Categories
мэдээ цаг-үе

Х.Баасансүрэн: Шунал байгаа цагт та хэзээ ч баян болж чадахгүй

Байсгээд л алга ташилт
нижигнэсэн лекц өнгөрсөн баасан гаригт “UB palace”-ийн концертын танхимд
боллоо. Эрдэнэ зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэнгийн “Зүрхийг тань дайлъя”
лекцийг “Соёлоор гийгүүлэхүй” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан юм.
Түүний лекцийг тоймлон хүргэе.

Бусдын сайн сайхнаас баяр
баясгаланг амталж сурвал хэзээд өөрийн тань жаргал дундрахгүй энэ хойтдоо
цэнгэх болно гэсэн сайхан сургаал бий. Хэрвээ та бусдаас сайн сайхныг нь л олж
харж чадаад байгаа бол аз жаргалтай байна гэсэн үг. Эсрэгээрээ бусдыг шүүмжилж,
улыг нь шагайж, муу муухайг ярьж яваа бол та аз жаргалгүй нэгэн болчихож.
Адгийн муу, хамгийн дургүй хүнд чинь хүртэл сайхан чанар байдаг. Таны хамгийн
дургүй хүн өөр хэн нэг хүний хамгийн сайн хүн байдаг. Шүүмжлэлээр аливааг
засдаг нь үнэн ч шүүмжилсээр эцэст нь өөрөө зовдгийг би ойлгосон. Нэг атеист
хүн байж л дээ. Бүхнийг үгүйсгэнэ, бурханыг хүртэл. Нэг удаа шавь нар нь гэрт
нь иртэл өнөө эсэргүүцэгч маань бурханы сургаалуудыг дэлгэчихсэн уншиж сууж.
Шавь нар нь ч тэсэлгүй “Та эсэргүүцээд байсан сургаалаа өөрөө уншдаг л юм
байна” гэсэн чинь “Байз байз алдаа хайж байна” гэсэн гэдэг. Алдаа хайвал юунаас
ч олж болно. Хорвоо дээр төгс хүн гэж үгүй. Та өөрөө төгс хүн мөн үү? Та өөрөө
төгс биш хэрнээ төгс хүнийг хайгаад, аливааг төгс болгох гээд байгаа юм биш
биз? Алдаа байж оноо ирдэг. Оноотой талыг нь олж хараад байх тусам алдаа
багасдаг.

Хол байхаар санаад болохгүй,
хамт байхаар хэрэлдээд салахгүй, ааш нь олдохгүй энэ сэтгэл амар тайван байлгах
нь үгүй ээ гэсэн үг бий. Хамаг гол зүйл сэтгэлд байгаа юм. Амьдрал дүүжин
даажин шиг савлагаатай. Энэ савлагаа их байх тусам бид зовдог. Дуртай нэг
үлгэрээ ярья. Хятадад нэг ухаантай өвгөн амьдардаг байж. Хоёр морьтой, нэг
хүүтэй, газар тариалан эрхэлж амьдардаг байжээ. Нэг удаа хоёр морь нь алга
болчихож. Хөршүүд нь өвгөн дээр ирээд “Танд ямар их гай зовлон тохиов оо,
хөрөнгө болсон морьд чинь алга болчихжээ, газраа яаж хагална аа” гэж л дээ.
Өвгөн “Магадгүй л юм” гэж. Маргааш нь өнөө хоёр морь нь найман морь дагуулаад
ирдэг байгаа. Хөршүүд нь баярлаад азтайг нь гайхаж бөөн үг хэлж. Өвгөн мөн л
“Магадгүй л юм” гэж. Хэд хоногийн дараа ганц хүү нь дагуулж ирсэн морийг нь
унаж яваад хөлөө хугалчихаж. Хөршүүд өвгөний азгүйг гайхахад өнөө л тайван
янзаараа “Магадгүй л юм” гэжээ. Дараахан нь дайн дэгдэхэд хөлд нь хугарсан хүү
гэртээ үлджээ. Хөршүүд нь азтайг нь гайхахад өвгөн өнөө л үгээ хэлсэн гэдэг.
Амьдралд чамд өчнөөн зүйл тохиолдоно. Магадгүй зовлон гэж бодож байгаа зүйл
чинь маш том зовлонд унахаас аварсан хэрэг ч байж мэднэ. Бид өвгөний хөршүүд
шиг тохиолдол бүрд зовж жаргалаа гэж савлаад яваа. Тохиолдол бүрт тайван
хандаад байвал идэвхгүй болчихно шүү дээ гэж болгоомжилж магадгүй. Амьдралыг
даван туулахын тухайд аль чадлаараа хичээх хэрэгтэй. Үнэхээр таныхаар болохгүй
байгаа бол сэтгэлээ тайван байлга, хүлээн авч сур гээд байгаа хэрэг л дээ.

Байхгүй зүйлээрээ дутахын
гачлан, байгаа зүйлсээ голохын гаслан, хүссэндээ хүрсэн ч уйдахын зовлон,
ховдог сэтгэлийн түмэн тарчлан гэсэн сургаал бий. Бид дандаа өөрт байхгүй
зүйлсээ анзаардаг. Хэн нэг хүний хөмсөг илүү тод, таных болохоор бүдэгхэн ч юм
шиг. Хэн нэгэн хүний унаж байгаа машин тансаг, амьдарч байгаа гэр орон илүү гоё
юм шиг… Та өөрт байхгүй гэж бодож буй зүйлээ анзаараад байгаа учраас тэр.
“Надад ийм зүйл байхгүй дээ, би гуйлгачин даа, шалны алчуур ш дээ” гэж
байгаагаас ялгаагүй. Шууд өөрийгөө тээр доор авааччихаж байгаа юм. Гэтэл бидэнд
зөндөө юм байдаг. Хүний зайлшгүй хэрэгцээ тун бага. Нэг ядуу хүн хүүхэдтэй
болоод баян айлын гадаа очоод гуйлга гуйж л дээ. Өнөө баян хүүдий дүүрэн алт
үзүүлээд “Би танд үүнийг өгч болж байна. Та хүүхдийнхээ зүүн хөлнийх нь хамгийн
жижигхэн хурууны үзүүрийг л өгчих” гэж. Мэдээж хүүхдийнхээ хөлийн хурууны
жижигхээн хэсгийг хүүдий алтаар солих аав, ээж байхгүй. Таныг үхэхэд араас тань
уйлах хүн байхгүй бол ямар вэ, таны араас зул өргөөд маань унших сэтгэл
үлдээгүй бол… гэсэн асуултыг өөртөө тавиад үзээрэй. Таны төлөө гэсэн
сэтгэлтэй аав, ээж, ах, дүү, дотны найзууд бий нь танд байгаа хамгийн том зүйл.

Тэгэхээр яг одоо байгаа,
байхгүй зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай. Хамгийн багадаа хүн гурван зүйлтэй
байхад л амьдрах юм билээ. Өлсөхгүйн тулд өдөрт гурван аяга хоол, даарахгүйн
тулд хувцас, толгой хорогдохоор гэр оронтой байхад хүн амьдраад явна. Гэтэл бид
хувцсаа хэдэн зуу болгох гээд зовдог. Тэгээд л цалин нь хүрэхгүй, өөрийгөө
зовоосоор явдаг. Билл Гейтс мөнгөтэй гээд зуун аяга хоол идэж, алт, мөнгө,
эрдэнэсээр хийсэн өчнөөн орон дээр сэлгэж унтахгүй. Яг тан шиг өдөрт гурван
аяга хоол идэж, яг тан шиг өөрийнхөө хэмжээний орон дээр л унтаж амардаг. Ингэж
бодохоор сэтгэл өег байгаа биз. Бид өөрт байгаа зүйлсээ хэзээ мэддэг гээч.
Нүүхдээ. ”Ямар их хэрэггүй зүйл цуглуулаа вэ” гэж ирээд шогширдог. Ганц цамц
хийхийн тулд 15 тонн ус зарцуулагддаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Гэтэл бид
хэмжээ хязгаартай байгалийг хэрэглэж байгаа. Шуналгүй болж байж л баян болно.
Шунал байгаа цагт та хэзээ ч баян болж чадахгүй.

Хурмастын энтэй баялаг байвч
хумсын чинээг ч аваад явахгүй, үлгэрийн дайтай алдар байвч үхсэн хойноо сонсоод
хэвтэхгүй гэсэн сургаал бий. Зовлон биднийг ухааруулдаг. Аз жаргалыг хоолтой
зүйрлэвэл зовлон давс нь. Маш олон гэгээрэл зовлонгийн дараа үүссэн байдаг.
Тийм учраас зовлонгоо жаргал, ухаарал гэгээрэл болгож хувирга. Нэг найз маань
осолд орсныхоо нэлээд хожим “Ямар азаар найз нь осолд оров оо, би өчнөөн зүйл
ухаарлаа” гэж ярьж байсан. Зовсны дараа ухаажих, сэхээжих боломж олддог. Эд
хөрөнгө хэрэгтэй, гэхдээ нэг номерт биш. Нэгэнт авч явахгүй учраас. Хийсэн
үйлийн үрээ л авч явдаг. Зуун жил амьдрахаа ч мэдэхгүй байж мянган жилийн
хөрөнгө цуглуулах гэж зовохын учир юу вэ? Үр хүүхдэдээ үлдээхийн тулд гэдэг л
дээ. Мэдээж үлдээлгүй л яахав. Гэхдээ юмыг нь бүрэн дүүрэн үлдээлээ гээд хүүхэд
чинь хангалттай аз жаргалтай амьдрах нь эргэлзээтэй. Суурь хонио өсгөх гээд
ядаж явахад чинь цаана нь аминаасаа илүү хайрладаг үр тань чоно болж өсч байгаа
юм биш биз. Харин та хүүхдээ жинхэнэ малчин болгож өсгөвөл хорин хонь үлдээлээ
ч үржүүлээд өсгөөд явна. Үхэхдээ хүртэл та санаа зовохгүй.

