Categories
мэдээ нийгэм

Бямба гаригт тэгш, ням гаригт сондгой дугаартай машин явна

Амралтын өдрүүдээр буюу 2016 оны нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 06-ны бямба гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 07-ны ням гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлажээ.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа мэдээлэл хийнэ

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн билээ.

Тэгвэл уг асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа хууль зөрчин УИХ-аар хэлэлцсэн гэж үзэн өнөөдөр 11:30 цагт хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Уг асуудлыг дэгийн тухай хууль зөрчсөн хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мөн хэлсэн билээ. Дашрамд дурдахад, Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-ын Тамгын газраас Улсын дээд шүүхэд хүргүүлсний дагуу ийнхүү хэлэлцжээ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн тухай сургалт хийжээ

Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0243 дугаар ангийн 0281 дүгээр салбарт цэргийн алба хааж байсан байлдагч Г, Б нар оргосон хэрэг сард гарсан.

Энэ хэргийг шуурхай шалгаж шийдвэрлүүлэх талаар аймгийн прокуророос анхаарч ажиллаж байгаа бөгөөд хэргийг шалгах ажиллагааны явцад нь хянаж прокурорын даалгавар бичсэн байна. Мөн тус ангитай хамтран харуулын бага дарга нарт Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 29 дүгээр бүлэг болох “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”-ийн тухай ойлголт, хүлээлгэх хариуцлага, гарч байгаа гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийн талаар сургалт зохион байгуулжээ.

Цаашид бүх албан хаагчдад дээрх сургалтыг явуулж өгөх хүсэлтийг тус ангийн удирдлагаас гаргасныг хүлээн авч сургалтыг үргэлжлүүлэн явуулах, түүнчлэн Сэлэнгэ аймагт үйлдэгдэн гарч байгаа гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, прокурорын байгууллагын чиг үүрэг, хийсэн ажлын талаар яриа хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ченжийн амийг хөнөөсөн хэрэг шүүхэд шилжлээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 2015 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө ченж Б-нь гадны нөлөөтэй амь насаа алдсан онц ноцтой гарч энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан.

Энэ хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэхэд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас анхааран ажиллаж байгаа ба 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Яллагдагч Б нь хохирогчийн биед байсан 30.300 доллар, 800 рубль буюу /монгол мөнгөөр 60.472.360 төгрөг/ авах зорилгоор шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бүрэлгэсэн ба улмаар бусдын амь насыг санаатай хохироосон гэмт хэргийн ул мөрөө баллах зорилгоор хохирогчийн гэрт бензин цацаж гал тавин эд хөрөнгийг нь санаатайгаар устгаж гэмтээсэн гэж үзэн хэргийг зүйлчилж шүүхэд шилжүүлжээ.

Categories
мэдээ спорт

Буудлагынхан олимпийн эрхийн төлөө өрсөлдөв

Энэтхэгийн
Дели хотноо “РИО-2016” олимпийн эрх олгох буудлагын Ази тивийн сүүлийн тэмцээн
болж буй. Тус тэмцээнд тивийн 30-аад орны 538 мэргэн буудагчид 35 олимпийн
эрхийн төлөө өрсөлдөж байна.

Энэ удаагийн тэмцээнд олимпийн эрхээ аваад байгаа
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа (гар буу), ОУХМ Ц.Мөнхзул (гар
буу), ОУХМ Г.Нандинзаяа (урт буу) нарын шилдгүүд багийн бүрэлдэхүүнд багтан
өрсөлдөж буй. Өчигдөр болсон 10 метрийн гар бууны эмэгтэй дасгалд 45 тамирчин
өрсөлдсөнөөс ОУХМ Т.Баярмаа 13, ОУХМ Т.Баярцэцэг 19, ОУХМ Т.Гантуул 38-р байрт
орлоо.

Энэ дасгалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ
Ц.Мөнхзул нар хувиар буудсан байна. Мөн энэ өдөр явагдсан 50 метрийн хэвтээгээс
60 сум буудах эрэгтэй дасгалд нийт 41 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Х.Бямбабаатар
VI байрт орсон бол ОУХМ Н.Баяраа 616,9 оноогоор 15-р байр, ОУХМ Б.Бишрэл 615,9
оноогоор 23-р байрт жагслаа. Энэ дасгалд БНСУ, Тайландын буудагчид “Рио”-г
зорих эрхээ авчээ. Мөн 25 метрийн олимпийн хурдан буудлагын эрэгтэй дасгалд
спортын мастер О.Төгөлдөр, спортын мастер Ш.Буянзаяа нар эхний 30 сумаа
буудсан.

Тэд өнөөдөр дахин 30 сум буудах юм. “РИО-2016” олимпийн эрх олгох Ази
тивийн сүүлийн тэмцээнд манай улсаас нийт 16 тамирчин, гурван дасгалжуулагчийн
хамт оролцож байгаа бөгөөд тэмцээн ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 21 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, говийн нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Завхан голын эхээр 37-42 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эхээр шөнөдөө 49-54 градус, өдөртөө 37-42 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй, нутгийн өмнөд хэсгээр явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй, нутгийн өмнөд хэсгээр явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, нутгийн хойд хэсгээр явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Бурмаа: Ардын дуу гэдэг ертөнцөд тодорхой хэмжээгээр амьдармаар Байна

Ардын дууны ая данг мэдрүүлж, сонсогч түмний хүндэтгэлийг хүлээсэн дуучин Даваагийн Бурмаатай уулзлаа. Тэрээр ардын дууг орчин цагийн хэмнэлд оруулж дуулснаараа сонсогчдын талархлыг хүлээгээд байгаа юм. Ингээд дуучин бүсгүйн ярилцлагыг хүргэж байна.

-Фэйсбүүкт хөдөөний нэг хөөрхөн жижигхэн хүү “Тэсийн голын гал шарын Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна” хэмээн дуулж байгаа бичлэг тавигдаж олон хүн лайк дарсан. Түүнийг танай хамаатан гэж байсан үнэн үү?

-Тийм ээ, манай ахын хүү. Амарсайханы Өсөх-Ирээдүй гэдэг. Одоо таван настай, Увс аймгийн Улаангомд байдаг.

-Танай удамд дуулж хуурддаг хүн байдаг биз дээ?

-Байлгүй яахав, би удмаа дагаад дуучин болсон. Одоогоор манайхнаас дууны ертөнцөд дуугаа дуулаад л явж байгаа нь би. Би эхээсээ их олуулаа, арвандөрвүүлээ. Миний ах, эгчийн хүүхдүүдээс дуулаачаар суралцаж байгаа хүүхдүүд бий. Соёл, урлагийн их сургуульд одоо хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дуурийн, эстрадын, уртын дуучнаар сурч төгссөн. Ер нь бол манайханд дуулдаг хүүхдүүд байгаа. Хэлд орсон цагаасаа дуулсан нь ч их олон. Фэйсбүүкт тавигдсан тэр дүү маань бол манайхны хувьд хамгийн энгийн зүйл. Гэхдээ их хөөрхөн дуулсан. Дуучин СТА Э.Төрмандах нь манай хүргэн дүү. Тэр хүү Төрмандахын дуунуудыг дуулдаг.

-Аав, ээж тань дуулдаг уу?

-Миний аав бол ардын урлагийн төлөөлөгч хүн байсан. Сум, аймгийнхаа театрт дуулдаг. Аавын маань удамд дуулдаг хүн маш олон. Ихэнх нь хөдөө амьдардаг. Тэд маань сайн уран сайханчид, манай нутгийнхан ч мэднэ дээ. Ер нь монголчууд өөрсдөө их дууч ард түмэн.

-Ингэхэд та хэдэн цомог гаргасан бэ?

-2007 оноос хойш таван цомог гаргачихаад байгаа.

-Алийг нь хамгийн сайн цомог болсон гэж боддог вэ?

-Таван цомогт нийтдээ 60 гаруй дуу орсон байдаг. Хамгийн анхны CD маань хүмүүст маш сайн хүрсэн би олонд хурдан танигдсан. Ардын дууг этник хэлбэрт оруулж, орчин үеийн электрон хөгжимтэй дуулсан. Тэр үед Монголд ийм юм байгаагүй. Нийтийн дуунд ид хошуурч байсан үе. Миний араас “Шуранхай” хамтлагийн гурван бүсгүй зэрэг ардын дууг этник хэлбэрт оруулж дуулсан дуучид зөндөө гарч ирж байгаа. Ингэснээр надад өрсөлдөөн бий болж, уран бүтээлийнхээ чанар чансааг сайжруулах, хөгжмийн найруулга зэрэг дээрээ анхаарч, уран бүтээлдээ хөрөнгө мөнгө зарцуулах шаардлага тавигдаж байгаа. Ингэснээр уран бүтээл маань өсөж дэвжиж байгаа гэж би ойлгодог. Эхнийхээ цомгийг гаргасны дараа би Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн уран бүтээлийг үргэлжлүүлнэ гэдгээ хэвлэлийн бага хурал хийлгэж, албан ёсоор мэдэгдсэн. Дараа нь “Та мөнх” гэдэг цомог гаргасан. Түүнд маань”Усны урсгал”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Усны тунгалаг Тамирын гол” зэрэг дуунууд орж миний уран бүтээл олон түмэнд илүү танигдсан.

-Ардын дууг этник хэлбэрт оруулж дуулах санаа анх хэрхэн төрсөн бэ?

-Би өөрөө ардын урлаг судлаач мэргэжилтэй. Тиймээс түүнийг дуулах манерийг нь мэднэ. Өөрийнхөө мэддэг ардын дуунуудыг хөг аялгуугаар нь судалсан тул мэддэг. Ийм санаа гаргахад миний мэргэжил нөөлөлсөн. Тиймээс ч хүмүүс нийтийн дуу руу хошуурч байх үед содон шинэ байх болов уу гэж бодоод ингэж дуулсан маань үр дүнд хүрсэн. “Хар торгон хамжаар”,“Үзэсгэлэн гоо”, “Гарын арван хуруу” зэрэг дуунуудыг маш сайн хүлээж авсан. Одоо ч гэсэн хүмүүс сонсох дуртай байдаг. Ялангуяа хамгийн анхны цомогт орсон дуунуудыг маань. Би 60-70 ардын дуу дуулсан. Гэхдээ тэдгээрийг орчин үеийн болгож үг, аяыг нь өөрчлөөгүй. Аль болох уламжлалыг нь хадгалахыг хичээсэн. Яагаад гэвэл би өөрөө судлаач хүн учир эвдэж болохгүй гэдгийг мэддэг.

-Та эхлээд судлаачаар, дараа нь Соёл урлагийн их сургуулийн уртын дуулаачийн ангийг төгссөн. Ингэхэд хэн багшийн шавь бэ?

-Дэлгэр багш маань надад гурван жил багшилсан. Сүүлийн хоёр жилд нь СТА, уртын дууч Батболдын шавь болсон. Энэ хоёр багшийн удирдлага дор сургуулиа төгссөн. Дэлгэр багш маань Хөх хотод ажиллахаар явсан тул би Батболд багшийн шавь болж байлаа. Соёл урлагийн их сургуулийн уртын дуулаачийн ангид сурч байгаа оюутнууд бэлтгэл ангиасаа эхлээд төгсөх хүртлээ 60-70 дуу сурах ёстой гэдэг юм билээ. Би бол надад хэрэг болохоор, дуулж болохоор 30 дуутай төгссөн. Хоёрын хооронд олон юм руу самгардаад яахав гэж бодсон тул 30 дууг өөрийн болгож чадсан. Гэхдээ одоохондоо дуулахгүй байгаа. Яагаад гэхээр уртын дууны орон зай нэг их хөгжөөгүй. Тэгээд ч ардын дуу гэдэг ертөнцөд тодорхой хэмжээгээр амьдармаар байна.

-Уртын дуу хөгжөөгүй гэж та сая хэллээ. Яагаад хөгжихгүй байгаа юм бол?

-Уртын дууг дуулах арга барил, дуулаачид нь хөгжөөд байгаа. Уртын дууг зах зээлд гаргаж үнэлэхгүй байна. Монголдоо гэхээсээ илүү гадаадад сайн хүлээж авдаг. Түүнийг найр хуриман дээр дуулахаас биш тоглолтон дээр дуулахад ойлгодог гэсэн ч ойшоох нь бага байдаг. Энэ нь нийгэм, техник технологийн хөгжил дэвшилтэй холбоотой юм шиг. Түргэн аятай гадаадын дуунууд руу илүү хошуурч байна. Зах зээл нь бий болоогүй гэж хэлнэ.

-Гадаадад уртын дууг сайн хүлээж авдаг гэлээ. Түүнийг ойлгодог болов уу. Уртын дуу маань нүүдэлчний соёл, байгаль зэрэгтэй холбоотой өөрийн гэсэн их онцлогтой. Тэр дээшээ, доошоо хүрч байгаа өнгийг нь бол гаднынхан гайхдаг байх.

-Мэдээж цаад гүн ухааныг нь ойлгохгүй. Түүнийг дуулж байгаа хүмүүс нь хоолойны цар хүрээ, арга барил, өвөрмөц дугаралт, хүний чихэнд хүрч байгаа ая дан, шуранхай зэрэг нь гадаадынханд сонин сонсогддог байх л даа. Дотоод философийг нь бол ойлгохгүй. Үгийг уртаар аялгуулан дуулахыг уртын дуу гэнэ шүү дээ.

-Та уртын дуугаа аль зэрэг судалж байна?

-Одоохондоо нэг их судлаагүй. Яагаад гэхээр ардын дуутайгаа зууралдаж байна. Юм юм руу үсчээд баймааргүй санагддаг.

-Ардын дууныхаа чиглэлээр ямар судалгаа хийж байна?

-Учиргүй том бүтээл гаргадаггүй юм аа гэхэд өөрийнхөө дуулдаг дууны домог түүхийг мэднэ. Хичнээн аялгуутай байсан, цаг хугацаа, нийгэм өөрчлөгдөхөд яаж хувирч байсныг мэднэ. Өөрийнхөө хэмжээнд ном гаргахаар бэлдээд л байгаа. Би нэг их олон ном гаргахгүй байх л даа. Ардын дууг дараа дараагийн үеийн залуу дуучдад сурахад ойр болгох зорилгоор ардын дуу дуулах ур зүйн асуудлаар жижигхэн судалгааны ном бичих тухай гурван жилийн өмнөөс яриад л байгаа. Номыг маань хянах хүмүүс арай болоогүй гэсэн. Ерөнхийдөө нэлээд нягт нямба хийж байж гаргая гэж бодож байгаа. Ном маань цаанадаж хоёр жил, наанадаж нэг жилийн дараа гарах байх.

-Та жил бүр тоглолт хийдэг гэж ярьж байсан. Ойрын үед тоглолт хийхээр төлөвлөж байна уу?

-Энэ жил завсарлаж магадгүй байгаа. Яагаад гэхээр уран бүтээлч хүн үзэгчдэд тодорхой хэмжээний хүлээлт үүсгэх хэрэгтэй юм шиг байна. Байнга тоглолт хийгээд байхаар үнэ цэнээ алддаг шиг санагдсан. Тиймээс энэ жил хөдөөгөөр тоглолтоо хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын заан Сарангэрэлийн ХҮрэлбаатар: Сар шинийн барилдаанд Бүрэнтөгс арсланг манлайлна гэж хүлээж сууна

Зүүн гараас шинэ заан Ч.Амартүвшин, Ч.Гочоосүрэн, Д.ЦэндАюуш, С.Хүрэлбаатар, шинэ начин Д.Батмөнх, Д.Дашжамц. Төв цэнгэлдэх. 1981.07.11

Монгол Улсын заан, гавьяат тамирчин Сарангэрэлийн Хүрэлбаатартай ярилцлаа.

-Цагаан сарын баяр хаяанд ирлээ. Хэн хүнгүй сар шинийн бөхийн барилдааны талаар таавар уралдуулж байна. Хоёулаа ч яриагаа эндээс эхэлье. Та цагаан сарын барилдаанд анх хэдэн онд зодоглож байсан бэ?

-1980 онд анх барилдаж хоёр даваад гурвын даваанд унаж байсан санагдана. Одоогоос гучин жилийн тэртээ юм даа. Би чинь сар шинийн барилдаанд хоёр ч удаа их шөвгийн дөрөвт шалгарсан юм шүү.

-Хэд хэдэн онд байх уу?

-1983,1985 онд юм. Наян гурван онд Д.Цэрэнтогтох аварга түрүүлж, Д.Амгаа заан үзүүрлэн, Х.Баянмөнх аварга бид хоёр их шөвөгт шалгарч байлаа. Наян таван онд Д.Хадбаатар, Д.Цэрэнтогтох, М.Мөнгөн бид дөрөв үлдсэнээс Хад аварга маань түрүүлж байсан юм.

