Categories
мэдээ нийгэм

Есөн сумын эмнэлэгт түргэний машин өгчээ

Эрүүл мэнд, спортын
яамнаас шинэ оны босгон дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 6 аймгийн 9
сумын эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэсэн Ниссан маркийн тусгай зориулалтын
түргэний машиныг хүлээлгэн өгсөн байна. Машины түлхүүрийг Эрүүл мэнд, спортын
сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга
С.Ламбаа нар гардуулжээ. Эрүүл мэнд, спортын сайдын багцаас Улаанбаатар хотын 9
эрүүл мэндийн байгууллага, 18 аймгийн эмнэлэгт нийт 47 түргэн тусламжийн
машиныг олгохоор сонгон шалгаруулалт явуулж, гэрээ байгуулсан аж. Өмнө нь 8
түргэн тусламжийн машиныг нийлүүлээд байсан бол өнөөдөр Говь-Алтай аймгийн
Эрдэнэ, Сүхбаатарын Асгат, Ховдын Ховд, Мөст, Хөвсгөлийн Төмөрбулаг, Хэнтийн
Батноров, Төв аймгийн Аргалант, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Өмнөговийн
Мандал-Овоо сумдын эмнэлгийг ийнхүү машинаар хангаж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөө орой Чингисийн талбайд “Мөнгөн шөнө” цэнгүүн болно

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг шинэ жилийн цэнгүүн өнөөдөр Чингисийн талбайд 21:00 цагаас эхэлнэ. Цэнгүүнд хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Beat Box Ray, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож, урлагийн тоглолт сонирхуулж, шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглох юм.

21.00:Чингис хааны талбайд хуран цугласан иргэд, залуучуудад амьд хөгжмийн хамтлагууд уран бүтээлээ толилуулна.

21.00: Beat Box Ray /1 номер/

21.05: хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн /1 номер/

21.10:Хөтлөгч: Дуучин Солонгоогийн танилцуулга /2 дуу/

21.20: Хөтлөгч: Дуучин A Cool танилцуулга /2 дуу/

21.30: Хөтлөгч: Дуучин Тэнүүний танилцуулга /2 дуу/

21.40: Хөтлөгч: Дуучин Аминагийн танилцуулга /2 дуу/

21.50: Хийлч Дээгий/1 номер/

21.55:дуучин Өнөрөө /3 дуу/

22.10: Хөтлөгчид: Шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид “ҮЙЛСИЙН САЙХАН УЛААНБААТАР” мюзиклаа толилуулахад бэлэн болсныг танилцуулна.

22.15: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын эхний хэсэг (LED дэлгэцээр мюзиклын ерөнхий утга санаа гарч, дуучид бүжигчид тайзнаа мюзиклын дууг дуулж, бүжиглэнэ) (20 мин)

22.35: Хөтлөгчид: DJ БАЧКА-г танилцуулна.Үзэгчдийг бүжиглүүлнэ.
Хөтлөгчид Нийслэлд болсон 2015 оны бүтээн байгуулалтын тоймыг үзэгчдэд хүргэнэ.

22.40: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 2 дахь хэсэг (25 мин)

23.05:DJ БАЧКА болон Хөтлөгчид үзэгчдийг бүжиглүүлэн хөгжөөнө .
Хөтлөгчид: Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2015 онд болсон бүх үйл явдалын тоймыг үзэгчдэд хүргэнэ.

23.10:“Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 3 дахь хэсэг (20 мин)

23.30: Хөтлөгчид: Мюзикл гэж юу вэ? Шинэ жил гэж юу вэ? Гэсэн сэдэв хөндөж үзэгчидтэй ярилцах
Үзэгчдийг Бүжиглүүлэх

23.35:“Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 4 дахь төгсгөлийн хэсэг (10мин)
Жүжигт оролцож байгаа гол дүрүүд гэнэт айсуй яваа Өвлийн өвгөн аавыгаа олж харах ба Өвлийн өвгөн цасан охидын хамт Чингисийн талбайд орж ирнэ.

23.45:Бүх жүжигчид Шинэ жилийн дууг хамтдаа дуулан Өвгөн аавыг хүлээн авна.
Хөтлөгч: Өвлийн өвгөн, цасан охидыг угтан авахыг хүснэ. Өвлийн өвгөн, цасан охидын хамт тайзны өмнө хүрэлцэн ирнэ.Өвлийн өвгөн мэндчилгээ дэвшүүлэн нийслэлчүүдтэй мэндчилнэ.

23.55: Хөтлөгч: Өвлийн өвгөнийг цасан охидын хамт хүсэн хүлээсэн мөч ирж буйг зарлана. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүлийг тайзнаа урьж, шинэ оныг хамтдаа тоолон угтахыг урина.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл үг хэлнэ.
/Фанфар/

23.59.50: Шинэ жил гарахаас 10 секундын өмнө хонх дуугарч эхлэнэ.Хонхтой цуг тоо болон хотын тухай дүрслэл гарч Нийслэлийн удирдлагууд талбайд цугласан иргэд, хөтлөгч нарын хамт 10-аас доош тоолон шинэ он гарна.

00.00:Шинэ он гарахад Салют буудаж эхэлнэ.

