Categories
мэдээ нийгэм

Улсын заан Ц.Баярсайханд 11 жилийн хорих ял оноожээ

Улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийг шүүх хурал
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж, шүүх
шийдвэрээ гаргажээ. Түүнд эрүүгийн хуулийн 148.4-өөр хэрэг үүсгэн шалгасан
байна. Тодруулбал, бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан хэмээн
буруутгаж, чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноож, хоёр сая
төгрөгийн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргасан байна. Эх сурвалжийн
өгүүлснээр Ц.Баярсайхан нь аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс нийт 500 сая
төгрөгийг “Мах импекс” компанитай гэрээ хийсэн мэтээр хуурамч бичиг баримт
үзүүлэн мэхлэн авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Мөн Баянгол дүүргийн
Цагдаагийн хэлтэст шалгаж, тус дүүргийн Прокурорын газарт хянаж байсан бусдын
50 сая төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэл хэрэг дээр нь нэмэгджээ. Анхан
шатны шүүх дээрх хэргийг хэлэлцээд түүнд 11 жилийн хорих ял оноосон бөгөөд
шүүгдэгч дараагийн шатны шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгджээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Илчлэг багатай хоол унд хэрэглэх нь хөгшин, уцаартай харагдуулдаг

Хүн эрүүл аюулгүй, амин дэмтэй хоол идэхээс гадна түүнийг зөв хэрэглэх нь хамгийн чухал. Зөв хооллолтоос хүний бие болоод сэтгэл санаа, бодисын солилцооны тэнцвэр, гадаад үзэмж, гоо сайхан ч хамааралтай.

Хоолоо сойн турж байгаа нь энэ гээд хонон өнжин өлсгөлөн байж байгаад илчлэг багатай хоол, унд байнга идэж уудаг бол таны хүч чадал доройтож, наснаасаа гурваас таван насаар хөгшин, уур уцаартай харагддаг гэнэ. Эмх цэгцгүй хооллодог хүмүүс бий. Ийм хүмүүс ажиллах чадвар муутайн дээрилүүдэл жинтэй болох магадлал өндөр аж. Өглөө гэрээсээ өлөн гараад өдөржингөө хоосон ходоодтой гүйж байгаад гэнэт их хэмжээгээр цадтал идэх нь бий. Ингэж идэхэд ходоод гэнэт дүүрч, ходоодны хана сунаж, шингэцгүй болж архаг өвчтэй болох суурь нь тавигддаг. Нэг удаа их хэмжээгээр хооллоход судасны хана хатуурч, өөх хуралдах явц эхэлдэг.

Энэ мэтээр та бидний дунд зөв хооллолтыг амьдралын хэвшил болгоогүй хүн олон байдаг.

Зохистой хооллохын хамгийн чухал зүйл бол хоол, ундыг хэрэглэх цаг, хэмжээ орцын хуваарилалт юм. Ходоодонд хоол орсноос хойш дөрвөн цагийн дотор боловсордог. Тиймээс хүн эрүүл, урт насалъя гэвэл өдөрт 4-6 удаа бага багаар хооллох нь тохиромжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд, фитнессийн багш нар зөвлөдөг.

Categories
мэдээ нийгэм

Т.Батсайханыг интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоор Монгол улсын бас нэгэн иргэнийг эрэн сурвалжилж эхэлжээ. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, эрэгтэй, 30 настай Тогтох овогтой Батсайханыг Замын болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэгт сэжиглэн Монгол улсын хил давж гадаадад гарсан байж болзошгүй хэмээн ийнхүү олон улсад эрэн сурвалжилж буй юм байна. Олон улсад гэмт хэрэг үйлдсэн, тухайн орноос оргон зайлсан этгээдүүдийг интерполоор эрэн сурвалжилдаг ба манай улсын нийт есөн иргэнийг ийнхүү олон улсад эрэн сурвалжилж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Гааль, татварын газар нэгдэхэд 250 хүн ажлаас чөлөөлөгдөнө

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай, Үндэсний статистикийн хороог, Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэхээр болсон. Ингэснээр эдгээр байгууллагын үндсэн чиглэл, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахгүй. Харин байр ашиглалт, төсөв зэргийг нэгтгэх замаар 1.7 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэх тооцоог Сангийн яамнаас гаргасан. Өөрөөр хэлбэл, Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газрын байранд шилжүүлж, тодорхой тооны ажилтныг цомхотгох, хоёр байгууллагын даргыг нэгтгэснээр давхардсан орон тоо багасч, цалин, хангамж буурна гэж үзээд байгаа аж.

Улсын төсвийг төвлөрүүлдэг дээрх хоёр байгууллагыг нэгтгэж Татварын Ерөнхий газрын байранд оруулах юм. Харин Гаалийн Ерөнхий газрын байрыг нээлттэй тендер зарлаж дуудлагаар худалдах аж. Гааль, Татварын Ерөнхий газрын хувьд ерөнхий нэг даргатай, асуудал эрхэлсэн гурван дэд даргатай байх гэнэ. Мөн Улсын байцаагч нарын цалин ижил байх бөгөөд нэгдсэн нэг шатлалаар явах юм байна.

Тэгвэл нэгтгэлийн ажил хийгдэж байгаа бөгөөд ингэснээр ГЕГ, ТЕГ-аас нийт 250 орчим хүн ажлаасаа чөлөөлөгдөхөөр байгаа юм байна. Тодруулбал, Гаалийн Ерөнхий газраас 100 гаруй хүн, Татварын Ерөнхий газраас 150 орчим хүнийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон гэх албан бус мэдээлэл байна.

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийн салбартай холбоотой өргөдөл, гомдол илүү иржээ

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү ажлаа тайлагнаж мэдээлэл хийв. Өнгөрсөн оны 12 дугаар сард тус байнгын хороо 240 өргөдөл гомдол хүлээн авсан байна. Тэдгээрийн 67 хувийг судалж шийдвэрлэсэн бол үлдсэнийг нь судалж байгаа гэнэ. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл олноор ирүүлэх болсон байна. Тиймээс энэ сардаа багтаан салбарын удирдлагуудыг оролцуулсан нээлттэй сонсгол хийхээр болсноо дуулгав.

Хамгийн сүүлд гэхэд Төв аймгийн Баянчандмань суманд болсон гэмт хэргийн хохирогчийн гэр бүлийнхнээс эмчилгээний зардал тусламж хүссэн байна. Үүнтэй уялдуулж иргэд эрүүл мэндийн даатгалаар эмчилгээ үйлчилгээ авч чадаж байгаа эсэхийг судлах гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Арван зургаан аймаг зудтай байна

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдав. Хурлаар өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх зорилго бүхий Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн орон нутагт ажилласан ажлын тайланг Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар танилцуулав. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 21 аймгийн өвөлжилтийн байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийн, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой шуурхай бүлэг Шадар сайдын тушаалаар байгуулагдаж, 2015 оны 12 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд орон нутагт ажиллажээ.

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад, Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу гамшгийн эрсдлийн үнэлгээг гаргахад 12 дугаар сарын 28-ны байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Хэнтий, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс зэрэг 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 110 сум зудархуу байна. Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Орхон аймагт өвөлжилт хэвийн байна.

Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 48 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн хөрөнгийн асуудлууд, улсын нөөцөөс үнэгүй болон үнэ хямдруулан олгох өвс, тэжээлийн тухай Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолоор өвөлжилт хүндэрсэн 16 аймагт хуваарилж байгаа хөрөнгийг зөв зохистой захиран зарцуулах, эрсдлийн бүсэд байгаа малчид, иргэдэд эрүүл мэнд, нийгмийн халамж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд онцгойлон анхаарч, нэгдсэн удирдлагаар хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг Улсын онцгой комисст ирүүлэхийг өвөлжилт хүндэрсэн зарим аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо. Мөн Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн 2011-2013 онд бүрдүүлсэн улсын нөөцийн цэг салбаруудад байгаа өвсийг үнэгүй, 2011-2014 онд бүрдүүлсэн тэжээлийг 50 хувь хямдруулах шийдвэрийн хүрээнд өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зэрэг хууль бус явдлаас урьдчилан сэргийлж, хянал тавьж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд нарт даалгав.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн хуулиар ҮХЦ-д хандана гэв

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсноо мэдээлэв. Тэд “Сонгуулийн нэгдсэн хуульд өмнөхөөсөө дэвшилттэй заалт туссан хэдий ч Үндсэн хуулийн зөрчлийг арилгаж чадаагүй” гэв. Тухайлбал, УИХ-ын 76 гишүүний 28-ыг пропорциональ хувилбараар буюу хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгох болж байгаа нь 2011 онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн алдааг давтсан. Зөрчлийг арилгахгүй байгаа нь хэн ч тоож сонгохооргүй хүмүүсийг намын жагсаалтад багтаах гэсэн арга гэлээ.

Мөн Сонгуулийн нэгдсэн хуульд нам, эвслийг дугуйлаагүй бол саналын хуудсыг хүчингүйд тооцох заалт тусгасан нь Үндсэн хууль зөрчсөн заалт гэж Ц.Даваасүрэн гишүүн хэллээ. Дээрх заалтаар сонгогч нам, эвслийг дугуйлалгүй зөвхөн бие даагчийг дэмжээд дугуйлсан нөхцөлд хүчингүй болох юм байна. Тиймээс энэ заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандах аж.
Сонгуулийн нэгдсэн хуульд зааснаар шинэ нам, эвсэл байгуулж, сонгуульд оролцох боломжгүй болжээ. Өмнөх хуулиудаар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу үндсэндээ тавдугаар сар хүртэл нам, эвсэл байгуулж УИХ-ын сонгуульд оролцох боломж байсан. Энэ хумигдсан.
Сонгуулийн сурталчилгаа хийх хугацааг 16 хоногоор хязгаарласан нь шинэ хүн, шинэ намууд өөрсдийгөө таниулах боломжгүй. Том тойрогт нэр дэвшсэн шинэ хүн зарим сумандаа хүрч ажиллаж чадаагүй байтал сурталчилгааны хоног дуусах болж байгаа нь жижгүүдийг хавчсан заалт гэв.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг уран баримлуудыг хотын гудамж талбайд байршууллаа

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хот чимэглэлийн уран баримлыг нэмэх, чөлөөт уран бүтээлчдийн урлаж буй уран нарийн хийц, оюун ухаан шингэсэн бүтээлийг гадаад, дотоодод сурталчлах зорилготой “Улаанбаатар уран баримал – 2015” наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо. Энэхүү наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд наадамд нийт 45 уран бүтээлч 87 бүтээлээр оролцов. Уралдаанд шалгарсан бүтээлийг Монголын Урчуудын эвлэлийн хорооны А, Б урлангийн танхимд бодит хэмжээсээр урлан шилдэг 10 бүтээлийг нийслэлийн гудамж талбайд байршууллаа.

Нэгдүгээр байранд шалгарсан Л.Гантөмөрийн “Анчин” бүтээлийг Нисэх Яармагийн замд байрлуулав. Хоёрдугаар байранд шалгарсан Ж.Болортүвшингийн “Салхин сар” бүтээлийг Турк, Монголын цэцэрлэгт хүрээлэнд, гуравдугаар байранд шалгарсан Д.Халиуны “Галбингаа”, Б.Цогжавхлангийн “Аялгуу” бүтээлийг 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэн, ХБК-ийн зүүн урд талбайд байршуулав.

Уран баримал нь хотын үзэмжинд өнгө нэмэхээс гадна түүх соёл, ёс заншил, сэтгэлгээний урлагийг иргэдэд таниулж буйгаараа ач холбогдолтой.

Categories
мэдээ нийгэм

“Ирвэс хамгаалах сан”-ийн биологичийн үхлийн талаар нэвтрүүлэг дэлхий нийтэд цацагдлаа

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл өнгөрсөн онд учир битүүлгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэрээр машинаа байрлуулахаар гэрээсээ гараад зургаан хоног сураггүй байсан. Цагдаагийнхан болон ар гэрийнхэн нь эрлийн ажил зохион байгуулсны дүнд түүний цогцосыг Хөвсгөл далайгаас олсон байдаг. Энэхүү хэрэг өнөөг хүртэл олны анхаарлын төвд буй юм. “Ирвэс хамгаалах сан” болон талийгчийн ар гэрийнхний зүгээс уг явдлыг бусдын дарамт шахалтын улмаас болсон хэмээн мэдэгдсэн билээ.

Т.Лхагвасүмбэрэл агсан нь амьд ахуйдаа “Ирвэс хамгаалах сан”-гийн биологичоор ажиллаж, цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд өөрийн судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байжээ. Түүний үхлийн талаар “Discovery” олон улсын танин мэдэхүйн сувгаар бүрэн хэмжээний нэвтрүүлэг хийн дэлхий нийтэд цацсан байна. Мөн тус нэвтрүүлгээрээ Т.Лхагвасүмбэрэлийн энэхүү хэргийг нухацтай шалгахыг уриалж, олон улсын 37 их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 49 эрдэмтэн хамтран мэдэгдэл гаргажээ.

Categories
энтертаймент-ертөнц

Хакүхо анх удаа хүүгээ сүмогийн бэлтгэл хийлгэв

Олон жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмогийн хамгийн дээд амжилтыг Монгол хүн эвдсэн тухай бид өмнө мэдээлсэн. Өнгөрсөн сарын Хацү башёд мэргэжлийн сүмогийн 69 дэхь их аварга Хакухо М.Даваажаргал 15 давж түрүүлснээр Тайхо аваргын 32 түрүүлсэн дээд амжилтыг 44 жилийн дараа шинэчилсэн юм.

Тэрээр оны өмнө мэргэжлийн сүмогийнхны шинэ жилийн Мочицүки хийх үеэр өөрийн хүү Махато буюу Д.Мөнхжаргалаа дагуулан ирж, анх удаагаа сүмогоор барилдуулсан байна. Мочицүки гэдэг нь Япончууд улиран одож буй оны сүүлийн өдрүүдэд, ялангуяа 12 дугаар сарын 29-ний өдөр айл гэрээрээ, зарим албан газрууд, пүүс компаниараа мочи буюу цагаан будааг нүдэж бэлтгэх зан үйл хийдэг юм байна. Энэ нь газар тариалан эрхэлдэг иргэншлийн түүхийн өнө эртнээс улбаатай зан үйл, нэг ёсны шинэ жилийн баярын өмнөх “баяр”-т тооцогддог аж.