Categories
мэдээ цаг-үе

Сонгуулийн сурталчилгааг сониноор хийх нь итгэл үнэмшил төрүүлдэг

Ирэх зургадугаар сард УИХ болон орон нутгийн сонгууль болно. Улс төрийн намууд болон сонгуульд нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрөө сонгогч олондоо танилцуулна. Мөн нэр дэвшигчид өөрийнхөө хаана хэзээ төрсөн, ямар мэдлэг боловсролтой, ямар ажил эрхэлж байсан, цаашдаа сонгогчдын төлөө болон улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулж чадах зэргээ тайлбарлан таниулах учиртай. Туршлагатай, тулхтай улстөрчид сонгуулийн гол гол мөрийн хөтөлбөр, өөрийнхөө яриа хөөрөө, хийсэн бүтээснээ сонгогчдодоо тайлагнахдаа голдуу сонинг ашигладаг. Мэдээж, сонгуулийн явцад мэдээллийн бусад хэлбэрийг нэр дэвшигчид ашиглах боловч сонинд ач холбогдол өгдгийн учир нь давуу тал ихтэйг нь мэддэг, үр дүнг нь мэдэрсэн болохоор тэр.

Цаасан сонины хамгийн чухал тал бол цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүйгээр хаана ч уншиж болдог. Сонин уншихын тулд ямар нэгэн нэмэлт төхөөрөмж хэрэггүй, сайндаа харааны шилээ зүүгээд л шууд уншина. Интернэттэй байх шаардлагагүй. Тогтсон цагт уншихгүй бол алга болно гэсэн ойлголт сонинд үйлчлэхгүй. Нэг үгээр хэлэхэд сониноо авсан байхад хаана ч, хэзээ ч, хэдэн ч удаа уншиж танилцах боломжтой бөгөөд энэ хэрээрээ тухайн нам болон нэр дэвшигчийнхээ талаар цогц мэдээлэлтэй болдог.

Цаасан сонины өөр нэг ач холбогдол нь хариуцлагатай байдал. Сонин дээр хэвлэсэн бүхэн үнэн байдаг. Цахим мэдээллийн хэрэгсэл дээрх мэдээллийг устгаж болдог бол сонин дээр хэвлэсэн бүхэн хичнээн жилийн дараа ч тэр хэвээрээ хадгалагдаж үлддэг. Тийм болохоор өдөр тутмын сонинд гарсан бүхэн үнэн баримттай, хариуцлагатай, итгэл үнэмшил төрүүлж байдаг юм. Сонгогч олон түмэн ч сонин дээрх яриа, мөрийн хөтөлбөрийг нь дахин дахин уншиж түүндээ анализ дүгнэлт хийж байж хэнийг сонгохоо шийддэг. Түүнээс биш нэг удаагийн урсаад өнгөрдөг нэвтрүүлэг, цахим мэдээлэл зэргээс тулхтай ойлголт авч, өөрийн анализ дүгнэлтээ хийх боломж хомс юм.

Телевиз, янз бүрийн видео тоглуулагч ид гарч байх үед зарим судлаач театр үзэгчгүй болно гэж ярьдаг байлаа. Театрт юм үзэх гэж мөнгө төлж, цаг заваа барж байхаар тэнд гардаг жүжгийг гэртээ сууж байгаад телевизээрээ үзэж болно гэж тэд дүгнэсэн нь том алдаа байлаа. Жүжигчдийн харилцан яриа, сэтгэл хөдлөл, баяр хөөр, уйтгар, тэсгэл алдан уйлах нь хүртэл нүдэн дээр нь үргэлжилдэг болохоор үзэгчдийн тоо хэзээ ч буурч байсангүй. Театрын бодит орчин, жүжигчдийн амьд халуун тоглолтыг үзэгчид юугаар ч солилгүй өдийг хүрсэн юм. Түүн шиг телевизийн сувгууд хэдэн арваараа нээгдэж, зуу зуугаар тоологдох цахим сайтууд дээр фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээгээр мэдээлэл асар хурдтай тарж эхлэхэд цаасан сонины эрин үе дууслаа гэх хүмүүс байлаа. Гэтэл төдийгөөс өдий хүртэл цаасан сонины эрэлт хэрэгцээ хумигдсангүй. Харин ч дугаар гарахгүй нэг хоног өнжихөд сонин нэхсэн хэдэн зуун мянган гомдол тасралтгүй ирдэг билээ. Ер нь хүмүүс “сонин дээр гарахаар нь үнэн гэж бодлоо” гэж ярьцгаадаг. Үүнээс сонинг хариуцлагатай, буурьтай, үнэн бодитой гэж боддог нийтлэг ойлголт одоо ч хэвээрээ, тийм ойлголттой уншигчдын тоо цөөрөөгүй нэмэгдсээр байгааг харж болно.

Бизнесийн том компаниуд, түүний топ менежэрүүд реклам сурталчилгаандаа сонинг тогтмол ашигладаг. Цаасан сонин зөвхөн нэг хүн дээр тогтохгүй гараас гарт, гэрээс гэрт өртөөлөн хүрдэг учраас уншигчдын хүрээ асар өргөн. Хамгийн хариуцлагатай албан тушаалтны ширээн дээр ч, хонь хариулаад явж байгаа малчны өвөрт ч сонин байж л байдаг. Хүүхэд хөгшидгүй энд тэндээс нь гарчиглаж суудаг. Сонин дээр өнөөдөр хэвлүүлсэн рекламыг нэг сарын дараа ч хүмүүс уншиж л байдаг. Ийм боломж, уншигчдын өргөн цар хүрээг топ менежэрүүд мэддэг болохоор өдөр тутмын сонинг онцолж сонгодог юм.

Ийм болохоор ч улстөрчид сонгуулийн сурталчилгаагаа сониноор хийхийг чухалд тооцдог бөгөөд сонгогчид ч сонинд гарсан улстөрчийн яриа, мөрийн хөтөлбөрийг хүндэтгэн авч, ул суурьтай уншиж судалдаг.

О.ТУЯА

Categories
мэдээ цаг-үе

Сар шинийн барилдаанд хэн түрүүлэх вэ?

-П.БҮРЭНТӨГС ҮҮ, Ч.САНЖААДАМБА УУ, ЭСВЭЛ Б.ПҮРЭВСАЙХАН УУ ГЭСЭН ГУРВАЛСАН ЗУРАГ ХАРАГДААД БАЙГАА-

Бичин жилийн сар шинийн барилдаан ид яригдаж, бөхөд хайртай олон өөр өөрийн таамгийг дэвшүүлж эхэллээ. Хэн түрүүлэх бол гэдэг асуулт хамгийн анхаарал татах нь мэдээж. Бөх сонирхогчдын дунд П.Бүрэнтөгс арслан, Ч.Санжаадамба заан, харцага Б.Пүрэвсайхан нарыг тун дээгүүр барилдана, түрүү үзүүрт шалгарна гэсэн таамаг хөвөрч байна. Нэг хэсэг нь Бүрэнтөгс арсланг хамгийн магадлалтай гэж үзэж буй. Ингэж таамаглах нь ч аргагүй юм. Увс аймгийн Давст сумын харьяат залуу арслан Бүрэнтөгс төрийн наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлээд байгаа. Бөхөөр бол жинхэнэ ирэн дээрээ байгаа хүчтэн. Өнгөрөгч жилийн наадмаар Хэнтийн Э.Оюунболдтой түрүү үзүүрт шалгарч үзүүрлэсэн тэрээр наадмаас хойших намар, өвлийн барилдаануудад тасралтгүй зодоглож ихэнхэд нь түрүү хүртсэн.

