Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

-Д.Дэмбэрэл: Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргахдаа Оюутолгойн гэрээг үндэс болгосон. Дубайн гэрээг нягталж үзсэн. Энэ гэрээг улс оронд хохиролтой байдлаар тусгасан. Бараг 1.5 тэрбум доллар буюу манай 34 хувийн хөрөнгөө төлчих хэмжээний хөрөнгө алдчихлаа гэж Сангийн яамны мэргэжилтнүүд хэлээд байна. ҮАБЗ, УИХ-ын шийдвэрийг зөрчлөө гээд байна. Энийг юу гэж үзэж байна вэ. ҮАБ-ын шийдвэр УИХ-ын шийдвэрүүд энэ гэрээг яваандаа 51 хувийг нөхнө гэж үзсэн. Энэ шийдвэрүүдийг таныг хүчингүй болгочихлоо гэж ойлгоод байгаа. Нөгөө талаар, Тавантолгойн асуудал яасан бэ. Үүнийг л явуулахын тулд хамтарсан засаг байгуулна гээд байсан. Энэ төсөл юу болсон бэ?

Ч.Сайханбилэг: 2009 онд хийсэн гэрээг хохиролтой болгосон байна гэдэг нэг тийм шугам сонгож авсан юм шиг байна. 51 хувь болгох боломж нээлттэй байгаа. “Тавантолгой” төслийг Засгийн газар зогсоогоогүй, ажил нь хэвийн үргэлжилж байгаа.

Д.Бямбасайхан: Ил уурхайг ашигласнаар 6 тэрбум долларын ашиг олох боломжтой байгаа. Гүний уурхайг ашигласнаар 47 тэрбумын үнэ цэнэтэй байгаа. Жилд 1.2 тэрбумын мөнгөн урсгал орж ирэх боломжтой юм.


О.Баасанхүү:100 сая долларын актыг 30 сая болгон буурууллаа. 100 сая доллар гэдэг чинь 200 тэрбум төгрөг шүү дээ. Та хэн нэгэнтэй компани байгуулж байгаад хөрөнгө оруулалтаа цаад тал нь гурав, дөрөв дахин нэмэгдүүллээ гэхэд таны хариуцлага ч нэмэгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Та өөрийнхөө компанид ингэж хандахгүй байсан биз дээ. Хууль зөрчсөн Засгийн газар огцрох ёстой гэдэг. Хууль зөрчсөн бол хууль зөрчсөн. Сайдад хариуцлага тооц гэж Л.Эрдэнэчимэг гишүүн бичиг явуулж байсныг санаж байна. Их хурлын дарга индэр дээрээс сайдаа хөөж явуул гэсэн. Та сайдаа явуулсан уу?

Ардчилсан намын дүгнэлт дотор нэг ч хууль өргөн барьдаггүй гэсэн гүтгэлэг явж байна. Би харин ч олон хууль батлуулсан хүн шүү. Хууль нэгдүгээрт юм уу, эрх мэдэл нэгдүгээрт юм уу? Оюутолгойн гэрээний алдааг засахгүй бол яагаад “Шударга ёс” эвсэлтэй хамтраад байгаа юм бэ.

Б.Бямбасайхан:Татварын ерөнхий газар шалгалт хийгээд 130 сая долларын акт тавиад маргаан таслах зөвлөл дээр очсон. Маргаан таслах зөвлөл буюу татварын шүүх маань 30 сая доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан.

Ч.Сайханбилэг:Татварын нэг байцаагч акт тавиад тэр нь эцсийн шийдвэр болчихдог зүйл хаана ч байхгүй. Татварын акт тавина. Түүнийг нь татварын маргаан зөвлөх хянана. Хамгийн эхний гаргасан шийдвэрийг хамгийн эцсийн шийдвэр гэж ойлгож болохгүй шүү дээ. Танд энэ талаар мянга тайлбарласан. Үүнийг ойлгохгүй улс төр хийгээд байвал яаж ойлгуулахаа мэдэхгүй байна. Хууль санаачлах асуудал Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоогүй. Үүнийгээ тойрог байдаг бол тэндээ очиж ярь. Эсвэл доторх юмаа эвсэл дотроо ярь.


-Ө.Энхтүвшин: Засгийн газрын асуудлыг сэтгэлийн хөдөлгөөнгүй ярих ёстой л доо. Монгол Улс Оюутолгойн ноогдол ашгийг 2030 он хүртэл авахгүй болчихлоо гэж ярьж байна. Үүнд тодорхой хариулт өгөөч.

