Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

Хууль зүйн байнгын хорооны хурлаар “Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүдийн 62.5 хувь нь хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзээд дэмжлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж асуулт асуулаа. Тэрбээр “Үндсэн хуулийг зөрчсөн гээд байгаа гурван шалтгаан байна. Нэгдүгээрт, аймгуудын дунд давж заалдах шатны шүүх байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гээд дүгнэлт гаргачихсан. Хоёрдугаарт, эрүү иргэний хэргийн шүүх гэж ялгасан нь Үндсэн хууль зөрчсөн. Гуравдугаарт, дүүрэг дундын шүүх байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргасан. Энэ шийдвэр цаашид их суудлын хуралдаанаар баталгаажна. Хоёр дахь удаагаа УИХ хүлээж авсан чинь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьчихлаа. Ерөнхийлөгч тойруугаар шүүхийн шийдвэрт хориг тавьж байгаа юм. Энэ нь шүүх эрх мэдлийн ажилд хориг тавих нэрийдлээр Үндсэн хуулийн зөрчил гаргасан. Одоо мөрдөж байгаа хуульд Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчвөл огцруулна гэж заасан байдаг юм шүү. Хоёрдугаарт, та нар зардал мөнгө их ярьдаг боллоо. Өмнө нь шүүхийн зохион байгуулалт хийгээд шүүхийн зардлыг гурав дахин нэмэгдүүлсэн шүү дээ. Давж заалдах шатны шүүхүүд чинь аймагт бүрт байсан юм. Байсан газрыг буцаагаад байгуулахад ямар ч зардал гарахгүй. Яагаад зардал нэмэгдүүлсэн бэ гэхээр эрүүгийн шүүх, иргэний шүүх гэж ялгаад тус бүрийг нь даргатай, тус бүрийг нь олон шүүгчтэй болгочихсон учраас зардал нэмэгдэж байгаа юм. Миний асуух гээд байгаа зүйл бол Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн гэдгийгээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж ойлгож болох уу? Хүлээн зөвшөөрч байгаа учраас мөнгө байхгүй гэж хориг тавиад байна” гэлээ.

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Эрүү, иргэний хувьд цэцийн дүгнэлт гарсан. Гэхдээ 2004 онд захиргааны хэргийн шүүх байгуулаад 2005 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Улсын хэмжээнд ганцхан давж заалдах шатны шүүх байсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ байдлыг нэг ч удаа Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц хэлээгүй. Эрүү иргэнээр дагнаад ирэхээр Үндсэн хууль зөрчөөд байдаг ойлгомжгүй асуудал байна. Гэтэл үндсэн хууль дээр эрүү иргэний дагнасан шүүх байгуулж болно гэдэг заалт байж байгаа. Дээрээс нь Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн зөрчөөгүйг УИХ-ын гишүүн тогтоохгүй гэж бодож байна. Энэ бол Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийн асуудал байна. Хоёрдугаарт, хориг бол Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт дээр тавигдаагүй, УИХ-ын тогтоол дээр тавигдаж байгаа юм. УИХ-аар шүүхийн дүгнэлтийг баталсан учир эргэж хараачээ гэдэг үндэслэлийг тавьж байгаа юм. Эцсийн шийдвэр та бүхэнд хадгалагдаж байгаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-23 жилийн дотор анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч ийм хориг тавьж байна гэж танилцуулаад байна. Би ганцхан логик талаас нь гайхаж байна. УИХ хууль гаргаж түүнийг Үндсэн хуулийн Цэцээс дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн байна гээд шийдчихсэн байна. Дунд суудлын хуралданы шийдвэрийг УИХ авч хэлэлцээд тийм байна гээд хүлээгээд авсан. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавьчихаж. Энэ логик талаасаа юу болоод байна вэ?

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хурлаар дүгнэлт гаргана, дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол их суудлаар эцсийн шийдвэр гаргах ёстой. Үндсэн хуулийн эцсийн шийдвэр гарсан бол түүнийг хэн ч хянах эрхгүй гэсэн Үндсэн хуулийн зохицуулалт байдаг. Тиймээс энэ бол процессийн дагуу явж байгаа хориг болохоос Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэрийг хориод байгаа асуудал биш.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд байгаа бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй огт хамаагүй. УИХ-ын тогтоолтой холбоотой. УИХ энэ асуудлыг дахин хэлэлцээд Үндсэн хуулийн Цэц их суудлын хурлаараа асуудлыг авч хэлэлцэх боломж байна гэсэн санаатай, ийм хориг тавьсан. Тиймээс Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ярих нь зохимжгүй юм. Хоёрдугаарт шүүхийн зохион байгуулалттай холбоотой асуудал Үндсэн хууль зөрчсөн үү үгүй юу гэж. Ийм зохион байгуулалтыг өргөн барьсан Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа юм шүү. Тиймээс адилхан Үндсэн хуулийн маргаантай гэж ойлгож болно” гэсэн юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Илкка Какко: Монголчууд Хөвсгөл нуурын орчимд, эсвэл говьд байгальтайгаа холбогдсон шинэ нээлт хийвэл дэлхий нийтийн анхаарлыг татна