-Өөрийг тань Буур Жамъян аваргын үед ид барилдаж байсан улсын заан Жамьянгийн удмынх гэж дуулсан юм байна. Энэ тухай тодруулахгүй юу?

-Аавын маань авга ах улсын заан “Пүг” Жамьян гэж хүн байсан. Манай Хөвсгөлийн Галт сумын уугуул бөх. Та сая хэллээ. Буур Жамъян аваргын үед барилдаж байсан гэж. Үнэхээр тийм юм билээ. Монголын бөхийн түүхэнд Буур аваргын үед ид барилдаж, бага залуудаа хийдэд шавилан сууж байсан хүчит заан хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Тэр лут хүнийг би муухан мэднэ. Аав минь том бөхийн удамтай ч барилдаж байгаагүй.

-Улсын наадамд барилдсан түүхээсээ хуваалцахгүй юу. Заан цолыг шууд хүртсэн байдаг?

-1979 онд анх барилдаж хоёр даваад гурвын даваанд улсын начин, бөх тайлбарлагч Ш.Чанрав багшид унаж байсан. Наян онд хоёрын даваанд Увсын Д.Төрмөнх начинд шороодсон юм. Тэр наадмаас хойш дараа жилийн наадам хүртэлх хугацаанд маш сайхан барилдсан байдаг. Ялангуяа заал танхимын барилдаанд тогтмол дээгүүр амжилт үзүүлж байсан. Ингээд ардын хувьсгалын түүхт жаран жилийн ойн наадамтай золгосон доо.

-Тэр жил өөрийгөө шууд заан болчихно чинээ бодож байв уу?

-Гурвын даваанд улсын начин Р.Даваадалайтай тунаж, дөрвийн даваанд аварга О.Балжиннямыг начин цолтой байхад нь мөн тунаж давсан. Тавын даваанд тухайн үед өндөр цолтой бөхчүүдийн зүрхэнд шар ус хуруулж явсан Дамдингийн Галдандагва начинг, зургаад Монгол Улсын заан Ёндонгийн Ишгэнийг начин цолтой байхад нь тунаж давж заан цолыг хүртсэн. Ойн жил байсан учир зургаа давсан бөхөд заан, долоо давсан бөхөд арслан цол олгож байв. Цолны давааг нэгээр урагшлуулдаг жишиг бий. Тэрхүү жишгийн дагуу л цол олгож байсан юм.

-Д.Галдандагва начинтай барилдсан барилдааныг тань сонирхож байна?

-Галдандагва гуай “Ах нь өнөө жил заан болох санаатай байгаа. Хэрвээ заан болчих юм бол ирэх жил дүүгээ заан цолонд хүргэнэ” гэсэн утгатай үг хэлж байлаа. Мань хашир намайг давчих юм бол зургаагийн даваанд Дамдин аварга баараггүй авна гэсэн бодолтой байсан болов уу. Дамдин аварга тэр хоёр их дотно байсан юм. Ер тэр жилийн наадамд бөхчүүд бүгд цолны төлөө зүтгэж байв. Улсын начин цолыг хоёрхон бөх авсан байдаг.

Зүүн гараас Б.Ганбаатар арслан, С.Хүрэлбаатар заан, Д.ЦэндАюуш заан, Ж.Ганболд заан

Д.Баяраа Өвөрхангайн Д.Дашжамц начинг улсын цолгүй байхад нь тавын даваанд амлаж барилдаад унаж байлаа. Хэрвээ давсан бол ааваараа зургаа даваад заан болох байсан даа. Галдандагва начинтай өмнөх жилийнх нь намар Баянхонгор аймагт болсон нэгэн барилдаанд барилдсан юм. Тэгэхэд би хутгаад давчихсан. Түүнийг санаад, намайг хутгах л байх гэж бодсон уу, хоёр хөлөө ээлжлэн хойш тавиад байсан. Ганц хүчтэй зайлахад их амархан уначихаж билээ.

-Зургаагийн даваанд Ё.Ишгэн зааныг начин цолтой байхад нь давсан. Мань хүн заан цолны төлөө зүтгэж байсан нь мэдээж?

-Өө, тэгэлгүй яахав. Дараа нь бодоод байх нь ээ, Ишгэн надтай туначихаад санаа нь жаахан уужирсан байж магадгүй юм. Давна гэдэгтээ хэт их итгэчихгүй юу. Тэр нь яаж илэрсэн бэ гэхээр намайг шуудагдаж, тэндээсээ өргөж цацаад хаяхдаа дутуудуулчихсан. Тэрхэн зуурт би тахимдаад давчихсан юм. Долоогийн даваанд Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох нарын аваргууд бас амлаагүй юм. М.Мөнгөнтэй туначихсан. М.Мөнгөн заан цолтой байв. Тэр хүнийг би үндэсний бөхийн багшаа гэдэг. Жилийн жилд наадмын бэлтгэлд хамт гардаг байлаа. Долоогийн даваанд гарч ирээд “Багш нь явчих уу” гэдэг юм. “Харгүй сайхан барилдчихъя аа, багш аа” гээд л золгосон. Давуулангуут нь сөргүүлээд цохичихсон чинь агаарт хөөрөөд явчихдаг юм. За ингээд шууд арслан болдог юм байжээ гэсэн бодол төрөөд явчихав. Тэгж бодоод л би Ишгэн шиг буруудсан даа. Дээшээ хөөрсөн хүн чинь нумарч бууж ирэхдээ яг дээр минь унасан. Ингээд Мөнгөн багш минь арслан, би заан болж байгаа юм.

-Аав, ээж тань амьд сэрүүн байв уу. Заан цол хүртэхийг тань мэдсэн үү?

-Ээж минь өнгөрчихсөн байв. Аав бол сэрүүн тунгалаг байсан. Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, бөхчүүдийг нутаг усаар нь дуудахгүй, харьяа байгууллагаар нь дуудах шийдвэр гарсан юм. Хүрэлбаатар гэдэг нэртэй бөх олон. Нэг жилийн цагаан сараар долоон бөх барилдаж олны толгойг эргүүлж байсан талтай. Наян нэгэн оны наадамд Архангайн Хашаатын харьяат, улсын начин Б.Хүрэлбаатар бид хоёр хоёулаа аймгийн заан цолтой, Багшийн дээдээр овоглож зодоглосон юм. Тэгтэл Хашаатынхан радиогоор сонсоод нутгийн хүүгээ заан боллоо гэж баярлалдан, найр наадам болсон гэдэг. Харин “Багшийн дээд сургуулийн бөх, аймгийн заан Хүрэлбаатар улсын заан цолны болзол хангалаа” гэхийг сонсоод аавд нэг совин татсан гэдэг. Миний хүү л заан болчихов уу даа гэж боджээ. Тэгээд наадам шувтрах тал руугаа хандах үед шинэ цолтнуудыг овог нэртэй нь танилцуулахад бүх хүн мэдсэн байгаа юм. Өнөө найрлаж сүйд болсон Хашаатынхан гонсгор үлдсэн нь мэдээж. Заан цолыг хүртсэнээрээ аавынхаа далдын хүсэл мөрөөдлийг биелүүлсэн гэж боддог доо.

-Хүрэлээ зааны хувьд “ясны бөх” гэдгээ олон зүйлээр баталсан байдаг. 1997 онд дөчин нас шүргэж байхдаа төрийн наадамд зургаа давж дунд шөвөгт шалгарч байсан?

-Тийм ээ, ер нь харих тал руугаа хандчихсан үедээ Монгол Улсын заан Ж.Ганболдоор тав, залуу начин У.Балжиннямаар зургаа давж Б.Бат-Эрдэнэ аваргад унаж байсан. Олон жилийн туршлага, их спортоор хичээллэж, багагүй амжилт үзүүлж байсныхаа үр нөлөөг тэгэхэд гаргасан гэж боддог шүү.

-Та ер нь улсад хэд шөвгөрсөн бэ?

-Долоон удаа шөвгөрснөөс таван удаа зургаа давсан юм. Наян гурван онд Ё.Ишгэн, Д.Долгорсүрэн нарын хүчтэй заануудыг дараалуулж орхиод Х.Баянмөнх аваргад, ерэн онд Жамцын Даваажав начингаар зургаа давж Ж.Ганболд заанд унаж байсан. Тэр жилийн наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойн наадамд Өлзийн Сумьяа начингаар мөн зургаа давж Б.Бат-Эрдэнэ аваргад унаж байлаа.