Д.Бямбасайхан: Өнгөрсөн тавдугаар сард зурагдсан төлөвлөгөөн дээр нийт 47 тэрбум ам.доллар гэж тооцсон. НӨАТ, гаалийн татвар нь 9.6, суутгал 2.8 ноогдол ашгийн татвар 8 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 14.5 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн урсгалыг Монголын тал авна гэж тооцсон.

Гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулган цаг сунган хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм. Тэгвэл энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байна.

Чуулганы хуралдаан цаг сунган хуралдаж байгаа юм. Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей танилцууллаа. Хуралдаанд 72 гишүүн оролцож байна.

Categories
мэдээ улс-төр

Дунд суудлын хуралдаан зарлав

2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хуралдах Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтаар нотариат, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээнд хамааруулсан нь Үндсэн хуульд заасан иргэний хууль зүйн туслалцаа авах эрх болон төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах тухай заалт, түүнчлэн холбогдох бусад заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнгүй

Г.Уянга нарын нэр бүхий 19 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сая хэлэлцлээ.

Байнгын хорооны 19 гишүүний 52 хувь нь татгалзсанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжсэнгүй.

Categories
энтертаймент-ертөнц

Тайра Банкс ээж болжээ

Супер модель Тайра Банкс тээгч эхийн туслалцаатайгаар хүүтэй болжээ. Тайра Банкс Норвегийн гэрэл зурагчин Эрик Асла нар хүүгээ Йорк Банкс Асла хэмээн нэрлэсэн байна. Өдгөө 42 настай Тайра Банкс өмнө нь хүүхэд олохын тулд олон удаа хичээсэн ч бүтээгүй аж. Харин нөхрийнх нь хувьд өмнөх эхнэрээсээ хоёр охинтой юм байна. Хосууд хоёр жилийн өмнөөс хамт амьдарсан юм.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг: МАН-ынхан улс орноороо тоглохоо боливол яасан юм бэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж байгаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “МАН-ын 13 больё. Манай МАН бол бууртай суурьтай нам шүү. Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьчихаад хамаг дэлхийн юм хамж шимээд яриад байх юм. УИХ-ын чуулган дээр та нар улстөржүүлээд, хэрэгтэй хэрэггүй баахан юм ярина. Энэ чинь зүгээр л шоу болоод байна. Засгийн газар хийсэн ажлаа зөв гэдгээ цаашдаа баталж, нотлоод яв. Энд хэдэн тоо яриад яах юм бэ. МАН-ынхан, М.Энхболд дарга аа, одоо больё.

урван жилд та нар Засгийн газрыг гурван удаа бужигнууллаа. Болиоч, хэрэггүй шүү дээ. Улс орноороо тоглохоо боливол яасан юм бэ. Зургадугаар сард сонгууль болох гэж байна. Намайг огцруулаад санаа сэтгэл чинь амарсан байх. Дараа нь Засагт орно гэж зүтгэсэн. Долоо, найман сар Ч.Сайханбилэгтэй хүзүү сээрээрээ холбогдож, тэврэлдэж явсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар жил ажиллаж байгаагийн долоо, найман сард нь та нар хүзүү сээрээрээ тэврэлдэж хамт явсан биз дээ. Гарангуутаа учир утгагүй асуудлаар огцруулна гэж ярихаа боль. Энэ утгагүй улстөржилтөөс чинь болж ард түмэнд хор хохирол учирч байна. Энэ тоглоомоо больё. Та нар жүжиглэдгээ л болчих л доо. Та нар тийм сүрхий юм бол яах гэж засагт орж долоо, найман сар бүтээн байгуулалт саатуулсан юм бэ. Монгол Улсын хувь заяа, ард түмнээр тоглохоо боль” гэв.

Categories
мэдээ улс-төр

Улстөржиж, гацааж нураахаа больчихвол эдийн засаг өснө

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ удаа байнгын хороо 100 хувийн ирцтэй хуралдаж байгаа юм.

Г.Уянга нарын өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд Дубайд зурагдсан Оюутолгойн санхүүжилтийн төлөвлөгөө нь Монголд ногдох ашгийг алсруулсан, үүний төлөө Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж буйгаа дурдсан.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга нар асуулт тавьсан юм. Тухайлбал,

О.Баасанхүү гишүүн: Оюутолгойн зардлын хэтрэлтийг шалгах ажлын хэсэг ажилласан. Тэгээд зөрчил илрүүлсэн. Энэ зөрчлийн дүн хэд вэ, Ерөнхий сайд та энэ дүнг хүчингүй болгох эрхтэй юу. 2-рт, Ерөнхий сайд та анх томилогдохдоо эдийн засгаа сэргээнэ, ханшийг тогтворжуулж буулгана гэсэн. Энэ ажил чинь юу болсон юм бэ. Эдийн засаг чинь хэзээ сэргэх юм бэ гэж асуув.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: О.Баасанхүү гишүүн та улстөржиж гацааж нураахаа больчихвол эдийн засаг өснө гэж байв.

“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболд “Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардлыг хянахаар 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсэг 1.4 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн. Гэхдээ тэдний дотор хөрөнгө оруулалтын гэрээ, тогтворжуулалтын гэрээнд заасан зүйлүүдийг ойлгоогүй хүмүүс байсан учраас зөрчлийн тоо ингэж гарсан. Анхан шатны бүртгэл материал тэр бүгдийгээ дахин үзэж нягталснаар хөрөнгө оруулалтын зардал 30 гаруй сая ам.доллараар хэтэрсэн гэх дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг Сангийн яамны дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөр хянан баталгаажуулсны үндсэн дээр хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хэтэрсэн зардлыг нь хөрөнгө оруулалтын зардал биш гэж үзэх үндэслэл байхгүй” гэсэн хариулт өгсөн юм.

Гишүүн Н.Алтанхуяг:Ч.Сайханбилэг та хариуцлагаа хүлээ. Монголын төрд зөв жишиг тогтооё гэж байв.

Гишүүд асуулт асууж дуусаад, байнгын хорооны 19 гишүүнээс 14 нь үг хэлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймаг түмэн тэмээтэй болжээ

Баянхонгор аймаг түмэн тэмээтэй болсноо зарлаж, сумдынхаа тэмээчдийн дунд тэмцээн наадгай зохион байгуулжээ. Тэмээн сүргийнхээ тоогоор аймагтаа тэргүүлсэн Богд, Баянлиг сумын тэмээчид тэмцээнийг хошуучилж, түрүү магнайны эзэд болцгоожээ. Тэмцээний үеэр тэмээн сүргийн тоо толгойн урамшууллыг бий болгох асуудал яригдаж, ирэх 2017 оноос ботгонд урамшуулал өгөхөөр болжээ. Дашрамд өгүүлэхэд, Өмнөговь аймгийнхан хаврын дунд сарын шинийн 8-ны өлзий дэмбэрэлтэй өдөр уламжлалт тэмээн поло тэмцээнээ зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах асуудлыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.01.28/ хуралдаан 14 цаг 54 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах асуудлыг зөвшилцөв

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Зарим элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг зөвшилцөв. Энэ талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганхуяг, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүрэнгийн Цоггэрэл, Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зэнээмядарын Батбаяр, Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Жамбалдорж нарыг тус тус томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлжээ. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буй эдгээр албан хаагчид нь мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй тул улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой хэмээн үзсэн байна.

Мөн энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар нарыг эгүүлэн татах саналаа илэрхийлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гарсангүй. Ингээд Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын санал авсан юм. Мөн үүнтэй холбогдуулан зарим Элчин сайд нарыг эгүүлэн татахыг санал хураалтад оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив. Иймээс уг асуудлыг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Зарим улстай дипломат харилцаа тогтоох тогтоолын төслийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулав.

Манай улс 181 улстай дипломат харилцаатай ажилладаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын үзэл санаа болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг хэрэгжүүлэх үүднээс НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй 45 улсад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн монголын талын сонирхлыг албан ёсоор Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан удаа дараа уламжилж, одоогоор 32 улстай нь дипломат харилцаа тогтоогоод байгаа аж.

Харин энэ удаад Бүгд Найрамдах Габон Улс, Сент Люси Улс, Бүгд Найрамдах Нигер Улс, Бүгд Найрамдах Камерун Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс гэсэн 5 улстай дипломат харилцаа тогтоох саналыг Токио дахь Элчин сайдын яам болон Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан зөвшөөрч хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байгаа. Иймээс дээрх 5 улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг Засгийн газар энэ оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн талаар Гадаад хэргийн сайд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Ингээд эдгээр 5 улстай дипломат харилцаа тогтоох тухай санал хураалтыг улс тус бүрээр явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Дараа нь нууцын зэрэглэлтэй асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж эхлэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхлээд байна. Хуралдаанаар Г.Уянга нарын 19 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо 19 гишүүнтэй. Гишүүд бүгд хуралдаандаа суухаар ирэв.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тус хороо өнгөрсөн долоо хоногт хуралдах байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм.