Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН, МАХН-ыг УИХ-ын 2016 оны сонгуульд хамтарч орохыг хүслээ

МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай МАН, МАХН-ын ахмадуудын төлөөлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд уулзлаа. Тэдний зүгээс УИХ-ын 2016 оны сонгуульд МАН, МАХН-ыг эвсэл байгуулж, хамтарч сонгуульд орохыг уриалсан өргөх бичгийг МАН-ын удирдлагуудад гардуулаа. Энэхүү өргөх бичигт “Өнгөрсөн хугацаанд МАХН-ын гишүүдийн нэг хэсэг нь АН-тай хамтарч нөгөө гишүүд нь МАН нэрээр сөрөг хүчин хэмээж хүчээ сарниулсны улмаас эрх баригчдын хууль бус хариуцлагагүй үйл ажиллагаа газар авч төрийн алба төрлийн алба болж Монгол Улсын нэр хүнд бүрэн уналаа. Монголын газар нутгийн бараг 60 гаруй хувь хайгуулын лиценз нэрийн дор гадаадынхны гарт орж, улсын гадаад өрийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэлийн орлогын 70 хувиас хол давлаа. Төр засгийн буруутай бодлогоос үүдэн 5000 гаруй аж ахуйн нэгж үүд хаалгаа барилаа. Тиймээс үзэл бодол, угшил үндэс нэгтэй МАН, МАХН-ын дарга Ерөнхий нарийн бичгийн дарга нар эх орон, ард түмний эрх ашгийг бодолцож үл ойлголцлоо зогсоож, аливаа асуудалд ухаан тэвчээр гарган 2016 оны сонгуульд хоёр нам эвсэж орох саналыг та бүхэнд өргөн барьж байна” гэжээ. Уг өргөх бичигт төр нийгэм, урлаг, спортын салбарт нэр хүнд бүхий МАН, МАХН-ын 44 ахмад гишүүн гарын үсэг зуржээ. МАН-ын дарга М.Энхболд ахмадуудын өргөн барьсан албан бичгийг өнөө, маргаашгүй МАХН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, тоймтой хариу өгнө гэдгээ хэлсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хууль, цагдаагийнхан нийгмийн даатгалаас мөнгө завшсан уу

Нийгмийн даатгалын
ажилтнууд банкныхантай үгсэн хуйвалдаж талийгаачдын нэрээр тэтгэвэр авсан, бүр
тэтгэврийн зээл авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан талаар “Өдрийн
сонин” мэдээлсэн. Энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт
хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад нийгмийн
даатгалын байцаагчид 2006 оноос хойш ийм гэмт хэрэг үйлдэж байсан баримт олдсон
бөгөөд, нийт 10 гаруй мянган талийгаачийн нэрээр тэтгэврийн мөнгийг нь залилсан
гэх баримтыг манай сонин дэлгэсэн. Тэгвэл Баянгол дүүргийн нийгмийн даатгалын
хэлтсийн дарга Х.Оюунчулуун хууль, цагдаагийнхан хуурамч баримт бичгээр 40 сая
төгрөгийн тэтгэвэр илүү авсан тухай ярилаа. Түүний ярьснаар хууль, цагдаагийн
таван алба хаагч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэврээ өндөр тогтоолгосон нь
шалгалтаар илэрсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалынхны үйлдсэн хэргийг
цагдаа, цагдаагийн үйлдсэн хэргийг нийгмийн даатгалын байцаагчид илрүүлсэн
бололтой юм. Хуулийнхан нийгмийн даатгалынхны хууль бус үйлдлийг дэлгэснээс
үүдэж, нийгмийн даатгалынхан цагдаагийн үйлдлийг ярьж байгаа бололтой. Үүний
цаана татвар төлөгчдийн мөнгө хууль зөрчигчдийн халаасанд орж байгаа нь
харамсалтай. Дэлгэрэнгүй ярилцлагыг маргаашийн дугаараас уншина уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ долоо хоногт 1700 хоригдлыг суллана

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өнөөдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Хуулийн дагуу 1700 гаруй хоригдол өршөөлд хамрагдах бөгөөд эдгээр хүмүүсийг энэ долоо хоногтоо багтаад суллахаар болсноо ШШГЕГ-аас албан ёсоор мэдэгдлээ. Улмаар өршөөийн хуулиар суллагдаж буй хүмүүсийг нийгэмшүүлэх, ажилд зуучлах зэрэг үйл ажиллагаанд 130 орчим сая төгрөг зарцуулах аж. Мөн хөдөөнөөс хот руу очих хүмүүсийг тусгай автобусаар зөөх, өвлийн хувцасгүй байгаа хоригдлуудад өвлийн хувцас тавьж өгөх зэрэг үйл ажиллагаанд зарцуулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны хуралдааныг дахин хойшлуулав

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан үдээс өмнө хуралдаж 2016 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцсэн ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Улмаар байнгын хорооны хуралдааныг үдээс хойш дахин зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс маргааш боллоо.

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдсан ч зөвхөн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт, импорт банк хооронд байгуулах 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн юм.

Хэлэлцэх асуудалд нь Монгол Улсын 2016 оны төсвийн төсөл болоод түүнд холбогдох бусад хуулийн төслүүдийг багтаасан байсан ч Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо ирэх оны төсвийн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээ хийж, чадаагүй тул тус байнгын хороо төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг базаж чадсангүй.

Categories
мэдээ улс-төр

С.Баярцогтыг долоо хоногийн дотор өөрчлөх тогтоол баталжээ

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барьсан. Түүний хувьд С.Баярцогтыг хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн гэдэг үндэслэлээр огцрох ёстой гэж үзэж байгаа.

Тэгвэл Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хуралдаж хоёр асуудал хэлэлцсэн байна. Үүнд дээрх асуудал ч тусгагджээ.

Тодруулбал, С.Баярцогтыг долоо хоногийн дотор өөрчлөх саналыг УИХ-д оруулж ирэхийг Ерөнхий сайдад үүрэг болгосон Байнгын хорооны тогтоолыг баталсан байна. Тэгэхээр энэ тогтоолын дагуу ирэх долоо хоногт сайд С.Баярцогтыг Ерөнхий сайд өөрөө огцруулахаар УИХ-д оруулж ирэх магадлалтай байгаа юм.

Өргөдлийн байнгын хорооны хувьд 15 гишүүнтэй. Үүнээс 9 нь хуралдаанд оролцож 100 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч мэдээлэл хийж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдаж байна. Тус байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, Монгол Улс байнга төвийг сахих тухай асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр энэхүү хуулийн төслийг санаачилсан юм.

Хуралдаан хаалттай хуралдаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Н.Халиун 23 жилийн дараа анхны тоглолтоо хийнэ

Хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиун Монголын рок поп хөгжмийн урлагт зүтгэсээр 23 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Энэ хугацаанд дуу хөгжмийн шинэ зохиол бичиж, хөгжмийн найруулгын ажлыг гүйцэтгэж, тайзны болон томоохон хэмжээний шоу тоглолтыг зохион байгуулан хамтлаг, дуучдын продюсероор ажилласаар байгаа. Тэрбээр бие даасан анхны тоглолтоо энэ сарын 13, 14-нд хийхээр болжээ.

Уран бүтээлийн анхны тайлан тоглолт гэдэг утгаараа “Халиуны ертөнц” хэмээн нэрийдэн тодотгож, өөрийн зохиосон хит дуу, хөгжмийн найруулга хийсэн шилдэг бүтээлүүдээ толилуулж, дотоод ертөнцөө үзэгч, сонсогчдодоо шинээр нээх гэж байна. Харин тоглолтоосоо өмнө хамгийн сүүлд зохиосон шинэ дуугаа сонсогчдын хүртээл болгоно. Н.Халиуны хөгжим, зохиолч Д.Төрмөнхийн шүлэг “Хайр хөглөх дуу”-г гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, гавьяат жүжигчин Б.Дашдондог, “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан нар хамтран дуулжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулжээ

Олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B+ байсныг бууруулж, “В” буюу “тогтвортой” хэмээн үнэллээ. Урт хугацааны зээлжих зэрэглэлээс гадна гадаад шилжүүлэг болон валютын хөрвөх чадварыг үнэлгээг “ВВ-” байсныг “В+” болгожээ. Харин Засгийн газрын богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” зэрэглэлд хэвээр үлдээсэн байна.

Урт хугацааны зээлжих зэрэглэлийг ийнхүү бууруулсан гол шалтгаан нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт цаашид саарна гэж үзжээ. Гэхдээ дунд болон урт хугацаанд харьцангуй тогтвортой байх буюу дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2015-2018 онд дунджаар 4.3 хувьтай байна гэсэн тооцоог гаргасан байна.

Харин ойрын 3-4 жилийн эдийн засгийн өсөлт “Оюу Толгой”, “Таван Толгой” гэсэн хоёр томоохон уул уурхайн мега төсөл төлөвлөж байгаагаар шийдэгдэж, үргэлжлэх эсэхээс хамаарна гэж үзжээ. “S&P” агентлагын үзэж байгаагаар Монгол Улсын эдийн засаг бол бага орлоготой, байгалийн баялагт суурилсан, улс төрийн бодлого, орчин тун муу, төсвийн гүйцэтгэл, гадаад хүчин зүйлийн эрсдэл өндөр, мөнгөний бодлогын хувилбар хязгаарлагдмал гэсэн дүгнэлт гаргасан байна.

“S&P” агентлагын тооцоолсноор Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2017 он хүртэл 4 хувиас доогуур байх хүлээлттэй байна. Эдийн засгийн өсөлт удааширч байгаа шалтгааныг худалдааны эргэлт буурч, уул уурхайн олон төрлийн бодлого явуулж гадны хөрөнгө оруулагчдыг үргээснээс болсон гэж тус агентлаг дүгнэж байна. Түүнчлэн гадаад тэнцэлд эрсдэл үүсч болзошгүйг сануулжээ.

Хэдийгээр урсгал тэнцлийн алдагдал энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 9.4 хувиас доогуур гарч, таван жилийн дараа дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нэг оронтой тоонд шилжинэ гэсэн хүлээлт байгаа хэдий ч цаашдаа эргээд өснө гэж үзэж байна. Учир нь дээрх хоёр том төсөл урагшилснаар импортын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Монгол Улсын гадаад өр болон санхүүгийн секторын гадаад актив 2010 онтой харьцуулахад 145 хувиар өссөн байна. Харин 2018 он гэхэд 133 хувь болно гэж “S&P” агентлаг үзжээ. Мөн Төв банкны бодлогын хүү өндөр байгаа нь чанаргүй зээлийн хэмжээ өсөхөд нөлөөлөх эрсдэлтэйг онцлоод түүхий эдийн зах зээлийн үнэ ханшийн уналт төсвийн төлөвлөлтөд эрсдэл дагуулсаар байгааг үнэлгээндээ дурджээ.

Үүнээс гадна “S&P” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулсны зэрэгцээ Хөгжлийн банк болон зарим арилжааны банкны зэрэглэлийг мөн бууруулсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“ARIUNAA SURI” бренд нэхий эдлэлийн загваруудаа толилуулна

“Дархан минж” ХХК, “Ariunaa Suri” бренд хамтран “SNOW 2016” нэхий хувцасны загварын шоу хийхээр болсон тухай мэдээллээ. 2015 оны арваннэгдүгээр сарын 14-нд Crocus Event Hall-д зохион байгуулагдах уг шоунд Герман, Норвегийн нэртэй загвар өмсөгчид урилгаар оролцох ба шоуны хөтөлбөрийн хувьд олон сонирхолтой шинэлэг үзүүлбэрүүд, сюрпризээр дүүрэн байх аж.

1992 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн “Дархан Минж” ХХК нь дэлхийн арьс ширний салбарт тэргүүлэгч Европын “Stahl”, “Cromogenia”, “Sarchem”, “Debog Kimiya”, Хятадын “Fambo” зэрэг томоохон компаниудтай хамтран ажилладаг. Эдгээр компаниудын шинэ технологийг Монгол хонины нэхий боловсруулахад ашиглан олон улсын стандартад нийцсэн хөнгөн, зөөлөн, тансаг хилэн нэхий боловсруулан гаргаж чаджээ. Харин ARIUNAA SURI брэнд нь уг нэхийгээр орчин үед нийцсэн шинэлэг, дахин давтагдашгүй загвар гарган шинэ Брэндийг бий болгож, дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж эхэлсэн байна. Дизайнер энэ удаагийн загварын сэдвээ “Мазаалай баавгай” болгон онцолсон бөгөөд энэ нь тоо толгой нь буурсаар нэн ховор амьтны жагсаалтанд бичигдсэн Мазаалай баавгайг хамгаалан, өсгөж үржүүлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой гэв.

Categories
мэдээ нийгэм

СБД-ийн Засаг дарга Зуучлагч томилохоос татгалзаж хууль зөрчжээ

Цалин нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул МҮЭХ-ноос хэлэлцээрийн талуудтай Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгээд байгаа билээ. Засгийн газрын зүгээс МҮЭХ-ны тавьж буй шаардлагыг Хөдөлмөрийн хамтын маргааны журмаар бус гурван талт Үндэсний хорооны хурлаар авч хэлэлцэхийг санал болгосон ч ажилтны тал уг саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо өнөөдөр орой хуралдана. Энэхүү хурлаас гарах үр дүнгээс МҮЭ-ийн холбооны дараагийн үйл ажиллагаа хурцдах эсэх нь шалтгаалах аж.

Мөн МҮЭХ-ноос хуулийн дагуу Зуучлагч томилуулах саналыг СБД-ийн Засаг дарга Б.Бадарсанд хүргүүлсэн боловч түдгэлзсэн хариу ирүүлжээ. Тиймээс МҮЭХ-ноос СБД-ийн Засаг даргаас ийнхүү хууль зөрчиж, түдгэлзсэн хариулт өгсөн шалтгаанаа тайлбарлахыг шаардлаа.