00.00: “Үйлсийн сайхан Улаанбаатар” нийт уран бүтээлчид

00.10:Үйл ажиллагаа өндөрлөх

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Монгол орны үзэсгэлэнт өвөл

Байгалийн гэрэл зураг сонирхогч Б.Баярын гэрэл зургуудаас хүргэж байна. Монгол орны дөрвөн зүгт явж гэрэл зураг авдаг тэрбээр Япон, Итали, Франц зэрэг оронд үзэсгэлэнгээ гаргаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хоолны хордлогот халдвараас сэргийлье

Нийт иргэддээ хоолны хордлогот халдвараас сэрэмжлүүлж, дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

Хоол хүнсийг худалдаж авахдаа зөв сонголт хийх:
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах
  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх
  • Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах
  • Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх
  • Усыг буцалгаж хэрэглэх
  • Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах
  • Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших

Хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах, ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Талбайн баруун, зүүн талын замыг хаана

Шинэ жилийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн газрын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, гудамж замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллаж байгаа юм.

Өнөө орой Чингисийн талбайд зохион байгуулах арга хэмжээтэй холбоотойгоор оройн 20 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл талбайн баруун зүүн талын замыг бүрэн хаана.

Иймд зорчигчид та бүхэн энэ чиглэлийн замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг сануулж байна. Мөн үйл ажиллагааны үеэр талбайн ойр орчмын төлбөртэй зогсоолууд үнэ төлбөргүй үйлчлэх тул тээврийн хэрэгслээ зогсоолд зөв байршуулан бусдадаа хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

Н.Хэрлэн 29 секундэд Улаанцутгалангийн мөсөнд авирч хурдны авиралтын рекордыг эвджээ

Өвөрхангай аймгийн БатӨлзий сумын нутаг дахь Улаанцутгалангийн хүрхрээнд Мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн билээ. Энэхүү тэмцээн нь Дэлхийн уулчдын холбооноос гаргасанУул, усаа хамгаалъяуриан дор зохион байгуулагдсанаараа онцлогтой болсон юм. Тэмцээнд 14 багийн 100 орчим тамирчин 14-17 нас, 18-35 нас, 36 наснаас дээш гэсэн ангиллаар өрсөлдөж шилдгээ тодруулсан юм. Энэ удаагийн тэмцээнд зөвхөн нийслэл гэлтгүй хөдөө орон нутгаас олон тамирчид ирсэн гэж Монголын үндэсний уулчдын холбооны дэд ерөнхийлөгч А.Батсүх онцолж байлаа.

АХ ДҮҮ ХОШОЙ АВАРГА

Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлж хошой аварга болсонМонгол даатгалкомпанийн тамирчин, спортын мастер Э.Нямбаяр:

Та мөсөнд авиралтын спортод хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

-2010 оноос спорт авиралт буюу хаданд авиралтын төрлөөр хичээллэж байна. 2012 оноос хойш мөсөнд авиралтын тэмцээнд тасралтгүй орж ирсэн. Харин уулын спортоор өнгөрсөн жилээс эхэлж хичээллэж байгаа. Би аль л авирч болох зүйлд авирах тамирчин хүн.

Тамирчдаас гадна гадаад, дотоодын олон үзэгчид ирсэн байсан?

-Мөсөнд эгц босоо, хүнд авиралтыг хийх боломжтой байдаг. Үүнээс гадна зөвхөн өвөл авирдгаараа их сонирхолтой. Энэ төрлийн авиралт хийдэг тамирчид хүйтэрч Улаанцутгалангийн хүрхрээг хөлдөхийг тэсч ядан хүлээнэ шүү дээ.

Таны хувьд мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж байсан санагдана?

-Өнгөрсөн тавдугаар сард Орост болсон мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцсон. Энэ багт би багтаж олон орны шилдэг авирагчидтай өрсөлдөх боломж олдсон.

Хичнээн орон оролцсон бол?

-Дэлхийн 20 орчим орны хамгийн шилдэг гэгддэг тамирчид өрсөлдсөн. Манайх багаараа зургадугаар байрт шалгарсан. Мөсөнд авиралтын спортыг гаргаж ирсэн гэдэг утгаараа Оросын тамирчид одоогоор дэлхийд ур чадвараараа тэргүүлж байна. Мөн Франц, Швейцарь, Солонгос улсын тамирчид сайн. Манай улсын тамирчдын чадвар дутахгүй.

Танай удамд спортоор хичээллэдэг хүн бий юу?

-Сая энэ тэмцээний бага насны эмэгтэй ангилалд манай дүү Э.Энхзул тэргүүн байр эзэлж хошой аварга болсон. Би өнгөрсөн жил түрүүлж байсан. Энэ жил дахин түрүүлж хошой аварга болоод байна. Манай дүү дэд мастер цолтой. Өөр нэг их спорт гээд байх хүн байхгүй. Эмэгтэй дүү маань намайг дуурайгаад экстрем спортод их сонирхолтой. Хэрвээ өндөр ууланд авирч байгаад сүхээ алдвал дахин цааш авиралтыг үргэлжлүүлэх боломжгүй болдог. Багажгүй цааш явах боломжгүй шүү дээ. Эргэж буугаад сүхээ аваад дахин авирах боломж ч байхгүй.

ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ МАСТЕРУУДТАЙ ӨРСӨЛДӨЖ АВАРГАСАН ОЮУТАН ОХИН

Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн МУБИСийн оюутан, дэд мастер О.Ууганцэцэг:

Таны ангилалд хичнээн хүн өрсөлдсөн бэ?

-Эхний шатанд нэг минут 29 секундын үзүүлэлттэйгээр финальд оролцох эрхтэй болсон. Харин финалийн шатанд нэг минут 50 секундын хугацаанд авирсан.

18-35 насны эмэгтэйчүүдийн ангилалд 30 гаруй тамирчин өрсөлдсөн. Надаас бусад нь спорт авиралтаар олон жил хичээллэсэн, спортын мастер хүмүүс байсан. Бусад авиралтын төрлөөс хамаагүй хүнд л дээ. Нэмэлт багаж хэрэглэхээс эхлээд техникийн үзүүлэлт өндөр. Тиймээс их сандарч байсан.

Энэ төрлийн спортоор хэзээнээс эхэлж хичээллэх болсон бэ?

-Миний хувьд хиймэл болон байгалийн хаданд авирдаг. Мөсний авиралтад гурав дахь удаагаа оролцож байгаа.

Яагаад заавал энэ спортыг сонгох болов оо. Эмэгтэйчүүдэд хүнд спорт санагддаг?

-Би Дархан аймгийн харьяат. Одоогоор МУБИС-ийн спорт аялал жуулчлалын ангид суралцаж байна. Миний мэргэжилтэй холбоотой. Хичээлийн программын дагуу хаданд авиралт хийдэг байсан. Тэгэхэд их таалагдсан. Ер нь уулын спорт эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, авьяас туршлага их шаарддаг.

Н.ХЭРЛЭН УЛААНЦУТГАЛАНД 29 СЕКУНДЫН ДОТОР АВИРЧ РЕКОРД ШИНЭЧИЛЖЭЭ

Энэхүү тэмцээний үеэр Монголын мөсөнд авиралтын хурдны рекордыг эвдсэн түүхэн явдал болсон байна. Учир ньСутайн боруулын клубийн тамирчин Н.Хэрлэн эхний шатанд 24 секундэд авиралтаа гүйцэтгэж хурдны гайхамшигийг харуулав.

Та Монголын мөсөнд авиралтын рекордыг эвдсэн гэсэн?

-24 секундийн хугацаанд авиралтаа гүйцэтгэсэн. Өмнө нь ийм амжилтыг хэн ч гаргаж байгаагүй юм билээ. Мөсөнд авиралтын тэмцээний онцлог нь эхний шатанд нь хурдны үзүүлэлтийг гол шалгуураа болгодог. Харин финалд мөсөнд авирахдаа хэрхэн багажаа ашиглахаас эхлээд техникийн ур чадварыг харж шилдгийг тодруулдаг байгаа. Финалд өрсөлдөөд гуравдугаар байр шалгарсан.

Өмнөх рекорд нь хэдэн секунд байсан юм бэ?

-Өнгөрсөн жилийн яг өдийд гучин хэдэн секундэд авиралт хийж байсан гэсэн.

Мөсөнд авиралтын спортоор хэр удаан хичээллэж байгаа вэ?

-Спорт авиралт буюу байгалийн хаданд гурван жил авирч байна. Энэ жил мөсөнд авиралтын тэмцээнд анх удаа ороод энэхүү амжилтыг эвдсэндээ үнэхээр баяртай байна.

Танай аав бас мэргэжлийн уулчин хүн гэж сонссон?

-Тийм ээ. Би Говь-Алтай аймгийн Тонхил сумынх. Миний аав спортын мастер хүн бий. Хүүхэд байхын л аавынхаа сонирхолд автаж, уул хаданд авирах болсон. Би экстрем спортод дуртай. Тиймээс аавдаа маш их баярлалаа гэж хэлье.

Сурдаг уу. Цаашдаа олон улсын чанартай тэмцээнд оролцох уу?

-Одоо ШУТИС-д дулааны инженер мэргэжлээр сурч байгаа. Мөсөнд авиралтын тэмцээн 2022 оны өвлийн олимпод орох магадлалтай гэгдэж байгаа. Тиймээс би цаашдаа энэ спортоор сайн хичээллэж, бэлтгэл сургуулилтаа сайн базааж олимпод өрсөлдөж эх орныхоо нэрийг гаргахыг маш их хүсч байна гэв. Мөн тус тэмцээний хамгийн содон явдал нь бага насны ангилалд түрүүлсэн Ч.Мандахбаяр тамирчны амжилт байлаа. Тэрээр өдгөө 15 настай ШУТИС-ийн дэргэдэх МСҮТ-ийн оюутан юм. Ч.Мандахбаяр өөрийн насны ангилалд түрүүлснээр насанд хүрэгчдийн ангилалд оролцох боломжтой болсон бөгөөд спорт авиралтын шилдгүүдтэй эн тэцүү өрсөлджээ. Түүний хурд хүч, техникийг уулын спортын тамирчид болон сонирхогчид ихэд үнэлжээ.

Харин багийн дүнгээр энэ удаа “Монгол даатгал” компанийн багийнхан тэргүүн байр эзэлсэн бол аман хүзүүнд Монголын үндэсний спорт авиралтын холбоо, гутгаар байрт Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” уулын клубийн тамирчид оржээ.

“Сутайн бор” клубийн тэргүүн Х.Нямдоо уулын спортын мастер бөгөөд өдгөө залгамж халаагаа бэлтгэж, Монгол Улсад уулын спортыг хөгжүүлэхийн тулд их зүйл хийж яваа нэгэн гэж тамирчид ярьж байсан. Тэрээр энэ удаагийн мөсний улсын аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэж явуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрут

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу иргэд, олон нийтийг хамарсан
ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр
хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна.

12 дугаар сарын 31-нд болох “Мөнгөн шөнө” нэгдсэн үйл ажиллагаа
өндөрлөсний дараа 00:30 цагаас их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18
нийтийн тээвэр Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу А,
В, С байршлаас суурьшлын цэгүүд рүү үйлчилнэ. Үүнд:
д/д Зогсох байршил Явах чиглэл Ажиллах автобусны тоо

1 А зогсоол Зүүн чиглэлд Чингисийн талбай-Шархад 1
2 Чингисийн талбай-Улиастай 1
3 Чингисийн талбай-Сэлбэ 1
4 Чигисийн талбай-Офицеруудын ордон 1
5 Чингисийн талбай-Жанжин клуб 1
Дүн 5
6 В зогсоол Баруун чиглэлд Чингисийн талбай-Баянхошуу 1
7 Чингисийн талбай-Улаан чулуут 1
8 Чингисийн талбай-Орбит 1
9 Чингисийн талбай-Толгойт 1
10 Чингисийн талбай-Зүүн салаа 1
11 Чингисийн талбай-5 шар 1
12 Урд чиглэлд Чингисийн талбай-Зайсан 1
13 Чингисийн талбай-Нисэх 1
14 Чингисийн талбай-Яармаг 1
Дүн 9
15 С зогсоол Хойд чиглэлд Чингисийн талбай-Баруун салаа 1
16 Чингисийн талбай-Хайлааст 1
17 Чингисийн талбай-Чингэлтэй 1
18 Чингисийн талбай-3,4 дүгээр хороолол 1
Дүн 4
Нийт 18
Categories
мэдээ нийгэм

Д.Хархүү: МоАХ-нд үйл ажиллагаа, хэм хэмжээний иж бүрэн шинэчлэл хийх шаардлагатай

Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн өрнөсний 25 жилийн ойтой холбогдуулан Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөл (АХАЗ)-ийн тэргүүн Д.Хархүүтэй ярилцлаа.

-МоАХ саяхан ойн баяраа тэмдэглэсэн. АХАЗ ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм бэ. Энэ талаар эхлээд сонирхуулахгүй юу?

-“АХАЗ” анх 2005 оны арваннэгдүгээр сарын 29-нд орон нутагтаа МоАХ-ны салбаруудыг үүсгэн байгуулж байсан зохицуулагчид, МоАХ-ны төв байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдаж байсан. Тухайн үеийн МоАХ-ны даргатай хэд хэдэн асуудлаар хамтран ажиллахаар тохиролцон ажиллаж эхэлсэн юм.

-Та нарыг МоАХ-г хуваах гэж байгаа гэх юм билээ?

-Манай байгууллагад МоАХ-ны хүрээний гаднах байгууллага, МоАХ байгуулагдаж байхад төрж байсан хүмүүс ч байгаа шүү дээ. Өнөөгийн нийгэм улс төрийн нөхцөл ардчилсан хувьсгалын анхдагчдыг үндсэнд нь гурван хэсэг болгож байгаа юм. Өнөөгийн байдлыг зөв зүйтэй сайн сайхан, болж бүтэж байгаа гэж хардаг шүүмжлэх зүйлгүй нэг хэсэг байна. Нөгөө хэсэг нь бид хийдгээ хийчихсэн алдар гавьяагаа хүртээд замаа хөөе гэж байгаа. Харин гурав дахь хэсэг нь ардчилсан хувьсгалаар олдсон ололт, амжилтдаа дүгнэлт хийж, 1990 онд ард түмэндээ амлаж байсан амлалт, Үндсэн хуулиараа тунхагласан иргэний нийгмийн төлөвшилд сэтгэл эмзэглэж, түмэн олныхоо өмнөөс үгээ хэлэхгүй байж болохгүй болоод ялгараад байна.Үүний төлөөлөл нь манай АХАЗ юм.

-Яагаад “АХАЗ” ардчиллын гажуудал, иргэний нийгмийн төлөвшилд сэтгэл дундуур байдаг юм бэ?

-Улс төрийн намууд Үндсэн хуульд тунхагласан “Иргэний нийгэм”-ийн үзэл баримтлал, бодлогогүй явж ирсний уршиг. Эрх барьж ирсэн нь ч бусад намууд ч зөвхөн эрх мэдэлд хүрэхийн төлөө л улайрцгаагаад эрх мэдлийн хүрээгээ тун ч явцуу,бусдыг дуурайсан ядмагхан, нийгмийн уялдаагүй байдлаар тодорхойлсон байгаа нь ажиглагддаг. Бодлогоо зөв тодорхойлж, чиг баримтлалаа тогтоогоогүй намууд цаашдаа ч төвөг бэрхшээлийн ундарга байсаар байх болно.

-МоАХ-ны партизанууд даргыгаа “Их хурлаа хуралдуул, ажлаа өг” гэсэн агуулгатай зүйлийг ярьж эхэлсэн байна лээ. Та тэднийг дэмжиж байна уу?

-Аливаа үйл ажиллагаанд нэлээд идэвхтэй оролцдог мэр сэр хүмүүс Ардчилсан намаа шинэчлэх хөдөлгөөн өрнүүлээд жирийн гишүүдээс цөөнгүй дэмжлэг авч байгаа гэж сонссон. Харин Ардчилсан холбоонд хамт зүтгэж эдүгээ ямар нэгэн эрх мэдэлд хүрсэн, тэр замыг туулахдаа элдэв дарамт гүтгэлэг доромжлолыг сөрөг намуудаас дөжиртлөө сонссон журмын нөхдөө бусадтай нийлээд балбаад байгаа нь тийм ч зохимжтой биш. Бид нэгнээ урмаар тэтгэх хэрэгтэй шүү дээ. Хэлмээр сануулмаар зүйл гарвал уулзаж байгаад ярьж болно доо.

Ардчилсан холбоонд аливаа асуудлыг шударгаар шийдэх хэцүү юм шиг байна лээ. Сэтгэлийн хөөрлөөр, шүүн тунгаалгүй бусдын үгээр ханддаг, хурал хийхэд хэсэг хүмүүсийг шүгэлдэх, орилох үүрэгтэйгээр зориуд оруулж үймүүлдэг гажиг үзэгдэл олонтоо гардаг байсан. Энэ нь ардчилсан холбоонд экстрмистүүд цөөнгүй байсан, бусдын үзэл бодлыг ямар ч аргаар хамаагүй няцаадаг коммунист арга барил ардчилсан холбоонд ч халдсаны гай юм. Тийм нөхцөлд улс төрийн олон ишт үзэл шахагдан хавчигдаж, бүлэглэн хашгирагсад тэргүүлэгчийн ширээнд залардаг. Үүнээс харахад МоАХ-нд байгууламж, үйл ажиллагаа, хэв хэмжээний иж бүрэн шинэчлэл хийх шаардлагатай нь харагддаг. Гэхдээ ийм шинэчлэл хийх боломж ихээхэн төвөгтэй байх болов уу. ”АХАЗ” байгуулагдсан явдал ч гэсэн бид иймэрхүү хандлагаас аль болох зайлсхийж олон жил хийсэн судалгаанд тулгуурласан зүйл шүү дээ.

-МоАХ-ноос төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн талаар таагүй зүйл ярьдаг, бичдэг хүмүүс нэлээд байх юм?

-Хүнийг муу хэлээд асуудал шийдэгдэж, Монгол Улс хөгжчихдөг бол улс даяар “Муучлах өдөр” зохион байгуулаад л бүх юм сайхан болчих байлаа. Би тэдний хийж байгаа ажлыг нийгмийн чиг баримтлалтай нь дүйцүүлэн хардаг. Ерөнхийлөгчийн иргэний оролцоо хяналтыг дээшлүүлэх, хотын удирдлагын хот гэсэн эзэнгүй айлыг эзэнтэй болгох гэсэн бодлогын шинэчлэлийг эерэг талаас нь харж байгаа хүмүүс олон бий. Тэдний нэг төдий. Өнгөрсөн жилүүдэд Шилэн дансны хууль,орон нутгийн хөгжлийн сан, иргэний танхим, дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулалт, ахмадын орон сууц хөтөлбөр гээд урьд нь сонсдож байгаагүй олон шинэчлэл эхлүүлж байгааг муугаар хэлэх аргагүй шүү дээ. Тэгээд эдгээр шинэчлэлүүд нь монгол түмний зорин тэмүүлж, хүсч мөрөөдсөн “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”-ийн эд эсийг бий болгох эхлэл гэж үзэж байна.

-Намууд нэгдэх, эвсэл болох асуудал яригдаад эхэллээ. Танай зөвлөл үүнийг хэрхэн харж байна вэ?

-Улс төрийн намууд сонгуульд ялахын тулд тактикийн шинжтэй алхмууд хийж байгаа нь тийм сайн үр дүн дагуулахгүй. Түүний оронд намын бодлогоо нарийвчлан боловсруулах, иргэний нийгмийн намын хэв хэмжээнд оруулах хэрэгтэй. Өнөөгийн манай намууд коммунист хэлбэртэй, капиталист агуулгатай,хоёрдмол хандлагатай байгаагаас иргэд сонгогчдынхоо оюун санааны нам болж чадахгүй. Харин иргэдээ хооронд нь аль болох улстөржүүлэн хэрэлдүүлж чадсан нь ялдаг хачин гажиг үедээ яваад байна. Бид намуудын мөрийн хөтөлбөрүүдэд судалгаа хийхэд Иргэний нийгэм гэдгийг нэг л ойлгож тусгаагүй байгаа нь харагддаг л даа. Олон нийт хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм, ардчиллын үнэт зүйлс, шударга ёс руу тэмүүлээд байна шүү дээ. Манайд МАН-д л дандаа чөтгөрүүд байгаа юм шиг, нэг бол АН-д хамгийн адгийн шаарууд цугласан юм шиг ярьдаг. Н.Энхбаярыг дагаад дандаа авлигачид бөөгнөрчихсөн юм шиг харагдуулахыг хичээдэг. Түүнийгээ улс төр хийж байна гэж боддог болчимгүй үйл ажиллагаа явуулдаг хүмүүс, тийм хүмүүсийг санхүүжүүлдэг нам ч байх шиг байна. Энэ бол хамгийн муу, бүр уршигтай ирээдүйд улс төрийг хааш нь ч ямар ч этгээдийн ашиг сонирхлын золиос болгож мэдэх үйлдэл. Улс төрийн нам оюуны төвлөрөл болохоос хэрүүлийн тулам биш гэдгийгээ ухаарч ажиллах ёстой.

-Тэгвэл та нар нам байгуулах уу?

-Бид нийт монголчууддаа хандаж талцаж хэрэлдэлгүй, холыг харж, аливаа сонголтдоо ухаалаг хариуцлагатай хандах уриалга гаргасан. Иргэдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ихэвчлэн ажиллана. Бидний үзэл баримтлалыг дэмжиж байгаа хүмүүс нэр дэвшвэл сонгогчдод нь хандаж дэмжлэг хүснэ. Судалгаанд тулгуурлан урт болон дунд хугацааны “Иргэний боловсрол” сургалтын хөтөлбөр хийж байгаа. 2016 оноос эхний нааштай эхлэлүүд тавигдаж, 5-6 жилийн тодорхой үр дүнд хүрнэ гэж үзэж байна даа.

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Г.Угалзцэцэг: Ангийн маань хүүхэд “Биеийн тамирт ордоггүй байсан хүн дэлхийн аварга болчихдог сонин юм аа” гээд инээгээд байсан

Тайландын Бангкок хотноо болсон долоо дахь удаагийн бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож, атлетик бие бялдар ангилалд (women’s athletic physique) Монгол Улсын тамирчин Гамбагаагийн Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга цолыг эх орондоо авчраад байгаа билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Дэлхийн аварга хэмээх алдар хүндийн эзэн болсонд баяр хүргэе. Өөрийгөө түрүүлчихнэ гэж бодож байв уу?

-Яг үнэнийг хэлэхэд би өөртөө дэлхийн аварга болчихно гэж огтхон ч бодоогүй. Өмнө нь ганц хоёрхон удаа л гадаадад болж буй тэмцээнд оролцсон. Тэгээд ч би энэ спортоор хичээллээд гуравхан жил болж байгаа л даа. Нэг студид зурагчны ажил эрхэлж байхдаа жингээ барих зорилгоор хичээллэж эхэлсэн юм. Саяын тэмцээнд нийт 48 орны 480 гаруй тамирчин оролцсоноос атлетик физик эмэгтэй 165 см хүртэл ангилалд 16 тамирчин оролцсон. Улс улсын шилдэг тамирчид байсан болохоор маш их өрсөлдөөнтэй, ширүүн тэмцээн болсон. Дэлхийн аварга боллоо гэж зарлахад “Үнэн гэж үү” гэсэн бодол төрж байлаа. Ноднин Нурлан ах маань дэлхийн аварга анхны монгол эрэгтэй тамирчин болсон. Харин би энэ жил бодибилдингийн төрлөөр дэлхийн аварга болж буй анхны эмэгтэй болсондоо баяртай байна.

-Манайхаас хэдэн тамирчин тэмцээнд оролцов?

-Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн 16 тамирчин, албаны дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй оролцож, дэлхийн аварга, мөнгө, хүрэл медаль, IV байр тус бүр нэгийг хүртлээ. Миний ангилалд Г.Гансаруул хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн мастер бодибилдингийн 40-49 насны ангилалд Л.Баянхүү мөнгөн медаль авлаа. 2010 оны Монголын мистер Л.Баянхүү дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн ийнхүү дэлхийн медальтан боллоо. Эмэгтэй модель бие бялдар 55 кг-ын ангилалд Ч.Мянганбилэг шагналт дөрөвдүгээр байр эзэллээ. Энэ тэмцээнийг Тайландын шүүгчдээс гадна улс болгоны шилдэг шүүгчид шүүдэг. Бүгдээрээ л урмын үг харамгүй хэлж байсан даа.

-Монголчууд маань дэлхийн аваргаа яаж хүлээж авав даа?

-Монголын ард түмэн үнэхээр сайхан хүлээж авсан. Бүгд л “Дэлхийн тавцанд Монголын төрийн далбааг мандуулсанд баярлалаа” гээд л. Утасны дэлгэц маань гэмтэлтэй байсан болохоор мессэжээ ч уншиж чадахгүй байсан. Утсаа янзлуулсны дараа хэдэн мянган мессэж хүрч ирж, уншиж гүйцэхгүй байсан.

-Зурагчны ажил хийж байгаад фитнессээр хичээллэж эхэлсэн гэлээ. Гэр бүлийнхэн тань анх юу гэж байв?

-Би дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүүхэд. Гурван эмэгтэй дүү маань англи, хятад хэлний орчуулагчид. Анхандаа бүгд л “Эгч та хэл үз. Юун хүндийн өргөлт вэ. Боль. Эмэгтэй хүнд муухай спорт. Бие хаа чинь эвдэрнэ” гэдэг байсан. Харин ДАШТ-д ороод ирснээс хойш бодол нь өөрчлөгдсөн. Гурван дүү маань ч бас өөрсдийн хэмжээнд фитнессээр хичээллэдэг л дээ. Зурагчин байхдаа суугаа голдуу ажил хийдэг байсан болохоор хөдөлгөөний дутагдлаасаа гарах гэж, бас эмэгтэйчүүдийн асуудал болдог харвингаасаа салах гэж фитнесст явж эхэлсэн юм. Гурван сарын дараа гэхэд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан учраас дахиад гурван сар хичээллэсэн. Өөрчлөлт гарах тусам урам орж хичээллэж байгаад, 11 сарын дараа өөрийгөө бэлдээд тэмцээнд орсон. Анхны тэмцээнээсээ дөрөвдүгээр байрын шагнал авсны дараа ахмад тамирчид болон хүмүүсээс тамирчин болох санал, урмын үгс их сонссон. Тэгээд л “Би энэ спортоор хичээллэж амжилтад хүрэх ёстой” гэсэн зорилго өмнөө тавьсан даа.

-Олонхи эмэгтэйчүүд гоолиг сайхан бие бялдартай, булчин шөрмөсгүй энхрий ялдамхан байхыг илүүд үздэг дээ?

-Эмэгтэй хүмүүс өөр өөрийн гэсэн сонирхолтой байдаг. Ихэвчлэн туранхай байхыг илүүд үздэг. Миний хувьд зүгээр туранхай биш булчинлаг байх нь ч гэсэн эмэгтэй хүнийг гоё, сайхан харагдуулдаг гэж боддог. Зөвхөн булчинлаг биш өв тэгш, илүүдэл өөхгүй байх нь эрүүл бас залуу харагдуулдаг. Энэ спортын хамгийн том онцлог бол нас харгалзахгүй амжилт гаргаж болдог. Жар, дал, наян насны ангилал ч байдаг. Сая Италийн 45 настай эмэгтэй тамирчин шагналт тавдугаар байрт орох жишээний. Тэгэхэд би одоо дөнгөж 36 настай. Цаашид ч олон тэмцээнд оролцож, аваргын рейтингээ хадгална гэж бодож байгаа.

-Дэлхийн аваргын титмийг дагаад хэдий хэрийн мөнгөн шагнал дагалдаж ирдэг бол?

-Дэлхийн аваргын тэмцээн маань цэвэр нэр төрийн л спортын тэмцээн юм билээ. Ямар нэгэн мөнгөн шагнал дагалдахгүй. Бутаны нэг тамирчин анх удаа дэлхийн аварга боллоо гэж улс оронд нь үндэсний баярын хэмжээнд авч үзэж байна гэсэн. Бусад улс орны тамирчдыг анзаарч байхад нэр төрийн энэ тэмцээндээ амжилт гаргасныхаа дараа шоу цэнгээний талбарт хүчээ үздэг юм билээ. Тэр шоуны шагнал нь гэхэд дор хаяж л зуун мянган америк доллар байдаг юм билээ. Манай Бодибилдинг фитнессийн холбоо маань л их дэмжиж ажилладаг болохоос салбарын яамнаас дэмжлэг туслалцаа байдаггүй. Энэ спорт уул нь ард иргэдийн эрүүл мэндэд хандсан спорт шүү дээ.

-Тэмцээнд оролцох зардал мөнгөний асуудлаа хэрхэн шийдэж байна?

-Тамирчид маань бүгд л зардлаа хувиасаа гаргасан. Миний хувьд гэр бүлийн маань хүн бүх зардал мөнгийг шийдэж өгсөн. Ханьдаа маш их баярлаж байна даа. Миний ханийг Ганболдын Мөнгөнбаяр гэдэг. Монголын байгалийн их зураач Цэмбэлдоржийн ач хүү байгаа юм. Удам дамжсан зураачид. Манайх хоёр хүүхэдтэй. Охин маань ЭМШУИС-ийн гуравдугаар курст сурдаг. Хүү маань одоо арван дөрвөн настай. Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн сурагч. Хүү маань фитнесс, бодибилдингээр хичээллэх маш их сонирхолтой ч насанд хүрээгүй гэж би одоогоор хориглоод байгаа.

-Бодибилдингийн спорт ер нь зардал өндөртэй байх шүү?

-Энэ спорт өндөр санхүү, тэсвэр тэвчээр шаарддаг. Хараад байхад ихэнх тамирчид маань бор зүрхээрээ өр тавиад олон улсын тэмцээнд явах жишээтэй. Унаа тэргээ барьцаанд тавих бол энүүхэнд. Миний хувьд дэлхийн аваргад бүтэн жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн. Энэ бүх хугацаанд бүх зүйл дээр гэр бүлийн хүн маань маш их дэмжиж тусалсан. Мэдээж гэж бүлийнхээ төсөв хэрэглээг хасаж байж миний бэлтгэлийг хангаж байсан. Өдөрт хоёр удаа, нэг удаад нь гурван цаг, нийтдээ өдөрт зургаан цаг бэлтгэл хангаж байсан. Тийм учраас ажил хийх боломж байгаагүй. Ихэнх цагийг бэлтгэлийн зааланд өнгөрөөдөг. Гэхдээ гэр бүлдээ заавал өөрийн гарын хоолоо хийж өгнө өө. Найзуудтайгаа уулзах цаг зав л бага байх юм даа.

-Өөрийн чинь сарын хэрэглээ гэхэд хэдэн төгрөг байдаг бол?

-Зөвхөн бэлтгэлдээ зориулж 600-800 мянган төгрөг зарцуулдаг учраас бусад хувцас болон гоо сайхны хэрэглээг бараг орхидог.

-Та Бодибилдингийн хоёр холбооны алинд нь харьяалагддаг вэ. Хоёр холбоо хоорондоо таарамж муутай гэдэг үнэн үү?

-Манай Монголын бодибилдинг фитнессийн холбоо байгуулагдаад 25 жил болж байна. Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо гэж бий. Хоорондоо таарамж муутай эсэхийг сайн мэдэхгүй юм. Хоёр холбоо байдаг ч адилхан л монголчууд шүү дээ. Нэг л хүсэл тэмүүлэлтэй тамирчид гэж бодож байна.

-Таны аав ээж удам судар чинь хаанахын хүн байна?

-Аавыг маань Гамбагаа гэдэг. Хөвсгөлийн Арбулаг сумын хүн. Би багадаа эмээ дээрээ Арбулаг суманд зуныхаа амралтаар очиж амардаг байлаа. Хүүхэд ахуйн тэр сайхан үе минь бодогдоно шүү. Аав маань зах зээлийн нийгэмд оруут Хөвсгөл аймагтаа хүнсний үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн хүн.

-Өөрөө дунд сургуулиа хаана төгсөв. Бодвол спортлог хүүхэд байсан байлгүй?

-Таван шарын арванхоёрдугаар сургуулийг дүүргэсэн. Би багадаа бандгардуу махлаг хүүхэд байсан болохоор биеийн тамирын хичээлд орохоос их ичдэг байсан. Урлагийн үзлэг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн болон спортын тэмцээнүүдэд огт оролцдоггүй байлаа. Саяхан арван жилийн ангийн хүүхэдтэйгээ таарсан чинь “Ганцаараа биеийн тамирт огт ордоггүй хүүхэд дэлхийн аварга болчихдог. Мөн сонин юм аа. Ёстой нар хойноос мандана гэдэг л боллоо доо” гээд инээгээд байсан.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Би “B” продакшны дэргэдэх “Улаанбаатар фитнесс” клубт хичээллэж, тэнд бас багшилдаг. Тиймээс юуны түрүүнд аваргаа хамгаалах зорилго тавьсан. Цаашдаа олон тамирчин бэлдэж, дасгалжуулагч болно гэсэн бодолтой байгаа.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шинэ загварын приус 100 километрт 2,5 литр бензин иднэ

“Тоёота” компани өмнөх загвараас зургаан жил хагасын дараа бүрэн шинэчилсэн приус загварын автомашины үйлдвэрлэл, борлуулалт эхэлснийг тэмдэглэх ёслолын арга хэмжээ энэ сарын 14-ний өдөр боллоо. Шинэ приус олон төрлийн автомашины загварын дотоод эд ангийг нэг төрлийн загварт оруулж зардал бууруулах, машины хурд хүчийг нэмэх технологи буюу ТNGA Toyota New Global Architecture үйлдвэрлэлийн шинэ архитектураас төрсөн анхны бүтээгдэхүүн болсон байна.

Шинэ загварын машин гүн улаан, сувдан цагаан өнгөтэй байх бөгөөд 17 инчийн хар саарал өнгийн обудтай байх аж. Салонд нь хар, саарал өнгө зонхилжээ. Босоо гурвалжин их гэрэл, босоо хэлбэрийн манангийн гэрэл долгиотсон рельеф нь устөрөгчийн хөдөлгүүртэй Mirai-тай бага зэрэг төстэй харагдах гэнэ. Хянах самбарын уламжлалт тоноглолууд нь шингэн кристалл дэлгэц дээр шилжиж урд төв хэсэгтээ байрласан байна. Мөн том дэлгэц бүхий олон төрлийн медиа систем хянах самбарын доор байрлах юм.

Шинэ приусын зай хураагуур нь тоормослох үеийн энергиэр маш хурдан цэнэглэгдэх ба энэ нь өмнөх загвараасаа арван хувь бага бензин зарцуулах боломжийг олгож байгаа юм. Уг загвар 40.8 километрт нэг литр бензин зарцуулах нь одоогийн байдлаар дэлхийд номер нэг үзүүлэлт болоод байна.

Автомашины кузовын бат бөх чанар 60 хувь хатуу болж, хүндийн төв нь доошилсон байна. Үүнийг явах эд ангийг сайжруулснаар автомашины тав тух, тэнцвэрт байдал сайжирсан гэж компанийн зүгээс мэдээллээ.

Дөрөв дэх үеийн приусээс дэлхий даяар 300-350 мянган ширхгийг борлуулах зорилготой байгаа аж. Шинэ загварын приус ирэх оны нэг сараас худалдаанд гарч эхлэх юм байна. Шинэ загварын приусын энэ сарын борлуулалт зорилтот хэмжээнээс тав дахин их байгаа гэнэ. “Тоёота” компани одоогоор 60000 ширхгийн урьдчилсан захиалга аваад байгаа аж. Одоо захиалсан хүмүүс эхний ээлжинд гурван сарын дараа шинэ унаагаа хүлээж авах юм байна.