Categories
мэдээ нийгэм

“Дугуйн марафон 2015” тэмцээн нөгөөдөр эхэлнэ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд
нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар,
Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн марафон”-ыг энэ амралтын өдрүүдэд зохион
байгуулахаар боллоо. “Дугуйн марафон”-ыг энэ сарын 7 буюу бямба
гарагийн 11:00 цагаас эхэлнэ.

-МАРШРУТ-

“Дугуйн марафон”-д оролцогчдыг батлагдсан
маршрутын дагуу Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанд гаргаж
Энхтайваны гүүр – 120 мянгат – Зайсан – Их тэнгэр – Маршалын гүүр – Үндэсний
цэцэрлэгт хүрээлэн гэсэн чиглэлээр нийт 8 км-ийн зам туулж барианд ирэх
юм.

-ОРОЛЦОГЧДЫН ДУГУЙНД
ТАВИХ ШААРДЛАГА-

“Дугуйн марафон”-д дугуй унах
чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр оролцож чадах
эрэгтэй, эмэгтэй залуучууд, насанд хүрэгчид, 14-өөс дээш насны хүүхдүүд эцэг,
эхийн хамт оролцож болно. Оролцогч нь моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар
оролцож болохгүй бөгөөд бусад төрлийн дугуйгаар оролцож болно гэдгийг зохион
байгуулагчид хэллээ.

Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн
ажиллагаатай байх шаардлагатай бөгөөд шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг
гараанд гаргахгүй ажээ. Уг марафонд оролцох хөдөө, орон нутгийн тамирчид, иргэд
болон багууд, оролцогчдынхоо тээврийн бүх зардлыг өөрсдөө хариуцах юм байна.

-СОНИРХОГЧДЫН ДУГУЙН
ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ-

Харин Сонирхогчдын дугуйн тэмцээнийг 2015 оны 11
дүгээр сарын 07-ны өдрийн Бямба гарагийн 11:00 цагаас эхлэн зохион байгуулах юм
байна. Бага насны хүүхдүүдийг 3-4 нас /50 м/, 5-6 нас /50 м/, 7-8 нас
/100 м/, 9-10 нас /500 м/, 11-12 нас /1000 м/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр, Өсвөр үе, залуучуудыг 13-14
нас /3 км-1 тойрог/, 15-16 нас /3 км-1 тойрог/, 17-18 нас /6 км-2 тойрог/-ны
эрэгтэй, эмэгтэй ангиллаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр
тойргоор уралдуулах хэлбэрээр тус тус зохион байгуулна.

Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалын төрлийг
2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ням гарагийн 11:00 цагаас Үндэсний
цэцэрлэгт хүрээлэнд 19-39 нас /9 км-3 тойрог/, 40-49 нас /6 км-2 тойрог/, 50-59
нас /3 км-1 тойрог/, 60-дээш нас /3 км-1 тойрог/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр тойргоор уралдуулах хэлбэрээр
зохион байгуулах юм байна. Сонирхогчдын дугуйн тэмцээнд оролцогчид зөвхөн уулын
дугуй болон ердийн дугуйгаар оролцоно. Оролцох хүүхэд, залуучууд, иргэд, хөдөө,
орон нутгийн тамирчид, болон багууд оролцогчдынхоо тээврийн бүх зардлыг өөрсдөө
хариуцна. Мөн энэ үеэр “EXTREME Trial”-ын үзүүлбэр, тэмцээнийг зохион байгуулах
бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Үндэсний цэцэрлэгт
хүрээлэнгийн цагдаагийн хөшөөтэй талбайд эхлэх юм байна. Түүнчлэн Монголын
дугуйн холбооны лицензтэй тамирчдын тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны
өдөр Ням гарагт 15-16 нас /9 км-3 тойрог/, 17-18 нас /12 км-4
тойрог/, 19-34 нас /15 км-5 тойрог/-ны ангиллаар, ахмадууд
35-45 нас /12 км-4 тойрог/, 46-55 нас /9 км-3 тойрог/, 55-аас дээш
нас /9 км-3 тойрог/-ны ангилалд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замаар
тойргоор уралдана.

