Categories
мэдээ цаг-үе

Людвиг ван Бетховен

Хүн төрөлхтний түүхэнд өөрийн бүтээлээрээ мөнхлөгдсөн суут авьяастны нэг бол Германы хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен. Венийн сонгодог сургуулийн төлөөлөгч гэгддэг түүний бүтээлүүд өнөөдөр хүртэл тоглогдсоор байгаа. Тэрээр симфони, дуурь, сонат гээд хөгжмийн бүх л төрлөөр бүтээл туурвисан. Түүний төгөлдөр хуур болон хийлд зориулсан бүтээлүүд нь хамгийн гайхамшигтайд тооцогддог.

Людвиг ван Бетховений “9 дүгээр симфони”, “Сарны сонат”, “Фиделио” дуурь, хожим нь Европын Холбооны сүлд дуу гэгдэх болсон “Баяр баяслын ода” зэрэг бүтээлийг дэлхий даяараа сайн мэднэ. Сонгодог болон романтизмын үеийн томоохон төлөөлөгч хэмээн тодорхойлогдсон Бетховенийг аав нь багаас нь хөгжмийн зохиолч болгохоор бэлдсэн гэдэг. Тэрээр 1770 онд Бонн хотноо төрсөн бөгөөд аав Иохан Бетховен нь хааны ордны дэргэдэх сүмийн дуучин байжээ. Хүүгээ Моцарт шиг агуу хөгжмийн зохиолч болгоно хэмээн мөрөөдөж байсан боловч санасанд нь хүрээгүй гэдэг. Үнэндээ Бетховен нь Моцартаас ч дутахгүй нэртэй уран бүтээлч болж чадсан. Хөгжмийн зохиолч Кристиан Готлоф Нефе гэгчийг Бонн хотноо ирэхэд Бетховен шавь орсон байна. Багш нь бяцхан хүүг авьяастай гэдгийг ч мэдэрчээ. Багшийнхаа ачаар Бетховений анхны бүтээл олны хүртээл болсон. Ингээд 12 настайдаа хааны ордны хөгжимчний туслахаар ажиллах болсон. Гэтэл Бетховений өвөө нь нас барж гэр бүл нь санхүүгийн хувьд тун хүнд байдалд оржээ. Тиймээс ч хүү аргагүйн эрхэнд сургуулиасаа гарсан. Гэсэн хэдий ч биеэ даан латин, франц, итали хэл сурсан байна. Түүнээс гадна маш их ном уншдаг байснаа хожим нь нэгэн захидалдаа дурдсан юм. Уг захидалдаа “Эрдмийн ямар нэгэн зэрэг горилох санаагүйгээр багаасаа л суут хүмүүсийн мөн чанарыг ойлгохыг хичээсэн” хэмээн бичжээ. Тэр үед Бетховен аль хэдийнэ хөгжим зохиогоод эхэлчихсэн байсан. Гэхдээ түүнийгээ олны хүртээл болгохыг яарсангүй. Хожим нь Боннд байхдаа тэдгээр бүтээлүүдээ янзалж улам сайжруулсан гэдэг.

Залуухан Бетховен 1787 онд Вена хотод ирж агуу Моцартад өөрийнхөө бүтээлийг тоглож сонирхуулжээ. Моцарт түүнийг нь сонсоод дуу алдан “Тэр бүх хүмүүсээр өөрийнхөө тухай яриулж чадлаа” хэмээн хэлсэн гэдэг. Ийнхүү хоёр агуу хөгжмийн зохиолч уулзсан түүхтэй. Уг нь Бетховен Моцартад шавь орох бодолтой байсан гэнэ. Харамсалтай нь ээж нь хүндээр өвдсөн тухай мэдээ ирж аргагүйн эрхэнд Бонн руу буцжээ. Удалгүй эх нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж 17 настай хүү өрх гэрээ авч явах хариуцлагатай үүрэг хүлээсэн байна.

Бетховений төрсөн байшин

Найрал хөгжимд ажилд орсон хэдий ч сурч боловсрох хүсэлд автсан залуухан хөгжмийн зохиолч их сургуулийн лекцэнд сууж эхэлжээ. Гэтэл Францад хувьсгал гарсан. Их сургуулийн нэгэн профессор хувьсгалыг магтан дуулсан шүлгийн түүврээ хэвлүүлж Бетховен ч түүнийг дэмжсэн байна. Тэр үед “Эрх чөлөөтэй хүний дуу” нэртэй бүтээлээ туурвижээ. Нэрт хөгжмийн зохиолч Гайдн тухайн үед Англиас Боннд ирж Бетховений бүтээлүүдийг сонсоод өндрөөр үнэлсэн юм. Гайднд шавь орохоор шийдсэн Бетховен Венийг зорьжээ. Гэвч багш, шавь хоёрын аль аль нь сэтгэл дундуур үлдсэн юм. Бетховений ярьснаар багш нь өөрт нь хангалттай анхаарал тавиагүй аж. Харин шавийнх нь хэт зоригтой шинэ санаа, уйтгартай ая хоёрт багш нь сэтгэл дундуур байсан гэдэг. Ийнхүү Бетховенийг өөр багшид хүлээлгэн өгчээ.

Нэрт хөгжмийн зохиолч маань Венад ирсэн даруйдаа хөгжимчний хувьд алдаршсан гэдэг. Түүний төгөлдөр хуураар хэрхэн тоглохыг сонссон хүмүүс өөрийн гэсэн онцлогийг нь биширсэн байна. Гадаад төрхөөрөө ч бусдаасаа эрс ялгардаг байсан тухай бичсэн байдаг. Хувцаслалтдаа төдийлөн анхаардаггүй байснаас гадна арзайсан үсээ самнадаггүй байжээ. Нэлээд зөрүүд, хурц ааштай түүнийг төгөлдөр хуур тоглож байхад нь нэгэн эр хажууд байсан эмэгтэйтэйгээ яриад байсан гэнэ. Үүнд бухимдсан хөгжмийн зохиолч “Би ийм гахайнуудад зориулж тоглохгүй” гэж хэлээд шууд л босч явжээ.

Бетховен энд нойрсож байгаа

Бас нэгэн сонирхолтой түүхийг өгүүлье. Бетховен гүн Лихновскийнд зочилж байх үед тохиолдсон явдал. Гүн Лихновский нь түүнийг шүтэн бишрэгч байсан. Гэрт нь цугларсан зочдод зориулан төгөлдөр хуур тоглохыг хүссэн боловч Бетховен дургүйцэн өрөөндөө орж хаалгаа дотроос нь түгжжээ. Гүн өрөөнийх нь хаалгыг эвдүүлэхэд Бетховен тэднийхээс шууд л явсан байна. Маргааш нь түүнд “Гүнтэн! Миний ямар байгаа нь өөрийн маань ач гавьяа. Гүнтэнгүүд бол хэдэн мянгаараа байдаг, байх ч болно. Харин Бетховен бол ганцхан” гэсэн захидал илгээсэн байна. Хэдийгээр ширүүн ааштай ч найзууд нь түүнийг маш зөөлөн сэтгэлтэй хүн хэмээн ярьдаг байсан гэнэ. Ямар ч бэрхшээл тулгарахад заавал тусална.

Нэрт хөгжмийн зохиолч Венад ирснээсээ хойш бүтээлүүдээрээ олны танил болжээ. Төгөлдөр хуур, хийлд зориулсан хэдэн арван бүтээлүүдээ туурвиж нэг болон хоёрдугаар симфонио бичсэн. 1796 оноос нэрт хөгжмийн зохиолчийн сонсгол нь муудаж эхэлсэн байна. Дунд чихний үрэвслийн улмаас сонсголгүй болсон хэдий ч бүтээлээ туурвисаар байсан гэдэг. Сонсгол нь дахин сэргэхгүй гэдгийг ойлгосон тэрээр Хайлингенштат хэмээх жижигхэн хотод амьдарч бүтээлээ туурвисаар байжээ. Тэр үед бичсэн захидлуудыг Хайлингенштатын захиас хэмээн нэрлэсэн юм. Түүндээ “Хийх ёстой юмаа хийж амжилгүйгээр энэ ертөнцөөс явна гэдэг миний хувьд төсөөлөхийн аргагүй” хэмээн бичжээ.

Алдарт хөгжмийн зохиолч Бетховений “Сарны сонат”-ыг мэдэхгүй хүн үгүй. Энэ бүтээлээ өөрийн шавь гүн Жульетта Гвиччардидад зориулсан гэдэг. Сэтгэлтэй хосууд сартай шөнө уулзаж буй мэт намуухан аялгуу нь дурласан сэтгэлээс төрсөн нь гарцаагүй. Нэрт хөгжмийн зохиолч маань шавьдаа хайртай байсан бөгөөд түүнтэй гэрлэх бодолтой байжээ. Харамсалтай нь Жульета Гвиччардид нь гүн Галленбергийг илүү авьяаслаг хөгжмийн зохиолч хэмээн сонгосон байна. Хэдийгээр нэрт хөгжмийн зохиолчийн хайр сэтгэл нь бүтэлгүйтсэн ч “Сарны сонат” агуу бүтээл нь мөнхөрсөн юм.

