Categories
энтертаймент-ертөнц

Н.Айшолпан Америкт очиж киноныхоо нээлтэд оролцов

АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Олигвы Энтертайнмент” бүргэдчин охин Н.Айшолпаны бодит амьдралыг өгүүлсэн киноны нээлтийг хийжээ. “The Eagle Huntress” нэртэй энэ киноны нээлтэд гол дүрийг бүтээсэн Н.Айшолпан аав, ээжийн хамт оролцлоо. Киноны зураг авалт хоёр жил үргэлжилсэн юм.

Баян-Өлгий аймгийн Бугат суманд болсон “Хыран 2014” бүргэдийн баярт анх удаа эмэгтэй бүргэдчин оролцож, 13 настай Н.Айшолпан охин түрүүлсэн билээ. Энэ нь тус наадмыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс ирэх жуулчдын анхаарлыг ихэд татсан. Израилийн зурагчин Ашэр Свиденски Монголд хийсэн аяллынхаа үеэр Н.Айшолпан охины зургийг авсан нь дэлхийд алдартай BBC агентлагийн сувгаар цацагдаж, охиныг олонд таниулсан билээ.

Улмаар Холливудын нэрт жүжигчин Мишель Родригез, АНУ-ын Нью-Йоркт төвтэй “Олигвы Энтертайнмент”-ийнхэн дээрх баримт киног хийж, Австралийн нэрт дуучин Сиа “Angels by the wings” хэмээх дууг нь дуулсан юм.

Categories
мэдээ улс-төр

Импортын цахилгаан эрчим хүчийг албан татвараас чөлөөлөх эсэхийг хэлэлцэнэ

Засгийн газраас “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхээр өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК импортоор авч байгаа цахилгааны өөрийн өртөг нь хэрэглэгчдэд борлуулж буй үнээс өндөр байдаг тул алдагдлыг улсын төсвөөс татаас өгч санхүүжүүлдэг боловч импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар нь энэ татааст тусгагдаагүйгээс эх үүсвэргүй өр үүсдэг.

Иймд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

Хүний хөгжил сангийн тухай хуульд оруулах төсөл байнгын хороогоор дэмжигдлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух болон зарчмын зөрүүтэй саналтай гишүүн байгаагүй тул М.Зоригт гишүүн анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж уг санал хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн юм.

Categories
мэдээ улс-төр

АН Засгийн газрын тогтвортой байдлыг чухалчилжээ

Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит бус 46 дугаар хурал Төрийн ордонд энэ сарын 20-нд болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Хурал хойшилсон шалтгааныг тайлбарлахдаа Ардчилсан нам Засгийн газраа авч үлдэхийн тулд ҮЗХ-ны ээлжит бус хурлаа хойшлуулсан гэж байсан. Энэ тухай АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэлэхдээ “Манай нам Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа хийх амархан. Харин Засгийн газраа авч үлдэнэ гэдэг ҮЗХ хуралдахаас илүү чухал” хэмээж байв.

Ард түмэн ч ээлжит сонгууль болоход зургаахан сар үлдсэн учраас Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэж үзэж буй. Засгийн газрыг огцруулах нь эдийн засагт, түүнийгээ дагаад иргэдийн амьдралд хүндээр тусдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс АН Засгийн газрын тогтвортой байдлыг чухалчилж, ирэх гуравдугаар сар хүртэл ҮЗХ-ны хурлаа хойшлуулсан гэж эх сурвалж өгүүлж байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар гишүүн нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх нь зөв гэж үзэв

Сонгуулийн ерөнхий хорооноос нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх асуудлыг УИХ-д өргөн барьсан. Энэ асуудлыг УИХ-ын МАН-ын бүлэг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн билээ. Тэгвэл тус бүлгийн зарим гишүүд нийслэлийн мандатыг нэмэгдүүлэхийг дэмжиж байна.

Тухайлбал, МАН-аас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Д.СумъяабазарСонгинохайрхан дүүрэгт Улаанбаатар хотын нийт хүн амын 28 хувь нь амьдарч байгаа. Энэ дүүрэгт шийдвэрлэх дэд бүтэцтэй холбоотой маш олон асуудал байгаа. Хүн амын тоогоор хуваарилахад Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд таван мандаттай, бусад нь гурав болох юм байна. Дүүргийн хувьд ачаалал маш их байдаг” гэв. Үүгээрээ тэрбээр нийслэлийн мандатыг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ломбардуудын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэсэн албан ёсны нэртэй ломбардуудад тавих шаардлагыг өндөрсгөж, тусгай зөвшөөрөл авч байж эрхлэх эрх зүйн зохицуулалтыг хийх гэж байна. Ломбардны үйл ажиллагаанд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоогоогүй, барьцаалан зээлдүүлэгчийн хөрөнгө, олгож буй нийт зээлийн хэмжээ тодорхойгүй, уг үйл ажиллагааг бүртгэх, хяналт тавих эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь ажиллагаа эрхлэгчид татвар төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Мөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны талаар иргэдээс Хүний эрхийн комисс болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ломбардууд иргэдийн хөрөнгийг бага үнээр барьцаанд авдаг, барьцаалсан эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал хангалтгүй, хүү болон хугацааг дураараа тогтоодог, барьцааны хугацаа дуусахад барьцаалсан эд хөрөнгийг борлуулахдаа эзэнд нь мэдэгддэггүй зэрэг гомдлыг гаргажээ. Иймд ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр уржигдрын хуралдаанаараа шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ спорт

Шатрын улсын аваргын хагас шигшээгийнхэн нөгөөдөр тодорно

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд МУБИС дээр явагдаж байна. Тэмцээнд эрэгтэй 84, эмэгтэй 54 шатарчин оролцож бөгөөд шигшээ тэмцээнд өрсөлдөх шатарчид ирэх баасан гаригт тодорно.

Шатарчид нийт есөн өрөг тоглох бөгөөд долоон өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг их мастер Б.Хатанбаатар, ОУМ Н.Баттулга, ФМ. Э.Баасансүрэн, ФМ Э.Энхнар, спортын мастер Э.Болдоо нар адил 5,5 оноогоор тэргүүлж байна. Мөн эмэгтэйчүүдийг ОУМ У.Лхамсүрэн, Б.Аминаа нар 5,5 оноогоор тэргүүлж эхэлсэн бол спортын мастер Ү.Үүрийнтуяа 5,0, ИМ Т.Батчимэг 4,5 оноогоор удаалж буй. УАШТ-ий хагас шигшээгээс эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 шатарчин шигшээд өрсөлдөх эрхийг авах юм. Шигшээ тэмцээн ирэх хоёрдугаар сарын 16-24-ний өдрүүдэд Завхан аймагт болно.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын зочдод үйлчлэх 350 машиныг татвараас чөлөөлөхийг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Тус хуралдаанаар манай улсад 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болох АСЕМ-ын уулзалтад тансаг зэрэглэлийн 320-350 автомашин ашиглагдах тооцоо гарсан бөгөөд шаардагдах автомашиныг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Тус уулзалтад оролцохоор 3500-4000 гаруй албаны төлөөлөгчид, зочид сэтгүүлчид ирэхээр байгаа аж. Хуулийн төслүүдэд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортоор оруулж байгаа суудлын автомашин, микро автобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвараас чөлөөлөхөөр тус тус зааж, дээр дурдсан албан татвараас чөлөөлөгдөх автомашин, техник хэрэгслийн төрөл, тоо хэмжээ, импортлогч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгасан байна. УИХ-ын гишүүн Д.Зоригтын хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар гаргасан горимын санал дэмжигдлээ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн дунд ангийн сурагчдын амралтыг уртасгаагүй гэв

Орон нутгийн дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулж, бага ангийнхтай адил хоёрдугаар сарын 15-нд хичээлийг нь эхлүүлэхээр боллоо гэх мэдээлэл зарим сайтуудаар гарах болсон. Уг нь дунд ангийнхны хичээл хоёрдугаар сарын 1-нд эхлэхээр байсан бөгөөд цас зудтай, машин мотоцикль явахад хүндрэлтэй ийм үед хоёр долоо хоногоор хичээлийг хойшлуулж, цагаан сарын дараа эхлүүлэх хүсэлтийг малчид орно нутгийн удирдлагууддаа учирласан аж. Энэ дагуу дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах шийдвэрийг БСШУ-ны яамнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зарим аймгуудын Засаг дарга нар гаргалаа гэх мэдээллийг эх сурвалж үгүйсгэлээ.

Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг цагаан сар, мал төллөх үетэй уялдуулж хуваарилах малчин ардын хүсэлтийн дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр энэ сарын 5-нд гаргасан. Ингэснээр хичээлийн жилийн хоёрдугаар улиралд аймаг, сум, тосгон багийн сургуулийн бага ангийн сурагчид нэгдүгээр сарын 19-өөс хоёрдугаар сарын 08 хүртэл гурван долоо хоног амарна. Дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос 25 хүртэл хоёр долоо хоног, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос 18 хүртэл нэг долоо хоног амрахаар болжээ. Харин гуравдугаар улирал буюу мал төллөх үеэр бага ангийн сурагчид гуравдугаар сарын 29-өөс дөрөвдүгээр сарын 18 хүртэл гурван долоо хоног, дунд, ахлах ангийн сурагчид гуравдугаар сарын 15-аас 28 хүртэл хоёр долоо хоног амрах байдлаар амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан. Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хуучин хуваарийн дагуу амрах юм байна. Харин үүн дээр нэмж хуваарьт өөрчлөлт оруулаагүй байна.
Тиймээс орон нутгийн дунд ангийн сурагчдын хичээл хуваарь ёсоор уржигдар эхэлсэн бөгөөд БСШУ-ны сайдын зөвшөөрлөө энэ хугацааг сунгасан гэдэг бол ташаа мэдээлэл аж. Хэрэв зарим аймгийн Засаг дарга нар дунд ангийн сурагчдын хичээл орох хугацааг хойшлуулсан бол энэ нь хууль бус шийдвэр юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

KBS radio-ийн “We are Koreans” нэвтрүүлгээр монгол залуу эх орноо сурталчилна

Солонгосын төв телевиз болох KBS-ийн дэргэдэх радиог “We are Koreans” нэвтрүүлгээр нь дэлхий дахинаа андахгүй сайн мэднэ. Энэхүү нэвтрүүлэг нь бүтэн сарын турш аль нэг орон, үндэстний соёл урлагийг дагнан сурталчлах зорилгоор уран бүтээлчидтэй хамтран ажилладгаараа онцлог. Өөрөөр хэлбэл арванхоёрдугаар сарыг Америкийн сар болгон зарласан бол Солонгост уран бүтээлээ туурвиж буй тус орны уран бүтээлчидтэй хамтран ажилладаг гэсэн үг. Тэгвэл энэ сарыг “Орос, Хятад, Монгол”-ынх болгон зарлаж, Солонгост ажиллаж амьдардаг дээрх орнуудын уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар болжээ. Дэлхийн хэмжээний радио нэвтрүүлэг гэх утгаараа өөрсдийн сонгох уран бүтээлчдэдээ хэр өндөр шалгуур тавьдаг нь ойлгомжтой.

Тэгвэл Монголыг төлөөлж С.Гантогоо хэмээх дуучин залуу сонгогдсон бөгөөд тэрбээр сүүлийн найман жил Солонгост амьдарч, өөрийн уран бүтээлээ туурвисаар яваа юм. Үндэсний сар шинийн баяр удахгүй тохиох гэж байгаа учраас “We are Koreans” нэвтрүүлгээр орчин үеийн зохиолын дуу хуур гэхээсээ үндэсний уран бүтээлээ түлхүү толилуулна гэдгээ тэрбээр хэлэв. Солонгосчууд ч бидэнтэй адил Цагаан сарын баярыг тэмдэглэдэг учраас нэвтрүүлгийн уран бүтээлчид энэхүү саналыг уриалгахан хүлээж авчээ.