Тухайлбал, Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулсан шилмэл бөхчүүдийн барилдаанд манлайлсан. Мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаанд улсын харцага Ө.Бат-Оршихтой үлдэж түрүүлсэн юм. Үндэсний бөхийн холбооноос гаргасан бөхчүүдийн чансааг одоогийн байдлаар Бүрэнтөгс арслан тэргүүлж байгаа. Тэгэхээр залуу арслангийн хувьд бичин жилийн сар шинийн барилдаанд түрүү үзүүрт үлдэнэ гэж зүтгэнэ. “Бүрэнтөгс хоёрын даваанд л бүдэрчихгүй бол дээшээ явна” гэж хэлэх хүн бий. Түүнд хоёрын давааны оноолт амаргүй байдаг бололтой. Өнгөрөгч оны намар, өвлийн барилдаануудад өнгөлөхдөө нэг удаа хоёрын даваанд залуу бөхөд годройтсон нь өөрийг нь дэмждэг олонд тийм сэтгэгдэл төрүүлжээ. Түүнийг сар шинийн барилдаанд түрүү үзүүрт гарч ирэхэд “шавар хааж” лай болох хоёр нөхөр бий. Гончигдамба, Санжаадамба хоёр л доо.

Хоёр Дамбын хувьд Бүрэнтөгсийг нэг нэг онхолдуулчихсан удаатай. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 91 жилийн ойн барилдаанд хоёр Дамбатай дараалж үзсэн хүн юм. Их шөвөгт Гончигдамбыг амлан барилдаад буулгаж авсан бол үзүүр түрүүнд Санжаадамбад тахимаа өгсөн. Тэрхүү барилдаанаас хэдхэн хоногийн дараа болсон Баянгол дүүргийн 50 жилийн ойн “Жанрайсиг бурханы авшиг” барилдааны их шөвөгт залуу арслан Гончигдамбыг дахин амлаж барилдаад унасан. Н.Батсуурь арслан, Ө.Бат-Орших харцага тэр гурваас Гончигдамбыг амласнаараа буруудсан байдаг. Хоёр томоохон барилдаанд хоёр Дамбад элэг бүсээ тайлсан тэрээр хэдхэн хоногийн дараа болох сар шинийн барилдааны их шөвөгт өнөө хоёр Дамбатайгаа тунаад үлдэхийг үгүйсгэх аргагүй. Ер нь өнөө жилийн сар шинийн баярын их шөвөгт П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, Б.Пүрэвсайхан, Б.Гончигдамба, Н.Батсуурь энэ хэдээс л тунах болов уу. Түрүү жилийн сар шинийн баярын их шөвгийн дөрөвт Н.Батсуурь арслан, Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр нарын заанууд, Р.Пүрэвдагва начин үлдэж Санжаа түрүүлж, Өсөхөө үзүүрлэж байсан.

Өнгөрөгч хонин жилийн өмнөх заал танхимын барилдаанд маш өндөр амжилт үзүүлэн тогтмол зодоглосон бөх бол улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва юм. Тэр ч амжилтаараа тавын даваанд Э.Оюунболд арсланг харцага цолтойд нь тунаж, зургаагийн даваанд Булганы Э.Энхбат начинг тунаж даваад долоод Санжаад тунаад унаж байсан. Пүрэвдагва уу, Мөнхбат аварга уу гэсэн яриа хонин жилийн сар шинийн өмнө бөхийн хүрээнд гарч байсан. Тэгвэл энэ жил өөр зураг харагдаж байна. Бүрэнтөгс үү, Санжаадамба уу, эсвэл Пүрэвсайхан уу гэсэн гурвалсан зураг харагдаад байгаа. Мэдээж цаана нь Намсрайжавын Батсуурь арслан бий. За тэгээд Гончигдамба гарьд байна. Өөр онцолчихмоор хүн юу билээ. Уул нь шинэ арслан Энхтөгсийн Оюунболд, уран мэхтэй, хийцтэй зоримог барилддаг Цэдэвийн Содномдорж харцага, аймгийн арслан Оргихын Хангай, өндөр Ганбаа буюу Нямдоржийн Ганбаатар гарьд гээд хүчтэй бөхчүүд байна л даа. Гэхдээ бөх сонирхогч олны таамаг дээрх гурвалсан нөхөд дээр буугаад байх шиг. Залуу арслан Оюунболдыг өнгөрөгч жилийн наадам шиг туйлчихыг хэн ч үгүй гэхгүй. Содномдорж харцага ч дээшээ гараад ирж болно.

Санжаадамбын хувьд улсын цолгүй бөх байхаасаа л цагаан сарын барилдаанд бужигнуулсан. Цэргийн арслан цолтойдоо До.Ганхуяг арслан, Г.Өсөхбаяр аварга нарыг дараалуулж орхиод түрүүлж байсан. Өнгөрсөн жилийн цагаан сараар нэг их сандарч тэвдэлгүй түрүүлж байв. Харин өнөө жил яах юм бол. Шөвгийн дөрөвт Увсын Н.Батсуурь арслантай тунах магадлал өндөр. Батсуурийг түрүүлдэг жилийн төрийн наадмын наймын даваанд тунаж барилдаад бараагүй. Хэдхэн хоногийн өмнө болсон шинэ Үндсэн хуулийн ойн барилдаанд түрүү үзүүрт үлдээд мөн л хавируулаад уначихсан. Тэгэхээр Санжаад хатуу учраануудын нэг бол Батсуурь байж таарна. Цаана нь Ховдын Пүрэвсайхан гэж гайхал бий. Бас л Санжаадамбын гол өрсөлдөгч. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Пүрэвсайхан хоёронтаа түрүүлээд байгаа. Оны зааг дээр болсон сүүлийн барилдааны түрүү үзүүрт Санжаадамба заан, Пүрэвсайхан харцага хоёр шалгарч Пүрэвсайхан давчихсан. Зааныг хүчтэй туйлахыг нь анаж байгаад уран гоё бултчихна лээ. Тэгээд л өнөөх нь хэвтээд өгч байгаа юм. Энэ жил их шөвөгт Пүрэвсайхантай тунах хувилбар бас бий.

Түрүү жил Санжаадамба зөнгөөрөө, аясаараа түрүүлчихсэн учир эргээд санахад барилдаан сонирхолгүй ч юм шиг. Гол учир нь улсын цолгүй залуучууд дороос шуугиулж гарч ирэхэд үзүүштэй, дараа нь ярих юмтай болдог. Тэр жил яалаа, Сүхбаатарын Магалжав гэж нөхөр зургаан залуу зааныг ид байхад нь дундуур нь шуугиулаад гараад ирсэн. 2000 оны цагаан сар шүү дээ. Магалжав шөвгийн дөрөвт Сүхбат аваргыг өвдөг шороодуулж, бөхийн өргөөнд цугласан олон жигтэйхэн баярлацгааж, ёстой нэг шавай нь ханах шиг болсон юм. Завханы Ш.Жаргалсайхан гарьд аймгийн цолтой байхдаа тэр жил Сумъяабазар аваргыг ид үед нь халз хутган арагш суулгаж, аатай барилдаж билээ. Түүний дараахан Шарын Мөнгөнбаатар гэж мөн л наран ургах зүг Сүхбаатар нутгийн залуу дархан ташаагаараа учраа бөхчүүдээ тонгорсоор байгаад түрүүлчихсэн. Ард түмэн бөөн хөөр баяр. Мөнгөнбаатарын тухай яриа газар бүрт, айл бүрт өрнөж, “Сар шинэдээ сайхан шинэлж байна уу, сайхан шинэллээ. Бөх ч ярих юмгүй сайхан боллоо. Шинэ хүн түрүүллээ. Мөн аатай хүү юм аа” гээд л тун чиг тааламжтай. Дараа нь Ховдын Оргихын Хангай гэж оргилж өгдөг залуу С.Мөнхбат аваргаас аваад бүгдийг нь хумхиж шидээд бөхөд дуртай монголчуудынхаа цөсийг нь хөөргөчихсөн. “Аргагүй нэг иртэй барилддаг залуу юм, энэ жилийн наадмаар ч тэсгээхгүй байх аа” гэх Хангайгийн өмнөөс баярласан олон нуруу тэнэгэр, сэтгэл хангалуун шинэлж байлаа.