Манай улсад “Шинжлэх ухаан, технологи, иннова­цийн экосистем” олон улсын чуул­ган боллоо. Энэ­хүү чуулганаар шинжлэх ухаан технологи, инно­ва­цийн экосистем болон шинж­лэх ухаан техно­логийн паркийг хөгжүүлэх талаар гадны судлаач, эрдэмт­дээс туршлага суд­лах юм. Түүнчлэн тэдний гаргасан санаа, бодлыг Монголын шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвш­ний хүмүүс хэлэлцэж зорилтоо тодорхойлоход оршино. Тэгвэл мэдлэгийн эдийн засгийг бий болгож, мэдлэгийн үйлдвэрлэлд хэрхэн хурдан шилжих арга замыг тодорхойлж болох лекцийг гадны мэргэжилт­нүүд тавьж эхэллээ. Үүнээс чуул­ганд оролцогчдын анхаарлыг татаж буй нь Финландаас ирсэн “Оюу Каростеч” компанийг үүс­гэн байгуулагч, шинэ санаа дэвшүүлэгч, менежментийн зөвлөх Илкка Каккогийн тавь­сан илтгэл юм. Тэрээр чуулганд оролцох боломжгүй учир өмнө нь манай улсад ирж бизнес эрхлэгчид болон төрийн удирдлагуудтай илтгэлээ видео хэлбэрээр бэлтгэсэн байжээ. Илкка Какког тавих илтгэлээ бэлтгэж байх үед нь уулзаж ярилсанаа хүргэж байна.

Та энэхүү чуулганд ямар сэдвээр илтгэл тавихаар бэлтгэсэн бэ?

-Миний илтгэлийн гол сэдэв нь платформ сэтгэлгээ буюу “Гурав дахь үеийн шинжлэх ухаан, технологийн паркийн хандлага” юм. Платформ сэтгэлгээ нь хуучин зүйлээс ургаж гарсан. Хуучин зүйл нь гэдэг нь пайплайн сэтгэлгээг хэлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор би илтгэлээ тавихаар бэлдсэн. Чуулганы үеэр миний тавьсан илтгэлийг видеогоор хүргэнэ. Учир нь би өөрийн биеэр байж амжихгүй болохоор долоо хоногийн өмнө Монголд ирж бэлтгэлээ бэлдсэн л дээ.

Гурав дахь үеийн шинж­лэх ухаан гэдгээ тайлбарлаж болох уу?

-Энэ тун шинэ гарч ирсэн хэллэг. Финландад сүүлийн хоёр жил маш эрчим­тэй дэлгэрч байна. Шинжлэх ухаан технологийн хуучин парк гэсэн ойлголттой ямар ч холбоогүй шинэ ойлголт юм. Хуучин гурвалсан хэлхээ гэх зарчмаар явж ирсэн. Засгийн газар, шинжлэх ухааны бай­гууллага, аж үйлдвэрийн газ­рын уялдаа холбоотойгоор. Энэ зарчимд хүн төрөлхтөн бид итгэхээ больсон.

Гол давуу тал нь юундаа байна вэ?

-Одоо Финландад хэрэгжиж буй энэ арга барил бол түлхэж бус бизнестээ татаж авах замаар үйл ажиллагаандаа шинэ санааг ашигладгаараа давуу чанартай. Гурвалсан хэлхээ нь аливаа шинэ санааг татаж авах бус доош нь дар­сан, дарангуйлсан шинжтэй байсан. Харин гурав дахь үеийн шинжлэх ухаан бол аливаа шинэ содон санааг татаж авах, туршиж үзэх тал дээрээ маш нээлттэй.

Гурав дахь үеийн гэж яриад байгаа энэхүү технологийн паркийг бий болгоход гол анхаарах зүйл гэвэл юу байна?

-Хүмүүсийн чөлөөт ажил­лах хүчин хамгийн чухал. Тухайн хүн давхар ажил хийдэг байж болно. Ажлын байрандаа байнга суудаг бус дуудагдаж ажиллах нь илүү үр дүнтэй. Ийм байд­лаар ажиллах хэлбэр бусад орнуу­дад их дэлгэрч байна. Шаардлагатай мэр­гэжилтэн, ажилтнаа хэрэгтэй үедээ дуу­даж ажиллуулах зар­чим үйл­чил­дэг болбол нэн тохиромжтой. Гол нь мэд­лэгийн эдийн засагт суурилсан судалгаа юм шүү.

Монголд шинжлэх ухаа­ны паркийг хөгжүүлэх, бий болгох боломж байгаа юу?

-Би танай улсад ирээд Монголын шинжлэх ухааны салбарын болон зарим улс төрийн удирдлагуудтай уулз­сан. Нэлээд зүйлийг мэдэж авсан. Ингэхдээ Монголд гурав дахь үеийн шинжлэх ухаан буюу технологийн паркийг бий болгох боломж нөхцөл байна гэж харсан.

Ингэхийн тулд нэн түрүүн ямар алхам хийх ёстой юм бол?

-Оюутнуудтай шинэ санааг нь зохион байгуулалттайгаар гаргаж аваад. Цааш хэрхэн биежүүлэх вэ гэдэг тал дээр сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Хамтран ажиллах, зохион байгуулалтад оруулах байрыг Улаанбаатар хотод бий болгох хэрэгтэй. Эхний алхам нь шүү. Жишээлбэл, ШУТИС, МУИС зэрэг сургууль байна. Эдгээрийг нэгтгэж зохион байгуулалтад оруулах нь чухал гэж хэлэх гээд байна. Энэ хүмүүсийн мэдлэгийг нэгтгэхийн тулд тохиромжтой тохилог байрыг бий болгох. Өнөөдөр дэлхий даяараа ийм хэлбэрт шилжиж байна. 2004 онд Финландад ийм төрлийн байр байгуулахад дэлхий дээр тавхан газар байсан. Харин өнөөдөр 700 орчим ийм төрлийн газартай болсон байна. Дэлхийд нэг газар суурьшин ажилладаг хүмүүс бараг байдаггүй болсон.

Та Монголын бизнес эрх­лэгчидтэй уулзсан уу. Санаа бодлоо хуваалцсан уу?

-Өнгөрсөн шөнө Монголын гарааны компаниудын уулзал­тад суусан. Зарим хүмүүстэй уулзсан. Шинжлэх ухааны паркийг бий болгох хүсэлтэй маш олон хүн байсан. Хэдий би гадаадаас ирсэн ч эдгээр хүмүүсийг хооронд нь холбож өгөхийг хүсч байна. Хамтын ажиллагааг дэмж­сэн хүмүүсийн санал бод­лоо хоорондоо чөлөө­­тэй хуваалцах нөх­цөлийг бүрдүүлээд өгчих хэрэг­тэй. Иймийн тулд хотын удирд­лагатай хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай бай­даг. Тиймээс Засгийн газрын санаачилгаар Улаанбаатар хотын захиргаатай хамтраад ийм төвийг бий болгох хэрэгтэй.

Санаа бодлоо солил­цох, ажиллах орчинг бүрдүүл­чихлээ гэж бодъё. Гэтэл ирээдүйд Монголын эдийн засгийг авч явах шилдэг менежментийг гаргаж ирэх мэргэжилтнүүд хамгийн чухал биз?

-Финландын туршлагаас харахад шинжлэх ухааны мэргэжилтэн, эрдэмтдээс илүү оюутан залуус шинэ санааг гаргаж ирсэн байдаг. Оюутнууд шинэ зүйл хийх хүсэл эрмэлзэл маш өндөр байдаг. Яг үнэнийг хэлэхэд эрдэм шинжилгээний ажилтнууд үүнийг хийх сэтгэлгээ, эрмэлзэл байхгүй.

Яагаад?

-Залуу хүн хүсэл эрмэлзэл, эрч хүчтэй байдаг нь гол онц­лог юм. Тэд цаашид гаргаж ирсэн санаагаа хөгжүүлэх нөөц бололцоо ч байдаг. Тиймээс залуусыг төвлөрүүлэх хам­гаас чухал. Финландын жишээнээс харахад шинэ сэтгэлгээ, санаа төрүүлж буй хүмүүсийн 95 хувийг оюутнууд эзэлдэг. Тэгэхээр таван хувь нь шинжлэх ухааны чиглэлийн эрдэмтэд байна гэсэн үг.

Монголд шинжлэх ухаа­ны чиглэлийн олон бай­гуул­лага бий. Эдгээрийн орол­цоо огтхон ч хэрэггүй гэж үү?

-Шинжлэх ухааны бай­гуул­лага оролцохгүй гэсэн үг биш. Гол барьж авах хүмүүс нь оюутнууд бол цаашдаа хэрхэн тэр санааг, ямар менежментээр өргөжүүлэх, чиглүүлж авч явах хүн нь шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж буй мэргэжилтнүүд, эрдэмтэд байх болно. Зөвхөн технологи биш. Бизнес моделын инноваци хэлээд байгаа юм. Жишээлбэл, зочид буудал байгуулах чиглэлийн нэг байгууллага байна. Энэ байгууллага нэг ч буудалгүй мөртлөө зочид буудлын менеж­ментийг хариуцдаг ком­пани. Ийм төрлийн таксины үйлчилгээг зохион байгуулдаг компани байна. Фэйсбүүк гэхэд л дэлхий дээрх хамгийн том мэдээллийн байгууллага. Гэвч өөрт нь мөн л нэг ч төгрөгийн хөрөнгө орж ирдэггүй. Энэ нь хамтран хуваалцсан эдийн засгийн нэг хэлбэр. Үүнээс харахад бизнес моделын загвар ямар. Дэлхийн нэртэй компаниуд дампуурлын ирмэг дээр байхад энэхүү арга л аварч байлаа.

Монголын хөрсөнд шинж­­лэх ухаан, технологийн инновацийг хэрэгжүү­лэх нь эдийн засагт ашигтай үр дүн өгөх бол. Таны хувьд дэлхийн олон орон шинэ санаа дэвшүүлэх тал дээр хам­тарч ажилладаг. Тиймээс зохих зөвлөгөө өгч болох уу?

