Categories
мэдээ спорт

Талбайн теннисний нээлттэй тэмцээн болж байна

Талбайн теннисний “Тэнгэрийн хишиг опен” тэмцээн Баянзүрх дүүрэгт байрлах Монголын Англи сургууль буюу “Эрэл” сургуулийн биеийн тамирын зааланд болж байна. Энэ жил долоо дахь удаагаа болж буй тус тэмцээн өсвөр насны, сонирхогчын, насанд хүрэгчдийн болон ахмадын ангилалд болж буй. Энэ сарын 26-ны өдөр сонирхогч болон ахмад насны ангилалаар эхэлсэн тус тэмцээн өнөөдөр 13-15 нас, насанд хүрэгчдийн ангилалд үргэлжлэн явагдаж байна.

“Тэнгэрийн хишиг опен” тэмцээн маргааш өсвөрийн 8, 10, 12 хүртэлх насны ангилалд болж өндөрлөх юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрт зориулж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монголчууд бид 104 жилийн өмнөх энэ өдөр, цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-нд төр улсын бүх бодлого, үйл ажиллагаагаа Манж Чин гүрнээс тусгаарлан сэргээж байгаагаа зарласан билээ. 1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр төрийн их ёслолыг гүйцэтгэн VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанд өргөмжилж, таван яамнаас бүрдсэн Монгол Улсын Засгийн газрыг байгуулжээ. Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмрээ оруулсан 1911 оны энэхүү хувьсгал нь манай ард түмний XX зуунд хийсэн гурван том хувьсгалын анхдагч байсан бөгөөд өнөөдөр энэ их баярыг бид гүн гүнзгий ач холбогдлоор нь, шинэлэг утга агуулгаар нь тав дахь жилдээ тэмдэглэж байна. 104 жилийн өмнө эрх чөлөөгөө батлан тунхагласан Монгол орон өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хөгжил дэвшил, бизнесийн өргөн боломжтой, гэгээлэг ирээдүйтэй улс болон хөгжиж байна. Өвөг дээдсийнхээ өнөөдрийн бидэнд өвлүүлэн үлдээсэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг улам бүр батжуулан хөгжүүлэх нь Монгол хүн бүрийн, тэр дундаа манай Шийдлийн Засгийн газрын эрхэм үүрэг, зорилго билээ.

Ард иргэд ээ,

Манай Засгийн газар улс төр, санхүү, хөрөнгө оруулалтын ихээхэн хүндрэлтэй нөхцөлд нэг жил гаруй хугацаанд ажиллаж байна. Бидэнд энэ хугацаанд шийдсэн зүйл ч багагүй байна. Бид юуны өмнө төсвийн реформоо хийж чадлаа. Хавтгайрсан нийгмийн халамжийг хэрэгтэй хүнд нь хаяглах бодлогоо хэрэгжүүллээ. Монгол Улс бизнест эргэн ирснээ зарлаж, “Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа шийдвэрлэлээ. Эрчим хүч, замын салбарын сүүлийн 3 жилийн бүтээн байгуулалт өнгөрсөн 25 жилийн нийлбэрээс хол давж гарлаа. Мал сүргийн тоо толгой 56 саяд хүрлээ. Алс хязгаар нутгуудад түлш шатахууны үнэ нийслэлтэй ойролцоо үнэд шилжиж буурлаа. Далд эдийн засгийг ил гаргаж эргэлтэд оруулах бодлого амжилттай хэрэгжиж шинээр 8 их наяд төгрөгийн хөрөнгө, татварын орлого бүртгэгдлээ.

Хийж гүйцэтгэсэн ажлаас гадна бидэнд шийдэж, шийдвэрлэх зүйл ч цөөнгүй байна. Оюу толгойн араас Таван толгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг стратегийн орд газруудаа бүтэн эргэлтэд оруулна. Үлдэж буй 6 аймгаа хатуу хучилттай замаар холбох ажлаа дуусгана. Төмөр зам, хурдны замаа тавьж эхэлнэ. Эгийн голын усан цахилгаан станц, Багануур, Бөөрөлжүүт, Таван толгойн цахилгаан станц, аймгийн дулааны станцуудын бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлнэ. Мах, гурил буудай, арьс ширний чиглэлээр хэрэглэгчээ, малчдаа, хүмүүсээ дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ. Биднийг шил шилээ дарсан олон ажил, асуудал, сорилт хүлээж байна.

Улс орон, ирээдүй хойчийнхоо төлөө хийх бидний энэхүү зүтгэл зөвхөн иргэд, олон түмэн та бүхнийхээ дэмжлэгтэйгээр бодит ажил хэрэг болох билээ.

Иймээс угтан ирж буй 2016 онд эх орон, элэг нэгт монголчууд бид эв нэгдэлтэй, эрч хүчтэй байж,эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл дүүрэн, эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн шинэ оноо сайхан угтаарай. Монгол орныг минь мөнх хөх тэнгэр нь үргэлж ивээж байх болтугай.

Categories
мэдээ нийгэм

Ард иргэдэд анхааруулж байна

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас нийт аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд дараах анхааруулгыг өгч байна.

Аймаг, нийслэлийн болон гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах, галын аюулгүй байдлын норм, шаардлагын биелэлтэд үзлэг, шалгалт явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, барилга, байгууламжийн авралтын зам гарц, гал түймэр унтраах тоног төхөөрөмжийн ашиглалтын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарна уу.

Мөн төв, суурин газрын эрчим хүч, дулаан хангамж доголдохоос урьдчилан сэргийлж, дулааны болон нам даралтын уурын зуухны хэвийн найдвартай ажиллагааг хангаж, албан байгууллага, орон сууц бүхий айл өрхийг хөлдөлтийн аюулаас сэргийлэх

Дулааны болон нам даралтын уурын зуухны нүүрс, түлшний хангалт, нөөцийг үзэж шалгах, шатдаг хий болон тэсэрч дэлбэрэх бодис (пиротехник)-ын ашиглалтад хяналт тавьж, аюулгүй ажиллагааны заавар, журмыг дагаж ажиллахыг анхааруулж байна.

Орон нутгийн болон хот хоорондын зам, даваагаар зорчих үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын аюулгүй байдлыг хангуулж, хөдөө, орон нутагт зорчигчид төөрч осгох, амь насаа алдах аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэддээ анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн валютын ханш

“Монгол банк”-нд өнөөдөр АНУ-ын доллар 1993.32 төгрөг, Евро 2185.58, Хятадын юань 307.28, Английн фунт 22975.33, Оросын рубль 28.16 гэсэн ханштай байна.

Харин “Найман шарга” худалдааны төвийн өчигдөр оройн хаалтын мэдээллээр гадаад валют ийм үнэтэй байгаа аж.

Валют

USD АНУ-ын доллар

Авах

1,996.00

Зарах

1,998.00

CNY БНХАУ-ын юань

306.800.20

307.300.10

RUB ОХУ-ын рубль

28.600.20

28.900.30

EUR Евро

2,180.005.00

2,188.003.00

KRW БНСУ-ын вон

1.690.01

1.700.01

GBR Английн фунт

2,960.0010.00

3,000.00

JPY Японы иен

16.550.01

16.65

Categories
мэдээ спорт

Шилдэг цэвэр ялалт авсан жудочоор Н.Дагвасүрэн тодорчээ

Монголын жүдо бөхийн холбооноос Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчдынхаа энэ онд үзүүлсэн нийт барилдаануудаас санал хурааж, шилдэг цэвэр ялалт үзүүлсэн жудочийг шалгаруулжээ. Үзэгчдийн саналаар “Ippon trophy”-ийн эзнээр Н.Дагвасүрэн тодорсон байна.

Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчдынхаа энэ онд үзүүлсэн нийт барилдаануудаас дараах арван барилдааныг “Тор-10”-аар сонгож санал хураасан юм.

1.Гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин /Төв аймгийн Угтаалцайдам сум, “Хилчин” спорт хороо, “Женко” клуб, Багануур ХХК, /
-Парисын Их дуулга тэмцээний хүрэл медалийн төлөө Нидерландын бөх Жерүн Мүренийг ялсан барилдаан.

2.ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа /Өвөрхангай аймаг Богд сум, “Хүч” спорт хороо, “Ажнай” дэвжээний бөх/
-“Астана-2015” багийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Германы багийн дэлхийн чансааны №3 Мартина Трейдосыг цэвэр ялсан барилдаан.

3.ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар /Баянхонгор аймаг Хүрээмарал сум, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо/
-“Чингис Хаан” Гран При тэмцээнд олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Францын Софиан Милоуг ялсан барилдаан.

4.ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Архангай аймаг Батцэнгэл сум, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо/
-Дэлхийн жүдо бөхийн ертөнцөд “аюултай монгол” хэмээн нэрлэгдэж эхэлсэн Л.Отгонбаатарын олон улсын тэмцээний анхны түрүүгээ Улаанбаатарын Гран Прид авсан барилдаан.

5.Гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир /Увс аймгийн Тэс сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо/,
-Гавьяат тамирчин С.Ням-Очир олимп, дэлхийн медальтан болох замдаа Астанагийн татамид дээр Тажикстаны бөхийг гуравдугаар тойрогтоо цэвэр ялсан барилдаан.

6.ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн /Завхан аймаг Алдархаан сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо/
-ОУХМ Н.Дагвасүрэн Гүржийн алдарт бөх А.Црикишвилиг Тбилист шүтэн бишрэгчдийнх нь өмнө цэвэр ялсан барилдаан.

7.ОУХМ Цэнд-Аюушын Цэрэннадмид /Хөвсгөл аймгийн Галт сум, “Хүч” спорт хороо, “Женко” клуб/
-Улаанбаатарын Гран Прид түрүүлэх замдаа Францын бөхийг ялсан барилдаан.

8.Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа /Өвөрхангай аймгийн Хархорин сум, “Хүч” спорт хороо/
-Гавьяат тамирчин М.Бундмаа ДАШТ-ий хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөхийг цэвэр ялсан барилдаан.

9.ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг /Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум, “Хилчин” спорт хороо, “Женко” клуб/
-Улаанбаатарын Гран Пригийн шилдэг барилдаануудын нэг. Вазари үнэлгээгээр хожигдож явсан Д.Төмөрхүлэг барилдааны мэдрэмжээ харуулсан билээ.

10.ОУХМ Ганбаатарын Одбаяр /Баянхонгор аймгийн Өлзийт сум, “Женко” клуб/
-Дэлхийн чансааг жилийн турш тэргүүлж буй Азербайжаны Рустам Оружовыг ОУХМ Г.Одбаяр цэвэр савжээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхон өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Баяр ёслолын үеэр иргэдийн анхаарал болгоомж суларч гал түймрийн дуудлага эрс ихэсдэг. Ийм учраас онцгойгийнхон бэлэн байдалд ажиллахаар болж байгаа юм. Ням гарагаас даваа гарагт шилжих шөнө л гэхэд гал түймрийн дөрөв, зөрчлийн долоо, орон нутагт гал түймрийн дөрвөн дуудлагатай байжээ. Дуудлагын ихэнхи нь орон сууцны хороололд гарч, эд хөрөнгийн хохирол учирсан ч азаар хүний амь эрсдээгүй гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулд бага насны хүүхдүүд илүү өртжээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт эхлэсэн энэ үед бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас эцэг эх асран хамгаалагчдад анхаарууллаа. Өнгөрч буй онд гал түймрийн ослын улмаас амиа алдсан хүүхдийн тоо эрс нэмэгджээ. Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн мэдээллээр улсын хэмжээнд нийт 4377 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж, үүнд 34 хүн түлэгдэж гэмтсэнээс арав гаруй нь хүүхэд байжээ. Мөн 50 хүн нас барсаны 12 нь бага насны хүүхэд байсан аж.