Харин өнөө жил Магалжав шиг, Мөнгөнбаатар шиг, Хангай шиг дуулиан тарьчих зоримогхон аавын хөвгүүн хэн байгаа бол. Битүү морь гэдэг шиг нэг нөхөр манайхны хэлдгээр цоороод, цойлоод гараад ирэх ёстой юмсан. Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Довчингийн Нэгдэлийн хүү аймгийн хурц арслан Жаргалбаяр гэж бие хаа тэгш, сайхан залуу байна. Тэрээр хэдхэн хоногийн өмнө болсон “Талх чихэр”-ийн 256 бөхийн барилдаанд найм давж түрүүлсэн. Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн уламжлалт энэхүү барилдаанд хурц арслан Ш.Мөнгөнбаатартай үлдэж түрүүлжээ. Эндээс харахад, Жаргалбаяр шуугиулах магадлалтай. Мөн Оргихын Хангай дахиад л шуугиан тариад гараад ирж болно. Завханы Шархүүгийн Пүрэвгарьд гэж туранхай жижгэвтэр залуу байна. Бас л элдэвтэй барилддаг. Ямар ч байсан өөрийг нь хардаг фэнтэй юм билээ. Улсын цолгүй залуусаас гадна Төрөөгийн Баасанхүү гэж эвгүй нөхөр бий. Чац өндөртэй бөхчүүдийн салтаанд хоёр эргэчихээд яваад өгнө. Тэрээр дөрвийн давааны оноолтод Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, М.Өсөхбаяр гээд залуу заануудтай таарах магадлалтай. Хэнтэй ч таарсан эвгүйтүүлдэг, ялангуяа том цолтой бөхтэй таарвал улам задгай барилддаг бөх.

Түрүү жил Өсөхөө аварга зодоглосон нь ард олонд тун өндөр сэтгэгдэл төрүүлсэн. “Дархан аваргатай баяр ийм гоё” гээд бахдаад байсан. Монгол бөх бол монгол үндэстний өв соёлын дархлаа гэдэг. Ард түмнээ хүндэтгэж, өв соёл, ёс уламжлалаа дээдэлж дархан аварга зодоглосон нь олон түмнийг баярлуулж, цэнгүүлэхээс өөр яах билээ. Өсөхөө аварга аймгийн арслан Ц.Чимэддорж, улсын начин Б.Амарзаяа нарын залуучуудаар дөрөв, тав давж дунд шөвөгт шалгараад нутгийн дүү Санжаадамбадаа тахимаа өгч байв. Өнөө жил мөн л зодоглох болов уу. Зодоглохгүй байлаа гээд ард түмэн гомдохгүй. Учир нь энэ цагийн идэрхэн хүчтэнүүд болох С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын аваргууд төрт ёсны баяраа хүндэтгэж зодоглохгүй байгаа нь харин олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа. Эрхбиш цагаан сарын баярт зодоглох байх. Мөнхбат аварга наадмаас хойш бараагаа харуулаагүй байж байгаад сая Үндсэн хуулийн баяраар зодоглосон. Эрхэмээ тэр хоёр аваргын буйр зааж барилдах байлгүй дээ.

Бичин жилийн барилдаан өөрийн гэсэн өнгө жавхаатай сайхан болох нь мэдээж. Саяхандаа, ерээд оны эхээр “цахилгаан” Мөнхөө гэж аймгийн арслан бөөн сүр дуулиан болж нүцгэлэн, олны алга ташилтад даруулдаг байлаа. “Хөгшин болсон би барилдах дуртайдаа зодоглодог юм биш. Алтайн хязгаарт суугаа ижийдээ амьд байгаа гэдгээ арааживаар дуулгах гэж зодоглодог юм” хэмээн Мөнхөө гуай хэлсэн гэдэг. Тулгаа заан Увсын хязгаараас тээврийн тэрэгтэйгээ спортын төв ордны үүдэнд битүүний өдөр тоос татуулан ирдэг сэн. Тийм л яриа хөөрөө, өнгө баясалтай сар шинийн барилдаан болдог жамтай.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ цаг-үе

Дашдооровын Маралгоо: Аавын минь найзууд “Адууны туурайн тамгатай авьяаслаг монгол зохиолч” гэж хүндэлдэг байсан

Зохиолчид хадлан дээр

Ардын уран зохиолч, төрийн шагналт С.Дашдооров агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Дооровыг дурсахуй” дурсамж өдөрлөг өчигдөр СУИС-ийн “Оюутан” театрт боллоо. Зохиолч Сормууниршийн Дашдооров Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шороотын хөх овооны бууц хэмээх газар 1936 оны хулгана жил төрсөн нэгэн. Дэлгэрхангайдаа бага, Мандалговь хотод дунд сургууль дүүргэж, Улаанбаатар хотноо багшийн сургуульд суралцаж, багшийн мэргэжил эзэмшээд, хоёр жил сургуулийн багшаар ажиллажээ. Удалгүй утга зохиолын ажилд шилжин, Монголын зохиолчдын хороонд утга зохиолын ажилтан болж, Москва хотод Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцсан байдаг. Тэрээр “Монгол кино” үйлдвэрт ерөнхий редактор, Батлан хамгаалах яаманд цэргийн эрдэм шинжилгээний ажилтан, “Цог” сэтгүүлийн утга зохиолын нарийн бичгийн даргын ажлыг хийж байжээ. С.Дашдооров агсан 1975 онд төрийн шагнал “Говийн өндөр” туужаар авсан бөгөөд 1998 онд ардын уран зохиолч цол хүртсэн байдаг. Уран бүтээлийн их анд Дооровоо дурсахаар ардын уран зохиолч Т.Галсан, Б.Догмид, ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, Х.Зандраабайды, До.Цэнджав, багш Сосор нараас гадна МЗЭ-ийн удирдлагууд, Дэлгэрхангай сумын төлөөлөл, үзэг нэгт нөхөд нь хүрэлцэн иржээ. С.Дашдооровын уран бүтээл судлалаар уралдаан зарлаж гуч гаруй бичвэр шүүмж ирснээс залуу судлаач Х.Чойдогжамц тэргүүн байрт шалгарч, яруу найрагч Ж.Баяржаргал, эрдэмтэн зохиолч П.Батхуяг, судлаач Т.Доржсүрэн нар удааллаа. Дурсамж өдөрлөгийн үеэр их туурвилчийн охин Дашдооровын Маралгоотой уулзаж хөөрөлдлөө.

-Дашдооров гуай бол монгол түмний хайртай зохиолч. Аавынхаа тэгш ойг яажшуухан тэмдэглэж байна даа?

