Categories
энтертаймент-ертөнц

”Монгол дуу дэлхийд” уралдаан болно

Монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлагдсан уртын болон ардын дуунаас эхтэй орчин цагийн дуу хуурын баялаг өв бий. Гэсэн ч Монголын орчин үеийн дууны урлагийг дэлхий нийтийн хуртээл болгох, монгол нэрийг дэлхийд алдаршуулах санаачилга хангалттай бус байгаа юм. Тиймээс Монголын шилдэг поп дууг гадаад хэлээр дуулж, олон улсад монгол аялгууг дэлгэрүүлэх, соёлын нөлөөг өргөжүүлэх зорилготой “Монгол дуу дэлхийд” уралдааныг БСШУ-ы сайд Л.Гантөмөр санаачилжээ.

Өнгөрсөн есдүгээр сараас оролцогчдоо бүртгэж эхэлсэн тус уралдааныг энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болгох аж.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын баримтын хоёр дахь сугалаа ням гаригт болно

НӨАТ-ын баримтын хоёр дахь сугалаа ирэх ням гаригт болно. Энэ сарын 17-нд болсон анхны сугалаанд 1044 азтан тодорчээ. Азтануудын 180 хүн хонжвороо авсан байна. Хонжвороо аваагүй бол ebarimt.mn сайтад нэвтэрч мөнгөө авах эрх нь гурван сарын хугацаанд нээлттэй юм байна.

ӨАТ-ын тухай хууль энэ сарын 1-нээс шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжсэнээр иргэд жилийн турш худалдан авсан үнийн дүнгийн хоёр хувь, НӨАТ-ын 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг ирэх оны эхээр авахаас гадна сугалаанд оролцож азаа үзэх боломжтой болоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Үлэг гүрвэлийн яс тээвэрлэж явсан хүмүүүсийг шалгаж байна

Улсын мөрдөн байцаах газар хууль бусаар малтлага хийн олж авсан үлэг гүрвэлийн ясаа тээвэрлэж явсан иргэдийн хэргийг шалгаж байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн М, X, Улаанбаатар хотын иргэн Н нар энэ сарын 17-ны оройн 18:00 цагийн орчимд Хан- Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт эртний чулуужсан үлэг гүрвэлийн яс тээвэрлэж яваад цагдаагийнханд баригджээ. Энэ хүмүүсийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид хамтран илрүүлсэн байна.

Энэ олдворыг Шинжлэх ухааны академийн Геологи, палеонтологийн төвд шилжүүлээд буй юм. Шинжилгээгээр энэ нь эвэрт үлэг гүрвэлийн бүтэн биеийн хэлхээ болон толгойн яс, нугасан хошуут үлэг гүрвэл болох 14.5-19.5 см хэмжээтэй зулзаганы бүрэн бус хэлхээ яс болохыг тогтоожээ. Энэ олдвор нь 71-84 сая жил хуримтлагдсан Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс олдсон байх магадлалтай аж.

