Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон дэд хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 05-ны Пүрэв гарагт:

  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “В” танхимд.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 05-ны Пүрэв гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, биржийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн зарим заалтын хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,Төсвийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/;
  • “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Говийн бүсийн усан хангамжийг сайжруулах, цөлжилтыг сааруулах “Ногоон говь” хөгжлийн төслийн талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонсох.

2.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 08.30 цагаас “Г” танхимд:

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл/Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

14.00 цагаас:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ ирэх даваа гаригт эхэлнэ

Сагсан бөмбөгийн нэрт тамирчин, алдарын танхимын гишүүн Д.Даваахүүгийн нэрэмжит 19 хүртэлх насны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-16-ны хооронд зохиогдохоор төлөвлөгджээ. Тус тэмцээнд 1996 оноос хойш төрсөн тамирчид тоглох бөгөөд хот, аймаг, дүүрэг, клуб, их, дээд сургуулиудын нийт эрэгтэй 20 баг, эмэгтэй 8 баг оролцохоор бүртгүүлээ ирүүлжээ. Спортын төв ордонд болох энэхүү тэмцээнийг Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо зохион байгуулах аж..

Тэмцээнд эхний гурван байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй баг тамирчдаас гадна байрлал бүр дээр “Шилдэг гарааны таван тоглогч”-дыг тодруулж, улмаар 19 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй улсын шигшээ багуудыг байгуулан, цаашид олон улсын тэмцээн, уралдаануудад оруулах зорилготой ажиллах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Эрдэнэчимэг: Засгийн газар Таван толгойг анхны гэрээний нөхцөлөөр батлуулах гээд байна

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Тогтоолын төсөлд юу юу өөрчлөгдөн орж ирсэн бэ?

-Хаврын чуулганаар миний бие Таван толгойн Ажлын хэсгийг ахалж ажилласан. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад УИХ-ын даргад хүргүүлсэн. Ажлын хэсгийнхэн Таван толгойн нүүрсний ордын цаашдын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад тогтоолын төсөл боловсруулах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс уг тогтоолын төслийг боловсруулж, гишүүдээс гарын үсэг авах ажил гурван сарын турш үргэлжиллээ. Уг тогтоолын төсөл дээр санал авахаар Засгийн газарт хүргүүлчихсэн. УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурна гэдэг нь УИХ-аар тогтоол орж ирээд хэлэлцэхэд олонхиороо батлах хэмжээний гэсэн үг.

-Яагаад заавал 40 гишүүний гарын үсэг цуглуулах болсон юм. Магадгүй уг тогтоолын төслөө дэмжүүлэх эцсийн байдлаар нь оруулж байна гэсэн үг үү?

-Хэрэв цөөнх болчихвол Таван толгойгоо хуучин гэрээний дагуу цаашаа алдчих магадлалтай юм. Тэр утгаараа гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж, учрыг нь ойлгуулах гэж нэлээд цаг хугацаа зарцуулсан. Одоо бол олонхиороо баталчих байх. Тогтоолын төсөлд Эрдэнэс Таван толгой компани Таван толгойн орд газрын 51 доошгүй хувийг заавал эзэмших ёстой гэж оруулж өгсөн. Өмнөх гэрээн дээр Эрдэнэс Таван толгой компаниас энэ хариуцлагыг байхгүй болгосон гэрээ байсан. 98 хувь нь нөгөө талдаа гарсан тийм л гэрээ байсан юм. Тэгэхээр цаашид шинээр гэрээ байгуулагдахад 51 хувийг Монголын талд үлдээж 49 хувь дээрээ бусад хөрөнгө оруулагчаа татах тийм гэрээ байгуулах ёстой гэж үзсэн.

Мөн Монголын нутагт баригдах төмөр замын 51 хувийг Монгол Улс өөрөө заавал эзэмших ёстой гэсэн бас нэгэн заалт оруулсан. Хуучин орж ирсэн гэрээн дээр 30 жилийн хугацаатай Шинхуа, Энержи Ресурсын консерциумд төмөр замаа эзэмшүүлэх Монголын төр 49 хувиа авахаар оруулж ирсэн. Мөн 30 жилээр гэрээг сунгах боломжтойгоор төсөл орж байсан юм. Бид анхнаасаа 51 хувийг Монголын төр төмөр зам эзэмших ёстой. Үлдсэн 49 хувь дээр нь бусад хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж болно гэж хоёрдугаар заалтыг оруулсан. Гуравдугаарт, ард иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг саналын эрхгүй болгосон байсан заалтыг хүчингүй болгуулахаар тусгаад байгаа. Ингэснээрээ Таван толгойн хувьцаа эзэмшигч 2.1 сая иргэний хувьцаа цаашид саналын эрхтэй байна гэсэн үг. Энэ нь Таван толгойн талаарх шийдвэрийг гаргахдаа ард түмнийхээ саналыг заавал сонсох ёстой гэсэн үг юм. Түүнчлэн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэж тогтоолын төсөлд тусгасан байгаа. Тогтоолын төсөлд Засгийн газарт хэд хэдэн үүргийг өгсөн.

-Тэр нь юу гэж?

-Гуравдагч хөршийн бодлогыг баримтлах шаардлагатай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Орос, Хятад гэлтгүй АНУ, Япон, Канад гэх мэтчилэн бусад орнуудыг татан оролцуулах ёстой. 2008 онд анх тендер зарлагдахад листэнд 5-6 компани үлдсэн байдаг юм. Тэр компаниудынхаа хүрээнд дахин тендер зарлах ёстой гэсэн заалтыг мөн оруулсан. Хэрэв тогтоолын төсөл батлагдах юм бол Засгийн газар тогтоолынхоо дагуу гэрээ байгуулахад нэлээд олон зүйлийг харж байж гэрээ байгуулах ёстой.

-Тогтоолын төслийг хэлэлцээд явахад улс төр нэлээд өрнөх байх. 40 гишүүн гарын үсэг зурлаа гээд эсрэг кноп дарах магадлал манай гишүүдийн дунд түгээмэл байдаг шүү дээ?

-Засгийн газраас анх оруулж ирсэн гэрээнд гэхэд нэг улс давамгайлсан маш том ашиг сонирхлын зөрчил байсан. Дотоодын компани гэхээр яг монгол компани гэж хэлэхэд хэцүү болчихож байгаа юм. Энержи Ресурсын дийлэнхэд нь гадны компани хөрөнгө оруулсан. Гол хөрөнгө оруулагч нь Хятадын Шинхуа гэхээр Хятад талдаа ихэнх хувь нь гарчихаж байгаа тийм л гэрээ байсан юм. Тэр утгаараа ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байсан гэж үзсэн. Цаашид ийм байдлаар Таван толгойг хууль бусаар аль нэг талд нь ашигтай байхаар гэрээ байгуулуулахгүй гэдэг үүднээс уг тогтоолын төслийг оруулж ирсэн гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд 40 гишүүний гарын үсгийг цуглуулахын тулд ажлын хэсгийн дүгнэлтийг гишүүдэд танилцуулахад нэлээд анхаарсан. УИХ дээр тогтоолын төсөл ороод ирлээ гэхэд асуудлынхаа учрыг нь ойлгоод гарын үсэг зурсан гишүүд буцаж, улс төр хийгээд байх зүйл гарахгүй болов уу. Гарын үсэг зурсан 40 гишүүнийг эх оронч гишүүд гэж харж байна. Энэ хүмүүс сонгогдсон тойргийнхоо иргэдийн эрх ашгийг хамгаалж гарын үсэг зурсан.