-Зөвхөн наян насных нь ойг тохиолдуулан аавыгаа дурсаж байгаа юм биш. Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр гуай бидэнд “Аавынхаа дурсгалыг ингэж мөнхжүүлээрэй” гэсний дагуу шат дараатай ажлыг бид хийж эхэлсэн. Одоогоос дөрвөн жилийн өмнө “Бууж мордох хорвоо” шилдэг өгүүллэгийн, “Говийн өндөр” туужийн, “Хойтон жилийн наадам” шүлэг найраглалын гурван ботийг нь хэвлүүлсэн. Өнгөрөгч онд төрсөн нутаг Дэлгэрхангай сумын сургууль дээр наян насных нь ойн нээлтийг дуу хууртай, өргөн дэлгэр хийсэн. Миний аав бага сургуульд байхдаа шүлэг бичиж эхэлсэн бөгөөд 16 наснаасаа шүлгээ хэвлүүлж эхэлсэн байдаг. Шүлэг, яруу найргийн зэрэгцээ үргэлжилсэн үгийн зохиол бичсэн. Анхны өгүүллэг нь 1956 онд хэвлэгдсэн “Сэргэлэн багачууд” гэдэг өгүүллэг байлаа. Үүний дараа “Шинэ сурах бичиг”, “Алтан хараацай”, “Өнчин цагаан ботго”, “Бяцхан Боролзой” зэрэг хүүхдийн зохиолууд хэвлүүлсэн юм билээ. Тиймээс 2015 оны есдүгээр сарын 17-нд зохиолчийн гэр бүлээс санаачлан “С.Дашдооров сан”-г байгуулж төрийн шагналт, ардын уран зохиолч С.Дашдооровын нэрэмжит ерөнхий боловсролын дунд сургуульд ном хандивласан.

-Аавынхаа төрөлх сургуульд ямар номууд хандивлав?

-АНУ-ын Монгол судлалын төвийн дэмжлэгтэйгээр гадаад хэлний зуу гаруй номыг сургуулийн номын санд хандивлалаа. Сургуулийн хүүхдүүд анги хамт олноороо зохиолчийн намтар түүх, уран бүтээлээр ханын самбар гаргаж, өөрсдөө шүлэг зохион уншиж мөн зохиолчийн шүлгээс уран уншлага хийж уралдсан. Нийт 42 хүүхэд оролцсон уралдаанд дөрөвдүгээр ангийн сурагч Ө.Даваасүрэн уран уншлагаар тэргүүлсэн. Зохиосон шүлгээрээ долдугаар ангийн сурагч Э.Хүслэнжаргал, С.Тэгшзаяа, дөрөвдүгээр ангийн сурагч Т.Тэргэл нар шалгарсан. Эрдэм номын их үйлсэд зориулсан ном хандивлах арга хэмжээг зохион байгуулахад аавын нутгийн унаган хүү, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин дуучин Г.Хайдав, төрийн шагналт зохиолч Д.Батбаяр нар оролцож, нутгийн зон олонтой уулзаж, ухаант мэргэн үгсээ хэлж, ирээдүй хойч үеийн төлөөлөл болсон сурагчидтай уулзлаа. Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр сургуулийн номын санд өөрийн уран бүтээлүүд болон “Монголын шилдэг өгүүллэг туужийн дээжис” боть номуудыг бэлэглэсэнд маш их баярласан. Манай сангаас ч аавын уран бүтээлийн дээжээс өргөн барьсан.

-Үрийн хувьд аавынхаа нутаг усныханд буянтай сайхан үйл хийжээ?

-“Шинэ Монгол” сургуулийн гүйцэтгэх захирал П.Наранбаяр сурагчидтай уулзаж, багш нарт арга зүйн зөвлөгөө яриа хийж, хот хөдөөгийн алслагдсан сургуулийг холбох гүүр тавих эхний алхмыг эхлүүлсэнд бас баяртай байгаа. П.Наранбаяр сургуулийн хүүхдүүдийн гадаад хэлний мэдлэгт зориулж япон хэлний толь бичгүүд бэлэглэсэн л дээ. Биднийг Дэлгэрхангайд явж байх үеэр урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, найраг баянхуурч Тэрбиш гуай санаандгүй таарч, өөрийн ая дуугаар мэндчилгээ дэвшүүлж, хүүхэд залуучуудыг хөгжөөсөн нь “Сайн хүн санаагаараа” гэдгийн үлгэр болсон доо.

-Өөр хийж бүтээх зүйл зөндөө байгаа байлгүй?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сард “Дашдооров судлал” төвийг байгуулж анхны томоохон ажил нь өнөөдөр дүнг нь гаргасан судлал шүүмжийн уралдаан байлаа. Аавын үеийн ахмад зохиолчид орчлонгийн жамаар маш их цөөрч байгаа. Энэ сайхан хүмүүсээр яриулж, бичүүлж авсан бүхнээрээ ирэх гуравдугаар сард аавын тухай дурсамжийн номыг хэвлүүлэхээр бэлтгэж байна. Бас зурагтын нэвтрүүлгүүд ч бэлтгэж эхэлсэн.

-Аав чинь эцэг эхээс хэдүүлээ хүн байв?

-Миний аав эцэг эхээс хоёулаа. Бүсгүй дүүг нь Нанжид гэдэг хүн байсан. Дэлгэрхангайдаа насаараа амьдарсан. Ааваас хойш авга эгч маань бурхан болсон доо.

-Өөрийг тань Дооров зохиолчийн амины ганц охин гэлцэх юм билээ. Аавынхаа тухай, бага насныхаа дурсамжаас хуваалцаач?

-Аав маань орчлонд байхгүй сайхан эцэг хүн байсан. Биднийг “Гэрийн даалгавраа хийсэнгүй, гэр орон цэвэрлэсэнгүй” гэж үглэж яншаад байхгүй. Би нийслэлийн нэгдүгээр сургуульд сурдаг байсан л даа. Эцэг эхийн хурал болно, ээж дандаа явна. Аав хааяа нэг очихдоо миний ангийг андуураад өөр ангийн хуралд суучихаад ирнэ. Ирээд “Ингэхэд Марал хэддүгээр анги билээ” гэж асууна. Нүдэн дээр нь эрүүл саруул өсөж л байвал миний юу хийж байгааг огт сонирхдоггүй хүн байсан. Тэр бол охиндоо итгэсэн хамгийн гайхамшигтай сэтгэл байж. Жаахан байхад хаана л шинэ тоглолт, жүжиг, кино гарна тэнд намайг байнга дагуулж очно. Тэр нь надад их том боловсрол болсон. Хүүхдэд маш их хайртай. Ямар ч буруу зүйл хийсэн охиноо хэзээ ч загнахгүй.

-За, ямар буруу үйл хийгээд аавдаа загнуулахгүй өнгөрч байв?

-Аавыг ЗХУ-ын Новосибирск хотод уран бүтээлийн томилолтоор айлчлахад тэндхийн зохиолчдын хорооноос бэлэглэсэн нүүрнийх нь таг нээгдэхээр хөгжим дуугардаг, гоё гинжин зүүлттэй цаг байлаа. Аав тэр цагандаа жигтэйхэн их хайртай. Хааяа чухал үед гаргаж зүүн гангарах мөн ч дуртайсан. Тэр цагандаа намайг тэр бүрий хүргэхгүй. Нэг удаа нөгөөх цагийг нь авч “Илбэ үзүүлж байгаа нь энэ” гэж тоглож байгаад гахиуран шалан дээр унагаад эвдчихлээ. Аав маань хэзээ ч загнаж байгаагүй ч буруу зүйл хийсэндээ гэмшин байсан газарт нь сэмхээн буцаагаад хийчихээд бурханы өмнө мөргөө л, залбираа л суугаад байлаа. Тэгтэл аав орж ирээд “Юу хийж суугаа юм, миний охин” гэнгүүт годхийгээ л гүйгээд алга боллоо. Аав тэгэхэд намайг цагаа эвдсэнийг мэдчихсэн байсан юм билээ л дээ.

-Яаж мэдсэн гэж?

-Хэд хоносны хойно ээжид маань “Хөгшөөн, энэ цаг эвдэрчихсэн байна” гэж зүгээр л юм ярьж байгаа юм шиг хэлж байна шүү. Би “Одоо л загнана даа” гээд хүлээгээд байсан чинь загнах нь байтугай юу ч болсонгүй. Би бас зурагтын антеннаас татаад эвдчихдэг хүүхэд байсан. “Уран үгсийн чуулган” болоход аав өгүүллэгээ надад хамгийн түрүүнд байнга уншуулдаг байсан юм. Цаг эвдсэний дараахан болсон чуулганд оролцох өгүүллэгээ уншуулсангүй. Намайг дагуулж очлоо. Аавын өгүүллэг “Хүүхдийн ааш” гэсэн өгүүллэг байна. Тэр өгүүллэгт нэг цаг эвдсэн хүүхдийг аав нь аашлахдаа “Чи дандаа л зурагтын антен эвдэх юм” гэж байгаа тухай гарч байна. Тэр өгүүллэгийг сонсож суухдаа хацар, чих улайж, нүүр хийх газаргүй болчих шиг л санагдсан.

-Аавдаа их гомдов уу?

-“Миний хийсэн хэргийг бүгдийг нь бичээд байхдаа яахав дээ. Аавтай ёстой дуугарахгүй юм шүү” гээд нулимс яг гарчих гээд маш их хэцүү байсан. Аав намайг гэм үйлдээд бурханд мөргөж байгааг харчихаад загнаагүй юм билээ л дээ. Тэрнээс хойш биеэ их нямбай авч явж, юм эвдэхээ больсон л доо. Хоёр, гуравдугаар ангийн тэр гэнэхэн үе минь одоо ч надад санагдсаар байдаг юм.

-Аавыгаа хөөрхөн дөнгөчихдөг л охин байж дээ?

-Аавын найз зохиолчид орж ирэхээрээ “Марал байгаа юу” гэж хаалганы цаанаас сэмээрхэн асууж орж ирдэг байсан. Хэрвээ намайг гэрт байна гэвэл архиа гаргахгүй буу халаад сууцгаачихна. Лонх юм гаргаад ирвэл би гүйж очиж аваад зугтаасаар асгачихдаг охин байж. Жаахан хүүхэд байсан болохоор “Аав архи уувал муухай” гэсэн бодолтой байхгүй юу. Намайг хүүхэд байхад архи олдохгүй хэцүү үе байсан. Одоотой адил баар сав ч байсан биш. Ганц олдуут л аавтай минь хувааж сэржимдэх гэж ирдэг байсан. Тэр үед дөрөв, тавуул шимж хайрлаж уудаг байсан рашааныг нь асгадаг байсандаа одоо харамсах юм даа. Аав ч, аавын найзууд ч надаас их айна. “Маралаа, миний охин дэлгүүр ороод гоё чихэр авч ид” гээд мөнгө өгнө. Намайг дөнгөж гараад ирэхэд амжуулчихсан сууж байна.

-Зохиолчид юу гэх вэ?

-Тэр ховрын юмыг нь асгачихаар ямар олиг байх вэ. Загнах санаа байдаг л байсан байлгүй. Тэгэхдээ ааваас санаа нь зовоод яаж ч чадахгүй. Архийг нь аваад зугтаахаар муу аав минь “Миний охин ямар хөөрхөн зугтааж байна аа” гээд хошуугаа унжуулаад өхөөрдөхөөс цаашгүй. Зохиолчдын хороон дээр нэг удаа архийг нь асгачихсан чинь олон зохиолч ах халаглаж харамсаж муухай харахад аав л ганцаараа “Еэ, миний охин” гээд нүдэнд нь инээмсэглэл тодроод баясаж байсан. Тэгэхэд тэнд байсан бүх зохиолч асгарсан архинаас духандаа хүргэж сэржим өргөчихөөд явж байсан. Дунд сургуульд байхдаа аавынхаа зохиолуудаас их ичдэг байлаа.

-Яагаад?

-Хайр сэтгэлийн сэдэвтэй шүлэг найраглал, өгүүллэгийг нь уншаад “Аав одоо хөгшин хүн байж юун балай юм бичдэг юм” гэж л ичихгүй юу. Би чинь аавынхаа 48-тайд төрсөн юм шүү дээ. Тэрнээс миний аав их энгийн гайхамшигтай хүн байсан. Алдар нэртэй, авьяас билигтэй байлаа гээд одооны од гэж байгаа хүмүүс шиг өмссөн зүүсэн, өнгө мөнгөөр ялгарах гээд чармайгаад байдаггүй хүн байсан. Духан дээрээ багадаа дааганд өшиглүүлсэн туурайн том сорвитой. Тэрийг нь зохиолч найзууд “Адууны туурайн тамгатай авьяаслаг монгол зохиолч” гэж цаанаасаа л бахархсан янзтай хэлдэг байсан.

-Аавын чинь сэтгэлээ хуваалцдаг хамгийн дотно найз нь хэн байсан бол?

-Зохиолчид бүгдээрээ л аавд минь сайн байсан. Харин социализмын үзэл суртал хатуу тэр үед Чингис хааны тухай ч юм уу, нутгийнхныхаа хэлмэгдсэн хүмүүсийн талаарх нарийн ширийн бүхнээ чин сэтгэлээсээ ярьдаг, бухимдлаа илэрхийлдэг хүн гарын хуруунд багтам цөөхөн байсан. Тэрний нэг нь Сэнгийн Эрдэнэ гуай. Яруу найрагч Долгорын Нямаа гуайтай бас их дотно байлаа.

-Аав, ээж хоёр нь хоорондоо ямаршуухан харилцаатай байв?

-Манай ээж залуугаасаа уран бүтээлд их элэгтэй, зохиолд дуртай хүн байсан. “МОНЦАМЭ” агенлагийн англи хэлний нэвтрүүлгийн редакцийн анхны орчуулагч Итгэл гэж хүн байсныг үеийнхэн нь андахгүй. Залуу зандан насандаа уран бүтээлд татагдаж явахдаа орчуулагч Доржийн Гомбожав гуайтай сэтгэл зүрх нэгтгэж явсан байдаг. Гүржийн алдарт яруу найрагч Шота Руставелийн “Барсан хэвнэгт баатар” туулийг орчуулаад 800 жилийнх нь ойд яваагүйдээ гутарч яваад цэл залуугаараа нас барсан гэдэг тэр нэрт орчуулагч шүү дээ. Тэр хүн манай ээжийн найз залуу байсан юм билээ. Аав, Гомбожав гуай хоёр маш их найзууд байсан гэдэг. Аав, ээж хоёр минь тэр хүний тухай хоорондоо маш их хайрлан ярьдаг байсан. Кино үзэж байгаад “Энэ дээр жаахан деталь дутчихаж” гэх ч юм уу уран бүтээл их ярина. Ээж орчуулагч болохоор ааваас монгол үг их асууна. Мөнхийн л уран бүтээлээр холбогдсон улс байлаа. Ээж уран бүтээлд их хайртай хүн байсан болохоор залуудаа шүлэг бичээд Гомбожав гуайд үзүүлтэл “Чи ер нь өгүүллэг бичээч” гэсэн байгаа юм. Тэгээд нэг өгүүллэг бичиж. Хожим аавтай амьдарч байхдаа уншуултал “Чи шүлэг бичвэл яасан юм” гэсэн байгаа юм. Хайртай хүнээ “авьяасгүй” гэж шууд хэлчихэж чадахгүй тойруулж байсан тэр хоёрын сэтгэл агуу байгаа биз.

-Ээжийн чинь бичсэн бүтээл байгаа юу?

-Ээж маань Канадын зохиолч Стивен Лийкокийн “Өөгүй дурлалын лавлах” гэдэг хошин шогийн алдартай зохиолыг орчуулсан. Ээжийгээ 2006 онд бурхан болсны хойно энэ номыг дурсгалд нь зориулж хэвлүүлсэн.

