Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдээр тэгш, сондгой дугаараар хязгаарлана

Монголын уламжлалт сар шинийн баярыг угтсан өдрүүдэд Улаанбаатар хотыг чиглэсэн орон нутгийн зам, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ердийнхөөс эрс нэмэгддэг бөгөөд иргэдийн цагийг хэмнэх, ачааллыг бууруулах зорилгоор 2013 оноос хойш сар шинийн баярыг угтсан түр зохицуулалт хийдэг болсон. Уг зохицуулалт энэ жил ч мөн мөрдөгдөнө.

Тодруулбал, сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдээр буюу 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны бямба гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны ням гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа.
Мөн энэ өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Хүчит Шонхор” худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төвийн чиглэлд шинэ чиглэлээр автобус явуулна.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны Бямба гариг, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны ням гаригуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулалтын арга хэмжээ авна

Авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, дүүргүүдийн орон сууц, гэр хорооллын гудамж замын гэрэлтүүлгийг бүрэн асаах, гэр хорооллын гудамж, замын хальтиргаа гулгааг арилгах, гудамж замуудыг хаасан хайс, хашлага, шон зэргийг чөлөөлж, шуурхай албаны автомашин зорчих нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг хангаж ажиллана.

Categories
мэдээ спорт

Чөлөөтийнхөн Дан Коловын тэмцээнд оролцоно

Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын удирдсан зургаан бөх Болгарт болох Дан Коловын тэмцээнд оролцохоор мордлоо. Энэ сарын 30, 31-нд болох тус тэмцээний бүрэлдэхүүнд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат 74 кг, Б.Номин 65 кг, ОУХМ Д.Гомбодорж 74 кг, Д.Цогтбаатар 57 кг, Т.Түвшинтулга 61 кг, О.Үйтүмэн 86 кг-д барилдах юм. Тэд энэхүү тэмцээний дараа Парисын багтай нэгдэж, Туркт ирэх сарын 6, 7-нд болох Яшар Догугийн тэмцээнд оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Аврагчид хоёр хүүхдийн амийг аварлаа

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбулаг багт айл шатаж байна гэсэн дуудлага тус аймгийн онцгой байдлын албанд өчигдөр иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрээс хоёр болон дөрвөн настай хоёр хүүг угаартсан байсныг авран хамгаалсан байна. Алба хаагчид хүүхдүүдийг аймгийн яаралтай түргэн тусламжид хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ улс-төр

Бүртгэлийн тухай хуулийг шинэчилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

1999 онд батлагдсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний бүртгэлийн тухай хуулиар Монгол Улсын иргэний бүртгэл болон түүнийг эрхлэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулж байна. Хууль батлагдсанаас хойш 10 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр давхардсан тоогоор 100 гаруй зүйл, заалтад өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо муу, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, зохицуулалт нь хуучирсан, зарим шаардлагатай зохицуулалт тусгагдаагүй байна.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлэх, бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, бодитой болгох, улсын бүртгэгчийн ажлын ачааллыг багасгах ач холбогдолтой гэж тооцоолжээ.

Categories
мэдээ улс-төр

Киноны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, дараахь шийдвэрийг гаргасан байна. Киноны тухай хуулийн төслийг хэлэлцээд, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ

Кино үйлдвэрлэлийг дэмжих, кино үзвэрийн сүлжээг үндэсний хэмжээнд сэргээх, кино урлагт эдийн засаг санхүүжилтийн орчин бий болгох, гадаадын кино уран бүтээлчид Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэл явуулахад гааль, татвар болон эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Түүх, соёл, байгаль, ахуй амьдрал, үндэсний зан заншил, өв уламжлалыг дэлхий дахинд сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх шинэ гарц бий болгох боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсад кино үйлдвэрлэж байгаа гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад оруулсан хөрөнгийнх нь 40 хүртэлх хувийн урамшууллыг Киног дэмжих санд хуримтлагдсан хөрөнгөөс буцаан олгох, кино урлагт хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн дотоод, гадаадын байгууллага, хувь хүмүүс, хөрөнгө оруулагчдад эдийн засаг, татварын урамшууллын оновчтой механизмыг нэвтрүүлэх зэрэг зохицуулалтыг хуульд тусгажээ.

Киноны тухай хууль батлагдан гарснаар Төрөөс кино урлагийн талаар баримтлах бодлого чиглэл тодорхой болж, кино урлагийн салбарт эрэлттэй байгаа нарийн мэргэжлийн боловсон хүчнийг гадаадын хөгжингүй орнуудад сургах, мэргэшүүлэх, үндэсний кино дэлхийд өрсөлдөх боломж нээгдэнэ. Мөн Монгол Улсаа дэлхийд таниулснаар аялал жуулчлал болон бусад салбарт хөрөнгө оруулалт татахаас гадна киноны салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Малчид малаа бэлчээж чадахгүйд хүрчээ

Дундговь аймгийн Сайнцагаан суманд өвөлжилт хүндэрч, улмаар малчид сүүлийн хэд хоног малаа бэлчээж чадахгүй байгаа гэнэ.