-Тогтоолын төсөл батлагдлаа гэхэд консерциум уг тогтоолын төслийг дэмжихгүй гэвэл яах юм?

-Энэ бол Засгийн газрын л асуудал. Засгийн газар тийм консерциум байгуулж, Таван толгойн ихэнх эрхийг тэр консерциумд өгөх эрхгүй байсан. Анхнаасаа гэрээ нь маш олон хууль зөрчсөн байсан. Тиймээс уг консерциум хүлээж авахгүй байх нь бидэнд чухал биш.

-Дахин өөр консерциум сонгоно гэсэн үг үү?

-Угаасаа энэ консерциум цаашаа явах боломжгүй. Засгийн газар Таван толгойг анхны гэрээний нөхцөлөөр батлуулчих гээд байна уу даа гэж харж байна. Монголын төмөр зам компанийг Эрдэнэс Таван толгойн харьяанд байхаар болгосон гэх мэтчилэн тодорхой хэмжээнд аль нэг газраас нь бултуулах маягаар асуудлыг явуулаад байна гэж хардаад байгаа юм. Тиймээс энэ УИХ-ын тогтоол гарах нь зөв. Нэгэнт хууль зөрччихсөн байна гээд дүгнэлт гаргаад байхад үүнийг үл хайхран энэ гэрээг сонгууль болох богино хугацаанд явуулчих сонирхол Шийдлийн Засгийн газарт байгаа болов уу гэж хардаад байна. Тиймээс тогтоолын төслийг яаралтай оруулах ёстой.

-Гэхдээ зарим гишүүд Засгийн газар асуудлуудаа шийдээд явах ёстой гээд байгаа шүү дээ?

-Маш олон орд дээр Засгийн газар асуудлуудаа шийдээд явах боломжтой. Гэхдээ Таван толгой дээр лав биш. Таван толгой гэдэг бол Монголын ард түмэн эзэмшиж байгаа. Өөр тийм орд байхгүй. Оюу толгой дээр ч бид хувьцаа эзэмшигч биш шүү дээ. Ард түмэндээ өгчихөөд буцаагаад авдаг үйл ажиллагааг Засгийн газар хийж болохгүй. Засгийн газар бол ард түмнээс сонгогдоогүй. Томилогдсон.

Тиймээс ард түмний эрх ашгийг хангаж, хамгаалж байгаа Их хурлаараа заавал оруулах ёстой.

-Ард түмний Таван толгой гээд яриад байдаг. Иргэдийн 1072 хувьцаа л гээд байдаг. Үнэн хэрэгтээ 1072 хувьцаа бол ам дамжсан яриа төдий л зүйл болоод байна. Улс төржилтөө ард түмэнд нялзаагаад байгаа юм биш үү?

-Та сар бүр 70 мянган төгрөг авч байсан уу. Та ямар нэгэн гавьяа байгуулаагүй, зүгээр л амьдралаа хөөгөөд явж байхад таны гар дээр 70 мянган төгрөг тавиад байсан юм. Энэ юуны мөнгө вэ. Тэр бол таны 1072 хувьцааны мөнгө. Иргэд тодорхой хэмжээгээр мөнгө авч байсан байхгүй юу.

Таван толгойн 1072 хувьцааг иргэдэд эзэмшүүлэн ашгийн хувь болгож хүмүүст өгөх мөнгийг 2012 оны сонгуулийн өмнө Чалкотой гэрээ байгуулж 300 сая ам.доллар авч шийдсэн. Бид тэр мөнгөнөөс л хүртэж байсан юм. Өнөөдрийг хүртэл Эрдэнэс Таван толгой компани олборлосон нүүрсээрээ Чалкогийн өрийг дарсаар ирсэн. Эрдэнэс Таван толгой компанийн үйл ажиллагаатай сүүлд танилцаж байхад Чалкогоос авсан 300 сая ам.доллараас 120 сая ам.долларын үлдэгдэл үлдсэн байсан. Үлдсэн энэ мөнгийг төлөхийн тулд Эрдэнэс Таван толгой олборлолтоо явуулж байсан юм. 1072 хувьцаа бол бодитой. Та интернэтэд ороод өөрийн нэр, регистрийн дугаараа оруулаад үзэхээр таны хувьцаа гарч ирж байгаа. Харин үүнийг үнэт цаас болгож иргэн бүрт өгөх ёстой. Нүүрсний үнэ унасан энэ үед хувьцаа үнэгүй юм шиг харагдаж байгаа боловч эдийн засгийн хямралыг даван туулсны дараа энэ хувьцааны үнэ нэмэгдэж бидэнд алт мөнгө шиг үнэтэй болох цаг ирнэ.

Том Таван толгойн хажууд байдаг жижиг Таван толгой компани 10 гаруй жилийн дотор 280 тэрбум төгрөгийн хувьцааны ашиг хуваарилсан байдаг. Жижиг Таван толгой бол том Таван толгойн орд газрын ганц хувьтай л тэнцэх хэмжээний жижиг газар. Энэ жижиг ордод хувьцаа эзэмшдэг маш олон хүн бий. Өмнөговь аймгийн Тамгын газар хувьцааны ихэнх хувийг эзэмшиж байна. Тэндээс олсон ашгаа иргэддээ хуваарилж анх 15 төгрөгөөр үнэлэгдэж байсан хувьцаа нь 1.4 сая төгрөгт хүрч байсан алтан үе ч байдаг.

Хувьцаанаас ашиг хүртсэн иргэд, аж ахуйн нэгжүүд байдаг болохоор Өмнөговь аймаг бусад аймгуудыг бодоход өндөр хөгжилтэй байна. 1072 хувьцаа юу ч биш юм байна гэсэн тархи угаалтад бид орчихоод “Бидэнд юм ирэх биш” гээд яваад байж болохгүй. Миний хувьд цаашид 1072 хувьцааг үнэ цэнтэй болгож эдийн засгийн эргэлтэд оруулахад чадлынхаа хэрээр ажиллана гэж бодож байгаа.

-Одоо дахиад л төмөр замын асуудал сөхөгдөж таарна. Гацаанаас гарах боломж харагдах юм уу?

-Хөрөнгө оруулалт нь шийдэгдээд урагшаа явж байсан ажлыг хоёр жилийн өмнө зогсоосон. Ямар шалтгаанаар зогсоосон нь энэ гэрээнээс тодорхой харагдаж байна. Гадны 3-4 банк урагшаа явах төмөр замд хөрөнгө оруулалт хийе гэсэн саналаа илэрхийлчихсэн байсан. Гашуун сухайт-Таван толгой чиглэлийн төмөр замд яагаад дандаа хөрөнгө оруулагч олддог вэ гэхээр энэ нь маш ашигтай зам юм. Хамгийн бага үнээр тооцсон ч есөн жилийн дотор зардлаа бүрэн нөхчих тийм бололцоотой. Тиймээс ямар ч нөхцөлд ийм ашигтай бизнест банкууд хөрөнгө оруулахад бэлэн байдаг. Энэ банкууд хөрөнгө оруулалтаа хийхэд бэлэн гэдгээ илэрхийлж байхад манайх Чингис бондын хөрөнгөнөөс 200 гаруй сая ам.доллар гарган далангийн ажлын 70-80 хувь нь хийгдчихсэн. Уг ажлыг зогсоосон нь хамгийн буруу байсан юм. Хэрэв энэ ажлыг зогсоогоогүй бол төмөр зам аль хэдийнэ ашиглалтад орчихсон байх байлаа. Бид нүүрсээ тээвэрлэлээ гэхэд дөрөв дахин хямд үнээр Хятадын зах зээлд гаргах боломж байсан. Харамсалтай нь Шинэчлэлийн Засгийн газрын үед төмөр замын ажлыг зогсоосон.

Энэ замыг зогсоосон гол шалтгаан бол Шинхуа, Энержи Ресурс консерциумд 30 жилээр нь төмөр замыг өгөх бодлого явсан. Ажлын хэсэг дээр ажиллаж байхдаа бүх материалтай танилцсан. Үүний будлиан л өнөөдөр явж байна. Хөндлөн чиглэлийн төмөр замд хамтран ажиллана гэдгээ Японы тал илэрхийлсэн. Энэ оны арванхоёрдугаар сар дуусахад Япончууд ТЭЗҮ-гээ гаргаад дуусна. Тиймээс 2016 оны хавар төмөр замын ажил эхлэх бүрэн боломжтой. Бид ийм хүлээлттэй байгаа. Төмөр замд ажиллах хүний нөөцөө цэргүүдээр бүрдүүлье гэж байгаа юм. Ингэхдээ 10 мянган цэргийг хамруулж, цэргийн албаны хугацааг хоёр жил болгож цалинтай болгох талаар бид ярьж байгаа.

-Цэргүүдийг төмөр зам барихад татан оролцуулна гэхээр сургалтаас эхлээд багагүй зардал гарах байх. Эх үүсвэр нь хаанаас гарах юм. Нийт хэдэн төгрөг зарцуулах тооцоо байгаа вэ?

-Бид төсөвт 10 мянган цэргийн урсгал зардал 25 тэрбум төгрөгийг суулгахаар Сангийн яамтай ярилцаж, Төсвийн байнгын хороон дээр хэлэлцэж байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо үүнийг дэмжсэн. Цэргийн алба хааж байгаа залууст жилдээ дөрвөн сая төгрөгийн урсгал зардал тооцогддог юм билээ. Ямартай ч энэ зардлыг нь суулгаад ажлаа эхлүүлчихье. Цэрэгт ирсэн залуучуудаа МСҮТ-ээр дамжуулан сургая гэж байгаа юм. Түргэвчилсэн хэлбэрийн сургалтаа МСҮТ-өөр дамжуулан хийгээд дөрөвдүгээр сараас шууд барилгын ажил руугаа орчих боломжтой. Төмөр зам баригдана гэдэг хүн ажиллаж таарна. Хүн ажиллаж байгаа юм чинь цалин авна. Өмнө нь гурван жилийн хугацаанд 25 мянган хятад ажилчин орж ажилласан байдаг. Гадаад ажилчид цалингаа аваад явчихсан тул нийгмийн даатгалд юу ч төлөгдөөгүй. Тэр үед монгол залуус ажилласан бол олон хүн мөнгөтэй болох байсан. Өнөөдөр 170 мянган залуу сургууль ч үгүй, ажил ч үгүй эцэг, эхийнхээ нуруун дээр шимэгчлэн амьдарч байна гэсэн тооцоо бий. Тэднийг ажлын байран дээр ирээд ажиллаачээ гэхээр хэн ч ирдэггүй. Тиймээс тэднийг цэргээр дамжуулан тодорхой тушаалын доор хариуцлага хүлээлгэн ажиллуулах ёстой юм байна гэж харж байгаа. Үүнийг бид бодоод олчихсон юм биш. Бусад орнууд маш олон бүтээн байгуулалтынхаа ажлуудыг цэргүүдээр хийлгэдэг юм билээ.


Categories
мэдээ цаг-үе

Син Хаймин: Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахаар шийдсэн

Энэ сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байгаа. Уг айлчлалын ач холбогдлын талаар болон бусад цаг үеийн сэдвээр БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин мэдээлэл өгөхөөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзсан юм. Түүний сэтгүүлчдийн тавьсан асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч тун удахгүй БНХАУ-д айлчлах гэж байна. Уг айлчлал ямархуу хөтөлбөртэй байх вэ. Хоёр улсын харилцаанд ямар ач холбогдолтой байх бол?

-БНХАУ-ын дарга Си Жиньпинийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Уг айлчлал өнгөрсөн онд БНХАУ-ын дарга Си ЖиньпинМонгол Улсад айлчилсны дараа хоёр улсын харилцаанд болох өөр нэг томоохон дипломат үйл явдал болж байгаа юм. Тэгэхээр Хятадын тал өндөр ач холбогдол өгч, дээд түвшинд хүлээж авна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Си Жиньпин дарга угтаж аван албан ёсны хэлэлцээ хийж, хүндэтгэлийн зоог барих болно. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кечян, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дежан нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм. Мөн айлчлалын үеэр БНХАУ-ын эртний нийслэл болон торгоны замын эхлэл болж байсан Ши Ань хотод айлчлахаар төлөвлөсөн байгаа.

Одоогоор Хятад, Монгол хоёр улс үндэстний хөгжил, бүтээн байгуулалтын зангилаа үед байгаа бөгөөд хоёр талын хүрээнд нэгдсэн стратегийн ашиг сонирхол тасралтгүй нэмэгдэж байгаа. Хятад, Монголын харилцааг ард түмэн дэмжиж байгаа болохоор энэхүү харилцааг улам хөгжүүлэхэд шинэ боломж гарч ирж байгаа юм. Энэ айлчлалын үеэр хоёр улсын удирдагч Хятад, Монголын харилцаа болон бүхий л салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэх, өнгөрсөн онд Си Жиньпин даргын айлчлалын үр дүнг бүрэн бүтнээр ажил хэрэг болгохоор санал бодлоо солилцож, зарчмын чиглэлийг тодорхойлно. Мөн хоёр тал улс төр, эдийн засаг, соёл болон бусад олон талт хамтын ажиллагааны талаар шинэ тохиролцоонд хүрч, нэлээд олон чухал бичиг баримт дээр гарын үсэг зурж Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах болно гэж найдаж байна.

Цаашид Хятад, Монголын харилцаа ямар хэлбэрээр өргөжих боломжтой вэ. Хятад улсаас манай улстай харилцахад ямар бодлого баримталж байгаа вэ?

-1990-ээд оноос хойш манай хоёр улсын өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцлийг тасралтгүй бэхжүүлж байна. Өнгөрсөн онд хоёр улсын төрийн тэргүүн нар таван удаа уулзалт хийсэн.