-Тэр сайхан аав, ээжийн үр нь юм чинь уран бүтээлчийн хорхойтой л байж таараа даа?

-Ээжийг ном орчуулж байхад аав сайхан монгол үгээр хэлж өгнө. Тэрийг нь би аавынхаа машинаар цохиж өгдөг байлаа. Тэр сайхан үгийн ертөнцөд аж төрсөөр орчуулга миний хообий шиг болчихсон. Арван жилийн сурагч байхдаа “Цэнхэр дэлгэц”, Аюурзана зохиолчийн эрхлэн гаргаж байсан “Өчигдөр” сонинд юм орчуулж өгдөг байлаа. Оюутан байхдаа ямар ч байсан цагаан самрынхаа мөнгийг өөрийнхөө орчуулгаар олчихдог л байсан. Ах Гэрэлтөвтэйгөө хамтарч “Эртний хүний мөрөөр” номыг хожим орчуулж гаргасан. “Дэлхий бөөрөнхий биш” номыг бичсэн Томас Фрийдманы “Халуун хавтгай дэлхий” номыг орчуулсан.

-Өөрөө Японоос ирээд хэдхэн хонож байгаа гэсэн. Тэнд юу хийж байна?

-Намайг Японд гэр бүлээрээ амьдарч байгаа гэхээр “Япон нөхөртэй юу” гэж асуух хүн олон байдаг. Манай нөхөр Японы алдартай “Hitachi” компанийн “Hitachi solutions” салбар компанид программистаар ажилладаг Баянхонгорын Баацагааны уугуул Энхбаяр гэж залуу бий. Японд хуулийн ангид суралцаж байхдаа танилцаж гэр бүл болоод Мишээл гэж хөөрхөн охинтой болсон хоёр доо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хорин тавны” социализм

Цуврал-2

Хоёр. Хотын нүүдэлчин

Хэрвээ бүхнийг өөрөө хийхээс өөр аргагүй нөхцөлд аж төрж байвал түүнийг нүүдэлчин гэж хэлж болно. Харин дуртай юмаа хийгээд тэрүүгээрээ амьдарч болоод байвал суурин иргэншил гэж хялбаршуулан ойлгож болно.

Дуртайдаа ч бидний өвөг дээдэс малчин болоогүй. Нүүдэлчин амьдрал нь бидний сонголт бус хувь заяаны тулгалт байж. Тариалан эрхлэхэд тохиромжгүй болоод мал маллаж.Тийм болохоор хүнтэй таардаггүйгээсээ болоод жалга жалгын мухарт аж төрж байсан хэрэг биш, малынхаа бэлчээрт захирагдан тэгж аж төрж байсан хэрэг. Уран чадвар нь хэтийдсэн учраас амьжиргаандаа хэрэгтэй болгоныг өөрөө хийж амь зуугаагүй, зах зээлээс алслагдсан бэрхшээлээ шийдэж явсан байх нь.

Хүн төрөлхтөн алга болчихоод хэдүүлхнээ үлдсэн ч ажрахгүй байж гэж бодохоор бахдам ч, өөрснөө алга болчиход хүн төрөлхтөнд сэтэрхий тэвнийн гарзгүй талаас нь харахаар гунигтай, тийм л хэвшил.

Нүүдэл нь хүнийг хэрэгцээтэй бүхнээ чанарын ямар нэг түвшинд хийж чаддаг универсаль чадвартай болгодог ч хувь хүн онцгой авьяасаараа аж төрөх ямар ч боломж олгодоггүй.Өөрөөр хэлбэл тэнд хувь хүний авьяас, онцгой чадвар хүчингүй. Чи Лучиано Паворити шиг хоолойтой төрлөө гээд амьдрал чинь дэвжихгүй, Эдисон шиг зохион бүтээгч байгаад жаргахгүй. Их л сайндаа найранд уригдаж дуулна, сүргийн бэлчээрт хоолойгоо шалгаж, хад цохионоос ойсон цуурайг нь чагнан бахдах биз. Бас үхэр тэрэгнийхээ энд тэнд сонин юм нэмж, тооромсог, халтиргаа арилгах нэмэлт тоног бүтээж мэднэ. Гэвч чиний тэр нээлтийг “ачаа хүндрүүлээд байна. Болоод л ирсэн юмыг чи яах гээд байгаа юм бэ” хэмээн ад үзнэ.

Харин хотшил, суурьшил, түүнд дулдуйдсан хөдөлмөрийн хуваарь бий болсноос хойш чаддаг чаддагаа хийх, авьяас билгээ хөгжүүлэх гайхамшигт боломж нээгджээ. Авьяас билиг эзнээ тэжээж эхэлснээс хойш аз жаргал илүү олон хүнд хүртээлтэй болсон юм. Түм түмэн хүн чаддаг юмаараа амжилт олох, дуртай юмаа хийхийн жаргалыг амсаж эхэлсэн. Ийм учраас иргэншил суурьшил бол бурханаас хайрласан бэлэг, тэр бэлгийг хүртэх совин гэлтэй. Ядуу нэгэнд нь хүртэл олон хөлийн газар гуйлга гуйх боломж олдсон юм шүү.Хэрвээ нүүдэлчин хүн гуйлга гуйя гэвэл өглөг хайрлах нэгнийг хээр талаас олох гэсээр яваад турж үхнэ биз дээ.

Дашрамд дурдахад, бүхнийг “өөрөө хангадаг” нүүдэлчин тогтолцоо нь хайр дурлал гэр бүлийн асуудлыг хүртэл хувь хүний сэтгэл зүрхнээс гадуур шийдэхийг тулгаж байсан юм. Сайн бэрийг сонгохдоо “Эрт босдог, үйл үртсэнд уран, унд ус сайтай, эцэг эхдээ халамжтай, үг дуу цөөнтөй” гэхчилэнгийн шалгуур тавьдаг байсан. Өв уламжлалаа шүтлэг бишрэлийн чанартай судалдаг зарим нь энэ талаар учиргүй бахдан ярьдаг. Үнэн хэрэгтээ энэ нь, өглөө босч цай чанаж тавьчихаад үнээгээ саадаг байх, дээл хувцсаа оёж чаддаг байх, хоол сайн хийдэг байх, хадам ээж, аавыгаа асардаг байх, аашилж загнахад өмнөөс эсэргүүцдэггүй байх л гэсэн үг шүү дээ.

Хөөрхий, дээрх шалгуураас болоод ямар юмтайгаа суучихсан амьтан нь “царайны сайхнаар цай сүлэхгүй, нурууны сайхнаар морь уургалахгүй л дээ” хэмээн өөрийгөө тайтгаруулан санаа алдаж суусан бол доо!

Хотшил суурьшил л хайртай хүнтэйгээ, зөвхөн хайр дурлалаараа гэрлэх боломж өгсөн. Одоо хажуугийн кофе шоп-д цайлна, арга барагдахад крантны ус буцалгаад байхуу дүрээд уучихна. Дэлгүүрээс үнээний сүү, боов боорцогноос эхлээд уран хүний оёсон бэлэн хувцас аваад өмсчихнө. Ийм болохоор цаснаас цагаан царайтай, уулын модноос гоолиг нуруутай, сэтгэл алдруулсан бүсгүйгээ сонгох боломж бол байнаа байна. “Иргэншил суурьшил аз жаргалыг ардчилсан” гэж үүнийг л хэлээд байгаа юм.