Энэ талаар малчид ярихдаа “Нэг наст мал, төлөг, шүдлэнгээ эрт тэжээж эхэлсэн боловч дарагдах, осгох, бээрэх зэргээр хорогдсоор байна. Энэ сараас эхлэн хүйтний эрч эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор өдрийн турш малаа хаших тохиолдол цөөнгүй байгаа. Өдрийн турш малаа хашиж тэжээл, өвсөөр тэжээж байгаа малчдын хувьд нөөцөлсөн жаахан өвс нь дуусаад дахин өвс, тэжээл худалдаж авахад хүндрэлтэй болоод байна. Орон нутгийн зүгээс малын бэлчээр хагалах, өвс, тэжээлийг хямдаар, болж өгвөл зээлээр олгохыг хүсье” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Том оврын машин мөргөлдөж, 100 тонн түлш асгарчээ

Том оврын машин мөргөлдөж, 100 тонн түлш асгарчээ Өнгөрсөн шөнө Тавантолгойгоос улсын хилийн чиглэлд түлш тээвэрлэж хоёр том оврын машин мөргөлдөн, осол гарчээ.

Осол Оюутолгойгоос 10 гаруй км-ийн зайд гарсан бөгөөд ослын газрын орчимд ойролцоогоор 100 тонн түлш асгарсан талаар эх сурвалж мэдээлэв.

Энэ ослын талаарх дуудлага урьд шөнө 03.00 цагийн үед иржээ. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй байна. Одоогоор хэргийн газар албаныхан ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

СЗХ зөвшөөрлийн цахим системийг нэвтрүүлж эхэллээ

Санхүүгийн Зохицуулах Хороо үйл ажиллагаандаа “Зөвшөөрлийн цахим систем” нэвтрүүлж эхэллээ. Энэхүү системийг нэвтрүүлснээр санхүүгийн зуучлалын үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах өргөдлөө зайнаас гаргах боломжтой болж байгаа бөгөөд хүсэлт материалыг хүлээн авч, хянах бүх үйл ажиллагаа автоматжин хүний хүчин зүйлээс хамааралгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай шийдвэрлэгдэх боломжтой боллоо.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны хууль, Хадгаламж зээлийн хоршоо, Даатгал, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зэрэг санхүүгийн үйл ажиллагааны хууль тогтоомжийн дагуу Хорооноос иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээг бүртгэх ажиллагааг хүнд сурталтай, олон баримт бичиг шаарддаг, чирэгдэл учруулдаг гэж шүүмжлүүлдэг байсан асуудал ийнхүү эмх цэгцтэй болж эхэлсэн байна.

Цахим системд шилжсэнээр өргөдөл гаргагч иргэд, хуулийн этгээдийн бүрдүүлэх баримт бичгийн тоо цөөрч, төрийн бусад байгууллагуудаас авдаг тодорхойлолт, лавлагааг иргэд өөрсдөө авах гэж цаг, мөнгөө үрэх шаардлагагүй болж байна. Энэ ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо төрийн иргэний бүртгэл мэдээлэл, татвар, авто тээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагуудын сүлжээнд нэвтэрч, шаардлагатай мэдээллийг өөрөө шууд авдаг байхаар хариуцсан байгууллагуудтай тохиролцож, хамтын ажиллагааны гэрээ байгуулах шатандаа яваа юм байна. Ингэснээр төрийн байгууллагууд хоорондын мэдээллийн нууцлал, аюулгүй байдал сайжрахаас гадна, харилцан мэдээллээ солилцох боломж нээгдэнэ.

Хамгийн гол нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн бааз бүрдсэнээр зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд Зохицуулагч байгууллагын зүгээс тавих хяналтын чанар сайжрах ба зах зээлийг хөгжүүлэх, дэмжих бодлогын шийдвэр гаргалт тоо мэдээ, судалгаанд үндэслэгдэх зэрэг олон давуу байдлыг бий болгож байна гэж Санхүүгийн зохицуулах хорооны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. Санхүүгийн зохицуулах хорооны www.frc.gov.mn вебсайтын нүүр хуудасны “Зөвшөөрлийн цахим систем” хэсэгт нэвтэрч зааврын дагуу цахим үйлчилгээг авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна

Энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 419 дуудлага бүртгэгдэв. Үүнээс зам тээврийн ослын 367 дуудлага ирж, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 16 бүртгэгдэж, нэг хүн нас барж, 23 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
Мөн Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан томоохон худалдааны төв, зах орчмын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж түгжрэл саатал бий болдог. Иймд Замын хөдөлгөөнд оролцогч жолооч Та тээврийн хэрэгслээ зогсоолын талбайд зөв байршуулан бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, явган зорчигчдод зам тавьж өгөх, өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайтар хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
энтертаймент-ертөнц

“Алтан цом”-ын эзэд маргааш эх орондоо ирнэ

Франц улсад болсон “Месси” олон улсын циркийн наадмаас Монгол циркчид алтан цом хүртсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 21-24-ний өдрүүдэд болсон “Месси” олон улсын циркийн наадамд 12 орны циркчид өрсөлдсөн бөгөөд Монголын үндэсний циркийн уран бүтээлч, МУСТА Пүрэвжаргал ахлагчтай “Puje&Guys” хамтлагийн хамт олон алтан цомын эзэн болж чаджээ.

Тэгвэл “Алтан цом”-ын эзэд маань маргааш буюу 27-ны өглөө Аэрофлот онгоцоор эх орондоо газардахаар болсон байна.