Бетховенийг уран бүтээлээ ид туурвиж байхад Францад хувьсгал гарч Наполеон өөрийгөө эзэн хаанаар өргөмжилсөн. Үүнд ихэд эгдүүцсэн Бетховен түүнд 3 дугаар симфонио зориулахаас татгалзсан байна. Хамгийн гол нь өөрийгөө хязгааргүй эрх мэдэлтэй болголоо хэмээн агуу хөгжмийн зохиолч дургүйцсэн аж. Тэрээр Наполеоны эсрэг үзэл бодлоо нэг бус удаа илэрхийлж байсан боловч маш нэр хүндтэй түүнийг эрх баригчид баривчилж зүрхлээгүй гэдэг. Энэ нь суут хөгжмийн зохиолч маань үзэл бодлоороо цаг үеэсээ түрүүлж байсныг гэрчилнэ.

Сонсголгүй болсныхоо дараа Бетховен гэрээсээ гарахаа больжээ. Энэ үедээ хамгийн сайн бүтээлүүдээ туурвисан. Түүний нэг нь “Фиделио” дуурь. Харамсалтай нь энэ бүтээлийг их хожуу үнэлсэн бөгөөд анх Вена хотноо тогложээ.

1824 онд Бетховений алдарт 9 дүгээр симфонийг анх тайзнаа тоглосон. Тэрээр найрал хөгжмийг өөрөө удирдаж симфонийг тоглож дуусахад хүмүүс алга нижигнүүлэн ташиж байсан гэдэг. Харин Бетховен үзэгчид хэрхэн баяр хүргэж байгааг сонсоогүй гэдэг. Хөгжимчдийн нэг түүнийг үзэгчид рүү эргүүлэхэд тэрээр танхимд цугларсан хүмүүс баяр хүргэж байгааг харжээ. Алга ташилт үргэлжилсээр байсан тул цагдаа нар түүнийг хүчээр зогсоож байсан гэдэг.

Жульета Гвиччардид

Бетховен зөвхөн уран бүтээл туурвиад зогсохгүй олон шавьтай байсан. Тэдний нэг нь дээр дурдсан гүн Жульета Гвиччардид. Түүнээс гадна Тереза Брусвин хэмээх бүсгүйд багшилсан. Маш авьяаслаг хөгжимчин бүсгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлэх хүртлээ багш, уран бүтээл хоёртоо үнэнч байсан гэдэг. Германы нэрт төгөлдөр хуурч Доротея Эртман ч нэрт хөгжмийн зохиолчийн шавь байжээ. Тэрээр Бетховений бүтээлийг тоглож алдаршсан бөгөөд багш нь түүнд Сонат №28-аа зориулсан юм.

Людвиг ван Бетховен нь Гёте, Шиллер зэрэг Германы алдарт уран бүтээлчидтэй найз байжээ. Нэг удаа Бетховен, Гёте хоёр Теплице хотод цугтаа салхилж байсан гэнэ. Гэтэл эзэн хаан Францтай таарчээ. Хааныг харсан Гёте зам тавьж өгөөд малгайгаа аваад ёслоход Бетховен хажуугаар нь ажил ч үгүй өнгөрсөн гэдэг.

Нэрт хөгжмийн зохиолч амьдралынхаа сүүлчийн өдрүүд хүртэл уран бүтээлээ туурвисан. Эрэгтэй дүүгээ нас барсны дараа хүүхдийг нь өөр дээрээ авч хүмүүжүүлсэн юм. Хөгжимчин болгохоор хамгийн сайн сургуульд оруулсан байна. Харамсалтай нь дүүгийнх нь хүү мөрийтэй тоглоомд орж амиа хорлохыг хүртэл завдсан байна. Энэ нь Бетховенд сэтгэл санааны хувьд маш том цохилт болж бие нь эрс мууджээ. Тэрээр бөөрний өвчний улмаас 1827 оны гуравдугаар сард хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Түүнийг оршуулахад 20 мянга гаруй хүн ирж салах ёс гүйцэтгэсэн байна.

Одоогоос бараг арван жилийн өмнө буюу 2007 онд Бетховений шарилд шинжилгээ хийсэн. Үсийг нь шинжлэхэд биед нь нэлээд хэмжээний хар тугалга байсныг илрүүлсэн аж. Өөрөөр хэлбэл түүнийг эмчилж байсан эмч нь буруу эм хэрэглэсэн гэдэг. Хэдийгээр Бетховен хорвоогийн мөнх бусыг үзүүлээд олон жил өнгөрсөн боловч түүний зохиосон аялгуу дэлхийн өнцөг булан бүрт эгшиглэсээр байна.

Categories
мэдээ нийгэм

Метр квадратыг нь 1.2 саяар үнэлбэл байрны зээлийн хүү дөрөв рүү уруудахад асуудалгүй л юм байна

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт “Буянт-Ухаа 2” орон сууцны цогцолборын нээлтэд оролцохдоо олны анхаарлыг татсан нэг мэдэгдэл хийлээ. Орон сууцны найман хувийн зээлийн хүүг одоогийнхоос ч багасгах боломж байгаа гэсэн УИХ-ын даргын үг Цэцийн шийдвэрээс болж байрны зээлэнд орох үгүйгээ мэдэхээ больсон хүмүүсийн чихэнд чимэгтэй сонсогдсон нь гарцаагүй. Найман хувийн зээл зогсохгүйгээр барахгүй хүү нь ч буурч магадгүй нь. Орон сууцны бага хүүтэй зээлтэй холбоотой цэцийн шийдвэрээс болгоомжлох хэрэггүй, хуулийг бүх зүйл заалтаар нь дахиж батална гэсэн үгийг зүгээр ч нэг дарга хэлсэнгүй. Хууль баталдаг, шийдвэр гаргадаг УИХ-ын дарга хэлсэн нь олон хүнд итгэл өглөө. Тэр “Найман хувийн ипотекийн зээлийг зогсоосны харгайгаар “Буянт-ухаа 2” хороололд орох байсан 1620 айл байрандаа орж чадсангүй. МАН-ын нүгэл гэж яриад байгаа найман хувийн зээлийн асуудлыг АН ард түмнээ орон сууцтай болгох, барилгын салбараа ажилтай байлгах, утаанаас салах хамгийн зөв зам гэж санаачилсан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарахаас өмнө хэвийн явж байсан ажил. УИХ энэ асуудлыг яаралтай горимоор шийдэж найман хувийн зээл удахгүй сэргэнэ” хэмээн ярьж. Тэгэхээр найман хувийн зээл үргэлжлэх эсэх дээр эргэлзэх зүйл алга. Үргэлжлэхээр барахгүй хүү нь буурна гэдгийг өмнө онцолсон. Харин хэд болж буурах боломжтой вэ гэдэг асуудал л цэцийн шийдвэрээс илүү анхаарал татаж эхэллээ.

Орон сууцны зээлийг зургаан хувь болгох бүрэн боломж байгаа юм билээ. Дөрвөн хувь руу ч оруулахад асуудалгүй гэдгийг албаны эх сурвалж онцолсон. Эдийн засаг талаасаа хэр боломжтой шийдвэр вэ гэсэн асуулт гарч ирэх нь ойлгомжтой. Инфляци гурван хувь руу уруудсан учраас байрны зээлийн хүү буурах бүрэн үндэслэлтэй гэж эдийн засагчид хэлж байна. Инфляци 14 хувь байхад найман хувийн зээл олгож эхэлж байсан. Дажгүй л хэрэгжээд явчихсан. Одоо инфляци гурван хувь. Зургаа байтугай дөрвөн хувь болгох суурь нь аль хэдүйнэ бүрдчихсэн гэсэн үг.

Байрны зээлийн хүүг зургаа юм уу дөрөв болгочихвол эдийн засагт ямар өөрчлөлт гарахыг төсөөлцгөөе. Хамгийн их мөнгө гацаасан салбарын нэг бол барилга. Орон сууцны хоосон барилгууд хотоор нэг байна гэж бичиж мэдээлэхээс хэтрэхгүй сууцгааж байгаа. Зээлийн хүү буурангуут орон сууцны зээл дорхноо сэргээд ирнэ. Ипотекийн зээлээр наян мянга орчим өрх байртай болсон гэсэн статистик бий. Тэгвэл дахиад энэ хэмжээний өрхийг хямд хүүтэй зээлээр байртай болгох боломж байгаа гэсэн тооцоог учир мэдэх улс хийсэн байна лээ. Тэгэхээр барилгын салбарт их мөнгө цутгаж эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл барилгын салбарт гацсан, царцсан мөнгө эдийн засагт эргэлдэж эхэлнэ. Эргэлтэд орсон мөнгө яах нь тодорхой. Бусад салбараа тэтгээд өндийлгөөд ирнэ. Хэрвээ орон сууцны хямд хүүтэй зээлийг сэргээхгүйгээр цаашилъя гэвэл эдийн засагт байгаа мөнгө төсвийн алдагдлыг нөхөхөд л зарцуулагдана. Эдийн засагт ямар ч эерэг нөлөө үзүүлж чадахгүй гэсэн үг.

Байрны зээлийн хүү буурангуут орон сууцны зээл авах хүмүүсийн тоо өснө. Учир нь зээлийн хүү уруудах тусам төлөх мөнгө нь багасна, төлөх мөнгө танагдчихаар орлогын босго намсана. Өдгөө байрны зээл хүссэн хүмүүсээс орлого нь дор хаяж нэг сая 500 мянган төгрөг байх ёстой гэсэн шаардлага тавьж буй. Харин байрны зээлийн хүү буурвал орлогын босго нэг сая болж багасна. Батлан даагч, хамтран зээлдэгч энэ тэр гэхгүйгээр орон сууцны зээлд хамрагдах боломж нээгдэнэ гэдэг иргэдийн хувьд таатай хэрэг.

Нийслэлийн засаг дарга “Буянт-Ухаа 2”-ын нээлтэнд очихдоо 600 гаруй мянган иргэн орон сууцанд орох хүлээлттэй байгаа гэсэн тоо хэлж байсан. Ямартай ч дахиад 80 мянган өрх ойрын хугацаанд байрны зээлд хамрагдах боломж нээгдэх нь. Тэгэхээр шийдвэр нэг талдаа хүндрэл үүсгэсэн ч нөгөө талдаа байдлыг эргэж харах боломж олгосныг өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлууд батлав. Хотын дарга гэхэд л УИХ-ын даргад “Америк, Герман гээд бүхий л орнуудад моргейжийн зээлээр л орон сууцтай болдог практик байдаг. Орон сууцжуулах бодлогын гол эргэлт нь ипотекийн зээл. Иргэдийнхээ үндсэн хэрэгцээгээр битгий улстөржөөч. Хашааны газрыг эргэлтэд оруулах боломж бий болж, УИХ хууль баталсан ч Үндсэн хуулийн цэц бас хүчингүй болгосон. Иргэд яагаад хашааны газраа эргэлтэд оруулж, бизнес хийж болохгүй юм бэ. Иймээс эдгээр шийдвэрийг хатуу анхаарч, УИХ-ын гишүүддээ анхааруулаач” гэж байсан юм.

Засгийн газар 2012 оноос найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 2013-2014 онд 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орсон гэсэн статистик бий. Тэр цагт улсын хэмжээнд 5.2 их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралтын ажил хийгдсэн байдаг. Найман хувийн зээл хэрэгжээд эхлэнгүүт бараг л толгойтой бүхэн байрны зээл хүссэн өргөдлийг банкуудад өгч эхэлсэн. Эрэлт ихсээд ирэнгүүт байрны метр квадратын үнэ өссөн нь бас үнэн. Найман хувийн зээл олгож эхэлснээс хойш гарсан сөрөг гэж хэлж болохоор зүйл гэвэл байрны үнийн өсөлт. Авах хүмүүс нь ихсээд ирэнгүүт барилгын компаниуд байрныхаа метр квадратын үнийг өсгөөд эхэлсэн. Харин одоо орон сууцны үнэ хөрсөндөө буучихаад байгаа. Худалдаж авах мөнгөтэй хүн багассан учраас бодит үнэ рүүгээ орсон гэж шинжээчид онцолж буй. Тэгэхээр орон сууцны зээлийн хүүг бууруулбал шаардлага гэх үү, босго гэх үү нэг зүйлийг тусгаж өгмөөр байгаа юм. Барилгынхаа метр квадратыг бодитойгоор үнэлбэл хямд хүүтэй зээлд хамруулах боломжтой гэсэн хязгаарлалт хийх шаардлага бий. Ухаандаа метр квадратыг нь 1.2 саяар үнэлбэл байрны зээлийн хүү дөрөв рүү уруудахад асуудалгүй гэх гээд байна л даа.

Ямартай ч эдийн засгийг сайнаар харах нэг гарц яах аргагүй орон сууцны хямд хүүтэй зээл болж байна. Зургаа, дөрөв нь яахав, ямартай ч байрны зээлийн хүү буурвал эдийн засагт чамлахааргүй мөнгө эргэлдэх нь. Өөр нэг сайн мэдээ нь мэдээж Оюу толгой. Ирэх жил шууд орж ирэх хөрөнгө оруулалт гэхэд л нэг тэрбум ам.доллар. Хөрөнгө оруулалтын нэг ам.доллар хоёр ам.доллар болж үрждэг гэсэн тооцоогоор бол хоёр тэрбум гаруй ам.доллар эдийн засагт орж ирнэ. Тэгэхээр орон сууцны хямд хүүтэй зээл үргэлжилж, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөж байхад учиртай гэсэн үг. Эдийн засаг ч алзахгүй ээ гээд итгэл төгс урагшилж болохоор л байна.

Categories
мэдээ нийгэм

Манай энхийг сахиулагчид орон гэрээсээ дайжсан хүүхдүүдийг баярлууллаа

НҮБ-ын Бентью баазад үүрэг гүйцэтгэж буй Монгол, Гана улсын энхийг сахиулагчид хамтран зул сарын баярын өдрөөр 126 хүүхдэд өөрсдийн бэлтгэсэн бэлгийг гардуулж өглөө.

Арга хэмжээнд Мужийн зохицуулагч хатагтай Мери Куминс, Монгол, Гана, Зэвсэглэсэн цагдаагийн цэргийн багийн захирагч нар болон Бентью хот дахь НҮБ-ын штабын ажилчид албаны бусад хүмүүс оролцжээ. Орон гэрээсээ дайжсан иргэдийн хуаранд амьдарч буй хүүхдүүдээс 126 хүүхдийг онцлон тэдэнтэй хамт зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, гарын бэлгээр урамшуулсан байна.

Энэ үеэр энхийг сахиулагчид Дотоодын дүрвэгсэдийн хуарангийн хүүхдүүдэд урлагийн тоглолт үзүүлж, гараа хэрхэн зөв угааж хэвших талаар хичээл зааж, тэдний дунд төрөл бүрийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, хамтран дуулж, бүжиглэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд ЗЦГ-ын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана

ЦЕГ-ын даргын арванхоёрдугаар 28-ны б/648 дугаар тушаалаар харъяа анги байгууллага, алба хаагчдыг 2015 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагаас 2016 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлжээ.

Энэ тушаалтай холбогдуулан Замын Цагдаагийн Газрын даргын 2015 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн б/02 тоот тушаал гарч замын цагдаагийн алба хаагчдыг дээрх өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд байгаа ажээ.

Баярын өдрүүдэд ЗЦГ-ын алба хаагчид бүрэн брэлдэхүүнээрээ хөдөлгөөн зохицуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

ҮСХ-ныхон УИХ-ын дарга, Ерөнхий сайдад өргөх бичиг барилаа

Үндэсний статистикийн хорооны нийт ажилтнууд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хамт олны саналыг өргөн барилаа


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

З.ЭНХБОЛД ТАНАА

Улаанбаатар хот 2015 оны 12 сарын 30

Үндэсний Статистикийн Хорооны бүх ажиллагчдын 2015 оны тайлангийн хурлаас гарсан шийдвэрт үндэслэн дараах санал, хүсэлтийг Танд хүргүүлж байна.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, НҮБ-ын Статистикийн Комиссын гишүүн – Үндэсний Статистикийн Хороо нь Монгол Улсын “Статистикийн тухай” хууль болон төрийн бусад хууль тогтоомж, НҮБ-ын албан ёсны статистикийн зарчим, төрийн албаны хэв хэмжээг сахин биелүүлж, үйл ажиллагаагаа бие даасан, хараат бус байдлаар өнөөдрийг хүртэл нэр төртэй гүйцэтгэж ирсэн төрийн захиргааны төв байгууллага билээ. Төрийн хариуцлагатай энэ албыг 90 гаруй жил өртөөлөн гүйцэтгэхдээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн он жилийн түүхийг тоогоор илэрхийлж, дэлхийн статистикийн нийгэмлэгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Харамсалтай нь Таны удирдаж, УИХ-аас гаргасан туйлын хариуцлагагүй шийдвэрээс болж бие даасан, хараат бус тогтвортой ажилладаг төрийн механизм болох статистикийн албаны үйл ажиллагаа алдагдахад хүрч байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ 2030 он хүртэлх хөгжлийнхээ чиг хандлагыг тодорхойлж, түүний гүйцэтгэлийг гаргах, хэрэгжилтийг хянах, байгууллагынхаа чадавхийг нэмэгдүүлэх, бие даасан байдлыг нь хангахад чиглэсэн олон арга хэмжээг авч байхад Монгол Улс түүний эсрэг үйлдлийг хийж байгаа нь статистикийн салбарын хамт олны төдийгүй, статистикийн ач холбогдлыг ойлгож, мэдэрдэг, хэрэглэдэг, олон арван хэрэглэгчдийн дургүйцлийг хүргэж байна.

