Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрэн дээр осол гаргасан автобусны компанийг торгожээ

Яармагийн гүүрэн дээр осол гаргаж, багагүй хэмжээний хохирол учруулсан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд арга хэмжээ авчээ. Нийслэлийн Тээврийн газраас автобусны компанийг 250.000 төгрөгөөр, захирал болон инженер техникийн ажилчдыг 60.000 хүртэлх төгрөгөөр торгосон байна. Мөн Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний 6.13 дэх буюу “Хүний амь нас хохироосон, зам тээврийн осолыг хоёр сард хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан бол үүрэг гүйцэтгүүлэгчийн санаачилгаар гаралтын тоог таваас доошгүйгээр бууруулах шийдвэр гаргаж болно” гэсэн заалтын дагуу автобусны компанийн нийт гаралтыг таваар цөөрүүлэх шийдвэр гаргажээ.

Тус ослын улмаас Яармагийн гүүрийг түр хааж, нийслэлийн төсвөөс 77 сая төгрөг гаргаж гүүрийг засварласан юм.

Categories
мэдээ нийгэм редакцийн-нийтлэл

Д.Жаргалсайхан: Монголчууд багийн спортоор дэлхийд өрсөлдөх боломжтойг “Универсиад” наадам харуулсан

Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Доржсүрэнгийн Жаргалсайхантай ярилцлаа.

-Дэлхийн оюутны “Универсиад” наадамд Монголын баг тамирчид оролцоод 50 жил болжээ. Уг наадмын түүхээс яриагаа эхэлбэл ямар вэ?

-Дэлхийн оюутны спортын анхны “Универсиад” наадам 1959 онд Италийн Турин хотноо явагдсан. Монголчууд 1965 оноос эхлэн “Универсиад” их наадамд оролцож эхэлсэн түүхтэй. Тэр үед Унгарын Будапешт хотноо “Универсиад” дөрөвдүгээр их наадам болж манайхан волейболын эмэгтэй, эрэгтэй төрөлд оролцсон. Өнөө жил монголчууд “Универсиад” наадамд оролцсоны 50 жилийн ой тохиож байна. “Универсиад”-ын Монголын анхны аварга нь гавьяат тамирчин Ц.Нацагдорж. Тэрээр далан гурван онд чөлөөт бөхийн 68 кг-ын жинд аварга болж байсан.

Далан долоон онд Болгарын Софи хотноо болсон наадамд ах дүү тамирчид болох З.Ойдов, З.Дүвчин нар аварга болж байсан түүхтэй. 28 удаагийн зуны наадмын 19-д нь манайхан оролцоод байна. Хуучин тогтолцооны үед зөвхөн социалист орнуудад зохиогддог наадмуудад ордог байсан бол 1989 оноос хойш өвөл, зуны спортын их наадмуудад тасралтгүй оролцсон. Заримдаа хүмүүс дэлхийн оюутны спортын “Универсиад” наадмыг Дэлхийн залуучууд оюутны фестивальтай андуурах тал бий. Дэлхийн залуучууд оюутны фестиваль нь социалист системийн үеийн улс төр, соёлын арга хэмжээ байсан. Залуучууд энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөх, үзэл бодлоо илэрхийлэх индэр байж маргаан мэтгэлцээн, соёл урлагийн тоглолт, спортын нөхөрсөг уулзалт тэмцээнүүд болдог байв. Харин “Универсиад” наадам бол дэлхийн спортын тавцанд “Бага олимп” хэмээн нэрлэгддэг спортын олон улсын цогцолбор юм. Зохиогдож байгаа цар хүрээ, оролцогчдын тоогоор олимпийн дараа ордог. Олон улсын оюутны спортын холбоо зохион байгуулдаг юм.

-“Универсиад-2015” наадам өнгөрөгч зун Солонгост болсон. Тэр тухай сонирхуулахгүй юу?

