Categories
мэдээ нийгэм

ШУТИС-ийн оюутныг 26 удаа хутгалж хөнөөсөн этгээдийг батлан даалтад гаргахаар болжээ

ШУТИС-ийн III дамжааны оюутан,19 настай П-г 26 удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гарсан байна. Гэтэл хүүг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс батлан даалтад гаргах захирамжийг гаргажээ.

Хэргийн мөрдөн байцаалтын явцад Архангай аймгийн харьяат 1983 онд төрсөн 33 настай иргэн Б үйлдсэн нь тогтоогдож прокурорын шатанд яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжүүлсэн байдаг. Дээрх хэргийг Монгол улсын эрүүгийн хуулийн 91.1 буюу хүнийг санаатай алсан гэх онц хүнд гэмт хэрэг хэмээн үзэн таслан сэргийлэх арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.

Гэвч яллагдагч Б-ийн өмгөөлөгч, яллагдагч Б-гийн биеийн байдал муудсан тул батлан даалтад гаргах хүсэлт тавьж шүүгч болон прокурорын зүгээс дээрх хүсэлтийг хүлээн аваагүй юм. Гэвч өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ё.Цогтзандан таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан талаар хохирогч П-гийн ээж Буяннэмэх ярив.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр талийгаач 19 настай П-гийн дөрвөн мөчийг хугалж, 26 удаа хутгалж хөнөөсөн гэх ба гэмт этгээд хэргийн газраас зутгаж хэрэг гарснаас хойш 10 гаруй хоног ГССҮТ-ийн хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан гэх. Мөн хэргийг хуулийн байгууллагад шалгуулах үеэр оргон зайлсан ба шүүх ямар нэг гэмтэлгүй боловч шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүнд гэмтэлтэй хэмээн гаргуулаад байгааг хэлж байна. Талийгч П нь ШУТИС-ын гуравдугаар курсын оюутан байсан ба ээжтэйгээ хоёул амьдардаг байжээ

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий боловсролын сургуулиудад физикийн лаборатори олголоо

Ерөнхий боловсролын 200 сургуульд
өнөөдрөөс физикийн сургалт, туршилтын лаборатори олгож эхэллээ. Эхний
ээлжинд нийслэлийн II дунд сургуульд лабораторийг суурилуулж, бусад
сургуулийн захирал, багш нарт сургалтад хэрхэн ашиглах талаар үзүүлэх
хичээл заав.

оловсрол, соёл, шинжлэх ухааны яам 2015
онд төрийн өмчийн 428 сургуульд физик, химийн иж бүрэн лаборатори
олгосон. Энэ удаа 200 сургуульд олгосноор төрийн өмчийн ерөнхий
боловсролын сургууль бүр сургалтын орчин үеийн лабораторитой болж буй
юм.

Өнгөрсөн онд БНХАУ-ын дарга Си Жинь Пин
манай оронд айлчлах үеэр БСШУ-ы сайд Л.Гантөмөр сургуулиудад хүүхэд
өөрөө туршингаа суралцдаг лаборатори нийлүүлэхийг хүссэнээр энэхүү
сургалтын хэрэглэгдэхүүнүүд эзэддээ очиж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Үнэ төлбөргүй тэргэнцэр авах хүүхдүүдийг бүртгэж байна

Oлон Улсын Ротари сан Баруун Австралийн
сайн дурын ажилчидтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа хөл
дээрээ явах боломжгүй хүүхдүүдэд зориулж тэргэнцэр хийсээр эдүгээ хорь
гаруй жил болжээ.

Тэд “Хүүхдийг тэргэнцэрт тааруулах биш,
тэргэнцрийг хүүхдэд тааруулна” гэсэн уриатай ажилладаг бөгөөд одоогоор
Монголд тэргэнцэр шаардлагатай байгаа хүүхдүүдийн тоог гаргахыг зорин
ажиллаж байгаа гэнэ. Монгол руу ачуулах, үйлдвэрлэх үйл ажиллагааг
клубийн гишүүд хариуцах юм байна. Харин уншигч та хүүхдүүдийн тоог
гаргаж өгөх ажилд туслах боломжтой аж. Жич: Тэргэнцэр үнэ төлбөргүй

Бүртгэлийг мэйл-ээр авна: bolormaabol @hotmail.com /FB: Болормаа Болдбаатар/

1. Овог, нэр, нас, хүйс

2. Оршин суугаа хаяг

3. Биеийн жин

4. Зураг

5. Холбоо барих утас, мэйл

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Унгарын Ерөнхий сайд бараалхав

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт зочныг өргөн бүрэлдэхүүнтэйгээр, хүйтний эрч чангарсныг үл анзааран алс Европоос Монголд айлчлан ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.


Ерөнхий сайд Виктор Орбан Монголоос Унгарт сургах оюутны тоог нэмэгдүүлэхэд анхаардаг гэлээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгарт суралцах монгол оюутны тоог нэмэх гэж буйд талархал илэрхийлж, хүнд хийж буй хөрөнгө оруулалт хамгийн чухлыг тэмдэглэлээ. Ерөнхий сайд Виктор Орбан ирэх долдугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоо энэ үеэр илэрхийлэв.

Categories
мэдээ спорт

Парисын “Их дуулга”-д 20 жудоч зодоглоно

Манай эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ багийн 20 жудоч Парисыг зорино. Ирэх сарын 6-7-нд болох Парисын “Их дуулга” тэмцээнд оролцох энэ багийн бүрэлдэхүүн тодорхой болсон байна. Олимпийн эрхийн оноо олгох гран при, гранд слам ангиллын том тэмцээний нэг нь энэ Их дуулга юм.

Эрэгтэй багт:

-60 кг

Дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар

ДАШТ-ний мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин

-66 кг

Олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг

Олон улсын хэмжээний мастер Д.Алтансүх

-73 кг

Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир

Олон улсын хэмжээний мастер Г.Одбаяр

-81 кг

Олон улсын хэмжээний мастер О.Ууганбаатар

Олон улсын хэмжээний мастер Н.Дагвасүрэн

-90 кг

Олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар

-100 кг

Олимпийн аварга, xөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр

+100 кг

Олон улсын хэмжээний мастер Б.Тэмүүлэн

Харин эмэгтэй баг:

-48 кг

Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг

-52 кг

Олон улсын хэмжээний мастер А.Цолмон

Гавьяат тамирчин М.Бундмаа

-57 кг

ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумьяа

-63 кг

ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа

Олон улсын хэмжээний мастер Ц.Цэрэннадмид

-70 кг

Олон улсын хэмжээний мастер Ц.Наранжаргал

-78 кг

Олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгд

+78 кг

Олон улсын хэмжээний мастер О.Жавзмаа нар Парисын дэвжээнд хүч үзнэ.

Categories
мэдээ улс-төр

Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Тус хөгжлийн үзэл баримтлалд 2030 он хүртэлх хөгжлийн төлөвийг тодорхойлж, тодорхой зорилт дэвшүүлсэн байна. Тухайлбал, 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой ардчилсан засаглалтай улс орон болно.

Ингэхдээ нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрнэ. Эдийн засгийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна. Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно. Нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна.

Монгол хүний дундаж наслалтыг 78-д хүргэнэ гэж заажээ.

Тогтоолын төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл нэгдсэн эрүүлжүүлэх байртай болно

Улаанбаатар хот нэгдсэн эрүүлжүүлэхтэй болно. Ирэх сарын эхээр энэ эрүүлжүүлэх байр үйл ажиллагаагаа эхлэх аж. Бэлтгэл ажил 80 хувьтай байгаа юм байна. Албадан саатуулах өрөөнүүдийг дуу, дүрсний өндөр нягтаршилтай, камерийн системээр тоноглож байна.

Ийм байртай болсноор эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай иргэдийг эмнэлэгт эрүүлжүүлж, харин хэв журмын зөрчил гаргасан, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн бол эрүүлжүүлэх байранд авах юм. Албадан баривчилж саатуулах төвийн ашиглаагүй байгаа баривчлах хэсгийг засварлан нэгдсэн эрүүлжүүлэх байр болгож байгаа юм.

Улаанбаатарт жирийн үед өдөрт 180-220 хүн эрүүлжүүлэгддэг. Харин баяр ёслолын үеэр энэ тоо 350 хүртэл өсдөг байна.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн зах зээлд тогооч хамгийн эрэлттэй байна

Манай улсын хөдөлмөрийн зах зээлд тогооч хамгийн эрэлттэй байгаа аж. Энэ нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад бүтээн байгуулалтын ажил өрнөж буйтай холбоотойг мэргэжилтнүүд онцлов. Тогоочоос гадна гагнуурчин, барилгын засал чимэглэлчин, өрлөгчин, сантехникч, зам гүүрийн туслах ажилтан гэсэн ажлын байрны захиалга улсын хэмжээнд хөдөлмөр зуучлалын байгууллагуудад хамгийн их ирж байгаа гэнэ. Харин хуульч эрхзүйч, нягтлан бодогч, эдийн засагч гэх мэт мэргэжилтэй хүмүүс ажил хайж хөдөлмөр зуучлалын байгууллагуудад олноор хандаж байгаа ч ажлын байрны захиалга төдийлөн ирдэггүй юм байна. Энэ нь эдгээр мэргэжил хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй байгаатай холбоотой аж.

АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА БУУРЧЭЭ

2015 оны жилийн эцсийн байдлаар 78 мянга орчим ажлын байрны захиалга улсын хэмжээнд хөдөлмөр зуучлалын байгууллагуудад иржээ. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 32 хувиар багассан үзүүлэлт юм. Товчоор хэлбэл 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэс, хувийн хөдөлмөрийн биржүүдэд ирүүлсэн ажлын байрны захиалгын тоо 36 мянга гаруйгаар буурсан байна. Ажлын байрны захиалгын ихэнх нь барилга, үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбараас ирсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс мэдээлснээр 2015 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 47618 ажил хайгч иргэн идэвхтэй байна. Үүний 32788 нь бүртгэлтэй ажилгүй иргэд ажээ. Өөрөөр хэлбэл 32788 хөдөлмөрийн насны иргэн ажил хийхэд бэлэн байгаагаа хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн гэсэн үг. Харин ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох зорилгоор бүртгүүлсэн 14830 иргэн байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 65 хувь нь сургууль төгсөөд ажилгүй байгаа, шилжин суурьшсан болон орон тооны цомхотголд орсны улмаас хөдөлмөр зуучлалын байгууллагад ханджээ.

БҮРТГҮҮЛЭГСДИЙН 81 ХУВЬ НЬ БАЙНГЫН АЖИЛТАЙ БОЛСОН БАЙНА

Улсын хэмжээнд 2015 оны эцэс гэхэд ажилд зуучлуулж орсон 49739 хүний 81 хувь нь байнгын ажлын байртай болжээ. Найман хувь нь улирлын, 11 хувь нь түр болон цагийн ажилд зуучлуулсан байна. Иргэдийг олноор цагийн ажилд зуучилдаг “Их хэнгэрэг” ХХК-ийн хөдөлмөр зуучлалын төвөөр ороход ажлын байрны захиалга одоогоор алга байна гэлээ. Тус төв 100 айлын барилгын зах, төвүүдэд шаардлагатай цагийн ажилд зуучилдаг байна. Барилгын салбарын үйл ажиллагаа 11 дүгээр сарын сүүлчээс хоёрдугаар сарын сүүлч хүртэл зогсдогтой холбоотойгоор хөдөлмөр зуучлалын ажил амсхийдэг аж. Барилгын ажил өрнөх үед тус төв өдөрт 15-20 хүнийг ажлаар хангадаг байна. Тэднийд барилгын туслах ажилтны захиалга ихэнхдээ ирдэг гэнэ. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор ажил олгогчид өдрийн ажилтнууддаа өгдөг мөнгөө багасгаж, барилгын туслах ажилтны өдрийн цалин 2015 онд 30 мянган төгрөг болжээ. Үүнээс өмнө 35000-40000төгрөгийн ханштай байжээ.

Цагийн болон өдрийн ажилд зуучилдаг төвүүдээр ихэнхдээ оюутнууд үйлчлүүлдэг байна. Оюутнууд ялангуяа амралтын өдрүүдэд ажиллахыг илүүд үздэг аж. Мөн ажиллаж байсан газар нь түр зогсолт хийсэн юм уу, цалингаа тавихгүй байгаа зэрэг шалтгаанаар цөөнгүй хүн түр ажлын байрыг сонирхдог гэнэ.

БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ИХЭНХ НЬ ЗАЛУУС

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн ихэнхийг залуус эзэлдэг аж. Тухайлбал 2015 оны эцсийн байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 65 хувь нь 15-34 насныхан байна. Тэдний 76 хувь нь бакалаврын болон дипломын юм уу бүрэн дунд боловсролтой юм байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн мэдээлснээр энэ насныхан нийгмийн оролцоо сайтай, идэвхтэй байдгаас хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудад олноор ханддаг ажээ. Гэвч тэдний ажилд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа нь юуны өмнө ажил хайгчаас шалтгаалдаг гэнэ. Тодруулбал, тухайн ажлын байранд залуусын мэргэжил тохирдоггүй, ачаалал даах чадвар муутай, эсвэл цалин хөлсөө голдгоос залуус ажилгүй байх нь элбэг гэв. Нөгөөтэйгүүр ажил олгогчид сургуулиа дөнгөж төгссөн залууст ажлын туршлагатай байх шаардлага тавьж ажилд авдаггүй тал бий гэлээ.

О.Нямсүрэн

Categories
мэдээ улс-төр

Монгол дуучид дэлхийд өрсөлдөх боломжтой боллоо

Монголын орчин цагийн шилдэг поп дууг гадаад хэлээр, түүн дотроо англи хэлээр дуулан монгол угсаатан дунд төдийгүй олон улсад монгол дуу аялгууг түгээн дэлгэрүүлэх, монголын соёлын нөлөөллийг өргөжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн санаачлагаар “Монгол дуу – дэлхийд” анхдугаар дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдаж байна. Уг уралдааны хамтран зохион байгуулагчаар МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионы “Doly production”-ны баг ажиллаж байгаа юм.

-ЭНЭ САРЫН 29-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН 10 СУВГААР НЭГЭН ЗЭРЭГ ЦАЦАГДАНА-

Энэ талаар өнөөдөр БСШУЯ-аас хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэ үеэр БСШУ-ны сайд “Бид эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа. Монголын эдийн засаг ойрхон ойрхон хямраад байгаа нь манай улс зөвхөн уул уурхайгаас хамаатай эдийн засагтай байгаагаас шалтгаалаад байна. Монголчуудын доллар олдог ганц суваг нь уул уурхай болчоод байна. Хямралд өртдөггүй орон болоход эдийн засгийн олон зам шаардлагатай. Үүний нэг нь соёлын үйлдвэрлэл юм. Энэхүү бэлэн дэд бүтцээ зөвхөн дотоодын зах зээл дээр байлгаад байх биш дэлхийн зах зээл гаргах, монголоо сурталчлах боломжийг энэ уралдаан нээж өгч байна” гэлээ.

Уралдааныг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн 25-р суваг, UBS music, Star TV, VTV, Royal ТВ, 11 channel, “World”, SCH, Парламент зэрэг 10 телевизийн сувгаар нэгэн зэрэг цацагдах юм. 2015 оны 9 дүгээр сараас эхлэн уралдааны урьдчилсан шатны болзлыг тараасан бөгөөд зохион байгуулах комиссын хаягаар давхардсан тоогоор 100-аад оролцогч дууны орчуулгын гүйцэтгэл болон дуулсан дуугаа ирүүлснээс 10 хүнийг шалгаруулж дараагийн шатанд тэнцүүлжээ.

Уралдааны финал буюу шувтаргад шалгарсан 10 оролцогч нь 4 шаталбараар өрсөлдөнө. Уралдааны үндсэн шүүгчээр гавьяат жүжигчин Б.Дашдондог, ая зохиогч СТА Б.Ангирмаа, дуучин К.Номинжин нар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Японд цэцэрлэгчний сургалтад хамрагджээ

“Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба”, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Улаанбаатар дээд сургууль, Японы Жайка олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар хотыг ногооруулах төсөл”-ийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Төслийн хаалтын ажиллагаа өнөөдөр болж тайлангийн хурлаа тавилаа. Энэхүү хуралд Япон Улсын Элчин сайд Т.Шимизү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б. Бадрал, холбогдох албаныхан, ногоон байгууламжийн сургалтанд хамрагдсан цэцэрлэгч нар оролцсон.

Төслийг Япон улсын Жайка байгууллагаас 2013-2015 онд хэрэгжүүлсэн. Төсөл хэрэгжсэн 3 жилийн хугацаанд нийтдээ 277 хүнийг цэцэрлэгчний сургалтанд сургаж мэргэжил олгосон юм. Мөн 12 хүнийг Японы Хоккайдо мужид 45 хоногийн сургалтанд хамруулан цэцэрлэгчин бэлтгэх багш сургагчаар сургаж төгсгөсөн.

Төслийн хүрээнд 5 нэр төрлийн тарьц, суулгацыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьж Монгол орны нөхцөлд ургуулж болох эсэх туршилтыг явуулжээ.
Төслийн нээлтийн ажиллагааны үеэр Хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Японы ард түмний буцалтгүй тусламжаар монголын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх цэцэрлэгчдийг бэлтгэж өгсөнд талархаж байна. Мөнгөн тусламжаас илүү оюуны мэдлэгийг олгох нь хамгийн том хөрөнгө оруулалт болдог. Цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллана” гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн.

Японы Элчин сайд Т.Шимизү “Монгол Японы хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байна. Жайка байгууллага Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран ажилласанд баяртай байна. Цаашид ч бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжих болно” гэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.