Categories
мэдээ спорт

Буудлагынхан олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

“Рио-2016” олимп болоход ердөө зургаахан сарын хугацаа үлдээд буй. Тамирчдын хувьд олимпийн эрхээ авах чухал тэмцээнүүд болж байна. Тухайлбал, өнөөдөр Энэтхэгийн Дели хотноо буудлага спортын олимпийн эрх олгох Ази тивийн сүүлийн тэмцээн болох гэж байна.

Манайхаас энэ тэмцээнд урт бууны төрөлд эрэгтэй, эмэгтэй, гар бууны төрөлд эрэгтэйчүүд бүтэн багаараа оролцох бөгөөд дасгалаасаа хамаараад 1-2 олимпийн эрхийг олгох юм. Тэмцээн ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Дашрамд дуулгахад, буудлагын шигшээ багийн тамирчдаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа (гар буу), ОУХМ Ц.Мөнхзул (гар буу), ОУХМ Г.Нандинзаяа (урт буу) нар “РИО-2016” олимпийн эрхээ аваад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүчит шонхор” төвийн автозамыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллыг багасгах, иргэдийн цаг, завыг хэмнэх зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны бямба гараг, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны ням гаригуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулалт хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн өмнө бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ

Нийслэлийн иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Сар шинийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Цэвэрлэгээ хоёрдугаар сарын 06-нд болох бөгөөд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод, их дээд, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцох юм.

Цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, гэр болон орон сууцны хорооллын халтиргаа гулгааг арилгаж, гудамжны түүвэр цэвэрлэгээг хийнэ. Энэ үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 м газрыг цэвэрлэн, халтиргаа гулгааг багасгахад анхаарч ажиллана.

Нийслэл, дүүргээс хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын орчны цэвэрлэгээ, гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах хог хаягдлын түр хогийн цэгүүдийн хог хаягдлын зайлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавина. Мөн гаднах орчныхоо цэвэрлэгээг хийгээгүй, хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцох юм.

Categories
мэдээ улс-төр

Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ЕНБД-ыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жавад Моттагиг хүлээн авч уулзав.

Ноён Жавад Моттаги, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд дэлхийн 58 оронд 220 гаруй гишүүнтэй тус холбооны үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм. 1964 онд байгуулагдсан тус холбоо нь бүс нутагтаа өргөн нэвтрүүлгийн салбарыг хөгжүүлэх, гишүүн байгуулагуудынхаа дунд хамтарсан арга хэмжээ зохион явуулах үндсэн зорилготой ба Монгол Улсаас 12 байгууллага гишүүнээр элссэн байдаг талаар танилцууллаа.

Уулзалтын үеэр Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоон дахь Монголын телевизүүдийн оролцоо, байр суурь, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар байлцсан юм.

Categories
мэдээ нийгэм

Жилд 24 сая дуслын шингэн үйлдвэрлэх үйлдвэр нээгдлээ

Монгол Улсын томоохон эм үйлдвэрлэгч компаниуд хамтран 2013 онд дуслын шингэн эмийн үйлдвэр байгуулах төслийг санаачлан “Энхийн шүүдэр” ХХК-ийг хамтран хөрөнгө оруулж байгуулж байв.

Гадаад дотоодын зах зээлээс санхүүгийн эх үүсвэр бүрдүүлсний үр дүнд “Энхийн шүүдэр” хэмээх дуслын шингэн эмийн үйлдвэр нээлтээ хийгээд байна.

Энэхүү үйлдвэр нь үндэсний хөрөнгө оруулалт бүхий, олон улсын шаардлага хангасан, бүрэн автоматжуулсан дуслын шингэн эм үйлдвэрлэх зориулалттай иж бүрэн цогцолбор бөгөөд олон улсын стандартын шаардлагын (international GMP) дагуу барилга, тоног төхөөрөмж, технологи ашиглаж байгаа учраас бүтээгдэхүүн нь ч мөн дэлхийн жишигт хүрнэ гэж онцолж буй юм.

Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд цагт 4,500-5,000 уут, жилд 24,000,000 уут дуслын шингэн үйлдвэрлэхээс гадна 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүний 80 орчим хувь нь үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон бүтээгдэхүүн байна. Манайх Монгол улсын эмчилгээнд хэрэглэгддэг бүх төрлийн дуслын шингэн эм, гемодиалезийн буюу бөөрний дутагдлын үед хэрэглэх шингэн эм болон тусгай технолгиор бэлтгэдэг шингэн эм зэрэг төрөл бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна.

Манай улсын хамгийн том эмийн үйлдвэр гэж тодорхойлж болохоор уг үйлдвэр нь нийт 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр боссон бөгөөд, Чингис бондын санхүүлжилтээс 5.8 тэрбум төгрөгийн зээл авсан байна.


“Энхийн шүүдэр” дуслын шингэн эмийн үйлдвэр ийнхүү ашиглалтанд орсноор үндсэний үйлдвэрлэлийн, олон улсын чанарын шаардалга хангасан дуслын эмийн шингэнийг дотоодын зах зээлд нийлүүлж үнийн уян хатан бодлого баримтална, дотоодын зах зээлд ижил төрлийн импортын бүтээгдэхүүн бараг 50 хувь эзэлдгийг тооцвол үүнийг орлох, улмаар валютын гадагш урсгалыг багасгана, бүтээгдэхүүнээ ойрын 2-3 жилдээ экспортонд гаргаснаар улсын валютын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ, олон улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрлэлийг Монголд эрхэлж нэвтрүүлснээр энэ салбарт орчин үеийн технологи, инновацийн шинэ босго түвшинд авчирч үйлдвэрлэлийн дэвшилтэт туршлага дадлыг бий болгох аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Эрдэнэбат: С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг нэхэн сэргээж шалгах сэжүүр гарсан

Улсын Прокурорын ерөнхий газрын орлогч Г.Эрдэнэбатаас олны анхаарлыг татаж буй хэргүүдийн талаар тодруулснаа хүргэж байна.

-УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх, сайд асан Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарт холбогдох хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох хэрэг прокурорын байгууллагын хяналтад байгаа. Удахгүй тус эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах уу эсвэл шүүхэд шилжүүлэх үү гэдгийг прокуророос шийднэ. Харин Улсын их хурлын даргын зөвлөх асан А.Гансүх, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарыг авлигын хэрэгт сэжигтнээр татсан, гадагш явах эрхийг түдгэлзүүлсэн. Үүнээс илүү тодорхой хариулт өгөх боломжгүй.

-С.Зориг агсны хэргийн тухайд?

-Ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг агсныг хөнөөсөн буруутныг олох мөрдөн байцаалтын ажиллагааг өнгөрсөн арваннэгдүгээр сараас эргэн сэргээж, талийгаачийн эхнэр, хэргийн ганц гэрч Б.Булганыг цагдаагийн байгууллага баривчлан саатуулсан. 1998 онд үйлдэгдсэн тус хэрэгтэй холбоотой сэжиг таамаг, гарах үндэслэл үе үе гардаг. Энэ тохиолдол бүрт хэргийг тасралтгүй сэргээн шалгадаг. Энэ удаад ч уг эрүүгийн хэргийг нэхэн сэргээж шалгах сэжүүр гарсан. Эрүүгийн хэрэгт холбогдуулан хүн шалгаж байгаа тохиолдолд бид тэр хүний нэр хүндэд халдахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь дээр байх. Тиймээс энэ хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй.

-С.Зориг агсны гэргий Б.Булганыг цагдан хориод удаж байна. Нууцын зэрэглэлтэй гээд мэдээлэл өгөхгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

-Эрүүгийн хэрэгтэй холбогдуулан сэргээн шалгах үндэслэл байсан учраас хэргийг сэргээн шалгаж байна.

-Б.Булганы эрхийг зөрчиж буй асуудал гарсан уу. Энэ тухай хэвлэлүүд мэдээлж байгаа?