-Их спортод үзүүлсэн амжилтуудаасаа дурдаач?

-1979 онд улсын шигшээ багийн тамирчин болсон. Цэндийн Дамдин, Жамсран, Ж.Ганболд, З.Дэлгэрдалай бид хэд нэг үеийн тамирчид. Амжилт гэвэл бас бий шүү. Ухаандаа, самбо болон жүдогоор улсын аваргын болзлыг 12 удаа хангасан байдаг. Олон улсын наадмаас алт, мөнгөн медалийн эзэн болж байсан. Харин нэг бахархууштай нь дэлхийн чанартай наадамд миний бие зургаан удаа оролцохдоо зургууланд нь медальтай ирж байсан. 1981 онд дэлхийн залуучуудын аварга болж байлаа. Наян гурван онд Киевт болсон самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас мөнгөн медаль, наян дөрвөн онд Испанийн Мадрид хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртээд, наян зургаа, наян долоон оны дэлхийн цомоос хошой мөнгөн медалийн эзэн болж байлаа. Мөн 1987 онд Францад болсон дэлхийн аваргаас хүрэл медаль авч байв. Самбо бөхөөр үзүүлсэн тэрхүү амжилтаа эргээд харахад сайхан л санагддаг. Энд нэг хүнийг онцолж хэлэхийг хүсч байна. УБДС (хуучнаар) – ийн физик, математикийн ангийн оюутан байсан намайг их спортод, бөхийн ертөнцөд хөтлөн оруулсан С.Хуушаан багшийгаа үргэлж дээдэлж явдаг юм. Багш минь намайг анх бөх болгосон түүхийг яривал барагдахгүй ээ.

-1994 онд Улс тунхагласны 70 жилийн ойн баяраар Пунцагийн Сүхбат гарьдыг заан цолтой ид байхад нь та алдарт бусгаа мэхээрээ хаяж түрүүлж байсан санагдана. Таны дархан мэх байв уу?

-Уг мэхээр олон хүчтэй бөхийг шороодуулж байсан. Тийм болохоор эвгүй л мэх байж. Том Сүхбатыг хаяж түрүүлж байсан гэснээс би 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсны анхны барилдаанд Х.Баянмөнх аваргатай үлдэж түрүүлж байлаа. Улсын баяр болон цагаан сараас гадна болдог томоохон барилдаануудад хэд хэдэн удаа түрүүлсэн юм байна шүү.

-Нэг зүйлийг сонин болгож асуухад, 1998 оны наадмаар Д.Мөнх-Эрдэнэ арслан тавын даваанд таныг амлахад өөрөө ихэд уурлаж, барилдахгүй багагүй хугацаа авч байсан. Яагаад тэгсэн юм бэ?

-Яах юу байхав дээ. Мөнх-Эрдэнэ арсланг арай ч намайг амлахгүй байх гэж бодсон юм аа. Учир нь тэр жил (1998 он) – ийн хавар арсланг дагуулан өөрийн танил улсын нэртэй анчныд очиж гөрөөсний цус уун, үрээний засаа идэж хамт явсан юм. Тамир тэнхээ, хүч чадал авах гэж явсан нь мэдээж. Тухайн үед одоогийнх шиг хүч тамир оруулдаг элдэв янзын витамин, уураг зэрэг нь байсан биш. Амьхандаа, Мөнх-Эрдэнэ арсланд илүү хүч тамир оруулчих санаатай их л сэтгэл гаргасан юм. Мань хүн таван удаа үзүүрлээд байсан үе. Түрүүлж ч юу магад гэж дотроо бодож л байлаа. Тэгтэл намайгаа тавын даваанд амлачихдаг байгаа. Хэний ч уур хүрнэ биз дээ, бөх хүний жудаг гэж бас байна даа. Тэр жил нутгийнхаа нэг залууг дэмжих бодолтойг арслан мэдэж л байсан байхгүй юу.

-Та нэг хэсэг “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажилласан. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Хөвсгөл нутаг монгол бөхийн өлгий гэдгийг Уйлган голоос төрсөн гурван аваргаараа батлан ойлгодог юм. Монгол бөхийн нэгэн үеийг эзэгнэж явсан гурван аварга (Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин)-ынхаа хөшөө цогцолборыг уугуул нутагтаа байрлуулж, залгамж халаа үеийг нь бэлдэх зорилгоор “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээг байгуулсан. Аваргуудынхаа хөшөөг бий болгосон тэр жил буюу 2007 онд Х.Мөнхбаатар маань төрийн наадмын түрүү бөхөөр тодорч биднийгээ баярлуулсан. Аваргуудын маань хийморь лундаа ус нутгийн зон олныг ивээлээ хэмээн ихэд сүслэн хүлээж авсан. Тэр цагаас хойш хоймор нутгийнхан маань эвлэлдэн нэгдэж, зөвхөн бөх гэлтгүй бүхий л салбарт манлайлж эхэлсэн. Үүнийг их аваргуудын минь хийморь гэж ойлгохоос өөр яах билээ. Дэвжээ байгуулагдсанаас хойш ус нутгаас минь гарсан эрхэм төрийн түшээд, дарга сайдууд бөхдөө анхаарал хандуулж, залуу бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломжийг хангаж, мөн ахмад бөхчүүдийнхээ ахуй амьдралд түшиг тулгуур болж яваад дэвжээний тэргүүний хувьд их баярладаг даа.

-Хөвсгөл нутаг бол яалт ч үгүй бөхийн өлгий. Нэг голоос гурван аварга төрсөн тохиолдол монгол бөхөд дахин давтагдахад бэрх болов уу. Танай сумаас ч гэсэн Д.Цэнд-Аюуш заан, Ганзоригийн Ганхуяг харцага гээд хүчтэй бөхчүүд төрсөн. Харин сүүлийн үед Ц.Содномдорж харцага олны анхаарлыг татаад байгаа даа?

-Манай Содномдорж бөх хүний олон шинжийг хадгалж төрсөн. Барилдаан нь жигдэрчихсэн сайхан бөх. Содномдоржийг юм дуулгана гэж алсдаа боддог.

-Та ингэхэд сар шинийн барилдааны түрүү, үзүүр бөхийг гадарлаж байгаа гэсэн?

-Гадарлах юу байхав. Гэхдээ дээгүүр барилдах бөхчүүдийг мэдэж байна. Мөн надаас бөхийн оноолт асуудаг найзууд бий. Тэдний ихэнх нь Бүрэнтөгсийг түрүүлнэ гэж таамаглаад байгаа. Би ч гэсэн Бүрэнтөгсөд саналаа өгчихөөд сууж байна, залуу арслан манлайлна биз дээ.

Ярилцсан Г.Лхагва

Categories
мэдээ цаг-үе

Рүнигийн АМЖИЛТ буюу түүх үргэлжилж байна

Английн баруун хойд хэсэгт
Ливерпүүл, Манчестер хэмээх аж үйлдвэр, усан боомтын хоёр том хот бий.
Ливерпүүлийн усан боомтонд бууж ачигдсан бараа, материал аж үйлдвэрийн хот
Манчестерт хүргэгдэж, эцсийн бүтээгдэхүүн болдог байсан түүх хэдэн зуун дамжин
үргэлжилсэн юм билээ. Гэхдээ өнгөрсөн зууны эхэн үед зогссон гэдэг. Гол
шалтгаан нь Манчестер хот руу усан суваг татсанаар хөлөг онгоцууд Ливерпүүлд
зогсолгүй, шууд л Манчестерт бараагаа буулгах боломжтой болсонд байгаа юм.
Өөрөөр хэлбэл Ливерпүүлийн усан боомтынхон ажилгүй боллоо гэсэн үг шүү дээ.
Хөлбөмбөгийн “Ливерпүүл” багийн галзуу фэнүүд нь ихэвчлэн боомтынхон, тэдний үр
сад байсан гээд бодчихвол Манчестер болон энэ хотын “Манчестер Юнайтед” багийг
үзэн ядах үзэл их эртнийх болж таараад байгаа биз, анзаарав уу. Английн
хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид өөрийн багаа дэмжихдээ зохиосон дуугаа дуулах
явдал түгээмэл. Тэгвэл Манчестерийн балиашгууд одоо хүртэл “Ливерпүүл”-ийн
эсрэг тоглохдоо “Манайд усан онгоц ирдэг, бид ажилтай” гэх утгын дуу дуулж
өрсөлдөгчдөө өддөг гэсэн. Гэхдээ энэ бол “Ливерпүүл”, “МЮ” багуудын олон жилийн
ширүүн өрсөлдөөний нэгээхэн хэсэг нь л юм шүү дээ. Анх 1895 оны аравдугаар
сарын 12-нд учирч “Ливерпүүл”-ийн 7:1 гэсэн ялалтаар өндөрлөж байсан тэр нэгэн
цаг хугацаанаас хойш түм буман үйл явдал өрнөжээ. Английн хөлбөмбөгийн түүхэнд
хамтдаа нийлээд 120 цом хүртчихсэн агуу мундаг түүхтэй энэ хоёр багийн олон
арван жилийн сөргөлдөөнд газарзүйн байрлалаас гадна өөр түм буман шалтгаанууд
бий. Кевин Киган ба Бобби Чарьлтоны хоорондох тэмцэл, 1996 онд “Ливерпүүл”-ийн
хөгжөөн дэмжигчид Фергюсоныг цохиж, Кантонагийн нүүрийг шүлсэдсэн үйлдэл,
Суарес Эвраг арьс өнгөөр ялгаварлаж доромжилсон явдал гээд л бичиж болно.Тэгвэл
хэд хоногийн өмнө тоглосон 194 дэх удаагийн учраа ямар үйл явдлыг бидэнд
авчирсан билээ.

Юуны өмнө “Ливерпүүл”-ийн шинэ
дасгалжуулагч Юрген Клопп анх удаа “Энфилд” цэнгэлдэх хүрээлэндээ “заналт
дайсан”-ыхаа эсрэг тоглосон. Энэ герман эр “Ливерпүүл”-ийг удирдаж эхэлснээс
хойш уг баг тун цоглог тоглолттой болчихоод байгаа. Харин эсрэгээрээ “МЮ”-ын
дасгалжуулагч Ван Гаал хожигдсон тохиолдолд халагдах хуудас авч магадгүй
байдалтай байлаа. Гэхдээ эдгээр жижиг шалтгаануудыг бут цохих том шалтгаан нь
Рүнигийн тухай, энэ царай муутай залуу гоол оруулж чадах болов уу, үгүй болов
уу гэдэгт оршиж байсан. Ливерпүүл хотын хөлбөмбөгийн өөр нэг баг болох
“Эвертон”-д тоглож өссөн Рүни 2004 онд “МЮ”-д 25.6 сая фунт стерлингээр
зарагдаж очсоноосоо хойш “Ливерпүүл”-ийн балиашгуудын дунд туйлын дээд дайсан
нь болж хувирсан гэхэд хилсдэхгүй. “Би балчир бага наснаасаа л “Эвертон”-ыг
дэмжиж “Ливерпүүл”-ийг үзэн ядаж өслөө” хэмээн ярилцлага өгч байсан Шрек хочтой
энэ залуу “МЮ”-ийн төлөө тоглох хугацаандаа 175 гоол оруулж “Арсенал”-ын домог
болсон хөлбөмбөгч Т.Анритай мөр зэрэгцээд зогсож байлаа. Харин “Ливерпүүл”-ийн
эсрэг тоглосон саяын тоглолтод Уэйн Рүни хожлын гоолыг оруулснаар Английн
шилдэг хоёр багийн өрсөлдөөний түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм.
Тодруулбал:

-Рүни 176 гоолтойгоор “нэг
багийн бүрэлдэхүүнд багтаж хамгийн их гоол оруулсан хөлбөмбөгч” гэж
нэрлэгдэхээр болов.

-Энэ жилийн Премьер лигт “МЮ”
гол өрсөлдөгчөө хүний ба өөрийн талбайд хоёуланд нь яллаа.

-Рүнигийн энэ гоол Энфилд
цэнгэлдэх хүрээлэнд “МЮ” багийн үе үеийн хөлбөмбөгчдийн оруулж буй 100 дахь
гоол нь.

Зөвхөн Премьер лигийн хүрээнд л
гэхэд 163 дахь удаагаа учирч буй энэ хоёр багийн дуусаагүй түүх нэг иймэрхүү
байна. Харин төгсгөлд нь тухайн тоглолтын баатар Уэйн Рүнигийн тухай тэр хэн
бэ, ямар үзэл бодолтой юу сонирхдог хүн бэ гэдэг жижигхэн блиц ярилцлагыг
хөрвүүлж толилуулъя.

-Хэрвээ таны тухай кино
хийгдвэл гол дүрд нь хэн тогловол тохирох бол?

-Мэдэхгүй ээ… Мэтт Дэймон.

-Дурсамж хадгалсан хамгийн гоё
гоол?

-“Сити”-гийн хаалганд хайчилж
хийсэн гоол.

-Өнөөдрөөс эхлээд зөвхөн
гуравхан л спортыг үз гэвэл сонголтоо хэлээч?

-Хөлбөмбөг, бокс, гольф.

-Хөлбөмбөгчдөөс өөр таны
хүндэлдэг тамирчин?

-Майкл Жонсон (дөрвөн удаагийн
олимпийн аварга, АНУ-ын гүйлтийн тамирчин асан.)

-Хамгийн сүүлд ямар хамтлагийн
дууг сонссон бэ?

-Өнөөдөр хувцас солих өрөөнд
Тина Түрнерийн дууг сонсож байлаа.

-Хөгжөөн дэмжигчдээс тавьж
байсан санаанд багтамгүй хүсэлт?

-Нэг балиашиг халзан толгой
дээрээ гарын үсгийг минь зуруулж авсан. Тэр их сонин байсан шүү.

-Тэр түүнийгээ шивээс болгосон
байх даа?

-Мэдэхгүй юм даа. Гар чичрээд
гарын үсгээ маруухан бичсэн тул тэгээгүй байх гэж найдъя.

-Хаана амрах дуртай вэ?

-Барбадос арал дээр.

-Ямар нэг шидэт увдистай бол
гэвэл юуг сонгох вэ?

-Хүнд харагддаггүй болох юмсан.
Өөрөөр хэлбэл үл үзэгдэгч гэсэн үг шүү дээ.

-Хөлбөмбөг тоглох хугацаандаа
мэдэрсэн хамгийн чухал мөч чинь хэзээ тохиосон бэ?

-Аваргуудын лигт түрүүлэх
агшинд галзуурах шахаж билээ. Тэр мөчийг дахин нэг удаа мэдэрнэ гэж найдаж
байна.

Д. Бат-Эрдэнэ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн Цэц хувийн компани биш

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй
ярилцлаа.

-Өнгөрөгч лхагва гаригт УИХ
Үндсэн хуулийн Цэцийн тухай болон холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулсан. Яг
ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн тухай
хууль, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль,
УИХ-ын дэгийн тухай гэсэн гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Сүүлийн 25
жилийн турш маш их маргаантай байсан Үндсэн хуулийн Цэц шүүх мөн үү, биш үү
гэдэг асуудал. Үндсэн хуулийн Цэц өөрийгөө “Бид бол шүүх” гэж үздэг, шүүхийн
хэмжээний өндөр эрх мэдлийг авсан байгууллага. Хэрэв тийм бол тэр эрх мэдэлтэй
нь ижил хэмжээний процессын шударга байдал, хариуцлага шаардах ёстой. Тиймээс
шүүхийн хамгийн наад захын шаардлага болох төвийг сахих, ил тод нээлттэй байх
зарчмыг хуулиар зохицуулсан. Шийдвэр гаргахтай холбоотойгоор Цэцийн гишүүн
тусгай санал бичих эрхийг нь оруулж ирсэн. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд
бүгдээрээ ижил тэгш эрхтэй. Хэн нэг дарга дээр нь гарчихаад бусдыгаа командлаад
байж болохгүй. Шийдвэр гаргахдаа ч бүгд ижил тэгш оролцоно. Олонхийн саналаас
ялгаатай байр суурьтай байгаа бол түүнийгээ тусгай саналаар илэрхийлэх нь
шүүхэд байдаг стандарт зарчим. Үүнийг тусгаж оруулж ирсэн. Өөр нэг зүйл нь
Цэцийн гишүүдийн тэтгэврийн настай холбоотой. -Цэцийн гишүүдийн тэтгэврийн
насыг 65-аар хязгаарласан. Өмнө нь ийм хязгаар байгаагүй. Гэтэл шинээр ийм
хязгаар оруулж ирсэн нь ямар шалтгаан, үр дагавартай вэ?

-Төрийн албаны хуульд маш
тодорхой заачихсан байдаг. Төрийн алба хаах насны дээд хязгаарыг 65 гээд
заачихсан байгаа. Энэ хууль төрийн байгууллагын бүх шатанд үйлчлэх ёстой.
Үндсэн хуулийн шүүх бүхий улс орнууд Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийг томилохдоо
хамгийн дээд тал нь 12 жилээр томилдог. Есөн жилээр томилдог улсууд ч байна.
Харин манайд хорин хэдэн жилээр томилогдоод ажиллаж байгаа. Сая Герман улс
хүртэл Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр ажиллах насыг 67 насаар хязгаарлачихлаа.
Насны хязгаар бол олон улсад байдаг жишиг. Өөрсдийгөө Үндсэн хуулийн шүүх гэж
хэлж байгаа бол шүүхэд байдаг наад захын стандартыг мөрдөхгүй байж болохгүй.
Эрх мэдлээ авахдаа шүүх мөн гэж авчихаад дагаад гарч ирэх ил тод байдал,
хариуцлага ороод ирэхээр мөрдөхгүй гэж хэлж болохгүй. Шүүх юм бол шүүх шиг л
байх ёстой биз дээ.

-Үндсэн хуулийн Цэц шүүх мөн,
биш гэсэн маргаан байдаг. Саяын баталсан хуулиар шүүх мөн гэж үзсэн гэсэн үг
үү?

-Шүүхийн эрх мэдлийн хэмжээтэй
байгаа учраас шүүгчдэд тавьдаг шаардлагуудыг тавилаа. Гэхдээ манай Үндсэн
хуулийн Цэц яг ч шүүх биш л дээ. Хэрвээ шүүхэд байдаг стандартыг тавих юм бол
Үндсэн хуулийн Цэцэд байгаа бүх хүн ажлаа өгнө. Хэрвээ Цэц шүүх гэж үзэх юм бол
Цэцийн гишүүд бүгд шүүгчээр томилогдох болзол хангах ёстой. Гэтэл шүүгчийн
болзол хангах битгий хэл хуульч биш хүн Цэцэд ажиллаж л байгаа шүү дээ. Шүүхэд
мэргэжлийн хуульчид ажилладаг. Мэргэжлийн хуульч төдийгүй шүүгч хийхийн тулд
маш олон шалгуурыг хангасан байхыг шаарддаг.

-Өнөөг хүртэл Үндсэн хуулийн
Цэц өөрсдийнхөө хүслээр хууль бичиж батлуулдаг байсан гэж та шүүмжилж байсан.
Яагаад Цэцтэй холбоотой хуулийг Цэцийнхэн өөрсдөө боловсруулдаг байсан юм бэ?

-Үндсэн хуулийн Цэцэд хууль
санаачлах эрх байхгүй. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болон
Ерөнхийлөгч хууль санаачилна гээд маш тодорхой биччихсэн. Гэхдээ өмнөх
практикаас харахад Үндсэн хуулийн Цэцийн хууль ямар байхыг ихэнхдээ Цэц шийддэг
байсан. Өөрсдөдөө таалагдаагүй хуулийнхаа зүйл заалтыг иргэнээр мэдээлэл
гаргуулж байгаад хүчингүй болгуулчихдаг. Энэ нь сүүлийн хэдэн жилд илүү тод
харагдлаа шүү дээ. 2012 оны сонгуульд АН-ын “Үндсэн хуулийн Цэцийг Үндсэн
хуулийн шүүх болгон хөгжүүлж, иргэний үндсэн эрхийг хамгаалдаг тогтолцоог бий
болгоно гэж амласан. Уг амлалтынхаа дагуу бид Үндсэн хуулийн Цэцийн тухай болон
Цэцэд маргаан хянан шийдэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийг боловсруулсан.
Гэтэл энэ эрх мэдэл одоо байгаа Цэцийн удирдлагуудад таалагдаагүй. Таалагдаагүй
учраас энэ хуулийг өргөн бариулахгүй гэж хоёр жил үзэлцлээ. Арга ядаад хуулийг
нь томоор нь өөрчлөх биш нэмэлт, өөрчлөлт болгоод гурван хуудас төсөл өргөн
барилаа. Үндсэн хуулийн Цэцийн удирдлагууд зөвхөн өөрсдөдөө таалагддаг хуультай
байх тухай л бодохоос биш иргэдэд хэрэгтэй Үндсэн хуулийн Цэцтэй байх тухай огт
бодохгүй байна.

Иргэний үндсэн эрхийг Үндсэн
хуулийн шүүхээр хамгаалуулдаг сонгодог систем бол Германы Үндсэн хуулийн шүүх.
Бид ийм тогтолцоотой болъё гэтэл Цэц иргэний үндсэн эрхтэй холбоотой маргааныг
бид шийдэх зохимжгүй гэж үзэж байна. Германы Үндсэн хуулийн шүүхийн нийт
шийддэг хэргийн 96 хувь нь иргэний үндсэн эрхтэй холбоотой маргаан байдаг.
Үлдсэн цөөхөн хувь хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан. Гэхдээ ийм төрлийн
маргааныг парламентийн цөөнх юм уу Засгийн газраас гаргадаг. Эсвэл шүүхийн
хэрэглэж байгаа хууль Үндсэн хууль зөрчиж байна гэж үзвэл Дээд шүүхээсээ асуулт
тавьдаг. Манайд яаж байна вэ гэхээр Үндсэн хуулийн Цэц нь иргэний үндсэн эрхийн
маргааныг авч хэлэлцэхгүй мөртлөө хууль ямар байхыг шийдэх гэдэг улс төрийн
институци болоод сууж байна. Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүн дээр нэг иргэн
нэмэгдээд аравхан хүн Монгол Улсын хуулийг шийдэж байна. Гэтэл Цэцийн гишүүд
ард түмнээс сонгогддоггүй, ард түмнээр өөрсдийгөө шүүн хэлэлцүүлдэггүй. Тэгсэн
мөртлөө УИХ-ын хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлээд байгаа биз дээ. Өөрөөр
хэлбэл, тэнд сууж байгаа хүмүүс ийм улс төрийн институци байдлаар эрх мэдлээ
хэрэгжүүлэх сонирхолтой байна гэсэн үг. Тэгэхээр үүнийг ул сууриар нь ярих
ёстой юм. Саяхан хуульч Д.Уянга Үндсэн хуулийн шүүхийн чиглэлээр нэлээн
судалгаатай, үндэслэлтэй нийтлэл бичсэн байна лээ. Үнэхээр Үндсэн хуулийн шүүх мөн
үү, биш үү. Хэрвээ шүүх мөн бол шүүх шиг шүүх байя. Биш бол шүүхийн эрх мэдлийг
авахаа больё гээд. Үндсэн хуулийн Цэц дотор байгаа хэдэн хүн эрх мэдэл эдлэхдээ
шүүх болчихоод хариуцлага хүлээх болохоор шүүхээс өөр зарчим яриад байна. Энэ
нь тэнд сууж байгаа есөн хүнд л хэрэгтэй болохоос биш тэр системээр асуудлаа
шийдүүлэх гэж байгаа иргэдэд ямар ч ач холбогдолгүй болчихоод байгаа юм. Тийм
учраас энэ гажуудлыг ямар нэгэн байдлаар шийдэх ёстой биз дээ. Үүний тулд
Цэцийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ёстой.

-Цэцийн гишүүд дунд 3-4 удаа
10-20 жилээр томилогдоод ажиллаж байгаа хүмүүс ч бий. Шинэ хуулиар энэ тал дээр
хязгаарлалт тавьсан уу?

