Categories
мэдээ улс-төр

​2016 оныг “Хэрэглэгчийн жил”-ээр зарлалаа

Засгийн газраас энэ 2016 оныг хэрэглэгчийн жил болгож байгаагаа зарлалаа. Тодруулбал, НҮБ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ын үзэл санаа, 2015 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейн 70 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан Тогтвортой хөгжлийн баримт бичигт “Хариуцлагатай хэрэглээ ба тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр” хэрэглэгч рүү хандан 10 жилийн төлөвлөгөө гаргаж ажиллахыг гишүүн орнууддаа зөвлөсөн зөвлөмж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дэвшүүлсэн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэрэглэгчийн жилийн ажлыг тогтвортой хугацаанд үр дүнтэй ажил болгон хэрэгжүүлэхийн тулд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөтөлбөр”-ийг Засгийн газраар батлуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шадар сайдад даалгажээ.
2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосноор үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээний бүх байгууллагууд хэрэглэгчдэд хандсан менежментийн чиг хандлагыг тэргүүлэх чиглэлээ болгохын зэрэгцээ хэрэглэгчдэд хүргэж буй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нэг бүрийг стандарт чанарын шаардлагыг бүрэн хангасан байх, нийгмийн үйлчилгээний бүх салбарын байгууллагын хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний эцсийн үр дүн нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн хангалттай түвшнээр хэмжигддэг байх, хүн рүү чиглэсэн шинэчлэлийг менежментийн илүү дэвшилттэй түвшинд дэвшүүлэн тавьж тодорхой үр дүнд хүрэх боломжтой гэж үзсэн байна.
Хэрэглэгчийн жилд:
• Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон хэрэглэгчийн эрхтэй холбогдох багц хуулиудад шинэчилсэн найруулга хийх, нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох
• “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр 2”-ыг Засгийн газраас батлан гаргаснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, үйл ажиллагааны арга механизмыг төлөвшүүлэх
• “Хэрэглэгчийн эрхийн хамгаалалтын төлөв байдал”-ын судалгаа дүгнэлтийг жил бүр гарган, Засгийн газраас үнэлгээ өгч, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлдог ажлуудыг уламжлал болгох зэрэг зорилт тавьжээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр эмнэлгийн хашаан дундуур шинэ зам тавив

Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нэгдүгээр эмнэлгийн хашаан дундуур С.Зоригийн гудамжийг зүүн тийш Чин Ван Чагдаржавын гудамжтай холбосон шинэ зам тавилаа. Энэхүү автозам нь 2.8 метр өргөн зорчих хэсэгтэй 0.7 метр явган замтай, 3.5 метрийн өргөнтэй 75 метр урттай юм.

Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс нас барагсдыг гаргахад Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн хойд болон баруун талын авто замаас өөр гарц байдаггүй учир дээрх замуудад хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл ихээр үүсдэг төдийгүй замын хөдөлгөөний дүрэм зөрчигддөг гэж Замын цагдаагийн газраас тайлбарлаж байгаа юм. Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн хойд талд урдаасаа хойшоо чиглэлтэй нэг урсгалтай дээрх замыг шинээр гаргаснаар Энхтайваны өргөн чөлөөн дэх замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээнд буурна гэж үзэж буй юм байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Менделеевийн үелэх системд дөрвөн шинэ элемент нэмэгджээ

Олон улсын онолын болон химийн холбоо (IUPAC) -ны шийдвэрээр үелэх системд химийн дөрвөн шинэ элемент нэмэгджээ. Дөрвөн элементийн эхнийх нь 113 дугаартай Унитрий (Uut). Түүнийг Орос-Америкийн эрдэмтдийн баг 2014 онд нээжээ. Мөн Японы “Рикен” хүрээлэнгийн эрдэмтэд ч хувь нэмрээ оруулсан байна. Түүнийг “Ricken” гэж нэрлэх хамгийн өндөр магадлалтай гэж бичжээ.

Хоёр дахь элемент нь 115 дугаартай Ununpentium (Uup). Түүнийг 2003 онд АНУ-ын Калифорнийн Лауренс Ливермор болон Теннеси дэх Оак Риж үндэсний лаборатори, ОХУ-ын Дубнагийн Цөмийн хүрээлэнгүүдийн судлаачдын баг нээж илрүүлжээ.

