Categories
мэдээ нийгэм

Нэг өдөрт согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан 84 жолоочийг саатуулжээ

Улаанбаатар хотын Замын
цагдаагийн газар өнөөдрийн байдлаар 329
дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 238 дуудлага бүртгэгдсэн байна. Согтуугаар
тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс
урьдчилан сэргийлсэн байна.

Сүхбаатар дүүргийн нутаг
Энхтайваны өргөн чөлөө, Улаанбаатар их дэлгүүрийн зогсоолд Lexus-570
маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 34 настай эрэгтэй Б-г
мөргөж гэмтээжээ. Явган
зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд
оролцож байснаас уг хэрэг гарсан байна. Төв аймгийн Борнуур сумын нутаг
Салхитын Ар гэх газар Т.Harrier маркийн авто машины жолооч Б нь
Х.Верна маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 58 настай эмэгтэй С
нас баржээ.

Categories
мэдээ нийгэм

Амралтын гурван өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр дугаарын хязгаарлалт журмын дагуу үйлчилж байна. Жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдөр бүх нийтээр амардаг. Тиймээс нэгдүгээр сарын 1-нд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн нэгдүгээр сарын 2, 3-нд амралтын өдөр таарч байгаа учраас дугаартын хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн үг.

НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын зарим замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг журамтай болсон. Энэхүү журам нь амралтын өдөр болон бүх нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд мөрдөгдөхгүй билээ. Баярын өдрүүдээр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас өнөө орой Чингис хааны нэрэмжит төв талбайд болох “Мөнгөн үдэш” арга хэмжээний дараа иргэдэд үйлчлэх тусгай автобусуудыг нийслэлийн Тээврийн газраас гаргаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин” нийт уншигч, захиалагч, харилцагчдадаа мэндчилгээ дэвшүүлж байна

Монголын үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин” уншигч, захиалагч, нийт хамтран ажилладаг харилцагч байгууллагууддаа шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Улиран одож буй 2015 он та бүхний хувьд амжилт бүтээл, аз хиймориор дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. “Өдрийн сонин”-ы хувьд Монголын шилдгийн шилдэг сониноор шалгарч, сэтгүүлчид маань хэвлэл мэдээллийн байгууллагуудын Гран при болоод хамгийн тэргүүн дээд шагналуудыг хүртэж, хийж бүтээсэн ололт, амжилтаа ийнхүү дүгнүүлсэн он байлаа.

Ирэх 2016 онд уншигч, захиалагч, харилцагч та бүхний улс орондоо бүтээн байгуулж буй ажил үйлс тань дэвшин дээшилж, бизнесийн үйл ажиллагаа тань улам амжилтад хүрсэн сайхан жил болохыг хүсэн ерөөе.

Өглөө болгоны мандах нарыг та бүхэнтэйгээ хамтдаа угтдаг “ӨДРИЙН СОНИН”.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийг ачих шинэ журам маргаашаас хэрэгжинэ

Тээврийн хэрэгслийг ачих, зөөх, шилжүүлэх, шинэчилсэн журмыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

НИТХ-аас 08:00-20:00 цагийн хооронд хориглосон газарт зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх төлбөрийг тогтоосон. Тодруулбал, Мотоцикл 30,000 төгрөг Суудлын автомашин, микробус болон 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60,000 төг 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90,000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоолоо.

ТҮР СААТУУЛАХ ХАШАА /БАЙР/-НЫ НЭГ ХОНОГИЙН ТӨЛБӨР Мотоцикл 3,000 Суудлын автомашин, микробус болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5,000 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10,000 Тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20,000 төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

С.Цогтбаяр: Шинэ жилийн орой гоё нэвтрүүлгүүд үзээд гэртээ дулаахан сайхан байх дуртай

Хэдхэн цагийн дараа он солигдох гэж байна. Шог зураач С.Цогтбаяртай холбогдож, баярын энэ өдрийн сэтгэгдлийг нь хуваалцлаа.

-Та саяхан Япон яваад ирсэн?

-Харумафүжи их аварга, зураач С.Заяасайхан нарын хамтарсан “Хоёр ертөнц” үзэсгэлэн Гинза дүүргийн Ничида хэмээх алдартай галерейд болсон юм. Энэ үзэсгэлэнд очиж урилгаар оролцоод ирсэн. Их аварга, зураач Заяасайхан хоёрын хамтарсан үзэсгэлэн сайхан болж өнгөрсөн.

-Та шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?

-Гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэнэ дээ. Шинэ жилийн орой телевизээр гоё нэвтрүүлгүүд үзээд гэртээ дулаахан сайхан байх дуртай. Залуу байхад бол шинэ жилийн баяраар найз нөхөдтэйгээ наргиж сайхан тэмдэглэдэг байсан. Одоо гэртээ хүүхдүүдтэйгээ бужигнаж тэмдэглэх дуртай болсон.

Ирэх оны уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргав уу?

-Ер нь нүүдэлчин хүмүүс нэг их айхавтар холын юм төлөвлөж чаддаггүй. Мэдээж уран бүтээлээ үргэлжлүүлж хийнэ. Ойрд номоо гаргаагүй, тиймээс номоо гаргах төлөвлөгөө бий.

-Манай уншигчдад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлнэ үү.

-Ирж буй шинэ он та бүхэнд эрүүл энх, аз жаргал, санасан сайн сайхан бүхнийг авчрах болтугай гэж ерөөе.

Categories
мэдээ спорт

Дэлхийн шилдэг тамирчид тодорчээ

Усэйн Болт

Олон улсын спортын хэвлэлийн холбоо (AIPS) жилийн дүнгээр шилдэг тамирчдыг нэрлэснийг тус байгууллагын сайтад нийтэлжээ. Шилдгийг тодруулахад 91 орны спортын сэтгүүлчид саналаа ирүүлсэн байна.

Эрэгтэйчүүдийн дундаас шилдэг тамирчнаар дэлхийн аваргаас гурван алтан медаль авсан Ямайкийн гүйлтийн тамирчин Усэйн Болт шалгарав. Түүний дараа дэлхийн нэг дугаарын теннисчин Новак Жокович, Аргентины хөлбөмбөгчин Лионль Месси нар бичигдэв.

Эмэгтэйчүүдийн шилдгээр Америкийн теннисчин Серена Уильямс, дараа нь этиопын тамирчин 1500 метрийн зайн дэлхийн аварга Гензебе Дибаба, 200 метрийн гүйлтийн дэлхийн аварга ниедерланд бүсгүй Дафна Схипперс нар бичигдлээ.

AIPS оны шилдэг багаар Барселонаг шалгаруулсан бөгөөд оны шилдэг спортын үйл явдлаар Бээжингийн хөнгөн атлетикийн ДАШТ-нийг нэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Эдийн засгийн хямралын үед эрчим хүчний зардлыг 45 хувь хүртэл хэмнэж бүтээмжийг нэмэгдүүлэх бодит боломж бий

Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлсэн нь ард иргэдийн амьжиргаанд нөлөөлж бусад бараа үйлчилгээний үнийн өсөлтөд нөлөөлөх нь тодорхой. Иймд эрчим хүчнийхээ хэрэглээг бууруулах, зохистой ухаалаг хэрэглээг бий болгох, зардал мөнгөө хэмнэх, үр ашиг бүтээмжээ дээшлүүлэх нь ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд чанар, технологийн дэвшлээрээ дэлхийд танигдсан брэнд хэрхэн хэрэглэгчдийн хүсэл зорилтод нийцэж байгааг ард иргэддээ танилцуулахаар АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяртай хийсэн ярилцлагаа уншигч түмэндээ толилуулж байна.

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Цахилгааны үнэ өсөж байгаа энэ үед техник технологийн дэвшлийг ашиглан эрчим хүчний зардлыг бодитойгоор бууруулах боломж байдаг тухайгаас яриагаа эхлэх үү?

-Сайн байна уу. Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүнд энэхүү боломжийг олгож байгаа та бүхэнд баярлалаа. Эрчим хүчний салбарынхан болон нийт уншигчдадаа ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлж ажил үйлс тань 2016 онд цогцлон дэвжихийг хүсэн ерөөе.

Монгол Улсын хэмжээнд бодит зах зээлийн жамаар үнэ тариф нь бүрдээгүй цөөн салбарын нэг нь эрчим хүчний салбар гарцаагүй мөн. Үнэ тарифыг бодлоготойгоор зохицуулж ирсэн ч ашигтай ажиллах бус бодит зардлыг нөхөж чаддагүй, алдагдалтай явж ирснийг хүн бүр сайн мэдэж байгаа байх. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас эрчим хүчний үнэ тарифыг зохицуулах, алдагдлыг бууруулах, зах зээлийн бодит үнэд ойртуулах олон арга хэмжээг авч байна. Үүнд шинээр цахилгаан станц барих, шугамын алдагдлыг бууруулах, дамжуулах, түгээх ажлыг хялбар болгох зэрэг олон арга хэмжээ байна. Төрөөс ард иргэд, бизнес аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор эрчим хүчний зардлыг татаас хэлбэрээр нөхөж зохицуулж ирсэн ч эргээд энэ нь татвар төлөгчдийн мөнгөөр л санхүүжигддэг. Зарим цахилгаан станц, түгээх сүлжээг хувьчилж зах зээлийн горимд шилжүүлэхээр тодорхой алхмууд хийгдэж байгааг бид харж байна. Ер нь эрчим хүчний үнийг чөлөөлөх нь цаг хугацааны л асуудал болоод байна. Цахилгаан эрчим хүчний үнэ өсөөд байна гээд гомдоллоод суухын оронд цахилгаан эрчим хүчийг яаж хэмнэх вэ гэдгийг бид бодох цаг ирсэн. Эрчим хүчний үнэ тариф зах зээлийн бодит үнэлгээнд очиж 10-20% эсвэл 30% нэмэгдлээ гэж бодоход үйлдвэр аж ахуйн нэгж хэмнэлт гаргадаг орчин үеийн техник технологийг ашиглаж цахилгааны зардлаа 45% хүртэл бууруулах боломж байдаг.

Хэмнэнэ гэхээр хэрхэн яаж хэмнэж болдог вэ? Та манай уншигчдад тодруулж өгөөч.

-Ерөнхийдөө эрчим хүчийг хэмнэхийн тулд юун түрүүнд тухайн айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэрийн газруудад эрчим хүчийг хэмнэх ямар боломж, потенциал байгааг олж илрүүлэх нь чухал юм. Түүний үндсэн дээр цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслүүдийг технологийн процесстой уялдуулан оновчтой горимоор удирдах, автоматжуулах, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл хэрэглэх, цахилгаан хангамжийн горим ажиллагааг сайжруулах зэргээр маш олон техникийн болоод зохион байгуулалтын арга хэмжээг дэлхий дахинд аль хэдийнэ хэрэглээд, туршаад, ашиглаж хэвшээд байна. Тухайлбал айл өрхийн хувьд цахилгаан халаагуурын ажиллагааг орчны температураас хамааруулаад автоматжуулах, эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг ашиглах, ухаалаг тоолуур суурилуулж, хэрэглээгээ хянах, удирдах зэрэг олон арга байдаг. Орчин үед гар утаснаасаа гэрийнхээ цахилгаан хэрэгслийг унтрааж, асаах технологи дэлхийд нэвтрээд байна. Мөн шөнийн цагаар 50%-ийн хямд байгаа цахилгааныг зай хураагуурт хурааж оргил ачааллын үед хэрэглэх боломж ч бас байна.

Аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрын хувьд цахилгааны хэрэглээний ихэнх хувийг цахилгаан хөдөлгүүрүүд хэрэглэдэг. Гэтэл тухайн хөдөлгүүрийг уян хатан удирдлагаар хангаж давтамж хувиргагч суурилуулснаар ачааллын шинж чанараас хамаараад эрчим хүчний хэрэглээг нь 70 хүртэл хувиар хэмнэх боломж байдаг. Энэ нь эрчим хүчийг хэмнэх төдийгүй тухайн хөдөлгүүрийн ажиллагааны горимыг зөөлрүүлж, гэмтэл саатлыг байхгүй болгож, насжилтыг уртасгаж, ашиглалтын зардлыг бууруулах давхар ач холбогдолтой юм. Мөн сүүлийн үед дэлхий дахинд эрчим хүчний хэмнэлттэй хөдөлгүүрийг үйл ажиллагаандаа ашиглахыг үйлдвэрийн газрууд эрмэлздэг болоод байна.

Тэгэхээр бид хэмнэлт гаргахын тулд эхлээд зардал гаргах хэрэгтэй гэсэн үг үү? Эдгээр төхөөрөмжийг солих, шинээр авах чинь бас л зардал шүү дээ.

-Эрчим хүчний хэмнэлтийг бий болгох тоног төхөөрөмжийг сонгож суурилуулахад анхны худалдан авах үнийг харахын зэрэгцээ нийт ашиглалтын зардлыг бас харах нь зүйн хэрэг болов уу. Магадгүй шинэ хэмнэлттэй тоног төхөөрөмж худалдаж авах зардал нь өндөр байж болно. Гэвч бид нийт зардлыг тооцож сурах хэрэгтэй болоод байгаа юм. Нийт зардал гэдэг нь анхны хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардал буюу тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, цахилгаан зарцуулалт гэх мэт зардлуудын нийлбэр юм. Гэтэл таны хуучирсан, ашигт үйлийн коэффициент багатай тоног төхөөрөмж эсвэл уян хатан удирдлагагүй хөдөлгүүр тань цахилгаан их зарцуулдаг бол та цахилгааны зарцуулалт багатай, хэмнэлттэй хөдөлгүүр, давтамж хувиргуур, автомат удирдлага нэвтрүүлснээр анхны хөрөнгө оруулалтаа хэмнэсэн цахилгааны төлбөрөөрөө ганцхан жилийн дотор нөхөөд зогсохгүй цаашид маш их хөрөнгийг хэмнэж, үйлдвэрийнхээ зардлыг бодитоор бууруулж, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой болно. Үүний тулд эрчим хүч хэмнэх потенциалыг илрүүлэх, дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулснаар гарах үр ашгийн техникийн болон эдийн засгийн тооцоо, судалгааг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн байгууллагаар баталгаатай хийлгэсний үндсэн дээр хөрөнгө оруулалтыг хийж, үр шимийг хүртэх нь зүйтэй юм.

АББ гэхээр эрчим хүчний салбарт мэдэхгүй хүн бараг үгүй байх. Танайх салбартаа том брэндийн хувьд техник технологиороо дэлхийд тэргүүлэгч компанийн хувьд Монгол Улсын эрчим хүчний салбарт ямар ажил хийж, цахилгаан хэрэглэгч нарт хэмнэлтийн ямар технологи танилцуулж байна вэ?

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдаад дэлхийн хөгжлийг тодорхойлогч брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч нар салбар компани, төлөөлөгчийн газраа Монголд байгуулах болсон. Түүний нэг томоохон жишээ нь автоматжуулалт, эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлтийн чанар, технологийн дэвшлээрээ дэлхийд танигдсан АББ юм. Манай байгууллага байнгын ажиллагаатай суурин төлөөлөгчийн газраа 2013 онд Монголд нээж дэлхийн дэвшлийг Монголын хэрэглэгчдэд таниулах чамгүй ажил хийж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахаар ажиллаж байна. Мөн энэ хугацаанд бид Монголын эрчим хүч, барилга болон уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа тэлж ажилласаар ирлээ.

АББ гэдэг гурван үсгийн цаана Чанар, Найдвартай Аюулгүй ажиллагаа, Эрчим хүчний хэмнэлт, Үйлдвэрлэлийн бүтээмж, Ашиглалтын урт удаан хугацаа, Ашиглалтын болон нийт эзэмших зардал бага, Дэвшилтэт ухаалаг технологи гэсэн цөөн хэдэн тодорхойлолт багтдаг.

Бид дэлхийн 100 гаруй оронд 150,000 гаруй ажиллагсадтайгаар олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг компани юм. Харилцагчдадаа байгаль орчинд ээлтэй, эрчим хүчийг үр ашигтай ашиглах, үйлдвэрийн бүтээмжийг тогтвортой байдлаар нэмэгдүүлэх орчин үеийн технологийн дэвшил, шийдлүүдийг санал болгодог.

Монгол Улсад 1994 оноос хойш дулааны цахилгаан станцууд, цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээний тоног төхөөрөмжийн шинэчлэлт, Ухаа худагийн цахилгаан станц, Цагаан суварга болон Оюу толгой гэх мэт улс орны хөгжил дэвшлийг тодорхойлох томоохон бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, чанар, технологийн дэвшлээрээ Монголын ард түмэнд хэдийнэ танил болсон.

Дэлхийн хамгийн сүүлийн үеийн ололт шийдлүүдийг томоохон брэндүүд гаргаж, хөгжүүлж, нэвтрүүлж ирдэг нь гарцаагүй үнэн. Эрчим хүч автоматжуулалтын чиглэлд өөрийн бүтээгдэхүүн шийдлүүдээрээ хэмжээнд хөгжиж, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулж чадсан цөөн компанийн нэг юм. Манай технологи тоног төхөөрөмжийг ашигласнаар жилд 260 сая тонн СО2 нүүрс хүчлийн хий байгальд хаягдахаас сэргийлдэг тооцоо бий. Бид эдгээр технологи, шийдлүүдийг Монгол Улсын эрчим хүчний болон бүхий л аж үйлдвэрийн салбарт санал болгодог. Манай компанийн хувьд айл гэрийн цахилгааны жижиг автомат салгуур, унтраалга, ухаалаг удирдлагын системээс эхлэн хэт өндөр хүчдэлийн тогтмол болон хувьсах гүйдлийн ухаалаг шугам сүлжээ, дэд станцын тоноглол шийдэл санал болгохоос гадна нам хүчдэлийн хөдөлгүүрийн зөөлөн асаалтын төхөөрөмжөөс эхлэн дунд болон өндөр хүчдэлийн давтамж хувиргуур, том оврын цахилгаан хөдөлгүүр, редуктор, генератор, ухаалаг удирдлага автоматжуулалтын системийн шийдэл, бүтээгдэхүүнийг санал болгодог. Далайн гүн дэх кабель шугамаас сансар огторгуйд хөөрөх сансрын хөлөг хүртэл хүний бүхий л үйл ажиллагаанд АББ-ийн шийдэл бүтээгдэхүүн ашиглагдаж байна. Манай роботууд болон үйлдвэрийн автоматжуулалтын бүтээгдэхүүн хүний ажлыг хөнгөвчилж үйлдвэрлэлийн зардлыг бодитой бууруулж байдаг. Саяхан нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц зохион бүтээж тэр маань дэлхийг тойрох аянд гараад байгаа шүү дээ.

Энэхүү дэлхийн дэвшлийг Монголын хэрэглэгчдэдээ яаж хүргэж байна вэ?

-Бид томоохон төслүүдийг цогц байдлаар шууд хэрэгжүүлж болдог ч олон салбарыг хамардгийн хувьд дотоодын мэргэжлийн өндөр ур чадвартай, дагнасан компаниудыг дистрибютороор сонгон бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ хүргэж байна.

Манай уншигчдад тодруулаад сонирхуулбал дотоодын ямар компаниуд аль салбарт ямар технологи шийдэл бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэж байна вэ?

-Бид хоёр жилийн өмнөөс эхлэн Монхорус Трэйд ХХК болон Маймонсорс ХХК-иудыг нь АББ группийн цахилгааны нам хүчдэлийн бүтээгдэхүүн болох барилгын ухаалаг шийдэл, унтраалга, залгуур, автомат, самбар, барилгын ухаалаг шийдэл, 0.4 кВ-ийн хорго ячейк гэх мэт маш өргөн сонголт бүхий тоног төхөөрөмж, шийдлүүдийг барилгын салбар болон үйлдвэрлэлийн бусад салбарт нэвтрүүлэх эрхийг олгон хамтарч ажиллаж байна.

Мөн ондоо, Эрчим Концерн ХХК, Монхорус Интернэйшнл ХХК-ийг АББ группийн дунд болон өндөр хүчдлийн бүхий л төрлийн трансформатор, хорго ячейк, салгуур, таслуур, хуваарилах байгууламж, эрчим хүчний үүсгүүр, дэд өртөөний эдийн засгийн үр ашиг өндөр, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, зай хэмнэсэн компакт шийдэл, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний цогц шийдэл бүтээгдэхүүнийг эрчим хүчний салбарт нэвтрүүлэх дистрибьютерээр сонгон ажиллаж байна.

Бусад салбарт үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд энэ онд дулаан хангамж, дулааны шугам сүлжээ, дулааны өргөх насос станцын чиглэлээр насосны цахилгаан хөдөлгүүр, давтамж хувиргуур, удирдлагын бүтээгдэхүүний дистрибьютерээр “Альянс Тех” ХХК-ийг ДЦС, нар, салхин парк гэх мэт эрчим хүчний үүсгүүр, хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэрийн бусад салбарт эрчим хүчний хэмнэлт, давтамж хувиргагч болон цахилгаан хөдөлгүүр, генератор, редуктор, удирдлага, нарны инвертер, өндөр чадлын зай хураагуур гэх мэт бүтээгдэхүүн шийдлээр “Бодит Чадал” ХХК-ийн Эрчим Хүчний Хэмнэлтийн Төв, “Монхорус Интэрнэшнл” ХХК-иудыг, Цэвэр, бохир ус хангамж, цэвэршүүлэх байгууламж, өргөх насос станцын чиглэлээр цогц шийдэлд цахилгаан хөдөлгүүр болон давтамж хувиргагчийн бүтээгдэхүүнээр Престиж Электрик ХХК-г тус тус дистрибьютерээр сонгон ажиллаж байна.

Танай технологи, шийдлүүд ижил төрлийнхөөс юугаараа ялгаатай, онцлог шинж чанар нь юу вэ?

-Бид бусад ижил төрлийн дэлхийн хэмжээний компаниудаас эрчим хүч, автоматжуулалтын чиглэлд зогсолтгүй шинийг эрэлхийлж, шинэ технологийг нэвтрүүлж, үргэлж тэргүүлэгч байдгаараа онцлогтой.

АББ нь зөвхөн судалгаа шинжилгээ, шинэ технологийг турших, хэрэглээнд нэвтрүүлэх ажилд жил бүр 1.5 тэрбум ам.доллар зарцуулдаг бөгөөд эрдэм, шинжилгээний долоон судалгааны нэгдсэн төвд нийт 8,000 гаруй мэргэжлийн өндөр түвшний эрдэмтэн судлаач, инженерүүд ажиллаж, эрдэм шинжилгээний цогц судалгаа хийж, инноваци бүхий бүтээгдэхүүнүүд гаргаж ирдэг.

Манай брэндийн бүтээгдэхүүн нь эдийн засгийн өгөөж өндөр, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, чанартай, дэвшилттэй гэдгээрээ бусад брэндүүдээс ялгарч дэлхийд танигддаг.

АББ групп нь цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид Монголын бүхий л салбарт хэмнэлт авчирсан, бүтээмжийг нэмэгдүүлсэн, зай талбай хэмнэсэн, чанартай, орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлсээр байх болно. Нөгөө талаас манай Засгийн газар Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль хэлэлцэж батлаад байна. Энэ бол улс орны нийгэм, эдийн засаг хөгжиж, олон уул уурхайн жижиг, дунд, томоохон үйлдвэрийн газрууд баригдаж байгаа энэ үед цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих, улмаар улс оронд эх үүсвэрийн нөөцийг бий болгохыг зорьсон үнэхээр цаг үеээ олсон, амьдралаас урган гарсан хууль юм. Иймд энэхүү зорилтыг биелүүлэхэд манай АББ брэндийн бүтээгдэхүүн голлох үүрэгтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мөн үүнээс гадна бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүний хөгжил, оюуны хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж байна. Тухайлбал энэ оноос эхлэн жил бүр оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдэж, шилдэг оюутнуудыг шалгаруулан тэтгэлгийг нь гардууллаа. Мөн ШУТИС-ийн харьяа Эрчим Хүчний сургуульд орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан өндөр хүчдэлийн лабораторийн тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй хандивлаж, ирээдүйн оюунлаг инженерүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.

Цаг зав гарган сонирхолтой сэдвээр бидэнд ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

-Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газраас анхааруулж байна

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой
байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Аж ахуйн нэгж
байгууллага, иргэдэд анхааруулахад, аймаг, нийслэлийн болон гамшгаас хамгаалах
албад, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, үүрэг
гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, цаг агаарын урьдчилан сэргийлэх
мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах, галын аюулгүй байдлыг хангах, барилга,
байгууламжийн авралтын зам гарц, гал түймэр унтраах тоног төхөөрөмжийн
ашиглалтын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарна уу. Мөн төв, суурин газрын
эрчим хүч, дулаан хангамж доголдохоос урьдчилан сэргийлж, дулааны болон нам
даралтын уурын зуухны хэвийн найдвартай ажиллагааг хангаж, албан байгууллага,
орон сууц бүхий айл өрхийг хөлдөлтийн аюулаас сэргийлэх, дулааны болон нам
даралтын уурын зуухны нүүрс, түлшний хангалт, нөөцийг үзэж шалгах, шатдаг хий
болон тэсэрч дэлбэрэх бодис (пиротехник)-ын ашиглалтад хяналт тавьж, аюулгүй
ажиллагааны заавар, журмыг дагаж ажиллахыг анхааруулж байна. Орон нутгийн болон
хот хоорондын зам, даваагаар зорчих үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал,
зорчигчдын аюулгүй байдлыг хангуулж, хөдөө, орон нутагт зорчигчид төөрч осгох,
амь насаа алдах аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас
анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмөрсний улмаас осгож нас баржээ

Гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулсаар байгаа. Гэвч, иргэд голын мөсөн дээгүүр автомашинтайгаа явж байгаад эндэх тохиолдол гарсаар байна. Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн “Тарваган шийрийн гацаа” гэдэг газар Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан “Ланд крузер-100” загварын автомашин мөс цөмөрч суусан байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ажиллахад, 48 настай жолооч Д машиныхаа бүхээгт осгож нас барсан байжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын 20 хувийн буцаалтын баримтыг Баянзүрх захаас авч болно

Шинэ оны эхний өдрөөс эхлэн НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйчилгээнээс улсад төлөгдөж буй НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаалт авах мөн сугалаанд оролцох боломж орон даяар хэрэгжихэд бэлэн болоод байна.

Үүнтэй зэрэгцэн төвлөрсөн зах, худалдааны төвүүдээс энэхүү албан ёсны баримт/ebarimt.mn цахим хуудсаар дамжуулан/ авах боломж бүрдэж байгаа бөгөөд Баянзүрх худалдааны төвд дундын баримт хэвлэх машинаас албан баримт хэвлэн авах боломж бүрдлээ.