-Зургаан жилээр хоёр удаа л
томилогдоно. Бид Германы жишгийг харж байна л даа. Тэнд Цэцийн гишүүд нь нэг
удаа арван хоёр жилээр томилогддог. Тэр хүнийг дахин томилдоггүй. Учир нь
Үндсэн хуулийн шүүх гэдэг энэ байгууллагад хүнийг удаан байлгаж болдоггүй.
Манайх бол хорин хэдэн жил суулгаад л байдаг. Хорь гаруй жил байгаад байна
гэдэг чинь ямар нэгэн байдлаар улс төрийн нам, улс төрийн бүлэглэлтэй тохироо
хийсний үндсэн дээр үлдээд байна гэсэн үг. Тэр хүмүүсийнхээ эрх ашгийн дагуу
ажиллаж, үүрэг, даалгаврыг биелүүлээд байгаа хэрэг. Тийм ч учраас германчууд
Үндсэн хуулийн Цэцийн гишүүдээ улс төрөөс ангид байлгахын тулд арван хоёр
жилээр нэг л удаа томилдог. Дахин томилогдохгүй учраас ажиллаж байх хугацаандаа
өөрийг нь томилсон, эсвэл хэн нэгэнд таалагдах гэж ажиллах шаардлагагүй. Бид
нэгэнт Үндсэн хуулиа өөрчилж чадахгүйгээс хойш ямар ч байсан зургаан жилийг
арай богино байна гэж үзээд 12 жил дээр тогтсон. Германд Үндсэн хуулийн шүүгчээ
дахин томилохгүй гэдэг нь тэнд ажиллаж буй хүнээ өрөнд оруулахгүй л гэсэн
санаа. Томилогдсон 12 жилийн хугацаандаа л мэдлэг, туршлага, итгэл үнэмшлийнхээ
хувьд бүрэн бие дааж ажиллана гэсэн үг. Үндсэн хуулийн манаач, сахиулагч
байхаас биш Үндсэн хуулиа зараад, өөрөө дээр нь гараад суучихаж болохгүй гэсэн
зарчим.

-Манайд бол Цэцийн гишүүд
Үндсэн хуулийнхаа дээр гараад суучихсан байна гэх шүүмжлэл байдаг. Үнэхээр ийм
байна уу?

-Ер нь бол огт хуульгүй, хуульд
захирагддаггүй мөртлөө өөрсдийнхөө эрх ашгийн төлөө Үндсэн хуулиа зараад сууж
байдаг байдал үүсчихлээ. УИХ мягмар гаригт Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн
өөрчлөлтийг баталсан. Аливаа хуулийг баталсны дараа эцсийн найруулгыг нь сонсож
ёсчилдог. Гэтэл эцсийн найруулгыг сонсоогүй, ёсчлоогүй байхад Цэц уг хуулиар
маргаан үүсгэсэн. Маргаан үүсгээд зогсохгүй “Ийм маргааныг бид ингэж шийдэх
учраас наад хуулийг чинь үйлчлүүлэхгүй шүү” гэсэн бичиг УИХ руу шидээд сууж
байна. Тэгэхээр Цэцэд нөгөө төвийг сахих зарчим алга. Төвийг сахих гэдэг нь
шүүх шийдэх гэж байгаа маргааныхаа урьдчилсан дүгнэлт хийж болдоггүй. Гэтэл
зөвхөн үүгээр л Үндсэн хуулийн Цэц шүүх биш, улс төрийн институци болсон гэдгээ
дахин нотоллоо. Шийдвэрээ аль хэдийнэ урьдчилаад гаргачихаж байна. Маргаан
үүсгээд дунд суудал нь хуралдаагүй байхад “Бид ингэж шийднэ” гэсэн байр сууриа
ил тод хэлж байна гэдэг бол Цэц үндсэндээ огтоос шүүх биш, хоёр дахь хууль
тогтоогч болсон байна. Цэцэд ямар ч шүүхийн болоод хуульчийн ёсзүйн хэлтэрхий ч
байхгүй хүмүүс ажиллаж байна гэдэг нь харагдаж байгаа юм.

-Төвийг сахих гэдэг зарчим
жишээ нь өмнөх хуульд огт байгаагүй юм уу. Эсвэл илүү нарийвчилсан уу?

-Үндсэн хуулийн Цэцийн тухай
хуульд өмнө нь ийм заалт байсан. Үндсэн хуулийн Цэцээр шийдвэрлэх гэж байгаа
маргааны урьдчилсан дүгнэлтийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр, өөр ямар нэгэн
байдлаар гаргаж болохгүй гэж. Жишээ нь шүүгч шийдэх гэж байгаа маргаантай
холбоотой асуудлаар сонирхлын зөрчил үүсгэх юм уу аль нэг талд орж урьдчилсан
байдлаар дүгнэлт хийх юм бол тэр шүүгчийг тухайн маргаанаас холдуулдаг. Ийм
алдаа гаргасны төлөө хариуцлага тооцож эхэлдэг. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц
шүүх мөн юм бол маргалдаж байгаа талуудын аль нэгд орж болохгүй. Маргааны
талаар хувийн байр сууриа урьдчилан илэрхийлж болохгүй. Би ингэж шийдэж байна
гэдгээ хуралдаан хийхээс өмнө мэдээлж болохгүй. Сая баталсан хуулийн
өөрчлөлтөөр энэ шаардлагыг илүү тодорхой болгож оруулсан. Тэгж байж шүүх болно.
Хэрэв шүүгч өөрийн байр сууриа урьдчилан илэрхийлбэл маргаж буй хоёр талын шударга
ёс алдагддаг. Шүүгч нэг талд байгаа бол шийдвэр яаж гарах нь ойлгомжтой учраас
маргах ямар ч утгагүй болчихно. Ийм байдал гаргуулахгүйн тулд төвийг сахих
гэдэг зарчмыг оруулж ирсэн.

-УИХ-ын гишүүн Засгийн газрын
гишүүдийг огцруулах асуудлыг өргөн барих эрхгүй гэсэн Үндсэн хуулийн шийдвэр
гарсан. УИХ-ын гишүүдийн эрхэнд халдсан хэрэг биш үү?

-Үндсэн хууль дээр маш тодорхой
заасан байдаг. УИХ-ын бүрэн эрх дотор огцруулах, чөлөөлөх, өөрчлөх эрхтэй гэж
байдаг. Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэцийн дарга “Lexus-570” машин унахын
тулд Монгол Улсын Үндсэн хуулийг зүгээр л худалдчихлаа. Үүнийг Ц.Нямдорж
гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг тогтоочихсон. Тэгэхээр бидэнд маш том эргэлзээ
үүсч байна. Эрх ямбаныхаа төлөө Үндсэн хуулиа худалдчихдаг Үндсэн хуулийн
манаачтай байж болох уу. Энэ тухай асуудалд нь хариуцлага тооцох уу, үгүй юу
гэдэг асуудал яригдах биз.

-Цэцийн тухай болон Цэцэд
маргаан хянан шийдвэрлэх хуулийг бүхэлд нь өөрчилнө гэсэн яриа бас байна. Энэ
тухай?

-Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн
хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг өргөн барьсан байгаа. Уг
хуулийг хэлэлцэх явцад нэлээн олон асуудлыг нэг мөр шийдэх байх.

-Сая баталсан нэмэлт, өөрчлөлт
оруулах хуулиас гадна хуулийн төсөл юм уу?

-Тусдаа хуулийн төсөл гэсэн үг.
Намайг Хууль зүйн сайд байхад Засгийн газраас хуулиудын төсөл боловсруулсан.
Тэр хуулийн төслүүдийг өргөн бариулахгүй байх талаар Цэц байдаг чадлаараа
хичээж, зүтгэж ажилласан. Тэдгээр хуулийн төсөл дээр суусан маш олон эрдэмтэн,
судлаач, мэргэжлийн хүмүүс гайхаж байгаа шүү дээ.Яагаад одоо болтол хуулийн
төслийг яагаад өргөн барихгүй байна вэ гэж. Цэц яагаад зөвхөн өөрсдийнхөө эрх
ямбыг дээшлүүлэх зорилготой хуулийг дэмждэг мөртлөө эрх мэдэл, чиг үүрэг нь
тодорхой болоод хүний эрхийн баталгаа болдог тал руу явуулах гэхээр эсэргүүцээд
байна вэ гэж гайхаж байгаа. Гэтэл иргэний үндсэн эрхийг хамгаалахтай холбоотой
асуудлыг Б.Чимэд гуай амьд сэрүүн байхдаа “Монгол Улсад хүний эрхийг
хэрэгжүүлэх хөтөлбөр” дотор тусгайлан зүйл, заалт болгоод оруулж байсан. 15
жилийн өмнөөс зорьчихсон байсан зорилт. Үүнд садаа болж байсан эзэд нь
цэцийнхэн.

-Цэцийнхэн өөрсдөд нь
таалагдаагүй хууль батлахаар хэн нэг иргэнээр гомдол гаргуулаад унагачихдаг
гэдэг. Үнэхээр тийм үү?

-Үндсэн хуулийн Цэцэд байгаа
есөн хүн есүүлээ биш л дээ. Цэцийг удирдаж байгаа хүний ааш аягаас болоод Цэц
ийм дампуу байдал руу орох хүртлээ үйл ажиллагаа нь гажаад байна. Тодорхой нэр
бүхий хүмүүсийн, тодорхой улс төрийн хүчний, тодорхой хуулийн байгууллагын
захиалгаар дүгнэлт гаргадаг болоод хувирчихлаа. Тэр дүгнэлтээ хэрэгжүүлэхийн тулд
урьдчилсан байдлаар байр сууриа байнга илэрхийлдэг болсон байна. Цэцийн
хуралдаанд хуралд оролцогч болон нэр бүхий гишүүд ил тодоор энэ тухайгаа ярьдаг
болчихсон. Ил тодоор ярьсан зүйлийг авъя, хуралдааны тэмдэглэлээ өг гэхээр нууц
гээд өгдөггүй. Энэ байдлыг хуулиар засах ёстой учраас хууль тогтоомжийг
боловсронгуй болгох хэрэгтэй.

-Цэцийн хуралдааны тэмдэглэлийг
ил байлгах нь зөв үү. Ер нь Цэц аль нэг улс төрийн хүчин, байгууллагаас хараат
ажиллаад байна уу?

-Одоо үйлчилж байгаа Үндсэн
хуулийн Цэцийн хууль дээр ч гэсэн Цэцийн үйл ажиллагаа ил тод байна гэсэн
заалттай. Гэхдээ хуулийн заалт байсан ч гэлээ ил тод биш ажиллаж болдог практик
байгаад байна. Тэгэхээр илүү нарийвчлан хуульчилж өгөхөөс өөр аргагүй. Би
түрүүн дурдсан. Үндсэн хуулийн Цэц бие даасан, хараат бусаар ажиллахын тулд
дахин томилохгүй, улстөрчидтэй дахин уулзахгүй байх баталгааг бүрдүүлдэг. Гэтэл
манайд хорин хэдэн жилийн турш дахин дахин томилогдоод байна гэдэг маань
улстөрчидтэй өөрийнхөө эрх мэдэл, албан тушаалыг тохирч чадаж байна гэдгийг л
харуулж буй хэрэг. Тийм учраас өнөөдөр байгаа Цэцийн ажиллаж буй арга барил нь
хаалттай байна. Хаалттай учраас улс төрийн бохир, захиалгатай шийдвэрүүдийг яаж
л бол яаж гаргаж чадах орчин бүрдчихээд байна. Тийм учраас л Цэцийн үйл
ажиллагааг ил тод болгох ёстой. Тэр хүн нь муу, сайн эсвэл Цэцийн гишүүнийг
солих солихгүй тухай ярихаасаа өмнө үйл ажиллагааг нь ил болгоод нээрээ юу
болоод байна вэ гэдгийг харуулах хэрэгтэй. Энэ бол нэгдүгээр зорилго.
Хоёрдугаар зорилго нь алдаа гаргаж байгаа бол хариуцлага тооцож сурах ёстой.
Цэцийн гишүүдийг хариуцлагатай байлгах хэрэгтэй. Цэцийг гэмт хэрэгтнүүд ороод
орогнодог газар болгож болохгүй. Хамгийн том аюултай зүйл бол тэр. -Тэгэхээр
хуулиа бүхэлд нь өөрчилж байж Цэц зөв голдрилоо ажиллаж эхэлнэ гэсэн үг үү?

-Саяын өөрчлөлтөөр зах зух нь
эхэлчихлээ. Дараа нь Үндсэн хуулийн Цэцийг илүү зөв голдрилоор ажиллуулъя гэвэл
хуулийг бүхэлд нь өөрчлөхөөс өөр арга байхгүй.

-УИХ-ын даргад Цэцийн тухай
хуулийн өөрчлөлтөөр Цэц дээр маргаан үүсгэсэн тухай мэдэгдэл ирсэн байсан.
Түүнд нь “…Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгэн шалгаж байгаа
хуулийг хэрэглэж ямар нэгэн шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахгүй байхыг
Танд үүгээр мэдэгдэж байна…” гэсэн байна лээ. Цэц ингэж болох уу?

-Уг нь бол дунд суудал
хуралдаад тэндээс гарсан шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл
хуулийн үйлчлэлийг зогсоодог. Гэтэл дунд суудлын хуралдаан болоогүй, хууль нь
албажаагүй байхад маргаан үүсгэнэ гэдэг их л яарч байгаагийн шинж. Эсвэл улаан
цагаандаа гарч байгаа гэсэн үг. Сандал дээрээ л үлдэж байвал хууль зөрчих эсэх
нь хамаа алга гэж бодож байгаагийн илрэл. Албажаагүй хууль дээр маргаан
үүсгээд, маргаанаа шийдэх тухай хурал нь болоогүй байхад “Наад хууль чинь
угаасаа Үндсэн хууль зөрчсөн учраас наад хуулиа одоо хэрэглэж болохгүй” гэсэн
заавар өгч байна гэдэг бол үнэхээр завхарсан байгаагийн шинж. Дээрээс нь
маргааныг урьдчилан хянаж байгаа Цэцийн гишүүн УИХ-д бичиг явуулдаг. Гэтэл одоо
Цэцийн дарга нь өөрөө маргаан шийдвэрлэхээс өмнө байр сууриа илэрхийлсэн бичиг
явуулж байна. Энэ үйлдэл нь өөрөө Цэц хууль зөрчиж байгааг нотолсон баримт.
Иргэн шүүхээр гэмт хэрэг хийсэн үгүйгээ шийдүүлэх гэж байхад шүүгч нь “Наад хүн
чинь угаасаа гэмт хэрэг хийсэн. Би цаазлах гэж байгаа” гэж яриад явбал тухайн
хүнд шүүхээр асуудлаа шийдүүлэх сонирхол төрөх үү. Угаасаа тэр шүүх чинь шүүх
биш болчихсон гэсэн үг. Үүнтэй л адил. Үндсэн хуулийн Цэц гэдэг бол шүүх биш
байна гэдгийг өөрсдөө нотлоод байгаа юм. Хэрвээ Үндсэн хуулийн Цэц шүүх биш юм
бол яах ёстой вэ гэдгийг бодох ёстой. Цэц өөрөө Монгол Улсын хамгийн хаалттай,
хамгийн хариуцлагагүй, хамгийн асуудалтай газар болоод хувирчихлаа. Тодруулбал,
Цэцэд байгаа нэр бүхий хэдэн гишүүд. Тэр хүмүүс сандал, ширээтэйгээ үлдэхийн
тулд юуг ч зарж, юугаар ч сольж Үндсэн хуулийг нулимдаг гэдгээ харуулж байна. Яахав,
өнөөдөр тэр хүмүүс сохорсон мэт харалган, муйхар байж болно. Тодорхой хугацааны
дараа энэ хүмүүсийн хийж буй үйлдэл судлаачдын маш сайн материал болно. Судалж
байгаа хүмүүс энэ хүмүүсийн ёс зүй, ааш авираас ичнэ. Арай ч ийм хуульчид байх
гэж дээ хэмээн бодно. Хуулийн шударга үнэн, ил тод зөв орчин гэж байдаг бол тэр
бүхнийг манлайлах ёстой институци нь өөрөө хувьчлагдаад, цөөн хүмүүсийн хувийн
компани шиг болчихож. Ганц хүнтэй хувийн компани дотор л ийм байдаг байх.
Хувьцаат компани ч ийм байхгүй. Энэ бол хуулийн байгууллагыг яаж дампууруулж
байгаагийн тод жишээ.

-Ер нь Үндсэн хуулийн Цэц
яагаад ил тод ажиллах ёстой вэ?

-Шүүхийн үйл ажиллагаа ил тод
байдаг. Ганцхан зүйлийг хаадаг. Төрийн болон хувийн нууцтай холбоотой асуудал
хөндвөл хаана. Хоёрдугаарт нь, хүнд ял өгдөг учраас шүүгчийн зөвлөлдөх тасалгаа
нууц байдаг. Гэтэл Үндсэн хуулийн шүүх хүнд ял өгдөггүй. Тодорхой хувийн
асуудлыг шийддэггүй. Шийдэл нь гадагшаа чиглэсэн маш олон хүний асуудлыг
хөнддөг учраас ил тод байх ёстой. Гэтэл манай Цэц бүх зүйлийг нууцлах боломжтой
хаалттай орчин болгон хувиргасан. Хаалттай орчин дотор хамгийн увайгүй зүйлээ
хийж болдог болчихоод байна. Аймшигтай гэж хэлж болохоор болчихлоо.