Categories
мэдээ улс-төр

Төрийн албаны хуулийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 77.3 хувь нь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг баталсан. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийг сонгуулийн хуульд нийцүүлж зохицуулалт хийхээр төслийг өргөн барьсан аж.

Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгсөн байх.

Төрийн жинхэнэ албан хаагч сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх.

Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн байхаар тус тус тусгасан байна.

Categories
мэдээ улс-төр

“Сайдын цаг”-т Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо

“Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллээ хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлаасаа эхэлсэн. Салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд хөдөлмөрийн салбарт хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буй юм. Тухайлбал, УИХ-д Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хоёр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн бариад байна. Хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг 2002 онд баталж, 2012 онд бүтэц зохион байгуулалтын шинжтэй өөрчлөлтийг оруулсан. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсад жишиг болж буй чадамжид суурилсан сургалт үнэлгээний шинэ тогтолцоонд шилжүүлэх, сургалтын стандарт, хөтөлбөрийг ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор ажил мэргэжлийн стандартад нийцүүлэн боловсруулж мөрдөх, хяналт тавих, чанарын үнэлгээний тогтолцоо, хөндлөнгийн үнэлгээг буй болгох, багш, сурагчдад хөдөлмөр, бүтээлийн үр шимээ сургуулийн болон дадлагын орчноосоо мэдэрч улмаар хөдөлмөрлөж олсон орлогоосоо хувь хүртдэг болгох, иргэний дотоод, гадаадад эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн ур чадварыг холбогдох стандарт, түвшинтэй дүйцүүлэн үнэлж баталгаажуулдаг болсноор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчид, иргэдийг ажлын байртай холбох боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн МСҮТ-ийн суралцагчид их, дээд сургуульд шилжин суралцах, их дээд сургуульд сурч буй оюутнууд МСҮТ-д шилжин суралцах эрх зүйн орчныг бүрдүүлж буйгаараа онцлогтой гэдгийг Хөдөлмөрийн сайд онцоллоо.

Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, жижиг зээлийн хэмжээ бага, хугацаа богино, хүү өндөр байгаагийн зэрэгцээ хуулиар тогтоосон зорилтот бүлгийн иргэд нь барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авах бололцоогүй зэрэг хуулийг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх үүднээс жижиг зээлийг батлан даах, зээл, санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, эргэн төлөлтийг уян хатан тогтоох чиглэлээр холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан юм байна.

Хөдөлмөрийн салбарын суурь хуулийн нэг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахад бэлэн болсон. Мөн Ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авах, гадаадад ажиллах хүч илгээх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа, хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлыг Хөдөлмөрийн яамныхан хийж байгааг сайд онцоллоо.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар тэрээр мөн ярилаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг хадгалах”, “Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрүүдийг улсын хэмжээнд хэрэгжүүлж, 50 мянга гаруй иргэнийг хамруулан, 30 мянга гаруй ажлын байр бий болгосныг дурдаад 2016 онд эдгээр хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор “ Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Нийтийг хамарсан ажил зохион байгуулах”, “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” гэсэн долоон хөтөлбөр, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр болсноо танилцууллаа.

Хөтөлбөр, төслийн хүрээнд жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох, аж ахуй эрхлэлтийн сургалт явуулах, борлуулалтын болон ажлын байрны дэмжлэг үзүүлэх, бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах, ажил олгогчийг дэмжих, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч болон төгсөгчдийн бүлэгт санхүүгийн дэмжлэг олгох, оюутан, суралцагчдыг цагийн ажилд зуучлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд зуучлах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, малчин өрхийг малжуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Энэ бүгдийн үр дүнд ажлын байр нэмэгдэж, ард иргэдийн орлого тогтворжин амьдрал ахуйд нь мэдэгдэхүйц нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа гэж Хөдөлмөрийн сайд хэллээ.

Хөдөлмөрийн яамнаас авч хэрэгжүүлж буй бас нэг томоохон ажил нь Засгийн газраас баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” үндэсний хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтад оролцуулах боломжийг бүрдүүлэхийн тулд тэднийг шаардлагатай мэргэжлээр сургаж ур чадвар эзэмшүүлэх юм. Энэ ажил хэдийнэ эхэлсэн бөгөөд эхний ээлжинд “Монголын төмөр зам” ХК-иас Тавантолгой-Сайншандын чиглэлийн 428 км төмөр замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай найман мэргэжлийн 3362 хүний захиалга ирүүлсэн байна. Үүнээс техникчийн түвшний 216 мэргэжилтэй ажилтны захиалгыг төгсөгчдөөс шийдвэрлэх, 545 туслах ажилтныг мэргэшүүлэх шаардлагагүй гэж захиалагч тал үзсэн тул үлдэх 2601 цэргийн алба хаагчийг таван мэргэжлээр сургаж мэргэшүүлэхээр болсны дагуу Налайхын МСҮТ-д Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн 110, Батлан хамгаалахын их сургуульд 240 албан хаагчийг сургалтад хамруулж эхлээд байгаа ажээ.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа тоймлон танилцуулсны дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Categories
мэдээ улс-төр

Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар мэдээлэл хийв

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аймгийн иргэдийн хурлаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн санал, хүсэлтийн дагуу 2016 оны нэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт очиж ажиллан, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад иржээ.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамаа, тус сумын ИТХ-ын дарга Б.Дэжид нар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог. Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай, идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд Монгол орны улаан дансанд бүртгэгдсэн 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай нутаг байна.

Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна” хэмээлээ.

Улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй газарт уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосоноос 5 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “Гурвантэс сумын Баясах багийн хэмжээнд “Саусгоби сэндс” ХХК-д 2011 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийн 10992,92 га талбайд болон нөлөөллийн бүсэд 19 булаг шанд байдаг бөгөөд нийт 37 өрхийн 12620 толгой мал өвөлжиж байна.

“Берун Майнинг” ХХК-д тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Гурвантэс сумын 9 гайхамшигт ордог “Хүрэн ханын хэц” нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар багтжээ. 4 булагтай энэ талбайд 30 өрхийн 8000 гаруй толгой мал өвөлжиж байгаа бол “Монгол чадал интернейшнл” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн 1110,49 га талбайд тус багийн 8 өрхийн 2227 толгой мал өвөлжиж байна.

Тостын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог тул энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг учир уул уурхайн ашиглалтын явцад хатаж ширгэх, устаж үгүй болох аюулд хүрч байна” хэмээн хэллээ.

Иймд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун нарын нэр бүхий гишүүд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байна хэмээн тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэв.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, говийн баян бүрд, бэлчээр ус, унаган байгалийг авч үлдэхийн тулд энэ тогтоолын төслийг санаачилсан хэмээгээд асар өргөн уудам талбайг хамарсан лицензтэй талбайг ашиглавал булаг шандууд ширгэж, Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэс, 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай нутаг сүйдэх аюул нүүрлээд байна хэмээсэн юм. Эрхэм гишүүн өнгөрсөн оны 12 дугаар сард Парис хотноо дэлхийн 200 орчим орны төлөөлөгчид оролцож, хорт утааны ялгарлыг бууруулах анхны гэрээг байгуулсан гээд дэлхийн дулаарлыг цельсийн 2 градусаас дээш нэмэгдүүлэхгүй барих зорилтыг уг гэрээнд тусгасан гэлээ. Дээр дурдсан асар өргөн талбайд нүүрс олборлох тусгай зөвшөөрөл олгоод байгааг тэрбээр онцлоод дэлхийн дулаарлыг зогсоохын тулд дэлхий нийт нүүрснээс татгалах уриалга гаргаад байхад бид нутаг орноо хамгаалахын тулд нүүрс олборлолтыг яагаад зогсоож болохгүй гэж хэмээн хэлсэн юм. Хөрш Хятад Улсаас эхлээд Энэтхэг, АНУ, Вьетнам улсууд нүүрсний хэрэглээгээ багасгах арга хэмжээ хэдийнэ авч эхэлсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл энэ үеэр мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Японд суралцах эрхийн бичгийг 94 оюутан, багш судлаачид гардууллаа

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилгоор Япон Улсад нийт 1000 гаруй инженер сургаж бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл амжилттай хэрэгжиж байна.

Тус төслийн хүрээнд өнөөдөр нийт 94 оюутан, багш судлаачдад Япон улсын их, дээд сургуулиудад суралцах эрхийн бичиг, батламжийг БСШУ-ы сайд Л.Гантөмөр гардууллаа. Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар эрхийн бичиг гардуулахад оролцов.

Энэ үеэр салбарын сайд Л.Гантөмөр Японд суралцахаар явж буй оюутнуудад “Япончууд биднийг үйлдвэрлэгч орон болоосой гэж хүсч байгаа. Үйлдвэрлэгч орон болохын тулд та бүгдээс өөрөө хийж чаддаг инженер, өөрөө зохион бүтээж, шинийг санаачлагч, асуудлыг шийддэг хүн болохыг төр засгаас шаардаж байна. Мөн 24 жилийн өмнө яг та бүхэн шиг Япон улсад тэтгэлгээр сурахаар явж байсан ах хүний хувьд захихад Японы ард түмний ажилсаг, хичээнгүй, шударга чанараас сайн суралцаарай. Дүнгийн хойноос хөөцөлдөх биш лабораторид цагаа сайн өнгөрүүлээрэй” гэж захилаа.