Монголчууд ХХ зууны эхэн үеэс иргэншин суурьшиж, дуртай юмаа биш гэхэд чаддаг юмаараа дагнаад амиа авч явах боломж бүрдсэн юм. Манай улстөрчид зөвхөн гоё гоё юм яриад л, амныхаа фигурээр амьдарч болоод байгаа нь чухамдаа хөдөлмөрийн хуваарь бий болсны үр дүн бололтой.

Гэтэл бидний сэтгэл оюунд буй “Бүхнийг өөрөө хийж, өөрийгөө хангадаг” малчны зөн совин арилж өгөхгүй байна. Нүүдэлчин сэтгэхүйгээсээ салж ядах балчир оюун нь шинэ юманд хурдан дасч өөриймшүүлдэг араншинтайгаа зөрчилдөнө. Юмны сиймхийг гярхай олж, өөртөө ашигтайгаар аргалаад өнгөрүүлдэг сортоотой зан нь үнэнч хандлагыг эрхэмлэдэг иргэншсэн ертөнцийн дүрэмтэй харшилдана. Манай нийгмийн сэтгэл зүй заримдаа насанд хүрээгүй байхдаа амьдралд эртдэж орсон хүүхдийнх шиг санагдаад байдаг юм.

Тулгамдсан асуудлыг шийдэх арга зам хайхын оронд аргалаад өнгөрүүлэх сиймхий олдог зан нь иргэншсэн ертөнцийн бизнестэй харшилдана. Малчин хүн ган зудаас эхлээд олон бэрхшээлтэй тулахдаа үүрд дасан амьдрах арга олохын оронд түүнийг аргалаад цаана нь гарах хэрэгтэй болдог. Аж төрөх бүхий л менежмэнт нь үүнд чиглэнэ. Нийгэм улс төрийн амьдралын орчин нь ч тийм шинжтэй. Манжийн эрхшээлийн хоёр зууныг ч гэсэн цас зудын нэгэн адил яаж ийгээд туулж ард нь гарах эрмэлзлээр аргалж өнгөрөөсөн. Зөвлөлтийн дагуул улсын хувь тавиланг ч гэсэн тэсч өнгөрөөгөөд ард нь гарах чин эрмэлзлээр туулсан.

ХХ зууны гучаад оны хувьсгалт хүчирхийлэл, социализм байгуулах процессыг ч ган гачиг, үер усны адил үзэж, эвийг нь олоод явж байтал нэг дуусах өдөр ирэхгүй хаачихав гэсэн байдлаар аргацааж явсан.

Ингэж явсаар ардчилал, зах зээл, капитализмд туллаа. Гэтэл капитализм нь хөгжлийн тасралтгүй процесс болохоос аргалаад ард нь гардаг, сиймхийгээр нь туугаад цаана нь очдог зүйл биш аж. Харин ардчилал, зах зээлийг байгуулаад л байгуулаад л байдаг тэгээд яах вэ гэхээр улам л байгуулдаг байх даа гэхээс өөр хариу алга. Үнэн хэрэгтээ ардчилал биднийг мухардуулсан юм. Учир нь ардчилаад ардчилаад цаана нь бариа байхгүй, аргалаад сиймхийгээр нь сүнхийгээд ард нь гарчих боломж үгүй. Бидний оршин тогтнож ирсэн арга, сэтгэхүй, хандлага энд хүрээд дууссан.

Гурав. Төрийн усалгаатай” тариалан

Өөрийгөө хангах, бүхнийг өөрөө хийх нүүдэлчний зөн совин нийгмийн сэтгэхүйд уяатай хэвээр байна. Чухам энэ сэтгэхүйн дээр дөрөөлсөн томоохон “үзэгдэл”-үүд байдгийн нэгэн жишээ нь газар тариалан. Жил бүр нь бөөн хэрүүл өрнөж, манай тусгаар тогтнол буудай дээр тогтож байгаа тухай яриа өрнөнө. Улмаар гадаад буудай гээч хичнээн хортой аюултай болохыг тэр үеэр л мэдэж авна. Төмс ногоо тарьдаг улс ийм яриа гаргадаггүй, учир нь тэднийг төрөөс зориудаар дэмждэггүй.

Социализм байгуулж байгаа улс шиг улс атар эзэмшиж, буудай тарих ёстой гээд л хээр талын эмзэг хөрсийг баахан хагалснаар энэ түүх эхэлсэн юм. Тариа тарихад цаг уур нь тохиромжгүй, хөрс нь тохиромжгүй, га-гаас авах ургацын хэмжээ нь бизнест тохиромжгүй. Ганцхан тохиолдолд л ашигтай. Энэ нь төрөөр тэтгүүлэх. Хэрвээ төр тэтгэвэл тохиромжгүй бизнес гэж байх биш, улс мөнгийг нь гаргавал цагаан баавгай өсгөх ч унацтай болдог хойно.

Монголын төр “улс шиг улс юм бол тариа тарьдаг” гэж үзсэн нь уламжлалт сэтгэхүйн тусгал аж. Яг л 1911 онд тусгаар тогтнолоо тунхаглаад “Хаантай юм чинь хатантай байх нигууртай” хэмээн лам хүнийг гэрлүүлээд л, “Хаантай газар заантай байдаг номтой” гээд халуун орны амьтан авчирч осгоосон түүх зуун жилийн дараа давтагдаж л байгаа хэрэг.

Боломжийг ашигласан, ашигласаар байхыг хүсэгчдийг буруутгах нэг хэрэг. Түүнийг хаанаас хэн усалж, тордоод байгаа тухай ярих өөр хэрэг. Нэгэнт л ийм тэжээллэг орчин бүрдүүлээд өгсөн хойно тэнд бойжигсод мөөмөө нэхэж уйлах нь ёс шүү дээ.

Ерөөсөө улс мөнгө гаргаж хийлгээд, улс мөнгөөрөө худалдаж авдаг бизнесээс хэн татгалзах билээ. Жишээлэхэд манай Засгийн газар “улс шиг улс болохын тулд фельетоны зохих нөөцтэй байх ёстой” гэж үзээд фельетон бичих мөнгө эхэлж өгөөд, дараа нь бичсэн юмыг маань улсын фондод худалдан аваад эхэлбэл сайхан л байна. Хүн гэдэг амьтан цаашаа ахидаг зөнтэйгөөс хойш амтшаад улам ихийг нэхэж таарна. Тэгээд “Гадаадын хэвлэл унших нь үндэсний оюун санаанд хортой” гэсэн яриа дэгдээж, зөвхөн монгол хүний юмыг уншдаг болгохыг эрмэлзэж таарна.

Улмаар тэр бүхнээ уншуулдаг “зөвхөн монгол хүн” нь “зөвхөн өөрөө” байх арга чарга хайна.

…Бид нүүдэлчин байхаа аль хэдийнэ больжээ. Иймээс бүхнийг өөрөө хийдэг, өөрийн бүх хэрэгцээгээ өөрөө хангах хэрэггүй болсон. Улс үндэстэн ч гэсэн өөр өөрийн чаддаг юмтай. Улс үндэстнүүд чаддаг чаддагаа хийж, чаддаг нэгнийхээ хийснийг хэрэглэх, болсон.

Энэ хэвээрээ яваад байвал “Үндэсний үйлдвэрлэл”, “Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих” гэхчилэнгийн эсэргүүцэх аргагүй тэнгэрлэг сайхан ойлголтууд хөгжсөөр сүүлдээ засаг төрд нүүртэй хэн нэгний хийсэн юмыг заавал худалдан авах үүрэг хүлээх өдөр ойрхон байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхийн улс орнуудад цас их орж байна

ЯПОНЫ АМАМИ ОШИМА АРАЛД 115 ЖИЛИЙН ДАРАА ЦАС ОРОВ

Өнөөдөр Японы Амами-Ошима аралд 115 жилийн дараа цас оржээ. Энэ арал бол дулаан уур амьсгалтай газар юм. Мөн Япон улсын баруун болон өмнөд нутгаар урьд өмнө байгаагүйгээр хүйтэрч, таван хүн амиа алдсан талаар Regnum.ru-д мэдээлсэн байна. Халтиргаа гулгааны улмаас 100 гаруй хүн бэртэж гэмтжээ.