-Маш энгийн үе шатуудаар энэ ажлыг зохион байгуулж болно. Хүмүүс нарийн прог­рамм төлөвлөгөө гаргачихдаг. Хотын 20 жилийн зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргачих жишээтэй. Миний хувьд энэ чиглэлээр ажиллаж шинэ санаа туршиж үзэх маш дуртай. Гол нь үр дүн тухай бүртээ нүдэнд үзэгдээд явахыг харах сайхан. Хэрвээ би танай улстай шинжлэх ухаан, технологийн инновацийн чиглэлээр хамтарч ажиллах бол эхний ээлжинд орчныг нь бүрдүүлж тусгай байрыг бий болгоно. Дараагийн ээлжинд ямар загвараар ажиллах вэ гэвэл чадварлаг платформ системийг, сэтгэлгээг нэвт­рүүлж өгнө. Ингэснээр яаж ажиллаж, ямар үр дүн гарах нь тодорхой болох юм. Товч­хондоо шинжлэх ухаан, техно­логийн парк байгуулах нь хамгийн зөв алхам. Энэ удаагийн чуулганаар ч мөн энэ асуудал гарцаагүй сөхөгдөх болно.

Сүүлийн үед манай улс шинжлэх ухааны үндэслэл­тэй­гээр эдийн засгаа хөг­жүү­лэх нь зүйтэй хэмээн энэ салбартаа анхаарал тавих боллоо. Шинжлэх ухаан технологийн паркийг бий болгож эх орноо хөгжүү­лэхийн тулд аль салбараа түлхүү барих хэрэгтэй вэ?

-Шинжлэх ухааны тех­но­логи дээр тулгуурлаж хөгжихийг би үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол Улсад өөрийн гэсэн онцлогтой уламж­лал байна. Одоогийн хөгжиж буй шинжлэх ухаа­ны байгууллагууд байна. Ялангуяа юу байна гэхээр уламж­лалт анагаах ухаан, эмийн ургамлын судал­гаанууд байна. Мөн “Happy meat” буюу “Аз жаргалтай мах” буюу байгалийн органик махыг амьдралынхаа өдөр тутамд хэрэглэж байгаа зэрэг олон сайхан технологууд байна. Үүнтэй холбоотойгоор хүсэл мөрөөдөлтэй, хийж бүтээх эрмэлзэлтэй залуусыг зөв бодлогоор дэмжих хэрэг­тэй. Би тийм ч хөгшин хүн биш л дээ. Гэхдээ хүсэл эрмэл­зэлтэй хөгшин хүн. Хүсэл эрмэлзэлтэй байх хөдөлгөх хүчийг л гаргаж өгөх нь чухал. Үүнийг л ойлгуулахын төлөө бид хичээгээд байгаа юм. Дэлхийн хаана ч хүсэл, эрмэлзэлтэй хүмүүс л шинэ санаа сэдэж гарааны компани байгуулдаг. Мэдээж академийн хүмүүс бас энэ салбарт хамтарч ажиллах ёстой. Эдгээр хүмүүс бол компани үүсгэн байгуулагчид биш. Хувьцаа эзэмшигч, зөвлөгөө өгдөг байж болно шүү дээ.

Бид шинжлэх ухааны эрин үед амьдарч байна. Харин бидний ирээдүй ямар байх талаар та бодож үзсэн үү. Шинжлэх ухаан ямар түвшинд очсон байх бол?

-Би хэвийн үеийн дараа­гийн үед сэтгэж байгаа хүн.

Тэр нь юу гэсэн үг вэ?

-Энэ нийгэмд ямар нэгэн зүйл өмнө нь байж байсан бус цоо шинээр гарч ирж байгаа эрин үе гэж ойлгож болно. Үүнийг хэвийн үеийн дараагийн үе гээд байгаа юм. Өнөөдөр шинэ нээлтүүд бүх аж үйлдвэрийг, дэлхий дахиныг өөрчлөөд хаячихлаа. Заавал нэг компанийн эзэн байх албагүйгээр өөр шугамаар бизнес хийх арга замаа олчихлоо. Ирээдүйгээ урьдчилан таамаглах аргагүй болчихлоо. Тэгэхээр би ямар нэгэн урьдчилан таамаглал хийж чадахгүй.

Ирээдүйд бидний төсөөлөөгүй зүйл гарч ирнэ гэж үү?

-Бидний хэзээ ч таамаг­лаагүй, санаанд оромгүй нээл­түүд гарч ирж байна. Та ирээдүй ямар байхав гэж асуусан учраас би таамаглаж буйгаа л хэлэх байна. Тэр­нээс ирээдүй яг тийм болно, тийм байна гэж хэлэх боломж­гүй. Үйлдвэрлэлийн тал дээр тайлбарлахад 3D принтер байдаггүй шүү дээ. Ямар нэг дэлгүүр орох шаардлагагүйгээр гэртээ сууж байгаад гурван хэмжээст принтерээр өөрт хэрэгтэй зүйлээ хэвлээд авах хэмжээнд технологийн хөгжил оччихоод байна. Хүссэн материалаараа хийж болно. Хятадад ийм төрлийн аргаар байшин хүртэл барьчихаад байна. Энэ зөвхөн аж үйлдвэрлэлийн орчны жишээ. Өнөөдөр аж үйлдвэрлэлийн чиглэлээр Хятад тэргүүлж байлаа гэж бодоход маргааш ч юм уу Монголд технологийн хөгжил нэвтэрч дээрх бүтээгдэхүүнийг нь гэртээ гаргаад авах хэмжээ­ний болохыг ч үгүйсгэхгүй. Магадгүй энэ салбарт Хятад алдагдалд орж Монгол тэр­гүүлэгч болж болно. Интер­нэттэй холбоотой үйл ажил­лагаа байж болно. Интернэт ашиглаад аливаа нэг зүйлийг тогтвортойгоор удирдаж, үйл ажиллагаа явуулах боломж бас нээгдэж байна. Би танай улсад маш их хэмжээний машины бөглөрөөг харлаа. Хэдхэн жилийн дараа дэлхийн жолоочгүй машин нэвтэрч өөрийгөө ямар ч асуудалгүй удирдаад явах байх. Монголд ч, манай Финландад ч үйл ажиллагаа явуулдаг энерги үйлдвэрлэгч томоохон цахилгаан станцууд ирээдүйд явцгүй болно гэж бодож байгаа.

Яагаад?

-Яагаад гэвэл тухайн нэгж байшин барилаа гэж бодъё. Тэр нь өөрийгөө цэнэглэдэг, өөрөө энергийг бий болго­чих­дог тийм л технологи нэвтэрч байна. Тэгэхээр өнөө цахилгаан станцууд хэнд ч хэрэггүй хог болж хувирна. Тиймээс дэлхийн нийтийн технологийн чиг хандлага ийм л байна. Ирээдүйгээ харж, таамаглаж чадахгүй байна. “Ирээдүй гэдэг бол ямар байсан яг тэр цагаас ирээдүй эхэлнэ. Тэгэхээр өнөөдөртөө л итгэ” гэж нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. Энэ бол үнэн.

Ирээдүйг хэн ч таавар­лаж чадахгүй байгаа нь технологийн хөгжилтэй холбоотойгоор хүмүүсийн чөлөөт сэтгэлгээний хурдтай холбоотой юу?

-Магадгүй таны хэлсэн нь шалтгааны 50 хувийг бүр­дүүлнэ. Гол нь бүх юм хоорон­доо холбоотой болчихсон. Өчүүхэн зүйл өөрчлөгдөхөд дэлхий даяар үр дүн нь мэд­рэгддэг, нөлөөлдөг болсон. Цунами л гэсэн үг. Тасралтгүй уялдаа хэлхээтэй болчихсонтой холбоотой. Дэлхийн бизнесийн орчин маш өргөн хүрээтэй, нэг нэгнээсээ хамааралтай болчихсон. Америкийн ах дүү нар зээл олгодог системд өчүүхэн зүйл өөрчлөлт оруулахад л дэлхий даяар зах зээлд нөлөөлөөд маш олон банк дампуурч үүдээ барьж байх жишээтэй. Ийм комплекс байдалтай болчихоор гарах үр дүнг дахин жишээ авъя л даа. Орос, Украины асуудлыг бид таамаглаж байгаагүй. Европын холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээ ава­хад ганцхан өдрийн дотор Финланд Орос руу экспортолдог экспортынхоо 30 хувийг алдчихсан. Нэг л өдөр. Үүнийг өмнө нь хэн ч таамаглаж, төсөөлж байгаагүй.

Монгол улс орныхоо онцлогоос хамаарч шинжлэх ухаанаа хөгжүүлж дэлхийн зах зээлд гарах боломж бий юу?

-Монголын эдийн засаг тодорхой юман дээр тулгуурлаад байна. Газрын тос түүхийгээр нь экспортлох, уул уурхайн олдвороо гадагш гаргаж ашигтай ажиллаж эдийн засгаа хөгжүүлье гээд нэг талыг бариад яваад байж болохгүй. Эдийн засгаа олон талын гарцтай болгох хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаан, эмийн ургамал, нарны гэрлийг ашиглах тал дээр монголчууд санаа тавьж ажиллаж болно шүү дээ. Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад Монголын говьд хамгийн их нар тусдаг газар гэж би сонссон. Монгол, Финланд хоёр улсын хувьд байгаль, газар зүйн тогтцоороо адилхан. Өнөөдөр ихэнх улс орон хотжоод, хэт төвлөрөлт үүсчихсэн. Нэг үгээр хэлбэл байгалиасаа холдчихсон байгаа юм. Тиймээс Хөвсгөл нуурын орчимд, эсвэл тэр говьд байгальтайгаа хол­богдсон шинэ нээлт хийвэл дэлхий нийт сонирхох болно. Үүнийгээ түшиглээд эдийн засгаа хөгжүүлэх боломжтой.Мэдээж дэлхий дахинд маш олон аж үйлдвэрийн салбарт гарчихсан, амжилттай явж буй салбарт монголчууд өрсөл­дөж гарч ирнэ гэдэг тийм ч зөв арга биш. Харин түрүүн миний хэлсэн салбаруудад анхаарч ажиллавал жинхэнэ нээлт хийх боломжтой. Үүнийг дэлхий нийт сонирхоно. Тэгж л би харж байна даа.