Иймд өчигдөр Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас ахуйн гал түймэр хамгийн их гардаг Баянзүрх дүүрэгт үзүүлэх сургалт зохион байгуулж, гэр хорооллын айлуудаар хяналт, шалтгалт явуулж эхэлжээ. Пийшингийн буруу галлагаа, хэт галлах, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэрэг үйлдлээс гал авалцах, угаартах цаашлаад амиа алдах, эд хогшил, гэр оронгүй болох тохиолдол их гардаг аж. Нийт ард иргэдийг зуухаа буруу галлахгүй байх, цахилгаан хэрэглэлийнхээ шугамын холболтыг мэргэжлийн хүмүүсээр зөв холбуулах, цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг ганцааранг орхихгүй, цоожлож үлдээхгүй байхыг сэрэмжлүүлсэн юм.

Categories
мэдээ спорт

Г.Эрхэмбаяр аварга зүүний магнайг тэргүүлэн барилдаж байна

Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны нэгийн даваа эхлээд байна. Уг барилдааны зүүний магнайг Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр манлайлан боссон. Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гочигдамба, Н.Ганбаатар, Улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, улсын харцага Ө.Даваабаатар, Б.Пүрэвсайхан, Ц.Содномдорж, Ө.Бат-Орших нарын энэ цаг үеийн шилдэг хүчтэнүүд зодоглон барилдаж байна. Энэхүү барилдаанд хоёр удаа түрүүлсэн С.Мөнхбат аварга зодоглосонгүй. Улсын цолтнуудаас нэгийн даваанд одоогийн байдлаар улсын заан Д.Баасандорж аймгийн начин Н.Хүрэлсүхэд, Д.Амгаланбаатар заан, аймгийн харцага Х.Берекед өвдөг шороодоод байна.

Ө.Манлай

Categories
мэдээ улс-төр

С.Ламбааг ЭМСЯ-ны Төрийн нарийнаар томилжээ

Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Ламбааг томилжээ.

Эрүүл мэнд, спортын яам сайд, төрийн нарийн бичгийн даргагүй болоод хоёр сар орчим болж байна. Сүүлд сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба, Төрийн нарийн бичгийн дарга н.Ганчимэг нарыг авлигын хэргээр шалгаж буй юм. Яаралтай томилгоо хэрэгтэй байгааг УИХ дахь эмэгтэй гишүүд сануулсан. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганаар Төрийн нарийн бичгийн даргаар С.Ламбааг томилсон гэж тус яамнаас мэдээлэв.

Эрүүл мэнд, спортын сайдын тухайд УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж Ц.Оюунбаатарыг Шадар сайдаас огцруулж, тус яамыг хариуцуулж, түүний оронд Н.Энхбаярыг Шадар сайдад томилох хүсэлт хүргүүлсэн. Мөн сайдад ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэнгийн нэр яригдаж байсан юм. Одоогоор Ерөнхий сайд эцсийн шийдвэрийг гаргаагүй байгаа билээ.

Categories
мэдээ спорт

Чансаа өндөр 128 бөхийн барилдаан эхэллээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Бөхийн барилдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Тэрбээр “Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхагласан түүхт 104 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэ өдөр хамгийн сайн барилдаж буй 128 шилдэг бөхөө барилдуулж баяраа тэмдэглэдэг уламжлал тогтоод буй. Дөрвөн жил шинэ оноо бөхийн өргөөнд угтдаг уламжлал тогтоод явж байна. Надтай хамт, бидэнтэй хамт шинэ оноо угтаж буй бөхийн хорхойтнууд та бүхэндээ чин сэтгэлээсэй баярлалаа. Та бүхний маань хийморь өндөр байх болтугай..” гэсэн юм.

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа үзэгч, сонсогч олны сонорыг мялааж уртын дуу эгшиглэснээр шилдэг 128 бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.