Categories
мэдээ улс-төр

Шинэ оны эхэнд УИХ-аар ямар асуудал хэлэлцэх вэ

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.12.25-ны өдрийн хурлаар батлав.

2016 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 04-ӨӨС 08-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 04-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 04-ний Даваа гарагт:

  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;
  • Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “B” танхимд;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас “А” танхимд;
  • Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

01 дүгээр сарын 05-ны Мягмар гарагт:

  • Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах болон тэтгэврийн зээлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.30 цагаас 334 тоот өрөөнд.

01 дүгээр сарын 06-ны Лхагва гарагт:

  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” тоот өрөөнд;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 05-ны Мягмар гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг/;
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт.

01 дүгээр сарын 06-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нарын 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газрын 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нууц асуудал /хаалттай/;
  • Бусад.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

  • Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нарын 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараас Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын ууц, өвчүү худалдаалж эхэлжээ

“Хүчит шонхор” захад цагаан сарын ууц, үхрийн өвчүү худалдаанд гарчээ. Жижиг ууц 70 мянга, том нь 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь урьд жилүүдийнхээс харьцангуй хямд болохыг худалдаачид хэлж байна. Тус захад нэг килограмм хонины мах 2900-3500 төгрөг, үхрийн мах нэг килограмм нь 3500-3800 төгрөг, ямаа 2500-2900 төгрөгийн үнэтэй, адуу 4000-4500 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа аж. Худалдаачдын хэлж буйгаар, адууны мах үнэтэй байгаа нь иргэдийн худалдан авалтад нөлөөлж, бага хэмжээгээр борлуулагдаж буй юм байна. Мөн нэг килограмм тахианы мөч, цээж мах 6000-12 000 төгрөгийн хооронд зарагдаж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

М.Даваажаргал: Аварга хүн унах эрхгүй байдаг юм

Өдгөөгөөс нэг жилийн өмнө манай сонины сэтгүүлч Э.Алтанцэцэг Япон улсад томилолтоор ажиллаж, мэргэжлийн сумод барилдаж, ид хаваа гайхуулж яваа алдартай сумочидтой цуврал ярилцлага хийн хүргэж байсан билээ. Тэдгээрийн нэг болох Мэргэжлийн сумогийн дээд амжилтыг эвдэж, Гиннесийн номд алдраа бичүүлээд буй их аварга Хакухо М.Даваажаргалын ярилцлагыг эргэн хүргэж байна.

Япончууд дэндүү уужим сэтгэлтэй, агуу ард түмэн юм. Үндэснийх нь спортоор амжилт гаргаад, хамгийн өндөр цолонд хүрсэн гадны бөхийг өөриймсөг хүлээж авдагт нь заримдаа гайхдаг шүү?

-Үнэхээр агуу ард түмэн. Долоо найман жилийн өмнө л япон хүн түрүүллээ шүү дээ. Одоо япон аваргатай болохыг хүсэж байна. Энэ бол ямар ч улс оронд байх асуудал. Өөрсдийн хүсээд байгаа аваргаа төрүүлье гэх хүсэл байвч найраа ч юмуу ямар нэгэн буруу арга байхгүй учраас хүчээр аваргатай болох боломжгүй. Би хэдэн жилийн өмнө нэг эмчтэй танилцаж байлаа. Тэр хүн надад “Аварга та яагаад ийм их хүчтэйгээ мэдэж байна уу” гэж асууж байна. Яаж байна л гэчихлээ. Тэгсэн чинь “Таны багадаа идэж байсан хоол ундтай чинь холбоотой. 1945 оноос өмнө буюу дайны өмнө идэж байсан хоол гэж байдаг. Тэрнээс хойшхи нь тэр үеийн хоолны чанарыг гүйцэхгүй. Тэгэхээр та одоогийн идэж байгаа хоолтойгоо Фүтагаяама аваргатай барилдвал ялагдана. Багадаа идэж байсан хоол чинь сайн болохоор одоо та ийм хүчтэй байгаа юм” гэж хэлсэн. Энийг би үнэн үг гэж боддог шүү. Нээрээ л би багадаа зуны амралтын гурван сарыг Эрдэнэсантад өнгөрүүлдэг байлаа. Хөдөөний хүүхэд юу хийх ёстой байдаг, тэр бүхнийг хийдэг. Адуу малаа усална, хонь ямаандаа явна, унага татна, ус зөөнө, аргал түүнэ, үхэр тугал ивэлгэнэ гээд ажил ихтэй. Өдөржингөө айраг ууж байгаад оройдоо ганцхан удаа л хоол иддэг байсан. Гэртээ байхдаа хөргөгчөө онгойлгоод л хоол иддэг байсан бол хөдөө тийм биш. Өлсч үзсэн хүн юманд хүрдэг юм болов уу гэж боддог. Бас морь унах дуртай. Байгальтай ойр ахуй амьдрал уужуу сэтгэл, саруул ухааныг тодорхой хэмжээгээр өгдөг нь гарцаагүй. Тэгэхээр миний амжилт хоол унд, агаар, ус, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой болж таарч байгаа юм. Зарим хүн намайг япон хүнээс илүү япон гэдэг. Яагаад ингэж хэлдэг юм бэ гээд асуухаар “Эх орноо хайрласан хүн бусдын эх орныг хайрлаж чаддаг” гэж хэлдэг. Яг л тийм байдаг.

Таныг их аварга хүний барилдаанаар барилдаж эхэлж байгаа гэж байсан. Сайн барилдаж байгааг хэлээгүй байх. Ямар барилдааныг ингэж хэлдэг юм бэ?

-Жинхэнэ ёкозунагийн барилдаан гэж байдаг л даа. Тэр нь өрсөлдөгч бөхийгөө барьц авахыг хүлээж байгаад дараа нь барилдахыг хэлж байгаа юм. Дээхнэ үеийн аваргуудын барилдааны бичлэгийг үзээд сууж байхад дандаа өрсөлдөгчөө тосож барилдаж байгаа харагддаг. Ийм барилдаан дараа, эхлэл гэсэн хоёр ханзаар илэрхийлэгддэг. Сүүлдэж босоод, төгсгөл дээр нь эхлэл шиг барьцаа авч барилдахыг хэлж байгаа юм. Ингэж барилдахад сэтгэлийн асар их тэнхээ шаардана. Сумогоор барилдаж байгаа хүмүүсээс надад энэ талаар зөвлөх хүн байхгүй л дээ. Тиймээс жүдо болон бусад спортын төрлийн аваргуудтай санал бодлоо хуваалцдаг юм. Тэгээд бодоод байхаар миний зодог тайлах хугацаа жинхэнэ ёкозунагийн барилдааныг бүрэн төгс мэдэрсэн хойно ирэх байх.

Та сүүлийн хэдэн башёд ийм барилдаан хийв үү?

-Нэг тэмцээнд 15 өдөр барилдаж байгаа. 15 өдрийн барилдаанд сайндаа л хоёр, гурван өдөр ийм барилдаан гаргаж байна. Хамгийн сүүлд гэхэд есдүгээр сарын тэмцээний үеэр Кисэносатотой барилдахад яг ингэж барилдсан. Бүр төгс болсон нь 2012 оны нэгдүгээр сарын башёгийн эхний өдрийн барилдаан. Шохозан яг дайраад ирэхэд нь тосож зогсож байгаад барьц авсан хойно нь хөдөлсөн. Шохозан нэг мэдэхэд дэвжээнээс гарчихсан байсан. Гэхдээ ингэж барилдана гэдэг явдалтай л даа. Үгээр ойлгуулахад амар биш байна. Сэтгэл санааны нэг тийм торгон мэдрэмжийг ойлгуулах ёстой болчихоод байна.

Гэхдээ танд ерөнхийдөө ингэж барилдах ёстой гэх бодол төрчихсөн юм шиг ээ?

-Одоохондоо өөрийгөө хараахан бэлэн болоогүй гэж бодоод байгаа. Эвдэж чадаагүй дээд амжилтууд байгаа шүү дээ. Тэр өндөрлөг рүү зорьё. Ямар ч байсан эхлээд хийх ёстой зүйлээ бүгдийг нь хийчихье. Чадахаа хүртэл явъя. Тэгсэн хойноо энэ мундаг барилдаан руу сэтгэл санаагаараа бүрэн төгс оръё. Өчүүхэн төдий л зөрөхөд дэвжээнээс гарчих аюултай. Миний таньдаг нэг хүн байлаа. Тэр хүн намайг харах бүртээ “Чи Фүтагаяма аваргатай их төстэй” гэж хэлнэ. Би тэгэхэд дөнгөж хорьтой байсан байх. Тийм хүний нэр ч сонсч байгаагүй болохоор өвөө одоо юу яриад байгаа юм бол гэж боддог байлаа. Сүүлд тэр аваргын бичлэгийг үзээд үнэхээр их биширсэн. Барилдахын өмнөх царай нь барилдах хүний царай биш байгаа байхгүй юу. Яаж тийм царай гаргадаг юм бүү мэд. Харахад яг л үхэл рүүгээ явж байгаа хүнийх гэмээр. Аварга хүн унах эрхгүй байдаг юм. Унана гэдэг үхэж байгаатай адил. Яг л тийм царайг гаргадаг байсан юм билээ. Бас барилдааныг нь ажиглахаар надтай ойрхон. Баруун золгоод дайрч, тонгорч байгаа нь ерөнхийдөө миний барилдаантай төстэй.

Барилдахын өмнөх царай гэснээс хэдэн жилийн өмнө таны нүүрнээс ямар нэгэн сэтгэл хөдлөл мэдрэгддэггүй байсан. Харин сүүлийн үед бага зэргийн сэтгэл хөдлөлтэй болсон санагддаг юм. Ялангуяа таны нүд?

-Би багадаа хөдөө явдаг л байсан. Гэхдээ ганц ч удаа чоно харж байгаагүй юм. 2004 онд дээд зиндаанд гарч барилдаад удаагүй байсан үе. Долдугаар сарын тэмцээнээ дуусгачихаад эх орон руугаа амрахаар явсан. “Их хурд” очиж үзэж байлаа. Шарга азарга түрүүлдэг жил шүү дээ. Тэгээд хот руу буцах гээд Эрдэнэсант өнгөрөөд явж байтал нэг чонотой таарсан юм. Яг хар зам дээр цав цагаан чоно. Аав ард суучихсан, би жолоочийн хажууд сууж явсан юм. Өмнө нь чоно харж байгаагүй болохоор зам дээр буруу харсан цав цагаан юмыг хонь юм байх гэж бодлоо. Тэгээд замын хоёр тал руу хартал сүрэг нь байдаггүй. Жаахан ойрттол сүүл урт байхаар нь нохой байна л гэж бодсон. Харин бүр ойрттол яг эргээд харсан. Пээ тэр нүдийг нь ээ. Нүд нь ногоон ч гэх юмуу, цэнхэр ч гэх юм уу. Чи хаанаас ч ирсэн би чамайг яаж ч чадна шүү дээ гэсэн харц.

Чоно уг нь хүний нүд рүү эгцэлж хардаггүй гэдэг?

-Харц тулгараад бараг гурав, дөрвөн хором над руу ширтсэн. Хамаг биеийн үс босоод бие арзасхийсэн дээ. Тэр чонын харц одоог хүртэл нүдэнд харагддаг юм.

Их сонин тохиолдол бай­на. Харанхуй шөнө бай­сан юм уу. Чоно уг нь машины дуу чимээгээр зугтаад алга болмоор юм даа?

-Дөнгөж нар жаргаад бүрэнхий болж байсан цаг шүү дээ. Аав аль хэдийнэ машинаас буугаад зогсчихсон, би юун машинаас буух манатай. Тэрнээс хойш хүний нүд бүхнийг илэрхийлдэг юм байна гэж ойлгодог болсон доо. Нүдэндээ галтай гэж ярьдаг нь дэндүү үнэн үг гэдгийг ухаарсан. Сүүлийн хэдэн тэмцээнд тэгж харагдаж байгаа нь тэр чононоос үүдэлтэй. Гэхдээ ингэж сэтгэл хөдлөлөө ил гаргадаг болсноос хойш хэд хэдэн удаа сануулга авчихсан. Тэрунофужиг дэвжээнээс гарчихаад байхад нь түлхсэн, бооцоогоо авахдаа ширүүн байна гэх шүүмж ирээд байгаа.

Чоно гэснээс та нэг хэсэг Японы чоныг хамгаална, Японд чоно авчирна гэж яриад байсан. Тэр юу болсон бэ?

-Гамшиг болсны дараахан нэг башё зохиогдоогүй. Тэр үед жаахан зав гарахаар нь “Чонон сүлд” олоод уншчихгүй юу. Зургаан сарын турш уншсан. Ийм ном уншиж байгаа тухай Японы хэд хэдэн хэвлэлээр мэдээлсэн юм. Тэгсэн нэг өглөө бэлтгэл дээр тав зургаан хүн хүрээд ирлээ. Японы чонын холбооныхон гэнэ. 100 гаруй жилийн өмнөөс чоно устсан, чоногүй болчихоор буга өсөж үржээд ямар ч модгүй болж байгаа тухай ярьсан. Харьцуулсан хоёр зураг аваад ирэхийг нь хартал үнэндээ сэтгэл өвдмөөр байгаа юм чинь. Маш гоё модтой уул арван жилийн дараа солир унасан мэт болчихдог юм байна. Худлаа зураг юм биш үү гэж хэлтэл тийм өөр болчихсон нь үнэн гэнэ. Буга модны холтсыг юу ч үгүй идчихдэг юм байна л даа. Чонын холбооныхон гамшиг болсны дараахан ирсэн болохоортэдний ажлыг дэмжээд зохион байгуулж буй үйл ажиллагаанд нь оролцоод үг хэлсэн юм. Чоно Японд жаахан нэр муутай шүү дээ. Тэгэхээр нь би “Монголчууд бид Бөртэ чоно, Гуа Маралын үр удам” гэж ирээд үг хэлсэн юм. Тэгсэн холбооны хүн надад хэлж байна. Аваргын гэргий Токушима аймгийнх. Тэнд лууны нэртэй сүм байдаг. Луу бодит амьтан биш ч гэлээ тал дээр давхиж буй чонын хөдөлгөөнөөс улбаалж лууг зурсан. Аварга та Токушима аймагтай ямар нэгэн холбоотой байсан байж таараа гэж ярьж байсан.

Таны эхнэр, хүүхэд сайн уу. Гэргий тань юу хийдэг вэ. Хүүхдүүд хэдэн настай вэ?

-Гурван хүүхэдтэй болсон. Хоёр охин, нэг хүүтэй. Том нь долоо, дундахь нь зургаа, бага нь гуравтай. Эхнэр өнгөрсөн хэдэн жил хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт оруулах гээд хэсэг маш завгүй байсан. Японд хүүхдийг сургууль, цэцэрлэгт оруулна гэдэг тун асуудалтай байдаг юм байна. Харьяа цэцэрлэгт нь өгчихөж болохгүй. Бэлдэж, шалгалт өгч байж ордог. Тэр шалгалтад хүүхдээ тэнцүүлэх гэж ээж нь сөхөрч унахаа шахсан.

Нэгдүгээр анги, цэцэрлэгт оруулахын тулд шалгалт өгдөг гэж үү. Хувийн сургууль уу?

-Японы10 мянган иений мөнгөн дэвсгэрт дээр Фукузава Юүкичи гэдэг хүний зураг бий. Тэр хүний байгуулсан сургуульд хоёр томоо оруулсан. Надад тэр сургуулийн уриа их таалагдсан юм. “Биеийн чийрэгжилт, хичээл хоёрыг хослуулах ёстой” гэсэн байдаг. Сургуульд орохыг нь дэмжиж байсан, бас тэнцэхэд нь их баярласан. Жилдээ 90 хүүхэд л авдаг юм билээ. Тэр сургуулийн тухай манай гэргий их гоё тайлбарлаж өгсөн. “Энэ сургуулийн шалгалтад тэнцэнэ гэдэг 20 давхраас нүдний эм дусаахад нүдэнд нь орж байгаатай адил” гэж хэлсэн. Ингээд бодохоор хэцүү юм шиг байгаа юм.

Их аваргын хүүхдийг шалгалтгүйгээр шууд авна гэж байхгүй юу?

-Японд ёстой тийм юм байхгүй. Аав ээж нь хэн байна гэдэг тухайн сургуульд огт хамаагүй. Шалгалт нь хоёр шаттай юм байна лээ. Эхний шалгалтад гурав, дөрвөн мянган хүүхэд ороход том охин нэгдүгээрт жагссан. Тэгэхээр нь бас бодоод байгаа юм. Цус холдохоор ухаан сайжирдаг юм байна гэж. Хүү эгчийгээ бодвол удаан, хөдөлгөөн муутай. Тэгсэн бас тэнцчихсэн. Хамгийн бага нь ээжийнхээ явж байсан Японы эзэн хааны цэцэрлэгт явж байгаа.

Цэцэрлэг бас шалгалт авах уу?

-Тэгнэ. Зураг зуруулна. Хоол ундаа яаж идэж байна, бусад айлын хүүхэдтэй харьцаж байгаа харилцаа гэхчлэн олон зүйлийг анхаар­даг. Тавагтай чихрээс атгаад авч байвал шалгалтад унана. Ганцыг л авах ёстой гэдэг юм байна. Багыгаа цэцэрлэгт тэнцэхэд ээж нь магнайгаа хагартал баярласан байх. Өөрөө уг нь эзэн хааны сургуульд сурч байсан юм шүү дээ. Дундаасаа надтай нийлээд замхруулчихсан болохоос биш. Тэр мөрөөдлийг нь биелүүлж цэцэрлэгт тэнцсэн болохоор сэтгэл нь нэлээд хөдөлсөн. Цэцэрлэгээсээ сургуульд нь шууд орох боломжтой байдаг гэсэн.

Та сургууль дээр нь очдог уу. Хүүхдийн эцэг эхийн хурал дээр ч юм уу?

-Хичээлийн шинэ жилийн нээлтээр нь очсон. Харин эхний өдрөө охин маань өвдгөө шалбалсан ирэхийг хараад битүүхэндээ баярлаж л суулаа. Хичээлээр нүдчихдэг байх гэж айж байсан чинь хүүхдийг хүүхэд хэвээр нь сургадаг бололтой.

Хүүхдүүддээ ямар нэр өгсөн бэ?

-Том охиныг Юнрэнцоо гэдэг. Хүүдээ Мөнхжаргал гэж нэр өгсөн. Өвөөгийнх нь Мөнхийг аваад өөрийнхөө нэрний Жаргалыг залгаад ийн нэрлэсэн. Багыг нь Маяа гэдэг.

Монголоор ярина биз дээ?

-Хоёр том нь ярина. Бага нь сайн ярихгүй. Хүүхдүүдтэйгээ ер нь монголоор л ярьдаг юм.

Монгол руу дагуулж явж байна уу?

-Ер нь зун болгон авч явдаг. Энэ зун харин шалгалтад бэлдээд яваагүй. Одоо сургууль, цэцэрлэгт орчихсон болохоор ээж нь ч завтай болж байгаа. Ирэх зун гэр бүлээрээ Монгол руугаа явна гэж яриад л байна.

Хүүгээ бөхөөр хичээл­лүүлж байна уу. Удам зал­гасан аварга болох болов уу?

-Өвөө, аав, хүү гээд гурван үеийн аварга байгаасай гэж мөрөөдөөд л байгаа. Ер нь бөхөд дуртай. Гэртээ эгчтэйгээ барилдана. Өмнө нь эгчийгээ бардаггүй байсан бол саяхнаас давдаг болсон байна лээ. Зүрх сэтгэл нь байгаад, дуртай бол барилдах байх. Би чинь багадаа тэгтлээ их бөх сонирхохгүй, сагсан бөмбөг тоглоод явж байдаг байсан.

Аав, ээжтэйгээ утсаар ярьж байна уу?

-Энд манай төрсөн эгч байдаг юм. Тийм болохоор миний тухай, юу хийж яаж байгааг аав ээжид утсаар хэлчихнэ. Би башёгийн өмнө, дундуур, дуусгаад гээд ярина л даа. Гэхдээ өдөр болгон яриад байж чадахгүй. Гурав, дөрөв хоноод холбогдоно.

Та бэйсбол тоглодог. Одоо тоглож байна уу. Ер нь чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Сонирхож л байна. Яг тоглох зав гарахгүй юм. Монголын бэйсболын холбооны хүндэт ерөнхийлөгчийн албан тушаалтай. Тэрэнтэй холбоотой мөрөөдөл бий. 2020 оны Токиогийн олимпод бэйсбол орно. Тэр үед Монголынхоо тамирчидтай хамт зогсож баймаар байна. Бас л гоё шүү дээ. Хааяа чөлөөт цаг гарахаараа гольф тоглодог. Зун Монголд очихоороо бас тоглоно. Ер нь амархан харагдаж байгаа зүйл хэцүү байдаг. Хүний нүдэнд сумогоор барилдах амар байж магадгүй. Гэтэл тийм биш. Аав тэрийг их гоё хэлж байгаа юм. “Муусайн юмнуудын барилдаж байгааг харахаар амархан юм шиг мөртлөө яггүй зүйл. Ер нь барилдана гэдэг лайны ажил шүү дээ” гэнэ.

Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Их л завгүй байх юм. Бас хаа сайгүй хэвлэл мэдээллийнхэн дагадаг юм байна?

-Өглөө босоод бэлтгэлээ хийнэ. 11 хүртэл бэлтгэлтэй байдаг юм. Башё дуусгаад долоо хоног амардаг. Гэхдээ л энд тэнд урилгаар очсоор байгаад амрах цаг гарахгүй. Башёгийн өмнө үндсэн бэлтгэлдээ ордог. Сар гаруйн хугацаанд үндсэн бэлтгэлээ хийнэ. Бусад дэвжээнд очиж хамтарч бэлтгэлд гарах тохиолдол ч их. Бэлтгэлийн дараа хоолоо иднэ. Тэгээд энд тэндхийн арга хэмжээнд очиж оролцсоор байгаад оройдоо л харьдаг юм. Бас тойргийн барилдаануудтай. Одоо шинэ жил дөхсөн болохоор арга хэмжээ ихтэй. Тэр болгонд хэвлэл мэдээллийнхэн дагана. Хэвлэлүүд Сумогийн холбооноос албан ёсны зөвшөөрөл авдаг болохоор байнга л дагаад явна.

Хэдэн туслахтай вэ?

-Арван хүн байна. Тэднээс гадна үс самнадаг, хоол хийдэг хүн гэж тусдаа. Хааяа Монгол руугаа явахаар хүргэн ахаараа үсээ самнуулчихдаг юм. Их нарийн дэг жаягтай болохоор өөрөө самнаж чадахгүй л дээ.

Энэ жилийн шилдэг тамирчнаар шалгарч байгаа гэсэн. Оны шилдгийн шагналыг олон удаа авч байсан байх. Харин төр засгаас нь шагнуулж байв уу?

-Хамгийн том шагнал гэвэл “Ард түмний баатар” болж байлаа. Сумогийн ертөнцөөс хамгийн сүүлд авч байсан хүн нь домогт Тайхо аварга. Удаах нь би авч байна.

Ярилцсанд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсье.

-За баярлалаа. Цаг зав тун шахуу байгаа ч гэлээ Монголоос зориод ирсэн “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөндөө баяртай байна.Би чинь энд өдөр болгон Японы хэвлэлд ярилцлага өгнө. Намайг дагаж яваад байнга бичлэг хийж нэвтрүүлэг хийдэг хүн ч байгаа. Харин өнөөдөр Монголынхоо хэвлэлд ярилц­лага өгөх сайхан байна.

Categories
гадаад мэдээ

Газын зурваст шинэ оны баяр тэмдэглэхийг хоригложээ

“ХАМАС” хөдөлгөөнөөс шашны шалтгаанаар Газын зурваст Шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон байна. Энэ талаар арванхоёрдугаар сарын 30-ны лхагва гаригт “The express Tribune” мэдээлжээ. Цагдаагийн газрын төлөөлөгч Айман аль-Батинжи “Дотоод хэргийн яам, цагдаагийн газраас нэг ч зоогийн газар зочид буудал, концертын танхимд үдэшлэг зохион байгуулах зөвшөөрөл өгөөгүй” гэж мэдэгдсэн байна. Тэрээр энэхүү үйл ажиллагаа нь ёс заншил, уламжлал, үнэт зүйлсэд нийцэхгүй хэмээн тайлбарлажээ. Түүний хэлснээр, 2015 оны аравдугаар сараас эхлэн сүүлийн сарын байдлаар баяр ёслол тэмдэглэх үеэр мөргөлдөөн болж, 136 палестин, 20 израйл иргэн амиа алдсан байна. Хууль сахиулах байгууллагад ойр эх сурвалжийн мэдээлснээр, хүчнийхэнд хууль бус үдэшлэгүүдийг тараахыг тушаажээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Бавуудорж: Зохиол бүтээл минь чиг шугамаа алдалгүй дорнын ай савд багтсан даа

Энэ үдэш та бүхэндээ онгод хийморьтой, цог золбоот яруу найрагчийн ярилцлагыг архиваа уудлан эргэн хүргэж байна.

Б.Лхагвасүрэн “Ижийтэйгээ байхад баян байсан” шүлгээрээ “Болор цом” хүртсэн жил. П.Бадарч, О.Дашбалбар, Б.Лхагвасүрэн, Ц.Бавуудорж, Б.Ичинхорлоо нар айргийн тавд үлдээд байгаа нь. 1999 он

Монгол Улсын тө­рийн соёрхолт яруу най­­рагч Цогдоржийн Ба­вуу­доржтой ярил­ца­хаар гэрийг нь зорилоо. Эр­хэм найрагчийнд зоч­ло­хуйд төрийн соёрх­лын алтан соёмбо энгэрт нь гялалзсан хүрэн кос­тюм хойм­рынх нь мо­дон сандал дээр тохоо­той байгаа нь юуны түрүүнд харц булааж байлаа. Цагаан сар мэт тавгийн идээ засаад, айраг сөгнөн төрийн шаг­налыг гэр бүлийн­хээ хэмжээнд тийм нэг утга төгөл­дөр тэм­дэг­лэж буй нь илт. Най­рагчийн гар утас энэ хэд хоног ёстой л улайсч байх шиг байна. “Найрагч нөхөд, эрдэмт мэргэн ах нар минь бүгд л ярьж баяр хүргэж байна. Хөдөө суугаа найрагчид минь аймгийнхаа утга зохио­лын нэгдлээс гээд ярих нь сайхан байна шүүгэж байсан. Тэр зуурт Бавуу найраг­чийн ижий нь ирж хүү­гийнхээ тө­рийн хиш­гээс хуваал­цан, алтан соёмбот тэмдгээс нь адис авсан юм аа. “Хоёр хөг­шин минь их л баяр­лаж байна даа. Гэхдээ энэ шагналын нарийн утга учрыг сайн ойл­гох­гүй байх шиг. Гавьяатаас том шаг­нал гэлүү гээд гайхаад байх юмхэ­мээн аядуу зөөлнөөр өгүүлээд инээм­сэглэж байлаа. Тухайн агшинд эл найраг­чийн

Борлог үүлс шуур­галаад ирэхээр

Бодлын минь энүү­хэнд миний л ижий

Тэрлэг дээлтэй жиндээд ирэхээр

Тэнгэрийн энүүхэнд миний л ижий…” гэх шүлгийнх нь садарсан цагаан аялгуу санаанд бууж, “Намрын цагаан сарны дорхэмээх олон сайхан бүтээлээ ижий­дээ зориулсныг эргэ­цүү­лэв. Найраг­чийн дүү Рэнцэнбавуу ижийнхээ хамт ирсэн юм. Авьяас билэгт дархчуудын нэг тэрээр ахынхааМон­голын их амар амгаланшүлгийг есөн эрдэнээр ганцхан хувь бүтээж Үндэсний төв номын санд хадгалуулж бай­сан түүхтэй. Ахтай­гаа тун чиг адилхан бас л нэг бавайсан нө­хөр байна. Ингээд эрхэм найрагчтай найз нөхөд болоод радио­гийнх нь хамт олон ир­чихсэн үндсэндээ зочдод да­руул­­чихсан байх ахуйд хөөрөлд­сөнөө хүргэе.

А.Эрдэнэ-Очир андтайгаа Равжаа хутагтын нутагт

Утга зохиол болоод оюун санаа, хэл соёлын хүрээнд нэгэн сайхан баяр тохиосон нь таны бүтээлүүдэд Монголын төр шаг­налаа хүртээ­сэн явдал боллоо. Хүмүүс ихэд баярлаж байна. Энэ өндөр шаг­налыг хүртэнэ гэдгээ та хэдийд мэдсэн бэ?

-Уран бүтээлч
бид бүхэн тэн­гэрийн хишиг
гэж аливааг бэлгэшээн боддог.

Түүн лүгээ адил Монголын төр дээдийн хишиг буян, хайр ивээлээ надад өглөө. Миний хувьд их л гэнэтийн зүйл боллоо доо. Улс тунхагласны баярын өглөө уг мэдээг дуулгаж Ерөнхий­лөгчийн Тамгын газраас ярихад нь гайхах, эргэлзэх, балмагдах бүгд л зэрэгцээд явчихсан. Итгэж өгөхгүй байгаа юм. “Энэ чинь одоо юу болоод байна аа” гэж хэсэг сууж ганцаараа бодлоо. Тэгээд бүтээл туурвилын минь буян юм даа хэмээн өөрийн эрхгүй л баяр төрөөд явчихсан. Автайсайн хааны өргөөнд уригдан орох, Ерөнхий­лөгчийн зарлигийг уншиж байх агшин, бүтээлүүдийг минь дурдах мөч, Монгол төрийн тэргүүн энгэрт минь төрийн шагналын тэмдгийг зүүж байх хором энэ бүхнийг үгээр илэрхийлэхийн аргагүй юм даа. Хэдэн ном минь л сэтгэлд бодогдож “Би чинь ер нь ийм хэмжээний бүтээл туурвисан хүн мөн билүү” гэсэн тийм нэг эмээх зүйл ч мэд­рэгддэг юм байна лээ.

ТаныгМонголын их амар амгалан“, “Дорнобүлэг шүлэг, “Агайнайраглал, “Хүннү туульс“, “Хүрэл чонозэрэг бүтээлээрээ монгол­чуудын оюун санаа, сэтгэл­гээний гүн гүнзгий байдлыг гаргаж, дорнын ард түмэн ийм агуу уянгалаг, яруу сэтгэ­хүйтэй гэдгийг ха­руулж чад­сан хэмээн Ерөнхий­лөгч хэл­сэн үгэндээ онцолсон. Үүнийг хэрхэн хүлээж авсан бол?

-Надад
их л ахадсан тодорхой­лолт шиг санагдсан даа. Өргөө гэртээ бөхийж ордог шиг тэр том зарлигийн дор мэхийж л зогссон. Би чинь утга зохиолын ерээд оных­ны нэгэн төлөөлөл. Ерээд оныхон бол Монголын утга зохио­лын нэгэн сонгодог үеийнхний гол төлөөлөл шүү дээ. Хэдхэн шавилхан банди, охид саяхан л орж ирсэн байсан бол утга зохиолын ертөнцөд хорин хэдэн жилийг үдсэн байна шүү. Өөр өөрийнхөө зам мөрөөр давалгаа цалгиа үүсгэсэн байна. Ганцхан утга зохиол ч гэлтгүй Монголын оюун санааны ертөнцөд нэгэн том хуйлралт, шинэ сэрэхүйг өгчээ. Тэр том давалгаа, оюуны тэсрэлт на­майг өдий зэрэгт хүргэснийг төрийн хишгийг хүртэж байх агшинд бо­дож, эрхэм нөхөр А.Эрдэнэ-Очироо­соо аваад нандин сайхан найрагчдаа, үеийнхнийгээ хайр­лаж байлаа даа.


Данзангийн Нямсүрэн найрагчийн хамт. 1998 он

Яриагаа таны ус нутаг руу хандуулъя. Та бол Богд Очир­ваань Отгонтэнгэрийн хүү, олон хутагт хувилгаад төрсөн ариун дагшин нутгийн хүн дээ?

-Тийм
ээ, би Завхан аймгийн Шилүүстэй сумынх. Отгонтэнгэр хайрхан Очирваанийн орон. Очир­ваань бол тэрхүү хошуу нутгийг бус монголчуудын заяа буяныг даасан бурхан шүү дээ. Тэгэхээр бурхны л орон юм. Ийм ус нутагтай зүрх сэтгэлээрээ холбогдох хувь ерөө­лийг өвөг дээдэс минь хайрлажээ. Тэгээд л Отгонтэнгэр хайрхандаа дуу, шүлгээрээ мандал өргөж явна. Очирваанийн эргэн тойронд Мон­голын арван гурван тамгатай хутагт төрсөн гэдэг. Гэхдээ Богд хааны зарлиг шийдвэрт багтаагүй, там­гагүй хэрнээ олон л хутагт гэгээд увдистнууд тэр ус нутагт аж төрдөг билээ. Би чинь уран бүтээлчийн хувьд Монголынхоо сайхныг мэд­рэхсэн хэмээн олон л уулстай золгож, товшуур барьсан өвгөдийн аялгуулан дуулахыг сонсож явлаа. Гэвч Очирваанийн орон болох намайг өлгийдөн авсан ус нутаг арай л өөр шиг санагддаг. Ухаан­даа, манай Шилүүстэй суманд Нарванчин гэгээний дөрөв, таван дүр дахин дахин хувилж төрсөн байдаг. Мөн сонин юм шүү.

Шилүүстэйн юунд нь болоод гэгээнтний билиг билгүүн эргэн төрөөд байдаг юм бол гэж бодогд­дог. Мөн Монголын олон гайхам­шигтай судар, шастир зохиосон Агваанлувсан­пэрэн­лэй­жамц хэмээх хувилгаан сууж байсан. Хожуу үеийнхнээс гэвэл Цагаан дарь эхийн бүрэлбаа Андиа гэгээн­тэн Цэрэндондов гэж бий шүү дээ. Монголын сүүлчийн хувилгаан гэгддэг хүн.

Андиа гэгээнтний тухай та шүлэг зохиолдоо багагүй бичсэн байдаг?

-Саяхныг
хүртэл амьдарч бай­сан. Хүүхэд байхдаа маадаг тоглоод сумынхаа гудамжаар гүйж явахад Андиа гэгээнтэн таягаа тулчихаад л намуухан алхаж явдаг сан. Тэгэхээр төрийн шагналт Бямбажавын Цэнддоо ах бид чинь амьд гэгээнтний дэргэд өссөн юм. Андиа гэгээнтэнтэй би олон удаа уулзаж ер бусын энерги, номын авшиг, сэтгэлийн ариуслыг ава­хаас гадна найз нөхдөө дагуулж очин мөргүүлж, адислуулж байсан. Үүндээ их бахархдаг шүү. Андиа гэгээнтнийхээ тухай сүүлд нэг зүйлийг ухаарч бодож байлаа. Тэр нь юу байв гэхээр манай нутгийн­хан гэгээнтнээ бүхий л насаар нь агент болгосон. Тэгээд айл амьт­наас зайдуухан буулгачихдаг бай­лаа. Үүний цаана хөгшдийн минь маш том ухаан явж байжээ. Ухаан­даа, шуудай гурил хэн нэгнийх нь тэмээнд тэгнээд өгөхдөө сайн сайх­ныг шившээд, тарнидаад өгнө. Бор цаасанд атга чихэр боогоод өгөх­дөө мөн л шившчихэж байх жишээ­ний. Үүнд эрдэмт хүний оюун билиг, нууцлаг ид шид нь оршиж байж дээ. Ингээд бодохоор мон­гол­чуудын оюун сэтгэлгээ гэхээр гаднаас хайгаад байх том зүйл биш юм аа. Арагтай аргал шиг, хөхүүр­тэй айраг шиг, тоононд уясан халтар арвай шиг ойрхон байдаг юм байна. Энэ мэт нутаг орны онцлог гэвэл яриад баршгүй ээ.


А.Эрдэнэ-Очирыгоо “Болор цом” авдаг жил. 2002 он

-“Хоёр хөгшин минь их баяр­лаж байна аагэж та дээр хэл­сэн. Аргагүй дээ ийм най­рагч хүү төрүүлсэн хүмүүс баяр­лахаас яахав. Ингэхэд аав тань Архан­гайн хүн юм билээ. “Арын хан­гайгаар ну­тагтай ахан дүүстээ зориу­лавгэсэн Арын хангайн нэ­гэн сайхан уул Цогтсүм­бэрийн тухай бичсэн таны шүлэг. Мөн Чулуут голын тухайАавын нутагсайхан дуу ч бас бий?

-Тийм
ээ, аав минь Арын хангай нутгийн хүн. Тэнд миний ахан дүүс бий. Аавынхаа нутгийг санаж уул усыг нь сэтгэлдээ хадгалж явдаг хүүгийн ёсоор ганц нэг дуу шүлэг тэрлэсэн тал бий. Миний дүү зах зухаас нь хэллээ. Манай ижий аав хоёр бол эгэл жирийн л албан хаагчид явсан хүмүүс. Хүүгийнхээ энэ шагналыг их л том юм гэж бодоод байгаа. Тийм бодол оюун санаанд нь тэнгэрийн солонго шиг л буусан хэрэг.

Та хэддүгээр ангидаа анхны шүлгээ бичиж байсан бэ?

-Гуравдугаар ангийн сурагч байхад Бөөрөнхий гэж эрдэм боловс­ролтой сайхан багш минь надад нэг жаахан авьяасын хэлтэр­хий буйг олж харсан байдаг. Тэгээд уран зохиолын дугуйланд оруулж байлаа. Тэгэхээр би гэдэг хүн гуравдугаар ангидаа анхны шүлгүүдээ бичиж байжээ. Тэр чинь наяад оны эхэн үе шүү дээ. Авьяас гэдэг их л сонирхолтой зүйл байдаг юм болов уу, анх янз бүрээр илэрхийлэгддэг байх гэж хааяа бодогдох нь бий. Учир юу гэвэл, гуравдугаар ангийн сурагч байх тэр үеэс би сийлбэр хийж эхэлсэн шүү.

Өө тийм үү?

-Тэгээд
сумынхаа нэлээд олон айлд эвтэй дөрвөн амьтан сийлж өгсөн байдаг. Мөн баахан зураг зурсан байдаг. Тийм үедээ бурхан болоочийн хөрөг олныг зурсан даа. Нэг сонин дуулгая л даа. “Ну погоди”-гийн чонын толгойг цагаан футболкныхоо энгэрт зурчихсан чинь сумын төвийн бүх хүүхэд даяараа цагаан футболкны эрэлд гарч билээ.

Таныг дуурайх гээд тэр үү?

-Өө
хүүхэд бүр л над шиг энгэр­тээ чонын зурагтай явахыг хүсэхгүй юу. Тэгээд би бүгдэд нь чоно зурж өгсөн. Хичнээн ч хүүхдийн энгэрт чонын толгой зурлаа даа. Одоо­гийн хэллэгээр тийм нэг моод анх гаргаж байжээ. Намайг зургадугаар ангид орох жил манайх Улиастайн төв рүү шилжиж ирсэн. Найман жилийн хоёрдугаар сургуульд орлоо. Тэнд Цэрэнцолийн Бадам­жунай гэж багштайгаа учирсан. Утга зохиолын нарийн мэдрэмжтэй тэр хүн хичээлийн эрхлэгч маань байлаа. Сүүлд Монголын зохиолч­дын эвлэлийн “Утга зохиолын төлөө шагнал”-ын эзэн болсон юм. Бадамжунай багш зургадугаар ангийн балчирхан жаалыг аймгийн Утга зохиолын нэгдэлд аваачиж тушаалаа. Тухайн үед манай утга зохиолын нэгдэл Цэдэвдоржийн Цоозол найрагч ах маань байлаа. За тэгээд Хасбайн Лхасүрэн, Хасын Бат-Өлзий Ванчингийн Загдаа, Самдан багш маань бай­сан даа. Ах нар шинэ шүлгүүдээ уншаад л бужигнана. Утга зохио­лын тийм нэг халуун яриа тэнд өрнөж байгаа юм. Би бол юу ч ойлгохгүй жаахан хүүхэд хамгийн арын ширээнд гайхаад л сууж байдаг сан.


Отгонтэнгэр хайрханы бэлд Чилаа найрагчийн хамт

Адарсүрэн дуучин бас танай нэгдэлд байсан гэж дуулсан юм байна?

-Утга
зохиолын нэгдэлд анх элсэхэд монхордуухан хамартай нэг ах хамт элсэж, үнэмлэх авч байсан нь алдарт дуучин Адар­сүрэн байж билээ. Хэдэн сайхан дууны шүлгээ биччихсэн, түүнийгээ уншаад. Омголон л байсаан. Есдү­гээр ангийн хүүхэд “Пионерийн үнэн” сонинд шүлгээ гаргачих санаатай, гурван шүлгээ дугтуйд хийгээд явууллаа. Тэгтэл дахиад шүлэг явуулаач гэсэн захиа ирдэг юм. Би чинь бөөн баяр болно биз дээ. Удаа ч үгүй сонины редакцийн зүгээс жижигхэн өмнөтгөл бичээд гаргачихсан байсан. Тэр шүлгүү­дийг минь нийтэлж сурагч Бавуу­доржийг олонд анх таниулж байсан эрхэм бол хүүхдийн нэрт зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Жамбын Дашдондог ах байсныг бүр сүүлд, хорин жилийн дараа мэдэж билээ.

-“Утга зохиолсониныТанай шинэ танилбуланд гаргаж шүл­гүүдийг тань өлгийдөн авсан хүн бол Дөнгөтийн Цоодол найрагч. Аравдугаар ангийн сурагч байхад чинь захиа явуулж байсан гэдэг ээ?

-Наад
чинь их л нандин юм байгаа. “Пионерийн үнэн”-д шүл­гүү­дээ гаргачихсан нөхөр чинь “Утга зохиол” сонинд гарахсан гэж бас бодно шүү дээ. Тэгээд Зо­хиолч­дын эвлэл рүү захиа бичлээ. Таньдаг мэддэг ганц ч зохиолч байхгүй учир “Монголын зохиолч­дын эвлэл”-д гээд хаяглаад явуул­лаа. Гэтэл төд удалгүй хариу захиа ирдэг юм аа. Нэг өдөр хичээлд байж байтал Бавуудоржид Мон­голын зохиолчдын хорооноос захиа ирлээ гээд өглөө. Би гэдэг хүн хаягийг нь ч уншилгүй шууд л магнайдаа хүргэж адислаад бөөн баяр болж билээ. Хичээл дээр сууж байгаад задлах гэтэл “Завхан аймгийн хоёрдугаар арван жилийн сургуулийн 10А ангийн сурагч Ц.Бавуудоржид Монголын зо­хиолч­дын эвлэл: Д.Цоодолоос” гээд гараар биччихсэн байдаг юм. Түүнийг задална гэсэн гар чичрээд болдоггүй ээ. Цоодол ах тухайн үед Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч байсан юм билээ. Энэ дурсамжтай уялдуулаад нэг нандин зүйлийг сүүлд мэдэж билээ.

Тэр маань юу билээ?

-Цоодол
ах өнөө захидлыг үзээд шүлгүүдийг минь уншин багагүй тоогоод сууж байтал Сүрэнжав ах ороод ирсэн гэж байгаа юм. Тэгээд хоёулаа ярил­цаад “Явуугийн нутгаас нэг сайхан авьяастай хүү төрөх нь дээ. Хоёулаа хэн нь дэмжих үү” гэж ярилцаж байгаад Цоодол ах захиа явуулсныг сүүлд би Сүрэнжав ахаас мэдэрж их баярласан. Аравдугаар ангийн сурагч хүүгийн шүлэг зохиолын тухай утга зохиолын хоёр том аварга яриад сууж байна гэдэг санаанд багтамгүй шүү дээ. Тэгээд “Таны шинэ танил” буланд “Толгод” тэргүүтэй дөрвөн шүл­гийг гаргаж өгсөн дөө. Ингэж л Дөн­гөтийн Цоодол гэж хүн намайг утга зохиолын ертөнцөд гаргаж ирсэн түүхтэй.

Таны анхны номБүгээн анир“. Ерээд оны эхээр хэв­лэгдсэн байдаг?

-Анхны
номоо ерэн нэгэн онд гаргасан. Тухайн үедээ дөрвөн мянган хувь хэвлэж байлаа. Манай Намсрайн Лутбаяр найрагч маань хэвлүүлж өгсөн. Тэрээр Их сургууль төгсөөд Зав­ханы “Туяа” сонинд эрхлэгчээр оччихсон байлаа. Намайг сонин­доо сэтгүүлчээр авч ажиллуулж байв. Миний ажил амьдралын гараа Завханы “Туяа” сониноос тийнхүү эхэлж байсан түүхтэй. Анх Улаанбаатарт ирэхдээ гур­ван хайрцаг номтой нөхөр л онгоцноос бууж байлаа. Тэгэхэд өнөөдөр яруу найргийн арван­нэгэн номтой, “Болор цом”-той, их зо­хиолч Д.Нацагдоржийнхоо шаг­нал­тай, Монгол Улсын төрийн шагналтай болчихоод сууж байна. Отгонтэнгэр хайр­ханы минь хишиг буян, Андиа гэгээнтэн тэргүүт хутагт хувил­гаадын ариун шүншиг л намайг харж, далдаас ивээж өдий зэрэгтэй явна гэж боддог.

Очирваань уулын цагаан үүл

Орчлонд намайг дагаж нүүдэг

Мөнхийн ногоон арц нь хүртэл

Мөр замыг нь хучиж ургадаг…” гэж бичсэн минь ийм л учиртай даа. Мөн ерэн долоон онд байна уу даа Монголын радиогийн босгоор алхахад Пүрэв­жавын Баярсайхан ах минь нэг эрээн гэр өгч түүнийгээ Шар хадны эцэст айлын хашаанд бариад манайх гэдэг айл төвхнөж байсан. Өнөөдөр орон байртай хоёр хүү минь зэрэг өсөөд айлын дайтай сайхан явна. Үүнд миний ханийн буян их юм аа. Бид чинь шүлэг зохиолоо л бодож ар гэрт нэг ч гавьяа байгуулдаггүй хүмүүс шүү дээ. За энэ бол яах вэ. Харин нэг нандин дурсамж сөхөхүйд “Бүгээр анир” номыг Данзангийн Нямсүрэн ах өлгий­дөж авах учиртай байсан. Анх уншсан хүн нь Нямсүрэн ах шүү дээ. Тэгээд өмнөтгөл үг бичих юм боллоо. Гэтэл мань хүн Завханд долоо хоног манаргаад өнөө өмнөтгөлөө ч бичиж амжилгүй нутаг руугаа явчихсан. Тэгээд ном гаргах болтол өмнөтгөл бай­даг­гүй. Анхны ном байж байдаг. Яг хэвлэлтэд шилжүүлэхийн өмнө Хасвайн Лхасүрэн ахыг шам­дуулж байж гурван өгүүлбэр бичүүлж билээ. Монголын оюун санааны нэгэн өндөрлөг, гайхамшигт үзэгдэл тэр сайхан найрагчаар анхны номыг адис­луулсан даа их баярладаг юм.

Нямсүрэн найрагч та хоёрын Отгонтэнгэрийн мөн­гөлөг ца­гаан оргилын наана авахуул­сан нэг сайхан зураг байдаг. Ер нь энэ найрагчтай хэдийд яаж уулзсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Ерэн
нэгэн онд Отгонтэнгэр хайрханы төрийн их тахилга болсон юм. Түүнийг тохиол­дуу­лаад зохиолчдыг урилаа. Үнд­сэндээ манай Лутаа л урихгүй юу. Зохиолчдыг тосох гээд онгоцны буудал дээр бид хоёр нэг муу пааз автобустай, түүнийхээ ард хоёр, гурван авдар архи аччих­сан давхиж очиж билээ. Миний ганц хүслэн бол Данзангийн Нямсүрэн гэж хүнтэй уулзаад үнсүүлчих санаатай. “Хаврын урсгал”, “Сэтгэлийн байгаль” номууд намайг ер бус болгож догдлуулж орхисон хэрэг. “Дөрвөн цаг”-аас аваад бүхий л шүлгийг нь цээжээр мэддэг, тэр хүн өчүүхэн миний итгэл биш­рэлийн дээд байлаа шүү дээ. Тэгээд Лутаадаа хэллээ. “Миний хөгшин Нямсүрэн ахыг л онгоцноос буух үед найздаа заагаад өгөөрэй” гэж.

Та бол өмнө нь ерөөсөө хараагүй хэрэг үү?

-Шүлгийг
нь цээжлээд л, өөрийг нь дээдлээд байснаас хараагүй шүү дээ. Лутаа “За Бавуу, цаана чинь Нямсүрэн ах гараад ирлээ” гэдэг юм. Тэгтэл миний төсөөлж байснаас огт өөр, хөгийн нөхөр буугаад ирдэг юм. Би бол нэг л тэнгэрлэг хүн, уулс шиг дүнэгэр амьтан л байх юм бодоод байгаа шүү дээ. Хавчийсан мөртэй, түүндээ таарсан богино савхин хүрэмтэй, индүүдлэгтэй хар өмдтэй тэлээний оронд цэрэг бүс туучихсан, цагаан пүүз углачихсан, бас болоогүй нэг дипломат цүнх барьчихсан ямар ч авцалдаагүй хувцастай сонин нөхөр буугаад ирж билээ. Тэгээд би гүйгээд очиход “Бавуудорж гэдэг чинь чи юу” гээд намайг үнсэж байлаа. Тэр бол давтаг­дашгүй агшин байсан даа. Даш­балбар ах, Мэнд-Ооёо ах, Пүрэв­жавын Пүрэв­сүрэн, Лам­жавын Мягмарсүрэн, Жигжидийн Бямбаа гээд авар­гуудыг тэгж нэг дор харж баясч байсан юм. Мягаа ах, Пүрэвсүрэн ах нар үнэндээ идэрхэн байж дээ. “Дарьгангын шадар гурав” гэгддэг Балбар ах, Ооёо ах, Нямсүрэн ах нар Явуу­гийнхаа нутагт ингэж ирдэг байжээ гээд л. Отгонтэнгэрт ер бусаар сүслээд л, Явуугийнхаа шүлгийг уншаад л. Дэргэд нь би гэдэг хүн навсайсан шүдлэн үрээ шиг л амьтан бараадаж явсан даа.

Таны хэдэн сайхан дуу бий. Ялангуяа Отгонтэнгэртээ зориул­сан, за тэгээд хайр дурлалын халуун залуу насны зүрх зүссэн аялгуун шүлэгтэй дуунууд байдаг. Харин анхны дуу гэвэлДөрвөн улирлын өнгөүү?

-Дуу
шүлэг гэж чухам юу байд­гийг би сайн мэддэггүй байлаа. “Бүгээн анир” гарсны дараахан Ц.Жамьян (урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч) багш дуудлаа. “Дотор жаахан муу байна аа” гэж байна. Яваад очтол багш төгөлдөр хуурынхаа ард сууж байна. “Бүгээн анир” номыг минь нугалаад арай л урж тасдаагүй харагдана. Номоо хартал сэтгэл сэрдхийгээд явчи­хаж билээ. “Багш ямар хайр найргүй…” гэсэн юм бодогдоод явчихлаа. Тэгтэл “Дөрвөн ули­рал” шүлгийн дор ноот бичээд хар бэхтэй үзгээр палийтал зур­чихаж. “Чиний номноос багш нь нэг сайхан дууны шүлэг оллоо. “Намрын борооноор цувгүй алхах­даа навчнаас дутуугүй гуниг тээдэг гэж чи ямар гоё хэлсэн юм. Би үүнийг чамд сонсгоё” гээд Батсүхийг дуудаад оруулаад ирдэг юм. Гавьяат жүжигчин С.Батсүх тэгэхэд Завхан аймгийн театрт дөнгөж ороод байсан шавилхан залуу л байсан даа. Ингэж миний анхны дуу төрсөн түүхтэй.

-“Дорнын намуухан Отгон­тэнгэргэж гоё дуу бий. Мөн хөгжмийн зохиолч М.Хатан­баатарын аялгууг нь тааруул­сан нэг сайхан дуу бий дээ?

-“Жаргаж
гуних хүний орчлон” гэж үү. Ийм шүү дээ. Би нэг өөрөө аялаадахъя л даа.

Аавтай хүн эрдэж туулдаг босго даваатай хүний орчлонд

Аавгүй хүн эмтэрч дуусдаг асга хадтай буурал замлинд

Сэтгэлийн торго минь сэмрээд л байна ай амраг минь

Сэрэвгэр үүлс нь зэрэглээнд ганхах юм ай амьдрал минь ээ…”. Манай Эрдэнэ-Очир (“Болор цом”-ын эзэн яруу найрагч) анх дуулсан дуу шүү дээ. Эрдэнэ-Очир маань их гоё, дууны ая дан, үгийн ид шид, дотоод амьсгал нугалааг нь гаргаж, мэдэрч дуулдаг. Намайг зарим нэг хүмүүс “Дууны шүлэг бичээд байх юм. Их том найрагч дууны шүлэг бичдэггүй л байхгүй юу” гэдэг. Чадал чансаа нь хүрч байвал утга зохиолын бүхий л төрөл жанраар асгарах учиртай юм. Сарны туяа усны мандалд, түүн доторх эрдэнийн чулуунд тусаад буцааж ойж байгаа юм шиг өөрт буй бүхий л гэгээ гэрлээ цацраах ёстой. Дууны шүлэг ч бай, туульсын найраг­лал ч бай түүнд орсон ганц­хан үгийнхээ өмнө яруу найрагч хариуцлага хүлээдэг байх учиртай. Манайхан үгийн өмнө хариуцлага хүлээхээ огт байсан. Юу дуртайгаа ярьдаг, бичдэг болсон.

Зохиолчийн урлан руу өнгийхийг хүмүүс их сонирх­дог. Энэ нь шүлэг зохиолоо хэдий үед бичдэг вэ гэх ойл­голт. Ухаандаа, туульсын то­моо­хон найраглалуудаа ямар хугацаанд бичив гэдгийг нь асуумаар байна. Үндсэндээ төрийн шагнал хүртсэн бүтээ­лүүд ямар хугацаанд төрсөн бол гэдэг хүмүүст сонин байх болов уу?

-Яруу
найргийн томоохон хэмжээний бүтээл туурвина гэдэг үнэндээ амаргүй юм аа гэдгийг мэдэрч л сууна. “Хүннү туульс” хэмээх туульсын томоохон хэм­жээний найраглал өнгөрөгч онд хэвлүүллээ. Энэ маань хоёр мянгаад оны үед бичиж байсан “Хүрэл чоно” шүлгээс минь улбаа­тай юм. “Хүрэл чоно”-оос хойш сэтгэлийн гүнд Хүннүгийн тухай нэг зүйл мэдрэгдчихээд хаягдаж гээгддэг ч үгүй намайг зовоогоод л явсан. Түүний дараа­хан “Хүннү Яньжи” хэмээх богино хэмжээний найраглалаа бичсэн. Тэгээд өнгөрөгч жил “Хүннү туульс”-аа бичлээ. Тэгээд өнгөрөгч жил “Хүннү туульс”-аа бичлээ. Тэгэхээр “Хүннү тууль”-ийн үр хөврөл миний сэтгэл оюунд арван жил болсон байгаа биз. “Монголын их амар”, “Дорно” тэрг үүт бүлэг шүлгүүдээ харж байхад ямар өгөгдөл байна гэдгийг анзаардаг. Өөрийнхөө зүг чигээ бодож байгаа хэрэг л дээ. Тэгээд л монгол төрхтэй, монгол тархитай, монгол зүрхтэй нэг “юм” туурвих гэж л зүдэрдэг хүн шүү дээ, би. Миний чиг шугам энэ. Надад бол дорнын гэх хандлага их байдаг. Дээрээс нь багш нараасаа дуулсан, өөрийнх өөрөө бодсон бясалгасан юм байна. Энэ маань явсаар байгаад хүн төрөлхтний оюун санааны хамгийн том ай сав болсон дорно хэмээгчид тулж ирээд багтаж байх

шиг. Ер нь тэгээд бидний амьдарч байгаа энэ бүлтгэр замбуулингийн дотоод шүншиг, амь амьсгал нь дорно юм уу даа. Хүн төрөлхтөн өнөөдөр дорно руугаа эргэж байх шиг. Тэгэхээр Монголын оюун санааны мэргэд, зохиолч найрагчид дорнын ай сав руу жаахан өнгийж тэр том өв соёлоос авахыгаа авах ёстой гэж бодогддог шүү.

Та өнгөрөгч жил гарамгай яруу найраг бүтээснийхээ төлөө олон улсын том шагнал хүртсэн. Их Явуугийнхаа захиснаар дэлхийн найргийн дэвжээнд шүлгэн хүлгээрээ уралдаж байгаа?

-Өмнөд Энэтхэгт ч, Хятадад ч, Мексикт ч найз нөхөд минь байна. Мексикт байгаа найз нөхдөөрөө

дамжуулж испани хэлт утга зохиолын ертөнцөд ганц ном гаргахсан гэж боддог. “Нүүдэлчдийн найрагч танд гүн хүндэтгэлтэй ханддагаа илэрхийлье” гэсэн утга бүхий захидлыг Колумбийн зохиолч бичсэн. Түүний буянаар Испанийн алдартай орчуулагчаар бүтээлээ орчуулуулах хувь надад олдож байлаа. Испани хэлт утга зохиолын ертөнцөд яруу найргийн аваргууд байна уу даа гэдгийг сүүлийн тав, зургаан жил дэлхийн яруу найрагчдын их хуралд оролцож явахдаа мэдэрсэн дээ. Нобелийн шагналт яруу найрагч Бродскийн нарийн бичгээр ажиллаж байсан Америкийн найрагч бүсгүйтэй би ихэд дотно. Тэр бүсгүй надад одоо ингэ тэг гэж хэлж санаа оноо өгч, чиний бүтээлийг тийм тийм хэл рүү орчуулахсан гэж эрмэлздэг гэдэг юм. Бас л хувь ерөөл юм шүү.

Categories
мэдээ нийгэм

Э.Анхбаяр: Шинэ онд бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн

Хэдхэн цагийн дараа он солигдох гэж байна. Дуурийн театрын залуу дуучин Э.Анхбаяртай холбогдож, баярын энэ өдрийн сэтгэгдлийг нь хуваалцлаа.

-Та хэдхэн хоногийн өмнө олон улсын дуулаачдын том уралдаанд оролцоод ирсэн. Тэмцээний сонин сайхнаас товчхон сонирхуулахгүй юу?

-Беларусын Минскт болсон конкурст Монголоос анх удаа оролцоод ирсэн. Манайхаас гурван дуучин явж, манай театрын дуучин Хүрэлбаатар бид хоёр шилдэг тавд шалгарсан. Энэ уралдаан нэлээд том хэмжээнийхэд нь ордог юм. Гэвч, энэ удаа шүүлтийн хувьд маргаантай болсон нь жаахан харамсалтай байсан.

-Өнөөдөр баярын өдөр. Хэдхэн цагийн дараа он солигдох гэж байна. Та ер нь шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?

-Яг одоо хамаатныхаа хүүхдүүд болон сангийнхаа хүүхдүүдэд бэлэг тарааж явна. Шинэ жилийн баярыг ээжтэйгээ хамт гэртээ тэмдэглэнэ дээ.

– Ирэх он залуу уран бүтээлчийн хувьд уран бүтээлийн жил байх болов уу?

-Ирэх онд Итали руу мэргэжлээ дээшлүүлж сургуульд явах гэж байгаа. Тавдугаар сард буцаж ирээд Ялалтын баяраар тоглолт хийнэ гэж төлөвлөсөн байгаа. Шинэ онд өөрийнхөө бие даасан тоглолтыг хийх хамгийн том төлөвлөгөө байна. Эхнээсээ тоглолтын асуудлууд яригдчихсан байгаа. Ганцхан миний хувьд хоолойгоо сайн бэлдэх л үлдээд байна.

-Манай уншигчдад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлнэ үү.

-Уншигчид, бүх хүмүүст эрүүл энх, аз жаргалаар дүүрэ байж ажил үйлс нь байнга өөдрөг байхыг ерөөе. Шинэ оны мэнд дэвшүүлье. Сайхан баярлаарай.

Categories
мэдээ улс-төр

Нийтийн сонсголын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Нийтийн сонсголын тухай хуулийн талаар өнөөдөр /2015.12.31/ мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээлэлдээ, Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2014 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа тусгах боломж нөхцлийг бүрдүүлсэн маш чухал хууль батлагдсан гэдийг онцлоод хуулийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Нийтийн сонсголын тухай хууль нь 5 бүлэг 26 зүйлтэй. Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, түүнчлэн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах зорилгоор нийтийн сонсголын үйл ажиллагааг зохион байгуулна. Ингэхдээ Нийтийн сонсголын тухай хуулиар хууль тогтоомжийн төсөл, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн 6 төрлийн сонсголыг доор дурдсан үндэслэл, журмаар явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгажээ.

Үүнд:

1. Хууль санаачлагч нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой болон нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоомжийн төслийн сонсголыг явуулахаар тусгасан байна.

Хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулах асуудлыг тухайн Байнгын хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар шийдвэрлэх бөгөөд иргэн хуулийн этгээд уг сонсголыг явуулах хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороонд хандан гаргах юм.

2. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг явуулахаар тусгав. Ингэхдээ Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг тогтмол явуулах бөгөөд тухайн хууль, тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болсноос хойш 24-30 сарын дотор эхний хяналтын сонсголыг, дараагийн сонсголыг таван жил тутамд нэгээс доошгүй удаа заавал зохион байгуулна.

3. Улсын Их Хурал нь төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн орлого, зарлага, төсвөөс санхүүжүүлсэн болон хөрөнгө оруулсан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хянах зорилгоор улсын нэгдсэн төсвийн биелэлт, зарцуулалттай холбоотой асуудлаар Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулахаар тусгав.

4. Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар албан тушаалтныг томилохдоо Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтийг үндэслэн томилгооны сонсголыг явуулахаар заажээ.

5. Захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн сонсголыг захиргааны хэм хэмжээний актыг батлах, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахын өмнө зохион байгуулахаар тусгав.

6. Орон нутгийн сонсголыг Улсын Их Хурал, Засгийн газар нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэлт, тухайн асуудал хариуцсан байнгын хорооны шийдвэрийг үндэслэн тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулахаар заасан байна. Нийтийн сонсголын тухай хуулийг баталснаар хууль тогтоох болон төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний оролцоог хангах, иргэд төрөөс гарах шийдвэрийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх, шийдвэрт нөлөөлөх эрх зүйн үндэс бүрэлдэж, төр иргэн хооронд мэдээллийн эргэх холбоо үүсч, иргэдээс төрд итгэх итгэл нэмэгдэх бөгөөд үүний үр дүнд хууль, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актын чанар сайжирч, нийтээр хүлээн зөвшөөрөх хандлагад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ.

Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Categories
гадаад мэдээ

Амур, Тимур хоёроос болж сайт ачааллаа дийлэхгүйд хүрч, түр хаагджээ

ОХУ-ын Приморийн хязгаарын дархан цаазат газрын Амур нэртэй бар, Тимур нэртэй ямаа хоёр сүүлийн нэг сарын турш нөхөрлөж буй нь олны анхаарлыг маш их татаж байгаа билээ. Тэдний нөхөрлөлийн талаархи мэдээг сонирхон унших хүн их байгаа учраас Дархан цаазат газрын захиргаа фэйсбүүкийн сүлжээнд аккаунт нээсэн байна. Амур, Тимур хоёрын байгаа газар дөрвөн вэб камер тавьж, тэдний өвөрмөц үерхэлийг дархан цаазат газрын цахим хуудсаар дамжуулж эхэлжээ. Гэвч тус цахим хуудас хандалтын ачааллаа дийлэхгүйд хүрч, түр зогсоод байгаа аж. Дархан цаазат газрын захиргаанаас нийгмийн сүлжээгээрээ дамжуулан “Хэт их ачааллын улмаас манай сайт түр ажиллахгүй, бид асуудлыг хурдан хугацаанд шийдэхээр ажиллаж байна” хэмээн мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Осолдож бэртсэн цэргийн алба хаагчдын бие сайжирч байна

Энэ сарын 23-нд нислэгийн дадлага, сургуулилт гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн цэргийн алба хаагчид осолдсон харамсалтай явдал тохиолдсон.

Ослын улмаас Зэвсэгт хүчинд 17 жилийн турш ажилласан алба хаагч амиа алдсан. Харин бэртэж гэмтсэн цэргийн алба хаагчдын хувьд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж шаардлагатай эмчилгээ хийлгэсээр байгаа аж.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон яамны холбогдох удирдах албан тушаалтнууд өнөөдөр хэвтэн эмчлүүлж буй цэргийн алба хаагчдыг эргэж уулзан, эмч нараас биеийн байдлыг тодруулсан байна. Ослын улмаас гэмтсэн 10 цэргийн алба хаагч манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дөрвөн цэргийн алба хаагч хагалгаанд орж, зургаан алба хаагчийн зөөлөн эдийн гэмтэл эдгэрч зарим нь эмнэлгээс өнөөдөр гарч эхэлжээ. Одоогоор амь насанд эрсдэл үүссэн албан хаагч байхгүй гэж эмнэлгийн удирдлагууд сайдад танилцуулжээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албаны зөвлөл, БСШУЯ-тай хамтарна

Төрийн албаны зөвлөл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран хамтран ажиллахаар боллоо.

Ухаалаг төрийн үзэл баримтлалын хүрээнд төрийн албаны хүний нөөцийн бүрэлдэхүүн хөдөлгөөн, сонгон шалгаруулалтын санг бүрдүүлэх, энэ үндсэн дээр төрийн байгууллагын бүтэц, орон тооны оновчтой хувилбар боловсруулах, төрийн албаны санхүүжилтийг захиргааны зардлын бодлого, төлөвлөлтийн үйл явцтай уялдуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хүний нөөцийн удирдлагын нэгдсэн систем”-ийг төрийн байгууллагуудад нэвтрүүлэхээр хоёр байгууллага тохиролцож байна.

Энэхүү ажлыг үр дүнтэй болгох талаар хоёр байгууллага хамтарсан жилийн ажлын төлөвлөгөө гарган ажиллаж, үр дүнг дүгнэж төсвийн ерөнхийлөн захирагч нарт танилцуулах аж.