Харин энэ жилийн дөрөв дэх уулзалтаа удахгүй хийх гэж байна. Ер нь хоёр улсын төрийн тэргүүн ойр, ойрхон уулзах нь Хятад, Монголын хоорондын харилцааны чиглэлийг тодорхойлж байдаг. Манай хоёр улсын бодит хамтын ажиллагаа нь тогтвортой хөгжиж ирсэн. Худалдааны хэмжээ л гэхэд 1990-ээд оны эхэн үеэс өнөөдрийг хүртэл 100 дахин нэмэгдсэн тооцоо бий. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд зорчсон иргэдийн тоо давхардсан тоогоор 1.3 сая хүрсэн.

Өнгөрсөн жил Си Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийснээр хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулж хоёр улсын харилцааг түүхэн дэх хамгийн сайн цаг үед гаргасан юм. Мөн “БНХАУ цаг ямагт Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон Монгол Улсын ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэг” гэж хэлсэн шүү дээ.

Таван толгойн нүүрсний ордын төсөл дээр Хятадууд хамтрах хүсэлтээ удаа дараа гаргасан. Одоогийн нөхцөл байдалд Хятадын тал ямар байр суурьтай байгаа вэ?

-Сайн төсөл байвал найдвартай хөрөнгө оруулалт алга гэдэгт санаа зовох хэрэггүй. Төслөө эхлүүлснээр Монгол Улсын дэд бүтэц, ажил эрхлэлт, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг боловсруулах асуудлыг яваандаа шийдвэрлэх болно. Хятад, Монгол хоёр тал Таван толгой төслийн асуудлаар олон жил хэлэлцсэн байна. БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн онд Монгол Улсад айлчлах үеэр тусгай дэмжлэг үзүүлэн транзит тээвэрлэлт, далайн боомт зэрэг асуудлуудыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн. Миний бодлоор Таван толгой төсөл хоёр улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болох бүрэн боломжтой, бас үлгэр жишээ болох ёстой. Одоогоор хоёр тал тус төслийг ахиулахаар нягт хамтран ажиллаж байна. Энэ завшааныг ашиглан би санхүүгийн хамтын ажиллагаа, ялангуяа Хятад банк (bank of China) Монголд салбараа нээх талаар дуулгая. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Хятад банк Улаанбаатарт салбар нээх асуудлаар ойрын хугацаанд эерэг ахиц гарах болно гэж найдаж байна.

Саяхан Хятад, Монголын анхдугаар экспо боллоо. Уг экспогоос ямар үр дүн гарсан бол?

-Хятад, Монголын анхдугаар экспог Хөх хотод зохион байгуулсан. Энэ үеэр холбогдох талууд 166 хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд 14.8 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын тохиролцоо хийсэн. Цаашид хоёр жил тутамд Хөх хотод зохион байгуулах болно гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрсөн.

Та БНХАУ болон Монгол Улсын хооронд олон улс, бүс нутаг дахь хамтын ажиллагааны тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Манай хоёр улс олон улс ба бүс нутгийн олон асуудлаар ижил байр суурьтай байдаг. Монголын талыг олон улс ба бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг Хятадын талдэмжиж ирсэн. Монгол Улсыг олон улс болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд идэвхтэй хувь нэмэр оруулахыг бас дэмжиж байгаа. Монгол Улсыг АПЕК-д элсэхийг манай улс тууштай дэмжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн Зүүн хойд Азийн аюулгүйн байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээр санаачилгыг мөн дэмжинэ.

Мөн Хятад, Монгол, Орос гурван улсын хамтын ажиллагааны тухай онцолмоор байна. Манай гурван улс бол бүс нутгийнхаа чухал улс орон мөн бөгөөд гурван улсын харилцааг хөгжүүлэх нь бүс нутгийнхаа, тэр тусмаа дэлхий нийтийн энх тайван болон хөгжил цэцэглэлтэд өндөр ач холбогдолтой байдаг юм. Сүүлийн жилүүдэд гурван улсын дээд хэмжээний уулзалтын механизм нэгэнт бий болсон. Энэ оны долдугаар сард Оросын Уфа хотод болсон гурван улсын дээд хэмжээний уулзалтын үеэр төрийн тэргүүнүүд харилцаа ба хамтын ажиллагааны талаар олон чухал тохиролцоонд хүрсэн юм. Гурван тал Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрийг боловсруулахыг шийдсэн бөгөөд гурван улсын хамтын ажиллагааны замын зураг зэрэг чухал баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Г.АРИУНБААТАР: Ханхүү Чарльзийн сэтгэл үнэхээр хөдөлсөн байсан

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай ярилцлаа. Тэрээр Их Британийн хатан хааны ордонд урилгаар дуулаад эх орондоо иржээ.

Их Британийн хатан хаа­ны ордонд дуулаад ирлээ. Хатан хааны ордонд таныг онцолж урьсан шалтгаан нь юу байсан юм бол?

-Дэлхийгээр аялж байгаа аялан тоглолтын маань нэг хэсэг нь Англи оронд дуулах байсан. Тэнд Английн хоёр том концертын танхимд тоглолт маань боллоо. Эхний тоглолтоо алдартай “Carnegie hall” танхимд хийсний дараа өдөр хатан хааны ордноос урилга ирсэн. Яагаад онцолж урих болсныг тэр хүмүүс л мэдэх байх. Дэлхийн алдартай мастерууд, удирдаач, Марийнский театрын оркестр маэстро Валерий Гергиев, нэрт морин хийлч Хакназаряан бид гурав хатан хааны ордонд дөрвөн номер үзүүлсэн. Ордон руу нэвтрэхэд хил гарахаас ч хэцүү юм билээ. Маш чанга харуул, хамгаалалтыг нэвтэрч орсон. Тэнд би нэг ари дуулсан. Орой нь зоогонд орж, халуун дотно яриа өрнүүлсэн их сайхан үйл явдал болсон. Ийм сайхан завшаан тохиосонд их баяртай байгаа.

Английн хатан хааны ордонд тэр бүр хүмүүс ороод байхгүй. Ордны талаарх сэтгэгд­лээсээ хуваалцаач?

-Гурав дөрвөн ордонтой юм шиг байна лээ. Тэнд яг кинон дээр гарч байгаа юм шиг, үлгэрийн ч юм шиг санагдаж байсан. Бидний орсон ордон яг л кинон дээр гардаг хатан хаан, үнсгэлжингийн ордон шиг өндөр таазтай, маш тансаг алтан шармал сийлбэрүүдтэй өргөө байсан. Бүх зүйл нь төгс санагдсан. Тийм байхаас ч аргагүй байх. Хатан хаан чинь албан ёсоор 52 улсын төрийн тэргүүн гэж явдаг юм билээ. Тэнд арваад орны Ерөнхийлөгч, Английн зуугаад ихэс дээдэс ирсэн байсан. Монгол Улсын урлагийн салбараа төлөөлөөд тэр том хүнтэй, түүний гэр бүлтэй уулзсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

Хатан хааны гэр бүл­тэй оройн зоог барьсан гэсэн?

-Оройн хоолны өмнө бүх хүн босч хатан хаандаа хүндэтгэл үзүүлдэг юм билээ. Хатан хаан суунгуут бүгд суугаад л, зоогоо барингаа хоорондоо ярилцдаг. Хоолоо идэж дуусаад хатан хаан түүний гэр бүл босоод л явчихдаг.

Хатан хааны гэр бүл та бүхний тоглолтын талаар сэтгэгдлээ хуваалцсан байх. Тэд яаж хүлээж авсан бэ?

-Диана гүнжийн нөхөр ханхүү Чарьлз үнэхээр сэтгэл нь хөдөлсөн байсан. Монгол надад их таалагддаг. Монголд ийм дуурийн дуучин байдаг гэхэд их сайхан байна гэж ярьж байсан. Ер нь маш их таалагдсан л даа. Ордны 100 гаруй хүний суудалтай багавтархан концертын танхимд нь дуулсан. Хатан хааны гэр бүл, дээдсүүд нь тэнд тоглолтоо үзчихээд л дараагийн танхим руугаа ордог юм билээ.

Англид “Carnegie hall”-д хийсэн тоглолтоос гадна ямар тоглолт хийв?

-Америкийн Нью-Йорк хотын Метрополитан гээд том тайзан дээр тоглолт хийлээ. Мөн Карнеги Холл гээд ерөнхийдөө дэлхийн урлагт зүтгэж байгаа хүн болгоны хүсч мөрөөддөг тайзан дээр дуулах хувь тохиолоо. Олон улсын санал, том театруудын урилга хүлээн авлаа. Одоо дараа, дараагийн ажилдаа орох гээд байж байна. П.И.Чайковскийн шагналтнуудын гала тоглол­тууд үргэлжлээд явж байгаа. Одоо түр зуур амсхийгээд байна.

Та дэлхийн хэмжээний театруудад гарч дуулж бай­на. Монгол Улсыг төлөөлж тийм том тайзан дээр гарахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Би П.И.Чайковскийн урал­дааны бүх төрлөөс Гран при шагналыг нь хүртсэн. Ерөөсөө хоёр хүнд л энэ тэмцээний 60 жилийн түүхэнд Гран при гэдэг цол олгож байсан. А зэрэглэлийн дэлхийд хамгийн томд тооцогдох, спортоор бол Олимпийн хэмжээнд тооцогдох тэмцээн. Тэгэхээр тэмцээний нэр хүндийг авч явах, тэр хүмүүсийн хүлээлгэж буй хариуцлага их. Сайхан сайхан тайзан дээр гараад дуулахад юм юм бодогддог ш дээ. Монгол хүн болж төрснөөрөө, ээж ааваараа, хүн болж төрснөөрөө бахархдаг. Хүнд зогсдоггүй шунал гэж байдаг юм шиг байна. Нэг ари дуулчихсан бол энэ тайзан дээр дахиж гараад дуурь дуулах юмсан гэж боддог. Тийм боломж одоо олдож байна.

Марийнский театрын гоцлол дуучнаар ажиллах болсон талаараа яриач?

-Марийнский бол маш том театр. ОХУ-даа нэгдүгээрт орж, дэлхийн улс болгонд сан нь байдаг.Тэрхүү сангаараа дамжуулж Марийнский театрын бүх уран бүтээлч тоглолт, уран бүтээлээ хүргэж Оросын хөгжмийг, дэлхийн сонгодог хөгжмийг сурталчилдаг. Ийм ч учраас үйл ажиллагаа нь маш өргөн цар хүрээтэй. Тэрхүү театрт үндсэн гоцлол дуучнаар ажиллах хувь тохиосон. Үнэхээр их баяртай байгаа. Бас л монгол хүн болсноороо бахархах сэтгэл төрсөн. Тэр их театрын солист болоод дүр бүтээгээд явна гэдэг сайхан зүйл. Маш их хөдөлмөрлөж, хичээх ёстой. Би фэйсбүүк хуудаснаа мэдээллүүдээ маш сайн тавьдаг. Яагаад гэвэл монголчууд мэдэх ёстой. Ер нь сонгодог урлагийн талаар манайхан бага мэдэгдэхүүнтэй байсан. Одоо арай илүү мэдээлэлтэй болчихсон.

Марийнский театрт ажил­ласнаар хувь хүний хувьд, дуучны хувьд ямар дэвшил, мэдлэг шинээр олж аваад байна?

-Ерөөсөө гайхамшиг. Марийнс­кий театрт 200 гаруй гоцлол дууч байдаг. Ерөнхийдөө дөрвөн театртай. Тэр бүрэлдэхүүнд ороод, дунд нь чанагдаад дөнгөж эхэлж байна. Жил, хоёр жилийн дараа ярихад бас нэг юм хэлэх байх. Одоо дүгнэж ярихад эрт байна.

Та дэлхийн хэмжээний хэд хэдэн том тайзан дээр дуулсан хүн. Дэлхийн хэм­жээний хэд хэдэн шагна­луудыг ч авлаа. Та өөрийгөө дэлхийн хэмжээний дуучин гэж үнэлдэг үү?

-Би дэлхийн хэмжээний дуучин биш. Дэлхийн хэм­жээний дуучин ямар байдгийг би мэднэ. Товчхондоо ямар хэмжээнд дуулж байж дэлхийн хэмжээнд хүрэх вэ гэдгийг. Би тэр боломжийг хайж яваа л хүн.

Анх хэзээ олон улсын хэмжээний тайзан дээр гарч байв?

-2011 онд Глинкийн уралдаанд түрүүлээд төр засгийнхаа хишгийг хүртэж Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж байсан. Тэгэхэд л анх дэлхийн хэмжээний тайзан дээр гарч байлаа. Тэндээс их том мөрөөдөл, их том хүч, зорилго өвөртөлж ирсэн. Одоо тэр замынхаа дагуу явж байна.

Танд хамгийн гайхалтай санагдсан, сэтгэлд тань үлдсэн дурсамжтай тайз гэвэл…

-Миний хамгийн том тайз Соёл урлагийн их сургуулийн “Оюутан” тайз. “Оюутан” тайзан дээр гарахад одоо хүртэл өвдөг минь чичирдэг. Дээрээс нь мэдээж сайхан тайзуудаар гараад явахад мартагдахааргүй дурсамж их. Танхим дүүрэн үзэгчид, тайзны засал чимэглэл, сайхан дуулчихаад хэдэн мянган хүнээр алга ташуулаад зогсч байх мөч сайхан л даа. Тайз болгон сайхан.

Дуурийн дуу тэр болгон нийтийн дунд хүрээд байдаггүй. Таны хэд хэдэн монгол дуу байдаг юм билээ. Уран бүтээлийн чинь хичнээн хувь нь монгол дуу вэ?

-Би Монголдоо эхлээд дуучин байх хэрэгтэй. Дуучин хүн тал бүрийн дууг мэддэг, дуулдаг байх шаардлагатай. Урлагийн хүн л бол тал бүрийн мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж боддог. Би монгол дууны “Илүү ч үгүй, дутуу ч үгүй” гэсэн цомогтой. Нэлээд хэдэн дуутай. Монгол дуугаа, уул усныхаа тухай дуулах их дуртай. Ард түмэндээ урлагаар үйлчлэх гэдэг тангарагтай улс учраас монгол дуу дуулах нь бас нэг үүрэг.

Таныг ирэх арван­хоёр­дугаар сард монголчууддаа зориулан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэж сонссон?

-“Монгол сонгодог-2” тоглолтоо арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт хүргэхээр төлөвлөж байгаа. Монгол хүн л юм чинь би өнөөдөр ард түмэндээ шалгалт өгөх болсон. Хүү нь нэг иймэрхүү түвшинд явж байна гэдгээ харуулахыг хүсч байна. Сайхан монгол дуунууд болон дэлхийн сонгодгуудаар аль болох сонирхолтой байдлаар тоглолтоо хүргэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жин үдийн монголчууд

1952 онд Холивүүд High Noon гэж кино бүтээжээ. Монголоор бол Жин үд гэсэн үг юм болов уу даа. Үйл явдал XIX зууны дундуур Зэрлэг өрнөдөд болно. Иймэрхүү кинонд бөөн л ковбой, буудал­цаан, дээрэмчид гардаг биз дээ. Энэ кинонд ч бас л тэд гарна. Харин буудалцаан нь 85 минутын киноны сүүлчийн гурван минутад л өрнөх аж. Гэхдээ Америкийн соёлын үнэт өвд бүртгэгдсэн, дөрвөн Оскартай бүтээл шүү.

За кино руугаа орий. Цын цын… үсэг гараад л. Хар цагаан кино. Зэрлэг өрнөд дахь нэг жижигхэн тосгон. Манайхаар бол Зүүнхараа хавьцаа л юм уу даа. Тэндэхийг бужигнуулдаг нэг дээрэмчин, алуурчин, хавийгаа донсолгосон эрүүгийн хүнд гар байжээ. Тосгон мань эрийн гарт, аль дуртай хүүхнээ хүчиндээд л, хэний ч хамаагүй эд хөрөнгийг булаагаад л, эсэргүүцсэн нэгнийг нь шулуухан буудчихдаг эр. Манайхаар бол жишээ нь Баянголын Эрдэнээ ч юм уу даа. Энхбаяртай жиших гэхээр арай ч зэрэглэл доогуур юм аа. Гэхдээ амьсгаа нь нэг л дээ.

Гэтэл тэр тосгонд төрөөс хүн томилогдож иржээ. Тухайн үеийн америк хэлээрээ түүнийг “маршал” гэх юм. За даа, манайхаар бол төрийн төлөөлөгч, орон нутагт бол цагдаа, их томруулж үзэх юм бол хотын мээр Бат-Үүл л гээд бодчих. Дөч тавиад оны үеийн дэлгэцийн хамгийн том одын нэг Гэрри Күүпэр энэ маршалын дүрд тоглож байгаам. Күүпэр ирэнгүүтээ тосгонд хууль ёс сахиулж, бүхнийг айлгадаг байсан өнөө дээрэмчинг баривчлан орон нутгийн шүүхээр оруулж ял сонсгоод төв рүү шоронд илгээжээ. Шүүх хурал дээр мань дээрэмчин тосгоныг тэр чигээр нь занаж, шүүгч болон мань маршалыг зүхэн эргэж ирж байгаад хонзонгоо заавал авна гэж олны нүдэн дээр тангарагласан аж. Дээрэмчин шоронд явсны дараа тосгон эмх журмандаа орж, хууль ёс үйлчлэн, хүмүүс амар тайван амьдрах болжээ. Тэгсэн яасан гээч, өршөөлийн хууль Конгрессоос гарч өнөө зартай дээрэмчинг суллачиж байгаам. Конгресс гэдэг нь манайхаар Улсын их хурал л юм даа.

Жинхэнэ кино одоо гарна. Дээр өгүүлсэн үйл явдал баатруудын ярианаас л тодорхой болдог. Жин үд кинонд өглөөний 10 цагаас үдийн 12 цаг хүртэлх богино хугацаа л гардаг юм. Яг энэ өдөр маршалын гурван жилийн томилолт дуусч тосгоноос явах гэж байна. Тэрээр явахаасаа өмнө гэрлэлтээ батлуулна. Цагийн зүү өглөөний 10-ыг заах аж. Гэтэл 12 цагт богооноор өнөө өршөөлийн хуулиар суллагдсан дээрэмчин энд ирэх нь тодорхой боллоо. Ирвэл мэдээж бужигнуулж таараа. Хариу хонзонгоо авах гэж тосгоныг бараг сүйрүүлж таараа. Жижигхэн суурин болохоор энэ аймшигт мэдээг бүгдээрээ тэр дор нь сонсчихно шүү дээ. За ингээд л драм эхэлнэ дээ. Дээрэмчин ирээд маршалаас өшөө авч байгаа нь энэ гээд тосгоныхон замд нь үрэгдэнэ хэмээн хүн болгон айна. Сүнсээ зайлтал айна. Хүн болгон маршалыг эндээс бушуухан зайл хэмээн хөөнө. Зарим нь бүр зайлуулах гэж зодно. Уг нь маршал явсан ч үлдсэн ч дээрэмчин хуучин дарангуйллаа эргэж тогтоон бүгдийг хохирооно, сүйтгэнэ гэдэг нь тодорхой л байгаа юм л даа. Гэхдээ хүн болгон л арай гайгүй үлдэх болов уу, зүгээр үлдэх ч юм бил үү гэсэн хий горьдлого хадгалан айцгаана. Дээрэмчнээс салгаж амар тайван байдал бэлэглэсэн маршалыг буруутган, дотроо зүхнэ. Их энгийн логик, маршал дээрэмчинг баривчилж шорон руу явуулаагүй бол цаадах нь бөөн хонзон өвөрлөж эргэж ирэхгүй л байсан, ингэж нэг мөсөн алуулж байхаар дээрэмчиндээ дээрэмдүүлээд зодуулаад сууж байх нь дээр байж!?

Томилолтын хугацаа нь дуусч буй маршал дээрэмчинг тосон тосгонд үлдэхээр шийдлээ. Хүмүүсийг аюулд учруулсан хариуцлагаа хүлээж байгаа ухаантай юм болов уу даа. Манайхаар бол… гээд жиших гэхээр жин үдээр дэнлүү барьж гүйгээд ч тийм хүн олсонгүй. Хэдхэн минутын өмнө гэрлэлтээ батлуулсан шинэ эхнэр нь хаяад явчихлаа. Харин манайхаар бол жишчихмээр хүүхэн ч олон олдох байхаа. Дээрэмчинг хоёр жилийн өмнө шүүж ял өгсөн шүүгч шууд л морь унаад мод тохоод зугтаачихдаг байгаа. Цагаандаа гарсан дээрэмчин, бөхчүүд, эрүүгийнхэн болон улаандаа гарсан авлигачин, луйварчингаас айгаад зугтаадаг, амаа үддэг манай цагдаагийнхантай л төстэй юмаа даа. Тосгоны цагдаа мань маршалыг бушуухан далд орж үз гэж гуйгаад болохгүй болохоор нь зодоод, оронд чинь би маршал болъё гэж шулуухан тулгаж буй нь манайхаар бол дундач төрийн албаны ажилтан л гэсэн үг.

Цаг явсаар. Богооны буудал дээр атаманыгаа тосохоор хэдэн дээрэмчин хүлээнэ. Атаман ирээд энэ хэдтэйгээ нийлж аваад тосгоныг будаа болгоно. Үүнийг хүн болгон мэдэж байгаа. Тэгсэн мөртөө дээрэмчинг угтан устгах хань эрэн тосгоноор гүйх маршалтай нийлэх ганц ч хүн олддоггүй. Санал болгосон нь нэг жаахан хүүхэд, бас нэг тахир татуу өвгөн, гэвч маршал зөвшөөрсөнгүй.

Хүмүүс аминдаа тулахаар ямар аймаар бэртэгчин, ямар муухай аймхай, ямар өөдгүй амиа бодогч байдаг юм бэ! Маршал гурван жилийн өмнө энд ирснээр дэг журам тогтож тосгоныхон аймшигт дээрэмчний гараас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч байгаамаа. Гэхдээ л гэж байгаад тус болгондоо өөрийн арчаагүйгээ нуусан нэг шалтгаан заавал олж хэлнэ. Маршал мань дээрэмчинг шоронд явсны дараа түүнтэй явдаг байсан хүүхэнтэй нь хэсэг явалдсан бололтой. Олон хүн үүнийг нь хэлж маршал, дээрэмчин хоёрын явдал бол тэдний хувийн тооцоо учир энэ хэрэгт оролцохгүй гэж наадаг байгаа. Яг л Бат-Үүлийг чи Улаанбаатарыг өөд татаж зам харгуй барьсан үнэн ч гэсэн хүүхдээ тэндэрт оруулсан шүү дээ хэмээн шарлааж байгаатай адил. Тэгсэн мөртөө хэдэн жилийн өмнө Нийгмийн даатгалын дарга Эрдэнээс яагаад төрийн мөнгөөр хүүхдэдээ орон сууц үнэгүй авч өгөв гэж асуугаад “Битгий солиороод бай, би хүүхдэдээ байр өгөхгүй тэгээд хэнд өгөх юм” хэмээсэн зандралт, далайсан нударгыг нь харуут нийтээр нам жим болон намсхийдэг шиг, тээ?

Дээрэмчин шоронд явсны дараа тосгоныхон хуулийн дор шударгаар бизнес хийж амьдрал нь илтэд өөдлөөд ирсэн юм билээ. Одоо нэр төрөө, баялгаа, хууль дүрмийг, шударга ёсыг хамгаалцгаая гэхээр яг л манай бизнес эрхлэгчид шиг арчаагүйтэж, хүний араар орж, худлаа шалтаг тоочиж, хулганаж, бэртэгчин зан гаргаж, алийгаа алдаж байгаа нь харахаас бөөлжис цутгамаар. Ийм амьтас ч тэр дээрэмчиндээ дээрэлхүүлээд, зодуулаад, хүчиндүүлээд, булаалгаад байж байхдаа яг таарсан юм гэж эрхгүй бодогдом. Сүмийн хамба нь хүртэл “Дээрэмчинтэй тэмцэх нь зөв боловч хүний аминд хүрэхийг ариун сударт хориглодог тул би оролцохгүй, яахыгаа өөрсдөө мэдэцгээ” гэж наадгийн! Зарим нь ичсэндээ юм болов уу маршалыг дагана гэж байна, гэхдээ бусад нь оролцвол хамтарна, түүнээс ганцаараа зүтгэхгүй гэж болзол тавих аж. Хөөрхий дөө, ийм амьтас эрх чөлөөгөөр ч яах юм билээ дээ. “Үхэр эрх чөлөөгөөр яадгийн, үйл лай нь хүзүүндээ хонхтой, хамартаа дөртэй байхаар заяагдсан” гэж Пушкин бичиж байж билээ. Чухам ийм зайгаар л ямар ч алдах юмгүй нүцгэн хүмүүс сүрхий өмөөрөгч болон тодорч популист болдог номтой л доо. Манай орон ийм төрлийн ашиг завшаан хайгчдаар дүүрсэн боловч харамсалтай нь “Жин үд” кинонд тэдний дүр алга.

Киноны төгсгөл рүү маршал ганцаараа бүлэг дээрэмчинтэй нүүр туллаа. Аа нээрэн тийм, атаманыгаа хүлээж байгаа дээрэмчид гуанзанд архи уухаар орж ирэхэд нь алийгаа алдсан арчаагүй амьтас долигонож сүйд болж байгааг нь ээ! Манийгаа өршөөнө шүү л гээд байгаа бололтой. Монголын хөрсөн дээр бол даанч танил дүр. Хамаг юмыг нь хориглоод, дээрэмдээд, тоноод, доромжлоод байхад чинь л дараагийн удаа арай гайгүй байх болов уу гэж хэдэн төгрөг өвөртлөөд л сонгууль болгоноор улс төрийн дээрэмчдийг царайчлан гүйх монголын бизнес эрхлэгчид, аан?

Холивүүдийн ковбой кинонуудад үзүүлдэг шиг мань маршал мэргэн буудаад л каратэ ушу хийгээд байдаг Шварцнэггэр маягийн гар ерөөсөө биш. Арав буудаад хоёр онодог, зодолдоод өөрөөсөө жижиг гарт тавиулчихна. Харин зориг гэж байна аа байна, зүрх гэж чулуу л гэсэн үг. За ингээд яг 12 цаг гозойход богоон ч ирлээ, атаман ч буулаа. Сонирхолтой нь өнөө цуутай дээрэмчин алуурчныг чинь шалихгүй бууддаг маршал гурван минутын дотор бүх дагалдагч нартай нь хамт цааш нь харуулчихдаг байгаа. Сүржигнээд л байсан чинь өнөө дээрэмчин ч, түүний бүлгийнхэн ч шалихгүй амьтас байж дээ, чааваас. Бүх зүйл болоод өнгөрсний дараа гэртээ бүгээд цонхны завсар, хаалганы цоожны нүхээр сэм ажиглаж байсан бэртэгчид ичих нүүрээ элгэндээ наасаар гарч ирэн гудамж дүүргэв.

Ёо ёо, бүтэн кино яриад өгчихдөг байна ш дээ. Өөрийнх нь эрх ашиг дотор нь багтсан нийтийн эрх ашгийг нулиман амиа хоохойлсон ийм арчаагүй, иргэншээгүй авир яахаараа эрх чөлөөг шүтэгч америкчуудаас гарав? XIX зууны Зэрлэг өрнөд шүү дээ. Эзгүй газар нүүж очсон нүүдэлчид, тэд чинь. Үүгээр нь зөвтгөж болох л байх. Гэхдээ л яг тулаад ирэхээрээ хүн хэмээгч нь хар амиа бодсон өөдгүй бодгал. Хүн уул нь сүргийн амьтан, нийгэм дотор байж л биеэ хамгаалж чадна. Харин аюул тулгарахаар хүний чанар нь нисэн одож загас шавьжны доод төрөлд очно, мэдээж тэгснээр амиа аварч чаддаггүй. Хар амиа аврах гэж оролдсоноор бүр ч дорддог гэдгийг чухамдаа иргэншил л хүмүүст ойлгуулжээ.