-Универсиад 28 дугаар наадам Солонгосын Гванжу хотноо долдугаар сард болж таван тивийн 137 орны төлөөлөгчид оролцсон. Гванжугийн наадам 18 спортын төрлөөр болж, 272 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Универсиадын үндсэн 10 төрөл байдаг. Солонгосчууд байт харваа, гольф, таэквондо, бадминтон, буудлага, гандбол, сэлүүрт завь, бейсболын найман төрлийг Олон улсын спортын холбооны зөвшөөрлөөр нэмсэн. Наадмын үеэр байт харваа, хөнгөн атлетик, усанд сэлэлт, буудлагын төрөлд “Универсиад”-ын 33 шинэ дээд амжилт, мөн дэлхийн хоёр дээд амжилтыг байт харвааны төрөлд Солонгосын тамирчид тогтоосон. Универсиадад оролцсон баг тамирчдаас нийт 64 орон медаль хүртсэн бол түүнээс 42 орны тамирчид алтан медаль зүүсэн. Бид буудлага, жүдо, сагсан бөмбөг, спортын гимнастик, теннис, усанд сэлэлт, хөнгөн атлетик, ширээний теннис, туялзуур жад, таэквондо, гольф, байт харвааны 12 төрөлд тамирчдаа оролцуулсан. Монголын тамирчдаас жүдо бөхийн төрөлд дэлхийн цомын аварга Д.Сумьяа 57 кг-д алтан медаль, 2013 оны дэлхийн аварга М.Уранцэцэг 48 кг-д хүрэл медаль хүртсэн. Буудлагын 10 метрийн спорт гар бууны дасгалд Э.Даваахүү аварга боллоо. Тэр дэлхий, азийн олон медальт сайн тамирчдыг шигшээ наймд дараалан хожиж түрүүлсэн. Мөн багийн 10 м гар бууны төрөлд мөнгө, 50 метрийн гар бууны зайд хүрэл медалийг Э.Даваахүү, О.Төгөлдөр, Э.Бадамгарав нар авлаа. Ер нь сүүлийн “Универсиад” наадмууд Монголтой газар нутгийн хувьд ойрхон болж бидэнд олон оюутан тамирчнаа оролцуулах боломж олгож байна. Хятадын Шинжинь, ОХУ-ын Казаньд бид баг тамирчдаа илгээж байв.

-Универсиад наадамд багийн спортын төрлийг оруулахад хэр анхаарч байна. Оюутан залуучуудын дунд багийн спортууд өргөн хөгжиж байна уу?

-Ерөнхийлөгчийн энэ онд гаргасан 144 тоот зарлиг цаг үеэ олсон чухал шийдвэр болсон. Бид зарлигийг дэмжин, хэрэгжүүлэх чиглэлд их анхаарч байна. Универсиад наадамд 1965 онд анх оюутнууд волейболын төрөлд улсаа төлөөлөн орж байсан. Энэ удаа бид оюутан залуучуудын дунд хамгийн их хөгжсөн сагсан бөмбөгийн эрэгтэй тамирчдаа хоёр дахь удаагаа Универсиад наадамд явуулсан. Сагсан бөмбөгийн тамирчид 2013 оны Казанийн наадамд Япон, Филиппиний багийг хожиж 16 дугаар байрт орсон бол өнөө жил Швейцарь, Чили, Мозамбек зэрэг орнуудын багийг хожиж, амжилтаа ахиулсан. Энэ нь монголчууд багийн спортын төрлөөр зөвхөн Азидаа өрсөлдөх биш дэлхийд гарах боломж байгааг харуулсан. Монголын баг энэ тэмцээний урьдчилсан шатанд ОХУ, Серби, Мексик, Канад, Монтенегро зэрэг дэлхийн өндөр рейтингтэй багуудтай тоглосон. 2017 онд Тайвань руу эрэгтэй сагсны баг дээрээ эмэгтэй волейболын багаа авч явах зорилттой байгаа. Мөн хөлбөмбөг, гандболын төрлөөр баг тамирчдаа оролцуулах зорилт бий. Хоккейн багийг анх удаагаа 2017 оны Алма-Атагийн өвлийн Универсиадад оруулахаар ярилцаж байна. Тэнд манайхан Канад, ОХУ, Чех, Швед зэрэг орнуудын залуучуудтай тоглох боломж олдоно. Энэ дашрамд дурдахад бид Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээнийг 2016 оны есдүгээр сарын 19-25-нд Улаанбаатар хотноо явуулахаар эрхийг нь авчихсан. Манай эрэгтэй баг уг тэмцээний 2010, 2012 оны хоёр хүрэл медальтай. Эх орондоо болох тэмцээнд амжилтаа ахиулах зорилт тавиад байгаа.