Categories
мэдээ улс-төр

УУЯ шатахууны үнийг 28 хувиар буурсан гэв

Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Яамнаас гаргасан танилцуулгад шатахууны жижиглэн худалдааны үнэ 80-150 төгрөгөөр буурсан. 2015 оны арванхоёрдугаар сараас шатахууны үнэ баруун бүсэд 80-400 төгрөг, зүүн бүсэд 10-230 төгрөгөөр бууруулаад байна. Харин энэ сарын 20-ноос Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл, Архангай зэрэг аймагт 100-150 төгрөгөөр бууруулах ажлыг зохион байгууллаа. Мөн энэ сарын 21-ний өдрөөс Улаанбаатар хотод 80-150 төгрөгөөр буурсан хэмээн мэдээлжээ.

Харин үүнээс илүү хэмжээгээр бууруулах боломжтой юм биш үү гэсэн асуултад “Шатахууны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг бүрэн зогсоож, зээл нь бүрэн төлөгдөж дууссан. Одоо шатахуун импортлогчид 16-18 хувийн хүүтэй зээл авч байгаа. Мөн шатахууны онцгой албан татвар тонн тутамд 0-60 000 төгрөг байсныг өнгөрсөн оны нэгдүгээр сараас 252-265 мянган төгрөг байхаар тогтсон. Шатахууны гаалийн татварыг нэг хувь байсныг 2015 оны хоёрдугаар сараас таван хувь болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр өнгөрсөн онд 226 тэрбум төгрөг бус 460 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Тэр мөнгөнөөс хүүхдийн мөнгөнд 230 тэрбум төгрөг, олон хүүхэдтэй эхчүүдэд олгох 117 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байх жишээтэй ” гэсэн хариултыг өгч байна.

ШӨХТГ-аас хийсэн судалгаагаар нэг литр шатахууны нийт өртөг 1433 төгрөг болдог, үүнийгээ жижиглэнгээр 1580 төгрөгөөр худалддаг. Импортлогчид литр шатахуунаас 147 төгрөгийн ашиг хүртэж байгаа нь хангалттай ашиг төдийгүй цаашид шатахууны үнийг бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Энэ хэр бодитой тоо вэ. Литр шатахууны өртөг яг хэд байдаг вэ гэж нэгэн телевизийн сэтгүүлч хэвлэлийн хурлын үеэр асуусан юм. Зарим эх сурвалжууд гадаадын улс орнуудад шатахуун хангалттай хямдарч байхад манай улсад шатахууны үнийг литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулах боломжтойг ч дурдаж байгаа.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-аар ашиглах машиныг татвараас чөлөөлөхөөр болжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн гишүүдийн 77.3 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол Улсад анх удаа 2016 оны долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор 3500-4000 гаруй албаны төлөөлөгчид, зочид, сэтгүүлчид ирэх аж. Үүнтэй холбоотойгоор АСЕМ-ын зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашин ашиглагдах тооцоо гарчээ.

Улсын төсөв хүндрэлтэй байгаа тул шаардагдах автомашиныг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас холбогдох хувийн хэвшлийн компаниудын импортоор оруулж ирэх автомашиныг уулзалтын үйлчилгээнд ашиглахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Энэ гэрээний дагуу АСЕМ-ын уулзалтын үеэр ашиглах автомашинуудыг үнэ төлбөргүйгээр хэрэглэх бөгөөд гэрээ байгуулсан автомашины дистрибюьтор, диллер компаниудын импортоор оруулж ирэх автомашинуудыг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлөхөөр Засгийн газар дээрх төслийг мэдүүлжээ. Мөн нисэх буудал, хилийн шалган нэвтрүүлэх, зочид буудлын тав тухыг хангахад хэрэглэгдэх техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлүүлэх асуудал ч давхар орж ирж буй аж.

