Categories
мэдээ улс-төр

Арбитрын хуулийг дэмжив

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар
Арбитрын тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцогчдын олонх нь
дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм. Улсын дээд
шүүхийн 2013 оны статистик мэдээллээр Анхан шатны шүүхүүд 2012 онд нийт 27792
хэрэг маргаан шийдвэрлэснээс 11796 нь иргэний эрх зүйн маргаан байжээ. Нарийвчлан
үзвэл, эдгээрээс 353 нь ажил гүйцэтгэх гэрээ, 2096 нь бараа худалдах, худалдан
авах, 76 нь хамтарсан хөрөнгө оруулалт, 2293 нь хуулийн этгээд, иргэдийн
хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, 1781 нь банк болон санхүүгийн бусад
байгууллагатай холбоотой зээлийн гэрээнээс үүссэн маргаан аж. Харин МҮХАҮТ-ын
дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрт сүүлийн гурван жилд нийт 106
маргаан хянан шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, арбитраар шийдвэрлүүлэх боломжтой
олон тооны маргаан шүүхээр шийдвэрлэгдэж, арбитрыг ашиглах явдал хангалтгүй
байгаа гэнэ. Мөн Монгол Улсын 80 орчим хуульд тухайн хуулиар зохицуулсан
харилцаанаас үүссэн маргааныг зөвхөн шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан байгаа нь
арбитраар шийдвэрлэгдэх хэрэг маргааны тоог бууруулж, хязгаарлахад нөлөөлж буй юм
байна. Тиймээс Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг
боловсруулахдаа 2006 онд нэмэлт, өөрчлөлт орсон загвар хуульд үндэслэн дараах
зохицуулалтыг тусгажээ. Үүнд талууд өөрөөр тохиролцоогүй бол аль нэг талын
хүсэлтээр арбитрын бүрэлдэхүүн арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг
баталгаажуулах арга хэмжээг авч болох бөгөөд тэр нь арбитрын бүрэлдэхүүнээс аль
нэг талд үүрэг болгосон арга хэмжээ байхаар тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг олгож эхлэв

Өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн
байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард хүүхдийн 20 мянган төгрөгийг олгох ёстой
байсан ч “Хүний хөгжил сан”-д мөнгөн хөрөнгө төвлөрөөгүйгээс хүлээлт
үүсч, улмаар өгч чадалгүй он гаргасан. Харин өнөөдрөөс арилжааны банкуудаар
дамжуулан өнгөрсөн арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг өгч эхлэв. Энэ 2016
онд хүүхдийн мөнгийг олгохдоо УИХ-аас баталсан хуулийн дагуу амьжиргааны
түвшний 1-17 дугаар бүлэгт хамаарах айл өрхийн хүүхдэд сар тутам 20 мянган
төгрөг олгохоор болсон билээ.

Categories
мэдээ улс-төр

ҮХЦ-ийн гишүүнийг нэг удаа улираана

Хууль зүйн
байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх
ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын
чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн
анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж
шийдвэрлэлээ. Хуулийн төсөлд Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 60-аар
хязгаарлаж, мөн зургаан жилийн хугацаатайгаар томилохоор заасан юм. Дээрх
асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү байнгын хорооноос ажлын хэсэг
байгуулж, бүлэг, эвсэл бүрээс төлөөлөл оруулж ажиллах ёстой гэж горимын санал
гаргасан ч олонхийн дэмжлэг хүлээсэнгүй. Харин Ц.Нямдорж гишүүн нарын гаргасан
Цэцийн гишүүнээр томилогдох насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд
заасан заалтаар жишиг болгоё гэсэн санал олонхийн дэмжлэг хүлээв. Ингэснээр
Үндсэн хуулийн цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 65 болгож өөрчиллөө. Мөн
төсөлд Цэцийн гишүүнийг нэг удаа улираан сонгохоор заасан учраас дээд тал нь 12
жилийн хугацаатай ажиллах боломжтой юм.

Categories
мэдээ улс-төр

2030 он хүртэл гурван үе шаттайгаар хөгжинө

УИХ-ын
даргад УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, гишүүн
С.Одонтуяа, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн
С.Дэмбэрэл нар өнөөдөр “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл
баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын
төрийн бодлого нь оновчтой, алсын хараатай, залгамж чанартай, уялдаа холбоо нь
хангагдсан, хууль тогтоомжид нийцсэн, стратегийн ач холбогдолтой байх нь зүйтэй
гэсэн үндэслэлээр “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл
баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг
боловсруулсан болохоо А.Бакей гишүүн танилцуулсан юм. Эх орондоо хүмүүнлэг,
иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийн заалтыг иш үндэс
болгон Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын
тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай,
нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, унаган
байгаль, экологийн тогтвортой байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан
засаглалтай улс болно хэмээн тус баримт бичгийн төсөлд тусгажээ.

Монгол Улс урт
хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2020, 2021-2025, 2026-2030
он гэсэн 3 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Тогтвортой хөгжлийн үзэл
баримтлал нь НҮБ-аас батлан гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл санаанд суурилсан
бөгөөд Монгол Улсын өөрийн онцлог, тулгамдаж байгаа асуудлуудтай нягт уялдаатай
байхаар тооцож боловсруулжээ. Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн
үзэл баримтлал нь 4 үндсэн бүлгийн хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлсэн.
Үүнд: Нэг. Эдийн засгийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, дэлхийн
зах зээлд Монголын органик бүтээгдэхүүний брэндийг бий болгож, экспортлох; аж
үйлдвэрийн салбарт түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингээсэн эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх; уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих таатай орчин бүрдүүлэх; Монголын
унаган байгалийн хосгүй газруудыг сурталчлах, аялал жуулчлалын төрөл, дэд
бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээг сайжруулан ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх;
эрчим хүч, түлш шатахууны хангамжийн дотоодын найдвартай эх үүсвэрийг бий
болгох, эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх; Хоёр. Нийгмийн тогтвортой хөгжлийн
хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн
эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн
боловсролыг дээшлүүлэх; иргэн бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгох, насан
туршийн боловсролын үндэсний тогтолцоог бүрдүүлэх; ядуурлын бүх төрлийг эцэс
болгох; хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилгүйдлийн түвшинг бууруулах; нийгмийн
дундаж давхаргын эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэх; Гурав. Байгаль, орчны
тогтвортой хөгжлийн хүрээнд усны нөөцийг хамгаалж, хомсдолоос сэргийлэх; эрүүл
ахуйн шаардлагад нийцсэн ундны усан хангамж, ариун цэврийн байгууламжийн
хүртээмжийг нэмэгдүүлэх; уур амьсгалын өөрчлөлтөд дасан 1зохицох үндэсний
чадавхийг бэхжүүлж, сөрөг нөлөөллийг сааруулах; байгаль орчинд ээлтэй дэвшилтэт
технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, хэрэглээнд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах;
цаг агаарын аюулт үзэгдэл, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх
тогтолцоог бэхжүүлэх; хот суурины ногоон байгууламжийн төлөвлөлтийг
боловсронгуй болгож, хог хаягдлын менежментийг сайжруулах; Дөрөв. Тогтвортой
хөгжлийн засаглалын хүрээнд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх
салбар, орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтийг хангах, хяналт
тавих хариуцлагатай, чадварлаг засаглалын бүтцийг бүрдүүлж, бэхжүүлэх; төр,
засгийн бүх шатны байгууллагын удирдлагын манлайллыг дээшлүүлэх, бүх нийтийн
оролцоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангасан ил тод, хариуцлагатай
засаглалыг үндэсний болон орон нутгийн түвшинд бүрдүүлэх; улс төрчид, төрийн
албан хаагчдын ёс зүйн талаарх хууль тогтоомж, дүрмийг чанд мөрдүүлэн, бүх
хэлбэрийн авилга, хээл хахуулийг устгах; тогтвортой хөгжлийн зорилтуудад
чиглэсэн олон улсын хамтын ажиллагаанд идэвхитэй оролцох зэрэг зорилтыг тус тус
хэрэгжүүлэхээр тодорхойлсон байна.

Categories
мэдээ улс-төр

Төрийн өмчийн хороог татан буулгана

Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төрийн өмчийн хороог татан буулгах ажлын хэсэг байгуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.

Төрийн өмчийн хорооны эрхэлж байсан чиг үүрэг Сангийн яаманд шилжсэн боловч ажиллах орон тоо, төсөв нь батлагдаагүй, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байгааг харгалзан Төрийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Төрийн өмчийн хороог татан буулгах, чиг үүргийг шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн яам, Хууль зүйн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн хороо, Архивын ерөнхий газрын бүрэлдэхүүнтэйгээр байгуулах, Төрийн өмчийн хороог татан буулгах ажлын хэсгийн удирдамжийг баталж, ажлын явцад хяналт тавих болон Төрийн өмчийн хороог татан буулгах, төрийн өмчийн хувьчлал, дуудлагын худалдаа, төрийн өмчийн төлөөлөл, төрийн өмчийн бүртгэл, тооллого зэрэг асуудлыг хариуцсан зарим ажилтныг чиг үүргийн дагуу Сангийн яаманд шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж дүнг ирэх сарын 15-ны дотор танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод даалгалаа.

Мөн Төрийн өмчийн хорооны чиг үүрэг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан чиг үүргийг тасралтгүй, давхардалгүй, хийдэл гаргалгүй зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болорт үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрийг баталлаа

Хотжилт ба
эрүүл мэнд хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг улсын эдийн
засаг, нийгмийн үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн
жил бүрийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах
замаар санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайд, аймаг,
нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн
удирдлага, зохион байгуулалтаар хангаж, явцыг жил бүрийн I улиралд багтаан
Засгийн газарт тайлагнаж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Хотжилтод
хамгийн их өртөж байгаа Улаанбаатар хотын хувьд жил бүр 18-20 төрлийн халдварт
өвчин бүртгэгдэж, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 50-54 хувийг
Улаанбаатар хотын өвчлөл эзэлж, зонхилон тохиолдох халдварт өвчнөөс халдварт
шар, цусан суулга, хоолны хордлогот халдвар, сүрьеэ өвчний тархалт буурахгүй,
нийт өвчлөлийн 40 гаруй хувийг эзэлж байна. Үндэсний хөтөлбөр батлагдсанаар
хот, суурин газрын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах
нөхцөлийг бүх талаар сайжруулахын тулд аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлэх нь
үр дүнтэй, хариу арга хэмжээ болно гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв” байгуулна

“Хүүхэд
залуучуудын чөлөөт цагийн төв”-ийг дэлхийн жишигтэй нийцүүлэн хоккей, уран
гулгалт, кёрлинг, тэшүүр, шорт трек, гүйлтийн тэшүүр гэсэн өвлийн олимпийн
төрөлд багтдаг спортын секц дугуйлан хичээллэх, тэмцээн уралдаан явуулах,
нийтийн чөлөөт гулгалт хийх боломжтой, жилийн дөрвөн улиралд ажилладаг, мөсөн
гулгуурын талбай бүхий амралт, чөлөөт цагийн цогцолбор төв байгуулахаар
төлөвлөж байна. Энэхүү төслийг концессын зураг төсөл
боловсруулах-барих-шилжүүлэх төрлөөр хийж гүйцэтгэхээр Төрийн өмчийн концессын
зүйлийн жагсаалтад нэмэхээр Засгийн газрын хуралдаанаар тогтжээ.

Categories
мэдээ нийгэм

Түлэгдсэн аав, охин хоёрын биеийн байдал хүнд байна

Баянхонгор
аймгийн Шаргалжуут суманд айлын гэр шатсаны улмаас гэрт байсан 2 хүн түлэгдсэн
хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын малчин Д.Дамирангийн гэрийн зуух дэлбэрч
улмаар гал гарч гэр шатаж, гэрт унтаж байсан зургаан настай охин аавын хамт
түлэгджээ. Аав Д.Дамиран нь түлэгдсэн охиноо гэрээс гаргаж эмнэлэгт хүргэхээр
гурван километр тэвэрч алхсан байна. Одоогоор тэд Баянхонгор аймгийн нэгдсэн
эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Охины бие 80 хувийн түлэгдэлттэй,
аавын бие түлэгдэлттэйгээс гадна хүйтэнд хайрагдсан байдалтай байгаа аж.
Өвчтөнүүдийн биеийн байдал хүнд байгааг эх сурвалж мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн энэ оны хэмжээг тогтоов

Засгийн
газрын хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан ажилтны сард
төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс,
түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2, ажилтан 2 хувь байхаар
тогтлоо. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн
суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн
хэмжээг 1920 төгрөг, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн,
харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн
халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ
хоёр нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ
албан хаагч, ял эдэлж буй ялтан, энэ хуульд заасан иргэний эрүүл мэндийн
даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 3840 төгрөгөөр тогтоолоо. Эрүүл мэндийн
даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хууль,
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны Хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолд нийцүүлэн Эрүүл мэндийн
даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоолоо. Нийгмийн даатгалын сангаас
2016 оны төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 308,3
тэрбум төгрөгөөр баталсан нь 2015 оны батлагдсан төсвөөс 57,6 тэрбум төгрөг
буюу 22,9 хувиар нэмэгдсэн байна.

Categories
мэдээ спорт

“Реал”Мадрид ахлах дасгалжуулагчаа халж Зиданыг томиллоо

Энэ жил Европын шилдэг хөлбөмбөгийн багуудын удирдлагууд нилээн шилжилт хөдөлгөөн ихтэй байх төлөвтэй байна. Он солигдоод хамгийн түрүүнд Испанийн “Реал” баг ахлах дасгалжуулагч Рафаэль Бенитесийгээ халж оронд нь тус багийн залуучуудыг дасгалжуулж байсан нэгэн цагийн алдарт од Зинедин Зиданыг томиллоо. “Реал” Мадрид одоо Испанийн Ла Лигт гуравдугаар байранд бичигдэж байгаа бөгөөд хамгийн сүүлд “Валенси”-тай 2:2-оор тэнцсэн нь багийн эздийн хилэнг хүргэсэн бололтой.

Б.ХУЛАН