Бид улсын төсөв хэмнэх нэрийн дор УИХ-аас гаргасан буруу шийдвэрийг тэвчиж, төрийн хууль, дүрмээ ягштал баримталж өдий хүрлээ. Улсын Их Хурлын олонхи гишүүд энэ байгууллагын мөн чанар, ач холбогдлыг ойлгож, хичнээн тэмцээд хүчин мөхсдөж буйг сүүлийн хоёр сар харлаа. Эдийн засагч, нэр бүхий 11 гишүүний нэг сар гаруйн өмнө өргөн барьсан Монгол улсын “Статистикийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар нь хэрхэн саатуулж байгааг бид бас харж байна.

Уг байгууллагыг УИХ-ын зайлшгүй харьяалалд байж, бусдаас хараат бус, бие даасан үйл ажиллагааг явуулах боломжоор нь хангах дараах тодорхой үндэслэлүүд байгааг Танд дуулгая. Үүнд:

  1. Статистикийн үйл ажиллагаа нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт шилжсэнээр НҮБ-ын гишүүн орнууддаа мөрдүүлэхээр заагдсан статистикийн “хараат бус, бие даасан, мэргэжлийн байх” үндсэн зарчим алдагдаж, гүйцэтгэх засаглалын нөлөөлөлд автагдах магадлал өндөр болж, мэдээллийн үнэн бодит байдалд итгэх итгэл буурах болно.
  2. Улс орны хөгжлийн өнөөгийн төлөв байдал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийгэм, эдийн засаг, байгаль орчныг хөгжүүлэх төрийн нэгдсэн бодлого, хөтөлбөрүүд, дунд хугацааны хөгжлийн стратеги, тэдгээрийн хэрэгжилтийг зөвхөн албан ёсны статистикт үндэслэн дүгнэх бөгөөд энэ үйл ажиллагааг засгийн газрын өөрийн шууд харьяа яамны нэг агентлаг хэрэгжүүлэх нь сонирхлын зөрчлийг үүсгэнэ.
  3. Дэлхий нийтээрээ ярилцаж, НҮБ-ын дээд хэмжээний чуулганаар батлаад байгаа “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн 17 зорилго, 169 зорилт, 200 гаруй үзүүлэлтүүдийг олон улсад харьцуулагдахуйц нэгдсэн аргачлал, арга зүйгээр хангаж, хэрэгжилтийг нь тооцож, томьёолох боломжгүй байдалд хүрнэ.
  4. Төрийн байгууллагад мэргэшсэн, тогтвор суурьшилтай албан хаагчид ажилладгийн үлгэр жишээг харуулж буй цөөхөн байгууллагын нэг болохын хувьд сонгууль явагдах бүрт халаа, солиог хийх магадлал нэмэгдэхийн дээр ажилтнуудын зэрэг дэв, шатлал давхар буурч, төрийн албанд шударгаар хөдөлмөрлөх хүмүүсийн итгэл, зүтгэл алдагдана.

Энэхүү үүсээд байгаа нөхцөл байдлыг дахин нэг нухацтай авч үзэж, нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан “Статистикийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай хэлэлцэж, батлуулж өгөхийг Танаас хүсье.

Төрийнхөө энэ хүндтэй албыг олон жил хашиж буй төрийн албан хаагч бидний энэхүү санал, хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж, бидэнд хариу ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Төр түвшин, түмэн олон амгалан байхын ерөөлийг дэвшүүлж, Танд ажлын амжилт хүсье.

Таныг хүндэтгэсэн, Үндэсний Статистикийн Хорооны хамт олон


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,

ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ ТАНАА

Улаанбаатар хот 2015 оны 12 сарын 30

Үндэсний Статистикийн Хорооны бүх ажиллагчдын 2015 оны тайлангийн хурлаас гарсан шийдвэрт үндэслэн дараах санал, хүсэлтийг Танд хүргүүлж байна.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, НҮБ-ын Статистикийн Комиссын гишүүн – Үндэсний Статистикийн Хороо нь Монгол Улсын “Статистикийн тухай” хууль болон төрийн бусад хууль тогтоомж, НҮБ-ын албан ёсны статистикийн зарчим, төрийн албаны хэв хэмжээг сахин биелүүлж, үйл ажиллагаагаа бие даасан, хараат бус байдлаар өнөөдрийг хүртэл нэр төртэй гүйцэтгэж ирсэн төрийн захиргааны төв байгууллага билээ. Төрийн хариуцлагатай энэ албыг 90 гаруй жил өртөөлөн гүйцэтгэхдээ Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн он жилийн түүхийг тоогоор илэрхийлж, дэлхийн статистикийн нийгэмлэгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Гэтэл Таны тэргүүлж байгаа Засгийн газраас боловсруулан оруулсан санал, түүнд үндэслэн гаргасан Улсын Их хурлын хариуцлагагүй шийдвэрийн дүнд тус төрийн захиргааны байгууллага өөрийн хараат бус, бие даасан статусаа алдаж, Засгийн газрын яамны нэг агентлагийн үүрэг гүйцэтгэгч болж хувираад байна.

Нэгэнт үүссэн энэ нөхцөл байдалтай уялдан гарч болзошгүй дараах асуудалд Засгийн газрын тэргүүний хувьд нухацтай, ул суурьтай хандаж, шинээр байгуулагдах агентлагийн удирдлага болон ажиллах боловсон хүчин, байр сууцны талаар зөв, шударга шийдвэр гаргахыг Танаас хүсье.

Статистикийн салбарын хамт олон бид Үндэсний статистикийн хорооны одоогийн удирдлага С.Мэндсайханыг шинээр байгуулагдах Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар томилж, ажиллуулах туйлын хүсэлтэй байгаагаа үүгээр уламжилж байна.

Бид С.Мэндсайхан даргаар удирдуулж, сүүлийн жилүүдэд хамтарч ажиллахдаа түүнийг төрийн жинхэнэ ноён нуруутай албан хаагч, хүнийг дээдэлдэг, аливаа шунаг, шунахай сэтгэлгүй, мэргэжлийн болон төрийн албаны арвин их туршлагатай, шулуун, шударга хүн гэдгийг нь мэдэрсэн. С.Мэндсайхан даргаар удирдуулсан Монгол Улсын статистикийн байгууллагын дэлхийд үнэлэгдэж буй хөгжлийн өнөөдрийн хүрсэн түвшин энэ бүхнийг гэрчилнэ.

Тэрээр томилогдсоноосоо хойшхи 7 жилийн хугацаанд аливаа улс төрийн ашиг хонжоо харж хэнийг ч сольж өөрчлөөгүй бөгөөд төрийн алба хэрхэн тогтвор суурьшилтай ажиллаж, боловсон хүчнээ хэрхэн сургаж, мэргэшүүлдгийг харин харуулж чадсан.

Бид даргынхаа удирдлаган дор урьд өмнө нь хийгдэж байгаагүй олон чухал үйл хэргийг хийж хэрэгжүүлсэн бөгөөд цаашид ч бүртгэлд суурилсан мэдээллийн санг байгуулах, төрийн нэгдсэн сангийн уялдааг хангаж ажиллах чиглэлд өмнөө тавьсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх, түүнчлэн суурийг нь тавьж эхлүүлсэн олон ажлуудыг удирдлагатайгаа хамтдаа байж, амжилттай хийж гүйцэтгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Иймд шинээр байгуулагдах агентлагийн удирдлагыг С.Мэндсайханаас өөр хүнээр томилох аливаа оролдлогын эсрэг хамтдаа тэмцэж, эрх ашгийнхаа төлөө зохион байгуулалттайгаар арга хэмжээнд оролцоход ч бэлэн байгаагаа илэрхийлье.

Статистикийн салбарын хамт олон бид үндэсний статистикийн хороонд зориулан барьж өгсөн, олон арван жил эзэмшсэн байрыг хэвээр нь үлдээхийг Танаас мөн хүсч байна.

Энэхүү байрыг статистикийн үйл ажиллагааг хэвийн явуулахад нь зориулж, ашигладах техник, тоног төхөөрөмжийг нь суурилуулж, 1971 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөр хэрэгжсэн төслийн санхүүжилтээр статистикийн байгууллагад тусгайлан барьж, байгуулж өгсөн байр юм. ҮСХ-ны тэр үеийн ахмадууд уг барилгын суурийг субботникаар барилцаж, барьсан байрны өмнө тарьсан зулзган гацуур мод нь өндрөөс өндөрт ургасан байгааг залуу халаа бид өглөө ажилд ирэх бүртээ харж бахархдаг юмаа.

Бидний хувьд алдаж болшгүй энэ түүхт байранд хэн нэг нь халдаж, эзэмшлийг нь өөрчлөх санаархал хэрэв байвал Та л үүнийг зогсоож чадна.

Статистикийн салбарын хамт олон бид энэ салбарт сэтгэл, зүрхээ зориулж, он удаан жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, төрийн захиргааны мэргэшсэн, чадварлаг боловсон хүчний залгамж чанарыг хэвээр нь хадгалж, аливаа сэлгээг хийлгэхгүй байхыг Танаас эцэст нь хүсье.

Төрийнхөө энэ хүндтэй албыг олон жил хашиж буй төрийн албан хаагч бидний энэхүү санал, хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж, бидэнд хариу ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Төр түвшин, түмэн олон амгалан байхын ерөөлийг дэвшүүлж, Танд ажлын амжилт хүсье.

Таныг хүндэтгэсэн, Үндэсний Статистикийн Хорооны хамт олон

Categories
мэдээ нийгэм

2016 оны өрнийн зурхай

Хонины орд (3.21-4.20)

Хонины ордны хувьд энэ жил хуучин ажилуудаа дуусгаж шинэ,сэтгэл хөдлөгсөн төслүүдийг эхлэх боломж олдоно. Та урьд өмнө ямар нэг шалтгаанаар хойшлуулж хийж чадахгүй байсан ажлуудаа энэ жил эхлэнэ. Дуртай ажлаа эхэлсэнээр шинэ түвшинд гарч албан тушаал ахина.

Та ижил ашиг сонирхолтой шинэ найз нөхөдтэй болж тэднийхээ ачаар амжилтанд хүрнэ.Мөн өөрийгөө бүрэн чөлөөлж хүссэн бүхнээ амархан олж авна.

Үхрийн орд(4.21-5.20)

Үхрийн ордныхыг хүнд ч гэсэн ашиг орлого ихтэй жил угтах нь.Өмнө нь хийж байсан ажилаа тууштай үргэлжлүүл, атаархуу хүмүүс, өрсөлдөгчид ихтэй байх нь, битгий бууж өгөөрэй. Илүү шаргуу ажиллаж бүхнийг ялан дийл. Гол нь хүмүүсийн ая эвийг олж өөртэйгээ хамтарч ажиллах найдвартай түншийг олж чадвал маш их ашиг орлого хүлээж байна.

Мөн та ойрын хэдэн жил төлөвлөсөн аялалдаа гарч, гайхамшигтай газруудыг үзнэ.Та аялалаасаа богц дүүрэн сайхан дурсамжаас гадна шинэлэг сайхан бизнес санаа олж ирэх нь.Та өөрийн нийгмийг байр сууриа илэрхийлэх гадна төрхөндөө ихээхэн өөрчлөлт хийх юм байна.

Ихрийн орд(05.21-06.21)

Ихрийн ордныхны хувьд энэ жил их хүнд зохилт болно.Бүгдийг шинээр эхлэх шаардлагатай болж ч магадгүй,ажилаа солихоос ч аргаггүй байдалд орж мэднэ. Таны орчин тойрон,найз нөхөд өөрчилөгдөж солигдоно.Таны амьдрал тэр чигээрээ гадна нөхцөл байдлаас хамаарна. Та тэдгээрт нөлөөлж чадахгүй нь. Тохиолдолж буй нөхцөл байдлыг амархан давах арга замыг хай.

Сэтгэлээр унах хэрэггүй 9,10 сард таныг хэд хэдэн шинэ боломжууд хүлээж байна. Аманд орж ирж буй шар тосыг түлхэхгүй байж чадвал орлогын хэмжээ чинь хэд дахин өснө. Бардам зан гаргалгүй өөрийгөө зөв удирдавал амжилтанд хүрэх магадлал байна.

Мэлхийн орд(06.22-07.22)

Мэлхийн ордныхон 2015 онд хийсэн ажлынхаа үр шимийг энэ онд амсах нь. Та хамтран ажиллаж байсан түншээсээ эсвэл захиалагчаасаа том санал хүлээн авах юм байна. Энэ хамтын ажиллагаанаас та маш их ашиг олно. Энэ онд гэхдээ бүх зүйл сайн байхгүй. Гэр бүл,хамаатан садны талаас үл ойлголцолтой учирна.

Таныг сонирхолтой аялалууд хүлээж байна. Та аялалаас шинэ танилууд, магадгүй танд хэрэг болох бизнес түнштэй болж буцаж ирэх нь.Мөн та харилцаа тасраад удсан танил, хуучин найзуудтайгаа буцаж холбоо тогтоосноор амьдрал тань баяр жаргалаар дүүрэн байх болно.

Арслангийн орд(07.23-08.20)

Арслангийн ордныхны хувьд энэ жил маш их ашиг орлогтой, сэтгэлд үлдэхүйц жил болно. Та өөрийн бүхийл авьяасаа ашиглаж чадах тийм сонирхолтой төсөл хүлээж байна. Танд энэ ажил маш их ашиг орлогыг авчирна. Хувь заяа тань сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байна,та маш их аз жаргалтай байх болно,энэ жил уйдхааргүй жил болох нь.

Өөрийн хувийн бизнесийн шилдэг санааг бодож ол. Ямар нэг үйлчилгээ, консалтинг, үл хөдлөх хөрөнгөтэй ч холбоотой байж болно. Та өөрийгөө хүндэлдэг,бахархаж явдаг хүмүүсээр тойрон хүрээлэгдэх бололтой. Гол нь та хүмүүст талархаж тэдэнд ч гэсэн хүндэтгэлтэй ханд.

Охины орд(8.23-09.22)

Охины ордны хувьд энэ жил хүнд жил байх нь.Ажилаа авч үлдэхийн тулд илүү их ажиллахаас гадна байнга хүмүүсийн үл ойлголцолтой тулгарна.Ямар нэг асуудал тулгарч таныг гарах замгүй болгоно. Та магадгүй хэт их яадарсан эсвэл бусдын тулгах шаардлагаас хамаарч гарах гарцаа олохгүй байгаа ч байж магадгүй. Та битгий айгаарай,гарах гарцыг зоригтой хай.

Жилийн сүүлээр бүх асуудлууд шийдэгдэж амьдрал тань хэвийн байдалд орно.Агаар салхинд гарч спортоор хичээллэх хэрэгтэй.

Жинлүүрийн орд(09.23-10.22)

Жинлүүрийн ордны хувьд 2016 хөнгөн бөгөөд их таатай жил байх нь.Та болж буй бүх зүйлээс сэтгэлийн таашаал авна,боломж бүрийг өөртөө ашигтайгаар эргүүлж чадна,амьдралынхаа шинэ утга учрыг олно. Мэргэжлийн хүрээнд алдар нэрийг олж, албан тушаал өснө. Ниймийг байр суурь тань шинэ түвшинд гарч ашиг орлого их олно.

Жилийн 2 дахь хагаст мөрөөдөл тань биелэх сонирхолтой аялалд гарах болно.Төлөвлөөгүй гэнэт аялалд явах нь танд олон шинэлэг зүйлсийг авчирна. 2016 онд олон шинэ хүмүүстэй танилцах ч таарч тохирох удаан хугацааны харилцаа үүсэхгүй бололтой.

Хилэнцийн орд(10.23-11.21)

Хилэнцийн ордны хувьд энэ жил урьдчилж таашгүй үйл явдалтай жил болох нь. Жилийг жижиг сажиг зүйлс хийж түүнээсээ их бага орлого олж өнгөрөөх байх. Та өөрөө үр дүнг нь сайн төсөөлөхгүйгээр ашигтай ашиггүй ажилруу царцаа адил үсэрч орох болно. Энэ нь таны амьдралдаа өөрчилөлт хийх гэсэн оролдлогтой холбоотой. Өөрийн тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ухаан муутай хүмүүсийг хайр найргүй ашиглах оролдлого тань сайн зүйл авчирахгүй.Ашигч чанар тань нэр хүндэд чинь муугаар нөлөөлж болзошгүй.