Гурав дахь шинэ элемент нь 117 дугаартай Ununseptium (Uus). Энэхүү элементийг 2009 онд ОХУ-ын Цөмийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд нээжээ. Дөрөв дэх элемент болох 118 дугаартай элемент Ununoctium (Uuo)-г АНУ-ын Берклийн эрдэмтэд нээсэн гэдэг ч хожим алдаатай мэдээлэл болох нь тогтоогдсон байна.

Менделеевийн үелэх системд дөрвөн элемент нэмэгдсэн талаар өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр Олон улсын онолын болон химийн холбооноос мэдээлсэн байна. Улмаар 113, 115, 117, 118 атомын тоотой элементийг шалгаж, баталгаажуулснаа зарлажээ. Дээрх элементүүдийг нээсэн АНУ, ОХУ, Японы эрдэмтэд хоёр үсэгтэй тэмдэглэгээ болон нэр өгөх ажлаа эхлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Мусульман шашинтнууд туйлшрах, хэт даврах үзлийн эсрэг тууштай тэмцэх хэрэгтэй байна

Туркийн хүмүүнлэгийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, их сэтгэгч Фетхуллах Гюлен Францын өдөр тутмын “Ле Монд” сонинд бичсэн нийтлэлдээ хэт даврах үзэл, терроризмтой тэмцэх талаар дэлхий нийт хийгээд Мусульман шашинтнуудад хандан чухал ач холбогдолтой мэдэгдэл гаргажээ. Ислам шашны нэрийг барьж үйлдсэн террорист халдлагууд нь Мусульман шашинтнуудыг нийгмээс хөндийрүүлэхэд хүргэн Ислам шашны эсрэг сөрөг ташаа ойлголт, дургүйцлийг улам бүр гүнзгийрүүлж байгааг Гюлен өгүүлээд терроризмыг өөгшүүлж хамгаалсан шашин ерөөс байдаггүй болохыг нэмж дурдсан байна.

Тэрээр цааш нь дурдахдаа “Бид Мусульман шашинтнууд өөрсөддөө тулгараад буй асуудлуудаа олж харахад саад болсоор ирсэн хуйвалдааны онолуудаар шалтаглахын оронд асуудалд бодит байдлаар хандах хэрэгтэй юм. Бидний дотор оршин буй далд эзэрхэг хандлага, бие махбодын хүчирхийлэл, залуу өсвөр үеийнхнийг орхигдуулах байдал, мэдлэг боловсролын хомсдол зэрэг шалтгаануудаас үүдэн Мусульман шашинтай улс орнууд дарангуйлагч сэтгэлгээтэй бүлэглэлүүдийн цэрэг дайчид бэлтгэх үүр уурхай болоод байна уу гэдгийг өөрсдөөсөө бид асуух хэрэгтэй” гэжээ.

Хэт туйлшрах (даврах) урсгалуудтай тэмцэхэд Европ дахь Мусульман шашинтнуудын идэвхтэй үүрэг оролцоо хамгаас чухал байна. Одоо үүсээд буй сөрөг нөхцөл байдлыг үл харгалзан Мусульман шашинтай иргэд өөрсдийн амьдарч буй улс оронтойгоо нягт хамтран ажиллаж шашин нэгтнүүдээ нийгэмд нэгтгэх талаар илүү өргөн хүрээг хамарсан бодлого боловсруулахад хичээж ажиллах шаардлагатай юм.

Гюлены талаар Ле Монд сонин танилцуулахдаа түүнийг шинжлэх ухаанч, ардчиллыг дэмжигч, шашин хоорондын харилцан яриаг баримтлагч гэж дурдаад өмнө нь Эрдоантай (БНТурк Улсын одоогийн ерөнхийлөгч) ойр байгаад дуулиан тарьсан Их авлигын (2013 онд Туркийн эрх баригч намын нөлөө бүхий улс төрчид, тэдгээрийн хүүхдүүд, томоохон бизнес эрхлэгчдийн нэр холбогдсон авлигын хэрэг) хэрэг явдлын дараа Эрдоаны эсрэг байр суурьтай болсон гэж онцолжээ.

Туркийн хүмүүнлэгийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, их сэтгэгч Фетхуллах Гюлены Парист болсон террорист халдлагатай холбоотойгоор Францын “Ле Монд” сонинд бичсэн “Бид Мусульман шашинтнууд сүсэг бишрэл, Ислам шашны талаарх ойлголтдоо үнэлэлт дүгнэлт өгөн дахин нэг магадлан үзэх шаардлагатай байна” гарчигтай нийтлэлийг бүрэн эхээр нь толилуулбал:

ИТГЭЛ БИШРЭЛИЙН БОДИТ ШАЛГУУР НЬ ХҮНИЙ АМЬ АМЬДРАЛЫГ ХАМГААЛАХ НАНДИН ЧАНАР ЮМ.

ISIS (Ирак, Сирийн Исламын Улс) болон түүнтэй төсөөтэй бүлэглэлүүдийн хүний ёсноос гадуур харгислал үйлдсэн явдалд гүнээ эмгэнэж харамсаж буйгаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Эдгээр бүлэглэлийн мушгин гуйвуулсан өөрсдийн үзэл суртлаа шашинд тохож террорист халдлага үйлдэж байгаа нь 1.5 тэрбум Мусульман шашинтнуудын болоод миний сэтгэлийг гүнээ эмзэглүүлж байна. Бид Мусульман шашинтнуудын үүрэг бол нэг талаас эх дэлхийгээ терроризм гэгч гай зовлон, туйлшрал, хэт даврах үзлээс хамгаалахад хүн бүртэй гар нийлэн хөдлөх нөгөө талаас шашны маань сэв суусан нэр хүндийг цэвэрлэхэд оршино.

Хэдэн үг, бэлгэдлээр хийсвэр нэр цол өөртөө зүүх нь амархан хэрэг. Гэвч үүнийг батлах хүчин зүйл нь үг үйлдлээрээ тэр нэр цолныхоо бодит мөн чанаруудад хэр үнэнч байгаагаар хэмжигдэх юм. Итгэл бишрэлийн бодит шалгуур нь уриа лоозон барьж гоёж гоодох хэрэг огт биш бөгөөд энэ нь дэлхийн гол шашнуудын нийтлэг баримталдаг хүнийг эрхэмлэн дээдэлж хүний амь амьдралыг хамгаалах нандин чанараар тодорхойлогдоно.

Бид Мусульман шашинтнууд террорист этгээдүүдийн түгээн дэлгэрүүлж буй эзэрхэг үзэл суртлыг ор тас зэмлэн буруушааж түүний оронд цэвэр нандин, итгэл үнэмшлээр дүүрэн олон ургалч сэтгэлгээг хөхүүлэн дэмжихэд анхаарах хэрэгтэй юм. Хүний эрхэм чанар нь бидний удам судар, улс үндэстэн, шашин шүтлэг зэрэг үнэт зүйлсээс өмнө ирэх ёстой юм. Гэтэл иймэрхүү зэрлэг балмад үйлдлүүдийн үр дагаварт хүний эрхэм чанар л хохирч байна.

Парисын халдлагад өртсөн Францын иргэд, нэг өдрийн өмнө Бейрутэд амь үрэгдсэн Ислам шашны Шийт урсгалыг дагагч Ливаны иргэд, Иракт мөн адил зандалчдын золиос болсон Суннит урсгалын Мусульман шашинтнууд гээд юу юуны түрүүнд тэднийг эрдэнэт хүмүүс болохыг энд дурдах хэрэгтэй юм. Зовлонд нэрвэгдсэн хүний уй гашуу шаналлыг шашин шүтлэг, улс үндэстнийг нь үл харгалзан тэдний сэтгэл санааг ойлгон хуваалцахгүйгээр соёл иргэншилд дэвшил гарахгүй.

