Categories
мэдээ улс-төр

Монголбанкнаас зээлийн хүү буурах боломжтой гэж мэдэгдэв

УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл, Инфляцийн түвшин буурч байгаатай холбогдуулан тэтгэврийн, цалингийн, малчны болон жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны мэдээллийг сонсох юм.

Дээрх хуваарийн дагуу Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал инфляцийн түвшин буурч байгаа талаар мэдээлэл хийв. Тэрбээр Монголбанк инфляцийг бууруулах чиглэлээр гурван арга хэрэглэсэн. 2009-2012 онд инфляци өндөр түвшинд байсан учир зээлийн хүү өндөр байсан. Харин одоо нам болсон учир зээлийн хүү буурах боломжтой хэмээн мэдээлэлдээ дурдлаа.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгээс тэтгэврийн, цалингийн, малчны зэрэг бүх төрлийн зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж, урьд нь өндөр хүүтэй олгогдсон байсан бүх зээлийн хүүгийн төлбөрийг буулгаж, зээл төлөх хугацааг сунгах шийдвэрийг сар шинийн баяраас өмнө гаргах шаардлагыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгчид хүргүүлээд байсан. Тэгвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан шаардлагатай холбогдуулан Монголбанк мэдээлэл хийв.

Монголбанкнаас сүүлийн гурван жилийн хугацаанд дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх, эдийн засаг дахь нийт хуримтлалыг дэмжихийн тулд зээлийн хүүг бууруулах бодлого баримтлан ажиллажээ.

Цаашид хуримтлалд суурилсан нам, тогтвортой инфляцитай орчинд дундаж давхаргын хуримтлалд тулгуурласан эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд Монголбанкнаас хэрэглээ, импортыг дэмжсэн биш харин ажлын байрыг нэмэгдүүлсэн, хуримлал, экспортыг дэмжих зорилгоор зээлийн хүүг бууруулахад чиглэсэн бодлого баримталж хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Газраа чөлөөлөөгүйгээс болж зам тээврийн осол гарах нөхцөл бүрджээ

Хоёр иргэн газраа чөлөөлөөгүйгээс болж шинээр тавьсан замд зам тээврийн осол гарах нөхцөл бүрджээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсгээс Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, 34-Б байрны хойд талаас 21-р хорооллын уулзвар чиглэлд 0,89 км автозам шинээр барихаар төлөвлөж өнгөрсөн оны 10 сараас эхлэн нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл зам барилгын ажлыг гүйцэтгэсэн юм.

Нэгдүгээр хорооллоос гэр хорооллын гудамж дундуур гараад 21-р хорооллын уулзвар хүрэх энэ хэсгээр зорчих тээврийн хэрэгсэл их байдаг бөгөөд шороон замтай байх үед тоосжилт ихтэй байсан байна. Энэхүү замыг бүрэн ашиглалтад оруулснаар тоосжилт багасч Энхтайваны өргөн чөлөө болон Үйлдвэрчний эвлэлийн гудамжийн хөдөлгөөний ачаалал буурна гэж тооцож байгаа юм.

Тус замын зурваст багтсан 30 гаруй иргэний хашааг татуулж газар чөлөөлөлт хийсэн ч 2 иргэн газраа чөлөөлөөгүйгээс шалтгаалан замын зорчих хэсэг нарийсч тээврийн хэрэгсэл зөрөх боломжгүй, зам тээврийн осол гэмтэл гарч болзошгүй ноцтой нөхцөл байдал үүссэн байна. Эдгээр иргэдтэй Нийслэлийн өмчийн харилцааны газраас замын ажил эхлэхээс өмнө үнэ тохиролцсон боловч ажил эхэлсний дараа тухайн иргэд газрын төлбөр нэмж өгөхийг шаарджээ.

Хэрэв эдгээр иргэдийн газрыг татуулж чадвал Нэгдүгээр хорооллын хойд талаас 21-р хорооллын уулзвар хүртэл тээврийн хэрэгсэл ямар ч саадгүйгээр нэвтрэх боломж бүрдэж, тухайн орчны замын хөдөлгөөний ачаалал эрс буурах боломж бүрдэнэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдыг ОГЦРУУЛАХГҮЙ гэж МЭДЭГДЭЛ гаргалаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай албан бичгийг зарим УИХ-ын гишүүд өргөн бариад байгаа билээ. Энэ асуудлаар Монголын бизнес эрхлэгчдийн зарим холбоо, байгууллагууд мэдэгдэл гаргасан байна. Үндэсний өдөр тутмын хэвлэл “ӨДРИЙН СОНИН” энэхүү мэдэгдлийг дэмжиж, бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

УИХ-ын зарим гишүүд Монгол Улсын Ерөнхий Сайд Ч. Сайханбилэгийг огцруулах санал гарган УИХ-ын чуулганаар эл асуудлыг хэлэлцүүлэх гэж байгаатай холбогдуулан Монголын бизнес эрхлэгчдийн гол төлөөлөл болсон доорх байгууллагууд дараах мэдэгдлийг УИХ-ын гишүүдэд үүгээр хүргүүлж байна.

Улс орны өнөөгийн нийгэм эдийн засгийн байдал хүнд, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ажилгүйдэл газар аван ард иргэдийн орлого багасч амьжиргаа доошилж байгаа хүнд үед улс төрийн тогтвортой байдлыг хангах нь хамгаас чухал гэж бизнес эрхлэгч, ажил олгогч, татвар төлөгчдийн төлөөлөл үзэж байна.

Төр засгийн тогтворгүй байдал нь Монгол руу чиглэсэн гадаад хөрөнгө оруулалтын урсгалыг зогсоож, бидэнд үзүүлэх итгэлийг бууруулахаас гадна дотоод хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл, идэвхийг үгүй хийж, тодорхойгүй байдлыг бий болгон эдийн засгийн эргэлтийг бууруулдаг.

Бизнес эрхлэгчид эргээд ажил хэргээ хумих, зогсоох, хөрөнгө оруулалтаа царцаан ажлын байрыг цомхотгосноор ард иргэдийн амьжиргаа улам дордож эхэлдэг.

Дөнгөж сэргэж байгаа бизнесийн итгэлийг алдахгүй ажиллах нь энэ төрийн нэн тэргүүний зорилт байх ёстой. Улс орны ирээдүй, иргэдийнхээ аж амьдралаар тоглож, зөвхөн явцуу улстөрийн ашиг хонжоо хайсан богино зайны тоглолтоо нэн даруй зогсоохыг бид УИХ-ын гишүүдээс шаардаж байна.

Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой уул уурхайн болон томоохон дэд бүтцийн төслүүдийг хэт их улстөржүүлж, санхүүгийн хариуцлага хүлээхгүй улс төрчид ажил хэрэгч бус байдлаар шүүмжлэх, иргэд, нийгмийн хүлээлтэн дээр улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор тоглох, төслийг хойшлуулах, удаашруулах, цаг алдуулах нь эдийн засаг, нийгмийн хөгжилд ямар их серөг нөлөө үзүүлдгийг сүүлийн жилүүд бидэнд мэдрүүллээ.

Томоохон төслийн хэрэгжилт хойшилсноор улсын төсөвт орох байсан бүх төрлийн татвар, хураамж, алдагдсан орлого, есөн нэмэгдсэн ажилгүйдэл, амьжиргааны доройтол, алдсан цаг хугацаа, эдийн засгийн алдагдсан боломжийг тооцохын ч аргагүй болоод байна.

Энэ бусармаг үйлдлийг дэмжсэн аливаа улстөрийн хүчин, улстөрчийг баялаг бүтээгчдийн зүгээс дэмжихээ бүрмөсөн зогсоохыг уриалж байна. Популист улстөрчдийг дэмжиж, дэвэргэсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцаагаа таслахыг бид өөрийн төлөөлж буй гишүүн компаниудынхаа удирдлагуудад уриалж байна.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН КЛУБ

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ

МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБОО

МОНГОЛ ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРОО

МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ

МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ

Categories
мэдээ нийгэм

Хар тамхины хэрэгт холбогдсон прокуроруудын хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэггийн анхан шатны шүүхээс хар тамхины хэрэгт холбогдогдоод байсан тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Тэднийг хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, борлуулахыг завдсан гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татаад байгаа юм. Тэднийг арваннэгдүгээр сард батлан даалтад гаргаад байсан ч энэ сарын 6-наас саатуулж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Алтан төл”-ийн эзэд тодорлоо

МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал “Алтан төл”-ийн эзэд тодорлоо. 38 дахь жилдээ олгогдож буй тус шагналд 19 аймгаас 107 малчин өөрсдийн материалаа бүрдүүлэн МҮОНТ-д ирүүлжээ.

Үүнээс “Алтан унага”-ны эзнээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын адуучин Г.Бөхчулуун нэрлэгдэв. Тэдний 1000 адуунаас 400 гүү унагалснаас 338-ийг нь бойжуулсан байна. “Алтан тугал”-ын эзнээр Булган аймгийн Орхон сумын харьяат Д.Түмэнжаргал тодорчээ. Тэрбээр 108 ботго бойжуулжээ. Харин 732 ишиг хүлээн авч “Алтан ишиг”-ний эзнээр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын малчин Ө.Адилбаяр шалгарч, 120 ботго бойжуулж “Алтан ботго”-ны эзнээр Дундговь аймгийн Өлзийт сумын тэмээчин Б.Насан, “Алтан хурга”-ны эзнээр Булган аймгийн Сайхан сумын малчин Н.Ганбаатар 818 төл бойжуулснаараа тус бүр тэргүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

Үндэсний супер лигийн тоглолтууд өнөөдөр үргэлжилнэ

Үндэсний супер лигийн тоглолтууд өнөөдөр Спортын төв ордонд үргэлжлэн явагдана. Энэ өдрийн тоглолт 16.30 цагаас “Ховд Мон-Алтиус” – “Монгени Хөх толботон” багуудын тоглолтоор эхэлнэ.