Нумын орд(11.22-12.22)

Нумын ордныхон энэ жил амьдралынхаа гол зорилгыг олно. Та өөрийнхөө дур сонирхолтой ажлыг хийж хувь заяагаа дагна. Олон нийтийн үйл ажиллагаанд их оролцох шаардлагатай болох бөгөөд тэнд олон сонирхолтой хүмүүстэй танилцаж албан тушаал өснө. Өөрийн гэсэн бизнес нээвэл маш их амжилт авчирна,өндөр орлого олно.

Та үл хөдлөх хөрөнгийн асуудал эсвэл таны өмчид халдаж байгаа хүмүүстэй учраа олох шаардлага тулгарна. Энэ нь жилийн сүүлд шийдэгдэнэ, үр дүн нь таныг баярлуулахгүй ч сэтгэл ханамжтай үлдээнэ.Эргэн тойрныхонтой харилцах хандлага өөрчилөгдөнө.

Матрын орд(12.22-01.19)

Матрын ордныхны хувьд хүнд жил болох нь,танд яг тэсрэх бөмбөгтэй талбайд алхаж байгаа юм шиг санагдана. Та зорилгодоо хүрэхийн тулд буруу арга хэрэгсэл ашигладаг хүмүүстэй байнга зөрчилдөх болно. Эрсдэлтэй ажил, найдваргүй хүмүүст бүү хөрөнгө оруулаарай. Та эрсдэлээ зөв тооцвол энэ хөрөнгө оруулалтаас ашиг олох магадлалтай, үгүй бол бөөн асуудал дагуулна.Таныг нүүрэн дээр чинь хэт магтах хүмүүст битгий итгээрэй. Та сурах эсвэл эмчилгээ хийлгэх зорилгоор гадаадад явах шаардлага гарна.

Бумбын орд (1.20-02.18)

Энэ жил их таатай жил байх болно, таатай боломжууд олон гарч ирнэ,та ч боломжийг алдахгүй үр дүнтэй ашиглана. Зөв хүнтэй зөв газраа танилцах нь таны орлогыг өсгөхөөс гадна албан тушаал ахихад тусална. Та хэд хэдэн томоохон ажлыг эхлүүлнэ,энэ нь таныг тэс ондоо түвшинд гаргаж магадгүй өөр улсад амьдрах боломж гарна. Гэхдээ танд атаархасан нэгэн хорлох гэж оролдож магадгүй тиймээс хэнд итгэх, үл итгэхээ сайн бодоорой.Итгэл найдвар даахгүй хүнийг ажилдаа бүү оролцуул.

Загасны орд (02.19-3.20)

Загасны ордныхон 2016 онд олон асуудалтай учирна. Таныг хэн нэгэн уруу татаж буруу замд оруулснаар бүх бурууг та үүрнэ. Бусдын сэтгэл санаа, сонирхолд тохируулж өөрийн төлөвлөгөөгөө байнга өөрчилөх шаардлагатай болно. Тиймээс та өөрийгөө бодож өөрийнхөө эрх ашгийг нэн түрүүнд тавих хэрэгтэй, бусдын ятгалганд бүү авт.

Ямарч шалтгаантай байсан 9-р сарын 2 дахь хагас хүртэл гадагшаа явах төлөвлөгөөгөө хойшлуул.Бусдад биелүүлж чадахгүй амлалтууд өгөх хэрэггүй шүү,хавханд орохтой адил юм болно. Зальтай бай.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ирэх оны сүүлээр “Iphone 7” худалдаанд гарна

“Apple” корпораци жил бүрийн өдийд өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүн болох Iphone гар утасны дараагийн загварыг гаргах эсэхээ мэдэгддэг уламжлалтай. Тэгвэл энэ жил тэгсэнгүй. Үүнийг шинээр зохион бүтээж буй бараа бүтээгдэхүүнийхээ талаар урьдчилан зарлаж байхгүй гэсэн шинэ удирдлагын арга барил гэх өнцгөөс харах нэгэн байхад угаас iphone гар утасны дараагийн цуврал гарахгүй учраас танилцуулгыг нь хийгээгүй гэж ойлгох нэгэн ч байна. Тэгвэл дээрх эргэлзээг тайлсан нэгэн үйл явдал хэдхэн хоногийн өмнө Хятадад боллоо. Тодруулбал Хяталын томоохон үүрэн телефоны оператор компани болох “China Mobile” ирэх оныхоо ажлын төлөвлөгөөг танилцуулахдаа үйлчилгээнд “Iphone 7C” загварын гар утсыг ашиглагдаж эхэлнэ хэмээн мэдэгджээ. 2016 оны сүүлч гэхэд зөвхөн Хятадад “Iphone 7” загварын гар утасны хэрэглэгч 20-30 саяд хүрнэ хэмээн таамаглажээ. Ihone-ийн дараагийн загварын дэлгэцийн хэмжээ 4 инч буюу өмнөх загвараасаа жижиг байх гэнэ. Учир нь хэрэглэгчид 4.7 болон 5.5 инч хэмжээтэй дэлгэж бүхий “Ihone 6” загварын утсыг нэг гараар ашиглахад хүндрэлтэй гэжээ. Тиймээс хэмжээг нь 2012, 2013 оны Iphone 5S шиг болговол зүгээр юм гэх шийдэлд хүрсэн бололтой. Гаднах гэрийг нь Iphone 5-ийн адилаар хуванцар бус төмрөөр хийх аж.

Одоогоор “Iphone 7”-ийн загварын техникийн болон гадаад хэлбэр хэмжээний талаарх ерөнхий үзүүлэлтүүд бэлэн болнсоос бус нарийн загвар нь гараагүй аж. Арга ч үгүй биз. Дөнгөж энэ онд Iphone 6S, Iphone 6S plus үйлдвэрлэгдсэн шүү дээ.

“China Mobile” ирэх оныхоо ажлын төлөвлөгөөнд Iphone гар утасны дараагийн загварыг үйлчилгээндээ нэвтрүүлнэ хэмээн танилцуулжээ

Сонирхуулахад 2007 онд Ihone гар утас үйлдвэрлэгдэж эхэлсэн бол 2008 онд – iPhone 3G, 2009 онд – iPhone 3GS “мэндэлжээ”. 2010 онд Iphone-ийн шинэ загвар болох iPhone 4, 2011 онд – iPhone 4s, 2012 онд – iPhone 5, 2013 онд – iPhone 5s тус тус худалдаанд гарч байсан юм. 2014 онд iPhone 6 болон Iphone 6 Plus, 2015 онд – iPhone 6s and iPhone 6s Plus зэрэг шинэ загваруудаа танилцуулж байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагважав: 7-8 их наяд төгрөгийн хөрөнгө орлого бүртгэгдэнэ гэж төсөөлсөн минь бараг доод хязгаар нь болж мэдэхээр байна

Ил тодын хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 1 хүртэл сунгасан билээ. Энэ хуулийн талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцсаныг “Өдрийн сонин”-ы №306 (5258) дугаараас авч нийтэлж байна.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө.Ийм хуультай болсноор эдийн засагт ямар эерэг өөрчлөлт гардаг юм бэ?

-2008 оны нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 30-ны хооронд Татварын зарим хуулиуд болон Нийгмийн даатгалын шимтгэлийг хэрэгжүүлэх хууль гэсэн өнөөдрийн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай төстэй хууль гарсан юм. Тэгэхдээ зөвхөн татвар, даатгалын хэмжээнд л гарсан хууль л даа.Тухайн үед 2856 компани хамрагдаад 5.6 их наяд төгрөг буюу дөрвөн тэмбум ам.доллартай тэнцэх хэмжээнй орлогоо ил гаргасан байдаг юм.Энэ нь дотоодын хөрөнгө оруулалт болоод явчихсан.Дараа нь 2010 онд Оюу толгойн гэрээ зурагдахад дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсон.Гадаад, дотоодын энэ хоёр хөрөнгө оруулалт манай эдийн засгийг 17 хувьд хүргэсэн юм.Энэ бол цэвэр статистик баримт.Тэр үед нийт компанийн хоёр хувийг л хамруулсан.Бүгдийг нь хамруулж чадаагүй.Орлого оруулж байгаа НӨАТ-ын механизмыг ажиллуулж чадаагүй учир тэр ажил дутуу хагас болчихсон.Үүнийг л гүйцээх гэж явсаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулж, одоо хэрэгжээд явж байна.

Эдийн засгийн 17 хувийн өсөлт маань микро эдийн засаг руу шингээгүй.2013, 2014 онд манайх эдийн засаг руу мөнгөний бодлогоор мөнгө оруулаад буцаагаад эдийн засгаа сэргээе гэсэн чинь сэргээж чадаагүй.Бараг таван тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө орсон ч микро эдийн засаг руу бас шингээгүй, урсчихсан.Тэгээд энэ хоёр зүйл дээр дүгнэлт хийгээд ерөөсөө компани болон иргэдийнхээ санхүүг дахиад шинээр эхлэх хэрэгтэй юм байна.Компанийн гол хүч бол санхүү, татварын тайланг шинээр эхэлж, шинэ бололцоог аж ахуйн нэгжүүдэд олгосноороо аж ахуйн нэгжүүд маань тэр хөрөнгө оруулалтыг шингээдэг юм байна гэж дүгнэсэн.Эдгээр аж ахуйн нэгжүүд маань эдийн засгийн тэр 17 хувийн өсөлтийн үр дүнг өөр дээрээ нааж авдаг юм байна гэдгийг тогтоосон.Гэтэл манай аж ахуйн нэгжүүдийн 98 хувь нь тухайн үедээ хамрагдаагүй юм.Дахиад л 70, 80 хувь нь хуурамч тайлан, баланстай хоцорсон.Хуурамч тайлан баланстай байна гэдэг чинь ямар ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна гэсэн үг.Үүнийг засъя, санхүүгийн шинэчлэлийг хийе гээд л дахиж Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн хуулийг зэрэг хэлэлцүүлээд л явсаар байгаад өнгөрсөн наймдугаар сарын 17-нд батлагдсан юм.

-Хууль хэрэгжээд дөрвөн сар гаруй хугацаа өнгөрөөд байна.Энэ хугацаанд ямар ямар үр дүн гараад байна вэ?

-Хэрэгжиж эхлээд дөрвөн сар болж байгаа ч үр дүн нь 2008 оны макро эдийн засагт нөлөөлж байсан дүр зураг дахиад гарах нь гэж харагдаж байна.Арваад хоногийн өмнө Ерөнхий сайд зарлахдаа 3.5 их наяд төгрөгийн орлого, ажил үйлчилгээ ил боллоо гэж гэсэн.Хууль зүйн байнгын хороон дээр эл хуультай холбоотой зүйлийг ярьж байх үед Татварын Ерөнхий газрын дарга таван их наяд төгрөг бий болчихоод байна гэж байсан.Энэ байдлаар явбал он дуусах үед энэ тоо нэлээд дээшилнэ гэж үзэцгээж байна.Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд 6.1 их наяд төгрөгийн орлого шинээр бүртгэгдлээ гэж зарлалаа.Би энэ хуулийг анх батлуулахаар явж байхдаа 7-8 их наяд төгрөг ил гарна, эдийн засагт байгаа гол хар зах зээлийн бүх мөнгө, ажил, үйлчилгээ бүртгэгдэнэ гэж төсөөлж байсан л даа.Миний тэр тооцож байсан 7-8 их наяд бол бараг доод талын хязгаар болох юм шиг байна.7-8 их наяд төгрөг ил болоод ирвэл буцаагаад дотоодын хөрөнгө оруулагч болоод явчихаж байгаа юм.Хүний өмч хөрөнгө, ажил үйлчилгээ нь албан ёсны бүртгэлтэй болж 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс татвар төлөгч болоод явчихаж байгаа юм.Ингэхээр манай эдийн засгийн нийтийн мөнгө, нийтийн санхүү буцаад л өсөөд явчихна.2009, 2010 онд бий болж байсан үр гарч ирэх гээд байгаа байхгүй юу.Оюу толгойн далд уурхайн гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа.4.4 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг 17 банк гаргахаар боллоо.Нэг ёсондоо дэлхийн санхүү, мөнгөний зах зээлд Монгол буцаад очиж байгаа гэсэн үг. Ийм хүнд үед, дэлхий даяараа уул уурхай тэг заачихсан байхад 4.4 тэрбум ам.долларыг газрын доор хоёр км-ын цаана байгаа уурхай руу дэлхийн 17 том банк хийх гэж байна гэдэг бол маш том эерэг дохио байхгүй юу. Тэгэхдээ бид санхүүгийн шинэчлэлийн зөв зам руу орох гээд байна.Үр дүн нь асар хурдан гарах магадлал өндөр.Үүнд хувь хүний хувьд баярлаж байна.Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хоёулаа сэргэнэ гэдэг маш чухал.Үүнд харин улс төрийн зөв удирдлага хэрэгтэй.Одоо бид өмнөх шигээ тэгж алдаж болохгүй.Мэдээж энэ нөхцөл дахиж гарч ирэхгүй учир бүгдээрээ ухаантайгаар менежмент сайтайгаар асуудлыг шийдэх ёстой л доо.

-Дотооддоо ил болоод гарч ирж байгаа тэр асар их мөнгийг юунд зарцуулах юм?

-2013, 2014 онд авсан зээл байгаа шүү дээ. Дараа жилийн 12 дугаар сараас эхлээд 500 сая ам.доллар төлнө.2017 он гарангуут нэг тэрбум ам.доллар төлнө.Бидний ойрын үед хийсэн ололттой ажил маань ерөөсөө л 1.5 тэрбум ам.долларыг төлөхийн төлөө байх эхний зорилготой.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдахын тулд олон бартаа саад туулсан.Хуулийн нэршлийг л анзаарахад далд, нууц байсан зүйлийг ил болгох шүү дээ?

-Нуугаад далд байсан, бүртгэгдээгүй ажил үйлчилгээ, хөрөнгийг ил болгож байгаа. Сүүлийн 25 жилд бий болгосон өмч хөрөнгөө бүртгүүлээд авъя, эзэнтэй болгочихъё, санхүүгийн тайлан балансаа шинээр эхэлье, компанийн засаглалаа шинэчилье, шинэ гараанаас 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс гаръя гэж байгаа юм. Нэгдүгээр сарын 1-нээс маш олон хууль шинээр хэрэгжиж эхэлнэ.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинээр эхэлнэ.Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулиуд бараг батлагдчих байх.Манай татварын системийн гол хуулиуд бүгд шинээр эхлэх гэж байгаа юм.Мөн Нягтлан бодох бүртгэлийн хууль, Аудитын хууль нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ.Эрүү болон Зөрчлийн тухай хууль ирэх жилийн есдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжинэ.Эдгээр хуулиуд бүгд бизнестэй уялдаатай хуулиуд.Нэг ёсондоо Монгол Улс хууль эрх зүйн хувьд шинэ орчинд орох гэж байна.Тийм учраас шинэ орчинд орох гэж байгаа болохоор өмнөх системд явж байсан бүхнээ устгаад хааж, гортиг татаад улаан шугамнаас цаашаа хамт нэг гараанаас л гаръя гэж байгаа юм.Барианд яаж орох нь тухайн хүмүүсийн овсгоо самбаанаас хамааралтай.Социалист нийгэмд бариаг л тэгшлэх гээд яваад байсан бол одоогийн нийгэмд гарааг л тэгшхэн байлгах.

2008 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай төстэй хууль хэрэглэчихээд яагаад үр дүнг нь гаргаж чадсангүй гэвэл орлого олсон этгээд татвар төлдөг механизмыг ажиллуулж чадаагүй байхгүй юу.2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу НӨАТ-ынхаа тухайн татварын хорин хувийг буцааж авах эрх нь иргэдэд нээгдэж байгаа.Энэ хяналтын систем бол орлого олж байгаа бүх хүнийг хяналтад оруулчихаж байгаа юм.Орлого олсон бол татвараа төлдөг.Хэрэв татвар төлөхгүй этгээд байвал шууд л зах зээлээс шахагддаг тийм механизм ажиллах гээд байна л даа.Нэг ёсондоо цаагуураа хатуу механизм эхэлнэ гэж ойлгож болно.

-Хорин хувийг нь буцаагаад олгодог болбол компаниудын байдал хүндэрнэ гээд байгаа?

-Уучлаарай, Ил тод байдлын тухай хуулиар бүх юмыг нь гаргаад бололцоог нь олгочихлоо.Та татвараа төлөөд амьдар л даа.Татвараа төлдөг компанид энэ нэг их чанарын ялгаа байхгүй.Харин ч бүр эсрэгээрээ давуу талтай.Яагаад гэвэл хоёр хувийг нь буцаагаад өгчихнө, талоныг нь хэвлээд өгчихнө.Хэрвээ хажуух хөрш нь тийм үйлчилгээ өгөхгүй гэвэл тэднийхээр үйлчлүүлэгч орохоо больчихно.Эцсийн эцэст хэрэглэгчгүй бол ямар ч бизнес зогсоно.Та бизнесээ зогсоох уу, өрсөлдөөнд ялагдах уу, татвар төлөхгүй гэсэн цаанаа, мухартаа муу санаатай яваад байя гэж бодвол өөрийгөө жагсаалаас гарч байна гэж ойлгож болно.Тиймээс бий болж байгаа технологийг хурдан хэвшүүлээд талоныг нь хэвлэж өг.Энэ бол хийх ёстой ажил.Тэгээд өгөх ёстой татвараа л өгчих.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль нэлээд уян болж байгаа.Хялбаршуулсан юмнууд маш олон орох юм.Нэг ёсондоо аж ахуй эрхэлж байгаа хүний өсөх, хөгжих бололцоог нь хангахыг зорьсон заалтууд уг хуулинд орж ирэх юм.НӨАТ бол ажил, үйлчилгээ, хөрөнгийн хөдөлгөөнийг хянадаг систем шүү дээ.Энэ систем нэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхлэх юм.

