Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 8.0 сая юань нийлүүлэв

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2006.50-2009.91 төгрөгийн ханшаар 45.7 сая ам.доллар худалдан авах, 304.20-305.20 төгрөгийн ханшаар 23.7 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2009.05 төгрөгийн нэг ханшаар 19.0 сая ам.доллар, 305.0 төгрөгийн хаалтын ханштайгаар 8.0 сая юанийг тус тус нийлүүлэв.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 0.74 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 0.74 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.

Categories
мэдээ улс-төр

Их өрийг тэглэхэд хамт байлцсан гэв

МАН-ын бүлгийн дарга М.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Нэгдсэн Орос намын урилгаар Оросын холбооны улсад айлчлаад ирсэн байна. Уг айлчлалын үеэр ОХУ-ын Думын хаврын чуулганы нээлт болсон бөгөөд тус хуралдаанд М.Энхболд тэргүүтэй хүмүүс оролцжээ. Мөн уг хуралдаанаар Монголросцветмет компанийн ОХУ-аас авсан 174.2 сая долларын өрийг тэглэх үү эсвэл эргүүлэн төлүүлэх үү гэдэг асуудлыг хэлэлцжээ. Ингээд Төрийн Думын гишүүдийн санал хураалт явагдахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь 174.2 сая долларын өрийн 97.5 хувийг тэглэхийг дэмжсэн байна. Харин үлдэгдэл 2.2 хувь буюу 3.8 сая долларыг Монголын тал 30 хоногийн дотор ОХУ-д эргүүлэн төлөх ёстой гэж үзжээ.

Энэ талаар МАН-ын дарга М.Энхболд “Монголын төлөөлөгчдийг Думын хуралдаанд оролцуулснаар санал хураахад нь хамт байсан. 2010 онд одоогийн Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд байхдаа Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдтой Монголросцветметийн төлбөрийг их өрийг уламжлалт харилцааны дагуу шийдвэрлэхээр тохирсон. Үүний дагуу Төрийн Думаар хэлэлцэж, Холбооны зөвлөлөөр өрийг чөлөөлөх шийдвэр гаргалаа. Манай хоёр орны өрийн асуудлыг шийдсэнээр бизнесийн орчин нөхцөл сайжирна гэж бид харж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Цөсний өвдөлтөд хооллолтоос гадна хөдөлгөөн нөлөөлдөг

“Чимэ жүд” эмнэлгийн дотор, зүрх судасны их эмч П.Хадхүүгээс цөсөө хамгаалах энгийн аргын талаар тодрууллаа.

Монголчуудын дунд цөсний өвчлөл хэр элбэг тохиолдож байна вэ?

-Цөс гэж дангаар ярих учиргүй, элэг, цөс гэх нь хэллэгийн хувьд зөв. Учир нь элгэн дотор цөс боловсорч үүсч байгаа. Олон тооны цоргоор дамжаад цөсний хүүдий дотор хуримтлагдаад хадгалагдаж байдаг.

Монголчууд гэлтгүй дэлхий дахинд энэ төрлийн өвчлөл түгээмэл тохиолдож байна. Хоол боловсруулах эрхтний өвчлөлийн дотор элэг, цөсний өвчлөл нэгдүгээрт орж байгаа. Цөс олон найрлагатай, өөх задлах фермент ихтэй, тэгээд өтгөн. Иймээс амархан өтгөрч, чулуу үүсдэг.

Цөсний өвчлөл элбэг тохиолдоход юу нөлөөлж байна вэ?

-Нөлөөллийн хувьд гол нь хоол. Манайхан хурц хоол их идэж байна, хоолны дэглэм муу барьдаг, мах, өөх тос их хэрэглэж байна.

Хоёрт хөдөлгөөн нөлөөлж байгаа. Орчин цагийн хүмүүс хөдөлгөөн бага хийж байгаагаас өвчлөлд өртөх болсон. Монголд цөсний өвчлөл бага байсан нь хүмүүс морь унаад бүсээ байнга бүслээд, байнгын хөдөлгөөнтэй байсантай холбоотой. Харин өнөө цагт хөдөлгөөн багатай, суугаа ажлыг хүмүүс олноор хийж байна. Бас шарсан тахиа, халуун ногоо гээд цөсийг цочроодог бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх боллоо.