Categories
мэдээ улс-төр

Боловсролын тухай хуулиудын анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.01.27.Лхагва гараг/ 11 цаг 55 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхлэв.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаарх ажлын хэсгээс гаргасан танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Бакей танилцуулав. Ажлын дэд хэсэг гурван удаа хуралдаж хуулийн төслүүдийн талаар нийтдээ 8 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Эрдэнэ нар асуулт асууж хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ асуултдаа, 6 настай хүүхдийг нэгдүгээр ангид оруулж сургаж байгаатай холбоотойгоор хөдөө орон нутагт ялангуяа алслагдсан айл өрхийн хүүхдүүдийг сургуулийн дотуур байранд байрлуулж сургах асуудал дээр маргаан үүсч нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Ажлын хэсгээс гаргасан саналд “ 6 наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн хүсэлтийг хэлэлцэж, сургуулийн захиралд санал гаргах” гээд орхисон байна. Сургуулийн захирал нь ямар шийдвэр гаргах, ямар эрхтэй байгаа нь тодорхой бус байна гэдгийг тодотгосон юм.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Боловсрол эзэмших нь хоёр талтай. Нэг талаас суралцагч хувь хүн хүүхдийн өөрийнх нь асуудал, нөгөө талаас төрийн болоод хувийн өмчийн сургууль буюу сургалтын байгууллагын асуудал байдаг. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд сургуулийн талаас хүүхдийг 6 насанд нь сургуульд элсүүлэх зохицуулалт бий. Гэтэл хүүхдээ хэдэн наснаас нь сургуульд суралцуулах вэ гэдэгт тухайн суралцагчийн эцэг, эхийн санал бас чухал байгаа. Тиймээс энэ хуулинд байгаа сургуулийн зөвлөл буюу эцэг эхийн төлөөллийн чиг үүрэгт сонголт хийх, уян хатан бололцоо бүрдүүлэх үүднээс дээрх саналыг оруулсан. Статистик мэдээллээр 2015-2016 оны хичээлийн жилд нийтдээ нэгдүгээр ангид 10 мянга гаруй сурагч суралцаж байгаа юм байна. Энэ 10 мянган суралцагчдаас 345 нь 5 наснаас сургуульд элсэж байгаа бол 8664 хүүхэд 6 наснаас, 941 нь долоон наснаас, 85 нь найман наснаас сургуульд элсэж байгаа гэсэн дүн байна. Иймд сургуулийн зөвлөлд зохих хэмжээний сонголт хийх, тэгэхдээ эцэг, эхийн зайлшгүй нөхцөл байдлыг харгалзаж шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байгаа гэлээ.

Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс гаргасан дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Тухайлахад, “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын багш, ажилтны ажлыг үнэлэх, дүгнэх, багшлах эрх олгох, арга зүйч, багш, сургалтын менежерийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг батлах. Сургуулийн удирдах албан тушаал эрхэлж байгаа багшийн мэргэжлийн зэрэг хэвээр хадгалагдана”, “Төрийн өмчит бүх шатны сургууль, цэцэрлэгийн тогтмол зардал, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны нийт зардал, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашгийн болон ашгийн төлөө бус цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ” гэж өөрчлөн найруулсныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив.

Мөн ажлын хэсгээс гаргасан “зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ 6 наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн хүсэлтийг хэлэлцэж, сургуулийн захиралд санал гаргах” гэсэн саналыг “зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ 6 наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн хүсэлтийг хэлэлцэж, сургуулийн захиралд санал гаргах, шийдүүлэх” гэж өөрчлөх нь зүйтэй гэсэн Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэний саналыг дэмжсэн юм.

Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хороодын хамтарсан тогтоолын төслийг хэлэлцэн батлав

Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин танилцуулсан.Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Батцогт, А.Бакей нар асуулт асууж, санал хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, маш их буянтай ажил санаачилж байгаа юм байна гэдгийг хэлээд, хэрэгжилтийг хангуулах асуудалд байнгын хороо хяналт тавьж, анхааралтай ажиллаж хэрэгтэйг сануулсан юм. Ингээд Засгийн газарт чиглэл өгөх тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан тогтоолын төслийг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 81.8 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Түр орлон гүйцэтгүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав

Байнгын хорооны хуралдаанаар Түр орлон гүйцэтгүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өгсөн тайлбартаа, Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний зөвлөлийн асуудлаар байнгын хорооны тогтоолын санал оруулж байна. Энэ онд төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалаад Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажиллах урсгал зардал төсөвт суугаагүй. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг түр хойшлуулсан. Энэхүү шалтгаануудын улмаас Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийг одоогоор байгуулах боломжгүй байгааг хэллээ. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн эрх үүргийг тус Үндэсний зөвлөл байгуулагдах хүртэл буюу 2017.01.01-ийг хүртэл Нийгмийн Даатгалын Үндэсний Зөвлөлөөр түр гүйцэтгүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж батлав.

Үндэсний Аудитын газарт Байнгын хорооноос гаргасан хүсэлтийг хүргүүлэхээр болов

Мөн хуралдаанаар Үндэсний Аудитын газарт хүргүүлэх хоёр саналын талаар Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав.

Тэрээр танилцуулгадаа, “Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал болон Нийгмийн Даатгалын тэтгэмжийн сангаас оршуулгын зардалтай холбоотой 10 гаруй хүний оршуулгын зардлыг хууль бусаар олгосон, авсан, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албанаас улс орон даяар зарласан. Иргэдийн 40 гаруй тэрбум төгрөгийг ашигласан гэсэн мэдээллийг цацсан байгаа. Энэ дагуу Нийгмийн Даатгалын дотоод хяналтын байгууллага, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дотоод аудит, мониторингийн хамтарсан шалгалт явсан. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээр энэ асуудал давхар шалгагдаад явж байгаагийн зэрэгцээ Цагдаагийн байгууллагад энэ асуудал дээр хяналт шалгалт хийж байгаа юм билээ. Одоо урьдчилсан байдлаар өнөөдөр нас барсан иргэдтэй холбоотой асуудал дээр 20 орчим сая төгрөгийн зөрчил илэрсэн. Цагдаагийн байгууллагаас зарласан дээрх мэдээлэлтэй холбоотой өөр ямар ч зүйл нотлогдоогүй. Ийм бид энэ асуудлыг Үндэсний Аудитын байгууллагаар шалгуулж албан ёсны дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. “Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хувьд хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн асуудал бий. Үүнийг мөн Үндэсний Аудитын газраар шалгуулж дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Иймд эдгээр хоёр асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хуралдааны тэмдэглэлд тусгуулан Байнгын хорооны албан ёсны хүсэлтийг Үндэсний Аудитын газарт хүргүүлэх санал гаргаж байна гэв. Ингээд танилцуулгатай холбоотой асуулт асууж, санал хэлэх гишүүд байгаагүй тул дээрх хоёр асуудлаар Үндэсний Аудитын газарт хандаж байнгын хорооноос гаргасан хүсэлтийг хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэсэн Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн саналыг гишүүд дэмжсэн юм. Ингэснээр хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Ажлын хэсгүүд байгуулав

Байнгын хорооны хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяаг батлав. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийг баталлаа.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудлыг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөхийг дэмжлээ. Санал хураахад хуралд оролцсон нийт 15 гишүүний 9 нь огцруулах нь зүйтэй гэсэн санал өгсөн байна. Иймд Ж.Амарсанааг чөлөөлөх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо.

Улсын дээд шүүхээс түүнийг хууль зөрчсөн гэж үзсэн учраас Үндсэн хуулийн цэцийн даргаас чөлөөлөх хүсэлтийг гаргажээ. Иймд Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговьчууд 150 төгрөгөөр хямд шатахуун хэрэглэхээр болов

Өмнөговь аймагт шатахуун 100-150 төгрөгөөр буурлаа. Ингэснээр АИ-92-ыг 1740 төгрөг, АИ-80-ыг 1550 төгрөг, дизель түлшийг 1780 төгрөгөөр борлуулахаар болжээ. Уг хямдрал нь “Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ”-ний нэг хэсэг юм. Энэ арга хэмжээний нээлтэд Уул уурхайн яамны сайд Р.Жигжид, аймгийн Засаг дарга Б.Бадраа болон холбогдох мэргэжлийн хүмүүс оролцжээ.

“Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ”-г Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам, Газрын тосны газар, шатахууны худалдаа эрхлэгчид хамтран хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээ нь алслагдсан бүс нутгийн шатахууны үнийг төвийн бүсийн үнэтэй ойролцоо болгох зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг гуравдугаар сараас хэрэгжүүлнэ

Төрийн түрээсийн орон сууц хөтөлбөр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Түрээсийн орон сууцны ашиглалт болон удирдлагыг Төрийн орон сууцны корпораци хариуцан ажиллах юм.

