Categories
мэдээ цаг-үе

Монгол хүнд нэг өдөрт балга сүү оногдож байна гэвэл итгэх үү?!

-ДЭМБ-аас тогтоо­сон зохист хэмжээгээр хүн өдөрт 200 грамм сүү хэрэглэх ёстой бол нэг монгол хүнд өнөөдөр 40 грамм сүү ногдож байна. Тэгвэл сүүг өдөр тутмын өргөн хэрэглээний бү­тээгдэхүүн болгох арга зам бий юү гэх асуултад та ямар хариулт өгч ча­дах бол?-

Өнөөдөр нэг мон­гол хүнд өдөрт оног­дох сүүний хэмжээ Дэл­хийн эрүүл мэн­дийн байгууллагаас тогтоосон шаардагдах хэмжээнээс даруй 80 хувиар бага байна. Хүн өдөрт хамгийн багадаа үйлдвэрийн аргаар бо­ловсруулсан 200 гр сүү хэрэглэж баймааж ясны бүтэц, бэхжилтийг дэмжих, цусны эргэлтийг сайжруулахад чухал нөлөөтэй уураг, кальци, фосфор, витамин D зэрэг амин дэмийн хэрэгцээгээ шаардлагатай хэмжээнд нөхөх боломжтой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байгаа бол Монголд энэ хэмжээ дөнгөж 40 грамм байна. Энэ нь нэг хүнд балга хүрэхгүй сүү оногдож байна гэсэн үг юм. Сүүний хэрэглээ багассанаас үүдэлтэй шүдний өвчлөл, цооролт маш өндөр түвшинд хүрснийг ч энд онцлох ёстой байх.

Шүд цоорох өвч­лө­лөөс болж, хүний биед 100 гаруй өвчин үүсэх магадлалтай гэд­гийг шинжлэх ухаан тогтоо­сон. Тэгвэл Монголд 2014 оны байдлаар хүүх­дийн шүдний цоо­ролт, өвчлөл 6-8 настнуудын 84 хувийг, 9-12 настнуудын дунд 94 хувийг хамарч байна гэсэн тооцоог холбогдох байгууллагууд аргажээ.

Хөгжингүй орнуудын туршлагаас харахад хүн амын эрүүл мэндийг хам­гаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эм, эмнэлгийн бус аргаар буюу хоол, хүнсээр дам­жуулан хэрэгжүүлдэг юм байна. Үүний нэг хэсэг нь сүүний зохист хэрэглээний стандарт тогтоох, сүүний хэрэг­лээг уриалах, зах зээл дэх хангалт, нийлүү­лэлтийг дэмжих хөтөл­бөрүүд байдаг аж. АНУ-д л гэхэд хэдэн жи­лийн өмнө олны танил улстөрчид, Холливудын одод сүүний хэрэглээнд олон нийтийг уриалсан давалгаа өрнүүлж бай­лаа. Өнөөдөр АНУ-д 1-10 насны нэг хүүхэд өдөрт 1-3 аяга сүү, 11-18 насны хүүхэд 4-5 аяга 3.2-4.0 хувийн тослогтой сүүг тогтмол хэрэглэж заншсан гэх тооцоо байдаг.

Бидний өмнөд хөрш БНХАУ л гэхэд 1950-иад оноос сүүний хэрэглээг дэмжих ажлыг улс орны хэмжээнд хэрэгжүүлж, тэр үеэс дунд сургуулийн хүүх­дүүдэд өдөрт үнэгүй сүү өгч эхэлсэн туршлага байдаг. Саях­ныг хүртэл хятад хүнийг давжаа биетэй, шүд муутай гэж “оношилдог” байсан бол өнөөдөр энэ ойлголт эрс өөрчлөгджээ. Дээрх баримтуудаас харахад бид дэлхийн улс орнуудын дундажтай харьцуулахад сүүний хэрэглээгээрээ 80 хувиар доогуур үзүүлэлттэй, бодлогын хувьд 30-50 жилээр хоцорч яваа бололтой.

Сүүний найрлага зөвхөн ясны бэхжилтийг тэтгээд зогсохгүй хүний бие дэх хорт бодисыг гадагшлуулах, саармагжуулах үйлчилгээтэй. Улаанбаатар хотын 450 гаруй нам даралтын уурын зууханд жилд сая гаруй тонн нүүрс, гэр хорооллын 140 мянга гаруй айл өрх жилдээ 600 гаруй тонн нүүрс, 200 гаруй мянган шоо метр мод түлшиндээ хэрэглэдэг гэх тоон үзүүлэлт байдаг. Гэтэл ганцхан тонн нүүрс шатаахад арван хүний бүтэн жилийн турш амьсгалах хүчилтөрөгчийг устгадаг,

Энэ утгаараа өнөөдрийн Улаанбаатарын утаатай агаараар амьсгалж байгаа хэн боловч өдөрт зохист хэмжээгээр сүү ууж занших нь өөртөө туслах хамгийн зөв арга болох байх. Сүү бол тэр чигээрээ амин дэм, Фермент болон амино-хүчлийн комплекс. Тийм учраас ч бие организмыг дотроос нь цэвэрлэж өгдөг. Өөрөө хэлбэл хүний биед шингэсэн нүүрс хий, агаарын бохирдлын хүнд элементийг гадагшлуулдаг хүчтэй үйлчилгээтэй. Мөн бодисын солилцоог тогтворжуулж, дархлаа сайжруулдаг шидтэй.

Харин бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон зохист хэмжээнд сүүний хэрэглээгээ хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг Та ч бас бодож үзээрэй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон сүүний найрлага, агууламжийн стандартад бүрэн нийцсэн “Баярлалаа” сүү өнөөдрийн байдлаар зах зээл дэх хамгийн хямд сүү гэдгийг Та анзаарсан уу. Шинэхэн мэндэлсэн “Милко” компанийн бүтээгдэхүүн “Баярлалаа” сүү яагаад хамгийн хямд үнэтэйг компанийн удирдлагууд “Нийгмийн хариуцлага”-тай холбон тайлбарлаж буй юм. Сүүний хэрэглээг зөвхөн зах зээлийн утгаар ашиг талаас нь харах биш, сүүг өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болгох, ингэснээрээ хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулах нь “Баярлалаа” брэндийн үнэ цэнэ аж. Тийм ч учраас Эрүүл мэнд, спортын яам хүнсний аюулгүй байдлын хүрээнд дэмжин ажиллахаар болоод байна. Өргөн уудам бэлчээртэй, жаран сая гаруй толгой малтай монголчууд яагаад сүүний хэрэглээгээрээ сүүл мушгих ёстой гэж?!

Categories
мэдээ нийгэм

Мөсөн сийлбэрийн уралдаанд монголчууд тэргүүлжээ

Мөсөн сийлбэрийн арга хэмжээний дунд нэр хүндтэй Харбины мөсөн сийлбэрийн олон улсын наадамд манай залуус амжилттай оролцоод иржээ. Тус наадамд Монголын мөсөн сийлбэрчид эхний гурван байр болон шагналт байруудад жагсчээ.

Харбин мужид 32 дахь удаагаа зохиогдож буй уг наадам дөрөв хоног үргэлжилсэн байна. Наадмын үеэр урласан бүтээлүүдийг сарын турш үзэгчдийн хүртээл болгох аж.

Categories
мэдээ нийгэм

Шаардлага хангаагүй авто үйлчилгээний байгууллагуудыг хаажээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай авто зогсоол, авто засварын газар, авто үйлчилгээний байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн шалгалтыг өнгөрсөн сарын 4-30-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Шалгалтад нийт 148 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 774 зөрчил илрүүлж, 170 зөрчил буюу 21.9 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 30, мэдэгдэл 44, танилцуулга 2, ажиллагаа зогсоох тогтоол 7, дүгнэлт 17-г бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилласан байна.

Мөн шалгалтын явцад галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчсөн, галын аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй 7 газрыг Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг үндэслэн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулж, мэргэжлийн заавар зөвлөгөөг өгсөн байна. Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийг үндэслэн нийт 7 субъектыг нэг сая 230 мянган төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэргийн үүрэгтний бүртгэл өнөөдөр эхэллээ

Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл өнөөдөр эхэллээ. Бүртгэл энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана.

Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол хоёр хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08.30-19.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний цэргийн үүргээ биелүүлнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ хаясан эхийг олжээ

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-22-нд шилих шөнө орцонд ой гарантай охиноо хаяж явсан хэрэг гарсан нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн билээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ” тус дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах аравдугаар байрны орцонд хүүхэд орхисон байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, орцонд хүүхдээ хаяж явсан эхийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Харин охиныг эмнэлэгт хүргэн эмчлүүлсэн ч охины биеийн байдал тааруу байгаа юм.

Тэгвэл цагдаагийн албан хаагчид хүүхдээ хаяж явсан эхийг олжээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Д гэгч нь өөрийн ой долоон сартай охиныг орхиж явсан байжээ. Эхэд Эрүүгийн хуулийн тусгай 117.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тус зүйл ангид төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заажээ.

Categories
мэдээ нийгэм

Юанийн ханш унажээ

Хятадын хөрөнгийн зах зээлийн уналтыг дагаад юанийн ханш өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хамгийн доод хэмжээнд хүртэл уналаа.

Хятадын Ардын банк юанийн доллартай харьцуулсан ханшийг 6,5172 гэж албан ёсоор тогтоосны дараа, Шанхайн Spot зах зээлд үндэсний валют нь 6,5332 хүртэл буурчээ.

Гонконгийн арилжаа дээр таван жилийн хамгийн бага ханшаар долларт 6,6329 юанийг өгч байна. “Юанийн ханш буурч байгаад Төв банк тайван хандаж байгаа учир нь зах зээл өөрөө валютын ханшийг тогтооно” гэж BBVA банкны эдийн засагч Ся Лэ өгүүлэв.

Хятадын хөрөнгийн зах зээл оны эхний өдрийн арилжаагаар юанийн ханш огцом унасан юм. Хятадын аж үйлдвэрийн салбарт ажил хэргийн идэвх буурсан гэх мэдээ хэвлэгдсэн нь уг уналтыг үүсгэжээ. Нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн CSI дэх үнийн хэлбэлзэл 5% байгаа бол арилжааг 15 минутаар зогсоох, биржийн индекс 7%-иар унасан бол арилжааг маргааш хүртэл нь хаах журам үйлчилж байна.

Хятадын Ардын банк нь 4-ний уналтын дараа буюу өчигдөр санхүүгийн системд 130 тэрбум юанийг гаргав.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг бүлэг харгалзахгүй өгнө гэв

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн 2016 оны Төсвийн тухай хууль, УИХ-ын 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газраас Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Улмаар өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн юм.

Олон нийтийн зүгээс ч энэхүү асуудалд шүүмжлэлтэй хандаж байв. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч .Элбэгдорж хүүхдүүдийг ялгаварлахгүйгээр хүүхдийн мөнгө олгохоор болсон талаар мэдээллэв. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий Сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм” хэмээн цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

1967 оны зуд 140 гаруй хоног үргэлжилжээ

-2009, 2010 ОНЫ ЗУДААР УЛСЫН ХЭМЖЭЭНД 9.6 САЯ МАЛ ХОРОГДЖЭЭ-

Мичин жилийн зуд гэж ярьж бичих боллоо. Ажил муутай залхаг назгай хүмүүс, унхиагүй малчид л зуд турхнаас айдаг юм хэмээн Монгол Улсын гавьяат багш доктор, профессор Ш.Цэрэнпунцаг хэлж байна. Тэрээр манай редакцид зудын талаар бичиж ирүүлж байсан нийтэлж байна.

2009, 2010 оны зуднаар улсын хэмжээнд 9.6 сая мал хорогджээ. Налгар намар хэдэн сараар үргэлжлэх юм шиг хахир өвөл, хатуу зудыг таг мартчихсан газар орон, малчид цөөнгүй байгаа тухай телевизийн нэвтрүүлгийг хараад өөрийн эрхгүй л даанч дээ гэх бодол орж ирэх юм. Харин Дорнод, Говь-Сүмбэр аймгийн зарим сумын малчид өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангачихаад мичин жилийг өнтэй давахаар дор бүрнээ бэлтгэлээ базааж байгаа тухай МҮОНРТ-ийн сурвалжлагыг хараад сэтгэлд нэн өег санагдлаа. Дорнод аймаг энэ жил 1131 тонн өвс, 400 тонн тэжээл, 273 тонн гар тэжээл бэлтгэн базаажээ. Говьсүмбэр аймгийнхан бэлтгэсэн хадлан тэжээлээсээ илүү гарах 800-гаад тонныг бусад аймаг сумд руу зарах тухайгаа ярьж байх юм. Өвөл хаврын хатуу зуданд ингэж л бүх аймаг сумд эрвийх дэрвийхээрээ бэлтгэхсэн. Хадлан тэжээл бэлтгэх гэснээс манай залуус ямар ч залхуу, ажил хөдөлмөрт дургүй болоо вэ дээ. Дорнод аймгийн Халхгол сумын хадлангийн бригадын ахлагч П.Батсайхан гэх хүн мөн л телевизээр ярьж байх юм. Бас л даанч дээ гэж халаглаж үзлээ. Учир нь хадлангийн салаан дээр өдрийн 30000 төгрөг, сарын 900000 төгрөгөөр залуусыг ажиллуулах гээд чадаагүй тухайгаа ярилаа. Бүр өдрийн хоол, тамхи, ус, ундааных нь мөнгөнөөс гадна ямар ч татваргүй 900000-ыг өгье гэхэд ажиллах хүн олдохгүй байна гэнэ. Бид чинь хүүхэд, залуусаа яаж хүмүүжүүлээд байна даа. Ингээд зудын талаар товч сануулъя:

Малыг өвөлжүүлж хаваржуулах бэлтгэлийг сайн хангаж дулаан хашаа, байр, өвс, тэжээл, хужир, ус түлшээр бүрэн хангасан нөхцөлд зудын хор хөнөөл харьцангуй бага байх нь дамжиггүй.

ХАР ЗУД

Зун, намрын улиралд хур тунадас бага орж, гандуу байсан нутагт өвөл ч цас орохгүй байсаар бэлчээр хараар өвөлжихөд хүйтний эрч эрс чангаран бэлчээр, малын хэвтэр, бууц хайрах нь их болох байдлаар мал зутрахыг хэлнэ.

ЦАГААН ЗУД

Зун намрын улиралд хур тунадас орж бэлчээрийн гарц сайн байсан ч намрын сүүлч, өвөл, хаврын улиралд цас их орсноос үүдэн цасан бүрхүүл зузаан тогтож, түүний дор байгаа өвс, ургамлыг мал олж идэх аргагүй болохыг хэлнэ. Хэрэв цагаан зудтай үед богино хугацааны хүчтэй дулааралт болбол өвлийн улиралд цасан бүрхүүлийн гадаргуу мөстөж бүр ч хэцүүднэ.

ШУУРГАН ЗУД

Цас орох үеүдэд салхины хүч ширүүсч, цасан шуурга удаан хугацаагаар болох буюу үе үе хүчтэй үргэлжлэхийг хэлнэ. Шуурган зудны үед мал уруудах, осгох, цасан хунгарт дарагдаж үхэхээр барахгүй малчдын амь нас сүйдэхэд ч хүргэдэг аюултай.

ХҮЙТЭН ЗУД

Агаарын хэм өвөлд цельсийн -40 хэмээс дээш хэмжээгээр маш их хүйтэрч олон хоног үргэлжлэхийг хэлнэ. Хүйтэн зуданд мал өвчин эмгэг тусах, хээл хаях, осгож үхэх, бэлчээрээс тэжээл ашиглаж чадахгүй эрс турах зэрэг хүндрэлд ордог. Өөрөөр хэлбэл мал бэлчээрт гарч чадахгүй болдог.

ХАВСАРГАН ЗУД

Дээр дурдсан дөрвөн төрлийн зудын хоёроос гурав нь буюу бүгдээрээ давхцан хавсарч тохиолдохыг хэлнэ. Манай улсын 18 аймгаас 1943-1945 онуудад 11 аймаг ийм зуданд нэрвэгдэж байжээ. 1943 онд 589.9 мянга, 1944 онд 538.6 мянга, 1945 онд 3031.9 сая толгой мал зудаар үхэж байжээ. Үүнээс зөвхөн 1945 онд улсын хэмжээгээр зудаар үхсэн малын толгойн тоо урьдах хоёр жилийнхээс бараг зургаа дахин ихэссэн байна. Зөвхөн Завхан, Өвөрхангай, Төв, Говь-Алтай, Дундговь, Баянхонгор, Сүхбаатар зэрэг долоон аймагт 2.177.8 мянган толгой мал зудаар үхсэн бөгөөд улсын хэмжээнд өмнөх жилүүдийнхээс дөрөв дахин их байжээ. Зуданд их нэрвэгдсэн дөрвөн аймгийн Төв, Завхан аймгаас бусад нь бүхэлдээ говийн бүсийнх байжээ. Энэ бүсэд малын хашаа саравч бэлтгэсэн тэжээл юу ч байхгүй байж. 1941-1942 онуудад эдгээр нутагт маш их ган болжээ. Зуднаас учруулсан эдийн засгийн хохирлыг Ховд аймагт тохиолдож байсан зудаар төлөөлүүлэн толилуулъя.

ХОВД АЙМАГТ ТОХИОЛДОЖ БАЙСАН ЗУДЫН СУРГАМЖ

1944-1945 оны мичин жилийн зуд тус аймгийн бүх нутаг дэвсгэрийг хамарчээ. 1944 оны зун, намар улаан ган болсон учир Мөст, Цэцэг, Манхан сумын нутагт тарвага, цагаан зээр олон тоогоор харангадан үхэж байсны дээр арваннэгдүгээр сараас эхлэн олон дахин цасан шуурга тавьж хүйтний эрч асар их нэмэгдсэнээс олон мал хорогдож, малчдаас амь насаа алдах явдал ч гарчээ. 1967 онд тохиолдсон улаан морин жилийн зуднаар хүйтний эрч өдөрт -30-37 хэм, шөнөдөө -37-42 хэм хүрч байсан байна.

Ийм байдлаар 1967 оны арваннэгдүгээр сарын 5-наас 1968 оны гуравдугаар сарын 20 хүртэл 140 хоног үргэлжилсний дотор Дарви, Чандмань, Зэрэг, Манхан, Мөст, Мөнххайрхан, Мянгад суманд их, бага хэмжээний цас 28 удаа орж 14-20 м/сек хурдтай, 1-3 өдөр үргэлжилсэн цасан шуурга 15 удаа тохиожээ. 1967-1968 оны их зудад тус аймгийн нийт нутгийн 51.2 хувь, малын 66 хувь буюу долоон сум, мал аж ахуйн 41 бригад (хуучин нэрээр) хамрагдаж 220 гаруй мянган том мал, 150 мянган төл хорогдож, зөвхөн тээвэр, өвс тэжээл, нэмэгдэл ажиллах хүчний зардалд 9.5 сая төгрөг зарцуулжээ. Энэ нь тэр үеийн мөнгөний ханшаар 10 жилийн есөн дунд сургуулийн иж бүрэн барилга барих хэмжээний хөрөнгө байжээ. 1975 оны нэгдүгээр сард Алтайн цаадах гурван сумаас Алтай, Булган, Үенч бусад сумдын нутгаар их хэмжээний цас унаж цагаан зуд болж тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилж, 11.8 сая төгрөгийн илүү зардал гаргажээ. Энэ зуднаар аймгийн хэмжээгээр 180-аад мянган том мал 120 гаруй мянган төл хорогдож, малын өсөлтөд ноцтой бэрхшээл учруулж байжээ. Энэ зуд ОХУ-ын Байгалийн тойргийн цэргийн байлдааны зориулалтын том онгоцууд Мөст, Цэцэг, Дарви сумдад Улаанбаатараас өвс тэжээл шууд буулгаж байжээ. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд 2009, 2010 оны зуднаар хамгийн их буюу 9,6 сая мал хорогдсон байна.

Зуд иймэрхүү аюул хөнөөлтэй байгалийн ноцтой гамшиг юм.

ЗУДААС СЭРГИЙЛЭХ АРГА

Зудаас урьдчилан сэргийлэхийн тулд манай малчид,

1. Зун, намрын улиралд малаа отроор дээд зэргийн тарга хүч авахуулдаг.

2. Ах дүү, айл, саахалтаараа өвс, тэжээл, хужир, давс, түлш, хөх бууц нөөцөлдөг.

3. Бэлчээрийг алсын ойрын нөмөр нөөц гэж маш нарийн хуваарьтай ашигладаг.

4. Гар тэжээлийг төрөл бүрээр бэлтгэж ядарч доройтсон малаа тордож тэжээж тэнхрүүлдэг.

5. Малчин өрхийн хүн бүр дулаан дээл, гутал, малгай зэрэг хувцсаа базааж бэлтгэдэг.

6. Ахмад малчид маань өвөл, хаврын улиралд хэрэглэх хоолны гурилаа хүртэл хэрчиж, махаа хөшиглөн, боов боорцгоо их хэмжээгээр хийж тусгай уут саванд хадгалж хэрэглэдэг байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэвийн боов үзмэр төдий болж хувирах вий

Багадаа цагаан сараар бэмбий нухах ажилд дайчлагддаг сан. Хожим бууз чимхэх, хэвийн боов хийх нүсэр ажлаас түвэгшээх болсон ч эргээд бодоход энэ бүхэн гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг чухал зүйл байж дээ.

Багачууд бид цагаан сарыг хоног тоолон хүлээдэг сэн. Олуулаа бууз чимхэж, бэмбий нухаж инээж хөхөрч байсан нь цагаан сарын тухай гэгээн дурсамж болон үлджээ. Өвөө маань ханцуй шамлан, ул боов хийх ажилдаа ордог.

Хүүхдүүд чадлаараа бэмбий нухна. Нухах тутам цагаан сарын боов амттай, өнгө зүс сайтай болно гэж өвөө хэлдэг сэн. Хэвийн боов тосонд чанах үеэр үүд онголзуулж гүйгээд байвал боовон дээр цэврүү үсэрдэг гэж томчууд захина. Өвөөгийн маань хэвлэж, сэтгэлээ шингээж хийсэн хэвийн боов тун ч амттай. Цагаан сарын дараа хэвийн боовон дээр сүүтэй цай хийж идэх сайхан. Гэтэл одоо хэвийн боовыг амтархан иддэг хүн хэр их бол. Өнгөрсөн цагаан сарын дараа хэвийн боовыг ихээр хаясан тухай мэдээлэл интернэтээр тэнэсэн. Гар урлалын бүтээгдэхүүн улам бүр үнэд орж байгаа дэлхийд хэвийн боов маань улам бүр “үйлдвэр”-ийнх болж, биднээс алсарсаар байгаа мэт санагдана. Үйлдвэрт тэр бүр “өндөр ээжийн сэтгэл шингээж” чадаа ч уу. Гэсэн ч орчин үед айл бүр гэртээ хэвийн боов хийх аргагүй.

Харин цагаан сараас бүтэн сарын өмнө худалдаанд гардаг хэвийн боов хүнс гэхээсээ үзмэр мэт сэтгэгдэл төрүүлнэ. Сар хадгалж болдог л юм байх даа. Тэгээд ч монголчуудын дунд жингийн илүүдэл асуудал болоод байгаа. Ийм үед их хэмжээний гурил, тос идэх сонирхол багассан байлгүй. Улам бүр өөрчлөгдсөөр байгаа хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг үйлдвэрлэгчид хэр анзаардаг бол. Уламжлалт хэвийн боовноос гадна эрүүл хооллох дуртай хэсэгт зориулсан шинэ бүтээгдэхүүн ч илүүдэхгүй дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Дипломат ёс По-Монгольски” нийтлэл хэвлэгдлээ

Pizza Hut-ийн хүргэгч Б.Баяржаргалын сонирхолтой ярилцлага “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарын нэг, зургадугаар нүүрт гарлаа. Тэрээр шинэ жилийн баяраар айлын хаалга андуурч нялх биетэй бүсгүйг горьдоочихжээ. Ингээд буцаж ирээд бүсгүйн горьдоог гаргах гэж эхлээд гамбир гээд хоосон цаасаар хуурчихаж. Харин дараа нь пиццагаа өгсөн гэнэ. Хүргэгч залуу Б.Баяржаргалын энэхүү сонирхолтой ярилцлагыг өнөөдрийн дугаараас хүлээн авна уу.

Мөн УИХ-ын гишүүн А.Бакейн ярилцлага манай өнөөдрийн дугаарт хэвлэгдэв. Тэрбээр Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр болоод Намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн талаар ярилаа. Түүний ярилцлагыг хоёрдугаар нүүрээр тольдоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн үзэл санааны том талбар болдог гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Дипломат ёс По-Монгольски” нийтлэл хэвлэгдлээ.

Жолоочийн зөрчлийн 10 оноо гэж юу вэ, хэрэв зөрчил гаргавал яах вэ гээд олон асуултын хариуг хүргэхээр Замын цагдаагийн газрын хэлтсийн дарга Э.Бөхбатаас ярилцлага авч хүргэж байна. Тэрээр “Иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад энэ систем чухал нөлөөтэй” хэмээв. Нэг, 11 дүгээр нүүрт түүний ярилцлагыг нийтэллээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулууны ярилцлага нэг, дөрөвдүгээр нүүрт гарлаа. Тэрээр “Хотын амьдрал улс төр хэрэггүй, тэнд сайн менежер хэрэгтэй” гэв.

Өнөөдрийн дугаарын нэг онцлох ёстой ярилцлага долдугаар нүүрт хэвлэгдэв. Улсын заан Ц.Баярсайханы холбогдоод буй хэргийн тухайд Монголын бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан, улсын заан Д.Мягмар нар “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн юм. Тэд хууль хүнийг хамгаалах гэж гардаг байтал Ц.Баярсайхан зааны холбогдоод буй хэрэг дээр арай хатуудсан байна. Аливаа зүйлд хэм хэмжээ гэж байдаг. Хохирлыг барагдуулсан байтал ийм шийдвэр гарсан нь хэтийдсэн байна хэмээн байр сууриа илэрхийллээ.

Монголчуудын аз жаргал, итгэл найдварын индексийг гаргажээ. Энэ сонирхолтой судалгааг хийсэн MMCG компанийн захирал Д.Амгаланбаатарын ярилцлагыг 12 дугаар нүүрээс уншаарай. Судалгаагаар дэлхий нийтэд аз жаргалын индекс дөрвөн хувиар буурсан байхад Монголд 15 хувиар өсчээ.

“Монгол кино” нэгтгэлийн дарга Ж.Солонгын ярилцлага 13 дугаар нүүрт гарлаа. Саяхан гавьяат цол хүртсэн эл эрхмийн уран бүтээлийн түүхийг хүүрнэсэн ярилцлагыг өнөөдрийн дугаараас заавал уншаарай.

Эдгээр онцлох ярилцлагуудаас гадна бусад цаг үеийн сурвалжлага, мэдээ мэдээлэл хуваарийн дагуу гарлаа.