Хурааж цуглуулахын нэг зовлон,
хумхиж хамгаалахын нөгөө зовлон, алдаж харуусахын адаг зовлон, ахуйд
хүлэгдэхийн мянган зовлон гэж сургаал бий. Нэгэн хүү нас барахдаа хөвгүүддээ
“Хоёр оймсыг минь өмсүүлээд л оршуулдаг юм шүү” гэж захижээ. Аавыгаа нас
барахад хоёр хүү нь ламд хүсэлтийг нь хэлэхэд “Нүцгэн ирсэн нүцгэн л буцдаг.
Манай шашинд тийм ёс байхгүй” гэжээ. Оршуулгын маргааш хажуу айлынх нь хүн
аавынх нь захиаг дамжуулж. Өнөө захианд нь “За тэр, хүүхдүүд минь. Үхсэн хойноо
хоёр оймс ч авч явж чадахгүй байгаа биз. Эд хөрөнгөнд тэгтлээ шунаж амьдраад
хэрэггүй шүү. Аль болох өглөг хийж, буян түгээж амьдраарай” гэж бичсэн байж.
Өгснөөр авах боломж гардаг. Амжилттай бизнест нэг л зарчим бий. Хайрла, өг,
таларх, хуваалц гэсэн зарчим. Олон хүнийг тэжээж буян үйлдээд явах нь хөгжих
дэлгэрэх том зарчим болдог. Бид хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэж өгдөг.
Яагаад ингэдэг юм бол гэдгийн учрыг хайж яваад нэг зүйлийг анзаарлаа.
Таньдагтаа тусалбал хариугаа эргэж нэхэхэд амар, танихгүй хүнд туслахаар өнөө
тус нь ор сураггүй алга болчих гээд байгаа юм шиг санагддаг юм байна л даа.
Туслая л гэсэн бол чин сэтгэлээсээ ханд. Хэн байх нь хамаагүй, тусалж байгаа
чинь л чухал шүү.

Хэн намайг үгээр доромжилно,
хэн намайг үйлээр гутаана, хэн намайг сэтгэлээр хорсоно, тэр бүхэн гэгээрэх
болтугай гэсэн гайхамшигтай сургаал бий. Бурхан багшийг нэг хүн харааж
доромжлоод бөөн юм болж. Гэр бүлийнх нь хүн номлол сургаалд нь суугаад гэртээ
оройтож ирээд байхаар тэгж л дээ. Будда мишээгээд л суугаад байж. Эцэст нь
Будда “Та өөрийнхөө мөнгөөр бэлэг худалдаж аваад тэр бэлгээ хөрш айлынхаа хүнд
бэлэглэлээ гэж бодъё. Хөрш чинь таны бэлгийг авахгүй бол тэр бэлэг хэнд үлдэх
вэ” гэж асуужээ. Өнөө хүн “Ийм юм бодож чадахгүй байна уу, өөрт нь л үлдэнэ биз
дээ” гэж бухимдаж гэнэ. Будда мишээсэн хэвээр “Тэгвэл та нэг хүнийг харааж
зүхлээ, таны хараал зүхлийг цаад хүн авахгүй бол хэнд үлдэх вэ” гэж асуужээ.
Хэнд үлдэх вэ, өөрт нь үлдсэн байж таарах нь. Өнөө хүн ч хачин царайлаад
явчихаж. Хараал зүхэл бухимдлыг нь Будда аваагүй учраас. Магадгүй тан руу
өчнөөн хүн дайрч давшилж муухай үгсийг мөндөр шиг цутгаж мэднэ. Битгий хүлээж
ав. Дотроо зуу тоол. Эцэст нь өнөө хүний бухимдал багасна. Сүүлд нь “Яах гэж
ингэж байдаг юм бэ дээ, хө” гээд хэлчих. Хариу нь ямар байх бол. “Харин тийм
ээ” байж магадгүй. Учир нь та тэр хүнийг аль муу үг хэлж дайрч давшилж байхад
нь гал дээр тос нэмээгүй. Дандаа хэлж байгаарай гэж уриалах дөрвөн үгийн маань
анхных нь энэ үг. Гэхдээ ямар нэг асуудлыг шийдэхийн тухайд үгээ хэлэх нь зөв л
дөө. Байнгын уур уцаараас хол байх хэрэгтэй л гэх гээд байгаа юм.

Сөрөг юм яриад явбал тэр зүйл
чинь л ирнэ. Үйлийн үрийн нэг том хууль бий. Таны хийсэн үйл танд л ирнэ. Таны
хийсэн үйлийг өөр хэн нэг нь авах боломжгүй. Хэрвээ хэн нэгэн хүний үйлийг өөр
хэн нэгэн авч болдог байсан бол би хамгийн түрүүнд бурхан Буддаг шүүхэд өгнө.
Яагаад энэ хүмүүсийн үйлийн үрийг цэвэрлэлгүй өдий хүртэл зовоогоод байгаа юм
бэ гэсэн үндэслэлээр. Даанч тэгэх боломжгүй. Бурхан Будда “Би та нарын нүгэл
хилэнцийг усаар угааж байгаа юм шиг цэвэрлээд аваад явж чадахгүй. Яагаад гэвэл
та нар тэр үйлийг хийсэн. Харин гарах замыг нь зааж өгч чадна” гэж хэлсэн. Өдий
хүртэл туулж ирсэн амьдрал чинь зөвхөн таны үйлийн үр. Үүнээс болж би ингэсэн
гэж бусдад буруугаа тохож өөрийгөө зовоох учиргүй.

Зургаан нас хүртэлх хүүхдүүд
амьдралынхаа бүх мэдлэгийн 50 хувийг авчихсан байдаг гэдэг. Хүүхдийнхээ хажууд
мууг бүү үзүүл гэдэг нь ийм учиртай. Хүүхдийнхээ хажууд маргалдахаа юман чинээ
бодохгүй хэрнээ хажууд нь нэгнээ үнсэхээс ичдэг. Уг нь хайрлахыг л үрдээ зааж
өгөх учиртай. Би шоронгоор явж лекц уншдаг. Хоригдлууд дандаа хайр асуудаг.
Гараад очиход аав, ээж минь амьд сэрүүн байх болов уу, энэ орчлонгоос буцахаас
нь өмнө баярлуулахсан, хань минь намайг хүлээх болов уу, насны эцэст аяга
цайгаа хуваагаад алдсанаа нөхөөд амьдрахсан гэдэг. Шоронд орсон хүмүүсийн наяас
дээш хувь нь бага насаа хүчирхийлэл, архидалт, салалт дунд өнгөрөөсөн байдаг.
Хайр амсаж өсөөгүй учраас буруу алхсан байдгийг би олж харсан.

“Энэ ч гэсэн болоод л өнгөрнө”.
Миний санал болгох хоёр дахь үг энэ. Бүх юм болоод өнгөрдөг. Зовлон хаана
оршдог вэ? Болж өнгөрдөг зүйлийг авч үлдэх гээд байгаа сэтгэл дээр оршдог. Та
тавьж явуулахгүй байгаа учраас, та хүссэнээрээ байлгах гээд байгаа учраас
зовлон оршдог юм. Тавьж явуул, хүлээн зөвшөөр. Амьдрал хэцүү, зовлон ирнэ.
Гэхдээ бүх юм таны хүссэнээр болохгүй.

Дараагийн үг “Зовох уу, жаргах
уу”. Нэг хүн надад “Гудмаар явж байгаа хүмүүс инээчихвэл л Монгол болчих гээд
байна” гэж хэлж байсан. Зөвхөн инээдэг бясалгал бий. Тосгоноос тосгон руу очиж,
хамгийн олон хүн цугласан газар инээдэг гурван гэгээнтэн байсан гэдэг. Инээхийг
нь харсан хүмүүс шоолж инээгээд бөөн инээдэм болдог байж…

Аз жаргалыг үнэхээр хүсч байвал
аз жаргалын шалгуурыг намхан болго. Энгийн зүйлээс ч аз жаргалыг мэдэр.
Зовлонгийн шалгуурыг маш өндөр болго. Ийм тийм зүйл болж байж л зовно, түүнээс
нааш зовохгүй гэж өөртөө хэл. Ингэж байж та аз жаргалтай амьдарна. Хүнийг
өөрчлөх гэж хичээх хэрэггүй. Учир нь тэр хүнийг өөрчлөх хүч өөрт нь л бий.
Харин та өөрийгөө өөрчилж чадна. Тэгэхээр аз жаргалтай байя гэвэл өөрийгөө
өөрчилчих. Таныг дагаад бүх зүйл өөрчлөгдөнө, та аз жаргалыг өөрчлөлтөөрөө
бүтээж чадна.

Танд санал болгох дөрөв дэх үг
бол “Миний буруу, миний буруу”. Хүчирхийлэл хүчирхийллийг л бий болгодог. Буулт
буултыг л бий болгодог. Ухаантай нь эхэлж буулт хийдэг. Тийм учраас ухаантай
хүмүүсийн хэрүүл удаан үргэлжилдэггүй. Хоёр тэнэгийн хэрүүл хэзээ ч салж
өгдөггүй. Уучлахгүй байлаа гээд та юу ч хожихгүй. Уучлахгүй суугаа нь цаад
хүнээ шийтгэж байгаа хэрэг мөн үү. Харин ч өөрийгөө нэмээд шийтгэж байгаа
хэрэг. Уучиллаа гээд танд алдах юм байхгүй.

Categories
мэдээ цаг-үе

Ю.Цэдэнбалын комиссар Л.Нанзад: Үнэндээ би тэр гэр бүлийнхнээс хатуу үг сонсоогүй

Ю.Цэдэнбалын бие хамгаалагч, эмчээр ажиллаж байсан Л.Нанзад комиссартай ярилцлаа.

-Та ямар зам туулж, төрийн тэргүүнд хүрч очив?

