Categories
гадаад мэдээ

Шинэ жилээр Улаан талбайг хаахаар болжээ

Москва хотын удирдлагууд шинэ жилийн баяраар хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг Улаан талбайг хаах шийдвэр гаргажээ. Тэд энэ шийдвэрээ аюулгүй байдлыг хангахын тулд ингэж байна хэмээн тайлбарлав. Оросын жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг газруудын нэг болох Улаан талбай анх удаа хаагдаж буй нь энэ аж.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Францын нийслэл Парис хотын долоон хэсэгт алан хядагчид халдлага үйлдэж, олон арван хүний бүрэлгэсэн аймшигт хэрэг гарсан. Үүний дараа хотын удирдлагууд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан юм. Учир нь хэт даврагч “Лалын улс” бүлэглэл алан хядагчдын дараагийн бай нь Москва хот байх болно хэмээн заналхийлсэн байдаг.
Мөн аравдугаар сард Оросын зорчигч тээврийн 224 зорчигчтой онгоц тэсрэх бөмбөгийн улмаас сүйрсэн. Энэ мэт шалтгааны улмаас олон хүн цугларсан газар террорист халдлага гарч болзошгүй тул аюулгүй байдлаа хангах үүднээс шинэ жилээр Улаан талбайг хаахаар болсон байна.

Categories
мэдээ спорт

Улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан О.Хангайд өвдөг шороодлоо

Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гочигдамба, Н.Ганбаатар, улсын заан Ч.Санжаадамба нарын энэ цаг үеийн шилдэг хүчтэнүүд зодоглосон барилдаан үзэгчдийг уулга алгадуулж, суудлаас нь өндөлзүүлсэн уран хурц барилдаанаар дүүрэн болж байна. Тухайлбал, нэгийн даваанд уг барилдааны түрүү үзүүрт хүрэх болов уу гэж таамаглаж байсан харцага Ц.Содномдорж өвдөг шороодсон. Тэрээр аймгийн харцага Д.Пүрэвдоржид тахимаа өгсөн бол мөн уг барилдаанд түрүүлнэ гэж олны таамаглаж байсан улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан О.Хангайд дөрвийн даваанд унасан. Мөн өнөө жилийн наадмын түрүү бөх улсын арслан Э.Оюунболд аймгийн арслан Н.Жаргалбаярт өвдөг шороодоод байна. Б.Гончигдамба гарьд улсын начин Б.Сугаржаргалд, Н.Ганбаатар улсын начин Т.Баасанхүүд дөрвийн даваанд тахимаа өгсөн.

Одоогийн байдлаар улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Б.Пүрэвсайхан нарын найман бөх дунд шөвөг буюу тавын даваанд шалгараад байна.
Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ нийгэм

Монголд 890 орон гэргүй хүн байна

Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын хүрээнд аймаг, нийслэлийн тооллогын комисс байгууллагатай хамтран орон гэргүй иргэдийг тоолох ажлыг зохион байгууллаа. Улсын хэмжээнд 890 орон гэргүй иргэд тооллогод хамрагдсан байна. Тоолох ажлын үед цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс гадна иргэний бүртгэлийн байгууллагын төлөөлөл оролцож бичиг, баримтын тодруулга хийхэд хамтран ажиллаа.

Categories
мэдээ нийгэм

Цахим газар өмчлөл маргааш дуусна

Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр дуусах байсан. Гэвч өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо тогтоосны баярын өдөр тохиож байгуу учраас маргааш сүүлийн өргөдлийг хүлээн авахаар болсон билээ. Энэ удаад Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулж байна. Газар өмчлөх өргөдлийг www.umch.ub.gov.mn цахим хуудсаар авч байна.

Categories
мэдээ нийгэм

Барилгаас унаж гэмтжээ

Барилгаас унаж гэмтжээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны 26 дугаар байрны дөрвөн давхраас хүн унаж гэмтжээ.

Ослын газарт нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, 34 настай эрэгтэй барилгын дөрөвдүгээр давхраас нэгдүгээр давхрын өргөтгөл дээр унаж хүзүү, нуруундаа гэмтсэн байсныг буулган яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сурагчийн аминд хүрсэн сэжигтнээр аавыг саатуулжээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Ерөнхий боловсролын ахлах ангийн нэгэн сурагч цагдаа нарт зодуулж, амиа алдсан гэх мэдээлэл цацагдсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ сарын 23-ны өдөр тус хотын нэгэн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч цагдаагийн байгууллагад дуудагдсаныхаа дараа удалгүй тархиндаа цус харваж нас барсан аж.