Цөс өвдөх үед ямар шинж илэрдэг вэ?

-Хооллосны дараа баруун хавирганы орчим, эсвэл ар талаар хүчтэй өвдөнө. Их хүчтэй өвдөлт өгдөг. Цөс өтгөн болж, ялгарч чадахгүй байгаагаас өвдөлт өгч байгаа нь тэр. Өвчин бүр хүндэрвэл нүднийх нь салст ногоон болно, хэл нь өнгөртэй болохоос гадна бөөлжинө.

-Сүүлийн үед цөсний өвдөлт яагаад залуужаад байгаа юм бол?

-Өвчлөл залуужиж байна. Шалтгаан нь ердөө буруу хооллолт. Залуус буруу хооллосноос цөсөө цочроогоод байна л даа.

Цөсний чулуугаа авахуулсан хүмүүс таргалаад байдаг?

-Элэг нь ч өөхлөөд, өөрсдөө ч таргалах явдал байдаг. Чулуугаа авахуулна гэдэг бол цөсний хүүдийг нь авна гэсэн үг. Ингээд нөөцлөх савгүй болсноос цөсний гаралтайгаар элэг өөхлөх талтай. Энэ нь хүндэрвэл элэг хатуурна. Цөсний гаралтай цирроз ч үүсгэж болзошгүй. Цөсний чулуугаа эрт авахуулсан хүмүүсийг 2-3 жилийн дараа ЭХО-гоор харж байхад элэг нь өөхлөх нь элбэг байдаг.

Ингэхэд гашуун, ногоон шараар бөөлждөг. Энэ үед яах вэ?

-Цөс ходоод руу орж байгаа нь тэр. Энэ тохиолдолд дотрын эмчид үзүүлж, ходоодны хүчлээ дарах арга хэмжээ авна. Ингэж гашуунаар огиулдаг хүнд хеликобактер ургаж мэднэ. Учир нь тэнд хүчиллэг орчин үүсч байгаа юм. Эмчийн зөвлөсөн эмчилгээг нь хийж, шарсан, түлсэн хүнс хэрэглэхгүй байж чадвал энэ зовиур арилна.

Хүмүүс цөсөө угаая гэж их ярьдаг?

-Цөсийг угаахын өмнө чулуу байгаа эсэхийг мэдэх зайлшгүй шаардлагатай. Чулуутай бол угааснаас болж цөсний цоргыг чулуу бөглөх аюултай байдаг. Цөсний хана зузаан байгаа эсэхийг мэдсэний дараа эмч шаардлагатай гэж үзвэл угаахыг зөвлөдөг. Онцын шаардлагагүй бол цөсөө угааж цочроох хэрэггүй. Цөсөө олон угаах шаардлагагүй.Учир нь цөсийг байнга цочроогоод байвал үрэвсэх магадлалтай.

Өвдөлтөөс хамгаалах энгийн бөгөөд үр дүнтэй арга юу вэ?

-Хоолны дэглэм баримтлах бол үр дүнтэй арга. Хүний биеийн ихэнх хувь нь ус байдаг. Иймээс элэг, цөсөө үрэвсүүлэхгүйн тулд их шингэн хэрэглэх хэрэгтэй.

Манайхны хувьд шингэн бага хэрэглэдэг. Европчууд хоол идэхээсээ өмнө усыг ихээр уудаг. Ингэж ус уучихаад дараа нь хоол идэхээр боловсруулалт нь сайжрахаас гадна хүн бага иднэ. Харин манайхан том том аягаар хав халуун хоол идсэнийхээ дараа араас нь халуун сүүтэй цай, үгүй бол архи ууж цөсөө цочроогоод байдаг. Бас өглөө босоод ажил сургууль руугаа цайгаа уухгүй өлөнгөөрөө санд мэнд гүйчихэж байна. Өглөөний цайгүй явсаар өдөр л хооллодог.Тэгээд юм идэлгүй явсаар орой гэртээ учиргүй өлсөж ирээд хэмжээгүй их идэж байна. Тэр орой үдэш идсэн хоол нь хүнддээд цөсөө цочроочихно. Үүнд хүмүүс санаа зовохгүй юм.

