Categories
мэдээ спорт

“Мастерc лиг” эхэллээ

Монголын сагсан бөмбөгийн холбооноос хоёрдахь жилдээ зохион байгуулж буй “Мастерc лиг”-ийн тэмцээн өчигдөр эхэллээ. Спортын төв ордонд болж буй тус лигийн тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц тэргүүтэй “1+11”, “Алтайн бүргэдүүд”, “Бизнесийн чөтгөрүүд” зэрэг есөн баг оролцож байна. Долоо хоног бүрийн ням гаригт тоглолттой байх энэхүү тэмцээн дөрвөн сарын турш үргэлжилж, шилдгүүдээ тодруулна.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлгөөнд саад учруулсан авто машиныг ачиж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаас баталсан Тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэх тухай шинэчилсэн журам энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Журмын хүрээнд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ буюу зогсоолгүй газар, бусдын хөдөлгөөнд саад учруулахуйц байрлуулсан автомашиныг 08:00-20:00 цагийн хооронд зөөж, шилжүүлэх юм. Ингэхдээ мотоцикл 30 мянган төгрөг, суудлын автомашин, микро автобус болон 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60,000 төгрөг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90,000 төгрөгөөр ачихаар болоод байгаа юм. Харин саатуулах байрны төлбөр 3000-20 мянган төгрөгийн хооронд байхаар тогтоожээ.

Categories
мэдээ цаг-үе

О.ЧИНБАТ: ЮНЕСКО-гийн тайзнаа хөгжимдөхийн зэрэгцээ хөөмийлсөн нь үзэгчдэд их таалагдсан

Саяхан
Францын нийслэл Парис хотноо ЮНЕСКО-гийн 70 жилийн ойд зориулсан дэлхийн шилдэг хөгжимчдийн тоглолт болж өнгөрсөн билээ. Дэлхийн 30 орчим орны ардын хөгжмийн мастерууд, Чех улсын симфони оркестр, Бельгийн нэрт удирдаачийн удирдлага дор дэлхийн алдарт бүтээлүүдийг ЮНЕСКО- гийн өргөөнд толилуулсан байна. О.Чинбат энэ оны мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн “Виртуоз” наадамд оролцсон гарамгай хөгжимчдийн нэг билээ. Тэрбээр тус тоглолтод Ф.Менделсоны хос кларнетад зориул­сан концертыг эвэр бүрээгээр тоглож сонирхуулсан байна. Ингээд “Улаанбаатар” чуулгын эвэр бүрээчин О.Чинбаттай эл тоглол­тын талаар цөөн хором хөөрөлдсөнөө хүргэж байна.

Хэдхэн
хоногийн өмнө та ЮНЕСКО-гийн томоохон концертод оролцоод ирлээ. Дэлхийн олон орны шилдэг хөгжимчидтэй нэгэн тайзнаа оркестр тоглолоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Өнгөрсөн сарын 22-нд Францад ЮНЕСКО
байгуулагдсаны 70, Аялгуугаар дамжуулж соёл иргэншлүүдийн хооронд
хэлхээ бий болгох холбооны
10 жилийн ойн тоглолт боллоо.
Энэ тоглолтод тэр том тайзнаа
эх орноо төлөөлөн оролцоод
ирсэндээ баяртай байна. Дэлхийн
шилдгүүдээс шигшиж бүрдүүлдэг энэхүү
тоглолтод оролцоно гэдэг хөгжимчин хүний
хувьд нэр төрийн явдал
байлаа.

Хичнээн
орны хөгжимчин оролцсон бэ?

-30 орчим орны хөгжимчид оролцсон.
Чехийн оркестр, Бельгийн удирдаачтай концертод оролцсон.Турк, Хятад, Иран
зэрэг олон орны уран
бүтээлчид уран бүтээлээ толилуулсан
байгаа.

Дэлхийд
танигдсан уран бүтээлчид энэхүү концертод мөн нэгдсэн гэсэн?

-Европтоо нэлээд алдартай гэгдэх
олон хүн энэ удаа
хамтарч тоглосон. Прагийн найрал хөгжим,
Австрийн хийлч Волфгэнг Дэвид,
Хятадын Дэн Жу, Португалийн
Карлос Дэмэс, Колумбын гитарчин
Андриас Гуарин Нилко тэргүүтэй
хөгжимчид энэ удаа хамтарч
тоглолоо. Европын “Чарлмейн” оркестрыг үүсгэн байгуулагч маестро
Бартхоломес Хенри Ван ди
Велд удирдсан.

Монголоос
танаас өөр хөгжимчин оролцсон уу?

-Надаас гадна морин хуурч
Э.Цолмон, цохиур
хөгжимчин Б.Ганхүлэг нар
оролцоод ирсэн.

Манай
хөгжимчид оркестрын аль хэсэгт гоцолсон бэ?

-Бид Болерогийн хэсэг дээр дан
хөгжимдсөн. Бид ЮНЕСКО-гийн
тайзнаа хөгжимдөхийн зэрэгцээ хөөмийлсөн нь үзэгчдэд их
таалагдсан

Та
хөөмийлсөн үү?

-Тийм.

Дэлхийн
шилдгүүдтэй гар нийлэхийн тулд хэр удаан бэлтгэл хийсэн бэ?

-Өнгөрсөн арванхоёр­дугаар сарын 19-нд
Францад очоод хоёр өдрийн
бэлтгэл хийсэн дээ.

Та
өмнө нь ч бас энэ тоглолтод оролцож байсан гэсэн. Энэ удаагийнх нь юугаараа онцлог болж өнгөрөв?

-2011 онд Францад анх зохиогдож
байсан. Үүнээс хойш дөрөв
дэх жилдээ Цолмон, Ганхүлэг
бид гурав оролцож байна.
Анх “Бөртэ” хамтлагт байхдаа
оролцож байлаа. Энэ жилийн
тоглолт ЮНЕСКО-гийн театрт
болсон байгаа. Тоглолтыг 1000 гаруй
хүн үзсэн. Их сэтгэл
хангалуун хүлээж авч, талархал
илэрхийлсэн. Тоглолтын программын хувьд их өвөрмөц
санагдсан. Дан сонгодог зохиолоос
бүрдсэн нэг цаг 10 минут
үргэлжилсэн тоглолт болсон. Дэлхийн
сонгодог хөгжмийн түүврээс шилдэг хөгжимчдийг нэгэн
дор цуглуулж тоглолт тавина гэдэг
өөрөө гайхамшигтай явдал байхгүй юу.
Ер нь олон орны
үндэсний хөгжмөөс бүрдсэн концертыг тавьж
байгаагүй юм билээ.

Бусад
орны үндэсний хөгжмөөс сонирхуулаач?

-Хятадын хийлч залуугийн үзүүлбэр
их сонирхол татсан. Дэлхийн шилдэг
сонгодог хөгжмөөс тоглосон. Хулсан лимбээр. Хятадын
уран бүтээлчдийн хөгжмийн бүх зэмсэг хулсаар
хийгдсэн байсан. Учир нь
Хятадын хулсан мод устаж
үгүй болж байгаа юм
билээ. Тиймээс хулс модыг
хайрлая гэсэн санаа бүхий
агуулгыг гаргасан. Эх дэлхийн хүмүүс
бүгд нэгэн гэр бүл
гэдгийг хөгжимчдийг бүрдүүлж харуулахыг зорьсон байсан.

-“Улаанбаатар
чуулга”-д хичнээн жил тоглож байна вэ?

-“Улаанбаатар
чуулга”-д найман жил
болж байна. Өмнө нь
Үндэсний ардын дуу бүжгийн
чуулгын хөгжимчин байлаа.

Та
яаж бүрээчин болж байв?

-Хөгжим бүжгийн коллежийг эвэр
бүрээчнээр төгссөн. СУИС-д магистраа
хамгаалсан. Дараа нь Хөгжим
бүжгийн коллежид хөгжмийн зохиолчоор дахин сурч төгссөн.
Манай ах эвэр бүрээчин.
Ээж маань бас хөгжимчин
хүн байсан. Гэр бүлийнхэн
л энэ хөгжимд
намайг хөтөлсөн дөө.

Хөгжмийн
зохиол бичиж үзсэн үү. Ялангуяа эвэр бүрээ хөгжмөөр?

-Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдын
шавь. Эвэр бүрээ хөгжимд
зориулж оркестр бичсэн байгаа.
Монгол, Германы хамтын ажиллагааны
40 жилийн ойгоор Германд очиж
анх удаа өөрийн эвэр
бүрээ хөгжимд зориулж бичсэн
бүрэн хэмжээний оркестрыг тоглосон. Энэ тоглолт үнэхээр
сайхан болсон. Басс кларинет
хөгжимд зориулсан концерт тоглосон.

Categories
мэдээ соёл-урлаг

“Ээж ээ, сайн байна уу”

Өглөөний ургах наран дундаас хувинтай ус бариад ирж яваа ээжийнхээ өөдөөс гараа алдлан гүйж буй бяцхан хүүхдийн зургийг хараагүй, мэдэхгүй хүн үгүй. Энэ бол ардын зураач, Төрийн соёрхолт Дагдангийн Амгалангийн “Өлгий нутгийн минь өглөө” цуврал зургийн нэг хэсэг “Ээж ээ, сайн байна уу” зураг юм. Д.Амгалан гуай энэхүү бүтээлээ оюутан ахуй цагтаа буюу 1962 онд бүтээж, “Өлгий нутгийн минь өглөө” цувралаараа 1969 онд Төрийн шагнал хүртэж байжээ.

Эрвийсэн сормуус, бумбайсан хацар, сарвайсан бамбагар хөөрхөн гар, сэвлэг сөөсгөр үстэй, баацайсан хөлтэй, тонтгор хөөрхөн балчир хүүхдийн булбарайхан төрхийг харсан хэний ч хайр өөрийн эрхгүй төрмөөр. Хүн бүрийн сэтгэлд балчир бага насандаа эргэн очих шиг, хорвоогийн хамгийн аз жаргалтай мөчүүд эргэн ирэх шиг мэдрэмж төрүүлнэ. Энэ зурганд хорвоогийн гэрэлт нэгэн өглөө аз, жаргал баяр баясал өнгө бүхнийг хоёрхон өнгөөр дүрсэлжээ. Хулдаасан барын аргаар бүтээсэн эл зургаа цагаан дэвсгэр дээр улаан хар хоёрхон өнгийг ашиглан дүрсэлсэн. Нарны цацраг эхийн хувцас нүүр царай, хүүхдийн нүүрийг хараар дүрсэлсэн ч, хүүхдийн дотуур цамцыг час улаанаар дүрсэлсэн нь зургийг илүү тодруулж өгнө. Мөн яагаад ганцхан хүүхдийн цамцыг улаанаар зурсан юм бол гэдэг нь олон хүний сонирхлыг төрүүлдэг.

Хүүхдийг гол баатар болгон хэдийгээр цаашаа харуулж дүрсэлсэн ч нүүрэн дэх сэтгэл хөдлөл зэрэг нь түүний гараа сарвайлган гүйж байгаагаас тодорхой харагддаг. Харин эхийг нааш харуулан зурсан хэдий ч нүүр царайны ерөнхий дүрслэлийг бүдүүн тоймоор гаргажээ. Гэсэн ч эхийн жаргалтай инээмсэглэл, үрээ харж буй хайр энэрлийн уян зөөлөн харц мэдрэгдэнэ. Хурц нарны өөдөөс харж буй хүнд юмс үзэгдэл ингэж л харлаж харагддаг даа гэж бодогдохоор.

Ардын зураач Дагдангийн Амгалан Сүхбаатар аймгийн Дарьганга нутагт 1933 онд мэндэлж зургаахан насандаа эцгээс өнчирч элбэрэлт эхийн ачаар хүний зэрэгт хүрчээ. Хар бага наснаас зураг зурах дуртай байсан бяцхан хүү 13 насандаа хүүхдийн зургийн уралдаанд түрүүлэн, 1945 онд сууриа тавьсан Дүрслэх урлагийн дунд сургуульд оюутан болж очсон байна. Москвагийн уран зургийн дээд сургуульд элсэн суралцаж байх үеийн нэгэн амралтаараа тэрээр эхнэр хүүхдүүд дээрээ ирээд байхдаа энэхүү алдарт зургаа туурвижээ. Тэрбээр “Ээж ээ, сайн байна уу” зургаа хэрхэн бүтсэн талаар дурсан ярьсан байдаг.

Д.Амгалан гуай 1959 онд Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуульд элсэн оржээ. Айлын хажуу өрөө түрээслэн эхнэр хүүхдээ байлгадаг байсан тарчигхан оюутан зун, өвлийн амралтаараа нутагтаа ирээд Урчуудын эвлэлийн хороотой гэрээ байгуулж, зураг зурдаг байж. Тэгж олсон хэдэн төгрөгөөрөө ард үлдсэн эхнэр хүүхдэдээ нэмэрлэнэ. Энэ л үедээ тэрбээр “Баян талын өглөө”, “Бадралт соёлын минь өглөө”, “Атар талын өглөө”, “Аварга үйлдвэрийн өглөө”, “Улаанбаатарын өглөө”, “Уламжлалт ирээдүйн өглөө” зэрэг зургаан цуврал бүхий ”Өлгий нутгийн минь өглөө” уран бүтээлээ туурвижээ. Энэ цуврал зургийнхаа төгсгөлийн хэсэг болох “Уламжлалт ирээдүйн өглөө” гэсэн сэдвээр “Ээж ээ, сайн байна уу” зургийг зурсан байна.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би өвлийн амралтаар ирээд байсан үе. Эхнэр бид хоёр хүүхдүүдийн хамт айлын нэг өрөөнд амьдарч байлаа. Нэг өглөө дунд охин Жавхлан маань нойрмог нүдэлчихсэн “Ээж ээ” гэсээр галын өрөөнд орж ирсэн. Тэр үед охин маань дөнгөж хоёр ойтой байсан үе. Ээжийгээ алга болохоор уйлагнан үгүйлж, олж хараад баярлан хөөрөх охины минь тэр хонгорхон зан энэ зургийн санааг анх надад төрүүлсэн юм. Зургаа хоёр өнгөөр зураад шөнөжингөө галын өрөөндөө сууж нухаж билээ. Хулдаасан барын аргаар бүтээсэн юм шүү дээ. Суриковын дээдэд шилжихээсээ өмнө Москвагийн Хэвлэлийн дээд сургуулийн зургийн ангид сурч байхдаа зураасан зураг, мод, чулуу болон хулдаасан барын аргаар хийж сурсан. Тэгээд л шинэ төрлөөр бүтээе гэж оролдсон минь тэр” хэмээн дурсан ярьсан нь үлджээ.Том охин Жаргалан, дунд охин Жавхлан хоёр нь багадаа “Энэ би, энэ би” гээд л хоорондоо булаацалддаг байж. Тэгэхэд нь “Та нар бүгдээрээ өөрийгөө гэж бод, өглөө босоод л ээж рүүгээ тэмүүлцгээдэг шүү дээ” гэж ярьдаг байсныг түүний шавь зураач С.Төгс-Оюун дурсан бичсэн нь бий.

Түүний “Өлгий нутгийн минь өглөө” цувралын бүх зурагт нар байдаг. “Ээж ээ, сайн байна уу” зурагт ч өглөөний нарны цацрагийг зургийн бүхий л хэсэгт тусгаж өгсөн. Алтан наран бүхий л ертөнцийг ариусган гэрэлтүүлж, хүн бүхэн амьтан бүхэн дээр ялгалгүй тусна гэдэг сэдлийг эрхгүй төрүүлнэ. “Ертөнцийн наран мандаж байна. Ээж минь ч бас наран юм гэсэн санааг тусгая гэж бодсон. Яахав, муугүй бүтээл болсон байх аа. Олон удаагийн үзэсгэлэнд тавигдаж байсан. “Иностранная литература”, “Огонек” зэрэг гадаадын хэвлэлд нийтлэгдсэн. Мон­голдоо бол сонин хэвлэлд олон гарсан даа” хэмээн нэрт зураач Д.Амгалан дурсан ярьж байжээ.

Д.Амгалан гуай 1993 онд жаран насныхаа ойгоор уран бүтээлийн тайлан үзэсгэлэнгээ гаргахдаа энэ зургаараа “анонс” хийж байжээ. Анхны эх нь олдохгүй болохоор дахиж хийсэн эхээ үзэсгэлэнгийн хойморт залсан байна. Харин тэрхүү эх зургаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын гэргий Ш.Цэвэлмаад дурсгал болгон бэлэглэсэн тухай сонин хэвлэлд гарч байсан юм.

Дөч гаруй насыг туулж яваа “Ээж ээ, сайн байна уу” зураг олон ч албан газар байгууллага, сургуулийн ханыг чимж, олон мянган хүүхдийн уран зургийн мэдлэгт хувь нэмэр оруулж буй бүтээл.

Социализмын үед л гэхэд 120 мянгатын нэгэн байшингийн хананд энэ зургийг бүтнээр нь зурж, бүхэлд нь дүүргэсэн нь олон хүний сэтгэлд хоногшин үлдсэн байдгийг тэр хавиар амьдарч байсан хүмүүс дурсан ярих нь бий.

Энэхүү нэрт бүтээлийг өнгөрсөн онд Дорнод аймгийн төв “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд хөшөө болгон бүтээж, мөнхөлсөн юм. Энэ нь тус бүтээл хэр үнэ цэнтэй болохыг илтгэх бас нэгэн үнэлэмж болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ

Онцгой байдлын ерөнхий газар, Улсын Онцгой комиссоос өвөлжилт, зудын эрсдэлийн үнэлгээ хийж 21 аймагт ажиллаад иржээ. Энэ талаарх дэлгэрэнгүй танилцуулга хийх Улсын Онцгой комиссын хурал өнөөдөр 11:00 цагт Төрийн ордон дахь Шадар сайдын өрөөнд болох аж. Урьдчилсан байдлаар төвийн болон баруун зүгийн нилээд олон аймаг, сумдад цас ихээр орж, өвөлжилт хүндрэх төлөвтэй болоод байгаа билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Монголчууд бид эв эеэ хичээж, өөрсдөдөө итгэх цаг иржээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ оны эхний дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” уламжлалт буландаа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнжсөн тэмдэглэлээ хүргэж байна. Он гарснаас хойших өдрүүдэд тус эмнэлэг хэдэн хүүхэд өлгийдсөн талаарх гэгээлэг сурвалжлагын дэлгэрэнгүйг XII, XIII нүүрнээс уншаарай.

Мөн энэ өдрийн дугаарт УИХ-ын дарга З.Энхболдын томоохон ярилцлага гарлаа. Монгол Улсын их хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдын “УИХ ипотекийн найман хувийн зээлийн асуудлыг энэ сардаа шийдвэрлэнэ” хэмээх гарчигтай сонирхолтой ярилцлагыг нэг, IV, V, VI нүүрнээс унших боломжтой. Мөн энэ онд Монгол Улсын эдийн засгийн төлөвийн талаарх тоймыг нийтэлжээ. Тус тойм XI нүүрт хэвлэгдэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Н.Гантулгын “Монголчууд бид эв эеэ хичээж, өөрсдөдөө итгэх цаг иржээ” нийтлэл хэвлэгдлээ. Шинэ гарсан 2016 он монголчуудын хувьд улс төрийн сонголт хийсэн, эдийн засгийн томоохон асуудлуудаа шийдэх онцгой чухал жил байж таарах нь. Тиймээс нийт монголчуудад эдгээр чухал асуудлуудаа зөв шийдэхийн тулд эв эетэй байх нь хамгийн чухал гэдгийг дээрх нийтлэлд өгүүлсэн юм.