Тухайн өдөр хүү доод ангийнхаа хүүхэдтэй таагүй хандсан гэх асуудлаар аймгийн цагдаагийн газарт дуудагдсан байна. Ингээд орой нь сургууль дээрээ буцаж ирээд анги цэвэрлэх гэж байгаад ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч удалгүй нас барсан бөгөөд эмч нар түүнийг тархиндаа цус харвасан гэж оношилжээ.Гэвч эл хэрэгт талийгаач хүүгийн ар гэрийнхэн цагдаа нарыг сэжиглэж байгаа аж. Талийгаачийн эгчийн мэдээлснээр хүүг таньдаг хүүхэд нь аавтайгаа нийлж зодсон бөгөөд түүний дараа тус аймгийн цагдаагийн хэлтэст очиход дахин цагдаагаар зодуулсан гэх.

Харин энэ талаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батзаяагаас тодруулахад “Эл хэрэгт цагдаагийн алба хаагч холбоогүй. Хүү өмнө нь бэртэл авсан байдалтай цагдаагийн хэлтэст ирсэн байдаг” хэмээн дээрх мэдээллийг үгүйсгэсэн юм.Тэгвэл ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн алба эл хэрэгт дараах тайлбарыг өгсөн байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн “Тухайн амиа алдсан хохирогч хүү өмнө нь айлын хүүхдийн гар утсыг дээрэмдсэн юм билээ. Утсаа дээрэмдүүлсэн хүүгийн эцэг талийгаач хүүд гар хүрч, хоёр удаа алгадсан гэсэн. Үүнд эрүүгийн хэрэг үүсгээд хүүг зодсон гэх аавыг саатуулан шалгаж эхэлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг цагдаагийн байгууллагын алба хаагчид ямарваа нэгэн хүч хэрэглэж, аминд нь хүрсэн зүйл байхгүй. Тухайн цагдаагийн хэлтэс 100 хувь камерын системтэй. Хүү цагдаагийн байгууллагад ирээд 01:30 минут болсон. Камерын бичлэгийг шалгаад үзэхэд цагдаагийн алба хаагч зодсон зүйл байхгүй байна лээ” гэх мэдээллийг өгчээ.Одоогоор уг хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Categories
мэдээ спорт

Ирвэс баг хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Үндэсний супер лигийн энэ улирлын нэгдүгээр тойргийн хамгийн сүүлчийн тоглолт Баянгол Сентоза Ирвэсүүд, Альяанс-Тех Харцага багуудын хооронд боллоо.

Багийн ахлагч Г.Баттөр болон Steve Pledger нар ирсэнээр Харцагууд тун сайн тоглолтыг үзүүлээд байгаа билээ. Гэсэн ч тэд энэ удаад ахиад л хожигдлоо улмаар улирлын эхний тойргийг 2-5 гэсэн муу амжилттай өндөрлүүлж байна. Тэдний хожигдсон гол шалтгаан сэлгээний тоглогчид байсан юм. Гараанд гарсан таван тоглогч бүгд 10-аас дээш оноо авсан ч сэлгээнээс нэг ч тоглогч оноо авсангүй.

Харин Сентоза Ирвэсүүд ээлжит сайн тоглолтоо үзүүлж улирлын тав дахь хожлоо авлаа. Т.Санчир шийдвэрлэх IV үед сайн тоглолт үзүүлж багийнхаа оноо авалтыг тэргүүллээ.Э.Дорж-Арилд шийдвэрлэх үед маш чухал самбараас бөмбөг авалтыг хоёр ч удаа гүйцэтгэж торгуулын шидэлтээ амжилттай болгосноор багаа хожилд хөтөллөө.

Т.Санчир 38 оноо, 16 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Э.Дорж-Арилд 21 оноо, 6 оновчтой дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалт, Dylan Brewer 18 оноо, Э.Цэвэлдорж 13 оноо гүйцэтгэж багаа тэргүүлсэнээр улирлын 5 дахь хожлоо авч тэд хүснэгтийг ахин тэргүүлж эхэллээ.

Categories
мэдээ спорт

Легионеруудын өмсгөлийг дуудлагаар худалдаж, Б.Батхишигийн эмчилгээнд хандивлана

Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Эрдэнэдрийлинг-Ригс”, “МУИС-МБМ”, “Уурхайчин” багт тоглож байсан, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Б.Батхишигт яаралтай бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болж улмаар хамт олон, найз нөхөд, багийн гишүүд нь “Бид нэг гэр бүл” хандивын аян өрнүүлж эхэлсэн. Үүний хүрээнд нөгөөдөр буюу энэ сарын 30-нд Спортын төв ордны “А” зааланд сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид легионеруудын эсрэг халз тоглолт хийхээр болжээ. Хандив цуглуулах аянд урлаг, спортын алдартнууд ч сайн дураараа нэгдэж эхлээд буй.

Жишээлбэл, Монгол Улсын гавьяат тамирчин, Лондонгийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, “Харанга” хамтлагийн дуучин, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, Кёкүшюзан Д.Батбаяр, чөлөөт бөхийн шигшээ багийнхан, жүдо бөхийн шигшээ багийнхныг дурьдаж болно.

Мөн өвөрмонголчууд ч хандивын аянд нэгдэж, Б.Батхишигт хандив цуглуулж эхлээд байгаа тухай “Нэр төр, эрхэмсэг амьдрал” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Наранцогт дуулгасан юм.

Categories
мэдээ улс-төр

Ж.Мөнхбат: Санал тоолох хар машиныг шатаасан нь нийгмийн анхааралд оруулах гэсэн алхам байсан юм

МАНын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай ярилцлаа.

Сонгуулийн хуулийг зөвшилцөөд баталчихлаа. Харин одоо Улс төрийн намын тухай хууль яах бол. С.Баярцогт гишүүн Ажлын хэсгийг ахалж байгаад сүүлд Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барихаар болсон. Та нар мөн л Улс төрийн намын тухай хуулийг өргөн барих гээд байгаа байх аа?

-Улс төрийн намын тухай хуулийн төслийн Ажлын хэсгийг С.Баярцогт гишүүн ахалж гурван жилийн өмнөөс ажилласан. Энэ Ажлын хэсгийн ажил яваагүй. Ерөнхийлөгчийн зүгээс нэг хуулийн төсөл өргөн барихад Иргэний танхимд хэлэлцүүлэг болсон. Тэр хэлэлцүүлэгт намууд орсон юм. Уг хуулийн төсөлд нэлээдгүй алдаа байгаа тул түүнийг нь өөрчлөх шаардлагатай байгааг хэлсэн. Уг хуулиар 801 биш 31 хүн нийлээд нам байгуулаад явах боломжтой болгосон байна лээ. Улсын Дээд шүүх намуудыг бүртгэдэг байсныг болиод Сонгуулийн ерөнхий хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газар мэддэг болох жишээтэй. Өнөөдөр монгол төрийн алба төгөлдөржөөгүй байна. Төрийн алба төрлийн алба боллоо гээд байгаа нь үнэн шүү дээ. Улс төрийн намд харьяалагддаг хүмүүс СЕХ болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг удирддаг. Тэгэхээр эрх барьж байгаа улс төрийн намын эрхшээлд очиж байна гэсэн үг. Сайн ч, муу ч дэлхий дээр байгаа улс төрийн зарчим, онол ёсоороо засаглал хуваах зарчим гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх гээд гурав хуваагддаг. Монгол Улсын хувьд 25 жил шүүх засаглалаа хараат бус бие даасан байдалтай байлгах гэж явж байна. 16 нам гарын үсэг зурж Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэн уг хуулийн төслийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Ерөнхийлөгч улс төрийн намуудын дарга нартай уулзсан уулзалтаас гарч ирсэн намынхан Төрийн тэргүүний санаачилсан хуулийн төсөлтэй санал нийлэхгүй байна гэдгээ хэлж байна лээ. Манай намын дарга бид хоёр ч гэсэн Ерөнхийлөгчтэй уулзан энэ хуулийг заавал сонгуулийн өмнө баталж, нийгэм бухимдалтай, улс төрийн акциуд идэвхжиж байгаа үед асуудал болгон гаргаж ирэх шаардлага байгаа юм уу. Та үүнийгээ хойшлуулаач ээ гэдэг албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Бид зарчмын хувьд улс төрийн намын хуультай санал нийлэхгүй байгаа. Тухайлбал, Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн ноцтой зүйл ч явж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад улс төрийн намууд гишүүнчлэлтэй, нам өмчтэй байхаар заасан байдаг. Заавал үүнийг хяналтад оруулан нэг гарт цуглуулах гэсэн үгүйсгэсэн заалтууд байгаа. Эдийн засаг, нийгэм хямарчихсан байгаа энэ үед заавал уг хуулийн төслийг оруулж ирэн давхар хямраах шаардлагагүй.

МАНын зүгээс зохион байгуулж буй акциудыг харахаар хар машиныг дуурайлгасан макет шатаасан, дүн өвлөөр Төрийн ордныхоо баруун талд суулт хийсэн дүр төрх ажиглагдаж байна. Энэ нь өөрөө нийгэмд сөрөг үр дагавартай юм биш үү. Энэ бүхнийг харахаар буруу зүйлд турхирсан, өдөөн хатгасан тийм өнгө аяс харагдах юм?

-Монголын улс төрд байдаг л зүйл шүү дээ. 1990 онд суулт, жагсаал хийгээд болдог л байсан. Тухайлбал, АН жагсаал хийж болдог. МАН жагсаал хийж болдоггүй нам уу. Бидний хувьд хар машиныг шатаасан нь хар машиныг үзэн ядаад байгаадаа биш. Санал тоолох хар машиныг нийгмийн анхааралд оруулж ирэх гэсэн алхам байсан юм. Үнэхээр шатааснаараа сайн, муугаар хэлэгдээд нийгмийн анхааралд орж ирсэн. МАН-ыг эрх барьж байхад сөрөг хүчин Сүхбаатарын талбай дээр хүн хүртэл шатаадаг байсан. Нэг хүн өөрийгөө шатааж байсан бол баримлаар хүн хийгээд шатааж явсныг мартаагүй байх. АН-ынхан шатааж болдог хэрнээ нийгэм нь болж бүтэхгүй байгаа үед эрх баригчид нь дөргүй бух шиг зүтгээд байгаа үед нь бид хазаар болох гэсэн юм. Тэгээд ч тэр чинь хар машин биш алимны хайрцаг байсан юм шүү дээ. Энэ бол байдаг зүйл, эрүүл үзэгдэл. Үндсэн хуульд заасан тайван жагсаал цуглаан хийж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн акци хийх зэрэг зүйлсээ бид хуулийн дагуу хийж байгаа. Ганцхан МАН хийгээд байгаа юм биш ээ. 20 гаруй улс төрийн нам хийсэн. Тэнд нь МАН яваад байгаа болохоор л Ардын нам хийж байна гээд байгаа юм.

Танай нам л бусад намуудыг уриалан дуудаад байгаа юм биш үү?

-Уриалан дуудах юу байхав дээ. Улс төр намуудын зөвшилцөлд ирсэн бүх намууд гурван зүйлийг яриад одоогийн УИХ Үндсэн хуулийг өөрчлөх эрх зүйн боломжгүй. Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой. Ингэхдээ Ажлын хэсэг байгуулъя. Парламентад суудалтай сөрөг хүчнээр ажиллаж байгаа МАН ахлах ёстой л гэсэн. Сонгуулийн хуулийг батлахгүйгээр Улс төрийн намын хуулийг эрх баригчид зөвхөн өөрсдөдөө ашигтайгаар хийх гэж байсан нь эсэргүүцлийн жагсаалд хүргэсэн.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулна, оруулахгүй гэж хэсэгтээ л яригдаж байгаад чимээгүй болчихлоо. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр шийдэгдэж байна уу гэж харагдахаар байна?

-Үндсэн хуулийн өөрчлөлт цаг хугацааны хувьд худлаа болсон.

Ардын намынхан Хөгжлийн банкны асуудлаар хэсэг улс төр хийж байгаад сөргүүлээд МАНын гишүүдийн хувьцаа эзэмшдэг компаниудын санхүүжилт ил болонгуут чимээгүй болчихлоо гэж хардаж байгаатай санал нийлэх үү?

-Бондын зарцуулалт монгол төрийн түүхэнд байгаагүй хамгийн утгагүй зарцуулалт болсон. УИХ нь хянадаггүй, Засгийн газар нь захиран зарцуулж мэддэггүй ийм л байдалтай явж ирсэн. Нэг банкны захирал, салбарын сайдын эрх мэдлийн хүрээнд шийдэгдээд явж байна. Гурван тэрбумаар хийгдэх ёстой ажил дээр гэхэд 30 гаруй тэрбум төгрөг авчихсан байх жишээтэй. Энэ мэтчилэн маш ноцтой эдийн засаг, санхүүгийн луйврын гэмт хэргийн түвшний маш олон асуудал бий. Бидний зүгээс оны дараа энэ асуудлыг үргэлжлүүлэн ярих болно. Угаасаа л нэг юм гаргаад тавихаар МАН руу дайрдаг. Ардын намын дарга Говь компанид 10 ширхэг хувьцаатай гээд босгож ирсэн. 10 бүү хэл 1000 ширхэг хувьцаатай хүмүүс зөндөө л байгаа. Говь компанийн 10 ширхэг хувьцаа юу юм. Нэг ширхэг хувьцаа хэдэн төгрөг байдаг билээ дээ. Ягаан цэнхэр тасалбарын дүнд Монголын бүх иргэн тухайн үед хувьцаатай болсон. Гэх мэтчилэнгээр маш ихээр гуйвуулдаг. Ипотекийн зээл зогссон нь МАН-тай холбоотой гэж шуугисан. Энэ чинь манай намд огт хамааралгүй иргэн А.Базар гэдэг хүн ҮЗХ-д хандаад явсан юм билээ.

Үүнийх нь дагуу бид нэр төрөө сэргээлгэхээр АН-ыг шүүхэд өгсөн. Мөн гавьяатай олон самбарыг Ардын намын Ж.Мөнхбат хийчихлээ гэж баахан шуугив даа. Гэтэл АН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч хоёр нь телевизээр бид өөрсдөө хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. АН-ын удирдах албан тушаалын хүн нь ипотекийн зээлийн асуудлыг Ардын нам хийгээгүй юм байна. Андуурчээ гэдгээ хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Энэ мэтчилэн хүчээр гүтгэх юм уу, мушгин гуйвуулах талдаа эрх баригчид маань гаргууд сайн. Өөрсдийнхөө хийсэн зүйлийг тэд хийсэн гэж бултуулдаг ч төд удалгүй үнэнд гүйцэгддэг. Монголын улс төр ийм л байдлаар явж байна. Тэнгэрийн доор төрж, хуулийн доор амьдарна гэдэг үгтэй. Монгол өөрөө ардчилсан улс юм бол, Монгол өөрөө төрт улс юм бол хуулийн доор хэв журманд захирагдан амьдрах ёстой. Эрх барьж байгаа хүмүүс нь өөрсдөө хуулиа гишгэчин туучиж, гэмт хэргийн шинжтэй зүйл хийчихээд эцэст нь хүн рүү бухна гэдэг байж боломгүй зүйл. Улс төрийн хувьд төлөвшөөгүй байгааг харуулж байгаа хэрэг.

Оюу толгой хөдлөхөөр болж 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж байна. Үүн дээр танай нам ямар байр суурьтай байна вэ. Үр дүн нь хэзээ мэдрэгдэх вэ?

-4.4 тэрбум ам.доллар Монгол Улсад орж ирэхгүй. Рио Тинтод очно. Юунд захиран зарцуулахыг нь Рио Тинто шийднэ. Төлөөсөнд нь Монгол Улс 34 хувиа барьцаанд тавьсан. Хүнээр ярих юм бол таны хашаа байшинг хөрш чинь барьцаанд тавьж зээл авчихаад тэр мөнгийг нь та биш хөрш чинь юунд зарцуулахаа шийдээд явж байгаа юм.

Хоёрдугаарт, Монголд эдийн засгийн бодитой үр өгөөж гарахгүй гэдгийг Монголын бүхий л хэвлэл онцолсон байна лээ. Монгол хүн гэдэг утгаараа Монгол Улсад маш хохиролтой гэрээ болсон. Дотор нь орж ажил хийж, хариуцлага хүлээж байгаа. Ерөнхий сайд үүрэг өгсөн болохоор бид гэрээ хийсэн гэж учир мэдэх хүмүүс нь хэлж байна. Нөгөө 150 сая ам.долларын татвар үндсэндээ дашийн шог болчихлоо. Оюу толгойгоос үр шимийг нь хүртэх хугацаа 30 жилээр хойшилчихлоо. Ийм л гэрээ. Гэрээнд гарын үсэг зурсны маргаашнаас “Энэ зөвхөн далд уурхайд зориулагдсан хөрөнгө оруулалт. Хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд дахин зээл авна” гэдэг юм ярьж байна. Одоо юу барьцаалж хэнээс зээл авах гэж байгаа юм. Үндсэндээ Оюу толгой төсөл маш хүнд байдалд орсны нэг илрэл. Гадны хөрөнгө оруулалт орж ирэх нь зөв. Гэхдээ сая байгуулагдсан зээлийн энэ гэрээний үр өгөөж 30 жилдээ орж ирэхгүй гээд бод доо. Та хэдэн настай билээ?

-28-тай

-Таныг тэтгэвэрт гарахын өмнө Оюу толгойгоос үр өгөөж нь орж ирэх юм байна. Ийм л гэрээ хийсэн.

Одоо ямар боломж байна, бидэнд?

-Энэ гэрээг засах ёстой. Тэр утгаараа алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурийг илэрхийлж ирсэн. Бид ирээдүйгээ, үр хүүхдээ, улсаа боддог зүйл рүү явах шаардлагатай. Хэн нэгэн, хэсэг хүн гарч ирээд гэр бүл, фракцынхаа төлөө юм хийчихээд алга болдог. Горыг нь ард түмэн амсдаг. Чингис, Самурай бонд гаргаад Монгол Улс сайхан болно гэсэн хаана байна. 17.8 хувьтай байсан эдийн засаг өнөөдөр дөнгөж гурван хувь дээр тогтож байгаа биз дээ. Гадаад валютын нөөцгүй болчихсон байна. Уутныхаа амыг урвуу нь харуулаад сэгсэрчихлээ. Иргэн, хувийн хэвшил, төрөөсөө эхлээд өрийн сүлжээнд орчихлоо. Тухайн үеийн Шинэчлэлийн Засгийн газар хариуцлагаа бид үүрнэ гэж байсан. Н.Алтанхуяг гэдэг хүн огцроод явчихсан болохоор хэн хариуцлага хүлээх юм.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд дээр л ирэх байх?

-Сайханбилэг бол Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед хийсэн зүйл гээд өнгөрнө. Улс төрийн хариуцлагагүй шийдвэр, харалган бодлого нь Монгол Улсыг туйлдуулж гүйцлээ. Энэ улстөрчид нь улс орноо самраад дуусчихлаа. Одоо жаахан сэтгэлтэй, хариуцлагатай байх цаг болсон.

АНынхан сөрөг хүчин байхдаа танайхантай учир зүйгээ олоод эвсчихдэг байсан. Харин танайхан олонхитойгоо учраа олж чадалгүй явсаар дуусах нь ээ. Хамтраад ажиллаж байхдаа учир зүйгээ олж чадсангүй юу?

-Юмыг аль өнцгөөс харж байгаагаас шалтгаалж байгаа юм. Та бол эрх баригчдыг талархалтай нүдээр харж байгаад асуугаад байна аа даа. Үнэн хэрэгтээ АН учир зүйгээ олоод байдагтаа биш. Ардын нам зарчимтай, ёс журамтай, жудагтай байсан байхгүй юу. МАН 45 суудалтай байхдаа АН-ыг урьж оруулж ирээд асуудлыг шийдээд явж байсан. Нэг л өдөр Ардчилсан намынхан хаяад л гарч байсан биз дээ. Гурван жил зургаан сар нэг засагт хамт байж ачааг үүрч явсан хэрнээ Ардын нам руу баахан дайрч бухаа биз дээ. Сая мөн л эдийн засаг хүнд боллоо гэж урьж оруулчихаад хөөгөөд явуулсан. Үүнд Ардын намаас шалтгаалаад байгаа юм байхгүй. Төлөвшөөгүй, хариуцлагагүй, жудаггүй ийм улс төрийн хүчний гаргаж буй шийдэл. Монголын ард түмэн дүгнэлтээ хийсэн байх.

Ам.долларын ханш 2000 төгрөг хүрч байгаад эвсэж байхад 1800 төгрөг рүү орсныг мэдэж байгаа. Ойлголцол, итгэлийн үр дүн байсан. Үүнийг эрх баригчид өөрсдөө самарч, нураасан. Дүнд нь иргэдийн амьдрал, улс орон үрэгдэж байгаа юм. Түүнээс МАН эрх баригч байна уу, сөрөг хүчин байна уу гэдэг тийм ч чухал биш. АН-ынхан улс орноо аятайхан аваад явж чадаж байгаа бол бид ингээд юм яриад байх шаардлагагүй. Болохгүй зүйлийг нь хэлэхээр ажил гацаалаа, шүүмжиллээ гэдэг. Үнэхээр болохгүй байгаа нь үнэн шүү дээ. Салбарт нь 10 гаруй мянган бүрлээчийг амьдруулаад банкнаас мөнгө авч, банкнаас зээл аваад явж байсан нь илэрлээ. Энэ чинь байж болохгүй биз дээ. 3.4 их наядын Үнэ тогтворжуулах хөтөлбөр яав. Ямар үр дүн гарав гээд яриад байвал их зүйл бий.

Таныг дууны үг хулгайлсан байна гэдэг яриа гарчээ. Тэр бүү хэл клипэнд нь өөрөө тоглосон байна гэх юм. Зарим нь улс төрийн явуулга гэж байгаа бол нөгөө хэсэг нь ганцын зэргийн дууны үг хулгайлах хүн биш гэж байна?

-Ж.Мөнхбат гэдэг хүнийг ямар боломж байна түүгээр нь гөвөх, харлуулах зүйл байнга хийгддэг. Миний хувьд ч түүнийг нь тоохоо больчихож. 2003 онд байх аа, Их сургууль дөнгөж төгсөөд байж байхад “Классик Жем” хамтлагийн дуучин Энхтайван над дээр нэг дууны үг авчирж өгөөд “Ая нь бэлэн байна. Энэ нэг ийм үгийг дуулах гэсэн болохгүй байна. Засаад өгөөч ээ” гэсэн юм. Тэр үед би бүх бадгуудыг нь шинээр бичиж өгсөн. Хэд хоногийн дараа Энхтайван “Өнөө шүлэг чинь дуу болсон. Бадгууд нь чиний зассанаар явсан. Ая нь хуучнаараа явж байгаа. Дахилт дээр нь “Саахалт айлын Сүнжээ” гэдэг хуучин үгийг нь тэр чигээр нь явуулчихлаа” гэж хэлсэн. Тэр нь уран бүтээл болоод явсан байх. Түүнээс би хүний шүлэг хулгайлж дуу хийгээд мөнгө олж идсэн зүйл байхгүй. Дууны уран бүтээл төрөхдөө хэд хэдэн хүний хамтын бүтээл болж гарсан зүйл ч байдаг. Төрийн дууллыг гэхэд хоёр хүн шүлгийг нь бичсэн байх жишээтэй. Тухайн үед нэг дуучин надад хүсэлт тавиад дууных нь шүлгийг бичиж өгөөд явуулсан. Дараа нь ийм дуу болсон шүү гээд надад сонсгож байсан. Би тэр дуунд нэг мөр байтугай нэг үг ч хулгай хийж бичээгүй. Хэнийх нь зохиосон дуунаас нь ямар үг өгүүлбэр, бадаг, дахилт оруулаад явсан нь дуучин, хөгжмийн зохиолчийнх нь асуудал.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн зам халтиргаа ихтэйгээс осол гарч байна

Энэ долоо хоногт ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурч байгаагийн улмаас орон нутгийг чиглэсэн автозамуудад хальтаргаа гулгаа ихээр үүсээд байна. Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллэж буйгаар өнөөдөр зүүн зүгийн нутаг болон баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд буюу маргааш нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 27, 29-нд Алтайн уулсаар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ гэж анхааруулж байгаа.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатараас Дархан, Орхон зэрэг аймгуудыг чиглэсэн автозамууд дээр хальтаргаа гулгаа их байгаагийн улмаас автомашины ослууд нилээдгүй гараад байгаа талаар бидэнд эх сурвалжууд мэдээллээ.