Та шингэн юм уух хэрэгтэй гэлээ?

-Манайхан шингэн юм уу гэхээр усыг дангаар нь өдөржин литр литрээр уух нь гэж ойлгоод байдаг. Тураах зөвлөгөөнүүд дээр усыг литр литрээр нь уувал сайн гэнэ. Гэтэл хүйтэн ус цэрийтэл нь уугаад байвал ямар сайн байх вэ. Аягүйдвэл хавагнана.

Иймд хүмүүст хандан учир шалтгаангүй бол усыг нэг дор ихээр битгий уу гэж зөвлөе. Манай монголчуудын уламжилж хэрэглэж заншсан хярам байна. Өглөө хярам буцалгаад уувал хэчнээн сайхан бэ. Хар цай, ногоон цай хэрэглэж болно.

Бид хооллолтдоо ямар түгээмэл алдаа гаргадаг вэ?

-Мах, сүү хоёрыг нэг дор хэрэглэхэд найрлагын хувьд зохицолдоо муутай гэдэг. Гэтэл манайхан хооллосныхоо дараа халуун сүүтэй цайг ихээр уудаг. Уг нь хооллосноос хоёр цагийн дараа сүүтэй цайгаа уух учиртай. Харин хоолны дараа бүлээн ус бага зэрэг ууж болно. Нэмж хэлэхэд нэг удаа идэх хоолны порцоо хүмүүс ихдүүлээд байна. Учир нь хүн хооллох нэг удаагийн порц бага байх ёстой юм.

Ногоон шараар бөөлжвөл хүнсний сод тустай

Хэрэв та үе үе ногоон шараар бөөлжиж, левомицин шиг гашуун амт мэдрэгддэг бол хүнсний сод хэрэглэж болно. Энэ тохиолдолд буцалсан аяга сүүнд цайны халбаганы тал хэмжээтэй сод хийж хутгаад уувал гашуун амт дарагдана. Эсвэл буцалсан бүлээн усанд ийм хэмжээний сод хутгаад ууж ч болно.

“Хужирт”, “Жанчивлан”, “Оргил”-ын рашаан хүчлийг дарах үйлчилгээтэй. Иймд бөөлжвөл тэр үед нь дээрх рашааны аль нэгийг ууж хэрэглэж болно.

Бэлтгэсэн О.НЯМСҮРЭН

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо тэрбум 590 мянгад хүрчээ

2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар АНУ-ын иргэн Марк Цукербергийн үүсгэн байгуулсан фэйсбүүк олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн тоо тэрбум 590 мянга болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өсчээ. Энэ нь тус сүлжээний нэг өдрийн хэрэглэгчийн тоо 17 хувиар өсч, өдөрт дунджаар нэг тэрбум найман сая хэрэглэгч үзэж буй гэсэн үг аж.

Хэрэглэгчид уг сүлжээг өөр хоорондоо харьцах, текст бичлэг хийх зэргээр ашигладаг байсан бол эдүгээ видео бичлэг оруулах, үзэх талбар болгон ашиглах нь ихэсчээ. Өнгөрсөн онд хэрэглэгчид өөрсдийн 100 сая цагийн видео бичлэгийг фэйсбүүкт оруулсныг тэрбум орчим хүн үзсэн байна. Фэйсбүүк олон нийтийн сүлжээний нийт орлогын дийлэнхийг АНУ, Канад улсуудаас ордог бол 25 хувийг Ази тивийн орнуудаас олсон байна.