Categories
мэдээ спорт

Уулчин Г.Гангаамаа Аконкагуад дахин авиралт хийнэ

Монгол Улсын гавьяат уулчин Б.Гангаамаа Өмнөд Америк тивийн ноён оргил 6962 метр өндөрт орших Аконкагуад дахин авирахаар явах гэж байна. Энэ нь түүний хоёр дахь оролдлого болох юм.

2013 онд өмнө нь Д.Эрдэнэтогтох, Ч.Тэрбиш нартай авирсан боловч тодорхой шалтгаанаар оргилд хүрэлгүй буцсан байдаг. Тэр авиралтаар Д.Эрдэнэтогтох ганцаараа оргилд хүрч тус ууланд авирч гарсан анхны Монгол эмэгтэй болсон түүхтэй.

Хэрвээ удахгүй хийх гэж байгаа оролдлого амжилттай болвол Б.Гангаамаа Аконкагуа оргил дээр мөрөө гаргасан найм дахь Монгол хүн, дөрөв дэх эмэгтэй уулчин буюу Д.Эрдэнэтогтох, Э.Соёлмаа, Ч.Ариунзул нарын араас бичигдэх юм.

Уулчин Б.Гангаамаад долоон тивийн 7 оргилд хүрэх зорилгодоо улам ойртож, өндөр амжилт гаргахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Categories
мэдээ спорт

Б.Гүндаваа шатарчдын чансааг тэргүүлж байна

Олон Улсын Шатрын Холбоо шатарчдын чансааг шинэчлэн гаргасан байна. Сар бүр шинэчлэгддэг чансаагаар улс бүрийн шилдэг 10 шатарчны дундажаар байр эзлүүлэхэд манай улс 172 улсаас 58 дугаарт хуучин байрандаа бичигдлээ.

Манай улсын шатарчдын чансааг “Шунхлай групп”-ын тамирчин шатрын их мастер Баярсайханы Гүндаваа 2506 чансаагаар тэргүүлж байна. Б.Гүндаваа 11 дүгээр сард Малта улсад явагдсан олон улсын тэмцээнд тэргүүн байр эзлэн чансаагаа 7.5 аар ахиулжээ. Шилдэг эмэгтэй 100 шатарчдын жагсаалтад Олон улсын мастер Б.Мөнгөнтуул 38 дугаар, Олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ 50 дугаар, шилдэг 100.охидын жагсаалтад Олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ 3 дугаар байрт бичигджээ.

Categories
мэдээ улс-төр

Нийт нутгийн 40 хувьд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна


Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хуралдаанд өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангасан талаар Шадар сайд Ц.Оюунбаатар танилцуулга хийсэн байна. “Энэ өвөл 145 мянган өрхөд 56 сая мал өвөлжинө. Үүнийг хонин толгойд шилжүүлвэл 92.5 сая толгой мал өвөлжихөөс 7,000 өрхийн 7 сая орчим мал өөр аймаг, сумын нутагт өвөлжих төлөвтэй байна. Иймд эдгээр малчин өрх, малчидтай холбоотой асуудлаар тодорхой арга хэмжээ авч ажилласан” гэж Шадар сайд танилцуулжээ. Хот суурингийн өвөлжилтийн бэлтгэл, тэр дундаа эрчим хүчний станцуудын засвар үйлчилгээ 93 хувьтай байгаа бол цахилгаан станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөцтэй байх ёстой ч энэ хэмжээндээ хүрэхгүй байгаа аж. Тиймээс төмөр зам болон бусад байгууллагуудтай хамтарч асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг салбарын сайд нь танилцуулсан байна. Эрүүл мэндийн салбарын хувьд, ялангуяа отрын бүс нутагт өвөлжих малчдын эрүүл мэндийн асуудалд явуулын үйлчилгээ явуулахаар бэлтгэл ажил хангажээ. Зам тээврийн яамны дэргэд шуурхай баг гаргаж нийтдээ 45 цэгт 180 хүн 50 гаруй техниктэй бэлэн байдалд ажиллуулж байгааажээ. Онцгой нөхцөл байдал үүссэн гамшиг болсон үед малчдад мэдээлэл хүргэх тал дээр радио, телевизийн сүлжээтэй гэрээ байгуулан ажиллаж байгааг салбарын сайд нь танилцуулсан байна. Мөн малчдад мессэжээр мэдээлэл хүргэх ажиллагааг өргөн хэрэглэнэ гэсэн мэдээлэл өгчээ. Мөн БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг өчигдөр 2015-2016 оны өвөлжилтийн эрсдийн үнэлгээг гаргаж Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Энэ өвөл мичин жилийн зуд болно гэж тооцоолж эртнээс бэлтгэл хийсэн нь зөв байсан байж гэдгийг өчигдрийн танилцуулгаас харж болохоор байгаа аж. Яагаад гэвэл өнөөдөр нийт нутгийн 80 гаруй хувь нь 8-12 см-ийн зузаан цастай байгаа. Мөн ойрын үед цас орж нэмэгдэхээр байна. Нийт нутгийн 40 хувь нь байдал хүндэрч зудтай өвөлжих нөхцөл байдал одоогоор ажиглагдаад байгаа. Хүйтний хувьд арванхоёрдугаар сард нэлээн хүйтэрнэ, нэгдүгээр сар ч гэсэн хүйтэрч цас нэмэгдэх төлөвтэй байгаа. Цаашдаа байдал яаж өрнөхийг сар болгон Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэсэн мэдээл өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Хятад руу зорчих иргэдэд сэрэмжлүүлж байна

БНХАУ-ын
зарим бүс нутгаар сүүлийн жилүүдийн дунджаас илүү цас орж замын халтиргаа
ноцтой байдалд хүрчээ. Үүний улмаас зам тээврийн осол цөөнгүй гарч, монгол
иргэд осолд өртөх, зам цасанд боогдох, олон хоногоор саатах зэрэг тохиолдлууд
гарч байгаа аж. Ялангуяа БНХАУ-ын хойд нутагт байрлах Эрээн хотоос Хөххот болон
Бээжин хот руу зорчих хурдны замууд цасанд боогдох, халтиргаа их хэмжээгээр
үүсч байгаатай холбогдуулан Хятадын холбогдох байгууллагууд аюулгүй байдлын
үүднээс замуудыг хэсэгчлэн хаах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Иймд БНХАУ-д
зорчиж буй иргэд онц шаардлагагүй тохиолдолд хувийн тээврийн хэрэгсэл, хот
хоорондын автобусаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хот
хоорондын албан ёсны даатгал бүхий автобусаар зорчихыг Гадаад харилцааны яамны
Консулын газраас анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Юанийг нөөц валют болголоо

Өчигдөр
Олон улсын валютын сангаас Хятадыг юанийг нөөц валют болгох шийдвэр гаргалаа.
Тодруулбал, 2016 оны аравдугаар сараас эхлэн юань бусад хөрвөх чадвар сайтай
ам.доллар, евро, иен, фунт стерлингийн эгнээнд нэгдэхэд асуудалгүй гэж дэлхийн
188 орны төлөөллөөс бүрдсэн ОУВС дүгнэжээ. Тус сан юанийг олон улсын валютын
сагсанд нэмэх шийдвэр гаргасан нь дэлхийн худалдаа, санхүүгийн зах зээл дэх
юанийн хэрэглээг нэмэгдүүлэх нь гарцаагүй хэмээн ажиглагчид дүгнэж байгаа юм.
БНХАУ олон улсын нөөцийн валютын сагсанд багтах хүсэлтийг 2010 онд тавьж байсан
ч хөрвөх чадвар муу байна гэсэн үндэслэлээр хүсэлт буцаагдаж байжээ. Харин энэ
удаад санал нэгтэйгээр дэмжсэн нь юанийг Төв банкуудын нөөцийг бүрдүүлж
чадахуйц найдвартай, аюулгүй гэж тооцсон аж.

Categories
мэдээ улс-төр

Цэнхэр дэлхийгээ бүрэн бүтэн хүлээлгэж өгөх нь бидний хамтын үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын Парис хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн Талуудын бага хурлын 21 дүгээр чуулганы Төр, засгийн тэргүүн нарын уулзалтад оролцож, үг хэлжээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ТҮҮХ БОЛЖ ҮЛДЭХ ГЭРЭЭ

Ле Бурже, Парис хот

2015 оны 11 дүгээр сарын 30

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Франсуа Олланд,

Талуудын бага хурлын 21 дүгээр чуулганы Ерөнхийлөгч ноён Фабиус Лоран,

Хүндэт төлөөлөгчид өө,

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх түүхэн 21 дүгээр чуулганыг зохион байгуулахад чармайлт гарган манлайлж буй Франц Улсын Засгийн газрыг сайшааж, баяр хүргэе.

Өнөөдөр хүн төрөлхтөнд дэлхий нийтийг хамарсан томоохон, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай хоёр сорилт тулгарч байна. Нэгдүгээрт, газар авч эрчимжиж буй терроризм. Хамгийн сүүлийн жишээ, Франц Улс саяхан терроризмын хохирлыг амслаа. Бид Францын ард түмэнтэй хамт байна гэдгээ дахин нотолж байна. Хоёр дахь том сорилт нь дэлхий нийтийн уур амьсгалын тогтворгүй өөрчлөлт. Түүний хохирогч нь эх дэлхий, нийт хүн төрөлхтөн болоод байна.

Зөрүүтэй саналаа хойш тавибал бид амжилтад хүрнэ. “2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилт”-оо бид Нью-Йорк хотноо баталж чадсан шүү дээ. Нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө үүрэг амлалт, хариуцлагаа бид дахин нотолж чадна гэдэгт итгэж байна.

Нөхөд өө, хамтрагчид аа,

Үүрэг амлалтаа цэгнэн дүгнэж, дахин нэг нотолцгооё. Үүрэг хариуцлагаа тодорхойлъё. Оруулах хувь нэмэр, бодит боломж бололцоогоо бүгдээрээ дайчилцгаая.

Нэгдүгээрт: САНХҮҮЖИЛТ. Хангалттай хөрөнгө санхүү, техникийн туслалцаа дэмжлэггүй шийдэмгий ямар ч зорилт бүрэн хэрэгжих боломжгүй.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Гэтэл сэргээгдэх эрчим хүчний өртөг өндөр хэвээр байна. Багаар тооцоход л түүний өртөг чулуужсан түлшнээс гаргах эрчим хүчний үнээс дөрөв дахин илүү байна. Тиймээс хамтарсан хөрөнгө оруулалт, хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө нөөц бололцоо, боломжоо нэгтгэцгээе.

Хоёрдугаарт: ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ. Зорилгоосоо дахин ухарч, урам зоригоо дахин мохоохгүй байхыг би уриалж байна. Энэ удаа бид тохиролцоонд хүрч чадна гэдэгт найдаж байна. Бидний үүрэг амлалт өндөр хариуцлага дагалдуулах учиртай. Хариуцлагаа тодоор бичээгүй бас нэг баримт бичгийг бид төлөөлж буй хамтын нийгэмлэг дахин хүлээж авахгүй. Тиймээс хариуцлага, хариуцлага, улам бүр хариуцлагатай байхыг онцолж байна.

Гуравдугаарт: НЭГ ХҮНД НООГДОХ ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРАЛ. Нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгарлыг тогтоож байх саналыг дэвшүүлж байна. Энэ нь хүлэмжийн хийн ялгарлыг хянан тогтоож, түүнд нийцүүлэн хэрэгжүүлэх бодлого, ажлаа тодорхойлоход дөхөм болно. Энэ нь хариуцлагыг нэмэгдүүлж, ялгаруулсан хүлэмжийн хийн хэмжээгээр татвар төлөх шударга ёсыг хангана.

Хатагтай, ноёд оо,

Түүхэнд анх удаа 150 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар нэг дор цугларч байна. Эх дэлхийгээ хамгаалахыг зорьсон тохиролцоо хийж, түүхэн гэрээ байгуулахаар бид анх удаа хамтдаа цуглаад байна. Цэнхэр дэлхийгээ аюулгүй, бүрэн бүтнээр нь хойч ирээдүйдээ хүлээлгэж өгөх нь бидний хамтын үүрэг.

Биднийг найрсгаар зочлуулж буй үзэсгэлэнт Парист баярлалаа. Эх дэлхий, нийт хүн төрөлхтнийг тулгарч буй аюул, заналаас аварна гэдэгт найдаж байна.

Анхааран сонссон та бүхэнд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар бууруулна

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэл агаарын бохирдлыг бууруулах хэд хэдэн арга замыг хэрэгжүүлж эхлээд байна. Үүний нэг нь гэр хорооллын иргэдийн цахилгааны тарифыг бууруулах явдал гэж Засгийн газраас үзсэн. Энэ дагуу арванхоёрдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхлэн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар бууруулна.

Өөрөөр хэлбэл, 1 кв/цагийн үнэ 77.10 төгрөгийг 38.55 төгрөг болгож бууруулах юм. Ингэснээр гэр хороололд нүүрс түлэх иргэд багасч, цахилгаан халаагуур, халдаг шал зэргийг ашиглан дулаан байх боломжийг бүрдүүлснээр агаарын бохирдол буурна гэж тооцоолоод байгаа юм.

Үүнээс гадна шөнийн бага ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэх нь эрчим хүчний технологи үр ашигтай ажиллах нөлөөг ч үзүүлнэ гэж үзэж буй аж. Цахилгааны шөнийн тарифыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр ашиглах 280 гаруй мянган айл бий. Эдгээр өрхүүд оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааныхаа үнийг 50 хувиар хөнгөлүүлэх юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гоёл-2016” наадмын топоор Х.Уянга тодорлоо

Монголын Дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2016” наадам шилдгүүдээ тодруулж, Топ моделиор загвар өмсөгч Х.Уянгыг өргөмжиллөө.

Түүнчлэн тус наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр А.Хулан, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Д.Баяртогтох нар шалгарлаа.

Гранпри шагналыг “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер Д.Өнөболор хүртсэн бол наадмын Шилдэг загвар зохион бүтээх товчоогоор “Говь” ХК тодорсон юм.

Наадмын тусгай шагналыг Өвөр Монголын дизайнер Номин болон Бажуна салоны дизайнер Б.Батсүх нар хүртлээ.

Гоёлын хувцасны шилдэг дизайнераар Ц.Отгон, Үндэсний хувцасны шилдэг дизайнераар Мon Сouture салоны дизайнер Х.Батзаяа, Чөлөөт хувцасны загвараар Урбан жийнс брэндийн дизайнер, Уран сэтгэмжийн загвараар дизайнер Мягмарсүрэн, Батсүрэн нар шилдгээр шалгарсан юм.

Мөн Шилдэг залуу дизайнераар “Эртний Монгол хийц” салоны дизайнер О.Уранцэцэг тодорсон бол Шилдэг makeup artist-аар Наруми салоны Аззаяа, Марина нар, шилдэг үсчингээр Stylish салон шалгарлаа.