ХУВААРЬ: (01.27)

16.30 – “Ховд Мон-Алтиус” – “Монгени Хөх толботон”

18.00 – “Архангай Лидер”-“Харцага”

20.00 – “Мон-Алтиус Смарт” – “Сентоза Ирвэс” багуудын тоглолт болно.

Супер лигийг одоогоор “Баянгол Сентоза Ирвэс” есөн хожил, хоёр хожигдолтой тэргүүлж байгаа бол “Төв аймаг Төв ургац” 8, “Дархан Гарьд” 6 хожилтой удаалж байна.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д Баабарын “Их дайны өмнөх дэлхий” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы шинэ дугаар уншигчдадаа хүрч байна. Өнөөдрийн дугаарын онцлох ярилцлага, нийтлэл, сурвалжлагаас тоймлон хүргэе.

Манай сонинд “ Жудагт Монгол ” хөдөлгөөний үндэслэгчдийн нэг АИХ-ын дарга, УИХ-ын орлогч дарга асан, гавьяат эдийн засагч Ж.Гомбожав ярилцлага өглөө. Түүний ярилцлагыг нэг, хоёр, дөрөвдүгээр нүүрээс уншаарай.

Мөн “Эрдэнэт” олсон мөнгө, зарсан төгрөгөө “Оюу толгой” шиг тайлагнадаг болмоор байна” нийтлэлийг нэг, 11 дүгээр нүүртээ хэвлэлээ. Энэхүү нийтлэлд “Оюутолгой”-той харьцуулж ярьдаг ганц уурхай бол Эрдэнэт. Гэхдээ уулын Учир нь Эрдэнэтийн хувь эзэмшигч хоёр талын нэг нь Монгол Улс. “Эрдэнэт”-ийн зэс молибденийг зарж олсон мөнгө, татвар энэ тэр нь Монголын төсөвт ордог. Тэр утгаараа энэ том үйлдвэрийн хөшигний цаана юу өрнөж байгааг монголчууд мэддэг байх учиртай. Гэтэл өнөөг хүртэл ”Эрдэнэт”-ийн хөшиг хаалттай байгаа. “ хэмээн бичсэн юм. Дэлгэрэнгүйгээр нь уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Их дайны өмнөх дэлхий” нийтлэл хэвлэгдлээ.

Хэдхэн хоногийн өмнө Улсын харцага цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүлсэн Ө.Даваабаатарын тухай өнөөдрийн дугаарт нийтлэв. “Бөхчүүдийн барьц сонгохыг хүлээж зогссон үхээнц байдлыг Ө.Даваабаатар эвдлээ” хэмээх гарчигтай энэхүү бичлэгт түүний уран хурц дайчин барилдааны тухай өгүүлсэн байна. Та 12 дугаар нүүрээс энэ тухай уншина уу.

ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очиртой хийсэн ярилцлагыг 13 дугаар нүүрт хэвлэлээ. Тэрбээр хоёрдугаар сарын 5-нд Соёлын төв өргөөнд “Өвөрмөц” сонгодог тоглолтоо хийх юм.Б.Гомбо-Очир дуучин С.Нарантай хамтраад поп дууг дуурийн хоолойгоор дуулахаар бэлтгэж байгаа гэнэ.

Эдгээрээс гадна “Дуулианы эзэн”, “Америкийн монголчууд”, “Баримт, үйл явдал” зэрэг булангууд гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн эсрэг арга хэмжээний хаалтын ажиллагаа болно

Нийслэлийн Онцгой байдлын газраас гэр хорооллын гал түймрийн тоо хохирлыг бууруулах чиглэлээр дүүргүүдийн гэр хороололд зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөх гэж байна. Энэ арга хэмжээг зохион байгуулснаар гэр хорооллын гал түймрийн тоо, хохирол өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 24,7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Нэгдсэн арга хэмжээг дэмжиж төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхитэй оролцож иргэд талархалтайгаар хүлээн авч өөрсдийн гэр орон сууц, амьдрах орчны галын аюулгүй байдлыг хангаснаар ийнхүү галын тоо буурсан үр дүнд хүрлээ. Нэгдсэн арга хэмжээний хаалтын ажиллагаа өнөөдөр 11:30 цагаас Хан-Уул дүүргийн Мишээл экспо төвд зохион байгуулагдах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 4.9 сая юань нийлүүлэв

Өчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2002.82-2009.90 төгрөгийн ханшаар 38.5 сая ам.доллар худалдан авах, 304.0-304.56 төгрөгийн ханшаар 13.9 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ.

Монголбанк 2007.90 төгрөгийн нэг ханшаар 14.0 сая ам.доллар, 304.20 төгрөгийн хаалтын ханштайгаар 4.9 сая юанийг тус тус нийлүүлэв.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 5.45 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 5.45 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын хуралдаан болно

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/;
  • Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Инфляцийн түвшин буурч байгаатай холбогдуулан тэтгэврийн, цалингийн, малчны болон жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтай зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны мэдээлэл сонсох.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэнэ;
  • Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал;
  • Бусад.

5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай;
  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын гишүүн 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

6.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай;
  • Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.