МУСУЛЬМАН ШАШИНТНУУД ХУЙВАЛДААНЫ ОНОЛООР ШАЛТАГЛАХЫН ОРОНД АСУУДАЛД БОДИТОЙГООР ХАНДАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Мусульман шашинтнууд бид өөрсөддөө тулгараад буй асуудлуудаа олж харахад саад болсоор ирсэн хуйвалдааны онолуудаар шалтаглахын оронд асуудалд бодит байдлаар хандах хэрэгтэй юм: Бидний дотор оршин буй далд эзэрхэг хандлага, бие махбодын хүчирхийлэл, залуу өсвөр үеийнхнийг орхигдуулах байдал, мэдлэг боловсролын хомсдол зэрэг шалтгаануудаас үүдэн Мусульман шашинтай улс орнууд дарангуйлагч сэтгэлгээтэй бүлэглэлүүдийн цэрэг дайчид бэлтгэх үүр уурхай болоод байна уу? Бид мусульман шашинтнууд хүний үндсэн эрх, эрх чөлөө, хуулиа дээдлэх ёсон, олон ургалч сэтгэлгээг тогтоон хэрэгжүүлж чадаагүйгээс болоод цөхөрсөн нэгнийг буруу замаар ороход хүргэв үү?

ТЕРРОРИЗМЫГ ЗЭМЛЭН БУРУУШААГААД НЭМЭР АЛГА.

Парист болсон саяын эмгэнэлт явдлаас шашны нэрийг барьж үйлдсэн энэ зэрлэг балмад халдлагыг жирийн Мусульман хүмүүсээс авахуулаад шашны зүтгэлтнүүд ч бас эсэргүүцэн зэмлэн буруушаах хэрэгтэйг сануулсан билээ. Одоо зэмлэн буруушаагаад ч нэмэргүй юм. Мусульман улс орнуудад залуу өсвөр үеийнхнийг террорист бүлэглэлүүдэд элсэхтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, шашны зүтгэлтнүүд хамтран үр дүнтэй ажиллах шаардлагатай байна. Террорист этгээдүүдийн эгнээнд элсэх бүхий л хүчин зүйлийг тооцон үзэж улс орнуудыг хамарсан хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм.

Аюултай, буруу замаар орох эрсдэлтэй залуу өсвөр үеийг эртнээс тодорхойлж гэр бүлүүдэд зөвлөгөө хийгээд өөр бусад дэмжлэг үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бий болгох шаардлагатай. Бид мусульман шашинтнууд харьяалагдах улс орныхоо төр засагтай идэвх зүтгэлтэй хамтран ажиллаж терроризмтой тэмцэх ажиллагааг зохион байгуулах хэлэлцээрийн ширээнд суун санал бодлоо илэрхийлэх хэрэгтэй юм. Залуу өсвөр үеийнхнийг үзэл бодлоо ардчилсан замаар илэрхийлэх арга замд суралцуулах шаардлагатай байна. Ардчиллын үнэт зүйлсийг бага ангийн боловсролын хөтөлбөрт тусгаж өгснөөр ирээдүй хойч үеийг зөв сэтгэлгээтэй хувь хүн болж төлөвшихөд нь чухал ач холбогдолтой юм.

Иймэрхүү эмгэнэлт явдлуудын үр дагаварт хүчтэй эсэргүүцлүүд гарах нь дамжиггүй. Мусульман шашинтнууд болон шашны эсрэг мэдэгдлүүд мөн улс орнуудын зүгээс Мусульман шашинт иргэддээ аюулгүй байдлын үүднээс авах арга хэмжээнүүд нь ашиг тусаас илүүтэй хор уршиг дагуулах магадлалтай юм. Европ дахь Мусульман шашинт иргэд энх амгалан тайван орчинд амьдрах хүсэлтэй байна. Одоо үүсээд буй сөрөг нөхцөл байдлыг үл харгалзан Мусульман шашинтай иргэд өөрсдийн амьдарч буй улс оронтойгоо нягт хамтран ажиллаж шашин нэгтнүүдээ нийгэмд нэгтгэх талаар илүү өргөн хүрээг хамарсан бодлого боловсруулахад хичээж ажиллах шаардлагатай юм.

Бид Мусульман шашинтнууд сүсэг бишрэл, Ислам шашны талаарх ойлголтоо орчин үеийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдал хийгээд тодорхой түүхэн үйл явдалтай уялдуулан хийсэн тайлбар эх сурвалжтай холбон магадлаж үзэж үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай байна. Энэ нь Ислам шашны уламжлалаас тасарсан хэрэг огт биш юм, харин ч эсрэгээрээ хожим гаргаж болохуйц алдаа завхралаа ухамсарлан Гэгээн Элчийн маань үргэлж мөрдөж ирсэн Куран судар, түүний замнал сургаалуудыг дахин ил болгон хэрэгжүүлэх явдал юм.

ШАШНЫ МУШГИН ГУЙВУУЛСАН ТАЙЛБАРЫГ ХАЗААРЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Шашны эх сурвалжийг мушгин гуйвуулж буруу зорилгоор ашиглах гэсэн тайлбар мэдэгдлийг хазаарлах хэрэгтэй юм. Мусульман шашинт эрдэмтэн мэргэд, сэхээтэн нар шашны эх сурвалжуудад нэгдмэл байр суурьтай байх шаардлагатай байна. Өнгөрсөн зуунуудад өөр өөр шашин, улс төрийн харьяалал бүхий этгээдүүдийн урьдаас дүгнэлт хийн хоорондын үзэл бодол, итгэл үнэмшлийн ялгавартай хандлагаас болж үүссэн урт хугацааны зөрчил мөргөлдөөний үед гаргаж байсан бодлого шийдвэрүүдийг ул суурьтай дахин нягталж үзэх хэрэгтэй юм.

Итгэл үнэмшлийг догматизмаас (өөрийн санааг хөдөлшгүй хэмээн зүтгэх хандлага) ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Мусульман шашинтнуудад нэгэн үе Сэргэн мандалтын үеийг авчирсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг шашны ёс зүйнд тулгуурлан дахин сэргээх нь боломжтой бөгөөд зайлшгүй шаардлагатай зүйл юм. Хүчирхийллийг өөгшүүлэгч хэт туйлшрал, харанхуй бүдүүлэг ёсонтой иймэрхүү нөхцөл байдлаар л үр ашигтай тэмцэж болох билээ.

СОЁЛ ИРГЭНШЛҮҮДИЙН ХООРОНД БУС, ХҮН ТӨРӨЛХТНИЙ СОЁЛ ИРГЭНШИЛ ХАРАНХУЙ БУРАНГУЙ ЁСОНТОЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙНА.

Болоод өнгөрсөн үйл явдлуудын дараагаар соёл иргэншлүүдийн хооронд зөрчилдөөн дахин дэгдэж байгаа талаар зарим нэгэн хүмүүсийн дэвшүүлсэн таамаглалыг би харж сууна. Энэ хүмүүсийг нэг бол зөгнөсөн үү эсвэл эргэцүүлэн бодсон уу гэдгийг нь би хэлж мэдэхгүй юм. Харамсалтай нь энэ байдал нь террорист бүлэглэлүүдэд илүү ашигтайгаар эргэж байгаа юм. Би нэг зүйлийг цохон тэмдэглэмээр байна. Энэ нь одоо болж байгаа дүр зураг бол соёл иргэншлүүд хоорондын зөрчилдөөн бус, хүн төрөлхтний соёл иргэншил харанхуй бурангуй ёсонтой зөрчилдөж байгаа хэрэг юм.

ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХЭД МУСУЛЬМАН ШАШИНТНУУД Ч ГАР БИЕ ОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ ЮМ.

Одоо тохиолдоод буй төвөгтэй цаг үед Мусульман шашинтнуудын хүлээх үүрэг хариуцлагын тоонд асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцох явдал юм. Мусульман шашинтнуудын амь нас, эрх чөлөөг хамгаалж итгэл үнэмшил үл хамааран бүх хүн төрөлхтний сайн сайхан амар амгалангийн төлөөх ариун үйлс хэрэгт бодит хувь нэмэр оруулахыг хүсч байвал терроризм гэгч аюулын эсрэг улс төр, эдийн засаг, нийгэм соёл, шашин шүтлэг гээд өргөн хүрээгээр тэмцэх шаардлагатай байна.