-“Универсиад” их наадамд үзүүлсэн тамирчдын амжилтыг төрөөс хэрхэн үнэлдэг бол?

-Монгол Улсын Засгийн газрын 2014 оны тогтоолоор дэлхийн оюутны “Универсиад” наадмаас медаль хүртсэн тамирчинд мөнгөн шагнал олгох асуудлыг журамласан байдаг. Универсиадын аварга Д.Сумьяа 30 сая төгрөгөөр шагнууллаа. Ганцаарчилсан төрлөөр алт, багаар мөнгө, хүрэл медаль хүртсэн Э.Даваахүү 36 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг гавьяат 10 сая, багаар мөнгө, хүрэл медалийн эзэн болсон О.Төгөлдөр, Э.Бадамгарав нар зургаан сая төгрөгөөр тус тус шагнуулав. Универсиадын төлөөлөгчдийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд хүлээн авч шагналын батламжийг гардуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оюутны спортыг ихээхэн дэмждэг. 2011, 2013 оны наадмуудад амжилт үзүүлсэн тамирчдыг төрийн дээд одон, медалиар шагнасан.

-Таны хувьд оюутны спортоор овоглоод багагүй удлаа. Хагас зуун жилд гаргасан манай тамирчдын амжилтын ихэнх нь тантай холбогдож таарна?

-Монголын үе үеийн оюутан тамирчид “Универсиад” наадмаас нийтдээ спортын долоон төрлөөр (чөлөөт бөх, жүдо, буудлага, шатар, самбо, бүстэй барилдаан, бокс) 11 алт, 14 мөнгө, 25 хүрэл бүгд 50 медаль хүртсэн түүхтэй. Бид тавин жилийн түүхэн ойдоо 50 дахь медалиа хүртсэн сайхан амжилт үзүүлсэн нь бэлгэшээлтэй санагдсан. Миний бие Монголын оюутны спортын холбоог анх 1989 онд байгуулагдахад оюутан байсан. Тэр үед Монголын оюутны холбоонд оюутны спортыг хариуцдаг байлаа. Түүнээс хойш энэ холбоотойгоо 26 жил тасралтгүй явж иржээ. Анх 1993 онд Универсиад наадамд баг тамирчдаа ахлан оролцож байсан. “Багш болох оюутныг биеийн тамирын сургуульд дур сонирхолтой болгон төлөвшүүлэх нь” оюутны спортын сэдвээр ОХУ-ын Томск хотноо 1999 онд докторын зэрэг хамгаалсан. Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүнээр 2004 оноос, ОУОСХ-ны хяналтын хорооны гишүүнээр 2007 оноос хойш сонгогдон ажиллаж байна. Эх орондоо 2002 онд шатрын, 2006 онд чөлөөт бөхийн, 2010 онд боксын дэлхийн оюутны аваргын тэмцээнийг зохион байгуулсан. МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан гурван удаа тасралтгүй сонгогдон Удирдах зөвлөлд нь дээд алба хашиж буй. Энэ манай холбоог олон улсад үнэлсэн үнэлэмж төдийгүй 170 гишүүн оронд улсаа сурталчлах томоохон сурталчилгаа болсон.

-Та “Оюутны спорт-Универсиад наадам” номоо өнгөрсөн онд хэвлүүлсэн. Судалгаагаа үргэлжлүүлж байна уу?

-Миний бүтээлийг Боловсролын яамнаас их дээд сургуулиудын биеийн тамирын сургалтанд ашиглах сурах бичиг болгосон. Уг номноос оюутан залуус Универсиадын талаар олон талын мэдээлэл авч байна. Казахстан болон Москва хотноо “Советский спорт” хэвлэлийн газарт орос, казах хэл дээр орчуулагдан хэвлэгдэхээр болсон. Монголын спортын энэхүү бүтээл орон орны хүмүүст хэрэг болж, хэвлэхээр сонирхож байгааг бодоход сэтгэл сайхан байна. Цаашид судалгаагаа үргэлжлүүлэн Монголын оюутны спортын түүх, Универсиад, оюутны дэлхийн болон Азийн тэмцээнд оролцсон тухай ном гаргахаар ажиллаж байгаа.