Энэ хөтөлбөр өнгөрсөн долдугаар сард батлагдсан. Харин хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоолыг Засгийн газрын энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар баталсан юм.
Хөтөлбөр төрийн түрээсийн, орон нутгийн түрээсийн, хувийн өмчийн түрээсийн орон сууц гэсэн гурван хэлбэрээр хэрэгжинэ. Архангайд 120, Увсад 84, Дархан-Уулд 83, Сэлэнгийн Зүүнхараад 90, Хэнтий аймгийн төв, Мандалговь, Ховд аймагт тус бүр 96, Хэнтий аймгийн Бор-Өндөрт 16, Улаанбаатар хотод “Буянт-Ухаа-2” хорооллын 39, 49 дүгээр байранд хоёр өрөө 350 айлын орон сууцыг түрээслүүлэх аж.
Хөтөлбөрт орон сууц шууд худалдан авах боломжгүй, ипотекийн найман хувийн зээлийн нөхцөлийг хангаж чадахгүй иргэд хамрагдана. Тодруулбал орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувь нь бүрдээгүй, амьжиргааны түвшний 3-10 дугаар бүлэгт хамаарах бага, дунд орлоготой иргэд хамрагдах юм. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатарт 16 мянга, орон нутагт 4000 айлын түрээсийн орон сууц барихаар төлөвлөж байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн орлогын 25 хувиас сарын төлбөр нь хэтрэхгүй. Энэ дагуу Улаанбаатар хотод нэг ам метрийг 6500 төгрөгөөр үнэлжээ. Ингэснээр нэг байрны үнэ 200000-280000 төгрөг байх юм байна. Харин орон нутагт нэг ам метрийг 4500 төгрөгөөр үнэлж байгаа тул 140000-230000 төгрөг төлнө.
Сонирхуулахад нэг байрны талбай нь 30-50 ам метр. Үндэсний статистикийн хорооноос гаргадаг өрхийн орлогын түвшний өөрчлөлтөөс хамаарч түрээсийн байрны ханшийг 1-2 жил тутам шинэчлэн тогтоох юм.

Categories
мэдээ улс-төр

Мандатын асуудлыг нөгөөдрийн дотор хэлэлцэх ёстой

Энэ долоо хоногт байнгын хороо
болон УИХ-аар хэлэлцэх сонгуулийн тойрог, мандатын тоог хэрхэн шийдвэрлэх
асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ.

Сонгуулийн тухай хууль батлагдаад нэг сарын
хугацаа өнгөрч байна. Сонгуулийн тухай хуулиар тулгамдсан хоёр асуудал байгаа.
Нэгдүгээрт, УИХ-аас тойргоо байгуулаад, мандатын тоог тогтоох. Хоёрдугаарт,
УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг 150-аас доошгүй хоногийн өмнө тогтооно гэж
заасан. Энэ хугацаа нэгдүгээр сарын 31-нд дуусч байгаа юм.

Ч.Содномцэрэн
“Одоо бидэнд байгаа хугацаа нь пүрэв, баасан
гариг л үлдээд байна. Өөрөөр хэлбэл, хоёр хоног. УИХ, байнгын хороо хуралдаж
хуулийн хугацаанд мандат, тойргийн тоог тогтоох боломж байна. Үүнтэй нэгэн адил
аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, тойргоо тогтоохоор хуралдаж байна. Үлдсэн
өдөрт багтаж аймгууд тойрог, мандатын асуудлаа шийдчих байх. УИХ-ын тухайд
Сонгуулийн Ерөнхий хороо саналаа хүргүүлсэн. Санал авах өдрийг зургадугаар
сарын 29-ний өдрөөр, тойргийн
дугаар, нутаг дэвсгэрийг тогтоох асуудлыг энэ сарын 31-ний дотор шийдэхийг СЕХ-ноос хүсч саналаа
хүргүүлсэн” гэлээ.

Түүнчлэн
тэрбээр “Сонгуулийн тухай хууль бол УИХ, Ерөнхийлөгч, нийслэл, аймаг,
сум дүүргийн ИТХ-ын хууль гэсэн дөрвөн хуулийг нэгтгэсэн хууль. Шинээр
батлагдсан Сонгуулийн тухай хуульд аймаг, нийслэлийг ялгавартайгаар тогтоох
заалт ороогүй учраас улсын дундажтай
адилхан тогтоохоор болоод байна. Хүн амынхаа тоотой мандатынхаа тоог уялдуулаад
тогтоохоор улсын дунджаар 63 мянган хүнд нэг мандат. Улсын дунджаар 63 мянгаар
нь тогтоохоор хоёр мандаттай байсан найман аймгийн хоёр мандат нэг болж буурч
байгаа юм. Нийслэлийнх 22 болж байгаа” хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“School police”хэрэгжсэнээр сургууль орчмын гэмт хэрэг буурчээ

Нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. 2015 онд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15,3 хувиар буурчээ.

“School police” төсөл нийслэлийн ерөнхий боловсролын 180 сургуульд хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 97 000 гаруй эцэг эхчүүд сургуулийн орчинд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлд гарч ажиллаж байна гэж Монголын Сурагчдын холбооноос мэдээллээ. Өнөөдөр эдгээр сургуулиудаас төслийг хамгийн үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлсэн сургуулийн захирал болон сургуулийн орчинд эргүүл хийхэд идвэх санаачилгатай оролцсон эцэг эхчүүдийг урамшууллаа.
Төслийг амжилттай хэрэгжүүлсэн сургуулиар ХУД-ийн 118, 18, 52-р дунд сургууль, БГД-ийн 13, 20, 28-р дунд сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, БЗД-ийн 48, 87, Шавь цогцолбор сургууль, Чингэлтэй дүүргийн 72-р сургууль, СБД-ийн 35, 31, 58-р сугууль, СХД-ийн 105-р сургууль, Налайх дүүргийн Голомт цогцолбор сургууль тус тус тодорчээ. Мөн энэ үеэр 10 гаруй эцэг эхийг шагнаж урамшуулав.

Categories
мэдээ улс-төр

“Хамтын хүч-нутгийн хөгжил” үндэсний чуулган болж байна

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын баг, сумдын үндэсний холбооноос хамтран зохион байгуулж буй “Хамтын хүч-нутгийн хөгжил” үндэсний чуулган өнөөдөр /2016.01.27/ Төрийн ордонд болж байна.

Иргэдийн хамтран ажиллах, нийтээрээ хөгжих санаачилгыг дэмжих зорилготой тус чуулганыг нээж Улсын Их Хурлын гишүүн, Монголын баг, сумдын үндэсний холбооны ерөнхийлөгч, Монголын шинэ тосгон хөдөлгөөний хүндэт ерөнхийлөгч Г.Батхүү үг хэллээ. Тэрээр “2011 онд шинээр байгуулагдаж байсан Монголын баг сумдын үндэсний холбоо улсын хэмжээнд тавдугаар үндэсний чуулганаа хуралдуулж байна. Энэ нь бид Монгол Улсынхаа бүх аймаг, дүүрэг, багт салбар зөвлөлөө амжилттай байгуулж, үйл ажиллагаагаа тасралтгүй, тогтмол хэрэгжүүлж ирсний үргэлжлэл, үр дүн юм. Энэ хугацаанд бид хамтдаа орон нутгийн удирдлага, манлайллын чиглэлээр олон сургалт, семинар, хэлэлцүүлгийг хөдөө орон нутаг, нийслэлд зохион байгуулж, хотжилтыг сааруулах, хөдөөгийн хөгжил, нийгмийн асуудлыг дэмжих төрийн бодлогод байр сууриа илэрхийлэн тусгуулж ажилласан” гэв. Цаашид “Малчдын ордон” байгуулах ажлыг анхаарч, хөдөлмөрийн сайн туршлагыг сурталчлах, олны хүртээл болгох зорилгоор “Манлайлагч” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаагаа дурдаад 2016 оны чухал зорилт бол сум, багийн хөгжлийг дэмжих эрх зүйн боломж гарцыг баталгаажуулж, ажил хэрэг болгохыг тэмдэглэсэн юм.
Монгол Улсын 330 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны Засаг дарга, 21 аймгийн тэргүүний 100 багийн Засаг дарга, нутгийн хөгжлийн 78 манлайлагч оролцож буй тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд оролцож, хэлсэн үгэндээ Монгол Улсын хөгжлийн үндэс бол аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны хөгжил гэдгийг онцолсон. Мөн тэрээр “Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анх удаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар “аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”, “аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”, “бүсчилсэн хөгжлийн зорилт” зэрэг баримт бичгийг хуульчиллаа. Улс, орон нутаг, бүс нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах, төлөвлөх харилцааг хуулиар зохицуулж өгснөөр хөгжлийн бодлогын баримт бичиг харилцан уялдаатай, нэгдмэл цогц байх юм. Мөн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал хэлэлцэж байна.

Эдгээр хууль батлагдсаны дараа Үндсэн хуульд заасан засаг захиргааны нэгж болгон өөрийн зорилтоо дэвшүүлэх бололцоотой бүрдэх юм” гэв. Мөн орон нутгийн хөгжлийн чухал тулгуур нь чадварлаг удирдлага болохыг онцлоод Улсын Их Хурал, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн үр дүнгийн талаар дурдлаа. Энэ бүхэнд иргэдийн санаачилга, оролцоо чухал болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд Нийтийн сонсголын тухай хуулиар иргэд, олон нийт төрийг удирдах, хөгжлийн асуудлаа шийдвэрлэх үйл хэрэгт гар бие оролцох бүрэн боломжтой болсныг хэлсэн юм.
Тус үндэсний чуулганд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей оролцон, нутгийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах талаар Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн тухай танилцуулга хийв. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг танилцуулсан бол “Орон нутгийн Хурлын байгууллагад мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хийж буй ажил, анхаарах асуудал” сэдвээр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн Су.Батболд “Монголын нутгийн удирдлагын холбооноос нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар хийж буй ажил, анхаарах асуудал” сэдвээр “Хамтын хүч-нутгийн хөгжил” үндэсний чуулганд оролцож буй 750 орчим төлөөлөгчдөд танилцуулга хийж, мэдээлэл өгсөн юм. Монголын нутгийн удирдлагын холбооны дэд тэргүүн Г.Маналжав мөн мэдээлэл хийв.
Үндэсний чуулганы хамтран зохион байгуулагч Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Нийтийн сонсгол-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн үр нөлөөг сайжруулах арга хэрэгсэл болох нь” сэдвээр мэдээлэл хийв. Тэрээр нутгийн удирдлага, төрийн захиргааны байгууллагын чиглэлээр хийж буй хууль эрх зүйн шинэчлэлийн талаар өмнөх илтгэл, танилцуулгуудад дурдагдсан болохыг дурдаад “Үндсэн хуульд монголын ард түмэн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан засгийн эрхийг барих тухай заасан чухал заалт бий. Иргэн бүр өөрийн хувь заяагаа шийдэх шийдвэр гаргах явцад оролцох, оршин суугаа орон нутагтаа явагдаж буй нийгэм, эдийн засгийн холбогдолтой аливаа шийдвэрт оролцож байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь Монгол Улсад ардчилал, хүний эрх чөлөөг баталгаажуулж байгаа нэг хэлбэр” хэмээн онцолсон. Тиймээс төрийн эрхийг барих, төрийн үйл ажиллагаанд хяналт тавихад, засгийн эрхийг удирдахад иргэдийн оролцоог хангах зорилготой Нийтийн сонсголын тухай хуулийг өнөөдрийн чуулганы үеэр танилцуулж байгаа талаар дурдан, үндэсний чуулганы оролцогчдод уг хуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Төгсгөлд тэрээр Нийтийн сонсголын тухай хуульд зарим төрлийн нийтийн сонсгол хийх нарийвчилсан журмыг Улсын Их Хурал батлахаар заасан болохыг хэлээд, Монгол Улсын 330 сумаас ирсэн төлөөлөгчид тус журмыг боловсруулахтай холбоотойгоор саналаа одоо гаргаснаар холбогдох мэргэжилтнүүд, нэгжид шууд хүргэх боломжтойг хэлэв.

Төрийн ордонд болж буй “Хамтын хүч-нутгийн хөгжил” үндэсний чуулган 18.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус арга хэмжээнд оролцож, багийн хөгжлийн бодлогын талаар Засгийн газрын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар чуулганы оролцогчдод мэдээлэл хийнэ. Мөн хамтын хүчний давуу талыг бэхжүүлэх гарц, боломжуудын талаарх илтгэлүүдийг танилцуулж, оролцогчдын дунд чөлөөт ярилцлага өрнүүлэх юм. Сайн туршлагуудыг дэлгэрүүлэх зорилготой “Иргэдийн санаачилга тосгоны хөгжлийн эх сурвалж болох нь”, “Иргэдийн бүлэг-газар өмчлөлийн холбоо” сэдэвт танилцуулга, мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд, чуулганы зарим төлөөлөгч хийнэ. Түүнчлэн багийн сан, хорооны хөгжилд иргэдийн оролцооны талаар болон сум хөгжүүлэх сангийн талаар оролцогчид туршлагаа хуваалцах аж. Төгсгөлд нь “Хамтын хүч-нутгийн хөгжил” чуулганы төгсгөлд өнөөдөр гарсан саналуудыг хэлэлцэн, зөвлөмж гаргах юм байна.