-Прокурор хяналт тавьж ажиллаж байгаа. Хэрвээ хоригдож байхад гаргасан зөрчил байвал хяналт тавьж байгаа прокурор нь шаардлага тавьж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг. Тэр хүний эрхийг хангаж ажиллаж байгаа. Өмгөөлөгч, ар гэрийнхэн нь хэрвээ хүсэлт гаргасан бол түүнийгээ прокурорын байгууллагад хандаж гаргасан байх ёстой.

-С.Зоригийн хэрэгт холбогдуулан хэдэн хүнийг хорьж шалгаад байгаа юм бэ?

-Эрүүгийн хэрэгт холбогдуулан хүн шалгаж байгаа. Иймд бид тэр хүний нэр хүндэд халдах хэрэггүй байх. Тиймээс энэ хэргийн талаар ярих боломжгүй.

-УИХ-ын гишүүн холбогдсон хэрэг шалгагдаж байгаа юу?

-УИХ-ын гишүүнийг эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хариуцлагад татсан тохиолдолд энэ асуудлыг Ерөнхий прокурор УИХ-д хүсэлт тавиад бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгадаг. Өнөөдрийн байдлаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгаж байгаа гишүүн байхгүй. Харин зарим нэг төрийн өндөр албан тушаалтнуудыг сэжигтнээр татаж, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.

-Нэрийг нь хэлж болох уу, хэн гэдэг төрийн өндөр албан тушаалтан бэ. Зам тээврийн сайд асан А.Гансүх, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарыг шалгаж байгаа гэж ойлгож болох уу?

-Эрүүгийн хэрэг учраас мөрдөн байцаалтын нууцтай холбоотой. Нөгөө талаас хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад бусдын нэр төрд халдаж олон нийтэд мэдээлэх боломж алга.

Categories
мэдээ нийгэм

Нарантуул зах руу буухиа үйлчилгээ явна

Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/34 дүгээр захирамж гарсан. Уг захирамжийн хүрээнд билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна.

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2016 оны 1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төр рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.

Мөн тухайн өдрүүдэд Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ.

Чиглэлийн нэр

Тээврийн хэрэгслийн тоо

Өдөрт гүйцэтгэх рейсийн тоо

1

Орбит-Нарантуул зах

1

3

2

Нарангийн гол-Нарантуул зах

1

3

3

ХМК-Нарантуул зах

1

3

4

Баянхошуу-Нарантуул зах

1

3

5

Нисэх-Нарантуул зах

1

3

6

Яармаг-Нарантуул зах

1

3

7

Дэнжийн 1000-Нарантуул зах

1

2

8

Чингэлтэй-Нарантуул зах

1

3

9

Бэлх-Нарантуул зах

1

3

10

Шархад-Нарантуул зах

1

3

11

Улаанхуаран-Нарантуул зах

1

2

12

Дүнжингарав худалдааны төв-Хүннү молл

1

3

13

Чингисийн талбай-Хүннү молл

1

3

Дүн

13

37

Нийслэлийн засаг даргын А/34 дүгээр захирамжийн хүрээнд Нарантуул ОУХТөв рүү үйлчлэх нийтийн тээврийн чиглэлийн зураглал:

Нарантуул ОУХТөв рүү үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн зураглал:

Мөн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна. Захиалгыг 11-326352, 11-323176 утсанд хандаж өгөх боломжтой. Нийслэл хот дотор такси үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл далайгаар явахгүй байхыг анхааруулав

Хөвсгөл нуурын баруун болон зүүн эргийн дагуу нийт 20-н цэгт мөсийг цоолж хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 45 см, Хатгал тосгоны ойролцоох 6-н цэгт / хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 47 см, мөсөнд хар, цагаан хил үүссэн, бутралт ихтэй байсан аж. Нуурын хойт хэсэгт хийсэн хэмжилтээс үзэхэд Ханхаас Далбай хүртэлх нуурын зүүн хойт эрэг орчмын хэсэгт мөсний зузаан 44-50 см, баруун хойт эрэг орчмынх Зимъяаны эргээс Өлийн амны хойт хэсэг хүртэлх хэсэгт мөсний зузаан харьцангуй бага 25-50 см байв. Дулаан уулын орчимд эргээс 200 м-т ба Хачим орчимд эргээс 500 орчим м-т тус тус мөсний зузаан бага, далд өрх ажиглагджээ.

Нуурын мөсний зузаан 50 орчим см, зарим газарт 25 см, далд өрх, хар хил байх нөхцөлтэй байна. Тээврийн хэрэгсэл зорчиход мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрээгүй, мөсөн замын найдвартай маршрутыг хэмжилтээр тогтоох шаардлагатай байна. Ялангуяа, ачааны машин зорчихыг хориглох шаардлагатай байна.

Categories
мэдээ улс-төр

ҮХЦ-ийн дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ.

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд/Засгийн газар 2015.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/:

2.“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТЦЭРЭГ танилцуулна;

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

3.Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.

4.Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.УЛААН танилцуулна.

5.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн 2015.11.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

6.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.ОЮУНБААТАР танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

7.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.ОЮУНБААТАР танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

8.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.

9.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

10.Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт үргэлжилнэ.

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Эмэгтэй удирдагчдыг олон болгохыг хүсч байна

Биднэвтрүүлгийн шинэ дугаарт УИХын гишүүн Ц.Оюунгэрэл оролцсон байна. Түүний оролцсон нэвтрүүлгийг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэе.

Таны санаачилсан Соёлын тухай хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжээд эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжих хөрс орчин нь бүрэлдсэн болов уу?

-Маш их бүрэлдсэн гэж бодож байгаа. Нэгдүгээрт, монгол залуучууд маань бүтээлч сэтгэлгээтэй, технологийн дэвшлийг хурдан эзэмшдэг, авьяастай. Тийм учраас ямар ч контентыг гаргах боломжтой гэж үзэж байгаа. Нөгөө талаас телевизүүд маань төлөвшиж байна. 25 жил хуулбар материалаар явлаа шүү дээ. Гэтэл бид чинь дэлхийн оюуны өмчийн байгууллагад элсчихсэн, оюуны өмчийн бүх конвенцид нэгдчихсэн, 1997, 2002 онуудад томоохон конвенциудад нэгдчихсэн. Түүнээс хойш өөрийн гэсэн зохиогчийн эрхтэй, контент үйлдвэрлэгч орон болно гээд хуулиудаа гаргачихсан. 1993 онд Зохиогчийн эрхийн тухай хууль гарснаас хойш яг 23 жил болж байна. 23 жил болоход улс орон төлөвших бүрэн боломжтой, улс орны оюунлаг бүтээлч давхарга бүтээлээ нийлүүлэх цаг нь болсон. Тийм учраас энэ хуулийн цаг нь болсон. Хэрвээ бид энэ хуулиа гаргахгүй дахиад жаахан өөрсдийгөө эрхлүүлэх юм бол олон улсын хэмжээнд магадгүй оюуны өмчийн зөрчилд орно. Нөгөө талаас бид өөрсдийнхөө соёлыг алдана. Дээр нь өөрсдийнхөө залуу үеийг монгол биш болгоно. Тэгэхээр бидэнд хүлээх цаг байхгүй. Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ би цалин өндөртэй болж байж хүмүүжүүлье гэдэггүй шүү дээ. Яг үүнтэй адилхан бидний хүүхдүүд, дараагийн үе гарлаа, бид илүү тоног төхөөрөмжтэй болчихоод хүмүүжүүлье гэж болохгүй. Тиймээс залуу үеийнхээ төлөө хүч хөдөлмөр гаргах цаг нь болсон.

Хуулийн гол санаа бол даяаршлын шуурганд өв соёлоо хамгаалж үлдэх, дэмжих гэсэн нийтлэг шинж явж байгаа. Энэ нь ч олон нийтэд таалагдаж байгаа. Хэрвээ зөрчлийн асуудал гаргаад байх юм бол зөрчлийн хуулиар нь торгоод, цаашлаад эрхийг нь хязгаарлах зэргээр явчих байх л даа?

-Тэгнэ, манайд одоо ч гэсэн энэ хууль мөрдөгдөж байгаа. Соёлын тухай хуульд л давхар ороогүй байсан болохоос биш, одоо ч гэсэн мэдээлэл харилцаа холбооны хороонд телевизүүд эрхээ авахдаа үзүүлж байгаа зүйлийнхээ 50 хувийг үндэсний агуулгатай зүйл үзүүлнэ гэж эрхээ авдаг. Ганцхан тэр эрхээ авсан зүйл нь одоогоор хууль биш гэрээ, журам маягтай яваад байсан. Үүнийг ялангуяа соёлын агуулгатай зүйл дээр нь хуульчилж өгч байгаа.

Та хог хаягдлын тухай хуульд нэмэлт оруулах төсөл дээр ажиллаж байгаа. Энэ хууль байнгын хороонд хэлэлцүүлгийн шатанд явж байх шиг байна. Энэ хуулийн өөрчлөлтийн талаар асуумаар байна?

-2012 онд баталсан хуульд нэмэлт оруулж байгаа. Ямар нэмэлт гэхээр тус хуульд эдийн засгийн механизмуудыг оруулж өгч байгаа. Хог хаягдлыг зөвхөн хог гэдгээр нь харахгүй, жишээлбэл, цаасыг хэрэглээд хаяхдаа хог гэдгээр нь харахгүй, цаасыг цуглуулдаг сүлжээг бий болгох, цаашаа түүнийг нь авдаг газруудыг бий болгох хөшүүргүүдийг оруулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээр яригдаж байгаа байгаль орчны нөөцийг дахин ашиглах эдийн засгийн механизмыг оруулж байгаа юм. Хорин жилийн өмнөх хоолны хаягдал одоогийнхоос өөр байсан. Жишээлбэл, бид талх идлээ гэхэд талхнаас зөвхөн үйрмэг гардаг байсан. Үүнийгээ бид шувуунд өгдөг, тэгээд хоггүй байлаа. Гэтэл одоо бидэнд талхны гялгар уут, гялгар уутны амыг боосон целлиод гарч ирж байна. Шинэ хуулийн төсөлд бид хог үүсгэгч нарыг үүрэгжүүлсэн шинэ заалтууд оруулж ирэх шаардлагатай гэдэг үүднээс ахуйгаар гарч байгаа маш олон төрлийн хог, мөн үйлдвэрлэлээс гарч байгаа янз бүрийн хогон дээр нэг бүрчлэн тэр материалын амьдралын схемыг хуульчилж өгөх хэрэгтэй болсон. Тэр утгаараа бид шингэн, хатуу, аюултай хог хаягдал зэрэг бүх хогийг бүхлээр нь авч үзэхийг зорьсон.

Манай улсын хүн амын тав орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах хуулийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг та ахлан ажиллаж байгаа. Энэ хуулийн онцлог нь юу бол. Бас юугаараа тэр хүмүүст илүү хэрэгтэй вэ?

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд боловсруулагдан, Засгийн газраас өргөн барьсан хууль байгаа. ХАХНХЯ өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийг оруулж байгаагүй. Энэ бол анхдагч хуулийн төсөл. Яагаад анхдагч гэж үзэж байгаа гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийнх нь тухай хууль юм. Энэ хүн ийм эрхтэй, энэ эрхийг нь зөрчвөл ялгаварлан гадуурхалт болно гэдгийг тунхаглаж байгаа учраас тухайн хүний эрхийг хамгаалах заалтууд орно. Жишээлбэл, бид дохионы нэвтрүүлэгчгүй мэдээ, ярилцлага нэвтрүүлдэг. Энэ маань сонсголын бэрхшээлтэй хэн нэг хүний эрхийг зөрчиж байгаа явдал. Сонсголгүй хүнийг улам илүү бэрхшээлтэй болгож байгаа тэр зүйлийг нь нийгмийн саад бэрхшээл гэж үзэж байгаа юм. Тэгэхээр бид нийгмийн талаасаа саад бэрхшээлийг багасгах хууль батлах хэрэгтэй болж байна. Ингэхээр цаг үеийн мэдээ, Ерөнхийлөгчийн үг хэлэх, УИХ-ын чуулган гэх мэт иргэдийн авах ёстой мэдээлэлд бид дохионы хэл ашиглах ёстой. Гадны улс орнуудад мэдээ, мэдээлэл 100 хувь иргэддээ хүрсэн байх ёстой гэсэн хуультай учраас жишээлбэл CNN нэвтрүүлгээ бичгээр, дохионы хэлээр давхар дамжуулдаг. Би энэ хуулийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд, хүний эрхийн хуульчаар олон жил ажилласан хүнийхээ хувьд юуг илүү анхааръя гэж бодож байна гэвэл ялгаварлан гадуурхалтыг багасгах, алга болгох энэ чиглэлд хуулийн заалтуудыг илүү тодорхой зааж өгье гэж бодож байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн дээд чуулган боллоо. Та яагаад дахин нэр дэвшсэнгүй вэ?

-Ер нь бол эмэгтэй удирдагч, эрэгтэй удирдагчийн халаа сэлгээний асуудал их өөр гэж ойлгох хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг олон мянган жилийн турш удирдагч гэж харахгүй, туслах гэж харсаар ирсэн юм байна. Эрэгтэйчүүдийг шууд удирдагч гээд хараад явчихсан. Монголын түүх, дэлхийн түүх гэхээр дандаа эрэгтэй хүмүүсийн түүх болоод байдаг. Ардчиллын түүх гэхээр дандаа эрэгтэй баатруудын түүх ч гэх юм уу. Ингээд харахаар эмэгтэйчүүд олноороо улс төрд ороогүй, удирдах түвшинд гарч ирээгүй, эмэгтэйчүүдийг удирдагч гэж ард түмэнд танилцуулаагүй учраас биднийг удирдагч биш гэж ойлгоод байдаг. Гэтэл удирдах чадвар бүгдэд маань байгаа. Тийм учраас дэлхий нийтэд эмэгтэйчүүдийг дэмжих хөдөлгөөн эмэгтэй хүн, эмэгтэй удирдагч нарынхаа халаа сэлгээг, дараагийн үеийг хурдан хурдан танилцуулж олон үеийг гаргаж ирэх шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм. Би дэлхий нийтийн энэ хандлагыг дагаад хэдийгээр надад хоёр дахь удаагаа нэр дэвших эрх байгаа боловч дараагийн үеийн эмэгтэй удирдагч нарыг хурдан танилцуулах, олноор нь гаргаж ирэхэд хувь нэмрээ оруулах үүднээс би хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлээгүй.

Энэ холбоо ер нь намын мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулахад нь яаж нөлөөлж ирсэн юм бэ? Та тодорхой жишээ дурдаач?

-2012 онд намын мөрийн хөтөлбөр боловсруулах үеэр бид ягаан хайрцганд эмэгтэйчүүдийн байгууллагуудаас ирсэн хүслүүдээ томъёолж бичээд оруулсан. Үүн дотор хүүхдийн цэцэрлэгийн асуудал, эрүүл мэнд, боловсрол, соёл, газрын асуудал гээд бүх төрлийн саналууд гарч байсан. Бидний өгсөн саналуудаас ихэнх нь мөрийн хөтөлбөрт орж, хэрэгжээд явж байгаа.

Та саяхан өөрийн твиттер хуудастаа нэр дэвшихгүй гэсэн агуулга бүхий зүйл жиргэсэн байсан. Сая бас залуу эмэгтэй удирдагчдыг төрүүлэхэд анхаарч байгаагаа дурдлаа. Монголыг дэлхийд таниулах ном бичихдээ цаг заваа зарцуулах гэж байна уу? Аль эсвэл өөр шалтгаан байна уу?

-Тэр бол цэвэр миний уран бүтээлийн сонирхлоор бичигдсэн мэдэгдэл л дээ. Уран бүтээлийн сонирхлын хажуугаар улс төрийн үүрэг хариуцлага давхар байгаа учраас намынхаа хурал дээр, намын гишүүддээ энэ талаар хараахан хэлээгүй байна. Хэлэх боломж ч надад олдоогүй байгаа. Энэ тал дээр ярихад би намын шийдвэр тодорхой хэмжээгээр надад нөлөөлөхгүй гэх газаргүй. Яг энэ үед бол юуг илэрхийлж байна гэхээр дараагийн үеэ тосч авахад бэлэн байна шүү гэдгээ л илэрхийлж байгаа юм.

