Categories
мэдээ нийгэм

“Хас”-ын Ч.Ганхуягийн “Эх орноосоо жинхэнэ урвагчид бол С.Ганбаатар, С.Уянга тэргүүтнүүд” хэмээх ярилцлагыг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн гарлаа. CEO клубын ерөнхийлөгч, “Хас-ын Ч.Ганхуягийн “Эх орноосоо жинхэнэ урвагчид бол С.Ганбаатар, С.Уянга тэргүүтнүүд”, Монгол улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Гандийн “Унгар улс Ази руу хандсан эдийн засгийн бодлогын хүрээнд Монголтой харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байна”, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн “63 мянган хүн тутамд нэг мандат ногдоно” зэрэг цаг үеийн чухал сэдвийн дагуух дэлгэрэнгүй ярилцлагууд өнөөдрийн манай сонинд хэвлэгдлээ.

Б.Цэнддоогийн “Сайхан жил, муухай жил” хэмээх эсээ өнөөдрийн дугаарт багтсан бөгөөд аливаа зүйлсийн талаар хүн юу гэж бодно, тэр нь биелэлээ олж байдаг гэх санааг тусгажээ. “Жаргалтай байна гэж бодох л өөрөө жаргал шүү дээ. Өглөө босоод тэнгэр харж мөн сайхан өдөр болохнээ гэж гэж сэтгэл солох, зүгээр л инээмсэглээд зөрөх, баярлаж талархсан сэтгэл нүдэн дээр асах хүн “Зүгээр ээ хө, миний оронд чи байсан бол бас л ингэж байсан шүү дээ” гэж хөөр дүүрэн хэлэх, сайхан боссон барилгыг “Яасан сайхан байшин бэ” гэж бахдах, дэлгүүрт ороод “Ямар гоё дэлгүүр вэ … Зовлонтой байна гэж бодох л зовлон шүү дээ. Зовлон гэдэг нь … Өглөө босоод “Энэ тэнгэрийн байж байгаа царайг, өөдлөхгүй бололтой” хэмээн гонсойх, аргагүйн эрхэнд хүнд юм өгчихөөд “Хайран хөрөнгө минь нохойн хоол боллоо доо, энэнээс ч эргүүлж авна гэж худлаа даа” хэмээн гол харлах, инээсэн хүн хараад “Үхсэндээ инээсэн юм бол, аягүй бол намайг дооглоод байгаа даа” гээд уурсах …” хэмээн бичжээ. Дэлгэрэнгүйг баримт үзэл бодлын гуравдугаар нүүрт Түүнчлэн “My voice” тэмцээний хоёрдугаар байрын шагналт Б.Билгүүний “Жастин Бибер шиг болох юмсан гэж боддог” болон Монголын үндэсний циркийн харьяа “Puje and guys troupe” хамтлагийн жүжигчин Ц.Пүрэвжаргалын “Парисаас алтан цом авчирсан үзүүлбэр маань дэлхийн циркчдийн дээд амжилтыг эвдсэн” зэрэг ярилцдагууд мөн орлоо. Үүнээс гадна цаг үеийн мэдээ мэдээллийг бүрэн эхээр нь өнөөдрийн дугаартаа багтаалаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Эмийн салбарыг дэмжих 30 тэрбум төгрөгийн эх үүсвэрт анхаарна гэв

“Эмийн салбарыг дэмжих 30 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн асуудалд 3асгийн газар анхаарна” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. Өнөөдөр болсон “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд эмийн бүтээгдэхүүнийхээ 50 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болгохын төлөө төсөв, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн байна. Учир нь эдийн засгаа солонгоруулах боломжийн нэг нь эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар ажээ.

Үндэсний аюулгүй байдлын бодлогод эмийн бүтээгдэхүүний 50 хүртэлх хувийг дотооддоо үйлдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэтэл монголчууд эмийн хэрэгцээнийхээ дөнгөж 17 хувийг үйлдвэрлэж байгаа юм байна. Хэрэв 30-аад тэрбумын хөнгөлөлттэй зээл олговол Монгол Улс эм, эмийн бүтээгдэхүүнийхээ 40 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэх боломжтой болох юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд малчны зээлийн хүүг бууруулах боломжтой гэв