Үүнээс гадна харгис дарангуйлал бас хувь хүнийг ийм арчаагүй байдал руу түлхдэг. Тавиад оны үед Америкт макартизм хэмээх эрх чөлөөнд халдсан өвчин гаарч ялангуяа холивүүдийнхнийг ихэд хэлмэгдүүлсэн юм. Үүний эсрэг хамтарч тэмцээч гэж энэ кино тэдэнд сануулжээ. Хожим Польшид коммунист ертөнц дэх хамгийн анхны чөлөөт сонгууль болоход олон жилийн дарангуйллаас болоод хүмүүс ил задгай санал өгөхөөсөө айж байлаа. Коммунизмыг анхлан түлхэн унагасан “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн сонгуулийн зурагт хуудас нь гар буу барьсан Гэрри Күүпэрийн алхаж яваа фото зураг байсан. Дор нь “Иргэд ээ, саналаа өгөхөөсөө бүү ай, тэгж байж бид өөрсдийгөө хамгаална! Солидарношч үйлдвэрчний эвлэл” гэж бичсэн байв. Эв санааны нэгдэл парламентын 100 суудлын 99-ийг нь авсан юм даа. Хожим Украины улбар хувьсгалын үед ч Гэрри Күүпэр Киевийн байшин болгоны ханан дээр зогсон хамтарч тэмцэж байж өөрсдийгөө авардаг юм шүү гэдгийг хүмүүст сануулж байв.

Жич: Энэ кино Юнивишн зурагтын сувгийн кино прокатанд монгол хэлээр бий. Үзэцгээ, өөрсдийнхээ арчаагүй дүрээ харцгаа л даа. Жин үдийн 12 цаг ойртсоор!!?

2015.10.30

Categories
мэдээ нийгэм

Их морь одтой, хөхөгчин тахиа өдөр

Аргын тооллын арван­нэгдүгээр сарын 5. Бархасвадь гариг. Билгийн тооллын 24. Их морь одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 08:04 цагт мандан, 17:48 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу тул аливаа үйлд хянамгай ханд. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг баривчилжээ

Өчигдөр 22 цагийн орчимд Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг баривчлан, Цагдан хорих 461-р ангид саатуулжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өчигдөр өдөр түүнээс байцаалт авна хэмээн АТГ-ын албан хаагчид ажил дээрээс нь авч явсан ч орой нь ийнхүү саатуулсан байна. Түүнийг авлигын хэргээр саатуулан шалгаж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Мөн үүнийг МАХН-ыг засгийн газраас гаргаж, МАН-тай нэгтгэх бодлого явж эхэллээ гэж тайлбарлах зарим иргэд ч байна.

Одоогоор энэ талаар Авлигатай тэмцэх газраас албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос хуулийнхан нийгмийн даатгалаас мөнгө завшсан гэх ярилцлагыг уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар уншигчдынхаа гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгчийн орлогч, Б.Цэнддоо Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Игорь Владимировтч Ройтой ярилцсаныг энэ дугаараас унших боломжтой. И.В.Рой “Эрдэнэт үйлдвэр хүндхэн нөхцөлд ч үүргээ нэр төртэй биелүүлж байна” гэж ярьжээ. “Биднийг Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа гэвэл гүтгэлэг болно…” гэхчилэн ярьсан байна. Ярилцлагын үргэлжлэлийг III нүүрээс уншина уу.

Авто машины худалдаа эрхлэгчид Эмээлт рүү нүүхгүй гэж жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэднийг хүчээр нүүлгэхийг завдсан талаар ярилаа. Асуудлыг манай сонин хоёр талын байр суурьтайгаар хүргэж байна.

УИХ-ын гишүүн асан, “Төмөр зам”-ын гэгддэг Р.Раш ярилцлага өглөө. Тэрбээр МАН, МАХН хоёр хамтарч сонгуульд оролцох талаар байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр сонгогчидтойгоо уулзахдаа “Увс аймгийн Баруунтуруун дахь хилийн цэргийн ангид таван цэрэг амиа алдсан” гэдэг ноцтой мэдээллийг хийсэн юм. Энэ талаар бид бодит байдлыг сурвалжиллаа. Мөн Алтанбулагийн хилийн ойролцоо амьдардаг ченж залуу гэртээ учир битүүлгээр нас барсан хэргийг нэхэн сурвалжилсан юм.

Нийгмийн даатгалын ажилтнууд банкныхантай үгсэн хуйвалдаж талийгаачдын нэрээр тэтгэвэр авсан, бүр тэтгэврийн зээл авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан талаар “Өдрийн сонин” мэдээлсэн. Энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад нийгмийн даатгалын байцаагчид 2006 оноос хойш ийм гэмт хэрэг үйлдэж байсан баримт олдсон бөгөөд, нийт 10 гаруй мянган талийгаачийн нэрээр тэтгэврийн мөнгийг нь залилсан гэх баримтыг манай сонин дэлгэсэн. Тэгвэл Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Х.Оюунчулуун хууль, цагдаагийнхан хуурамч баримт бичгээр 40 сая төгрөгийн тэтгэвэр илүү авсан тухай ярилаа. Түүний ярьснаар хууль, цагдаагийн таван алба хаагч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэврээ өндөр тогтоолгосон нь шалгалтаар илэрсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалынхны үйлдсэн хэргийг цагдаа, цагдаагийн үйлдсэн хэргийг нийгмийн даатгалын байцаагчид илрүүлсэн бололтой юм. Хуулийнхан нийгмийн даатгалынхны хууль бус үйлдлийг дэлгэснээс үүдэж, нийгмийн даатгалынхан цагдаагийн үйлдлийг ярьж байгаа бололтой. Үүний цаана татвар төлөгчдийн мөнгө хууль зөрчигчдийн халаасанд орж байгаа нь харамсалтай.

Кёкүтэнхо Я.Цэвэлмаа хүүгийнхээ талаар ярилаа. Өвөлд Японд очиж хүүхдүүддээ хань болдог тэрбээр “Хүүгээ зодог тайлахыг мэдэж байсан ч их цочирдсон шүү” гэж ярилаа.

Эдгээр болон бусад мэдээ мэдээлэл өнөөдрийн дугаарт гарлаа.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Раш: МАН, МАХН-ыг нэгдэхэд асуудалгүй

УИХ-ын гишүүн асан Р.Раш “Өдрийн сонин“-нд ярилцлага өглөө. МАН болон МАХН-ын ахмадуудын төлөөлөл МАН-ын дарга Н.Энхболдод өргөх бичиг барьсан. Ахмадууд 2016 оны сонгуульд хоёр намыг эвсэл болж оролцохыг уриалсан билээ. Ийм уриалга гаргасан ахмадуудын дунд Р.Раш байгаа юм. Тэрбээр хоёр нам нэгдэхэд цаад угт ямар нэгэн асуудал байхгүй. Харин наагуур янз бүрийн бодол санаатай улсууд байх шиг байна гэж ярилаа. Үргэлжлэлийг маргаашийн дугаараас уншина уу.