Categories
мэдээ нийгэм

“Шангри-Ла”-ын өргөтгөлд гал гарчээ

Сүхбаатар дүүрэгт байрлах “Шангри-Ла” зочид буудлын
баригдаж дуусаагүй өргөтгөл хэсэгт 12.00 цагийн орчимд гал гарчээ. Нийслэлийн
онцгой байдлын газраас уг газарт ажиллагаа явуулж буй бөгөөд одоогоор гал
унтраагүй байгаа аж. Энэ талаар НОБГ-аас “Дуудлага ирээд гал
сөнөөгчид 4 машинтай гарсан. Одоо галыг унтраахаар ажиллаж байна” гэсэн
мэдээллийг өглөө. Гал гарсан уг барилга нь энэ оны хоёрдугаар улиралд
ашиглалтанд орох бөгөөд Монголын хамгийн анхны IMAX кино театрыг энд нээх
талаар мэдээлэл бий. Одоогоор юунаас болж гал гарсан нь тодорхойгүй байна.
Барилгын 7-8 дугаар давхарт утаажилт ихтэй байгаа аж. Өмнө нь 2014 онд мөн энэ
барилга дээр гал гарч байсан билээ. Гал гарсантай холбогдуулан тус
барилгын ойр орчмын замын хөдөлгөөнийг түр хаагаад байгаа аж.

Categories
мэдээ спорт

Хоккейн Үндэсний лигийн хагас шигшээ тоглолт өнөөдөр болно

Монголын хоккейн холбооноос Үндэсний лигийн тоглолт 2015 оны арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд тус тэмцээний хагас шигшээ тоглолт өнөөдөр болж байна. Үндэсний лигийн тоглолтод “Хангарьд”, “Багануур”, “Дархан”, “Капитал”, “Шарын гол”, “Отгон-Од” гэсэн зургаан баг оролцсоноос нь медалийн төлөө өрсөлдөх багууд тодорч өнөөдрөөс шигшээд шалгарсан багуудын халз тулаан эхэллээ. Хагас шигшээд Орхон аймгийн “Хангарьд”, Улаанбаатар хотын Багануур дүүргийн “Багануур”, Хас банкны “Хасын хүлгүүд” болон Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Шарын гол” багууд тунасан юм. Түрүүлж хоёр хожсон баг нь алтан медалийн төлөө тоглох эрхийг авна. Энэ тоглолт 3, 4-р хороололд байрлах “Билэгтхүү” мөсөн талбайд болох юм.

Хагас шигшээ тоглолт өнөөдөр 10 цагаас “Шарын гол” – “Хангарьд” багийн тоглолтоор эхэлсэн бөгөөд “Хасын хүлгүүд” – “Багануур” багуудын халз тулаанаар үргэлжилнэ. Лигийн медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд энэ сарын 31-ний өдрийг хүртэл “Билэгтхүү” мөсөн талбайд болж шилдгүүдээ тодруулна.

Categories
мэдээ нийгэм

Эрх чөлөөний индексээр Монгол гуравт бичигджээ

“Freedom House” байгууллага “Дэлхийн нийтийн эрх чөлөө” тайлангаа олон улсад танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээлжээ. Тус байгууллагын ажилчид уг тайланд дэлхийн 195 орныг хамруулсан байна. Хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төр, сонгууль, хууль эрх зүйн зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэж дэлхийн хамгийн эрх чөлөөтэй улсыг тодруулдаг билээ. Эрх чөлөөний индексийг 0-100 оноогоор дүгнэдэг юм. Тэгвэл Монгол Улс 86 оноо авч, Ази-Номхон далайн бүс нутагтаа гуравдугаар байрт бичигдсэн талаар “www.freedomhouse.org” сайтад дурджээ.

Уг тайланд дурдсанаар “Монгол Улс сүүлийн таван жил тогтмол байр урагшилж, Азийн хамгийн нээлттэй, ардчилсан улсын нэг болсон” гэв. Ази-Номхон далайн бүс нутаг дахь хамгийн нээлттэй эрх чөлөөтэй улсаар 93 оноогоор Япон улс тэргүүлж, 87 оноогоор Тайвань удаалжээ. Уг бүс нутаг дахь хамгийн хаалттай улсаар Узбекстан, Хойд Солонгос жагссан байна. Эдгээр улс гурван оноо авчээ. Азийн хамгийн хүчирхэг гүрнүүд болох БНХАУ 16 оноо авсан бол Өмнөд Солонгос 83 оноо авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Өмгөөлөгч Ц.Баасандоржид хариуцлага хүлээлгэлээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржид холбогдуулан 2015 оны есдүгээр сарын 3-ны өдөр нөлөөллийн мэдүүлэг хөтөлж Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөл мэдүүлгийг хүлээн авч, өмгөөлөгч Ц.Баасандоржид холбогдуулан “…Шүүгч Х.Идэрийг хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нөлөөлсөн гэж үзэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэлээ.

Тус шүүхийн 2016 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар “…Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй” гэж олон нийтэд мэдээлсэн үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч Ц.Баасандоржид хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” хэмээн үзжээ.

Үүний дагуу өмгөөлөгч Ц.Баасандоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 920 000 төгрөгөөр торгож, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах хариуцлага хүлээлгэх юм.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс