Categories
мэдээ нийгэм

Автобусны жолооч осол гаргаж, явган зорчигчийг гэмтээжээ

Өнгөрсөн оны сүүлээр том оврын автобусны
жолооч нар осол гаргасан хэд хэдэн тохиолдол гарсан. Ийм байдал дахин
давтагдаж, өчигдөр Чингэлтэй дүүргийн 1 хороо Энхтайваны өргөн чөлөө, Төв
шуудангийн урд замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Daewoo
BS-106” маркийн автобусны жолооч явган зорчигчийг гэмтээсэн байна. Хохирогч
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багт оршин суух 22 настай эмэгтэй А
бэртэл гэмтэл авч ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Хоёр ч байнгын хороодын хуралдаан хойшилжээ

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдах тов гараад байсан. Үдээс өмнө УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороо хуралдах байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилжээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслиг хэлэлцэх байсан. Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Аудитын сэдэв батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх тов гараад байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ийн уулзалтыг угтан Монголд визгүй зорчих 42 орны эрхийг цуцаллаа

Өнгөрөгч 2014 онд Засгийн газраас манай улсад визгүй зорчих 42 орны жагсаалтыг батсан. Гэвч энэ сарын 1-нээс доорх 42 орны иргэд манай улсад визгүй зорчих эрхийг цуцлаад байна. Энэ нь ирэх долоодугаар сард манай улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалттай холбоотой юм. Тодруулбал, тус уулзалтын үеэр визгүй зорчиж ирсэн гадаадын иргэд ямар нэг гэмт халдлага гаргахаас урьдчилан сэргийлж байгаа аж.

Одоогоор хэдэн сар хүртэл энэхүү эрхийг цуцалсан нь тодорхойгүй байгаа бөгөөд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын дараа эсвэл оны төгсгөлд уг 42 орны иргэдийн визгүй зорчих иргэдийн эрхийг сэргээх нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал юм.

Нэмж мэдээлэхэд, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад дэлхийн 51 орны 4000 гаруй төр засгийн төлөөлөгч оролцоно хэмээн тооцож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Төөрсөн дөрвөн иргэнийг олжээ

Төв аймгийн Баян сумын нутаг, нийслэлийн Багахангай
дүүргийн 2 дугаар хорооноос баруун урд зүгт 20 гаруй км-т 4 иргэн автомашинтай
явж байгаад автомашин нь эвдэрч, төөрчээ. Энэ талаарх дуудлагыг 2016 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн 19:23 цагт Багахангай дүүргийн
Онцгой байдлын хэлтсийнхэн хүлээн
авч, найман албан хаагч, нэг
техник хэрэгсэлтэй эрэн хайн
ажиллагааг эхлүүлжээ. Тэдний хөлөглөж явсан “Трикан” загварын автомашин
цасанд суусан байсныг татан гаргаж, Б /42 настай, эрэгтэй/, М /79 настай,
эрэгтэй/, Э /49 настай, эрэгтэй/, /24 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд олжээ.

Categories
мэдээ улс-төр

Гааль, татварын газрын даргаар С.Пүрэвийг томилов

Засгийн
газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас Гааль, татварын ерөнхий газрын даргаар
С.Пүрэвийг, Бүртгэл, статистикийн газрын даргаар С.Мэндсайханыг тус тус
томилсон байна. С.Пүрэв нь Сангийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан бол
С.Мэндсайхан нь Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байгаад шинэ он
гарахын өмнө чөлөөлөгдсөн юм. Энэ нь УИХ-аас баталсан 2016 оны төсвийн хуулийн
хүрээнд Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэсэнтэй
холбоотойгоор хийсэн чөлөөлөлт байв. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаас
Бүртгэл статистикийн газрын орлогч даргаар бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан Улсын
бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржийг томилжээ.

Categories
мэдээ нийгэм

Дунд ангийн сурагчдын амралт эхлэв

Ерөнхий
боловсролын сургуулийн 6-9 дүгээр анги буюу дунд ангийн сурагчдын өвлийн
хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөс эхлэв. Сурагчид энэ сарын 5-25 хүртэл амрах
юм. Харин ахлах ангийн сурагчид буюу 10-12 дугаар ангийнхан энэ сарын 12-25
хүртэл амарна. Бага ангийнхан буюу 1-5 дугаар ангийн сурагчдын амралт 2015 оны
арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлсэн бөгөөд сурагчдын амралтыг нийслэл болон
орон нутагт ялгавартай байхаар тогтоож өгсөн. Үүнд, орон нутгийн сургуулийн 1-5
дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-ноос хоёрдугаар сарын 1 хүртэл, 6-9
дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25, 10-12 дугаар ангийн сурагчид энэ
сарын сарын 12-18 хүртэл тус, тус амрах юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цэргийн үүрэгтний бүртгэл эхэллээ

Өнөөдөр цэргийн үүрэгтэн, офицеруудын бүртгэл
эхэлж байна. Бүртгэлийг энэ сарын 20-ны өдрийг хүртэл хийх юм. Бүртгэлд 60
хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги,
байгууллагад ажиллаж байсан генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагч,
цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий
байгууллагын алба хаагчид хамрагдана. Энэ удааагийн цэргийн үүрэгтэн бэлтгэл
офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон
дээр төвлөрүүлэн зохион байгуулах юм.

Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлд аз жаргалыг “тэврүүлдэг” эх нялхаст өнжсөн нь

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд уржигдар буюу нэгдүгээр сарын 2-ны 12 цагийн үед биднийг очиход он гарсаар 36 эх эсэн мэнд амаржиж, 18 хүү, 18 охин төрчихөөд байсан юм. Төрөх тасгийн үүдээр оруут хэдхэн хормын өмнө мэндэлсэн нярайн цовоо цолгиун дуу хадаж, сүүний үнэртэй хослон ер бусын таатай мэдрэмж төрүүлнэ. Хүйг нь таслахын зуурт ягаарч чинэрээд, байж ядан уйлах нярайг эхийнх нь элгэнд тэврүүлтэл төрөх тасагт цагийн зүүний цохилохоос өөр чимээ үл сонсогдохоор нам гүмхэн болно. Энгэрт нь тэврүүлэн ангир уургаа шимэх, мэлмийгээ ч нээгээгүй нялзрай үрээ нулимстай нүдээр ширтэх эх бүүвэйн дууг намуухнаар аялах мөчид эх баригч эмч нарын санаа амарч, хажууд нь хэсэгхэн зогсоно. Гэвч тэдний ажил үүгээр дуусахгүй.

Удалгүй дараагийн шинэ хүнээ өлгийдөн авахаар нөгөө төрөх өрөө рүү яаравчлан орцгоов. Эх баригч Б.Чинзоригийн араас Б.Буянаа, Ц.Ренчинмядаг болон Батцэрэн зэрэг тус өдөр ээлжинд гарч байсан бүх эмч зургадугаар төрөх өрөө рүү гүйх шахам орлоо. Сувилагч нар байсхийгээд ганц нэгээрээ гарч ирэн хажуугийн өрөөнөөс ариутгасан багаж хэрэгсэл, алчуур, хөвөн даавуу авч байгаа харагдав. Төрөх өрөөний гадна зогсох надад эх баригч эмч нарын “Сайн дүлээрэй. Толгой нь цухуйчихлаа.Ухайс даа. Болж байна. Яг түрүүнийх шигээ дүлээрэй”, “Хүүхдийн чинь толгой нь бараг бүтнээрээ гарчихсан байна. Бараг төрчихсөнөөс ялгаагүй. Одоо жаахан л хүч гаргачих”, “Жаахан л хичээвэл дорхноо шүү дээ” гэх зөвлөгөө үгс эрүүний яснаас бусад нь салж буй мэт тэсэхийн аргагүй өвдөлтийг мэдэрч буй эхийн орилох, уйлах чимээн завсраар сонсдоно. Барагцаалбал арваад минутын дараа төрөх өрөө нам гүмхэн болчихов. “Эсэн мэнд төрсөн бол мэндэлсэн даруйдаа уйлмаар юм аа. Арай …” гээд тэрхэн зуурт элдвийг бодон зогстол нярайн уйлах дуу сонсдож, дотор онгойлоо. Ийнхүү он гарсаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 37 дахь хүүхэд буюу 19 дэх хүү ийн мэндэлсэн юм. Төрөх тасгаас сувилагч гарч ирээд, гаднаас нь харвал хөргөгчтэй төстэй дөрвөлжин саарал, төмөр хайрцгаас өлгий даавуу авав. Төмөр хайрцагт ойртоод харвал бариул дээр нь “Өлгий, даавуу” гэж бичжээ. Татаад үзвэл дотор нь өлгий, давууг хосоор эвхээд, дөрвөлжлөн хураажээ. Хөргөгч шиг сэрүү татах биш харин ч өөдөөс халуун төөнөж байлаа. Сувилагчийн тайлбарласнаар бол эхийнхээ хэвлийд 37 хэмийн халуунд байсан нярай тасалгааны хэмд төрж байгаа учраас даардаг байна. Тиймээс төрсөн даруйд өлгийдөн боох даавууг 30 орчим хэмийн тогтмол халуунд байлгаснаар дөнгөж төрсөн нярайг хатгалгаа тусах эрсдэлээс бүрэн сэргийлдэг юм байна.

Төрөх өрөөнөөс эмч нар гарч ирээд өөр хоорондоо гар барьцгаан, “Үнэхээр бид чадлаа. Хамтын хүч гэдэг чинь ийм л сайхан байгаа юм шүү дээ. Энэ удаагийн боломжийг бид алдсан бол хөөрхийг насан туршид нь үрийн зулай үнэрлэх тавилангүй ч болгож мэдэх байлаа”, “Эх барих эмчээр 30-аад жил ажиллахдаа өнөөдрийнх шиг сандарч, тэвдэж байсангүй. Бүхэл бүтэн гэр бүлийн аз жаргалыг өлгийдөөд авах уу, үгүй хийх үү гэдэг биднээс шалтгаалж байсан болохоор” хэмээн өөр хоорондоо ярилцана. “Эх барих эмчээр 30-аад жил ажиллахдаа өнөөдрийнх шиг сандарч, тэвдэж байсангүй” гэж хэлэх болсон шалтгааныг Б.Буянаа эмчээс асуутал “Эх баригч эмчийн үйл хөдлөл бүр асар өндөр хариуцлагатай байхыг шаарддаг. Бүр хэлдэг үг нь хүртэл. Эдгэнэ, дээрдэнэ, сайжирна, эмчилнэ гэхээс биш хөмсгөө зангидаж очоод “болохгүй, мэдэхгүй, чадахгүй” гээд байвал үйлчлүүлэгчид хүндхэн тусах нь ойлгомжтой. Эмнэлэгтээ би эх баригчаар тасралтгүй 26 дахь жилдээ ажиллах хугацаандаа барагцаалбал 6000 гаруй нярайг эх барьж авсан. Мэдээж төрөлт бүрт мэргэжилдээ жинхэнэ утгаараа эзэн болж, алдаа гаргах эрхгүй ажиллах ёстой. Сая төрдөг эмэгтэйн хувьд өмнө нь хоёр удаа ураг нь хэвлийдээ амьгүй болж авахуулсан. Дараагаар нь тасралтгүй эмчилгээ хийлгэж, дэглэм барьсны дүнд ургаа хоёр гуравхан сартайд нь амьгүй болгочихолгүй долоо, найман сар хүргээд гурван ч удаа төрөх орон дээр гарсан ч…” гээд хоолой нь зангираад, нүдэнд нь нулимс цийлгэнээд ирэв. Тэгтэл Б.Чинзориг эмч үргэлжлүүлэн “Эхний удаад дутуу төрөөд, дараагийн удаад зулбачихсан. Саяхан ахиад хүүхэдтэй болох гэсэн боловч бас л бүтэлгүйтчихсэн юм. Ингэж хүүхэдтэй болох гэж удаа дараа оролдсон боловч бүтэлгүйтсэн учраас аргагүйн эрхэнд үр шилжүүлэн суулгуулсан юм. Өөрөөр хэлбэл үр шилжүүлэн суулгуулж хүүхэдтэй болсон гэсэн үг. Үүнд зарцуулсан мөнгө төгрөг гэхээсээ илүү цаг хугацаа асар үнэтэй. Даваамягмар эгч одоо 36 настай. Энэ удаад ганц дааж авсан эх баригч биш, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх баригч эмч нарын бүхэл бүтэн баг ажиллалаа. Нярай маань бага зэргийн бүтэлттэй төрсөн ч аман дахь салиаг соруултал ашгүй шил хагарч, хана нуртал уйллаа” гээд инээмсэглэв. Эх баригч эмч Ц.Ренчинмядаг “Бага насны хүүхэд бие нь өвдөхөөр уйлдаг. Арай жаахан томхон бол энд өвдөөд байна гэж хэлээд эвхрээд унадаг. Тэгээд л уйлна. Тэгвэл дөнгөж төрсөн нярайг нарийн хоолойгоор гийналгүй чанга дуугаар ихэр татан уйлах тусам бид баярладаг. Элдэв эмгэггүй, эрүүл төрж буйн илрэл нь ердөө уйлах шүү дээ” гэсэн юм.

Эх нялхас буюу Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өдөрт дунджаар 30-40 эх амарждаг аж. Сонгинохайрхан дүүргийн харьяалалтай иргэдэд үйлчлээд зогсохгүй улсын хэмжээн дэх төрөх эмнэлгүүдээс цорын ганц гуравдугаар шатлалынх гэх утгаараа 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн зүрх судасны эмгэгтэй, өмнө нь удаа дараа дутуу төрж байсан зэрэг амь насанд эрсдэл өндөртэй жирэмсэн эхчүүд эх нялхаст ирж төрдөг байна. Тэр ч утгаараа эмч, сувилагчдаас мэргэжлийн асар өндөр ур чадвар шаардагддаг болох нь харагдаж байсан юм. Эх баригч Б.Чинзориг “Над шиг залуу эмч нар олон жил ажилласан туршлагатай эмч нараасаа сурах зүйл маш их. Онолоос гадна практик дадлага маш чухал. Тухайн өдрийн ээлжинд гарч байгаа эмч нар дээрхийн адил хүндрэлтэй байх магадлалтай төрөлтүүдэд би хариуцаж авсан юм гээд ганцаараа биш, олуулаа, багаараа ордог нь ийм учиртай” гэсэн юм.

Б.Буянаа эмч төрөөд хэдхэн цаг болж буй нярай хүүхдээ тэвэрсэн Ж.Баярцэцэг хэмээх бүсгүйг тэргэнцэр дээр суулган түрсээр төрөх тасгаас гарч ирлээ. Тэрээр дөрвөн кг 300 грамм жинтэй хүүтэй болжээ. Элдэв хүндрэлгүй, кесаров хагалгаагүй буюу эмч нарын хэлдгээр “өөрөөрөө” төрсөн учраас түүнийг Б.Буянаа эмч ганцаараа эх барьж авчээ. Үүдний өрөөнд орж, төрсөн эх болон нярайн биеийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий анкетыг бөглөчихөөд, тусгай зориулалтын цахилгаан шатанд суулган дөрөвдүгээр давхар дахь төрсний дараахь тасаг руу авч явлаа. Ганц хүнтэй, гурван ортой тасагт оруулаад, сувилагчийнхаа хамт болгоомжтой гэгч нь дээш өргөж, орон дээр аажуухан хэвтүүлэв. Төрсний дараахь тасгийн эмчид өнөөх бөглөсөн анкетаа өгөөд Ж.Баярцэцэгт “Одоо миний охин гэрээсээ ирсэн цай, шөлийг сайн идэж, ууж хурдан тэнхрээрэй. Бие хурдан тэнхэрвэл сүү сайн орно. Сүү сайн орно гэдэг чинь хүүхдийн шарлалт хурдан буухад чухал нөлөөтэй. Тэгээд дорхноо эмнэлгээс гарчихна. Эмчийнхээ зааврыг сайн дагаарай. Бие чинь тавгүйрхэж, өвдөх юм уу мөөмөө идэж байгаа хэрнээ хүү нь уйлаад байвал эмчдээ хэлээрэй” гэчихээд гараад явснаа буцаж орж ирээд “Өө нээрээ мартах гэж байна. Охиныхоо хүйг нь боосон даавууг солих болж байгаа шүү. Төрөх тасагт нэлээн удаан хэвтсэн гэдгээ сувилагчдаа хэлээрэй. Тэгэхгүй бол солих болоогүй гээд хүлээлгээд байж магадгүй” гээд гарлаа. Тэрээр буцаад төрөх тасгийнхаа үүдний өрөөнд орж, бүртгэлийн дэвтрийг харснаа “Одоо миний эх барьж авах эмэгтэй Ганцэцэг юм байна” гээд дөрөвдүгээр төрөх өрөө рүү орлоо. “Миний охины бие нь яаж байна. Гэдсээр нь базалж өвдсөн үү” гэсэнд “Саяхнаас базалж өвдөх нь гайгүй болчихлоо. Бие засах гэсэн чинь өндийж чаддаггүй” гэв. Б.Буянаа эмч бүсэлхийгээр татахаар өндөр, дөрвөн дугуйт тэргэн дээр суурилуулсан төхөөрөмжийн үзүүлэлтүүдийг нэг бүрчлэн шалгаснаа “Өвдөлтийн хугацаа ойртож л байгаа юм байна. Цусны даралт хэвийн. Хэвлий дэх ургийн зүрхний цохилт хэвийн, байрлал зөв” гэснээ “За тэгвэл ээж нь бие засахад чинь тусалъя” гэснээ жирэмсэн эмэгтэйн хүзүүгээр тэвэрч, алгуурхан өндийлгөлөө. Хажуу тийш аажуухан харуулснаа хөлд нь углааш өмсгөөд хажуугаас нь дэмнээд босголоо. Урдхан талд нь байх өнөөх дөрвөн дугуйт төхөөрөмжийнхөө бариулаас атгуулаад, хажуугаас нь түшсээр ариун цэврийн өрөө рүү аажуухан алхаллаа.

Хоёр жилийн өмнө Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд тус дөрвөн дугуйт төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдийн даралт, гэдэсний базлалт зэрэг биеийн өөрчлөлтүүдээс гадна хэвлий дэх ургийн зүрхний цохилт, байрлалыг хүртэл нэгэн зэрэг хянадаг юм байна. Өрөө бүрт ийм төхөөрөмжтэй харагдав. Тэдгээр төхөөрөмжийг үүдний өрөөн дэх дэлгэцтэй холбосон учраас эмч нар нэгэн зэрэг хэд хэдэн жирэмсэн эмэгтэйг хянах боломж бүрджээ. Даралт тогтворгүй болох, өвдөлт хүчтэй болох үед тусгай дохио дуугарах учраас эмнэлгийн тусламж цаг алдалгүй хүртэх бололцоо бүрэн нээгджээ. Өрөөнөөсөө гарч бие засах, эмчтэйгээ уулзах, тариагаа хийлгэхдээ хүртэл өнөөх аппаратаа биенээсээ салгалгүй, урдаа түрээд явж болдгоороо давуу аж. Б.Буянаа эмч өнөөх жирэмсэн эмэгтэйг ариун цэврийн өрөөнд оруулчихаад буцаж гарч ирээд оронд нь хэвтүүллээ. “Миний охины бие тавгүйрхвэл хонхоо дараарай. Үүдний өрөөнөөс тусгай дэлгэцээр хянаж байгаа болохоор санаа зоволтгүй” гэв. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн гурван сая дахь иргэнийг эх барьж авсан бөгөөд “Бусдад аз жаргалыг түгээдэг эх баригч болсондоо үргэлж би бахархдаг. Эхийн ариун хэвлийгээс хорвоод мэндлэх бяцхан үр гэдэг тухайн гэр бүлийн баяр баясал, аз жаргал байдаг. Тэрхүү аз жаргал, баяр баяслыг хорвоод тосч авах хувь тохиол хүн бүрт заяахгүй. Сэтгэл дутах эрхгүй мэргэжил байгаа юм даа. Тиймээс эх барьж авсан, цаашид эх барьж авах эмэгтэйчүүд бүгд миний төрсөн охиноос ялгаагүй. Өөрөөр хэлбэл би үйлчлүүлэгчдэдээ өөрийн төрсөн охиноос, төрсөн эгчээс ялгаагүй сэтгэл гаргаж байгаагийн илрэл гэх үү дээ” гэсэн юм. Эх барих эмч нар төрөхөөр ирсэн жирэмсэн эхчүүдийг ийн нэг нэгээрээ “дааж” авч, бие засахад нь хүртэл тусалдаг юм байна. Түүнээс биш төрөхөд нь л эх барьж авна гээд элгээ тэврээд зүгээр суудаггүйг эндээс ойлгосон юм.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нийтдээ найман төрөх өрөөтэй, 20 гаруй төрөх ортой гэнэ. Сарын өмнөхөн шинээр 10 төрөх ор, төчнөөн аппараттай болжээ. Тус ор жирэмсэн эмэгтэйг хэвтүүлж, суулгах эсвэл өмнө нь жижиг ширээтэй болгох зэргээр олон үйдлийг нэг дор хийж болдгоороо давуу аж. Дагалдаж ирсэн аппаратаар ургийн бичлэгийг илүү нарийвчлалтай, тодорхой хийдэг болжээ. Түүнчлэн төрөхөөр ирсэн эмэгтэйчүүддээ ч нэг удаагийн малгай, цув, өмд, углаашнаас гадна дэвсгэрийг хүртэл үнэ төлбөргүй өгдөг болсон нь эмнэлгийн дотоод ариун цэврийг сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн гэдгийг эх баригч эмч нар хэлж байсан юм.

Эмч нарын амралтын өрөө гэж байх хэдий ч тийш ороод, амраад, телевиз үзээд байгаа эмч харагдсангүй. Өөрийн эх барьж авсан эмэгтэйг төрсний дараахь тасаг руу оруулж өгчихөөд, эргэж орж ирээд бүртгэлийн дэвтрээс өөр дээр нь хуваарилагдсан жирэмсэн эмэгтэйг хэддүгээр тасагт хэвтэж байгааг мэдүүтээ шууд л тийш зүглэх аж. Бүр эх баригч Б.Чинзориг “Өдрийнхөө цайг уулаа” гээд 17 цагт тасгаасаа гарч байгаа харагдав. Учир нь тэрээр 13 цагийн үед 36 настай Даваамягмар хэмээх эмэгтэйг төрүүлсэн эмч нарын багт ажилласныхаа дараа залгуулаад хоёр ч кесаров хагалгаа хийжээ. Тэрбээр “Ажлынхаа завсар л хоол цайндаа орно уу гэхээс хоол цайндаа орчихоод ажилдаа орохгүй шүү дээ” гээд инээмсэглэв.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын харцага Б.Пүрэвсайхан: “Сайн барилдлаа хүү минь” гэсэн Ерөнхийлөгчийн үг миний цаашдын барилдаанд урам өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан саяхан болж өнгөрлөө.Энэхүү чансаа өндөр бөхийн барилдааны их шөвөгт Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ч.Санжаадамба, улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан нар үлдсэн юм. Улмаар улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Б.Пүрэвсайхан нар үзүүр түрүү булаацалдахаар шалгарсан. Ингээд Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн билээ. Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан тав дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд Улсын харцага Б.Пүрэвсайханы хувьд энэхүү цомыг хоёр дахь удаагаа хүртээд байна. Ингээд түүнтэй шинэ оны босгон дээр ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэе.

-Юуны өмнө 2015 оны отгон барилдаанд түрүүлсэнд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-“Өдрийн сонин”-ы уншигчид болон Монголын ард түмэнд шинэ оны мэнд хүргэе. Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд зодоглож түрүүлсэндээ баяртай байна. Их бэлгэшээж байгаа. Миний цаашдын барилдаанд урам өгсөн сайхан барилдаан боллоо.

-Их шөвөгт улсын арслан Н.Батсуурьтай, үзүүр түрүүнд заан Ч.Санжаадамбатай шийдэмгий барилдсан. Таны хувьд түрүүлнэ гэдэгтээ итгэл дүүрэн байгаа харагдсан шүү…

-Тухайн өдрийн барилдаан болгонд л түрүүлээд барьц аваад даваад явчихъя гэсэн бодолтой барилдсан. Тэр нь ч оносон. Улсын заан Б.Батмөнх, начин Т.Баасанхүү, арслан Н.Батсуурь, Ч.Санжаадамба нартай сайхан барилдаж түрүүлсэндээ баяртай байна.

-Ч.Санжаадамба заан бол яах аргагүй энэ цагийн шилдэг бөх гэгддэг. Харин энэ удаа өөрөөс тань нэг л бэргээд барилдаан гаргасангүй?

-Тэгэлгүй яахав. Сайхан бөх. Ч.Санжаадамба заантай 2013 оны Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд дөрвийн даваанд таарч барилдаж байсан. Тэрнээс хойш заалны барилдаанд таараагүй. Бэлтгэл дээр ч таарч барилдаж байсан л даа. Заанаас түрүүлээд барьц авъя гэж зүтгэж барилдлаа.

-Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын барилдаанд хоёр дахиа түрүүллээ. Ерөнхийлөгчөөс цомоо гардаж авах үедээ заан, та хоёр элэг бүсээ тайлаад их хүндэтгэлтэй хандана лээ. Чансаа өндөр бөхчүүдийг хоёр дахиа тэргүүлнэ гэдэг тийм ч амархан биш болов уу. Таны хувьд ямар бодолтой байна?

-2013 онд Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Г.Эрхэмбаяр аваргыг өвдөг шороодуулж түрүүлж байсан. Харин энэ жил Ч.Санжаадамба заантай үзүүр түрүүнд үлдэж давлаа. Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог цом учраас их хүндэтгэж бэлгэшээдэг. Би “Хилчин” спорт хороонд харьяалагдах болсон. Энэхүү цомын тэмцээн тав дахь удаагаа зохиогдож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат хоёр, улсын заан М.Өсөхбаяр нэг, миний бие хоёр удаа цомын эзэн болсон гээд “Хилчин”-гийн бөхчүүд тав дахь удаагаа түрүүлээд байна.

-Цом гардуулах мөчид төрийн тэргүүн Ц.Элбэгдорж өөрт тань ихэд дотночилж үг хэлж байсан?

-Ерөнхийлөгчтэй нэг нутаг гэдэг утгаараа дотно. Ерөнхийлөгчийн нэрэмжит барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлсэнд баяр хүргээд “Сайн барилдлаа, хүү минь” гэж хэлээд духан дээр минь үнсэхэд үнэхээр сайхан санагдсан шүү. Төрийн тэргүүнээсээ ийм хүндэтгэл хүлээн авахаас өөр сайхан юм гэж юу байхав.

-Өнгөрч буй он таны хувьд хэр амжилт бүтээлээр дүүрэн жил байв. Нийтдээ хичнээн барилдаанд зодоглосон байна вэ?

-Өнгөрсөн онд “Хангарьд” спорт хороон дээр заан Бямбадорж багштайгаа бэлтгэл сургуулилт хийсэн. Бямбаа багшдаа юуны өмнө талархах нь зүйтэй байх. Заалны барилдаанд цөөхөн оролцсон. Бэлтгэлээ Эрдэнэтэд “Хангарьд”-д хийж хааяа хотод ирж барилдаанд оролцчихоод байсан. Чансааны хувьд шинэ онтой гайгүй золгож байгаа шүү.

-Удахгүй сар шинийн барилдаан болно. Бэлтгэл хэр хангагдаж байна?

-“Хилчин” спорт хороо, “Хангарьд”-д харьяалагдан барилдаж байгаа. Бэлтгэлээ Зайсан дахь Кёкүшюзан Батбаяр, Батзориг заан хоёрын хамтарсан дэвжээнд Архангайн бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байна. Цагаан сарын барилдаан хаяанд ирсэн байна. Үүнээс өмнө Үндсэн хуулийн ойд зориулсан барилдаан болно. Томоохон барилдаан ар араасаа хөвөрч л байна. Бэлтгэлээ л сайн базаах хэрэгтэй байна даа.

-Одоо хэн таныг бөхийн спортод чиглүүлж, заавар зөвлөгөө өгч байна вэ?

-Заан Батзориг ах миний гол түшиж тулж яваа хүн минь юм шүү дээ. За тэгээд багш нар, найз нөхөд гээд зөвлөдөг хүмүүс бий.

-Бөхийн хүрээнээс хэнтэй ойр дотно нөхөрлөж байна?

-Манай Ховдын Тайван арслан, Отгонцоож, Түвшинтөр, Мөнхбат гээд сайхан залуучууд бий. Бид дөрөв их сайхан нөхөрлөөд явж байна.

-Начин, харцага цолонд хүрэхэд хоёр ч удаа та бид хоёр ярилцаж байлаа. Тухайн үеэс одоогийн барилдаан улам л чангарсан харагддаг. Бяр чадлаас гадна улсын цолыг авч явна гэдэг их хариуцлага гэж бөхчүүд ярьдаг. Танд өнгөрсөн хугацаанд хэр өөрчлөлт гарав?

-Заримдаа тэгж боддог шүү. Хүн хийдэг бэлтгэлээ хийгээд байгаагаараа байх шиг сайхан юм байхгүй ш дээ.

Би өөрийгөө характертай хүн гэж боддог, барилдаан дээр. Ер нь спортын хүн тийм байх нь зүгээр байх. Нэгэнт л барилдах гэж гарч ирсэн юм чинь. Батзориг ах “Та нар ямар эрхлэх гэж гарч ирсэн биш олигтойхон яваад барилдчих. Ёстой хазахаас бусдыг хийх хэрэгтэй” гэдэг юм.Аймгийн цолтой байх үед заримдаа элэг бүсдэж байгаад уначихаар ах “Түшүүлээд тавьчихсан шонгийн мод шиг юм зогсож байгаад уначихлаа” гээд зэмлэнэ (инээв). Би ер нь л явж барилдахыг хүсдэг.

Бөх сонирхогчид таныг их сайхан задарсан гэж ярих юм?

-Долоо хоногийн дөрвөн өдөр хүчний бэлтгэл хийгээд хоёр өдөр дэвжээний бэлтгэл хангадаг. Харин нэг өдөр ууланд гүйнэ. Долоо хоног бүтэн л бэлтгэл хийж байна.

-Анх улсын цолонд хүрч байсныг бодвол өнөөдөр цолоо ахиулаад, амьдрал ахуйд тань олон өөрчлөлт орсон болов уу. Хувийн амьдралдаа хэр цаг зав гаргаж байна. Гэр бүлтэй болоо юу?

-Бөхөө дээдэлдэг ард түмнийхээ буянаар, багш нар, найз нөхдийнхөө дэмжлэгээр сайхан л явна. Бөх хүн түмэн олондоо хүндлэгдэхээс өөр сайхан зүйл гэж юу байхав. Харин гэр бүлээ хараахан зохиож амжаагүй явна. Залуу насандаа зорьсон төлөвлөсөн зүйл их.

-Найз охинтой болсон биз дээ?

-Найз охинтой.

-Бөхөөс гадна хувийн бизнес, өөр ажил төрөл хийж байна уу?

-Одоогоор бөхдөө сэтгэл зүрхээ зориулаад бэлтгэлдээ бүх анхаарлаа төвлөрүүлж байна. Спортын нас богинохон гэдэг шүү дээ. Мэдээж гучин нас гараад ирвэл гэр бүлийн орлогоо нэмэгдүүлэх өөрийн гэсэн бизнес ч юм уу ямар нэг ажил хийж л таарах байх даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, эдийн засгаа төрөлжүүлэх, ил тод байдлыг дэмжихэд хамтран ажиллана

Монгол Улсад Америкийн Нэгдсэн Улсаас суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галтын анхны нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.

Миний бие гэр бүлийнхэнтэйгээ хамт Улаанбаатарт есдүгээр сарын 24-ний өдөр ирсэн юм. Намайг угтаж авсан найрсаг байдалд сэтгэл хөдлөхийн зэрэгцээ Улаанбаатар хотын эргэн тойрны үзэсгэлэн, мөн төрөлх муж Колорадог минь санагдуулам үлгэрийн юм шиг Монголын хөх тэнгэрийн уудамд сэтгэл татагдаж билээ. АНУ-ын Элчин сайдын яамны найз нөхөд, хамт олныхоо дэмжлэгтэйгээр миний ажил төрөл өдийг хүртэл гайхамшигтай сайн явж байна. Монголын ард түмэн тууштай хүчин чармайлт, хүсэл тэмүүллээр дүүрэн тул эрмэлзэх том зорилт, хэрэгжүүлэх шинэ төсөл бидэнд мундахгүй их байна. Монголын ард түмэнд сайн сайхан ирээдүйг цогцлоохын төлөө Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэнтэй хамтран ажилладаг Америкийн уламжлалыг үргэлжлүүлэх нь Монгол Улсад суух АНУ-ын Элчин сайд миний хувьд нэр төрийн хэрэг билээ.

Эдийн засгийн хөгжлийг түргэтгэх нь

Миний эн тэргүүний зорилт бол Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих явдал юм. Энэ хүрээнд, Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалт татдаг бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд миний бие Монголын Засгийн газар, АНУ-ын компаниуд болон бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагуудтай хамтран ажиллахаар зорьж байна. Түүнчлэн, хоёр орны хооронд байгуулсан “Ил тод байдлын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх нь Монгол Улс эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой бодлого, хууль, дүрэм журмуудаа боловсруулах болон хэрэгжүүлэх шатанд ил тод байлгахыг зорьж ажиллаж байгааг дотоодын болон олон улсын компаниудад илэрхийлсэн чухал дохио болно гэдэгт би итгэдэг. Монголд ирснээс хойших эхний хоёр сарын хугацаанд би Улаанбаатарт нээгдсэн Америкийн хоёр ч франчайз компанийн нээлтийн ажиллагаанд оролцож, Оюу Толгойн уурхайн талбайд зочлох явцдаа тус компанийн өндөр мэдлэгтэй, урам зориг дүүрэн залуу мэргэжилтнүүдтэй ярилцан, Женерал Электрикийн салхин турбинууд цэвэр эрчим хүч үйлдвэрлэж буй байгаль орчинд ээлтэй Салхитын салхин цахилгаан станцтай танилцлаа. Монгол Улсын өнөөг хүртэл гаргасан хичээл зүтгэлийг бид сайшааж байгаа ч бэрхшээлүүд байсаар байна. Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахаас эхлээд эдийн засгаа төрөлжүүлэх, хууль эрхзүйн орчинг бэхжүүлэх, ил тод байдлыг дэмжих зэрэг болон бусад асуудлуудыг шийдвэрлэх тал дээр бид Монгол Улстай хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга З.Энхболд нарт хэлсэнчлэн, Монгол Улсын эдийн засгийг дахин хөгжил дэвшилд хүрэхэд нь би туслахыг үнэхээр их хүсэж байна.

Эдийн засгийн хүрээний хоёр дахь зорилт бол Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацитай хамтран ажиллаж Монгол Улстай байгуулах хоёр дахь Компакт гэрээг ажил хэрэг болгох явдал юм. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн хооронд хийж буй гэрээний боловсруулалтын шат дуусахад Монгол Улсад ядуурлыг бууруулахад чиглэсэн төслийн саналууд орж ирээсэй гэж би хүсэж байна.

Ардчиллын тууштай хөгжлийг хөхиүлэн дэмжих нь

2015 онд Монгол Улс ардчиллыг сонгосон шийдвэрийнхээ 25 жилийн ойг тэмдэглэсэн. Энэхүү чухал ололтыг Монгол Улстай хамтран тэмдэглэхдээ АНУ ихэд бахархалтай байсан. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Ардчиллыг бүтээхэд шаардлагатай зориг, санаачилгын алинаар нь ч Монгол Улс дутаагүй” хэмээн гарцаагүй онож хэлжээ.

Үнэхээр ч Монгол Улс ардчиллыг бүтээн байгуулах үйлсэд тууштай манлайлдаг. Тус улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн Гүйцэтгэх зөвлөлд улиран сонгогдож, саяхан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний сонгуульд ялж, мөн бусад хөгжиж буй ардчилсан орнуудад зөвлөж, туршлагаасаа хуваалцсаар байна. АНУ эдгээр санаачилгуудыг нь хүчтэй дэмжиж байгаа бөгөөд миний бие эдгээр салбар дахь бат бөх хамтын ажиллагааг цааш улам бэхжүүлэн үргэлжлүүлэх зорилго тавьж ажиллах болно.

Түүнчлэн би хоёр улсын зэвсэгт хүчний хүчирхэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг зорьж байна. Энхийг сахиулах шинэ шинэ чадавхийг бий болгох тал дээр АНУ-ын зэвсэгт хүчин болон Аляскийн үндэсний гварди Монгол Улсын зэвсэгт хүчинтэй үргэлжлүүлэн хамтарч ажиллах болно. Монголын энхийг сахиулагчид дэлхийд зүй ёсны нэр хүндтэй бөгөөд бид Афганистан, Сьерра-Леон, Өмнөд Судан болон бусад хүнд хэцүү нөхцөлтэй газруудад оруулсан тэдний хувь нэмрийг өндрөөр үнэлдэг. Ирэх хавар Монгол Улсын алдарт Таван Толгойн Сургуулилтын төвд болох 40 гаруй орны цэргүүдийг нэгтгэсэн “Хаан Куэст” ээлжит энхийг сахиулах сургуулилтыг нүдээр үзэх болсондоо би их баяртай байна. АНУ–Монгол Улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаа бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сайжруулах чиглэлд үргэлжлэх болно.

Ирэх 25 жил, түүнээс цааших Монголын ардчиллыг төсөөлөхөд Монголын хамгийн үнэт хөрөнгийн нэг бол залуу үе нь гэж надад бодогддог. Монголын хүн амын бараг тэн хагас нь 25-аас доош настай бөгөөд миний Элчин сайдаар ажиллах хугацаандаа тавьсан чухал зорилтын нэг маань тус улсын ардчилсан манлайлагчдын шинэ үеийг гаргаж ирэх явдал юм. Бид Монгол Улсын Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хамтран Монголын залуу үеийнхэнд ардчиллын тууштай үзэл бодлыг сургаж, нийгмийн бүхий л салбарт манлайлах үйлсэд нь бэлдэхийг зорьж байна. Монголд байх эхний хэдэн сард миний бие хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, нийтийн эрүүл мэнд, хот төлөвлөлт, хүйсийн тэгш эрх байдал зэрэг Монголын ардчиллын тууштай хөгжилд нэн чухал салбаруудад ажиллаж байгаа олон гайхалтай залуустай танилцсанаа дурдахад таатай байна.

Иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх нь

Дипломат алба хашсан 27 жилийнхээ туршид иргэд хоорондын хэлхээ холбооны хүч нөлөөг би өөрийн биеэр мэдэрч ирлээ. Жил бүр мянга мянган монголчууд сурахаар, аялахаар мөн ажил хэргийн шугамаар АНУ-д зорчдог. Мөн олон тооны америкчууд дээрхтэй ижил зорилгоор Монголд ирдэг. Өнгөрсөн жилийн хувьд виз хүсэгчдийн тоо 17 хувиар өссөн нь АНУ болон Монголын харилцан айлчлалын хэрэгцээ өсч байгааг харуулж байгаа нэгэн үзүүлэлт юм. 2015 онд АНУ-ын солилцооны болон боловсролын хөтөлбөрийн үр шимийг 1500 орчим монгол хүн хүртсэн бөгөөд энэ тоо цаашид өсөх болно. Өнгөрөгч аравдугаар сард АНУ-ын Төрийн департаментын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан боловсролын үзэсгэлэн яармагт Америкийн 27 их сургуулийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Манай засгийн газар ийнхүү боловсролын солилцоог дэмжиж, Фулбрайт, Хамфригийн хөтөлбөрүүд болон харилцан ойлголцлыг дэмжсэн олон төрлийн соёл урлагийн солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг нь надад бахархалтай санагддаг. Мөн Энхтайвны Корпус Монгол Улсад үйл ажиллагаагаа эхэлсний 25 жилийн ойг 2016 онд тэмдэглэх гэж байгаад бид баяртай байна. Одоогийн байдлаар 21 аймагт 137 сайн дурын ажилтан англи хэл, эрүүл мэнд болон хүүхэд залуусын боловсрол зэрэг салбарт ажиллаж байгаа нь Энхтайвны Корпусын томоохон хөтөлбөрүүдийн нэг болохыг харуулж байна.

Хувь хүний туршлага бидний үзэл бодол, мэдлэгийг баяжуулж байдаг. Үүний үр дүнд бидний хамтын нийгэмд тулгардаг сорилт болон дэлхий нийтийн асуудлыг шийдвэрлэх чадавхи бүхий хүчирхэг иргэд бий болно. Хүмүүс шинийг санаачилж, хамтран ажиллаж, түүнийгээ хэрэгжүүлдэг. Цаашид АНУ болон Монгол Улс нийгэм эдийн засгийн хөгжилд хамгийн чухал хүчин зүйл болох хүмүүн баялгийг бэхжүүлэхэд хамтран хөрөнгө оруулалт хийсээр байх болно гэдэгт би итгэлтэй байна.

Засаглалын болон иргэний нийгмийн чухал асуудлыг хөндсөн, ач холбогдол бүхий олон сайхан ярилцлага, хэлэлцүүлэгт оролцох завшаан надад тохиолоо. Харилцан ярилцсаны дараа оролдоод үзэх хүсэл, хөндсөн сэдвийн хүрээнд ямар нэг зүйл хийх сэдэл тэмүүлэл оролцсон бүх хүмүүст төрсөн гэж би найдаж байна. Засгийн газар, олон улсын түвшинд ажиллаж буй иргэд болон монголчууд та бүгдийг ярилцлага хэлэлцүүлэгт нэгдэхийг урьж байна. АНУ-ын Элчин сайдын яамны цахим хуудаснаас бидний болон манайтай хамтран ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг аваарай. Мөн Ховд аймаг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Америкийн соёл мэдээллийн төвүүдэд зочилж лекц яриа сонирхоорой. Миний Твиттерийн @USAmbMongo­lia хаягаар надтай харилцаж, манай ЭСЯ-ны Twitter хуудсыг дагаарай. Ирж буй жилүүдэд илүү олон хүнтэй ярилцаж, хамтран ажиллах завшаан тохионо гэдэгт би гүнээ найдаж байна.