Гучин хувийн квоттой холбогдуулаад асуухад, 2012 оны сонгуулиар намын нэрсийн жагсаалтад эхний 10-т бичигдсэн эмэгтэйчүүд УИХын гишүүн болсон. 28 нэр дэвшигчийн 9-10 нь эмэгтэй байна гэсэн үг. Гэвч үүнийг эрэмбэлж өгөөгүй л дээ, хуульд. Энэ нь бэлгэдлийн шинжтэй 30 хувь юм биш үү?

-Энэ асуудлаар бүх намын эмэгтэйчүүд хамтран ажиллах хэрэгтэй. Эхний 10-таа эмэгтэйчүүдийг хангалттай оруулаагүй намыг битгий дугуйлаарай л гэж хэлнэ. Шинээр батлагдсан сонгуулийн хуульд эмэгтэйчүүд нэг талаас хожсон, нөгөө талаас бас алдсан. Эмэгтэйчүүдийн квот 20 хувь байсныг 30 хувь болгож ахиц дэвшил гаргалаа.

УИХ-ын дарга З.Энхболд бидний квотыг 30 хувьд хүргэж, хэлсэн амандаа хүрсэн. Алдсан зүйл нь гэвэл нийслэл квоттой байсан бол нийслэлийн квот байхгүй болсон. Мөн аймаг, дүүрэг дээр квотгүй болсон. Одоогийн хуулийн зохицуулалтаар нэгэнт квотгүй байгаа зүйлийг нам бодлогоор нөхөх хэрэгтэй болж байна.

Та УИХд сонгогдоод хоёр жил нь сайд, хоёр жил нь сул гишүүний албыг хашиж байна. Энэ хугацаанд бүтээл ном туурвив уу? Ингэж асууж байгаа нь 2008 онд таны гаргасан Ногоон нүдэн лам найман жилийн хугацаанд шилдэг борлуулалттай номын жагсаалтад байсаар байна л даа?

-Сэм сэмхэн бүтээл туурвиад л байгаа. 2012 онд дөнгөж сонгогдсоныхоо дараахан Миний лобби гээд нийтлэлийн ном гаргаж байсан. 2013 онд Тарбазовар Батаарын тухай үлгэр гээд хүүхдийн ном гаргасан. 2015 онд Монголоо таниулъя гэсэн аялал жуулчлалын ном гаргасан. Энэ оны эхээр монгол соёлын тухай ном гаргахаар бэлтгэж байгаа.

Та сайд байхдаа монгол бичгээ бие даан сурч минутад 50 үг уншиж байгаа гэж байсан. Одоо хэдэн үг уншиж байна?

-Тэр хэмжээндээ байгаа, их ахиц гараагүй. Гэхдээ өдөр бүр хуулан бичгээ хийж л байгаа.

Дөрвөн жилийн өмнө соёлын аянг Та сайд байхдаа санаачлаад дөрвөн сарын турш өрнүүлж байсан. Тэр аяны үр өгөөж нь одоо ингээд харахад яаж нөлөөлсөн байна вэ?

-Би “Авьяаслаг монголчууд” гэдэг шоуг үзэж байхдаа их баярлаж байсан. Яагаад гэвэл тэр шоунд оролцож байгаа хүмүүс дотор яг соёлын биет бус өвийг өвлөн тээгч нар би энэ соёлыг ааваасаа, ээжээсээ, нутгаасаа өвлөн тээж ирсэн юм аа гээд оролцож байсан. Түүнийг л би үр дүн гэж хэлмээр байна. Яагаад гэвэл хүмүүс юуг соёлын өв бэ гэдгийг мэддэг болсон. Биет бус соёлын өв гэж юу гэдгийг мэддэг болсон. Монгол Улсын иргэн өөртөө ирсэн баялгийг мэддэг болж, хардаг болж, таньдаг болж, өвлүүлдэг болж гэж харагдаж байгаа юм.

Г.САНЖААХАНД