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг малчны зээлийн хүүг бууруулах боломжтой гэв. Тэрээр “Хоёр долоо хоногийн өмнө энэ чиглэлээр Монголбанк болон бусад холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн. Төрийн банкны үйл ажиллагааг чиглүүлснээр жилийн 30 хувийн хүүг 10 хувь болгох бололцоо байгаа. Малчид 240 орчим тэрбум төгрөгийн зээлийг сарын 2,5 хувийн хүүтэй ХААН, Төрийн банкнаас авсан. 2,5 хувь гэдэг бол маш өндөр хүү. Авсан зээлээ ашиглаад малчид үйлдвэрлэл, мал аж ахуйгаа хөгжүүлэхэд хүндрэлтэй. Цагаан сарын өмнө энэ зээлийн хүүг 30-аас 10 руу оруулах асуудлыг шийдэх боломжийг Засгийн газар эрэлхийлж байна” гэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс тэтгэвэр, цалингийн, малчны зэрэг бүх төрлийн зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол банкны Ерөнхийлөгчөөс шаардсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс авлигын индексээр 72-т opжээ

“Transparency International” байгууллагаас олон улсын авлигын 21 дэх индексийг өнөөдөр танилцуулав. Судалгаанд 168 орон хамрагджээ. Манай улс 39 оноогоор 72 байрт жагссан байна. Өнгөрсөн онд Монгол Улс 175 орноос 80 дугаар байрт жагссан юм.

Авлига багатай орнуудыг Дани 91 оноо, Финлянд 90 оноо, Швед 89 оноотойгоор тэргүүлж байна. Харин Сомали болон Умард Солонгос найман оноо, Афганистан 11 оноогоор авлига хамгийн ихтэй орноор тодорчээ. Мана хойд хөршийн хувьд сүүлийн дөрвөн жил авлигын индексээр тэргүүлэгч орны нэгээр тодорсон байна. Тус улс Азербайжан, Сьерра-Лион, Гайана улстай хамт 119 дүгээрт жагсчээ.

Авлигын индексийг 0-100 оноогоор дүгнэдэг. Оноо бага байх тусам авлигад их автсан, харин их байх тусам авлигаас ангижирсан гэж үздэг байна.

Categories
мэдээ улс-төр

Р.Жигжид сайд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Уул уурхайн сайд Р.Жигжид Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.

Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулахаар тусгасан байдаг. Гэвч цацраг идэвхт ашигт малтмалын төрийн эзэмшлийн хувь хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлсэн тохиолдолд яаж зохицуулах талаар тусгаагүй юм байна.
Иймд цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөртэй холбоотой зохицуулалтыг бий болгох зорилгоор дээрх хуулийн төслүүдийг боловруулжээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын Бодлогын зөвлөл ипотекийн зээлийг хэлэлцэв

АН-ын Бодлогын зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэж байна.

АН-ын дүрэмд “Бодлогын зөвлөлтэй байна” гэж заасан байдаг. Үүний дагуу өнгөрсөн сарын эхээр Ардчилсан намын дарга З.Энхболд Бодлогын зөвлөл байгуулах шийдвэр гаргасан. Энэ нь Ардчилсан нам фракцигүй болж, салбар мэргэжлээ даган зөвлөлд хамаарах боломжийг гишүүддээ олгох зорилготой алхам ажээ.

https://www.facebook.com/Zandaakhuu.Enkhbold/video… href=”https://www.facebook.com/Zandaakhuu.Enkhbold/videos/975842482497264/”>АН Бодлогын бүлгэм дээр ипотекийн тухай ярьж байна
Posted by Зандаахүү Энхболд Zandaakhuu Enkhbold on Wednesday, January 27, 2016

УИХ ипотекийн зээлийн гацааг арилгаж, холбогдох хуульд өөрчлөлт оруулаад байгаа. Ийм алхам хийснээр орон сууц авахаар материалаа бүрдүүлсэн 700 гаруй иргэний зээлийг олгох шийдвэрийг банкууд гаргасан билээ. Парламент мөн ипотекийн зээлийг олгох ажлыг үргэлжлүүлэх зорилгоор Тэтгэврийн нөөц сангийн хуулийг баталсан юм. Засгийн газар ипотекийн зээлийн найман хувийн хүүг бууруулж тав болгох эсэхийг шийдвэрлэнэ.

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэв

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат УИХ-ын дарга З.Энхболдод Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.

Улсын хэмжээнд өнөөг хүртэл 600 гаруй ашигт малтмалын ордын нөөц тогтоогджээ. Үүнээс 200 гаруйг нь ашиглаж байна. Олон жил ашигласан уурхайн дэргэдэх ашигт малтмалын хүдрийн овоолго, хаягдлыг дахин ашиглахыг төрөөс хөхиүлэн дэмжих шаардлагатай байгаа талаар Улсын Их Хурлын даргад Д.Эрдэнэбат танилцуулсан юм. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүдрийн ил уурхайн ашиглалтын хугацаанд ихээхэн хэмжээний хүдрийн овоолго үүсчээ. Нүүрс, алт болон бусад төрлийн ашигт малтмал олборлодог уурхайн ашиглалтын явцад ч ихээхэн хаягдлын овоолго хуримтлагддаг байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа хоёрдогч ашигт малтмал боловсруулж буй гадаад орнуудын туршлагыг судалсан аж. Тухайлбал, Канад улс зэсийн үйлдвэрлэлээс үүссэн 0.45 хувийн зэсийн агуулгатай овоолгын хаягдлаас баяжуулалтын шинэ аргаар боловсруулалт хийж нийт хаягдал зэсийн 40 хүртэл хувийг авдаг байх юм.

Categories
мэдээ нийгэм

Бараа, бүтээгдэхүүн дээр монгол тайлбартай шошго наахыг шаардлаа

ШӨХТГ-аас хийсэн шалгалтаар худалдааны төв, дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүн нэг бүр дээр англи, орос, монгол тайлбарыг наагаагүй зөрчил илэрсэн байна.

Ийм тайлбаргүйгээс хэрэглэгчдэд худалдагчаар дамжуулан бараа бүтээгдэхүүний орц, найрлага, зориулалтын талаарх мэдээллийг өгч байсан аж. Тухайлбал “Хятад дэлгүүр”-т борлуулж буй хүнсний бүтээгдэхүүнүүд бүгд хятад тайлбартай, жинлэж зардаг бүтээгдэхүүнүүд нь шошго, тайлбаргүй байжээ.

ШӨХТГ-ын байцаагч нар бараа бүтээгдэхүүн дээр монгол тайлбар наагаагүйгээс хэрэглэгчид орц тунг тааруулахгүй, хадгалалтын горимыг зөрчихөд хүрдгийг хэллээ. Буруу хэрэглэснээс эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирох эрсдэлтэй байдаг ажээ. Иймээс ШӨХТГ-аас зөрчил илэрсэн аж ахуйн нэгжүүдэд импортын бараа бүтээгдэхүүн нэг бүр дээр монгол тайлбар заавал наасан байх шаардлагыг тавьсан байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд бараа бүтээгдэхүүний тайлбар англи, орос, монгол хэлээр байна гэж заасан байдаг.

Categories
мэдээ улс-төр

ТББХ таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.01.27/ хуралдаан 14 цаг 41 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга А.Бакей энэ талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулах хууль тогтоомжийн талаар хууль санаачлагчдын саналыг урьдчилж авсан. Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 16, Төрийн байгуулалтын байнгын хороо 3, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 1, Эдийн засгийн байнгын хороо 5, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 14, МАН-ын бүлэг 10, “Шударга ёс” эвслийн бүлэг 28, Монгол Улсын Засгийн газар 84 хууль тогтоомжийн төсөл санал болгосон байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, С.Оюун нараас гурван санал тусгайлан ирүүлсэн. Хууль санаачлагчид хаврын ээлжит чуулганаар нийтдээ 161 хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэх саналаа ирүүлснийг дурдав.

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг жагсаалтад нэр зааж тусгах зарчим баримталсан. Тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзсэнэээ танилцуулав.

Ингээд байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын санаачилж энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр энэ талаарх хууль санаачлагчийн илтгэддээ, Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь 1995 онд батлагдсан ч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хэрэглэгдээгүй бөгөөд хуулийн зарим зүйл, заалтууд хуучирсан, холбогдох хуулиуд шинэчлэгдэн батлагдсанаар хэрэгжих боломжгүй болсон байна. Тиймээс Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн төсөл шинэчлэн батлагдсан бөгөөд энэ хуулийн үзэл баримтлал, зарчимд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг нийцүүлэх шаардлага бий болсныг дурдав.

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл нь 6 бүлэг, 24 зүйлтэй юм. Уг хуулийн төслийг шинэчлэн баталснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Хуулийн төсөлд төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахаар тусгасны зэрэгцээ Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэг удаагийн санал асуулгыг хоёроос дээшгүй асуудлаар явуулахаар тусгасан байсныг өөрчилж санал асуулга явуулах асуудлын тоог тухайн санал асуулга явуулах эрх бүхий этгээд шийдвэрлэх, түүнчлэн гадаад улсад байгаа иргэдээс ард нийтийн санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоохоор тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд асуулт асууж тодруулсан юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын санаачилж, энэ сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулсан юм.

Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг өнгөрсөн оны сүүлчээр батлагдсан Сонгуулийн тухай хуультай нийцүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс уг хуулийн төслийг санаачлан боловсруулсныг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Хуулийн төсөл нь 1 зүйл, 1 заалттай юм.

Уг хуулийн төслөөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна. Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж өөрчлөн найруулахаар тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Дэгийн хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэв

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт танилцуулав.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны харьяа Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлэх асуудлыг хариуцаж ажилладаг. Гэвч 2005 онд батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн хугацаа 2015 онд дуусгавар болжээ.

Улмаар 2015 оны 9 дүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулга уулзалтаас 2030 он хүртэл хэрэгжүүлэх дэлхий нийтийн хөгжлийн хөтөлбөр болон “Тогтвортой хөгжлийн зорилгууд” хөтөлбөрийг баталсан. Тус чуулга уулзалтын үеэр Монгол Улс ядуурал, ажилгүйдэл, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, байгаль орчны бохирдол, ногоон хөгжил зэрэг асуудалд өөрийн улсын байр суурийг илэрхийлж, уг баримт бичигт саналаа тусгуулсан байна. Иймээс эдгээр зорилгуудыг Монгол Улсын хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлэх асуудлыг эрхлэх Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны нэрийг “Тогтвортой хөгжлийн дэд хороо” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Бакей уг дэд хороо нь аль байнгын хорооны харьяанд байхыг тодруулахад төсөл санаачлагч гишүүн Д.Батцогт өмнөх дэд хороо нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны харьяанд ажиллаж ирсэн. Дэд хорооны нэрийг өөрчилсөн ч гэлээ НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилгуудад нийгмийн чиглэлийн асуудлууд голлож байгаа учраас үндсэн байнгын хорооныхоо харьяанд байх нь зөв гэж үзэж байгаа гэсэн хариулт өгсөн юм. Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, хууль санаачлагч болон Улсын Их Хуралд албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах санал оруулсан Улсын Их Хурлын гишүүн тодорхой шалтгаангүйгээр уг асуудлыг хэлэлцэх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй байх, санаачилсан асуудлаа хуралдаанд танилцуулахгүй байх нь Улсын Их Хурал үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байна. Түүнчлэн хуулиар тухайн асуудлыг хэлэлцэх хугацааг тусгайлан тогтоосон байхад нам, эвслийн бүлэг завсарлага авч байгаа нь хууль зөрчигдөхөд хүргэж, асуудлыг хуульд заасан хугацаанд хэлэлцэх боломжгүй болгож байгаа учраас хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хуульд зохих өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарч байгааг дурдлаа.

Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хууль санаачлагч болон Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.12-т заасан санал оруулсан Улсын Их Хурлын гишүүн уг асуудлыг хэлэлцэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, эсхүл төсөл, саналаа танилцуулаагүй бол түүнийг уг хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, саналаа татан авсанд тооцох агуулгатай заалт нэмэх, 4.6 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хэлэлцэх хугацааг тусгайлан тогтоосон асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авахыг хориглосон зохицуулалтыг нэмж тусгахаар уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд дэгийн хуулийг ганц нэг гишүүний саналаар ойр ойрхон өөрчлөөд байх нь зохимжгүй, тогтвортой мөрдөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдгаа хэлээд уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг байнгын хорооны ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүний санаачилж 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч хуулийн төслүүдийг нэгтгэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий байнгын хорооны ажлын хэсгийн саналаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийхээр хойшлууллаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан, томуугийн араас менингит гарах өндөр магадлалтай байна

ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангийн хэлснээр улаанбурхан, томуу хоёр өвчний араас менингит гарах өндөр магадлалтай байна. Иймд толгой хүчтэй өвдөж, өндөр халуурч, арьсан дээр цусархаг тууралт гарвал яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй юм байна.

Вакцин хийлгэж энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой аж. Энэ урьдчилан сэргийлэх вакциныг ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабенитад хийдэг. Үнэ нь нэг хүн тун нь 5000 төгрөг. Вакциныг халуурч байгаа, эсвэл халдварт өвчин туссан хүн хийлгэх боломжгүй юм байна. Харин гэрийн нөхцөлд уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд давс, царван, тамедины уусмалаар хоолойгоо тогтмол зайлж, хоолой, амны хөндийн эрүүл ахуйг сайн сахих хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Энэ өвчний бактерийн тээгч нь гол төлөв 0-5 насны хүүхэд байдаг аж. Энэ өвчнийг эхэн үед эмчилгээ хийлгэхгүй бол хүндэрдэг байна. Улмаар хамгийн хүнд хэлбэр болох цахилгаан менингит болж, өвчтөн амиа алдах аюултайг эмч мэргэжилтнүүд анхааруулсан юм.