Бид мусульман шашинтнууд эрдэм ухаантай хувь хүн болохын хувьд үг үйлдэл, амьдралаараа бусдад үлгэр жишээ болж шашны эх сурвалжийн хэт туйлширсан тайлбар номлолыг үгүйсгэн буруушааж тэдгээрийн залуу өсвөр үеийнхэнд үзүүлэх нөлөөлөлд сонор сэрэмжтэй хандан бага ангийн боловсролын хөтөлбөрт ардчиллын үнэт зүйлсийг тусгаснаар терроризм, гэмт хэрэг хүчирхийлэл болон түүний үндэс дарангуйлах үзэл сурталтай тэмцэж болох юм.

Францын өдөр тутмын “Ле Монд” сонинд гарсан нийтлэлээс орчуулав.

Г.Олдохзаяа

Categories
мэдээ спорт

Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдарт цолтой 224 бөхийн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Энэхүү барилдаан 2016 оны анхны барилдаан гэдгээрээ ихээхэн онцлогтой болох юм. Түүнээс гадна сар шинийн барилдааны өмнөх сорилго барилдаан болох тул бөх сонирхогчдын анхаарлыг татах нь лавтай. Саяхан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарласан түүхэн тэмдэглэлт өдрөөр “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх чансаа өндөр байгаа 128 бөхийн барилдаан болж, улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлсэн билээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон БНСУ-ын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нарыг баривчлан шалгаж байгаа билээ. Тэднийг бусадтай бүлэглэн улсад их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан байж болзошгүй” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Бүлэглэн үйлдсэн гэх энэ хэрэгт тухайн үеийн төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон байж болзошгүй мэдээлэл гарч байв. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн энэ хэргийг шалгах явцад нэр бүхий хоёр албан тушаалтан дээрх хэрэгт холбоотой байж болох баримт нотолгоо мөрдөн байцаалтын явцад олдсон байдаг. Иймд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн албан тушаалтнуудад холбогдох хэргийг тусгаарлан шалгуулахаар хүсэлт гаргаж, Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн юм. АТГ-ынхан албан тушаалтнуудад холбогдох хэргийн нотлох баримт болон зарим хүний мэдүүлгийн хамт дээрх хоёр албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байж болох үндэслэл байгаа учир сэжигтнээр тооцож, шалгах хэрэгтэй байгаагаа прокурорын байгууллагад оны өмнөхөн тавьсан. Прокурорын байгууллага Авлигатай тэмцэх газрынхны үндэслэлийг хүлээн авч УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг сэжигтнээр тооцон шалгах зөвшөөрөл олгосон байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг сэжигтнээр байцааж эхэлсэн гэнэ. Мөн тэдэнд таслан сэргийлэх арга хэмжээ авч гадаадад зорчих эрхийг нь хязгаарласан байна. Сэжигтнээр тооцон шалгах явцад тэдний гэм буруутай нь тогтоогдвол яллагдагчаар татаж, Х.Баттулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг холбогдох газруудад нь тавих аж. Хуулийн дагуу сэжигтнээр тооцож шалгах явцад гэм буруутай гэх үндэслэл нь батлагдвал үргэлжлүүлэн 14 хоногийн дараа яллагдагчаар татах эсэхээ мөрдөн байцаагчтай зөвшилцөн прокурор шийдэх юм.

УХААХУДАГ-ГАШУУНСУХАЙТ ТӨМӨРЗАМЫН ТӨСӨЛ

Төслийн ерөнхий гүйцэтгэгч Самсунг-тай хийсэн гэрээ

Туслан гүйцэтгэгч компаниудын тооцоо

Х.Баттулга, А.Гансүх нарыг албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байна. Ингэхдээ Зүүн чиглэлийн төмөр замын 100 км замын хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн. Үүнийг хэн хариуцсан, хөрс хуулалтын ажлыг эхлүүлэх шуурхай хуралдааныг хэн мэдэж хийж, хэнд үүрэг болгов. Тендергүйгээр нэгэн компанийг шалгаруулж, Чингис бондын мөнгөнөөс 5.8 сая ам.долларыг хэн яах гэж өгөв. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор босгох ажилд төсвөөс 24 тэрбум төгрөг өгсний 22 тэрбумыг нь судалгааны ажил гэх нэрийн дор шамшигдуулсан зэрэг нь албан тушаалтнуудтай холбоотой хэрэг болж байгаа аж. Нэг үгээр хэлбэл төрийн томоохон төслийг эхлүүлэх явцад өөрсдийн танил тал, багийн хүмүүсээ албан тушаалд томилж, тэднээр дамжуулж төрөөс их хэмжээний мөнгө шамшигдуулж улсыг хохироосон гэх үндэслэл гарч ирж буй бололтой. Түүнчлэн бидний олж авсан мэдээллээр Б.Батзаяа нь Монголын төрийн мэдлийн 350 га газрыг хувийн компани руу шилжүүлсэн баримт олджээ. Тэрбээр үүнийг хийхдээ дээрх албан тушаалтнуудын заавар, зөвлөмжийн дагуу хийсэн байж болох баримт ч олдсон гэнэ. Энэ мэтээр албан тушаалтнуудад хамаарах, тэднийг холбогдуулан шалгах үндэслэлүүд нь ийм байгаа аж. Мөн “МТЗ” болон “Самсунг СТ”-ийн хооронд хийсэн гэрээ нь 483 сая ам.долларын өртөгтэй. Энэ гэрээнд “Самсунг” туслан гүйцэтгэгчээ сонгон шалгаруулахдаа тендергүйгээр шууд авах эрхтэй болгож тусгасан. Энэ нь Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн. Хамгийн түрүүнд тендерийн тухай хуулийг зөрчсөн. Хоёрдугаарт, Шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байдаг. Дээр нь бондын мөнгийг захиран зарцуулахдаа заавал тендер зарлах үүргийг Монгол Улс бондод хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн байдаг. Гэвч яагаад тендергүйгээр энэ компанийг сонгох болов. Үүнд ямар албан тушаалтан оролцов гэх зэрэг асуудлууд гарах болжээ.

“Самсунг СТ” өмнө нь туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан 10 компани дээр нэмж гурван компанийг туслан гүйцэтгэгчээрээ тендергүй шууд сонгож авсан байдаг. Энэ гурван компанийн нэг нь 2011 онд Сүхбаатараас Сайншандын чиглэлд тавих 50 км төмөр замын хөрс хуулалтын ажлыг “МТЗ”-тай гэрээ хийн, ямар ч инженерийн тооцоо (геодези, байгаль орчин, маршрут гэх мэт тооцоо) гараагүй байхад зургаан сая ам.доллараар гүйцэтгэсэн ч өнөөг хүртэл төрөөс мөнгөө авч чадаагүй. Тус компанийн захирал нь энэ ажилд өөрийн бүх хөрөнгөө зарцуулсан бөгөөд аргаа барахдаа амиа хорлохыг хүртэл оролдсон гэнэ.

Харин хоёр дахь компани нь мөн л Чойбалсангийн ойролцоо 50 км замын хөрс шорооны хуулалтын ажлыг дээрхийн адил гүйцэтгэсэн. Энэ компанийн эзэн нь дээрх хоёр албан тушаалтны нэгтэй бизнес хийж байсан гэх мэдээлэл ч байгаа юм. Уг хэрэгт мөн “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг шалгаж байгаа бөгөөд интерполоор эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна.


Categories
мэдээ улс-төр

Төрийн ордонд гал гарах дөхсөнийг нууцалжээ

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр
буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарласан тэмдэглэлт өдрөөр Төрийн
ордонд гал гарах дөхжээ. Энэ тухай мэдээллийг нууцалжээ. Төрийн ордны
хаалганаас утаа савсахыг харсан иргэн Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай
мэдээллийн төвд дуудлага өгснөөр гал гарах гэж байсныг мэджээ. Дуудлагын дагуу
цагдаагийн алба хаагчид очиж галын шалтгааныг тодруулах, хэргийн газрын үзлэг
хийх гэсэн ч Төрийн тусгай хамгаалалтын газрынхан “Цагдаад шалгуулах
шаардлагагүй” хэмээн буцаасан байна.

Categories
мэдээ спорт

Хөнгөн атлетикийн гурван тамирчин олимпод орох эрхээ баталгаажууллаа

Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид БНХАУ-д болсон олон улсын марафоны тэмцээнд амжилттай оролцож, олимпийн эрхийн нормативыг дахин биелүүллээ. Хятадын Шаньси хотод болсон тус тэмцээнд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор зургаан тамирчин өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Б.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар олимпийн эрхийн норматив биелүүлсэн байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Д.Гантулга XI, эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Л.Отгонбаяр IX, Б.Мөнхзаяа X байрт оржээ.

Өнгөрсөн онд болсон марафоны олон улсын тэмцээнд гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлээд байгаа. Олимпийн наадамд улс бүрээс эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр гурван тамирчин оролцох эрхтэй билээ.

Categories
мэдээ нийгэм

Адууны ширийг экспортолж эхлэв

Засгийн газраас түүхий арьс, шир тэр дундаа адууны ширийг нэг удаагийн арга хэмжээ болгон энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс хоёрдугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд экспортлохыг зөвшөөрсөн.

Адууны ширний экспортын гэрчилгээ олгоход ямар баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” дараахь мэдээллийг хүргэж байна.

Үүнд:

-Хүсэлт /Бүтээгдэхүүний нэр, төрөл тоо хэмжээ, үйлдвэрлэгчийн талаархи мэдээлэл, боловсруулалтын байдал, савлалт, хаяг, шошго, чанар, аюулгүй байдлын талаархи мэдээлэл, нэвтрүүлэх хилийн боомт, хугацаа, тээврийн хэрэгслийн төрөл, сери дугаар, замын чиглэлийг тодорхой бичсэн байх/

-Худалдах, худалдан авах, бэлэглэлийн гэрээ, түүнтэй адилтгах бичиг баримт

-Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

-Бодис, бараа, бүтээгдэхүүнээс дээж авсан тэмдэглэл

-Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн

-Амьтан, ургамал, бүтээгдэхүүний тоо, хэмжээ, боловсруулалтын байдал (хагас боловсруулсан, түүхий, хөлдөөсөн, шинэ гэх мэт), савлалт, шошго, аюулгүй байдлын талаархи мэдээлэл зэрэг дагалдах баримт бичиг /инвойс, сав, баглаа боодлын мэдээлэл/

-Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Экспортын гэрчилгээний үнэ/-ыг бүрдүүлэх хэрэгтэй аж.

Манай улс 2011-2013 онд жилдээ 200 гаруй мянган толгой адуу хүнсэнд хэрэглэн ширний 90 гаруй хувийг экспортод гаргаж байсан. Харин 2014 оны эцсийн байдлаар 222.8 мянган адууны шир бэлтгэсний дөнгөж 65.4 мянга буюу 29 хувийг нь экспортлосон статистик мэдээ гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Микро автобусууд наймдугаар сарын 01 хүртэл үйлчилгээнд явна

Нийслэлийн Тээврийн газраас микро автобусуудын ашиглалтын хугацаа дуусч байгаа тул үйлчилгээнд явуулахгүй гэж мэдэгдэж байсан. Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчдын аюулгүй байдлыг хангах, тав тухтай зорчуулах зэрэг стандарт байдаг ч одоо үйлчилгээнд явж буй микронууд стандартын шаардлага хангадаггүй. Тэгвэл микро автобусны үйлчилгээ эрхлэгчдийг наймдугаар сарын 1-ээс явуулахгүй байхаар гэрээ хийж, энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд өөрсдөө парк шинэчлэл хийх тохиролцоонд хүрсэн байна. Мөн оношилгоонд заасан хугацаанд орох, зарим чиглэл маршрутыг шинэчлэн зохион байгуулахаар болжээ. Одоогоор нийслэлд нийт 340 орчим микро автобус үйлчилгээнд явж байна. Зорчигч тээврийн үйлчилгээний стандартад үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил болсон тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглодог. Одоо нийслэлд үйлчилгээнд явж буй микронуудын хамгийн сүүлийнхийг 2003 онд үйлдвэрлэсэн байдаг байна. Тиймээс энэ онд бүх микроны ашиглалтын хугацаа дуусч байгаа аж.