Categories
мэдээ цаг-үе

​Монголчуудыг чандарт мөргүүлж, их хааныг дорд үзэх нүгэлт сэтгэл

Оны өмнөхөн C1 теле­ви­зээр “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэг үзлээ. “Улаанбаатар буян” компани хэний өмч болох, түүнд бурханч лам Г.Пүрэвбат болоод гэргий нь хамааралтай эсэхийг эрэн сурвалжилж эхэлсэн нэвтрүүлэг талийгаачдыг чандарлах зан үйл буруу хийгдэж байгаа тухай дүгнэлтээр өндөрлөлөө. Энэ асуудал дээр тогтож ярьсан бурханч ламын яриа олон нийтэд хортой үр дагавартай учраас дуугүй байж тэвчсэнгүй. Бурууг мэдсээр байж буруу гэж хэлэхгүй өнгөрөөх нь өөрөө нүгэл учраас энэхүү нийтлэлийг бичиж байна.

Г.Пүрэвбат бол бурханч лам нарын уламжлал хариугүй тасардгийн даваан дээр галыг нь тэтгэж, залгамж халааг нь бэлтгэж, буцаан сэргээсэн гавьяатан. Монголын орчин үеийн урлагийн түүхэнд үлдэх ёстой олон сайхан бүтээл хийсэн нэрт урлаач. Мөн бурханы шашны сургаал нь зөв амьдрахуйн сургаал болох тухай сүсэгтэн олонд айлтган таниулах талаар ихээхэн зүтгэл гаргадаг соён гэгээрүүлэгч. Энэ утгаар нь би түүнийг ихэд хүндэлж, нэгэн цаг үед амьдарч байгаагаараа бахархдаг. Гэхдээ энэ нь түүний зарим үг үйлдэл нь надад огт таалагддаггүйг нуух шалтгаан болох ёсгүй. Олны танил, нийгмийн тодорхой хэсгийн сэтгэлийг дагуулсан хүний үг үйлдэл бүр нь хариуцлагатай, зөв шударга, олон нийтийн эрх ашгийн төлөө байх ёстой гэж мөхөс би мунхагладаг. Түүний энэ удаагийн айлдвар өмнө өгүүлсэн, хийсэн хэд хэдэн хариуцлагагүй үйлдлийн үргэлжлэл болж байгаа тул нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагыг нь сануулах үүднээс баримт түшин өгүүлье.

НЭГ ДЭХ ТОХИОЛ БУЮУ “ЧИНГИС ХААНЫ ХӨРӨГ”

Бурханч лам маань Монголын төртэй нэг хэсэг нягт хамтран ажилласан. Тэр үед хийсэн ажлын нэг нь “Чингис хааны хөрөг” болон хумхыг 2006 онд бүтээсэн явдал. Төрийн ордонд залах их хааны хөргийг монгол зураач монгол зургийн аргаар хийгээгүй. Харин бурханч лам Г.Пүрэвбат зурах болж, түвдийн тиг горимоор бурханчлан бүтээсний цаана шашин, улс төрийн том агуулга байсныг тэр болгон хүн анзаараагүй өнгөрсөн байх. Урлагийн бүтээлийн хувьд энэ хөрөг содон шийдэлтэй, ур хийц сайн нь үнэн. Гэхдээ энэ бол урлагийн талын л үнэлэмж. Харин Монголын төр тэр үедээ 30 сая төгрөг төлөөд бүтээлгэсэн Их хааны хөрөг, төрийн ордонд хүндэтгэн залах ёстой бүтээл гэдэг талаас нь авч үзвэл энэ хөрөг монгол төрийн уламжлалыг хадгалаагүй, харин ч эсрэг утга бэлгэдэлтэй зүйл болсон. Мөнх тэнгэр шүтлэгт Чингис хааныг түвд тигээр бурхан дүрд оруулж, монгол төрийн амин сүнс болсон хар, цагаан сүлдийг нь хүртэл байрлал сольж зурсанд нь ихэд эмзэглэдэг. Төрийн сүр хүчний бэлгэдэл хар сүлдийг өргөөний баруун талд, өөрөөр хэлбэл өрх гэрийн шүтээн зүг хоймор тийш харсан хүний бол зүүн гар талд байрлуулдаг энгийн үнэнийг бурханч ламтан маань мэдэхгүй байсан гэхэд эргэлзэнэ.

Монгол гэрийн хоймор хийгээд баруун талыг эр хүний тал гэж үздэг, түүхнээ Зүүн гарын улс гэж нэрлэгдсэн ард түмэн маань ертөнцийн зүгээр баруун талд оршин буйн учир нь монголчууд Алтан гадас одыг хойд буюу хоймор зүг гэж үзээд түүн рүү хандан хүндэтгэл үзүүлэхэд баруун зүг маань зүүн гар тал болдог онцлогтойг монгол уламжлалын зах зухтай хүн болгон л мэддэг дээ. Аливаад бэлгэдлийг эрхэм болгодог монголчуудын хувьд Г.Пүрэвбатын “Чингис хааны хөрөг” дэндүү бэлгэ муутай зүйл болсныг сануулъя.

ХОЁР ДАХЬ ТОХИОЛ БУЮУ ОЧИРВААНИЙН САЛТААН ДАХЬ ЧИНГИС ХААН

Бурханч ламтан маань 18 метр өндөр Очирваань бурханыг зээгт наамлаар бүтээлгэсэн нь урлагийн бүтээлийн хувьд үнэхээр гайхамшиг. Монголд толгой цохих сайхан бүтээл. Дээр нь монгол туургатнууд хамтдаа бүтээсэн болохоор үнэ цэнтэй. Гэхдээ утга агуулгын хувьд дахиад л уучилж болшгүй алдаа бий. Яагаад гэвэл Очирваань бурханы орой дээр Шагжамунийг залж, хөл дор нь Чингис, Өгөдэй, Хувилай хаануудыг хөрөглөн бүтээсэн, тэгэхдээ Чингис хааныг яг Очирваанийн алцайсан салтаан дор урласан нь ихээхэн шашинжсан, Их хаан хийгээд монгол төрийг доромжилсон, түүхэн үнэнийг гажуудуулсан бусармаг үйлдэл байлаа. Ийнхүү их хаанаа “салтаадсан” нь энэ чинь хэн бэ гэх эргэлзээг минь бататгасан билээ.

Очирваань бурхан монголчуудтай холбогдсон уг түүх нь огт өөр. Улаагчин луу жилд (1577 он) III Далай лам Содномжамцыг Түмэдийн Алтан хааны заллагаар Хөх хотноо ирээд байхад нь халхын Автай сайн хаан бараалхсан байдаг. Дараа нь Түвдэд очиж уулзаж байв. Ийнхүү ойртон шадарласан Автай сайн хаанд Далай лам “Очирваань бурханы хувилгаан, Очирай бат Түшээт хаан” гэдэг цол олгосон бөгөөд Түвдэд очиж уулзахад нь “Энэ олон бурхадын дотроос дуртайгаа ав” гэхэд нь Автай хаан Очирваанийг сонгож нутагтаа залснаас хойш Очирваань монголчуудыг даасан бурхан гэгдэх болсон түүхтэй. Энэ бол Чингис хаанаас хамаагүй хойно буюу 16 дугаар зууны үйл явдал. Чингис хааныг Очирваанийн дүр байсан гэх зохиомол домгийг ном судруудад шургуулах болсон нь түүнээс ч хожим үе. Монголчуудыг шашнаар дамжуулан номхотгох бодлогоо манжууд хэрэгжүүлэхдээ Их хааныг маань шашны түүхтэй санаатайгаар хольж хутгасан хорт бодлогыг XXI зуунд үргэлжлүүлж, хөрөг дүрийг нь бурханд салтаадуулах нь хэнд ашигтай байв, үүгээрээ юуг илэрхийлэх гээд байна вэ, ер нь үүнийг бүтээгчийн маань чинхүү санаа монголчуудынхаа төлөө юу үгүй юу гэж эргэлзэх асуулт ч зүй ёсоор урган гардаг. Бурханч ламын хувьд ийм төсөл хэрэгжүүлж мөнгө босгох л чухал болохоос энэ бүтээлийн агуулга, утга бэлгэдэл, танин мэдэхүйн хийгээд түүхэн ач холбогдол, холбогдон гарах үр дагавар нь нэг их чухал биш байсан байж магадгүй юм.

ГУРАВ ДАХЬ ТОХИОЛ БУЮУ БӨГСӨНДӨӨ БУРХАНТАЙ ХӨШӨӨНҮҮД

Монгол Улс төрийн ордноо шинэтгэн өргөтгөж өмнө талд нь Их Чингис хаан, Өгөдэй, Хувилай нарын хөшөөг суурилуулж байсан үе. Бурханч лам Г.Пүрэвбат гурван хааны хөшөөн дор язгуурын гурван бурханы хөрөг шуумлыг нэг нэгээр нь байрлуулна гэж зүтгэн төрөөс 180 сая төгрөг нэхэж эхэлснийг мэдэх гэрчүүд өнөөдөр нэлээд хэд бий. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс дээр энэ асуудал яригдаж, тухайн үедээ бяцхан дуулиан болоод өнгөрч байв. Комиссын зарим хүний зүгээс төр шашныг холих нь буруу, түүхэн талаасаа ч боломжгүй гэж татгалзсанаар энэ асуудал намжсан ч үүрийн харанхуйгаар олны нүднээс нууцлан байж мөнөөх зан үйлээ гүйцэлдүүлсэн болох нь хожим тодорхой болсон билээ. Үүнийхээ төлөө бурханч ламтан ямар харамж авсан нь эрх биш төр юм хойно данс хараанд нь бичээстэй байгаа л байх.

Хамгийн харамсалтай нь язгуурын гурван бурхан гэгдэгч Жанрайсиг бурхан бол Түвдийг даагч, Манзушир бурхан нь Хятадыг ивээгч, Очирваань бурхан нь Монголыг даагч гэж үзэн цагаан, шар, хөх гурван өнгөөр бэлгэдсээр ирсэн түүхэн уламжлал талаас нь харвал энэхүү зан үйл ихээхэн эргэлзээтэй, ёр далласан хачин зүйл санагддаг. Бас нэг болохоор Их хааныг маань Очирваань бурханы салтаан дор урлаад, үгүй бол Их хааны минь бөгсөн дор бурханыхаа шуумлыг булаад байгаа үйлдэл нь нэг л ойлгомжгүй, логикгүй санагдана. Энд чин сэтгэл үйлчлэв үү, мөнгө босгох аян шалтаг л байв уу гэдэг ч зайлшгүй асуух ёстой асуултын нэг мөн.

ДӨРӨВ ДЭХ ТОХИОЛ БУЮУ МОНГОЛООР ДҮҮРЭН СУВАРГА

Монголд суварга босгох уралдаан өрнөж байна гэхэд хилсдэхгүй. Улаанбаатараас мянга хэдэн зуун километрийн цаана байх аглаг зэлүүд ууланд хүртэл хэд хэдээр нь суварга босгосонтой таарч л явлаа. Энэ бүхний цаана суварга бүтээлгэж байгаа хүмүүсийн цаглашгүй их сэтгэл байгааг ойлгож байна. Гэхдээ л лам нарын суварга бүтээх, бөө нарын овоо босгох хоёр энэ цаг дор хэрээс хэтрээд байгааг хэлэлгүй орхиж болохгүй нь.

Суваргыг уг нь бурхан шүтээн бүхий хүрээ хийд газарт бурхан бодисад, хутагт хувилгаадын адис жанлавыг оршоохын тулд босгодог байсан гэж мөхөс би ойлгодог. Гэтэл зарж үл болох гурван шүтээний нэг болох тааллын шүтээн гэгддэг суваргыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хаа сайгүй өндөр үнээр босгох болсонд бурханч лам Г.Пүрэвбатын оролцоо их бий. Энэтхэгт бурхан урлалын чиглэлээр ном дүүргэсэн, ирээд гарын шавь олонтой болсон бурханч лам маань Монголд төдийлөн дэлгэрлийг олоогүй байсан суваргын соёлыг түгээснээр Монголоор нэг эзэнгүй суварга нар салхинд элэгдэн элэгдэн сүүдийлцэх болов. Суварганы үнэ ханш гэж сүрхий л юм дуулддаг. Миний найз нөхөд хүртэл бурханч ламаар суварга бүтээлгэж л байсан. Буяны гэхээсээ мөнгөний агуулга нь дийлээд байна уу даа гэх бодол өөрийн мэдэлгүй төрдөг.

Аливаа зүйл хэмжээ хязгаараа алдахаараа утгагүй болдог. Суварга босгох асуудал бас ийнхүү замаа алдаж байгааг хамгийн түрүүнд хэлж сануулах ёстой хүний нэг нь бурханч лам өөрөө баймаар бодогддог. Харамсалтай нь хичнээн олон сургууль, цэцэрлэг барьж, хичнээн олон үгээгүйчүүдийг толгой хоргодох оронтой болгож, сайн үйлд зарцуулбал жинхэнэ буян хурааж болох маш их хөрөнгө ийнхүү суварга бүтээх нэрээр урсаж байгааг анзаараагүй мэт байх нь шударга үйл мөн үү?

ТАВ ДАХЬ ТОХИОЛ БУЮУ ЧАНДАР БОЛГОНЫГ ШҮТЭЭН БОЛГОХ СОНИРХОЛ

Шулуухан хэлчихье. Г.Пүрэвбат лам “Цензургүй сурвалжлага”-д ярилцлага өгөхдөө талийгаачдыг чандарлах зан үйлд сүжиг гэхээсээ сэжиг төрүүлмээр стандарт тогтоох санааг илэрхийллээ. Нас барагсдын чандрыг шавар шороотой холин барлаж хатаагаад шүтээн болгох ёстой гэнэ. Энгийн хүнийг ингэж шүтээн болгох ёс ер үгүй.

Эртний ёс ярих гэж байгаа бол ариусаж гэгээрсэн хутагт хувилгаадыг л таалал болохын цагт лагшинд нь гал мандал өргөөд чандрыг нь бумбалж, алт мөнгөн суварганд хийж, эсвэл сацлаад шүтээн болгож хийдийн газарт нь тахидаг, үнэнч шавь нарт нь өгдөг байсныг бурханч лам мэдэхийн дээдээр мэдэх ёстой хүний нэг дээ. Мөн хэргэм зэрэг өндөртэй хаад ихсийн шарилыг галд хайлуулаад ихсийн хоригт оршоох зэрэг зан үйл бол байсан. Харин эгэл хүмүүнийг бол хээр хөдөө аваачиж ил задгай оршуулдаг учраас “хөдөөлүүлэх”, “чулуу дэрлүүлэх” зэргээр хэлэлцдэг байсны улбаа одоо ч монгол хэлнээ хадгалагдаж байна.

Мэдээж цаг үеэ дагаад оршуулах зан үйлд өөрчлөлт орсоор байгаа. Өнгөрсөн зуунд монголчууд нас барагсдаа газарт булж оршуулах болж, энэ нь уламжлалт зан үйл мэт санагдталаа өөриймшсөн. Дараа нь чандарлах зан үйл орж ирлээ. Цаг үедээ нийцсэн, хот суурин газрын соёлд тохирсон, байгаль орчинд ээлтэй энэ зан үйлийг дагаад олон чухал үйлчилгээ бий болж, монголчуудын ор­шуулах соёл дэлхий нийтийн жишигтэй дүйж эхэллээ. Энэ бол сайн хэрэг. Гэтэл бурханч лам дээрх ярилцлагаараа оршуулгын үйлчилгээ эрхэлдэг газрууд чандарлах зан үйлийг буруу хийж байна гэх ойлголтыг олон нийтэд түгээв. Тэгэхдээ хутагт хувилгаад, гэгээнтнүүдийн чандрыг сацлан шүтээн бол­годог байсан зан үйлийг энгийн хүмүүсийг чандарлан бумбалах зан үйлтэй санаатайгаар хольж хутгаж байгаа нь сэжигтэй санагдана.

Түүний ярьж байгаагаар бол энгийн хүмүүсийг нас барахаар нь чандарлаад, “Ясны чого” номоор ясыг нь цэвэрлээд, нунтаг шороо, 25 зүйлийн зайтай холиод хэвэнд барлаж, барласныгаа хатаагаад тоосго мэт хатууруулан биежүүлж шүтээн болгох гэнэ. Тэгээд бусад хүмүүс түүнийг шүтэж мөргөх ёстой гэнэ. Олон жижиг сац болгоод ойр дотнынхон, үр хүүхдэд нь шүтээн болгож тараах ёстой гэж зөвлөдгийг нь “Цензургүй сурвалжлага”-д ярилцлага өгсөн оршуулгын газрын эзэн эмэгтэйн яриа нотлоод өгөв. Аюул энд л байгаа юм. Хайртай дотно хүнийх нь чандраар шүтээн бүтээгээд үр хүүхдийнх нь тоогоор өгдөг болчихвол мөн ч мундаг шахааны бизнес гарч ирнэ дээ. Хүн гэдэг амьтан үхэж төрж л байдаг жамтайгаас хойш монголчууд нэг мэдэхэд хээрээр дүүрэн суварга, гэрээр дүүрэн шүтээнээ яахаа мэдэхээ байх вий дээ!

Ийнхүү бурханч лам Г.Пүрэвбат “Их Монголын суварга: онол хийгээд бүтээх ёс” ном бичиж, энд тэндгүй суварга бүтээсэн нь багадаад одоо өөд бологсдын чандрыг сацалж шүтээн болгохын чухлыг номлоод эхэллээ. Одоо ажиллаж байгаа буяны газруудын үйл ажиллагааг буруу зан үйл хийж байна гэх худал шалтгаар эрх мэдэлтнүүд хааж боогоод, бурханч ламын номлосны дагуу үйл ажиллагаа явуулж үхэгсдийн чандраар шүтээн үйлдвэрлэдэг жинхэнээсээ буруу бизнес цэцэглэх вий дээ гэхээс яс хавтайж байна.

Эцэст нь өгүүлэхэд, би бурханч лам Г.Пүрэвбатыг танихгүй. Бид хоёр хэн нэгэндээ буруу санах юмгүй улс. Түүний зөв сайхан үйлийг нь би дэмждэг талархдаг, өгүүлэл бичвэртээ иш татдаг. Аглагийн хийд гэдэг Монголын нүүр тахлах их бүтээн байгуулалтыг зориглон хийж, бурханы шашинтнууд төдийгүй нийт аялан жуулчлагчдын нүд сэтгэлийг булаах сайхан үйлс бүтээж байгаад нь талархдаг. Хэлмэгдсэн лам нарын сүнсийг амирлуулж, цаглашгүй буян үйлдсэнд нь талархдаг. Гэхдээ хортой үр дагавартай, Монголын төрт ёсноо харш, эсвэл монгол уламжлалыг үгүйсгэсэн, монголчуудыг доромжилсон худал номлол түгээх аваас хүлцэхгүй. Энэ удаад ч, хойшид ч…

Урианхан

Б.ГАЛААРИД

2016.01.02

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Төрийн шагнал авах уран бүтээлчид олон л байна даа

Энэ жилийн төрийн шагналыг Буриадын зураач Намдагийн Дашнамд олгосон. Даши Намдаков хэмээх эл уран бүтээлчийг дэлхийд алдартай нэгэн гэдгийг манай урлаг соёлын хүрээнийхэн мэднэ. Харин Монголын ард түмэн бүгдээрээ тийм ч сайн танихгүй байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог төрийн шагналд дүйцэхүйц уран бүтээлчид Монголд цөөнгүй. Харин нэр дэвшүүлдэг, дэвшүүлдэггүй нь л хаашаа юм гэхээс биш. Миний мэдэхээр, “Загийн алим”, “Суварган цэнхэр уулс”, “Мартагдсан дууль” зэрэг кино зохиол, “Эх газрын чулуу”, “Эргүүлэг” роман, “Азын цэнхэр уул”, “Уулын намар” тууж зэрэг олон сайхан бүтээл төрүүлсэн зохиолч Санжийн Пүрэвийг энэ шагнал яагаад тойроод байдгийг хэлж эс мэднэ. Түүний “Усны гудамж” хэмээх хэлмэгдлийн үеийн сэдэвт роман гэхэд ерээд оны эхээр тавин мянган хувь хэвлэгдэж, саяхан уншигчдын хүсэлтээр арваад мянган хувиар дахин гарсан. Тэгэхээр түүнийг уншигчгүй, авьяасгүй зохиолч гэж хэн ч хэлж чадахгүй.

“Паанан”, “Соёо” туужаараа Монголын их утга зохиолыг хөдөлгөөнд оруулж, монгол туужийн хөгжлийг алхам урагшлуулсан зохиолч Доржзовдын Энхболдыг “Монголын Хемингуэй, Фолкнер” хэмээн мэргэжлийн шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг. Энэ хүний энгэрт монгол төрийн алтан соёмбо тийм ч гялгар юм уу, эсвэл бүүдгэр харагдахгүй л байх. Түүний “Казиног номхотгосон түүх” роман номын зах зээлд тэргүүлж, оны шилдгээр тодорч байсан.

Тэрчлэн, “Хорин нэгэн хөрөг”, “Саран зэв”, “Түгшүүрт аялал” түүхэн хөрөг, тууж, эсээний ном туурвиж, Монголын 35 их хаан, Модунь шаньюйн хөргийг амилуулсан зураач-зохиолч Тангадын Мандир хэмээх эгэл даруу эгэлгүй нэгэнд Монголын төр мэхийх цаг нь болсон мэт. Овоон дээр хуурдан суугаа сохор хуурч өвгөн буюу “Их хөлгөн туульс” сонгодог бүтээл, шадар ван Чингүнжавын хөшөөг гайхамшигтай туурвисан зураач Шүнгийн Тэнгисболдод ч төр соёрхлоо хайрлахад ер буруудахгүй гэж мэргэжлийн судлаач шүүмжлэгчид ярих юм билээ. Төрийн маань гэгээн мэлмий энэ л сод авьяастнуудаа олж харахгүй л байх юм даа.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд бид эв эеэ хичээж, өөрсдөдөө итгэх цаг иржээ

Хоёр мянга арван зургаан он гарлаа. Монгол хүн шинэ оны эхэнд аливааг өөдрөгөөр харж, бэлгэтэй сайхныг хэлэлцэн оюун санаандаа дахин шинээр мэндэлсэн мэт тийм л эрч хүч, энергийг өөртөө хуралдуулдаг. Гарч буй шинэ он улс гүрэнд хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их түүхийг эхлүүлж, айл өрх бүрт аз жаргал, баяр баясгалан бэлэглэн, хүн бүгдэд боломж, ирээдүйг нь нээж өгдгөөрөө үнэ цэнтэй байдаг. Учран золгож буй хоёр мянга арван зургаан он монголчууд бидэнд эв эеийг хичээж, өөрсдөдөө итгэн, бие биеэ хүндлэн улс орныхоо хөгжил, хүн ардынхаа амар амгалан, эрх чөлөөт амьдралын төлөө зүтгэх өндөр хариуцлагыг үүрүүлж байна.

Бид өнгөрсөн жил гурван сая дахь иргэнээ төрт ёсны уламжлалын дагуу хөөр баяртайгаар угтаж авсан. Гурван сая гаруй монголчууд одоо өөрсдөдөө итгэж, энэ улс орныг монгол хүн, монгол хүний оюун ухаан, хүч чадал, авьяас билиг, эрмэг зоримог байдал, шантаршгүй хөдөлмөр, идэвх зүтгэл, Монголоо гэх чин сэтгэл хөгжүүлэхийг сайтар ухаарах цаг хэдийнэ ирсэн байна. Улс төрийн хийрхэл, намчирхсан, талцсан хандлага, популист эх оронч дүр төрх, улс орны эрх ашгаас илүү хувь хүний өчүүхэн эрх ашиг ноёлдог байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Нэг зүгт нэгэн үзүүрт сэтгэлээр хандах нь эрхэм гэдгийг бидний туулж өнгөрүүлсэн түүх, зам мөр бэлээхэн гэрчлээд өгнө.

Шинэ оны босгон дээр буюу эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойгоор Монгол төрийн тэргүүн төрийн тамганы хөшөөний өмнө ард түмэндээ хандаж “Монголчууд өөрсдөдөө итгэж, өөрсдөө хийж бүтээж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, үндэсний эдийн засгийн бааз сууриа бэхжүүлэх хэрэгтэй. Энэхүү ойлголтыг 2015 он бидний сэтгэхүйд сайтар суулгаж өгөх шиг боллоо. Эдийн засгийн хүндрэлээс монгол хүн өөртөө итгэж, хөдөлмөрлөсний хүчинд л гарна” хэмээн хэлсэн юм. Монголчууд бие биеэ дэмжиж, үндэсний үнэт баялаг, хөрөнгө оруулалтын капиталаа бий болгох санал санаачилга дээр доргүй өрнөж байгаа нь сайшаалтай. Улс орны эдийн засаг, хөгжил дэвшлийн тулгуур зангилаа болсон Аж үйлдвэрийн яам 2016 оныг дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг эрчимтэй дэмжих жил болгон оны эхэнд зарласан. Улс орондоо үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн борлуулалтыг төрөөс бодлогоор дэмжсэнээр хөрөнгө оруулалтад нь эргэлт гарч, ажлын байр нэмэгдэж эдийн засаг бага ч болов тэлэх нь мэдээж. Тус яамны зүгээс бусад яамтай уялдаа холбоотой ажиллана гэдгээ олон нийтэд мэдэгдсэн. Тухайлбал, Боловсролын яамтай хамтарлаа гэхэд сургууль цэцэрлэгийн ширээ сандал, хувцас хэрэглэлээс аваад бүхий л зүйлийг дотоодын үйлдвэрлэлээрээ хангана гэсэн үг.

Энэ онд улс орны эдийн засаг сэргэх томоохон найдвар бол мэдээж Оюу толгой. Уг төслийн хоёр дахь шат буюу далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын эхээр шийдэгдсэн. Улирагч оны эдийн засгийн гол эргэлт, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын нэг том гавьяа энэ болов уу. Далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудалд ямар нэгэн улс төр ороогүй, цэвэр бизнесийн төсөл болсныг Ерөнхий сайд онцолж байв. Мөн тэрээр “Дэлхийн хамгийн нөлөө бүхий арилжааны арван таван банк, хөгжлийн таван банк, Рио Тинто Монгол Улсад зээл өглөө. Энэ бол Монгол Улс бизнестээ буцан ирсний илрэл” хэмээн дэлхий нийтэд мэдэгдсэн юм.

Оюу толгойн хоёр дахь шатны төсөл хэрэгжсэнээр гурван мянган хүн ажлын байраар хангагдах тоон үзүүлэлт гараад байгаа билээ. Ийнхүү 2015 оны сүүлээр дэлхий хамгийн том төслүүдийн нэг гэгддэг “Оюу толгой”-гоо бид хөдөлгөж чадлаа. Харин энэ онд Таван толгой болоод Гацууртын ордоо хөдөлгөж, үр шимийг нь бодитойгоор амсах хэрэгтэй. Тэгвэл элгээрээ харуулдаад байгаа эдийн засаг сэргэж, долларын ханш тогтворжиж, монгол төгрөг үнэгүйдэх аюулаас Монголын ард түмэн аврагдана.

2016 онд Монголд дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон хоёр үйл явдал болно. Нэг нь хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын ээлжит сонгууль, нөгөө нь АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох юм. Сонгуулийн жил учраас л хэрээс хэтэрсэн популизм газар авалгүй, монгол хүн монгол хүнээ үгийн муугаар доромжилж өс хонзон санан, яс үндсээрээ дуудалцалгүй, эвтэй эетэй байхыг сануулаад буйн хэрэг шүү дээ. Сонгуулийн жилд эдийн засаг хүссэн хүсээгүй тэлдгийг бид мэднэ. Тэр жил ах нам маань сонгуульд “мод”-оо барьж ороод баларч билээ. Яагаав “Хөгжлийн мод” гэсэн хөтөлбөртэй сонгуульд ороод жинхэнэ “мод”-оо барьсан даа. Түүн шиг сонгуулийн өмнө ерөөл бэлгэгүй зүйл гарахгүй байлгүй. Дээрээс нь өмнөх сонгуулиуд шиг хавтгайрсан улстөржилт, эрх мэдэл албан тушаалын төлөө Монгол Улсаа, монгол хүнээ булшлахаас ч сийхгүй популист байдал хуулиараа зохицуулагдаж байгаа хойно, учир зүй нь олдох байх. Хамгийн гол нь сонгууль хүртэл Сайханбилэгийн Засгийн газар улам зоримог ажиллаж улс төрийн гол шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Ард түмний сонголт мэргэн байж дараагийн засаг төр ямар нэгэн завсар хийдэл гаргалгүйгээр улс орны ажлыг удирдаж авч явна гэдэгт итгэлтэй байна.

Монголын үндэсний их баяр наадамтай залгуулаад АСЕМ-ийн орнуудын дээд хэмжээний 11 дэх чуулга уулзалт болно. Улс төрийн олимп гэгддэг энэхүү уулзалт ардчилсан эрх чөлөөт Монгол Улсыг хүн төрөлхтөнд нэгэн дор нээн үзүүлэх том боломж хийгээд нэр хүндийн баталгаа юм. АСЕМ (Asia-Europe meet­ing) гэдэг нь Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагааны байгууллага билээ. Хоёр жил тутамд нэг хуралддаг 51 орон, олон улсын хоёр байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн. Манай улс 2008 онд АСЕМ-ийн гишүүн орон болсон түүхтэй. Австрали, Австри, Бельги, Болгар, Франц, Герман, Грек, Унгар, Люксембург, Португаль, Румын, Швейцарь, Энэтхэг тэргүүт Ази, Европын 51 орны төр засгийн тэргүүн нар, Европын холбооны удирдлагууд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ. Мөн тус орны Засгийн газрын сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид, хэвлэл мэдээлэл, хамгаалалт, бизнесийн төлөөлөл гээд 4000 гаруй зочид ирэхээр дуулдаад байгаа. Төлөөлөгчдийг хүлээн авах нэр бүхий 42 зочид буудалд АСЕМ-ийг зохион байгуулах ажлын хэсгийнхэн итгэмжлэл гардуулсан. Монголд АСЕМ-ийн хурал болсноор манай аялал жуулчлал хөгжих үүдийг нээж, эдийн засгийг солонгоруулна гэж үзэж байгаа. Зөвхөн аялал жуулчлал гэлтгүй бүхий л салбарт АСЕМ-ийн давалгаа нөлөөлж, эдийн засаг солонгорох биз ээ.

Энэ онд Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал, тавдугаар цахилгаан станц, Бөөрөлжүүтийн станц, Эгийн голын усан цахилгаан станц гээд бүтээн байгуулалтын олон ажил хийгдэнэ. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16 мянга, аймгийн төвүүдэд дөрвөн мянган айлын сууц баригдана. Мөн “Шинэ яармаг” хороололд 3955 айлын орон сууц, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, сургууль цэцэрлэгийн хамт баригдахаар төлөвлөгдөөд байгаа. Оны өмнө Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 километр хатуу хучилттай авто замын нээлт болсон. Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбочих юм бол Монгол Улсын 21 аймаг нийслэл хоттойгоо хатуу хучилттай замаар холбогдож байгаа.

Ингээд бодохоор 2016 он монголчуудад ээлээ өгсөн, Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулсан, улс орны маань нэр хүнд өссөн, эдийн засаг солонгорч тэлсэн сайхан он жил болох нь ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Найман хувийн зээлийн хүүг бууруулах боломжтой” тухай “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн уншигч та бүхний гар дээр очлоо. Нэмүү өртгийн албан татварыг иргэдэд буцаан олгож эхэлсэнтэй холбоотойгоор өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Миний” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн юм. Тэрээр арван өндөг, хар талх, сүү гээд 7350 төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд НӨАТ болох 20 төгрөгийг буцаан авсан байна. Хэдий бага мөнгө мэт боловч байр машин унаа худалдан авбал таны буцаан авах мөнгөний хэмжээ үүнээс хэдэн зуу, мянга дахин нэмэгдэх юм. Энэ талаарх дэлгэрэнгүйг манай сонины өдрийн сурвалжлагаас уншаарай. УИХ-ын гишүүн С.Одонтуяа Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийг өргөн барьсантайгаа холбогдлуулан манай сонинд дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Өнөөдрийн ипотекийн найман хувийн хүүтэй зээл инфляци 14 хувьтай байхад эхэлсэн бол өдгөө инфляцийн түвшин гурван хувьд хүрсэн. Ийм нөхцөлд найман хувийн хүүг зургаа, түүнээс ч доош оруулах бүрэн боломжтой гэх санааг “Найман хувийн зээлийн хүүг бууруулах боломжтой” нийтлэлд хөндлөө. Утга зохиолын арвантавдугаар нүүрт “Болор цом”-д түрүүлээгүй ч уншигчдын сэтгэлд хоногшсон шүлгийн түүврийг багтаасан бол арвангуравдугаар нүүрт “Пароди” хамтлагийн элэглэгч Б.Нямхүүгийн сонирхолтой ярилцлага багтлаа. Мөн арвангуравдугаар нүүрт “Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Кукийн талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг орууллаа.

Энэ мэтчилэн цаг үеийн мэдээ мэдээллийг та манай өнөөдрийн дугаараас шимтэн уншаарай.

Categories
мэдээ нийгэм

“Монгол хүн 90 жилийн чөдрөөсөө салах боломж ирэх үү” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх талаар ид яригдаж байна. Өчигдөр л гэхэд Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Шинэ хуулийн төсөлд тусгагдсанаар цөөхөн хүн нам байгуулах боломжтой болж байгаа нь улс төрийн намуудыг хүчгүй болгож сульдаах, устгахын үндэс. Нам хүчгүйдэж алга болбол оронд нь дарангуйлагч л гарч ирэх сөрөг талтай хэмээн шүүмжилж байсан билээ. Шинэ хуулийн төсөлд энэмэт дэмий заалт байгаа. Гэхдээ энэ удаад дэмий заалтыг шүүмжлэх гэсэнгүй. Түүний оронд бас шинэ дэвшилттэй олон заалтууд байгааг дуулгах гэсэн юм. Тухайлбал, улс төрийн намууд хатуу гишүүнчлэлгүй болох, орон нутгийн сонгуульд нэр дэвшихдээ намаас нэр дэвшихгүй байх, гурван мянгаас доош хүн амтай сум сууринд намын анхан шатны үүр байгуулахгүй гэх зэрэг чухал хэрэгтэй заалтуудыг нэрлэж болох юм.

Нийтлэлийн дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрнээс уншаарай.

Categories
мэдээ спорт

Цаначид “А” зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцлоо

Монголын Цанын спортын шигшээ багийн тамирчид түүхэндээ анх удаагаа
Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авсан
сайхан амжилтыг үзүүллээ. Эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Ченчун хотноо болж
буй тус тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд Э.Ариунтунгалаг алт, Б.Дэлгэрмаа
мөнгө, эрэгтэйчүүдээс Б.Дүүрэнбаяр нар хүрэл медаль тус тус хүртлээ гэж
Монголын цанын холбооноос мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг батлав

Засгийн газраас “Дэлхийн Монголчууд”
хөтөлбөрийг баталсан байна. Хөтөлбөрийн зорилгыг “Хилийн чанадад буй монгол
иргэдэд хандсан нэгдмэл цогц бодлого хэрэгжүүлэх, иргэдэд тулгарч буй асуудлын
шийдлийг тодорхойлох, хилийн чанадад буй Монгол Улсын иргэдээс эх орныхоо
хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэж
тодорхойлжээ. Хөтөлбөр нь олон улсын томьёолж буй “brain circulation” буюу
иргэд мэдлэг, боловсрол, үйл ажиллагаа, харилцаа холбоогоор эх орныхоо бүтээн
байгуулалтад хувь нэмрээ оруулахыг дэмжих, иргэний бүртгэлийг сайжруулах,
иргэдийн нийгэмлэг холбоодтой хамтран ажиллах зорилтуудыг тусгасан байна. Мөн
энэхүү хөтөлбөр Монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүдийн
соёлын солилцоо, харилцаа, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэх ажээ.

Categories
мэдээ спорт

Мөсний шагайн харвааны наадам эхэллээ

2016 оны мөсний шагайн харваа анд харваагаар өнөөдөр эхэллээ. Энэхүү наадамд нийт 40 орчим багийн тамирчид, 100 метрийн харваанд цэц мэргэнээ сорьж байна.

Уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэн дэлгэрүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, материаллаг орчинг бэхжүүлэх, өргөн хүрээнд сурталчлан олон түмнийг хамруулан спортын нэгэн төрөл болгон цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгоход тэмцээний зорилго оршино. Мөсний шагайн харваа нь зөвхөн үндэсний спортын төрөл бус Монгол үндэстний оюуны гайхамшигт сэтгэлгээ, ахуйн болон зан үйлийн гүн гүнзгий утга бүхий соёлын биет болон биет бус нандин өв, уламжлал хадгалагдаж байдаг бөгөөд үндэсний наадгай мөсний шагайг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой сум орон нутаг, ард иргэдтэй талархан хамтранажиллах болно гэж Монголын Үндэсний мөсний шагайн холбооноос мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг: НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхэд иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй

Эдийн засгийг ил тод, хяналттай, бүртгэлтэй болгохыг Засгийн газар
зорилт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд Эдийн засгийн ил тод байдлын
тухай хуулийг баталж хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр өнөөдрийн байдлаар 8
их наяд төгрөгийн татварын орлого, бусад хөрөнгө ил боллоо. Энэ хуулийн
хэрэгжилтийг энэ оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан. Мөн НӨАТ-ын 10
хувийн татварын хоёр хувийн буцаан олголт энэ оны эхний өдрөөс хэрэгжиж
эхлээд байна.

Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн
албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд 4 хонож
байна. Уг хуульд иргэдэд худалдан авсан бараа үйлчилгээнд төлж буй
НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах мөн сугалаанд оролцох боломжийг
бүрдүүлээд байгаа юм.

Шинэ оны эхний ажлын өдөр буюу 2016 оны нэгдүгээр сарын 4-нд Ерөнхий
сайд Ч.Сайханбилэг энэ урамшуулал иргэдэд хэрхэн хүрч байгаа мөн аж
ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудалтай танилцах зорилгоор Замын
цагдаагийн зүүн талд байрлах “Миний хайпермаркет” дэлгүүрт очин,
худалдан авалт хийж, Ерөнхий сайд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн сонгон худалдан авалт хийж үзлээ.
Миний гарт байгаа энэ баримт хуулийн дагуу татварын бодолт хийж дахин
давтагдашгүй дугаар, төрөөс явуулж буй сугалаанд оролцох эрхийн
бичигтэйгээ гарч ирлээ гэж тэрээр хэлээд Засгийн газраас уг хуулийн
хэрэгжилт болон иргэдэд очиж байгаа үр өгөөж, ААН-үүдийн идэвх
санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 4000 гаруй цэг буюу кассын машин
Татварын ерөнхий газрын нэгдсэн системтэй холбогдон ажиллаж байна. Шинэ
он гарсаар 170 орчим мянган НӨАТ-ын буцаан олголт, сугалаатай худалдан
авалт хийгджээ. Энэ тоо цаашид өсөн нэмэгдэнэ. НӨАТ-ын буцаан олголттой
худалдаа хийсэн иргэн бүр 14 хоногт нэг удаа болох сугалаанд оролцох
эрхтэй, сугалааны нийт хонжворын сан нь хоёр тэрбум төгрөг байгаа
гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Эхний сугалаа энэ сарын 17-нд орон
даяар явагдана. Хамгийн том шагнал нь 100 сая төгрөг бөгөөд бусад олон
хонжвор байгаа ажээ.

“Миний дэлгүүр” сүлжээ болон бусад том дэлгүүрүүд Татварын ерөнхий
газрын нэгдсэн системд холбогдож, бүх гүйлгээ хяналттай болж байна.
Улсын хэмжээнд татварын 1800 гаруй байцаагч ажиллаж байгаа. Харин
өнөөдрөөс иргэн бүр буюу гурван сая байцаагч ажиллана. НӨАТ-ын хууль
хэрэгжсэнээр иргэн бүр худалдаа, үйлчилгээний газруудад кассын машинтай
бол, нэгдсэн системд холбогд зэрэг шаардлагыг тавьж эхэлнэ гэж Ерөнхий
сайд хэлээд энэ хуулийн хэрэгжилтэд иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй
оролцохыг уриаллаа. Ингэснээр Монгол Улсын татвар болон төсвийн орлого
нэмэгдэх, макро эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл, тэр тусмаа далд эдийн
засгийг ил болгох чухал ач холбогдолтой гэдгийг тэрээр онцолж байлаа.

Худалдан авалт хийсэн иргэн баримтдаа www.ebarimt.mn хаягт
бүртгүүлэх учиртай. Энэ бүртгэлийг хэрхэн хийх талаарх зөвлөгөөг хэвлэл
мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд хүргэх, танилцуулах үүргийг
Ерөнхий сайд өглөө.

“Нарантуул” зэрэг худалдааны төвд худалдаа эрхэлж буй хүмүүс нэмэгдсэн
өртгийн албан татвар суутган төлөгч биш хувиараа хөдөлмөр эрхэлж буй
иргэд юм. Ийм учраас энэ хүмүүсээс авсан бараа, үйлчилгээнд НӨАТ-ын хоёр
хувийн урамшууллын буцаан олголт явагдахгүй ч сугалаанд оролцох
боломжийг хангана. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч
аж ахуйн нэгж, байгууллага нь худалдан авалт бүрт баримт гаргаж өгнө,
буцаан олголт авна, сугалаанд оролцох учиртай гэдгийг Сангийн сайдын
зөвлөх С.Пүрэв тайлбарлалаа.

Худалдан авалт хийсэн баримтаа е-майл хаягаас гадна гар утас болон
регистр, дансны дугаараар бүртгүүлэх боломжийг бий болгохоор Нэмэгдсэн
өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгж
ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн
санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчлсэн найруулгын төслийг
Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ-ын
дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ.

Улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн
тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа нь
ардчилсан төрийн байгуулал зохих ёсоор ажиллахгүй, засаглалын хямралт
байдал үүсэхэд нөлөөлж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэхүү
хуулийн төслийг боловсруулсан байна.

Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй “Улс
төрийн намуудын тухай” хуулийг 1990 онд баталсан нь улс төрийн намын
эрх зүйн үндсийг тогтоосон анхны алхам байсан бөгөөд 2005 онд “Улс
төрийн намын тухай” хууль болгон шинэчлэн найруулсан. Энэхүү шинэчилсэн
найруулгад дэвшилттэй зохицуулалтууд тусгагдсан боловч намын бүтэц,
зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн
эрх, үүрэг, намын дотоод ардчиллын талаар хангалттай нарийвчлан
зохицуулаагүй хэмээн үзжээ.

Улс төрийн намын тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төсөлд дээрх асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг
зорьж 9 бүлэг 53 зүйлтэйгээр боловсруулжээ. Уг хуулийн төсөл
батлагдсанаар улс төрийн намыг улсын төсвөөс санхүүжүүлж буй өнөөгийн
зохицуулалт өөрчлөгдөж зарим шинэ санхүүжилтийн хэлбэр нэмэгдэж байгаа ч
мөн зарим санхүүжилтийн хэлбэр тодорхой хязгаартай болох юм байна.
Түүнчлэн улс төрийн намуудын талаарх эрх зүйн орчин сайжирснаар монголын
улс төрийн намуудын төлөвшил шинэ шатанд гарч, парламентын ардчилал
бэхжиж, улс төрийн хямралт байдал гарах магадлал буурч, үндэсний аюулгүй
байдлын баталгаа, ардчилсан эрх зүйт төрийн төлөвшил сайжрах нөхцөл
бүрдэх аж. Мөн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгаа хангагдаж, улс
төрийн намууд хандивлагчаас хараат бус болж, бодлогын намууд болсноор
иргэд улс төрийн сонголтоо хийхдээ тэдний тодорхой үзэл санаа, мөрийн
хөтөлбөрийг нь харгалзан үздэг болж, иргэдийн улс төрийн боловсрол,
соёл, ухамсар дээшилнэ гэж хууль санаачлагч үзсэн байна.