Тус улсын Цаг уур судлалын хүрээлэнгийн мэдээгээр Хокурику, Тохоку зэрэг бүс нутгаар өнгөрсөн хоногт 80 см хүртэл зузаан цас орсон байна. Зүүн хойд хэсэгт орших Фукушима мужид цасны зузаан 152 см-т хүрсэн бол Хирошима мужийн зарим хэсэгт 137 см зузаан байгаа аж.

Цаг уурын шинжээчдийн мэдээлснээр Японы далайн эрэг хавийн бүс нутгаар цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж. Окинава, Амами арлын орчимд хүчтэй салхины улмаас далайн давалгаа ширүүсэхийг ч анхааруулжээ. Цаг агаарын байдалтай холбоотойгоор Японы “Ниппон Эйрвейс”, “Жэпэн Эйрлайнс” зэрэг компани дотоодын 286 нислэгээ цуцалсан байна. Халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гарахаас сэргийлж хурдны замуудыг түр хаагаад байгаа аж.

ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ИРГЭДДЭЭ ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖЭЭ

Тайваньд мөн огцом хүйтэрсний улмаас 85 хүн амиа алдаад байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тус бүс нутагт сүүлийн 43 жилийн хугацаанд хамгийн их хүйтэрсэн нь энэ болоод байгаа юм. Гаосюн хотод 65-93 насны 16 хүн нас барсан нь огцом хүйтэрсний улмаас зүрх нь ачааллаа дийлээгүйгээс болсон байна. Иймд Тайванийн эмч нар иргэддээ шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй бай гэж зөвлөж байгаа аж.

ЧЭЖҮД 30 ЖИЛД ОРООГҮЙ ИХ ЦАС ОРСНООС ОЛОН ЗУУН НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ

Харин ВВС агентлагаас мэдээлснээр Өмнөд Солонгосын Чэжү аралд сүүлийн 30 жилд ороогүй их цас оржээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас Чэжү арлын 600 орчим нислэг цуцлагдаад байгаа юм байна.

ХОНКОНГТ 60 ЖИЛ БОЛООГҮЙ ХҮЙТЭН ӨВӨЛ БОЛЖ БАЙНА

Үүний зэрэгцээ Хонгконгод сүүлийн 60 жил болоогүй хамгийн хүйтэн өвөл болж байна. Түүнчлэн Хятадын Гуанжоу хотноо 1929 оноос хойш анх удаа цас орсон талаар “Weibo” сайтад мэдээлжээ.

АМЕРИКТ ЦАС ИХ ОРСНООС ГУРВАН ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХОХИРОЛ УЧРАВ

АНУ-д ч цас ихээр орсон нь гамшиг тарьж байна. Тухайлбал АНУ-ын зүүн эргээр болсон цасан шуурганы нийт хохирлыг олон улсын Moody`s агентлагийн шинжээчид гурван тэрбум ам.доллар гэж үнэлсэн талаар “CBS News” мэдээлж байна. Америкийн зүүн эргийн нутгаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхэлсэн цасан шуурга 1900 оноос хойшхи хамгийн хүчтэйд орж байгаа юм. 85 сая хүн амьдарч байгаа энэ нутгуудад шуурганы улмаас нийтийн тээвэр, галт тэрэгний хөдөлгөөн зогсч, 37 хүн амь насаа алдаад байна. Шуурганы улмаас худалдаа, үйлчилгээ зоогийн газар, тээврийн компаниуд маш их алдагдал хүлээж байгаагаас гадна агаарын тээврийн арилжааны компаниуд 13 мянган нислэгээ хойшлуулжээ.

Манай хойд хөршид ч цас их орж багагүй хүндрэл учруулж байна. Эдгээр байгалийн үзэгдлийг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тариалангийн хуулийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Тариалангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Улмаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн 68.6 хувь дэмжсэнээр хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Урьдчилгаа төлбөргүй өрхийг орон сууцжуулахад Азийн хөгжлийн банк тусална

Нийслэл орлого багатай иргэдэд зориулан орон сууц барина. Азийн хөгжлийн банк энэ зорилгоор “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц төслийн бэлтгэл ажлыг хангах” төслийг нэг сая ам.доллараар санхүүжүүлж байгаа юм байна. Төслийн судалгааны ажил өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхэлжээ. Харин орон сууц барих ажил 2017 онд эхэлнэ. Нийслэлийн орон сууцны корпораци төслийг арван жилийн хугацаатай гурван үе шаттай хэрэгжүүлэх юм.

Энэ орон сууц ипотекийн орон сууцнаас ялгаатайг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хэллээ. Түүний хэлснээр урьдчилгаа төлбөрөө өгөөд найман хувийн зээлд хамрагдах боломжгүй иргэдийг орон сууцжуулах боломжийг төслийн хүрээнд судалж байгаа юм байна. Улаанбаатар хотод өнгөрсөн жил 22 мянга гаруй өрх орон сууцанд орсон байна. Эдгээр өрхийн сарын дундаж орлого нэг сая төгрөг, түүнээс дээш байгаа юм. Иймд нийслэлээс нэг сая төгрөгөөс бага орлоготой өрхөд зориулсан орон сууцны бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ.

Засгийн газраас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 204 мянган орон сууцны хэрэгцээ байна. Үүнээс жар гаруй мянган өрх урьдчилгаа төлбөрөө төлөөд найман хувийн зээлд хамрагдах боломжтой. Үлдсэн нь төлбөрийн чадвар байхгүй буюу дунд болон дундаас доош орлоготой иргэд байна.

Categories
мэдээ нийгэм

Зүүн Азийн эдийн засгийн форумыг Улаанбаатарт зохион байгуулна

Энэ сарын 19-23-нд болсон Давосын Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтын үеэр уг чуулга уулзалтыг үндэслэгч, тус байгууллагын тэргүүн Клаус Шваб Монголын Улсын Ерөнхийлөгчид бараалхжээ. Энэ үеэр 2017 онд Зүүн азийн эдийн засгийн форумыг Улаанбаатар хотод зохион байгуулах асуудлыг ярилцсан байна.

Зүүн Азийн бүс нутагт БНХАУ, Зүүн Өмнөд Азийн орнууд болон Номхон далайн арлууд багтдаг. Энэ бүсийн хувьд хөгжлөөрөө дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Ялангуяа манай урд хөршийн эдийн засгийн байдал дэлхий нийтэд шууд нөлөө үзүүлэх болоод байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тухай төслийг хэлэлцэхийг дэмжив.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн хэлснээр уг үзэл баримтлалыг баталбал Монголын төрийн бодлого залгамж чанартай болох аж. Учир нь УИХ-аас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталсан нь ийм боломж олгох юм байна.

УИХ-ын гишүүн С.Баярцогт энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх механизм байхгүй байгааг шүүмжилсэн юм. Харин Д.Оюунхорол гишүүн хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих механизмыг тусгаж өгөхийн чухлыг онцолж байв.

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тухай төслийг энэ сарын эхээр УИХ-ын даргад өргөн барьсан билээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас өнгөрсөн есдүгээр сард 2030 он гэхэд хүн төрөлхтний хүрэх тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлсон. Үүнтэй холбоотойгоор манай улс урт хугацааны хөгжлийн бодлогоо боловсруулж, парламентаараа хэлэлцэж байгаа юм.