Баримт, үйл явдал нүүрэнд “Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ” гэх мэдээлэл гарсан ба он гарах мөчид гарсан гэмт хэргийн талаарх мэдээллүүдийг уншаарай.

“Сонгодог урлаг” нүүрт Ардын зураач Дагдангийн Амгалангийн “Өлгий нутгийн минь өглөө” цуврал зургийн нэг хэсэг “Ээж ээ сайн байна уу” зургийг онцолжээ. Та бүхэн энэ буланг XVI нүүрнээс унших боломжтой.

“Дэвжээ” нүүрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чансаа өндөр 128 бөхийн барилдааны түрүү Монгол Улсын харцага Б.Пүрэвсайхантай хийсэн ярилцлага хэвлэгдсэн байна. Харин “Соёл урлаг” нүүрт О.Чинбатын “ЮНЕСКО-гийн тайзнаа хөгжимдөхийн зэрэгцээ хөөмийлсөн нь үзэгчдэд их таалагдсан” ярилцлага нийтлэгдлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн 20 мянгыг олгоно

Хүний хөгжлийн санд хөрөнгө төвлөрөхгүйгээс 2015 оны арванхоёрдугаар сард багтаан олгох ёстой байсан Хүүхдийн 20 мянган төгрөг одоог хүртэл олгогдоогүй. Тэгвэл Сангийн яам дээрх арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 10-нд багтаан олгох чиг барьж буй ажээ. УИХ-аас баталсан 2016 оны төсвийн хуулиар хүүхдийн мөнгийг амьжиргаанаас нь хамааруулж олгохоор болсон. Тодруулж хэлбэл, хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоор шийдсэн. Ингэхдээ 1-17 дугаар бүлэгт хамаарах айл өрхийн хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох болж буй.

Categories
гадаад мэдээ

“Лалын улс” бүлэглэл Рамади хот руу дайрчээ

Иракийн Засгийн газрын хүчин Рамади хотын хяналтыг буцаан авснаас долоо хоногийн дараа “Лалын улс” бүлэглэлийн босогчид тус хотын захаар хариу давшилт хийжээ. “Рамади хотын хойд болон зүүн захаар босогчид голдуу давшсан бөгөөд Иракийн Засгийн газрын хүчин босогчдын давшилт болгоныг амжилттай няцаасан” гэж АНУ тэргүүтэй эвслийн хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Стив Уоррен мэдэгдэв. Өнгөрсөн баасан гарагт босогчид хотын ойролцоох цэргийн бааз руу халдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Алга болсон иргэнийг гурван өдрийн дараа олжээ

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэн О сураггүй алга болсон байна. Тэрээр айлын цайллагаас гарч, сумын төвөөс 40 км зайд байрлах гэр рүүгээ явж байхдаа алга болжээ.

Иргэн О-г алга болсон тухай арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагт мэдэж, тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн 62 хүн эрэлд гарчээ. Улмаар сураггүй болсон иргэнийг өчигдөр эсэн мэнд олсон байна.

Categories
мэдээ нийгэм

Дунд сургуулийн сурагчид амарна

Ерөнхий боловсролын сургуулийн нийслэлийн 6-9 дүгээр ангийн сурагчид ирэх долоо хоногоос буюу нэгдүгээр сарын 5-25-н хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25-н хүртэл тус тус амрах гэж байна. Бага ангийнхан буюу 1-5 дугаар ангийн сурагчдын амралт 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлсэн юм.

Харин орон нутгийн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-ноос хоёрдугаар сарын 1-н хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25-н, 10-12 дугаар ангийн сурагчид энэ сарын сарын 12-18-н хүртэл тус, тус амрах юм.

Сайдын тушаалын дагуу өвлийн хоёрдугаар улирлын амралтыг хот, хөдөөд ялгаатай тогтоож өгсөн билээ.