-Ил тод байдлын тухай хууль хар зэх зээлд байсан бүхий л зүйлсийг ил болгож, эдийн засгийг эрүүлжүүлнэ гэж ойлгодог.Энэ хуулиас айж байгаа, айдастай компаниуд олон бий байх?

-Хуучин системээр бол жаахан орлого олж байгаа хүн маш их дарамттай байсан.Хэрвээ татвар төлөхгүй бол нуусан орлогынхоо төлөө хэзээ чиг хэцүү нэртэй газар руу явахад бэлэн болчихоод байсан.Тэрийг чинь ашиглаж элдэв янзын хүнд дарамталдаг тийм систем бий болчихсон.Мафижсан систем л дээ.Та 100 сая төгрөгийн орлого нууснаар бараг 50, 60 сая төгрөгийг нь өгч байж буруу нөхдөөс салж, өөрөө нэг юм амьд гардаг.Тийм аюултай үзэгдэл Монголд бий болчихоод байгаа байхгүй юу.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль үүнийг таслан зогсоож байгаа юм. Одоо та энэ хооронд өмч, орлого, ажил, үйлчилгээгээ ил гарчих л даа. Өгөх ёстой татвараа өгчихвөл таныг хэн ч дарамталж чадахгүй. Татвараас хуурамч шалгалт орж ирдэг ч юм уу, цагдаа хүчний байгууллага дээр дуудагдах зэрэг тийм зүйл алга болно. Нэг ёсондоо хар зах зээл маш их авлига, дарамт, мафижсан юмны үүр болдог байхгүй юу.Ил тодын хуулийн гол онцлог нь энийг наранд ил гаргах.Наранд гарвал та дахиж харанхуй, сүүдэрт байгаа юм шиг айдас хүйдэст автахгүй гэсэн үг.Энэ алтан бололцоог олгож сүүлийн 25 жилд бий болгочихсон юмнуудаа одоо ил гаргачих.Бизнес хийдэггүй ч бай, өмнө нь байсан өмч хөрөнгөө албан ёсных болгоод өөр дээрээ юм уу, өв залгамжлагчдаа өгөөд нэг их сайхан, бардам болж, хаусандаа амьдарч, машинаа унаад морь мал худалдаж аваад дураараа тайван сайхан амьдраач.Сүүдэрт байгаа өмч хөрөнгөө өөрөө ч эдэлж чаддаггүй, өрөөлд ч өгч чаддаггүй байсан.Энэ бол сэтгэлийн там ш дээ.Тэрнээс нь л чөлөөлж байна.Энэ бол буяны ажил юм даа.

-Манай санхүүгийн бүртгэл болон татвар авах систем ер нь хүнд.Компаниуд бүгд ижил тайлан гаргадаг.Энэ нь жижиг компани дээрээ асар их дарамт болдог?

-Үүнээс нь ч чөлөөлөх процесс явж байна л даа.50 саяын орлоготой бол 500 мянган төгрөг тушаагаад жилдээ нэг удаа л тайлан гаргаж өгөөд боллоо.Санхүү, нягтлан бодох бүртгэл чинь өөрөө тусдаа нэг шинжлэх ухаан, тусдаа бизнес болох ёстой юм.Ирээдүйд тийм компаниуд бий болно.Тайланг нь гаргаж өгч тодорхой хэмжээний ажлын хөлс авдаг.Гаргасан тайлан нь албан ёсных болоод явдаг.Ингэж явбал жижиг, дунд хэмжээний аж ахуйн нэгж, гурван хүнтэй компани байлаа гэхэд 300 мянган төгрөг төлөөд албан ёсны тайлангаа гаргуулаад явах тийм зохицуулалт руу орох юм.Тэгж байж бид нягтлан бодох, санхүүгийн хүнд юмнаас жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүсээ чөлөөлөх ёстой.Одоо бид жижиг, том гэлтгүй адилхан юм өгөөд байхаар жижгүүд нь сөхөрчихөөд байгаа юм.Гэх мэтчилэнгийн зохицуулалтууд ирэх сарын 1-нээс эхэлнэ.

-Одоо хугацаа маш бага үлдлээ.

-Шинэ жилийн баяр, ёолк болдгоороо болно.Дараа жил ч болно.Яг энэ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар гаргасан санхүү, татварын таатай орчин дахиж бий болохгүй шүү.Тийм учраас алтан боломжийг ашиглаж бололцоотой юмнуудыг хийгээд аваарай. Хугацаа дуусангуут цэвэр баланс тайлантай, бүх юм тэгээс эхэлсэн байх юм.Энэ хуулийн хүрээнд сайн дураар гэсэн айхавтар үг яваад байгаа.Үүнийг хүн болгон анхаарч унших хэрэгтэй. Хэрвээ сайн дурын үндсэн дээр таван төрлийн татвартай холбоотой тайлан балансуудаа ил болгоогүй тохиолдолд татвар, нийгмийн даатгалын шалгалт, гаалийн шалгалтад ороод зөрчил илэрвэл байх ёстой татварыг нь ч авна, хүү, алданги торгуулийг нь ч авна. Тэр байтугай эрүү, захиргааны хариуцлага хүлээлгэх бүх юм нээлттэй байгаа.

Танай компани зөв тайлан баланстай зөв, шударга явж байгаа ч гэлээ бүх компани сайн дураар ил тодын маягтыг бөглөж өгөөрэй. Сайн дурын үндсэн дээр өгсөн тэр маягтуудыг дахин аливаа юманд, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад ашиглахгүй гэж хуулинд заачихсан байгаа.Бүх компани хамрагдах ёстой.Хэрвээ бүжиглэж, баярлаж яваад үүнд хамрагдаж чадалгүй үлдвэл харамсалтай байна.Энэ хууль шиг сурталчилгаа, танин мэдэхүйн сургалт явуулсан ийм хууль Монголд байхгүй шүү.Алтан боломжийг ашиглаж чадахгүй алдчихаад, дараа нь янз бүрийн зүйл болбол өөртөө л гомдоорой гэж хэлье.Хэрвээ үлдэж байгаа хугацаанд төрийн талаас хийх ёстой ажлаа амжуулаагүй тохиолдолд дараагийн авах арга хэмжээ байгаа ч үүнд нэг их битгий найдаарай.Үүнд хүмүүст найдаад орхичихож болохгүй.Хэдэн мянгаараа дугаарлаад амжихгүй таслуулбал төрөөс л юм гуйх хэрэг гарна л даа.

Categories
мэдээ нийгэм

Маргааш бүх банк, худалдааны төв хуваарийн дагуу ажиллана

Баярын өдрүүд тохиож байгаатай холбоотойгоор томоохон худалдааны төв болон арилжааны банкууд ажиллах, амрах цагийн хуваариа танилцуулж байна. Томоохон худалдааны төв сүлжээ дэлгүүрүүд энэ сарын 31-нд ердийн хуваарийн дагуу ажиллах бол нэгдүгээр сарын 1-нд амрах юм байна. Мөн Худалдаа хөгжил, Хаан, Хас, Төрийн банк, Капитал банкууд өнөөдөр, маргааш хуваарийн дагуу бүх салбарууд нь ажиллах бол Голомт банк маргааш, нөгөөдөр хоёр өдөр амрах аж.

Харин бусад банкууд нэгдүгээр сарын 1-нд бүх нийтээр амарч, нэгдүгээр сарын 2-нд зарим салбарууд нь ажиллах аж. Хэрвээ таньд банкны ямар нэгэн үйлчилгээ хэрэгтэй бол банкуудын лавлах утас руу залган ажиллаж буй хуваарийг мэдэх боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Таван богд трейд”-д хэвлэх үйлдвэр шилжлээ

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тав дахь удаагийн хуралдаан 12 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн тав дахь заалт, Худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн Монгол Улсын иргэн З.Пүрэв-Очир, “Эко тунамал” ХХК, “Таван богд трейд” ХХК-иудад “Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ” олгох асуудлыг хэлэлцэв. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийн барилгын “Өмчлөгчийн эрх”-ийг иргэн З.Пүрэв-Очирт, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны “Өрхийн эрүүл мэндийн төв”-ийн хуучин барилгын “Өмчлөгчийн эрх”-ийг “Эко тунамал” ХХК-д, Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар сонин”-ы хэвлэх үйлдвэрийн барилгын “Өмчлөгчийн эрх”-ийг “Таван богд трейд” ХХК-д шилжүүллээ.