Categories
мэдээ улс-төр

З.Нарантуяаг СЗХ-ны даргаас чөлөөлөхийг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дарга З.Энхболд санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн хэмээн гишүүдэд танилцуулсан юм. Тэрбээр, санхүүгийн зохицуулах хорооны дарга Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ оны өмнө ирүүлсэн. Түүний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны даргаас асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь З.Нарантуяаг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл дарга Ерөнхий прокурорт ханджээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Улсын ерөнхий прокурорт ханджээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Амарбаясгаланг өөрийг нь ор үндэслэлгүйгээр гүтгэсэн тул тэрээр шүүхэд хандсан талаар өмнө нь мэдээлэл гарч байсан. Д.Амарбаясгалан гүтгэлгээ зогсоохгүй, уучлалт гуйхгүй байгаа тул нийслэлийн Засаг дарга ийм алхам хийхээр шийджээ.

Энэ тухайгаа “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Амарбаясгалан төлөөлөгчид намайг онц их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан мэтээр гүтгэлэг явуулж, нийтэд мэдээлсэн асуудлыг шалгуулахаар холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу Монгол Улсын Ерөнхий Прокурорт гомдол гаргаад байна” гэж мэдэгдэв.

Categories
мэдээ улс-төр

Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийднэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийн шинэчилсэн асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэв. Ард нийтийн санал асуулга явуулах тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн танилцуулгад “Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь 1995 онд батлагдаж байсан. Уг хууль батлагдсанаас хойш өнгөрсөн хугацаанд нэг ч удаа ард нийтийн санал асуулга явагдаж байгаагүй. Хуульд зааснаар санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалт, санал асуулгыг бэлтгэн явуулах зэрэг асуудлыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулахаар тусгасан боловч УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 2011 онд шинэчлэн батлахдаа одоо мөрдөгдөж буй Ард нийтийн санал асуулгын тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулаагүй байна. Мөн УИХ-ын 2012 оны сонгуулиас эхлэн сонгуулийн санал тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг Монгол Улс автоматжуулсан системээр зохион байгуулан явуулдаг болсон. Түүнтэй холбоотойгоор ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаагүй нь ард нийтийн санал асуулгын тухай хууль хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн төсөл шинэчлэн батлагдсан. Энэ хуулийн үзэл баримтлал, зарчимд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг нийцүүлэх шаардлага бий болсон Иймд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа” хэмээн дурджээ.

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 6 бүлэг, 24 зүйлтэй. Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулна.

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэг удаагийн санал асуулгыг хоёроос дээшгүй асуудлаар явуулахаар тусгасан байсан. Энэ нь зарчмын шинжтэй томоохон асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг байна. Тиймээс санал асуулга явуулах асуудлын тоог тухайн санал асуулга явуулах эрх бүхий этгээд шийдвэрлэхээр төсөлд тусгажээ. Мөн Ард нийтийн санал асуулгыг хуульд заасан арга хэлбэрээс гадна цахим хэлбэр /гар утас, цахим сүлжээ зэрэг/-ээр явуулахаар тусгасан аж. Гадаад улсад байгаа иргэдээс ард нийтийн санал авах өдрийг УИХ тогтоохоор заажээ.

Гишүүд уг хуулийн төслийг цаг хугацааны хувьд хэлэлцэх шаардлагатай юу, өмнөх хууль нь огт хэрэглэгдээгүй байтал дараагийн шинэчилсэн найруулгыг оруулж ирэх нь хэр оновчтой вэ зэргийг асууж байлаа.

Үдээс хойших хуралдаанаар энэ асуудлаар санал хураах юм.

Categories
мэдээ улс-төр

Цэцийн дарга Ж.Амарсанаа: УИХ Үндсэн хууль зөрчиж байна

Өнөөдөр Үндсэн хуулийн цэцээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм. Өнөөдөр мэдээлэл хийхийн өмнө Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хуралдаж Шүүх байгуулах тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргав.

Мэдээллийн үеэр ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа хэлэхдээ: “УИХ-ын Тамгын газраас Дээд шүүхэд бичиг явуулсан байсан. Уг бичигт “Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн УИХ-ын даргад явуулсан бичиг нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг нь нотлогдож байна” хэмээсэн байна. Албан бичиг хууль зөрчинө гэдгийг, албан бичгийн ард байгаа Ж.Амарсанаа хууль зөрчинө гэдгийг одоо л ойлгож эхлэх гээд байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн тухай Цэцийн гишүүн Д.Наранчимэгийн тогтоол УИХ-д очсон. Тогтоолтой холбогдуулж УИХ-ын даргад бичиг явуулсан юм. УИХ-ын Тамгын газар хууль зөрчсөнийг нотолдоггүй.

Энд хэлэхэд, хууль зөрчсөнийг УИХ, Тамгын газар нотлох боломжгүй. Одоогийн үйлчилж буй хуулиар шүүх нотолдог. Гэтэл хэн нэг нь нотлоод Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид бичиг явуулсан. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн хариултад “Та бүгд ийм асуудал тавьсан байна. Энэ асуудлаа хуулийн дагуу шийдээрэй” л гэсэн хариу байна билээ. Гэтэл үүнийг Хууль зүйн байнгын хороон дээр санал өгсөн болгоод, өчигдөр орой УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, яаран сандран ҮХ-ийн цэцийн даргын асуудлыг нэгдүгээрт хэлэлцэхээр төлөвлөсөн. Ийм л асуудал болсон.

Хэрвээ ҮХ-ийн цэцийн даргыг огцруулах, эргүүлэн татах асуудал яригдвал хуулийн дагуу эхлээд цэцийн есөн гишүүн дотроо хуралдах учиртай. Дараа нь асуудлаа дээд шүүхэд тавина. Улмаар Улсын дээд шүүхийн 25 шүүгч хуралдаж, олонхиор УИХ-д бичиг ирүүлэх ёстой. Ингэсэн тохиолдолд УИХ Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэх дараагийн шатны асуудал яригддаг. Гэтэл Улсын дээд шүүхийн явуулсан хариуг санал мэтээр асуудлыг авч хэлэлцсэн. Энэ бол хуулийг ноцтой зөрчиж буй хэрэг. Энд нэг зүйлийг хэлэхэд сүүлийн үед УИХ-аас ҮХ-ийн цэцтэй холбоотой алхмууд нь дандаа Үндсэн хууль зөрчсөн байгааг хэлэх хэрэгтэй гэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
гадаад мэдээ

Швед улс 80 мянган цагаачийг албадан гаргахаар болжээ

Шведээс орогнол хүссэн 80 мянга гаруй цагаач иргэдийг улсаасаа албадан гаргана гэдгээ тус улсын Дотоод хэргийн сайд Андерс Ягемэн мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ “Эдгээр цагаачдыг Шведээс гаргахын тулд хөлсний онгоц ашиглана. 60 мянга орчим цагаачийг албадан гаргах болсон, гэхдээ энэ тоо 80 мянгад хүрч магадгүй” гэжээ.

Өнгөрсөн 2015 онд Швед улсаас 163 мянган хүн орогнол хүссэн нь Европын нэг улсад ноогдох хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Тус улс өнгөрсөн жил ойролцоогоор 58800 цагаачийн хүсэлт хүлээн авснаас 56 хувьд нь орогнох зөвшөөрөл олгожээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүдийн цасны баяр болно

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, нийслэлийн иргэдэд амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт өнгөрүүлэх боломж олгох зорилгоор жил бүр зохион байгуулж буй “Эрүүл агаар – Рио -2016” өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний цасны баяр нэгдүгээр сарын 30-ны өдөр Хандгайтын “Янзага” зусланд болно.

Энэ арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд оролцож, ажил үйлсээрээ 2015 оны “Нийслэлийн Биеийн тамир, спортын шилдэг хамтлаг”-аар шалгарсан байгууллага, хамт олонд шагнал гардуулах юм. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/34 дүгээр захирамжаар баярын өмнөх амралтын өдрүүдэд 10:00–20:00 цагт автомашины сүүлийн оронгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхтэй холбогдуулан уг арга хэмжээний үеэр автомашины улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл явах тул нийслэлийн иргэдийг цасны баярын арга хэмжээнд оролцохдоо нийтийн унаа захиалж хамт олноо идэвхтэй оролцуулахыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас уриалжээ.