Categories
мэдээ нийгэм

Уурхайн шороонд дарагдсан гурван хүний сүүлийнхийг нь аврахаар ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороон дахь эдэлбэр газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Х-н бичил уурхайн гүнд гурван иргэн шороонд дарагдсан байсныг аварчээ. Ослын дуудлагыг арванхоёрдугаар сарын 30-ны шөнийн 01:03 цагт хүлээн авч, ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 13 алба хаагч хоёр техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Иргэн Н (37 настай, эрэгтэй), М (23 настай, эрэгтэй) нарын цээж, гар, хөл хэсэг гэмтсэн байсан бөгөөд тэднийг уурхайн гүнээс эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Иргэн Б (22 настай, эрэгтэй)-г гаргахаар аврах ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

“Оны залуу эрдэмтэн” Г.Гантуяад таван сая төгрөгийн шагнал гардууллаа

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны 2015 оны
“Шилдэг залуу эрдэмтэн”-ээр Ус цаг уур, орчины судалгаа, мэдээллийн
хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх төвийн инженер, доктор (Ph.D) Г.Гантуяа
шалгарлаа. Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны хүндэт гишүүн, БСШУ-ы сайд
Л.Гантөмөрийн санаачлагаар энэхүү шагналыг дагалдуулан таван сая төгрөгийн
мөнгөн шагнал олгохоор болж өнөөдөр гардуулан өгөв.

Г.Гантуяа нь Оросын Ус Цаг Уурын Улсын Их
Сургуулийг 2002-2006 онд Бакалавр, мөн тус сургуулийг 2006-2008 онд Магистрын
зэрэгтэй төгссөн бөгөөд 2010-2015 онд Сөүлийн Үндэсний Их Сургуульд Докторын
зэргээ амжилттай хамгаалсан байна. Түүний зарим нэг судалгааны ажлын үр дүнгээс
дурдвал; Улаанбаатар хотын дулаан арлын эрчмийн 1980-2010 оны цаг уурыг
ажиглалтын мэдээ ашиглан хоног, сар, улирал, олон жилийн явц, хандлагыг судалж
Улаанбаатар хотын дулаан арлын эрчим өвөл хамгийн их, зун хамгийн бага, үүнд
үүлшил ихээхэн нөлөөдгийг тогтоожээ.

Түүнчлэн судалгааны ажлын үр дүнгээр
“Asia-Pacific Journal of Atmospheric Sciences”, “Theoretical and Applied
Climatology”, “Meteorology and Atmospheric Physics”, “Russian Meteorology and
Hydrology”, “Scientific Online Letters on the Atmosphere” зэрэг олон улсын
мэргэжлийн сэтгүүлүүдэд есөн өгүүлэл туурвин хэвлүүлж, эдгээр бүтээлүүд нь нийт
23 удаа (scholar.google.com/citations) ишлэгдсэн нь судлаачийн өөрийн шинжлэх
ухааны салбарт хэрхэн амжилттай ажиллаж байгааг илэрхийлнэ. Залуу судлаач
Г.Гантуяа нь гадаад улс оронд зохион байгуулагдсан 11 эрдэм шинжилгээний хуралд
илтгэл хэлэлцүүлж, 2012 оны 8 дугаар сард Ирландын Дублин хотод болсон Хотын
уур амьсгалын олон улсын хурлаас, 2014 оны 2 дугаар сард АНУ-ын Атланта
хотод болсон Америкийн цаг уурын нийгэмлэгийн 94-р хурлаас “Шилдэг илтгэл”
шагналуудыг тус тус хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цахим газар өмчлөлийн V ээлжийн бүртгэл дууслаа

НИТХ-аас баталсан 52 байршилд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж, өнөөдөр 5 дугаар ээлжийн цахим бүртгэл 12:00 цагаас дууслаа.

Энэ удаад шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт, мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8088 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулсан юм. Тавдугаар ээлжийн бүртгэлээр нийт 140 мянга орчим иргэн газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 8088 иргэн газар өмчлөх боломжтой.
Өнгөрсөн жилээс эхлэн НИТХ-аас баталсан 52 байршилд газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж нийт 72 000 иргэн өөрийн өмчийн газартай болсон байна. Ирэх жилүүдэд НИТХ-аас баталсан 52 байршлын үлдсэн байршлуудад болон шинээр баталсан 68 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Элэгний С вирусын эсрэг “Харвони” эм худалдаанд гарлаа

Элэгний С вирусыг эмчлэх эм 2015 оны 12 дугаар
сарын 24-ний өдөр орж ирэн 12 сарын 28-ны өдрөөс эхний ээлжинд эмчилгээнд
хамрагдах 1600 иргэндээ сонгогдсон эмийн сангуудаар худалдаалагдаж
эхэллээ. Элэгний С вирусын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх эгнээнд жагсаж
яваа манай улс ийнхүү ард түмнээ элэгний С вирусын өвчлөлөөс ангижруулах, ажлыг
шинэ оны босгон дээр хийж чадлаа. Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба С вирусын эмийг монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн аж.

Энэхүү
эм нь элэгний С вирусийг 99 хувь устгадаг өндөр үр дүнтэй аж.

Categories
мэдээ нийгэм

МАН-ынхан сайд нарт “Хямралын гацуур” засч бэлэг барив

Өнгөрсөн даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Засгийн газарт гэнэтийн сюрприз барихаар болсноо дуулгаж байсан юм. Тэгвэл өнөөдөр энэ гэнэтийн бэлгээ задалж, бяцхан шуугиан дэгдээгээд амжив.

https://www.facebook.com/buleg.nam/videos/97993666… href=”https://www.facebook.com/buleg.nam/videos/979936668766373/”>”Хямралын Гацуур”-ын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.БЯМБАЦОГТ тайлбар хийлээ.
Posted by Монгол Ардын Намын Бүлэг on Tuesday, December 29, 2015

УИХ дахь МАН-ын бүлгээс Засгийн газарт “Хямралын гацуур” засаж өгчээ. Төрийн ордонд зассан энэхүү гацууртаа Засгийн газрын танхимын гишүүдэд хаягласан ил захидал зүүжээ.

Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Та ажилтай, орлоготой монгол хүн гэж их зарласан. Ажилтай орлоготой бүхэн ажилгүй болж сэтгэлээр унаж байна. Та эрүүл, чийрэг монгол хүн гэж их ярьсан. Эрүүл мэндийн салбар бүрэн утгаараа дампуурч, иргэд айж байна. Та эрдэм боловсролтой монгол хүн гэж их сурталчилсан. Эрдэмтэн мэргэд бүхэн гадуурхагдаж, төсвөө хасуулж байна. Та аюулгүй орчинтой монгол гэж их сэрэмжлүүлсэн. Хулгай дээрэм газар авч хүн бүхэн айдаст автаж байна. Та эрх чөлөөтэй монгол хүн гэж их рекламдсан. Эрх чөлөө хумигдаж, ардчилал алдарч иргэд бухимдаж байна. Таны ярьсан бүхнийг ард түмэн дэмжсэн. Танд хэлэх зөвлөгөө байна. Хэлсэн бүхнээ эсрэгээрээ хэрэгжүүлдгээ зогсоо. Ард түмнээ хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүл. Эс тэгвээс ирэх жил хариуцлага тооцох болно шүү” гэжээ.

Харин Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд “Сахилгын шийтгэл хүлээсэн анхны сайд боллоо. Сайн хөршийнхөө харилцаанд сэв суулгаж хов хутгахаа зогсоо. Эрхэм таны үед элчин сайд, консулын хэрүүл энэ Монголд багтахаа байлаа. Энэ зуны АСЕМ-ийн бэлтгэлийг сайн хангаад, ирэх оноо сайхан угтаарай” гэжээ.

Зам тээврийн сайд М.Зоригтод “Олон улсын нислэгийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн юу болов? Охидын зураг дарахаа больж төрийн ажлаа сайн хий. Яамаа порно студи болгосон тухай яриа гаргасан Ганбатын гомдолд хариу өг. Төмөр замын луйврыг олон нийтэд зарлаж, шинэ оноо сайхан угтаарай” гэсэн байна.

Түүнчлэн Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэд “Барилгын сайд та банкны захирлуудтай уулзаж учраа ол. Байрны урьдчилгааг 10 хувь болгох санаачилгыг ажил хэрэг болго. Найман хувийн зээл дээр шинэ бодлого гаргаж, УИХ-д танилцуул. Намынхныгаа биш барилгын салбараа бодож ажилла” гэжээ

Шадар сайд Ц.Оюунбаатарт “Амлалтаа биелүүлээгүй бол хариуцлага хүлээнэ гэснээ санаж ажиллаарай. Ард түмэндээ амласан таван хувьсгалаа хийж дуусгаарай. Шадар сайдын албыг өгөх шийдлээ дүгнээд, шинэ оноо шударга ёстойгоо угтаарай” гэсэн байна. Гэх мэтчилэн ил захидлыг Засгийн газрын танхимын бүх гишүүдэд илгээжээ.

Уг ил захидлуудын шүлгийг МАН-ын генсек, яруу найрагч Ж.Мөнхбат зохиосон гэх мэдээлэл мөн твиттерт цацагдаж байна.

Categories
мэдээ улс-төр

Банкны нууц задруулсан гэх үндэслэлээр Монголбанкны ажилтныг шалгаж эхэлжээ

Өөрт нь ирсэн захидалтай холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга мэдээлэл хийсэн юм. Ш.Чулуунбаатарын бичсэн захиаг бүрэн эхээр нь сэтгүүлчдэд тараасан юм. Ш.Чулуунбаатар 2011 оноос Монголбанкинд эдийн засагчаар ажиллаж эхэлсэн эхэлсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн фейсбүүк хуудсаараа Монголбанктай холбоотой мэдээлэл тараасанд Ш.Чулуунбаатарыг буруутгажээ. Улмаар ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргаагүй мөртлөө гуравдугаар сараас ажиллуулахгүй байгаа гэнэ. Тэрбээр захиандаа “Монгол Улсын иргэн хүний хувьд өөрийн хууль ёсны эрхээ хамгаалуулах зорилгоор Монголбанкийг хариуцагчаар татан, Иргэний хэргийн шүүхэд хандсан бөгөөд анхан болон дунд шатны шүүхээс үнэний талд буюу миний талд шийдвэр гаргасан юм. Хэдийгээр тийм боловч Монголбанкнаас намайг албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн. 2015 оны аравдугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 164.1-т зааснаар банк, санхүүгийн байгууллагын аж ахуйн үйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж авсан, задруулсан хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна. Иймээс та хууль хяналтын байгууллагад үнэн бодит байдлыг тайлбарлан, энэ хэрэгт намайг гэм буруугүй гэдгийг нотолж өгнө үү хэмээн танаас хичээнгүйлэн хүсье” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Арслан: Г.Аззаяа бид хоёрыг очиход тэр залуу бүх бие нь хөшчихсөн цасан дээр хэвтэж байсан

Б.Сайнбуян гэх залуу энэ сарын 27-ны өдөр Богд ууланд алхаж явахдаа халтирч унаад хүнд гэмтэл авсан байна. Тэрбээр зам товчилж жимгүй газраар явсан гэнэ. Ингэж явахдаа хаднаас халтирч унасан гэнэ. Унахдаа нуруундаа хүнд гэмтэл авч, босч чадахгүй байсан аж. Ингээд уул уруудан мөлхөж хэсэг яваад ухаан алдсан бололтой. Түүнийг сэрэх үед хамаг бие нь хөшчихсөн байсан аж. Ингээд хөр цасан дунд хэвтчихээд “Авраарай. Би энд байна. Намайг авраарай” гэж бусдаас аврал эрэн дуудаж байсан аж. Б.Сайнбуянг бусдаас аврал эрэн дуудаж байхыг хамгийн түрүүнд Г.Арслан сонссон байна. Г.Арслан “Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн юм байна. Мөн 2004 онд Иракт дэлбэрэх бодистой ачааны тэрэгний жолооч террористыг буудан устгаж олон хүний амийг аварч байсан тусгай десантын хорооны дэслэгч Г.Аззаяа гэр бүлийнхээ хамт явж байгаад амийг нь аварчээ. Хүний амь нас аварсан талаар Г.Арслангаас цөөн асуултад хариулт авлаа.

-Таны хүний амь нас аварсанд баяр хүргэе. Ням гаригийн хэдэн цагт Богд ууланд явж байгаад тэр залуутай тааралдсан юм бэ?

-Гэртээ амарч байгаад үдээс хойш Богд ууланд гарахаар гэнэт шийдвэр гаргасан юм. Тэгээд Зайсангийн баруун талаар дээш өгсөж ХААИС-ийн зүүн замаар явсаар “Чингисийн өргөө” амралтын газарт хүрсэн. Машинаа талбай дээр тавьчихаад уул руу алхсан юм. Багцаагаар хоёр километр орчим явсан. 17:30 цагийн үед нэгдүгээр сандал буюу ууланд алхагчдын хэлж заншсанаар нэгдүгээр шувууны “ресторан”-ы сандал дээр суугаад амьсгаа дараад амсхийж байтал хүний ёолох дуу гараад байсан. Чимээ чагнаад сонсоод байсан чинь эрэгтэй хүний “Амь авраарай” гэж сулхан хашгирах дуу уулнаас сонсогдсон. Ингээд дуу гарч байгаа зүг рүү гүйж, чимээ өгсөн. “Би энд байна авраарай” гэж дахин хашгирсан. Ингээд нэгдүгээр шувууны “ресторан”-аас чанх баруун тийш нэлээн огцом 45-50 хэмийн налуу, зарим газраа 60-70 хэм налуу, бас бараг өвдөг хүрсэн цастай, унасан мод буттай тул алхах мөлхөх зэрэгцэн 30 орчим минут явсан. Ууланд битүү цастай жим гараагүй болохоор өгсөх боломж үнэхээр хэцүү байсан. Энэ хооронд дуу дуугаа авалцаад л гүйгээд байсан. Мөн уулын жимээр хүн бууж байж магадгүй гээд “Хүмүүс ээ, энд хүн аврал эрж хашгираад байна. Туслаарай” гэж хэд хэдэн удаа хашгирсан. Миний дуунаар хүмүүс миний араас ирсэн. Бүрэнхий болоод үзэгдэх орчин харагдахгүй болчихсон байсан. Дээш гарахдаа 10-20 алхаад л зүг чигээ олох гээд хашгирахад заримдаа хариу өгнө, заримдаа таг чиг эсвэл заримдаа баруун зүүн талд эсвэл холдоод чулуу хөөлгөөд байгаа мэт сонсогдоод байсан юм. Хад, чулуу модны байрлалаас шалтгаалаад хүний дуу хол ойр сонсогдоод байсан юм билээ. Ингээд явж байтал араас нэг залуу гүйгээд ирсэн. Нөгөө залууд болгоомжтой яваарай гэж анхааруулж хэлсэн.

-Тэгээд юу болсон бэ?

Миний араас ирдэг залуу түрүүлээд очсон. Би ч удалгүй очсон юм. Хар саарал ноосон малгай, гялгар ногоон куртка, өмдтэй, гартаа бээлийгүй залуу цасан дээр хэвтэж байсан. Том том чулууны дунд хэвтчихээд ёолоод байсан. Биеийнх нь байдал маш хүнд байгаа бололтой. Олон цаг хүйтэнд хэвтсэнээс болоод хамаг бие нь хөшчихсөн байна лээ. Ингэж байтал араас таван хүн ирсэн. Бид тэр хүүгийн гар хөл, бугалга шагай зэргийг барьж үзэхэд яс хугарсан шинж тэмдэг илрээгүй. Цүнхэнд явсан халуун цайнаасаа уулгачихаад сугадаж өргөөд доош буулгаж эхэлсэн. Ууланд өгсөхөөс илүү хэцүү байсан. Явган хүний жим орох гэж зүтгэсэн. Духандаа зүүчихдэг гэрэлтэй явсан болохоор буух замыг гэрэлтүүлж явсан. Ингээд утасны сүлжээтэй газраас яаралтай түргэн тусламж, цагдаа, онцгойд дуудлага өгсөн. Бидний амь насыг нь аварсан ШУТИС-ийн архитектурын ангид сурдаг Б.Сайнбуян гэх 18 настай хүүхэд “Би суумаар байна, толгой эргээд байна. Түр зогсъё, хөлөө мэдрэхгүй байна, өглөө 08:00 цагт ууланд гарсан. Хадан дээрээс халтирч унаад нэг хэсэг ухаан алдсан. Тэгээд мөлхөж явсаар байгаад энд хүрсэн. Хүмүүсийг дуудаад байхад ирэхгүй байсан. Их олон хүн намайг амь авраарай гэж дуудахыг сонссон. Манай гэр XVI хороололд байдаг. Утсаа гэртээ орхиод гарчихсан байна лээ” гэж ярьсан. Сүүлдээ ухаан санаа нь орж гараад байгаа бололтой учир нь олдохгүй зүйлс яриад байсан. Тэр хүүг ухаан алдуулахгүйн тулд бид элдэв асуулт тавьж ярилцаж сэргээх оролдлого хийгээд л яваад байгаа юм. Биднийг доор машины зогсоолд 200 метр орчим ойртох үед түргэний эмч жолооч хоёр ирчихсэн угтаж авсан. Бид уулнаас тэр залууг буулгах гэж ядарсан. Гэхдээ эрдэнэт хүний амь нас аварчихлаа гэж бодохоор үнэхээр сайхан байдаг юм байна лээ. Тэр хүүгийн дууг бид сонсоогүй байсан бол осгож амь насаа алдах байсан.

-Таныг гүйцэж ирсэн залуу Иракт мянган цэргийн амь нас аварч байсан Г.Аззаяа гэсэн үү?

-Би эхлээд таниагүй юм. Эхнэртэйгээ ууланд явж байсан юм байна лээ. Доош бууж ирээд эхнэр нь хэлэхээр таньсан шүү. Батлан хамгаалахын яаманд ажиллаж байгаа гэж байна лээ. Одоо хурандаа цолтой болсон гэсэн. Залуу хүн болохоор Г.Аззаяа уул өөд их хурдан гүйж байна лээ. Иракийн Аль Хилла хотын ойролцоо орших Чарли баазыг террористууд овоо хараандаа авч цуст халдлага зохион байгуулахаар төлөвлөсөн байсан гэдэг. Мянган цэрэг хооллодог танхимд Польш, Унгар, Румын, Филлипинээс ирсэн цэргүүд цайлж байх агшинд тэсрэх бодистой ачааны машин баазын хаалгаар орж ирэх үед жолоочийг нь буудаж байсан Г.Аззаяа байна лээ. Нөгөө хүүтэй холбоо барьж чадаагүй. Бие нь хурдан эрүүл болоосой гэж хүсэх байна. Би ганцаараа тэр залуугийн амь насыг аварсан юм биш. Арван хүн тусалж уулнаас буулгасан юм шүү. Тэр хүмүүстээ баярлалаа гэж танай сониноор дамжуулж хэлмээр байна.

Э.Баатар

Categories
мэдээ нийгэм

Шүдний эмнэлгүүдийн багаж, хэрэгсэл нянгийн бохирдолгүй гарсан байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шүдний эмнэлгүүдэд хяналт шинжилгээ хийжээ. Шалгалтад нийслэлийн долоон дүүргийн 96, 20 аймгийн 105 эмнэлэг, 4 кабинет хамрагдсан байна.

205 эмнэлгээс ариун материал, агаар, халдваргүйтгэлийн бодис, усны дээж авч шинжлүүлэн, улсын байцаагчийн 248 дүгнэлт гаргалаа. Үзлэг, эмчилгээнд хэрэглэх ариун багаж, хэрэгслийн 566 сорьц буюу нийслэлд хяналт шинжилгээнд хамрагдсан эмнэлгүүд 100 хувь, аймгуудын 95 хувьд нянгийн бохирдолгүй, ариун гарсан байна. Мөн ариутгал, халдваргүйтгэлийн бодисын дээжинд хийсэн шинжилгээгээр нийслэлд 100 хувь, орон нутагт 98 хувь нь халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлсэн ололттой тал байна.

Гэхдээ эмнэлгийн байрандаа ариутгалын хэсэгтэй 73 эмнэлгийн 55 хувь бохир багаж, материал хүлээн авах, угаалга, халдваргүйжүүлэлт хийх, хатаах, засварлах, боох, савлах, ариутгах, ариун багаж, материал хадгалах тусдаа өрөөгүй, агааржуулалтын системгүй байлаа. Энэ нь ариутгалын чанарт сөргөөр нөлөөлж байна гэсэн үг юм.

Ариутгалаа гэрээгээр хийлгэдэг эмнэлгүүд зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, хэрэглээгүй ариун багаж материалын хадгалах хугацааг баримтладаггүй, удаан хадгалдаг зэрэг халдвар үүсэх нөхцөл бүрдүүлж байна. Цаашид шүдний эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг боловсруулж, батлуулах, цөөн ажилтантай клиникүүд /ялангуяа хувийн хэвшлийн эмнэлгүүд/ чанарын болон халдвар хяналтын баг, дотоод хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодлогын хэмжээнд зохион байгуулалтын арга хэмжээг авч тодорхой болгохыг тусгасан албан тоотыг Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлжээ.

Categories
гадаад мэдээ

Ким Чен Уны ойрын зөвлөх ослоор нас баржээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ойрын зөвлөх Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга, намын улс төрийн төв хорооны гишүүн Ким Ян Гон өчигдөр автомашины ослоор нас барсан тухай “KCNA” агентлаг мэдээлжээ. Талийгчийг оршуулах төрийн ёслол маргааш болох аж. Оршуулах ёслолд удирдагч Ким Чен Ун биечлэн оролцох гэнэ.

73 настай Ким Ян Гон нь Пхеньяний урд хөрш Өмнөд Солонгостой харилцах харилцааны асуудлыг хариуцдаг байжээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард хойгийн хурцадмал байдлыг намжаахаар хил дээр болсон уулзалтад Хойд Солонгосын төлөөлөгчдийг даргалан оролцсон байв. Өмнөд Солонгосын хилийн харуулын хоёр цэрэг газрын тэсрэх бөмбөгөнд өртөн гэмтсэнээс хойгт хурцадмал байдал үүсэж, талууд харилцан их буугаар гал нээсэн билээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ирэх онд 4G систем нэвтэрнэ

Ирэх оноос эхлэн дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем буюу 4G системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллээ. Уг системийг нэвтрүүлэх бэлтгэл ажил өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийгдсэн байна. Тус хорооноос 4G үйлчилгээний зохицуулалтын бичиг баримтыг энэ сарын 30-ны өдөр буюу өнөөдөр батлах бөгөөд он гараад үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг компаниудад олгож эхлэх аж. Ингэснээр ирэх оны дөрөв, тавдугаар сард манай улсад дөрөв дэх үеийн технологи албан ёсоор нэвтрэх бололцоо нээгдэх юм байна.