-Би 1925 онд төрсөн хүн. Зургадугаар ангид байхдаа өнчирч үлдсэн. Эцэг эхийн оронд энэрч үлдсэн эх орондоо хайртай байдаг юм. Хотод орж ирээд, нэгдүгээр арван жилийн сургуулийг төгссөн. Тухайн үед аравдугаар анги төгссөн хүн эрдэмтэн гэж тооцогддог байв. 1943 онд дунд сургуулиа төгсөөд, МУИС-д суралцахаар очсон юм. Тэр үед МУИС-д анагаах, мал эмнэлэг бүгд харьяалагддаг байлаа. Б.Ширэндэв гуай захирал байсан. Их сургуульд орох ухаантай захирлын зөвлөлийн хурлаар орлоо. Би хэллээ. “Би сурах хүсэл их байна. Гэсэн ч би сурч чадахгүй нь. Гурван өнчин дүүтэй, орон гэр байхгүй. Би дүү нараа асармаар байна гэсэн. Нэг дүү хөдөө, хоёр нь техникумд сурч байсан. Намайг “Зориг гаргачихгүй юу” гэнэ. Би “Тун зориг гаргаж чадахгүй нь, захирал аа” гэлээ. “Үнэхээр хэцүү юм байна. Чи яая гэж бодож байна” гэж надаас асуухад нь “Би үйлдвэрт ажиллая” гэсэн. “Яахав чи, аж үйлдвэрийн комбинатад очоод үз. Харин дуртай цагтаа над дээр ирээрэй. Би захирал гээд сууж байвал хүссэн ангидаа ороорой” гэж билээ. Тэр хүнд одоог хүртэл баярлаж явдаг. Би сүүлд даргын комиссар, хурандаа болчихсон хойноо Б.Ширэндэв гуайтай таарсан. Дарга тэр хоёр РАФАКТ сурч байсан юм шүү дээ. Их найзууд, даргын гэрээр нь ирнэ. Тэгэхэд нь би “Б.Ширэндэв гуай, таныг тарчлааж байсан хүн чинь би шүү дээ” гэхэд “Юу….” гэсэн. “Тан дээр ороод, их сургуульд орох гээд чадахгүй зовлон тоочсон нөхөр байна. Харин та би захирал хийгээд сууж байвал чи ирээд дуртай сургуульдаа ороорой” гэж хэлж байсан гэсэн чинь “Хүүе, чи чинь одоо хаана явж байгаад хүрээд ирэв. Ямар зам туулав. Хачин тохиолдол юм даа” гэж их гайхаж билээ. Тэгээд л аж үйлдвэрийн комбинатад явж очсон. Миний тухай сонсоод, “За чи тоо бүртгэгч хий” гэсэн. 1943 он, эх орны дайны үе. Тоо бүртгэгч хийлээ. Боловсон хүчний эрхлэгч настай хүн ажлаа зааж өгнө. Эх орны дайны жил байсан учраас фронтод бэлэг хүргүүлнэ гээд шөнө үйлдвэрт ажилладаг. Шөнө нэг цаг хүртэл ажиллана. Тэгж явсаар мэргэжлийн үнэмлэхтэй болсон. Жилийн дараа Эвлэлийн үүрүүдийн тайлант сонгуулийн хурлаар Эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргаар сонгогдов. Ингэсээр байтал 1945 он гарав. Миний ах цэрэгт байж байгаад 1938 онд цэрэгт яваад сураггүй болсон. Хоёр дүү маань техникум төгссөн байлаа. Онгорхой гуталгүй явах юм байх гээд цэрэгт явъя гэж бодлоо.

-Дайнд явахаар үрэгдчих вий гэж бодсонгүй юу?

-Бодсонгүй. Миний ах дайнд яваад сураггүй болсон. Өшөөг нь авах тухай юм бодож явна. Цэргийн амьдрал сайхан гэж бодсон. Хилийн цэрэгт Сулинхээрийн отрядад хуваарилагдлаа. Шинэ цэрэг хүний захиа уншиж, бичиж өгдөг. Отрядын даргад миний тухай мэдээлэл хүрчээ. Хурандаа Халтар гэж сайхан хүн байлаа. “Штабын дарга бид хоёрын хэлснээр яв” гэсэн. Шинэ цэрэг байж заримдаа мах чануулж зооглодог боллоо. Биднийг говийн халуунд ангаж цангаж, хатаж хорчийсон хар юмнууд Жанчхүүгийн даваа бараг хүрч байхад дайн дуусч буцсан. Дайн дууссаны дараа ангидаа буцаж очсон. Отрядын дарга маань “Дотоод яамны төв сургуульд сургахаар бичиг хийж өгнө” гэсэн. Дотоод яамны төв сургуульд 1945 онд орж, дөрвөн жил сурсан. Гэнэт нэг өдөр захирал дуудаж байна гэлээ. Захирал миний амьдаа байсан. “Чамайг Хилийн цэрэг хариуцсан орлогч сайд Дорж гуай дуудсан” гэсэн. “Чамайг ЗХУ-д цэргийн академид явуулна. Дуртай юу” гэлээ. Дуртай байна л гэсэн. 1949 оны өвөл Ленинградын цэргийн эмнэлгийн академид зургаан жил сурахаар явлаа. Дорж гуай “Чи сайн сураарай, цол хайрлахгүй шүү” гэсэн. Хоёр жил болоод эх орондоо ирдэг байлаа. 1952 онд амралтаараа ирээд, шууд ахлах дэслэгч цол авсан. Зургаан жил сураад, хошууч цолтой төгсч байлаа.

-Зөвлөлтөд цэргийн академи төгссөн хүн Ю.Цэдэнбалын комиссар болохгүй яах билээ?

– Дунд мэргэжлээрээ би Аюулаас хамгаалах яамны хүн, дээд мэргэжлээрээ бол эмч гэдэг утгаараа тал талаасаа хэрэгцээтэй болсон байх л даа. 1956 онд төгсч ирээд, уулын аманд лаборатори гэдэг юманд очлоо. Томчуудын хоол ундыг үздэг хардаг газар. Лабораторийн дарга нэртэй томилогдож очсон. Тэндээ даргын эмч байснаа 1957 онд даргатай бүх ардчилсан орноор явлаа. Тэгсээр яваад бие хамгаалагч болчихсон хүн дээ, би. Гучин хэдэн жил тэр хүний дэргэд явлаа. Төр надад итгэл өглөө. Тэр агуу хүн, тэр гэр бүл надад итгэл үзүүлсэн юм.

-Ю.Цэдэнбал даргатай анх уулзсан мөчөө та санаж байна уу?

-Лабораторийн даргаар энэ хүн томилогдлоо, Ленинградын цэргийн академи төгссөн хүн. Нам төрийн удирдагчид, гадаадын зочид төлөөлөгчдийн эрүүл мэндийг энэ хүн хариуцна гэж танилцуулсан. Баяртай л байгаа бололтой сайхан угтсан. Гэр бүл, хүүхдүүдтэй нь ч харьцана.

-Тэгэхэд Ю.Цэдэнбал дарга ямар албан тушаалтай байсан бэ?

-Төв хорооны нарийн бичгийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга байлаа.

-Ю.Цэдэнбал даргатай харьцахад түвэгтэй биш байх, эхнэртэй нь харьцахад ямар байв, хүмүүс янз бүрээр л ярьдаг?

-Хүүхдийн паркыг бий болгох, энэ Найрамдал зуслан, Залуу техникчдийн ордон, хүүхдийн ордон Хөгжим бүжгийн сургууль тэр хүний зүтгэлээр бий болсон. Хөөрхий, өглөө гараад л явчихна. Час улаан юм л явна. Би утасдана, хоолондоо ирсэнгүй барьсангүй гэнэ. Та нэг жаахан тэгээд байдаг, улс тэгээд байх юм гэхээр “Хүүе тэгж үү. Чи тэгчихвэл намайг загнаж байгаарай” гэдэг. Хааны авгай шүү дээ. Мундаг сэтгэл байхгүй юу тэр чинь. Тэр хүн Оросын харьяатаараа л үлдсэн л дээ. Монголын иргэн болж чадаагүй. Монголын залуу үе, хүүхдүүдийн төлөө ямар гайхамшигтай ажил хийсэн билээ.

-Таны үгийг сонсдог байжээ?

-Намайг аашилж байгаагүй. Хүүхдүүд ч надад сайн. Үнэндээ би тэр гэр бүлийнхнээс хатуу үг сонсоогүй. Бие биедээ түшиг болж явлаа. Даргатай хамт таван жил хойно цөлөгдсөн хүн дээ, би. 1984 оны долдугаар сарын 26-нд шинжилгээ хийлгэх нэрээр явсан шүү дээ. Шинжилгээ гэдэг тэнд цөлөх эхлэл бололтой байсан юм билээ. Шинжилгээ хийлгэх ёстой бол явахаас биш яахав гээд Москвад зоогдсон шүү дээ. Тэнд очоод даргыг 30-нд эмнэлэгт хэвтүүлсэн. Түүнээс хойш тэд нар зохион байгуулалт, хуйвалдаанаа хийсэн улсууд шүү дээ.

Ю.Цэдэнбалыг зайлуулах хуйвалдаан 1982 оноос эхэлсэн юм билээ. Цэдэнбалыг зайлуулах комисс ЗХУ-д ажиллаж байсныг сүүлд мэдсэн. Таван жилд тэнд цөллөгт л байлаа. Би тэнд долдугаар сарын 26-нд очсон. Уулын аманд нэг юманд хориотой. Тэгсээр байгаад нэг байртай боллоо. Тэр байрыг засуулж байж орууллаа даа. Явдал их байлаа. Төв хорооны тогтоол гараад жаран хэдэн мянган төгрөг өг гэсэн. Авахгүй гэсэн. Бид өөрсдөө болгоно гэсэн. Би бол өнчин өрөөсөн явсан болохоор онгорхой цоорхойгоо ч нөхчихнө. Гар оёдлын машин байсан. Хөшиг аваад, ямар сонирхолтойг нь мэднэ шүү дээ, би. Тэр муу гар машинаар би тэр байшингийн хөшгүүдийг хүртэл оёж байлаа. Хөөрхий, даргын авгай өглөө намайг ирэхээр бөөн хиншүү тавьчихсан байж байна. “Хүүе, уучлаарай” гээд байж байгаа нь ямар их өрөвдөлтэй байсан гэж санана. Өглөө очоод би цүнх чирээд дэлгүүр хоршоогоор явж, хоол унд цуглуулна. Надад хэдэн рубль өгчихдөг. Юм гэдэг нарийн. Авчирсан чек, төлбөр тооцоогоо хуучин дэвтэр дээрээ нэгд нэгэнгүй бичнэ. Ингэж яах нь вэ гэхээр нь “Юм нарийн” гээд шууд хэлдэг байв.

-Ю.Цэдэнбал дарга гэр бүлтэйгээ Зөвлөлтөд тусгаарлагдсны дараа дасан зохицоход хэцүү байсан болов уу. Бөөн эргэлзээ байсан байх?

-Яахав, би хоол ундаа цуглуулчихна. Хувцас хунараа хими цэвэрлэгээнд, цагаан хэрэглэлээ угаалгын газар авчаачиж өгнө. 1989 онд намайг тэтгэвэрт гараад нутаг буцахад бараг хоёулаа уйлах шахаж байв. “За, Нанзадыг минь аваад явчихлаа, өнчирлөө” гэж сонин дээр хүртэл тийм ярилцлага байсан. Би тэр улсын төлөө хийх ёстой бүхнээ гомдоохгүй хийсэн л байх. Монголчууд уг нь сайхан сэтгэлтэй ч албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэл аюултай юм билээ.

-Ю.Цэдэнбал даргын ээж сүүлд тэдний хажууханд нь амьдарч байсан гэл үү?

-Сүүлд хашаанд нь гэртээ байсан. Увсын хүн, сайхан цайтай. Бид гэрт нь давхиж ороод боорцог идээд, цай уучихна. Сайхан ч тэтгэсэн. Үнэндээ энэ орос авгай ухаантай эмэгтэй. Ганц хадам ээжээр зогсохгүй хоёр дүү, хамаатан садангийн хот орж ирсэн улсуудыг харна үзнэ, тэтгэнэ. Сайхан хандана. Орос авгай сайхан хүн байсаан. Орос, монгол хүний амьдралын хэв маяг ондоо шүү дээ. Гэлээ гэхдээ ээжийг нь гомдоогоогүй шүү. Дарга гэр орны ахуй амьдралыг анхаарахгүй. Москвад очоод, томчуулын хувцас оёдог газар хувцас захиалаад, дэлгүүр рүү арай хийж авч явна, гутал авах гэж дөнгөж хөлөө дүрсэн болоод л, “Хуруу дүрэх л зайтай” гээд авдаг. Ахуй амьдралдаа даан ч хайнга хандана. Авгайдаа найддаг байсан ч биз. Бид бол аюулгүй байдалд нь анхаарна.

-Та ч бараг л тэр гэр бүлийн хүн байжээ?

-Шөнө гэртээ 23 цагт ирвэл эрт ирж байгаа нь тэр. Өглөө зургаан цагт гараад явна. Гадаа машин ирээд зогсчихсон байдаг. Саарал байшингийн бүх цонх харанхуй байхад зүүн урд өнцгийн гурван давхар л гэрэлтэй байдагсан. Ажил хийгээд суучихна. Заримдаа явъя гэхээр “Би ажлаа хийж байна шүү дээ” гэхээр нь яах ч аргагүй.

-Эхнэр нь оройтлоо гэхгүй юу?

-Үгүй тийм юм байхгүй. Биеэ бодсонгүй л гэнэ. Жаахан амар, ажлаа зохицуул гэнэ. Тоохгүй шүү дээ. Эмч ч хэлнэ. Ажлын төлөө зүтгэсэн хачин хүн байсан шүү. Бүтэн сайнд ч амарна гэж байхгүй.

-Хөвгүүд нь яаж өссөн бэ?

-Тэд яахав, Монголдоо орос дунд сургууль төгсөөд, Москвад сурцгаасан. Хоёулаа цол хамгаалсан, боловсролтой, чадалтай хүүхдүүд.

-Даргын ээж орос бэртэй, хэл яриа нэвтрэхэд хэцүү байсан байх?

-Хөөрхий, хааяа авгай эд нар гэрт нь орно. Бид хэл ам нь болоод орчуулагч хийнэ.

-Та тэгэхэд гэр бүлтэй болсон байсан уу?

-Үгүй ээ би, явсаар байгаад 31 хүрч байж, авгай авч үзлээ дээ.

-Л.Шинкаревийн “Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” гээд нэг ном байдаг даа. Танд ямар санагдсан бэ?

-Л.Шинкарев гэж Зөвлөлтийн “Извести” сонинд байсан хүн. Л.Шинкарев бол муухай еврэй л дээ.

-Яагаад вэ, их л мундаг бичсэн санагдсан?

-Үгүй ээ, зарим ч яах вэ дээ. Дарга гэрийн хорионд байх хугацаандаа авгайд цугласан элдэв баримт юмнуудыг Л.Шинкаревт “Юм болгож өгөөч” гээд өгчихсөн байхгүй юу. Надтай ч номынхоо ажлаар ирж уулзсан. Бид хоёр нэг их таатай сайхан уулзаж байгаагүй дээ.

-Тэр хүний номонд нэг сонин санаа байдаг. Филатова нөхрийнхөө ямар нэг сул талыг атгасан байж магадгүй, эхнэрээсээ болгоомжлох юм байсан байж мэднэ гэх маягийн юм байсан?

-Ямар болгоомжлох юм байх вэ дээ. Хөөрхий, гэр бүл юм болохоор авгай юу гэж хэлнэ, дагана. Хоёр хүү нь байна. Тэр талаараа явсанаас биш энэ авгай ийм тийм гэж хардах юм үнэндээ байхгүй. Харин ч өөрийг нь асарч тойглож байсан сэтгэлийг нь үгүйсгэх аргагүй. Юм нарийн шүү дээ.

-Тэр хоёр эхнэр нөхрийн хувьд гэртээ эрүүл харилцаатай байсан уу?

-Шөнө ажлаасаа тараад ирэхэд авгай нь хоолоо идээд унтаж байна шүү дээ. Тогооч хоолоо хийгээд, пийшин дээр тавьчихна. Заримдаа ажил, хурал ихтэй үед пийшингээ тойрч, босоогоороо хоолоо идчихээд явна шүү дээ. Тийм төрийн удирдагч байх уу даа.

-Ю.Цэдэнбал даргыг Л.Цогзолмаа гуайд ч юм уу, зохиолч С.Удвал гуайд сайн байсан гэсэн яриа байдаг?

-Д.Цогзолмаагийн нөхөр, “Үнэн” сонины эрхлэгч Ц.Намсрай эд нар найзууд байхгүй юу. Тийм юм үнэндээ байхгүй. Яахав дээ, нүүртэй царайтай болохоор магадгүй гэж хардаж байсан уу гэхээс. Тийм юм байгаагүй.

-Та байгаагүйг нь яаж мэдэж байгаа юм бэ?

-Харуул манаа юм чинь мэднэ шүү дээ. Би байхгүй гэхэд миний 24 цагийн харуул сууж байгаа шүү дээ. Юманд хавьтуулах уу.

-Эр хүн шүү дээ, хааяа нэг эмэгтэй хүнд цаг гаргадаг байсан байлгүй дээ?

-Цаг гаргах зай байхгүй. Би хавьтуулахгүй шүү дээ. Тэр чинь гэр бүлийн асуудал шүү дээ. Би хамгаална. Зун Хар далайд амарна. Далайн эрэг дээр очоод нэг сайхан жаргахгүй. Нөгөө муу бөөн цаастайгаа зууралдаад сууж байна. Массаж энэ тэр хийлгэвэл хийлгэчихээд, бөөн цаастайгаа байж байна шүү дээ. Москвад очихоороо бөөн цаастай явна шүү дээ. Хөдөө аж ахуйн яамныхан “Дарга явбал нэг юм бүтээгээд ирэх болов уу” гээд л сууж байна.

Categories
мэдээ цаг-үе

Э.Мөнхтөр: Эхнэр маань миний шаналал, зөрчлийг үргээж зөв тийшээ чиглүүлсэн хүн дээ

Жүжигчин Э.Мөнхтөртэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрээр “А-Сарреllа” хамтлагийн дуучин бөгөөд “Амьдралын амт”, “Сайн уу, амьдрал минь”, “Тагнуулч аав”, “Эр хүн болгож өгөөч”, “Аюултай харилцаа”зэрэг дэлгэцийн уран бүтээлийн дүрүүдээр нь үзэгчид мэдэх билээ.

-Сургуулиа хэзээ төгсөж байв. Дуучин болно гэж ярьдаг байсан юм билээ?

-2001 онд арван жилээ төгсөөд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид орох сонирхолтой конкурст бэлдэж байлаа. Тэр үед Хөгжимт драмын жүжигчин гээд дотроо жүжигчин, дуучин, бүжигчин, хөгжимчин гэсэн дөрвөлсөн мэргэжилтэй мюзик холл гэх ангийн элсэлтэд анх удаа авах гэж байна гэсэн. Тэгэхээр нь тэр ангид конкурсдээд тэнцчихсэн хэрэг.

-Арван жилээ хаана төгсөв. Хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв?

-Миний хүүхэд нас, өсвөр нас нэгдүгээр хороололд өнгөрсөн. “Ирээдүй” цогцолбор сургуулийг математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Гансүх багшийн удирдлаганд төгсч байлаа. Урлагийн хүн гэхээрээ багаасаа нүүр хагарчихсан задгай байдаг гэж ойлгодог байх. Би их даруухан, ичимхий хүү байсан. Тухайн үедээ хичээл сургалтдаа л анхаарах ёстой гэж боддог байлаа.

-Оюутан байхдаа нэг ангийнхантайгаа “A-cappel­la” хамтлагийг байгуулсан гэл үү?

-Анх конкурсдэж байхдаа л нэг нэгнийгээ таньдаг болсон. Нэгдүгээр курсийнхэн нэг нэгнийхээ тоглолт дээр анхаарч туслах үе бий. Дуулдгууд нь нийлж дуулаад л, бүжиглэдэг нь нэгдээд л явна. Тэр дундаас бид дөрөв бие биенийхээ дуулж байхыг сонсоод тухайн үедээ “Камертон”-ы анхны хөгжимгүй хэдэн дууг дуулдаг байлаа. Дээрээс нь дээр үеийн “Воуs II men”,” All 4 оnе” зэрэг аккабэль чиглэлээр дуулдаг барууны хамтлагуудыг багаасаа сонсдог. Бүр хоолой хоолойгоор нь цээжилчихсэн байсан. Тэрийгээ нийлүүлээд л дуулдаг байлаа. Бид дөрөв тэрэндээ урамшаад л хамт дуулдаг болсон. Ангийнхан, хүмүүс их урам өгнө. Тэр цагаас хойш арав гаруй жил өнгөрчээ.

-Хамтлагийн урын санд хэдэн дуу байна. Одоо шинэ уран бүтээл гаргах уу?

-“A cappella” хамтлагийн хувьд 2009 онд 10 дуутай “А альбом” гээд цомог гаргаж байлаа. Цомгоос гадна 30-40 дуу урын санд маань бий. Тэр дотор байгуулагдаж байхдаа дуулдаг байсан хөгжимгүй аккабель дуунууд ч байгаа. Тэрийг СУИС-ийн Мөнхзаяа багш маань найруулж өгч байлаа. Орос, буриад дуутай. Тэр дуунуудаараа хойшоо Улаан-Үд рүү явж тоглолт хийж байсан.

Одоогоор хамтлагийн Одбаяр маань АНУ-д амьдардаг. Тэндээ 5-6 жил болж байна. Энэ хугацаанд хамтлагийн шинэ уран бүтээл хийсэнгүй. Урьд нь байсан уран бүтээлээ дуулаад л явж байна. Гэхдээ бас шинэ уран бүтээлээ ярилцаж, бэлдсэн зүйл ч байна. Яг хамтлагаараа нийлж суугаад ярих юм байгаа учраас тэр цаг мөчийг хүлээж байна. Ер нь бол уран бүтээлээ хийнэ. Тоглолт хийнэ гэсэн төлөвлөгөө бий.

-Сургуулиа төгсөөд ангиараа “Хувьсал” продакшн руу орсон байх аа?

-2005 онд сургуулиа төгссөн. Төгсөөд гарахад ажлын байр олдоход хэцүү шүү дээ. Амжилт гарахаар ажилд орно гэдэг том бэрхшээл. Тэр үед “Хувьсал” продакшны Г.Цоггэрэл ах биднийг төгсөх курст харсан байсан. Өмнө нь оюутан байхдаа драмын жүжгүүдэд, хошин урлагийн тоглолтод орж байлаа. Тэр бүгдийг харсан юм шиг байна лээ. Тэгээд биднийг дэмжээд “Хувьсал” продакшны үндсэн ажилчнаар авч шинэ өнгө төрх гаргахаар ажилласан юм. Энэ нь үнэхээр амжилттай болж, 2005-2007 онд нийтдээ дөрвөн жүжиг тавьсан. Түүний хажуугаар тоглолтуудад оролцдог байсан.

-Дэлгэцийн уран бүтээлд хэзээ оров. Анхны дүрээ яриач?

-2008 онд “Хувьсал” продакшнаас гараад хамтлагийнхан маань “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-д харьяалагдсан. Нэгдэлд “Guys-666”, “Tv cocktail”, продюсер Томоо ах болон манай хамтлаг нийлээд уран бүтээл хийж эхэлсэн. Тус нэгдлийн анхны уран бүтээл “Сайн уу, амьдрал минь” кино байсан. Гурван хамтлагт зориулсан гурван хэсэгтэй. Түүний эхний хэсэгт гол дүрийн Эрхэм гэдэг залуугийн дүрд найруулагч Батболд ах намайг сонгосон. Тэр миний анхны дэлгэцийн уран бүтээл байлаа. СУИС-д байхад тайзан дээр л сургалт явагддаг шүү дээ. Төгсөөд бас тайзан дээр хоёр жил тоглочихсон болохоор дэлгэцийн уран бүтээлд тоглоход эхэндээ маш хэцүү байсан. Юмыг жаахан хэтрүүлж тоглоод байсан юм. Одоо харахад бас жаахан дутуу харагддаг. Тэрнээс хойш “Хайрын рекорд”, “Төрийн дайсан” гээд 20 гаруй кинонд гол ба туслах дүр бүтээсэн байна. Сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлээр дагнаж байна.

-“Сайн уу, амьдрал минь” кинон дээр жүжигчин Цэнгэлтэй хамтарч тоглосон. Хэдэн жилийн дараа “Эр хүн болгож өгөөч” кинонд хамтарлаа. Хамтарч тоглоход ямар байв?

-“Сайн уу, амьдрал минь” дээр Цэнгэл хоёрдугаар курс, би төгсөөд дөрвөн жил болсон байсан үе. Бид хоёрын анхны кино. Хоёулаа кино гэж мэдэхгүй хамт тоглож байсан. Харин өнгөрсөн хавар хийгдсэн “Эр хүн болгож өгөөч” киноны хувьд цаг хугацаа өнгөрч, нас ч явсан байна. Хувь хүний өөрсдийн хөгжил насаа дагаад нэлээд нэмэгдсэн байсан. Өмнөхөөсөө арай туршлагатай болцгоосон байлаа. “Эр хүн болгож өгөөч” киноны зохиол нь их хүнд хэлбэртэй. Хүн хүнээ ойлгох, гэр бүлийн хайр гэдгийг харуулсан кино учраас хүмүүст их хүрсэн юм шиг байна. Над руу сүүлийн үед хүмүүс их ярьж байгаа. Уулзсан таарсан хүмүүс энэ киног их онцолж байна лээ. Үзээд уйлсан гээд сэтгэгдлээ илэрхийлсэн. Энэ киног сайн уран бүтээл болсон юм болов уу гэж хувьдаа тоогоод байгаа.

-“Эр хүн болгож өгөөч” кино таны хувьд хэцүү байв уу. Тэс өөр ертөнц шүү дээ?

-Жүжигчин хүн ямар ч дүрд хувирах чадвартай байх ёстой. Тахир дутуу залуугийн дүрийг би эхэндээ их амархан бодож байсан юм билээ. Төсөөлөхдөө болчихмоор л санагдсан. Сүүлд бодоод байхад би их наагуур бодсон байгаа юм. Зураг авалт үргэлжилж байхад их олон бэрхшээлтэй тулгарсан. Болохгүй юм их гарсан. Өмнөх энгийн амьдралтай кинонд гайгүй л байдаг юм. Тухайн үед дүрдээ амьдраад л явчихдаг байсан. Гэтэл “Эр хүн болгож өгөөч” киноны тахир дутуу залуугийн дүр амьдрал дээрх тахир дутуу хүмүүсийн сэтгэлд буух болов уу гэж бодсон. Тэр болгоныг бодож өөртөө их ачаалал өгсөн ч байж магадгүй. Тахир дутуу хүмүүсийг харж, эргэж санаж кинон дээрээ тусгахыг хичээсэн. Их хүнд хэсгийг хийхээр магадгүй тахир дутуу хүмүүсийг доромжлох гээд байгаа юм шиг зүйл их байсан. Аль болохоор үнэн харагдах гэж, тэр хүмүүсийн сэтгэл зүйг гаргахыг хичээсэн. Харагдах байдлаасаа ямар байгаагаа харуулахыг хүсээгүй. Тэрийг нь аль болох нуусан. Хамгийн гол нь сэтгэл санааны бэрхшээлийг нь харуулах гэж хичээсэн. Энэ маань хүмүүст харагдсан бол амжилттай л боллоо гэж бодож байна.

-“Аюултай харилцаа” киноны тухай яриач. Бас их сонин сэдэвтэй кино санагддаг?

-Энэ кино 2014 оны намар хийгдсэн кино. “Хас” медиа энтертайнментийн Хүсэлбаатар найруулагч зохиолоо бичиж найруулсан кино. Хүслээ ахыг би энэ сэдвийг хийх гэж олон сар, жил бодож, шатаж, шаналсан юм байна гэж бодсон. Сэдэв нь дэлхий дахинд гэр бүл нийгэмшиж амьдрахын тухайд маш их тулгамдсан зүйл. Хосууд гэр бүл болоод эхэндээ нэг нэгэндээ таалагдахын төлөө дэврүүн байдлаар бүх л сайн сайхнаараа харьцдаг. Хэсэг хугацааны дараа бие биенийхээ сайн, муу талыг илүү таньдаг. Хэн хэнийг нь өөрөөр задалж, тэр болгон дээрээс хоорондоо зөрчилдөнө. Магадгүй зарим дээр нь таардаг л байх. Гэр бүлийн харилцаа, салалт цаашилбал хүүхэд өнчрөлт, өрх толгойлсон эхчүүд гээд маш том асуудлуудыг хөндсөн кино. Ийм зүйл бага байгаасай гэдэг үүднээс бичиж, найруулсан хэрэг. Найруулагчийн энэ санааг би маш сайн ойлгож, хичээж ажилласан. Энэ бол амьдрал дээр байдаг зүйл. “Гарын таван хуруу” кинон дээр Шагдар гээд зогсч байдаг шиг өөрийгөө дэлгэцнээс толинд харж байгаа юм шиг өөртэйгөө ярилцаж, бодох хэрэгтэй. Тэр киног үзээд өөрийгөө засч чадвал уран бүтээлчдийн хийсэн зүйл нь амжилтад хүрч байгаа юм болов уу гэж би боддог. Тиймээс хүмүүс илүү ойр санагдах гэж л ажилласан.

-Гар нийлдэг найруулагч бий юу?

-Жүжигчин хүн ямар ч хүнтэй гар нийлдэг байх ёстой. Миний хоёр дахь дэлгэцийн уран бүтээл болох “Хайрын рекорд” киноны “Go” студийн найруулагч Д.Галбаяр ахыг нэрлэнэ дээ. Тухайн үед би ганцхан кинонд тоглоод жил шахуу завсарлаж байхад намайг тоогоод кинонд тоглуулсанд баярладаг. Галаа ахтай гар нийлж, ойлголцоход их амар байдаг. Намайг мэддэг, мэдэрдэг юм. Галаа ахтай “Хайрын рекорд”, “Тагнуулч аав”, “Тусгай ажиллагаа” болон ирэх онд нээлтээ хийх гэж байгаа “Шуугиан таригч” гээд кинонуудад хамтарч ажилласан. Галаа ах намайг “Миний жүжигчин” гэдэг юм. Ах нь кино хийх гэж байгаа шүү гээд л залгадаг. Өмнөх кинонуудад Галаа ах найруулагчаараа би жүжигчнээрээ ажиллаж байсан бол одоо нээлтээ хийх “Шуугиан таригч” кинон дээр Галаа ахтай хамтарч тоглож байгаа.

-Олны танил хүн биеэ зөв авч явах ёстой гэдэг. Гэхдээ сэтгэл бухимдах үе бий юу?

-Дэлгэцээр гараад хүмүүст танигдаад ирэхээр сайн, муу хоёр талтай байх юм. Зарим нь таараад сайхан кино болсон байна лээ баяр хүргэе, амжилт хүсье гэдэг. Нөгөө талаасаа илүү хараад эхэлдэг л дээ. Алдаа гаргах эрхгүй. Гудамжинд машин барьж байгаад тулахад би уурлаж болохгүй. Тэрний буруу байлаа гэхэд би олны танил хүн биш байсан бол уурламаар л байна ш дээ. Ухраач чи гээд орилмоор байна шүү дээ. Гэтэл хүн харж байгаа учраас чимээгүй өнгөрөхөд хүрдэг. Гэхдээ энэ байх л зүйл. Муу талаасаа илүү сайн, эерэг зүйл нь их.

-Сэтгэлдээ хүртэл тоглосон кино байгаа юу?

-Байхгүй. Тухайн үед кинонд тоглоход болоод байдаг юм. Тухайн үедээ сэтгэлд хүрчихээд нээлтэн дээр үзэхэд энэ үед тэгдэг байж гэх эргэлзээ төрдөг. Эсвэл нээлтэн дээр үзэхэд гоё санагдчихаад хэсэг хугацааны дараа өөрийгөө голдог. Одоогоор ханасан дүр алга байна.

-Гэр бүлээ танилцуулаач. Эхнэртэйгээ яаж танилцаж байв?

-Эхнэр, хоёр хүүхэдтэй. Хоёр хүүтэй. Том хүү маань гуравтай. Бага маань ойтой. Ганцаардаж, ханьгүйдээд юм жаахан утгагүй болдог үе байдаг шүү дээ. Миний хувьд шаналаад өөртэйгөө зөрчилдөж байх үед эхнэртэйгээ танилцаж байлаа. Эхнэр маань миний шаналал, зөрчлийг үргээж зөв тийшээ чиглүүлсэн хүн дээ.

-Э.Мөнхтөр гэдэг хүн өөрөө ямар үзэл бодолтой хүн бэ?

-Үнэн, зөв байх юмсан гэж боддог. Багаас эмээ, өвөө, ээж, аав маань тэгж л өсгөсөн. Хүн ер нь тэр үгээр нь явдаг юм шиг санагддаг. Заримдаа асуудал тулгарахад бага байхад эмээ, өвөөгийн хэлж байсан үг л бодогддог юм билээ. Би анх удаа гадаад орон руу буюу урагшаа Хятад руу явахаар болоод өвөөд хэлсэн юм. Тэгсэн чинь өвөө “За миний хүү хүний газар нэрээ, олны дунд үгээ бодож яваарай” гэж хэлж билээ. Өвөө маань одоо 94-тэй хөгшин бий. Одоо болтол тэр үгийг нь би бодож явдаг. Үхэхдээ харамсах зүйлгүй байхсан гэж боддог.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Ерөнхийлөгчийн мэндчилгээнд оролцсон. Нэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийх “Шуугиан таригч” кинонд оролцсон байна. Энэ кино маань инээдмийн кино учраас он гарсны дараа стрессээ тайлж, шинэ оноо инээд хөөртэй, итгэлтэйгээр угтаасай гэж хүсч байна. Тэгж уриалмаар байна.

Миний хувьд өнгөрсөн онд хэд хэдэн уран бүтээлд тоглосон байна. Зун зургадугаар сард СУИС-ийг хамт төгссөн Хөгжимт театрын ангийнхан маань арван жилийн ойдоо зориулж уран бүтээл хийсэн. Энэ киноны арын ажил нь дуусаад хэзээ гарах нь тодорхойгүй байна. Он гараад нээлт хийх байх. Дээрээс “Prime pictures”-ын уран бүтээлд тоглосон. Тэр маань одоо удахгүй гарах байх. Өнгөрч буй оноо нэлээд хэдэн уран бүтээл дээр ажиллаж өнгөрөөлөө. Мөн шинэ ондоо энэ уран бүтээлүүдээрээ угтаж байгаадаа баяртай байна. Шинэ он гараад ч уран бүтээлийн санал ирчихсэн байна. Он гарсны дараахан уран бүтээлдээ орох байх.

-Ирээдүйн төлөвлөгөө?

-Төгсөөд арван жил боллоо. Дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаад долоон жил болж. Олон ч студи, продакшнтай хамтарч ажиллалаа. Тэр болгон дээр хүмүүсийн шинээр сэтгэж байгаа ололт амжилтыг харлаа. Энэ бүхний дүнд өөрийнхөө нэг бүтээлийг хийе гэж бодоод байгаа юм. Тэр нь дэлгэцийн уран бүтээл байх болов уу. Өөрийгөө жаахан сорих гэсэн юм. Хүний уран бүтээлд ороод яваад байхаар амжилт гаргасан ч хүнийх, алдаа гаргасан ч хүнийх л болоод байна.

Categories
мэдээ спорт

Монголын шигшээ баг VS Легионерууд

Өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордны “А” зааланд “Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ” баг болон “Легионер”-уудын халз тоглолт болно. Энэхүү тоглолт “Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгч Б.Батхишигийн бөөр шилжүүлэх суулгах эмчилгээнд зориулан болох юм.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос MNBA CARES-БИД НЭГ БҮЛ ТӨСӨЛ-ийн хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг цувралаар амжилттай зохион байгуулсан. Тэгвэл дээд лигийн “Уурхайчин”, МУИС МБМ, “Эрдэнэдрийлинг Ригс” багуудад хүчин зүтгэж явсан шилдэг холын зайн мэргэн буучдын нэг, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишигийн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулах халз тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү хандивын аянд чөлөөт, жүдо бөх зэрэг олимп, дэлхийн аваргын медальтнууд нэгдэж байна.

Хандивын данс:

  • “Голомт” банк 1909318090 Батцэнгэлийн Батхишиг
  • “Хаан” банк 5360254652 Батцэнгэлийн Батхишиг

“Бид нэг гэр бүл” аяны зохион байгуулагчидтай холбоо барих бол 99100661, 88089616, 88004221, 88606011, 99408820, 96094374 утсаар холбогдоорой.

Сайн үйлс дэлгэрэх болтугай, Сэтгэл зүрхээрээ нэгдэцгээе…

Categories
мэдээ улс-төр

Ирэх оноос ямар хуулиуд хэрэгжиж эхлэх вэ

УИХ-аас 2015 онд хэд хэдэн хуулийн төслийг шинэчлэн баталж, нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Үүний зэрэгцээ шинэ хуулиуд өргөн барьсан бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын сарын 1-нээс зарим нь хэрэгжиж эхэлнэ. Ямар ямар хуулиуд ирэх оноос мөрдөгдөж эхлэх талаар мэдээлэл хүргэж байна.

-ЗӨРЧЛИЙН ОНООГ ШИНЭ ОНЫ ЭХНИЙ ӨДРӨӨС ТООЦОЖ, ХАСАЛТ ХИЙНЭ-

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуульд жолооч нарт зөрчлийн оноо тооцох тухай зааж, хуулийг энэ оны есдүгээр сараас мөрдөж эхэлсэн. Зөрчлийн оноог шинэ оны эхний өдрөөс тооцож хасалт хийх юм. Хуульд зааснаар жолоочийн зөрчлийн ерөнхий онооны дээд хэмжээ 10 байхаар тооцно. Энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарт шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан жолооч /үнэмлэх нөхөж, сольж авах, ангилал ахиулахаас бусад/, зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн 10 оноо олгоно. Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо гэхчилэн дүрэм зөрчсөн жолоочийн 10 онооноос хасах журмаар явах юм. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд тухайн жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцох юм.

-ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НЬ 18-65 НАСТАЙ,
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БАЙНА-

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэх юм. УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилсан энэ хууль цэцэрлэгт хамрагдах боломжгүй байгаа хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд эерэг үр дүн авчирна гэж тооцжээ. Хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэгч нь 18-65 насны, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, халдварт болон сэтгэцийн өвчингүй, Монгол Улсын иргэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Амьдарч буй гэртээ хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Тусгай байр бэлдэх, эсвэл хашаандаа тусдаа гэр бариад хүүхэд харах үйлчилгээнд тохируулан тохижуулж болно. Тавигдсан шаардлагын дагуу хүүхэд харах орон байр, гэрийг бэлдэх ёстой бөгөөд эцэг эх, хорооны ажилтан зэрэг давхар хяналт тавигдах юм.

-СОНСГОЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ
АСУУДЛААР ХААЛТТАЙ ЯВАГДАНА-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийтийн сонсголын тухай хууль батлагдсанаар хууль тогтоох болон төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний оролцоог хангах, иргэд төрөөс гарах шийдвэрийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх, шийдвэрт нөлөөлөх эрх зүйн үндэс бүрэлдэж,төр иргэн хооронд мэдээллийн эргэх холбоо үүсч, иргэдээс төрд итгэх итгэл нэмэгдэх, хууль, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актын чанар сайжирах, тэдгээрийг нийтээр хүлээн зөвшөөрөх, Улсын Их Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг төлөөллийн байгууллагаас олон нийтийн оролцоотойгоор төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтныг хянах механизм бүрдэх зэрэг олон эерэг үр нөлөөг бий болгоно гэж үзэж байна.

Нийтийн сонсголыг хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн төрлөөр зохион байгуулах боломжтой.

Сонсголд оролцогч тайлбар, санал, дүгнэлт гаргах, сонсголоос гаргасан шийдвэртэй танилцах эрхтэй. Сонсгол нээлттэй явагдах ёстой. Зөвхөн хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар хаалттай явагдах юм. Иргэд ерөнхий хяналтын, хүулъ тогтоомжийн сонсгол явуулах хүсэлтээ тухайн асуудал эрхэлсэн байнгын болон дэд хороонд гаргаж болно.

-НӨАТ-ЫН ТУХАЙ ХУУЛЬД ИРГЭД РҮҮ ЧИГЛЭСЭН ОЛОН
БОЛОМЖИЙГ ТУСГАЖЭЭ-

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд ирэх оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Шинэчлэн батлагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тусгасан гол өөрчлөлт нь иргэд рүү чиглэсэн олон бодит боломжуудыг тусгаж өгснөөрөө онцлог гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Мөн татварын системийг боловсронгуй болгох, далд эдийн засгийг хумихад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, төлсөн НӨАТ-ын 20 хувийн буцаан олголт болон сугалаанд оролцох боломжуудыг төрөөс бий болгож өгснөөрөө давуу талтай юм.

Үндэсний татварын албанаас ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх ebarimt.mn цахим хуудасны туршилтын хувилбарыг арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн энэ оныг дуустал нээн ажиллуулж байна. Энэхүү цахим хуудас нь төлбөрийн анхан шатны баримт хэвлэх бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдэд төлбөрийн баримт өгөх, төлбөрийн баримтийн мэдээлэл дээр үндэслэн одоо хэрэглэгдэж буй НӨАТ-ын цаасан падааныг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын эхлэл болж байгаа юм. Худалдаа үйлчилгээ эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд, татвар төлөгч нарт кассын машин байхгүй тохиолдолд ebarimt.mn сайтаар дамжуулан цахим төлбөрийн баримтыг хэвлэх боломжтой.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Арал худалдаж авах ч биш өөрсдөө арал байгуулъя

Өвлийн цагт жавар, утаанд хоёр талаасаа хавсруулаад ирэхийн цагт эрхгүй халуун орны дулаахан амьсгалтай арлыг мөрөөдөж байгаа биз дээ. Өвлийн ид хүйтнээр халуун газар руу яваад ирэх тэр олон хүний хүсэл мөрөөдөл, эрэлтийн дагуу хэд хэдэн газар руу чартер нислэг хийгддэг болоод удаж байна. Чадалтайнууд нь өвөл эхэлмэгц дулаан газарт өвөлжихөөр явдаг, дунджууд нь жилдээ нэг удаа ухасхийж далайн чийглэг агаарт 5-7 хоночихоод ирнэ. Харин бусад нь явахсан, очихсон, ирэх жил амжуулна даа гэж мөрөөдлийн жагсаалтаа нэгээр нэмсээр үлддэг. Явж байгааг нь ч, явалгүй үлдсэнийг нь ч гоочилж буруутгахын аргагүй. Бүх л хүмүүс явмаар байна, явах ч эрхтэй. Гэтэл тийм боломж нь хаана байна вэ. Далайд гарцгүй, өвөлдөө тэсгим хүйтэн ийм л газар төрсөн учраас бидний хохь гээд сууж байх хэрэг үү. Үгүй гээд иргэншлээ сольж, цагаач болж явах уу.

Хүүхэд, хөгшдөө өвлийн хүйтэнд аваачаад өвлийн ганц сард нь амсхийлгэх боломж бол арал худалдаж авах гарц хэмээн манай сонины зүгээс онцолж “Монгол Улс дулаахан арал худалдаж авмаар байна” гэсэн нийтлэлийг саяхан бичиж олон нийтэд хүргэсэн. Уг нийтлэлд “Баячуудыг гадагшаа, дулаан орон руу, Улаанбаатарын утаанаас зайлж нүүдлийн шувуу шиг нисчихдэг гэж нүд үзүүрлэдэг байсан бол бүх монголчуудад тэдэн шиг нисэх боломж байх юм. Хэрэв Монгол Улс өөрийн гэсэн аралтай болоод иргэдээ тийшээ хямд зардлаар хүргэдэг нислэгтэй болгочихвол манайхан өвлийн ид хүйтнээр ээлжийн амралтаа аваад тийшээ л зүтгэнэ. Ирж очих зардал нь 500 мянган төгрөг байхад л мөнгөө цуглуулж байгаад яаж ийгээд явахыг хичээцгээнэ. Өвлийн хүйтнээр тэнд нэг сар амарчихаад ирэхэд бараг л жавар уярч таарна даа. Хямрал, уур унтуу, утаанаас холдоод түр ч болтугай амгалан, дулаахан газарт амьдраад эхэлбэл сэтгэл санаа тайвширч, нийгэм маань жаахан ч гэсэн зөөлөрнө. Өвлийн жавар тачигнаад эхлэнгүүт хүн бүр л ам амандаа “Амралтаа аваад арал улсдаа очоод шинэ оноо угтана аа” гээд л ярьдаг цаг ирэх ч юм бил үү” хэмээн бичсэн. Үүний дараа олон уншигч бидэнтэй санал бодлоо хуваалцсан. Мөрөөдөл юм даа гэх нь байсан бол дийлэнх нь бид яагаад энэ талаар өмнө нь бодож байгаагүй юм бэ. Үнэндээ улсаасаа төсөв гаргаад ганц арал худалдаж аваад, хүмүүсээ ээлж ээлжээр аваачиж болохгүй нь юу байх билээ гэх хүмүүс олон байлаа. Харин зарим нэг нь худалдаж аваад байх ч зүйл байхгүй, барьж байгуулж болно шүү дээ гэж байв. Үнэндээ зарим нэг бүтэшгүй мэт саналыг хэвлэл мэдээллийн томоохон редакциуд хөндөн гаргаж, тэр нь цаашлаад бүх нийтийн анхааралд хүрч асуудал босгон, амжилтад хүрч байсан түүх бий. Манай сонины зүгээс дулаахан арал худалдаж авч болох боломжийн талаар өгүүлсэн нь дараагийн сэдэл, шийдлийг бий болгож байгаа юм.

Арал худалдаж авах боломжийн тухайд бид л төдийлөн анзаарч, хөндөж байгаагүй болохоос биш маш түгээмэл асуудал. Дэлхийд арал худалдаалагч хамгийн том брокер гэгддэг Фархад Влади өнгөрсөн дөч гаруй жилийн хугацаанд 2600 гаруй арал худалдаалжээ. Дэлхийн хамгийн сайхан байрлалд байх гайхалтай арлууд энэ хүний гараар дамжиж бусдад хүрсэн байдаг. Түүний худалдан авагчдын 40 хувь нь америкчууд, 40 хувь нь европчууд харин үлдэх нь япон болон арабууд гэнэ. Ерөнхийдөө бид энэ зах зээлээс хамаагүй хол хүмүүс гэдэг нь тодорхой. Влади 1971 онд анхны арлаа худалдаж байсан бөгөөд энэ нь Энэтхэгийн далайд байх Кузин арал байсан гэдэг. Далаад онд 350 мянган ам.долларын үнэтэй байсан бол арал эзэмшигч нь 2010 онд 10 сая ам.доллараар үнэлсэн гэхээр үл хөдлөх хөрөнгө дундаа арлын үнэ хэрхэн өсч байдгийн жишээ болох байх. Уг арал дээр 2002 онд “Битлз”-ийн алдарт Пол Маккартни хоёр дахь гэрлэлтийнхээ бал сарыг тэмдэглэж байсан гэдгээр нь хүмүүс мэддэг.

Энэ мэт арал бүр өөрийн түүхтэй, үнэ цэнтэй. Грек, Багамийн арлуудаас худалдаж авахад хууль эрх зүйн орчин жаахан тодорхойгүй. Харин Шинэ Зеланд зэрэг газар бүх зүйл нь тодорхой. Эхлээд иргэддээ худалдан авах давуу эрх олгож зарлаад авахгүй байвал гадаадын иргэнд шууд зарчихна. Элдэв яриа, гомдол байхгүй.

Гэхдээ монголчуудын хувьд дулаахан сайхан бас нэг их хол нисч буугаад баймааргүй арал зүгээр байж таарна. Газрын гачаалд орсон гэгддэг Японд хүртэл хүн амьдардаггүй арал байдаг гээд үзэхээр далайн их усанд боломж их бий. Япончууд 1929-1945 оны хугацаанд байлдааны зориулалтаар бактерологийн туршилт хийж байсан Окуношима арал дээр хүн амьдардаггүй. Гэхдээ туршилтын нөлөөгөөр хачирхалтайгаар өөрчлөгдсөн туулай зэрэг амьтдыг үзэхээр очдог хүмүүст саяхнаас нээгдсэн гэдэг юм билээ. Энэ мэт арлууд тойрсон яриа дуусахгүй биз ээ. Уншигчдын хөндөж байгаа гол сэдэв нь заавал арал худалдан авна гэлтгүй өөрсдөө бүтээн байгуулж болох тухай юм. Хүн төрөлхтөн хэзээнээс газар нутгаа өргөтгөж, эзэмшлээ өргөн дэлгэр болгохын төлөө тэмцэж ирсэн. Тэр зарчмаар эртний египетчүүд ч усан дээр газар бий болгох эхний алхмуудыг хийж байсан түүх бий. Гэхдээ орчин цагийн түүхээр бол Нидерландад хамгийн анхны хамгийн том хиймэл арлыг 1969 онд ашиглалтад оруулж байсан юм. Ингэснээр тус улсын 12 дахь аймаг тус арал дээр төвхнөжээ. Сүүлхнээс Арабын нэгдсэн Эмиратад 2006 онд байгуулсан Яс арлын талаар бид сонсч байсан. Амралт зугаалга, энтертайнмэнт төвүүдийн цогцолбор бүхий энэ арлын өртөг 40 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ гэдэг. Нийт 25 км2 бүхий энэ арал руу машин, онгоц, хөлөг онгоцоор гээд хүрэхэд хялбар.

Хиймлээр газар байгуулахдаа голдуу нисэх онгоцны буудал болгож ашигласан нь элбэг юм билээ. Осакагийн нисэх онгоцны буудал ачааллаа дийлэхээ байсан тул Осака буланд шинээр арал байгуулж, Кансай нисэх онгоцны буудлыг 1994 онд нээж байсан түүхтэй. Хуучин ус байсан газарт бий болгосон уг буудал бүс нутагтаа хамгийн том буудлын нэг болчихоод байгаа нь нэгийг хэлнэ. Ер нь япончуудын уснаас газар босгодог туршлага мундаг л даа. Шинийг байгуулах хөрс шороо нь хаана байна гээд хогоор л бүтээн байгуулаад байх нь тэр. Токио буланд байгуулсан хиймэл арлыг 12.3 сая тонн хогоор байгуулсан гэдэг. “Бидний гишгэж байгаа газар бол хиймэл газар. Үүнийг хог хаягдлаар байгуулсан юм” гэж хэлэхийг сонсоод чихэндээ итгэхгүй явсан үе ч бий. Яаж усан дээр газар босгож байна, тэр тусмаа хогоо газар болгож, түүн дээр нь өвс ногоо халиурна гэдэг төсөөлөмгүй л санагдаж байлаа. Тэр ч байтугай япончууд Тэнгисийн ойг бүтээж байна. 2016 онд үүдээ нээх хүний гараар бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнд 480 мянган зулзаган модыг 88 гектарт ургуулжээ. Өөрөөр хэлбэл хогон дээр босгож байгаа цэцэрлэгт хүрээлэн юм даа.

Магадгүй, далайн эргийн улс орнуудын хувьд усан дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулж, арал босгох нь боломжтой, харин бидний хувьд худлаа мэт санагдаж байж болох юм. Гэвч бидэнд ч бас боломж бий шүү дээ. НҮБ-ын Далай, тэнгисийн хуулийн конвенцид заасны дагуу далайд гарцгүй орнууд бусадтай адил далай тэнгисийг эзэмшиж, ашиглах эрхтэй. Бид бусад орнуудын адил далайн баялгаас хүртэж, үр шимийг нь авах ёстой. Түүнийхээ хүрээнд Номхон далайн хязгааргүй уудамд хэсэгхэн га газарт улсынхаа арлыг байгуулж болох байлгүй дээ. Энэ талаар мэргэжлийн хүмүүс гэрээ заалтыг нь судлаад үзэхэд олон боломж бидний өмнө нээгдэж таарна. Сүүлийн жилүүдэд далайд гарцгүй орнуудыг хөгжүүлэх, тэднийг далайд хүргэх боломжийн талаар олон улсын байгууллагууд ихээхэн анхаарч ажиллах болсон. Далайгаас хишиг хүртэж амьдардаг олон орон бий. Бид далайн гүнээс байгалийн баялаг олборлох биш, загас жараахай барьж идэх биш. Ганц авдаг ашиг нь далбаагаа түрээслүүлж хэдэн цаас олдгийг л хэлэх байх. Заримдаа далайн дээрэмчдэд түрээслүүлчихээд хэл аманд орчих гээд байдгийг эс тооцвол. Үнэндээ бид далайгаас авч байсан удаагүй. Тиймээс арал барьж, өвөлдөө ээлжээрээ өвөлжих гэсэн санааг маань буруутгахаасаа дэмжигсэд олон байх биз ээ. Улаанчулуутын хогоо аваачиж арал барина гэж томроод яахав. Чулуу, элс, хөрс шороо гээд захаас нь жаахан сэмлээд авааччихад нэг байтугай нэлээд хэдэн арал байгуулах боломж бидэнд байна. Ачаа тээврийн хөлс нь их болоод байдаг юм бол Сингапурыг өргөсгөхийн төлөө өөрсдийнхөө хэдэн зуун арлаас элс, шороо экспортолдог Индонезиэс ч авах боломж бий. Ер нь эхний санаачилга нь гараад ирвэл дараагийн боломжуудыг судлаад явчихаж болно шүү дээ. Манай сонины зүгээс санаачилсан арал худалдаж авах санал маань цаашлаад арлаа өөрсдөө байгуулах тухай болж нэмэгдэж байна. Хууль эрх зүйн хүрээндээ ямар боломж байгааг судлаад үзвэл илүү гарцууд хүлээж байхыг үгүйсгэх аргагүй. Өөрсдөө боомтоо байгуулж, далайд гарцтай улс болдоггүй юм гэхэд өвлийн утаанаар өвгөд хөгшид, хүүхэд багачуудаа аваачиж амсхийлгэдэг газартай болъё л доо.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газар болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвсайхан харцага “Ерөнхийлөгчийн цом”-ын барилдаанд хоёр дахиа түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны их шөвгийн дөрөвт аварга Г.Эрхэмбаяр, арслан Н.Батсуурь, заан Ч.Санжаадамба, харцага Б.Пүрэвсайхан нар шалгарч үлдсэн. Г.Эрхэмбаяр аварга цолны эрэмбээр Ч.Санжаадамба зааныг амлаж, Н.Батсуурь арслан Б.Пүрэвсайхан харцага нар тунасан юм. Тунасан хоёр бөхийн барилдаан тун шуурхай болж харцага Пүрэвсайхан Батсуурь арслангийн хөлд нь орж унагалаа. Энэ хоёр бөх өнгөрсөн зун Увс аймагт болсон баруун бүсийн даншиг наадмаар хүч үзэн Батсуурь нь Пүрэвсайханыг бөхийн талбай дээр толгой руу нь цохиж, олныг дургүйцлийг хүргэж байсан удаатай. Батсуурь арслан даагаа нэхээд ийн өвдөг шороодлоо. Эрхэмбаяр аваргаас Санжаадамба заан барьц сонгож давснаар түрүү үзүүрт шалгараад байсан юм.

Ийнхүү үзүүр түрүүний барилдаанд Ч.Санжаадамба заан Б.Пүрэвсайхан харцага нар шалгарч барилдан, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлэв. Ийнхүү тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чансаа өндөр 128 бөхийн барилдаанд хоёр дахиа түрүүлж байна. Түүнд Ерөнхийлөгчийн зарлигаар түрүү бөхийн шагнал, цомыг гардууллаа.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өөрийгөө хатаадаг хүрэм бүтээжээ

Зузаан хүрмээ угаагаад хатахыг нь хүлээх хэрэггүй болох нь. Учир нь өөрийгөө хатаадаг хүрмийг зохион бүтээжээ.

Уг хүрэм нь ердөө 30 минутын дотор хатах ба ирэх 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн 150 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах юм байна.

Хүрмийг хатаахын тулд доод хэсэгт байрлах асаах товчлуурыг дарах ба ингэснээр агаар сорогч ажиллан хүрэм дотуур агаар дүүрч, хатааж эхлэх юм байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Уур амьсгалд дасан зохицдог цагаан будаа тариалж байна

Сүүлийн жилүүдэд Азийн цагаан будаа тариалалтын салбарт уур амьсгалын өөрчлөлт ихээхэн нөлөөлж байна. Усны хомсдол үүссэний улмаас фермерүүд аль болох бага усаар цагаан будаа ургуулах шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байгаа аж.

Одоогийн байдлаар нийт 160 орчим сая га-д цагаан будаа тариалж байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт хүн амын тал хувийн голлох хүнсний бүтээгдэхүүн болж байна. Харин цагаан будаа тариалалтын 90 орчим хувь нь Ази тивд төвлөрдөг. Уламжлалт цагаан будаа тариалах технологиор бол нэг кг цагаан будааг ургуулахад 2500 литр ус зарцуулдаг аж. Энэ нь бусад төрлийн үр тариаг ургуулахад шаардагддаг уснаас даруй 2-3 дахин их хэмжээ билээ.

Үүнийг шийдвэрлэх үүднээс Олон улсын цагаан будааны судалгааны институт уур амьсгалд дасан зохицдог, том хэмжээтэй шинэ сортын цагаан будаа тариалах төсөл дээр ажиллаж эхэлжээ. Шинэ сортын будааг туршилтаар ургуулснаар усыг 30-35 хувиар хэмнэж, хөдөлмөрийн зардлыг ч хэмнэх боломжтой гэж төслийн багийнхан хэлж байгаа юм.

Судалгааны институтынхан 2014 оноос эхлэн Энэтхэг, Бангладеш, Балба, Пакистан зэрэг улсуудад хоёр дахь үеийн уур амьсгалд дасан зохицдог будааны сортыг ургуулах туршилтын тариалалт хийж эхэлжээ.