Ярилцсан Ө.Манлай

Categories
мэдээ спорт

Кёкүшүзан Д.Батбаярын нэрэмжит “Кёкүшү бияа” сургууль нээлтээ хийлээ

Өнөөдөр Кёкүшү бияа” сургууль нээлтээ хийлээ. Энэ сургууль сумогоос гадна жүдо, чөлөөт, үндэсний бөхийн ангиудтай юм байна. Бөхийн дан ганц төрлөөр бус бусад төрлөөр давхар хичээллэх нь тэсвэр хатуужил, барилдааны ур дүйтэй болоход асар дөхөмтэй гэдгийг багш нар нь онцолж байлаа. Кёкүшүзан Д.Батбаярын байгуулсан тус сургууль 7-11 насны хүүхдүүдийг хамруулах бөгөөд шилдэг сурагчдаа Японд үргэлжлүүлэн сургах юм байна.

Нээлтийн үеэр Кёкүшүзан Д.Батбаяр “Энэ сургуульдаа олон сайхан тамирчдыг бэлтгэн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнд гаргах зорилготой. Мөн эр хүн болох зориг хатуужил олгохоос гадна Японы дэг жаяг, хүмүүжлээр хүүхдүүдийг сургаж, бие хүн болон төлөвшихөд нь эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар ээлжийн бүртгэлээр газартай болсон иргэд нэгдүгээр сарын 4-нөөс бүртгэлээ баталгаажуулаарай

Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн бүртгэл өнөөдөр 12 цагт дууссан. Энэ удаад 140 мянган иргэн газар өмчлөх хүсэлт явуулжээ. Харин эдгээр иргэдээс цахим системээр, санамсаргүй түүврийн аргаар 8088 иргэнийг сонгож авсан юм. Сонгогдсон иргэдэд гар утас, и-мэйл хаягаар нь мэдээлэл очих юм. Ийн сонгогдож, газартай болсон иргэд даваа гаригаас эхлэн бүртгэлээ баталгаажуулах ёстой. Ингэхийн тулд хоёр долоо хоногийн дотор харьяа дүүргийнхээ ЗДТГ-ын байранд очих ёстой. Багануур, Налайх зэрэг алслагдсан дүүргийн харъяат боловч нийслэлд оршин суугаа иргэдийн хувьд Хан Уул дүүргийн ЗДТГ-ын байранд, харин бусад төвийн дүүргийн иргэд харьяа Тамгын газартаа очих юм.

Categories
мэдээ нийгэм

Гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

Манай орны гол, мөрөн, нуурын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам, товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтайгаар зорчихгүй байх, мал туух, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

12 дугаар сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-25 см нэмэгджээ. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Онцгой байдлын ерөнхий газраас мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам, товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтайгаар зорчихгүй байх, мал туух, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

МИ8-ын осолд орсон дөрвөн алба хаагч эмнэлгээс гарчээ

Энэ сарын 23-ны өдөр Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ8 нисдэг цэрэг осолдсон харамсалтай хэрэг гарсан. Ослын улмаас Зэвсэгт хүчинд 17 жилийн турш залуу, халуун насаа зориулан ажилласан нэг алба хаагч амиа алдаж, бусад цэргийн алба хаагчид Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийлгэсээр байгаа юм.

Нийт 10 алба хаагчаас дөрөв нь хагалгаанд орж, зургаа нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн оноштойгоор хагалгаанд орох шаардлагагүй гэж холбогдох албаныхан мэдээллэж байсан. Тэгвэл өнөөдөр дөрвөн цэргийн алба хаагчийн биеийн байдал сайжирч эмнэлэгээс гарч байгаа юм байна.

Categories
мэдээ спорт

Цанын оны шилдэг оюутнууд тодорлоо

“Оюутны аварга 2015” гүйлтийн цанын тэмцээн “Скай
резорт” цанын баазад болж аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээний нээлтийн ёслолд БСШУ-ы сайд Л.Гантөмөр, МУИС, МУБИС,
ШУТИС, ХААИС зэрэг улсын их, дээд сургуулиудын захирлууд оролцож, оюутан
залуусын дунд өвлийн спортыг сурталчилах, хөгжүүлэх талаар чөлөөт ярилцлага
хийсэн юм. “Оюутны аварга-2015” гүйлтийн цанын тэмцээнийг МОСХ,
Монголын цанын холбоо /Ерөнхийлөгч Д.Хишигжаргал/ хамтран зохион байгуулав.

Наадмын нийлбэр дүнгээр: 1-р байр МУБИС, 2-р байр ҮБТДС,
3-р байр МОН-АЛТИУС ДС, 4-р байр БХИС, 5-р байр Аварга дээд сургууль, 6-р байр
ШУТИС тус тус шалгарч өргөмжлөл хүртлээ.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.12.30/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 2001 онд батлагдаж, 2011 онд шинэчлэн найруулсан бөгөөд уг хуулиар хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, үйл ажиллагааны санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулж байна.

Дээрх хуулийн хүрээнд хүн амын зорилтот бүлгийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээг төсөл, хөтөлбөрөөр дамжуулан үзүүлж байгаа боловч хуулийг хэрэгжүүлэх явцад хамрах хүрээ, үзүүлэх үйлчилгээтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүссэн болохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан танилцуулав.

Хөдөлмөрийн зах зээлд томоохон байр суурийг эзэлдэг бичил аж ахуйн нэгжүүдийг чадавхижуулж, ажлын байрыг чанаржуулах, албан бус хөдөлмөр эрхлэлтийг албан хэлбэрт шилжүүлэх хөгжлийн чиг хандлагад хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг нийцүүлэх, түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийн тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хамрах хүрээ, үзүүлэх дэмжлэгийн зааг ялгааг тодорхой болгон, нөөцийг оновчтой ашиглаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагыг үндэслэн хуулийн төслийг боловсруулсан байна.

Тодруулбал, 50 хүртэл сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө болон үйлчилгээний борлуулалтын орлого бүхий нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд үйлчилгээ үзүүлэхээр, 50 сая төгрөгөөс дээш өртөг бүхий үйлдвэрлэлийн хөрөнгө, үйлчилгээний борлуулалтын орлого бүхий жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хүрээнд үйлчилгээ үзүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгаж, улмаар “бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч” гэсэн нэр томьёог шинээр бий болгож, түүнд үзүүлэх дэмжлэгийг хуулийн төсөлд тодорхойлжээ.

Энэхүү зохицуулалтыг бий болгосноор эхлэл төдий бизнесийн үйл ажиллагааг дэмжих, улмаар төсвийн бүрдүүлэлт, нийгмийн даатгал талаас эдгээр аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, жижиг, дунд үйлдвэрт шилжүүлэх боломжийг бүрдэх юм байна. Түүнчлэн хуулийн төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн хүн халуун усанд түлэгджээ

Өчигдөр Сүхбаатар дүргийн 10 дугаар хороо, 13 дугаар байрны жижүүрийн өрөөнд 15мм дулааны шугамын хоолой задарч, дөрвөн хүн түлэгджээ.

Тодруулбал, А /16 настай, эрэгтэй/-ийн баруун гуяны хэсэг, Б /32 настай, эмэгтэй/-ийн нурууны хэсэг, О /49 настай, эмэгтэй/-ийн баруун тохой, Б /22 настай, эрэгтэй/-ны цээж, хүзүүний хэсэг халуун усанд түлэгдэж, улайлт өгсөн байна. Түлэгдсэн иргэдийн биеийн байдал дээрдэж байгаа болохыг албаны эх сурвалж хэллээ. Тэд одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ оны анхны нар харах аяллын тасалбарын үнэ 28000 төгрөг

Шинэ оны анхны нар харах аялалыг УБТЗ-ын Аялал жуулчлалын товчооноос уламжлал ёсоор зохион байгуулах юм байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2002 оноос өнөөг хүртэл зохион байгуулагдсаар ирсэн энэхүү арга хэмжээнд оролцогчид жил бүр нэмэгдсээр байгаа аж. Аялалд оролцохыг хүссэн иргэд УБТЗ-ын аялал жуулчлалын товчооноос 28000 төгрөгөөр тасалбараа худалдан авах боломжтой. Тус аялалын галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс нэгдүгээр сарын 1-ний өглөөний 06 цаг 10 миунтанд хөдлөх юм байна. Шинэ оны нар харах ёслол Багахангай дүүрэг дэхь Хангай зөрлөг буюу Улаанбаатараас 95 км-т болох гэнэ.