнэ” гэсэн бичиг хаалган дээрээ наажээ” гэж хууль хэрэгжсэний дараахь амьдралыг итгэл төгс мөрөөдөж байлаа. Бүх юм эсрэгээр эргэсэн. Мафи цэцэглэж, хууль бус орлоготнууд олширч, нийгэмд гэмт хэрэг, ялангуяа зохион байгуулалттай гэмт хэрэг газар авч, биеэ үнэлэх, хулгай дээрэм хэрээс хэтрэв. 1929 оны хямрал нэмэлт цохилт болон Америк орон сүйрлийнхээ ирмэгт тулсан хойно ингэж тас хорьж мангартаж болдоггүй юм байна” хэмээн хууль тогтоогчид ойлгож хуулиа цуцалжээ.

Горбачевийн перестройкаг ганц гутаасан зүйл нь түүний архитай тэмцсэн явдал. Мянган жил ургасан усан үзмийн талбайг устгаж хүүхдийн тоглоомын талбай болгож байв. Манайд үүнийг дуурайж мөн ч хөглөсөн дөө. Тэр үеийн архины оочерын гэрэл зураг ч хадгалагдан үлдэж. Архигүй хурим хийвэл албан газар нь байр өгнө, байрны төлөө ийм марзан ёслол энд тэнд үйлдэх боловч тэр хэрээрээ элбэг байр гэж хаа байх билээ. Чухам тэр үед монголчууд гэртээ самагон, бараашиг эсгэж сурцгаасан. Нүүр арчих зориулалттай “Лосьен” хэмээх шингэн дэлгүүрийн лангуунаас агшин зуур алга болж улаан архичдын биш зүгээр л хааяа балгачихдаг энгийн хүмүүсийн ходоод руу юүлэгдсэн. Сүүлд нь талоноор өрхүүдэд архи олгох болж сардаа байтугай жилдээ архи авдаггүй айл энэхүү нандин ховор зүйлийг картаар хэдэн шилээр нь авч баяр хөөр болдог боллоо.

Ядуурал нь архидан согтуурлын эцэг. Үүний үнэн болохыг бид ерээд оны эхээр харсан. Улс даяараа найган ганхаж байлаа, дэлгүүрт давснаас өөр юу ч үгүй. Гэхдээ л үргэлж согтуу байх архи яаж ийгээд л бүгдэд нь олдоно. Ерээд оны дундаас хойш архидалт их гайгүй болсон. Харин сүүлийн гурван жилд дахин өсөх хандлагатай боллоо. Үүнийг статистикийн тоо баримтаас харж болно. Энэ хооронд зөвшөөрөлтэй архины үйлдвэр хоёр, гурав дахин олон болжээ. Архитай тэмцэх бүр архидалт нэмэгдээд байгаа хачин гэмээр хамаарал харагдаад байгаа биз!

Архидалттай (ганц энэ биш, ер нь алив сөрөг үзэгдэлтэй) шууд халз тулан хориглон тэмцэх нь уул тэмцэгчид хэд хэдэн том ашиг унагадаг зүй тогтолтой. Юун түрүүн уул хугацаанд богино настайгаар өсгөнө. Ард түмэн, эх орон, тив дэлхий, галактикаа хүртэл хайрладаг, түүнийхээ төлөө хайран сайхан амиа яйран болгосон ч тоохгүй гэсэн нийгмийн үнэлэмж хурдан тогтоно. Ялангуяа ухамсар дорой нийгэм ийм зүйлд нүдэнд харагдсанаараа дүгнэх болохоос анализ дүгнэлт, гарах үр хорыг тооцоолж чаддаггүй. Хоригийн үр дүнд эргэлзсэн хэн нэгэн рүү мөнөөх цогт тэмцэгч “нийгмээ архинд живүүлж устгах холын бодолтой шаар” гэх зэргээр хашгичин хараах ба энэ нь хоцрогдсон нийгэмд тэмцэгчид бүр илүү оноо үнэлгээ авчирч өгөхийг нь яана.

Хоёр дахь ашиг нь шууд эдийн засгийн шинжтэй. Хориглон чандлахаар шулуудсан тэмцэгч маань ихэнх тохиолдолд хуулийн хэрэгжилтийг хянагч буюу лиценз зөвшөөрлийг олгогч зохицуулагч болон хувирна. Үүнээ дагаад түүний гарт урьд хэнд ч байгаагүй өвөрмөц эрх мэдэл ороод ирнэ. Энэхүү онцгой эрх мэдэл нь тэмцэгч буюу тэмцэгчдэд хууль бус орлогын ундарга болж өгнө. Чухам түүнээс л асууж, түүнээс л гуйж байж аяга тагш юм олно, эсвэл мөнөөх хориог зөрччихсөн бол тэр л өршөөж чадна. Архи, пиво, спирт зэрэг найман нэрийн бараа борлуулах онцгой лицензийн эрхийг До яамны сайдын эхнэр хариуцдагийг хэлэх нь илүүц биз.

Шууд хорио анх ярьж сурталчилсны эсрэг үр дүн өгөх нь өөрөө нийгмийн хууль. УИХ сая үдэш архи зарах түгээхийг хуулиар чандалчихлаа. Гэвч хэн ч шөнийн хоёр цагт бааранд коко кола уух гэж ордоггүй учраас эрснээ олж л таарна. Энэ үйлдэл нь хууль бус учраас өөр үнэ, өөр ёс суртахууны түвшинд явагдана. Хууль зөрчсөн хэрэгт эцэст нь нийгэмд хэзээ ч гай болдоггүй хүмүүс өртөнө, харин гэмт үйлдэлтнүүд орлогын шинэ сайхан үүсвэртэй болж улам хөлжинө. Иймээс спирт архи үйлдвэрлэгчид, борлуулагчдад хориглосон хууль илүү сайхан бололцоо олгодог. Нэгэнт ядуурал лавширч байгаа учраас нийгмийн архидан согтууралт улам л гүнзгийрнэ, харин эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал гэх мэтийн амин чухал асуудал нь хяналтаас гараад явчихна.

“Архи уудаг хүн адгийн амьтан, архи уудаггүй бол түүнээс ч дор” гэж нэрт яруу найрагч Цэдэндорж агсан нэг удаа шүлэглэж билээ. Архи уух сайхан, архигүйгээр чин сэтгэлийн яриа, найр хурим, баяр ёслол будаа. Гэвч архины хор хөнөөлийг донтон ч ойлгоно. Нийтээрээ ажил амьдралаа орхин архидвал нийгэм өөрөө сөнөж мөхөхийн цондон. Ухамсартай нийгэм ийм аюулаас сэргийлж удаан хугацааны, шат дараалсан, үр дүн нь гарахуйц нарийн арга хэмжээ авдаг. Скандинав нь уламжлалаараа архи хэрэглэх дуртай ертөнц. Шведэд 1972 онд “1972 оноос хойш төрсөн хүмүүсийг архи тамхинаас хол байлгах удаан хугацааны хөтөлбөр” гэж гарчээ. Одоо хөтөлбөрт хамаарагсдын түрүүч нь аль хэдийнэ гуч гарсан. Дунд нь ноогдох архичдын хувь процент хавьгүй бага. Чухам үүнийг л эх орон ард түмнээ хайрласан жинхэнэ эрүүл ухаан гэх байх.

2003-12-25

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга, А.Гансүх нарыг улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэнэ

-ГЭРЭЭГ 4.5 САЯ АМ.ДОЛЛАРААР БАЙГУУЛАХААР ТОГТСОН Ч САНХҮҮЖИЛТ ОЛГОХДОО 6.1 САЯ АМ.ДОЛЛАР ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа нарт холбогдох хэргийг АТГ, ЭЦГ-аас хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Мөн энэ хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд шалгагдах болсон юм. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нар. Шинэ он гармагц тэднийг сэжигтнээр татаж шалгах болсон талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх болсон. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга “iToim.mn” сайтад энэ тухай тайлбар өгөхдөө “А.Гансүх бид хоёрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа зүйл байхгүй” хэмээсэн юм. Тэгвэл Х.Баттулга гишүүн “Шинэ төмөр зам” төслийн талаар АТГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэнд очиж тайлбар мэдүүлэг өгчээ.

Тэднийг тендергүй сонгон шалгаруулалт хийж, мөнгө угаах боломжийг нээн өгсөн гэж үзэж буй

Дээрх хоёр албан тушаалтнаас мэдүүлэг авах болсон шалтгаан нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж буй юм байна. Тухайлбал, Зүүн чиглэлийн төмөр замын 100 км замын хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн. Үүнийг хэн хариуцсан, хөрс хуулалтын ажлыг эхлүүлэх шуурхай хуралдааныг хэн мэдэж хийж, үүрэг өгөв. Тендергүйгээр компанийг шалгаруулж, Чингис бондын мөнгөнөөс 5.8 сая ам.долларыг олгох эрхийг хэн өгөв. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор босгох ажилд төсвөөс 24 тэрбум төгрөг өгсний 22 тэрбумыг нь судалгааны ажил гэх нэрийн дор шамшигдуулсан зэрэг нь албан тушаалтнуудтай холбоотой хэрэг болж байгаа гэнэ. Нэг үгээр хэлбэл төрийн томоохон төслийг эхлүүлэх явцад өөрсдийн танил тал, багийн хүмүүсээ албан тушаалд томилж, тэднээр дамжуулж төрөөс их хэмжээний мөнгө шамшигдуулж улсыг хохироосон гэх үндэслэл гарч иржээ. Мөн Б.Батзаяа болон “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нар буруугаа хүлээж мэдүүлэгт гарын үсэг зурсан байна. Тэд дээрх ажлуудыг хийхдээ дээрх албан тушаалтнуудын заавар, зөвлөмжийн дагуу хийсэн гэж хэлсэн аж. Энэ нь дээрх албан тушаалтнуудыг хэрэгт татан шалгах нөхцөл бүрдсэн байна. Мөн хоригдож буй хүмүүсийн ярьж байгаачлан Б.Батзаяа нарт үүрэг өгсөн байж болох баримт ч олдсон гэх мэдээлэл байна. Энэ мэтээр УИХ-ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нарт хамаарах, тэднийг холбогдуулан шалгах үндэслэлүүд гарчээ.

Мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нарын өгсөн чиглэлийн дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа 2013 оны тавдугаар сарын 6-нд “Самсунг СТ” компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулан тендергүй сонгон шалгаруулалт хийж, мөнгө угаах боломжийг нээн өгсөн гэж үзэж буй талаар эх сурвалж хэлэв. Цагдаагийнхан чухам энэ баримтуудыг эх сурвалжаа болгон хөөн сурвалжилсны эцэст нотлох баримтуудыг цуглуулаад байгаа гэнэ.

Буруутгах гол үндэслэл нь 91 дүгээр хамтарсан тушаал аж

Түүнчлэн энэ хэрэгтэй холбоотой гол анхаарал татсан зүйл нь 91 дүгээр тушаал юм байна. Тодруулбал, 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд Засгийн газрын 121 дүгээр тогтоол гарч “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай тогтоол гарч А.Гансүх нар гарын үсэг зурснаар “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын концессын гэрээг цуцалсан юм. Улмаар 2013 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Шинэ Төмөр зам төслийн ажлыг эрчимжүүлэх” Зам тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарын хамтарсан 91 дүгээр тушаал гарч эрх байгуулах чиглэл өгсөн байдаг аж. Тухайн үед ТӨХ Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд харьяалагддаг байсан бөгөөд сайдаар Х.Баттулга ажиллаж байжээ. Х.Баттулга, А.Гансүх хоёрыг шалгаж буй үндсэн баримт бол энэхүү 91 дүгээр хамтарсан тушаал гэнэ. Төмөр замын ажлыг тооцоо судалгаагүй эхлүүлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг зүйлчлэлээр шалгаж буй тул түүнийг нотлох бичиг баримт нь энэхүү тушаал болсон байна. Зам тээврийн сайд А.Гансүх 2013 онд Авлигатай тэмцэх газраар сайн дураараа шалгуулах үеэр Засгийн газрын 121 дүгээр тогтоолыг шалгуулсан байдаг. Харин хамтарсан 91 дүгээр тушаал нь шалгагдаж байгаагүй аж. Иймд АТГ-ынхныг нөлөөлж болзошгүй хэмээн энэ хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагчийг цагдаагийн байгууллага өөрсдийн хүнээр ахлуулсан гэх мэдээлэл байна.

Энэ хэргийг шалгах явцад залилангийн шинжтэй зүйл илэрчээ

“Energy Resourse” ХХК-ийн 2012 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай гэрээ байгуулахаар тохиролцсон албан захидлыг үндэслэн гэрээ байгуулагдсан гэж танилцуулан Засгийн газраас тогтоол гаргуулан, “Самсунг СТ” компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь хууль зөрчжээ. “letter of acceptance” буюу хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн албан захидлыг гэрээ байгуулагдсан хэмээн төсвөөс болон, Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан явдал цэвэр залилан гэж тооцогдож буй бололтой. 2013 оны тавдугаар сарын 1-нд Монголын төмөр зам ТӨХК хуулийн зөвлөх үйлчилгээний гэрээг нэр бүхий хоёр компанийн түншлэлтэй байгуулсан байдаг. Гэрээг 4.5 сая ам.доллараар байгуулахаар тогтсон ч санхүүжилт олгохдоо 6.1 сая ам.доллар шилжүүлсэн байдаг. Энэ нь “МТЗ” ТӨХК-ийн гэрээ, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын Хөгжлийн банкинд явуулсан албан бичгээс харагдаж буй гэнэ. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид гэрээний үнийн дүнг хэн хэзээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тушаалыг олоогүй байгаа гэнэ. Энэ нь улсыг хохироосон ноцтой жишээний нэг гэж үзэх үндэслэл болжээ.

Х.Баттулга “Шинэ төмөр зам” төсөлд ямар компани туслан гүйцэтгэгчээр авсныг би мэдэхгүй” гэсэн бололтой

УИХ-ын гишүүн Х.Баттулга тайлбар мэдүүлэг өгөхдөө “Би тухайн үед энэ салбарын сайд байсан. Иймд сайдын хувьд төрийн бодлого, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж, төмөр замын төслийг үр дүнд хүргэх бодлого барьж ажилласан. Ингэхдээ өдөр тутмын ажилд нарийн оролцоогүй. Ямар албан тушаалтан хэнтэй, ямар компанитай гэрээ байгуулсныг мэдэхгүй. Ямар компанийг гүйцэтгэгчээр ажиллуулж байгааг нь би мэддэггүй. Хариуцаж байсан албан тушаалтнууд нь мэдэх байх” хэмээн тайлбарласан сурагтай. Энэ тайлбарынх нь талаар зарим хэвлэлүүд өчигдөр дурджээ. Эрүүгийн хуулиар бол сэжигтнийг 60 хоног хүртэл байцаадаг юм байна. Мөрдөн байцаалтын явцад ямар нэгэн үндэслэл, нотлох баримт тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэсэн хугацааг харгалзахгүй яллагдагчаар татдаг аж. Хэргийг үргэлжлүүлэн шалгах эсэхээ прокурор мөрдөн байцаагчийн үндэслэлд тулгуурлан гаргах юм байна. Хэрэв тэднийг яллагдагчаар татаж шалгах болбол Х.Баттулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх юм. Энэ талаар Авлигатай тэмцэх газрынхан ойрмогхон хэвлэлийн бага хурал хийнэ гэж мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Төрийн тэрүүнээ гадагшаа айлчлахад ар хударгаар нь ингэж Монголыг хорлодог” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гарийг дугаар уншигчдын гарт хүрч байна. Мягмар гаригийн дугаарын нэгдүгээр нүүрт иргэн Д.Ламжавын ярилцлагыг онцолсон байна. Тэрбээр Цэцэд маргаан хянан шийдвэрлэх, УИХ-ын дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай гурван хууль Үндсэн хууль буй тухай Үндсэн хуулийн цэцэд өргөн мэдүүлжээ. Энэ асуудлаар түүнтэй дэлгэрэнгүй ярилцсан байна. Ярилцлагын үргэлжлэлийг хоёр болон дөрөвдүгээр нүүрнээс ушаарай. Мөн дөрөвдүгээр нүүрт Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлалыг онцолсон байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адер манай улсад айлчилсан юм. Жил хүрэхгүйн хугацаанд Ерөнхий сайд нь дахин айлчилж байгаагаар онцлог юм.

Манай сонины нийтлэлийн гол бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрт “Төрийн тэрүүнээ гадагшаа айлчлахад ар хударгаар нь ингэж Монголыг хорлодог” нийтлэл хэвлэгдлээ.

Тавдугаар нүүрт ирэх 2016 оны сонгуульд ямар намаас хэн хаана дэвших талаар нийтэлжээ. Одоогоор аль тойрогт аль намаас хэн, хэн дэвших нь хараахан эцэслэгдээгүй ч ерөнхий чиг тодорхой болжээ. Дэвших санаатай тойргоо тордсоор ирсэн, оны өмнө хэн хэрхэн ямар байдалтайгаар “бөөцийлсөн” гэдгээс бүх зүйл ойлгогдоно хэмээн тус нийтлэлд бичжээ. Интерполоор эрэн сурвалжилж байгаа “Либерти партнерс” ХХК-ны захирал Ч.Ганбат захидал ирүүлсэн тухай сурвалжлагыг нийтэлжээ. Тэрбээр ямар захидал ирүүлснийг зургадугаар нүүрнээс уншаарай.

Олон улсын эргэн тойронд болсон цаг үеийн мэдээллийг гадаад мэдээний булангаас хүлээн аваарай.

Харин уламжлалт “Утга зохиол” буланд найрагч Д.Урианхай найрагчийн түрүүлсэн 2003 оны “Болор цом” наадмыг онцлон өгүүлжээ. Харин арвангуравдугаар нүүрнээс дуучин Б.Амархүү болон түүний гэргий загвар өмсөгч О.Ариунзултай хийсэн сонирхолтой ярилцлагыг уншаарай.

“Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн өчигдөр, өнөөдөр хоёр өдөр үргэлжилж байна. Тэгвэл агаарын бохирдол нялх хүүхэд болон жирэмсэн эхчүүд, урагт хэрхэн нөлөөлдөг талаар “Эрүүл мэнд” булангаа бэлтгэн хүргэж байна. Агаарын бохирдлоос болж Улаанбаатар хотын сая гурван зуун мянган иргэд бүгдээрээ архаг хордлоготой байна хэмээн ЭМСЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Анагаах ухааны доктор Б.Цогтбаатар ярьжээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээллийг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ирээдүйд онгоцны ослоор хүн нас барахгүй

Сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд онгоцны осол ихээр гарч, олон хүний хэмжээнд хүрэх болсон. Дахин ийм эмгэнэлт үйл явдал гаргахгүй байх үүднээс судлаачид шинэ санаа бодож олжээ.

Тэд онгоцны кабин хэсэг, зорчигчийн хэсгийг саланги хийх санаа дэвшүүлсэн байна. Ингэснээр осол болох үед зорчигчдыг аюулгүй байлгах боломжтой гэжээ. Кабин, зорчигч хэсгийг салдаг болгосноор ослын үед кабин их биеэс салж унана. Харин их биеийг дээд талд нь байрлах том шүхрүүд автоматаар дэлгэгдэн аюулгүй газардуулна. Мөн газардах үед доод хэсэгт тусгай зөөлөвч хийлэгдэх аж.Ингэснээр зорчигчид ямар ч аюулгүйгээр эх газартаа буух боломжтой болох гэнэ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Оригамигаар бодит машин бүтээжээ

Английн Лондон хотноо нэгэн сонирхолтой үзмэр тавигджээ. Учир нь Японы Автомашин үйлдвэрлэлийн “Toyota” компанийн “Lexus” маркийн автомашиныг бодит машинтай адилхан хэмжээтэй цаасаар урласан байна. “Lexus” загварын энэхүү цаасан машин нь бүх талаараа жинхэнэтэйгээ яг адил бөгөө гэрэл асч, хөгжим явж, дуут дохио дугардаг байна. Тус машиныг бүтээхэд нийтдээ 1,700 хэсэг картон цаас ашиглажээ.

Машиныг бүтээхэд таван багийн дизайнерууд оролцсон байна. Хийхдээ их бие, хянах хэсэг, салон суудал гэх маягаар тус тусад нь бүтээгээд угсарчээ. Энд ашигласан картон цаас нь 10 мм зузаантай аж.

Энэхүү цаасан бүтээл автомашин сонирхогчдын хорхойг ихэд хөдөлгөж байгаа бөгөөд худалдан авах хүсэлтэй хүн ч ихээр хандаж байгаа юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын бүлгээс мэдээлэл хийсэнгүй

Өглөө товлогдоод байсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал хойшилж, үдээс хойш 15.00 цагаас хуралдсан юм. Долоо хоног бүрийн даваа гаригт АН-ын бүлэг хуралдаж, хурал дээр хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийдэг. Харин энэ удаад тус бүлгээс ямар асуудал хэлэлцсэн тухайгаа мэдээлэл хийсэнгүй.

Эх сурвалжид мэдээлснээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 100 хувь дэмжинэ гэсэн МАН-ын байр суурийг бүлэг дээр авч хэлэлцсэн бололтой. Сонгууль болоход тавхан сарын хугацаа үлдээд буй учир АН-ын бүлгийнхэн дотоод асуудлаа хойш тавьж, Засгийн газраа авч үлдэнэ гэцгээж байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол циркчид алтан цом хүртжээ

Францад болсон “Мэсси” олон улсын циркийн наадам урьд шөнө өндөрлөжээ. Тус наадмаас Монгол циркчид алтан цом хүртсэн байна. Монголын үндэсний циркийн уран бүтээлч, МУСТА н.Пүрэвжаргал ахлагчтай “Puje & Guys” хамтлагийнхан энэ сарын 21-24-ний өдрүүдэд тус наадамд оролцож энэхүү амжилтыг үзүүлсэн юм.

Эх орноо төлөөлөн Олон улсын циркчдийн тэмцээнд оролцсон тус хамтлагийнхан Монголын циркийн түүхэнд анх удаагаа “Дээсээр наадагчид” үзүүлбэрээрээ “Алтан цом” хүртжээ.

“Мэсси” наадамд манайхаас гадна 12 орны циркчид оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг цагаан сараас өмнө олгоно

Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох тогтоолыг УИХ-аас нэгдүгээр сарын 22-нд баталсан билээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын мөнгө орохгүй удсан нь эцэг эхийн бухимдлыг төрүүлсэн. Үүний улмаас 2016 оны нэгдүгээр сарын Хүүхдийн мөнгийг хэзээ олгох вэ гэсэн асуулт иргэдийн дунд байна.

Энэ талаар Сангийн яамнаас “Хүүхдийн мөнгийг цагаан сарын өмнө олгоно гэж үзэж байгаа. Засгийн газрын тогтоол гарахыг хүлээж байна” гэж мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар бол хоёрдугаар сарын 5-н гэхэд хүүхдийн мөнгийг олгоно гэж төлөвлөж байгаа юм байна.