-ТЭМЦЭЭНД ХЭРХЭН
БҮРТГҮҮЛЭХ ВЭ-

Лицензтэй тамирчдын тэмцээнд зөвхөн засмал замын
дугуйгаар оролцоно. Тэмцээнд оролцох иргэд тамирчдын бүртгэлийг 2015 оны 11
дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн өдөр бүр 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн
Биеийн тамир, спортын газрын байранд Монголын дугуйн холбооноос томилогдсон
нарийн бичиг шүүгч хийнэ. Бүртгүүлэх хүүхдүүд төрсний гэрчилгээний лавлагаа
/ТҮЦ машинаас/, иргэд ба тамирчид иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ. “Дугуйн
марафон”-д оролцогчдод зохион байгуулах хорооноос нэгдсэн пайз дугаарыг олгоно.

-ДУГУЙН МАРАФОНЫ ДҮН,
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ-

“Дугуйн марафон”-д оролцсон бүх оролцогчдод
батламж олгоно. Сонирхогчдын дугуйн тэмцээн болон Монголын дугуйн холбооны
лицензтэй тамирчдын тэмцээнд нас тус бүрт эмэгтэй, эрэгтэй төрөлд эхний 3 байр
эзэлсэн тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, 4-5 дугаар байр эзэлсэн
тамирчдыг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна. “EXTREME Trial”-ын
үзүүлбэрийн тэмцээнд эхний 3 байр эзэлсэн тамирчдыг медаль, өргөмжлөл,
мөнгөн шагналаар, 4-5 дугаар байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, дурсгалын
зүйлээр шагнаж урамшуулна.

Categories
гадаад мэдээ

“Форбес” сэтгүүлийн оны онцлох эрхмээр Путин шалгарчээ

Америкийн “Форбес” сэтгүүл энэ оны онцлох эрхмээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг нэрлэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ийнхүү гурван жил дараалан оны онцлох эрхмээр нэрлэгдлээ. Харин удаах байрт Германы Канцлер Ангила Меркел жагсчээ. Канцлерийн араас АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама оржээ. Ерөнхийлөгч өнгөрсөн онд хоёрдугаар байрт жагссан. Тус сэтгүүл дөрөвдүгээр байрт Ватиканы тэргүүн Францисыг нэрлэжээ. Хамбатан хоёр жил дарааллан байраа хадгалж байна.

Өнгөрсөн онд гуравдугаар байрт жагссан БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёр байр ухарч, тавдугаарт жагссан бол тэрбумтан Билл Гейтс нэг байр урагшилж, зургаад жагсчээ. Тэрбээр сүүлийн таван жил энэхүү жагсаалтад багтаж байна. Гейтсийн ардаас АНУ-ын Төв банкны ерөнхийлөгч Жанет Юеллен жагсчээ. Тэрбээр өнгөрсөн жил тавдугаарт жагсч байсан юм. Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон хоёр байр урагшилж, наймдугаарт жагссан бол Энэтхэгийн Ерөнхий сайд зургаан байр урагшилж, есдүгээрт бичигджээ. Тэрбээр өнгөрсөн онд 15-д бичигдсэн юм. Өнгөрсөн онд 9-д бичигдэж байсан “GOOGLE” компанийн үүсгэн байгуулагч Ларри Пейж аравдугаарт бичигджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Энержи Ресурс Рэйл” компанид Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан нэгжлэг хийжээ

-Энэ гэрээг хийсний дараа А.Гансүх сайд байхдаа “Энержи ресурс” компани ерөнхий гүйцэтгэгч компаниараа Самсунгийг сонгож авсан” гэжээ-

“Энержи ресурс рэйл” компанид Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан уржигдар нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийг бүтэн өдөржин явуулсан бөгөөд санхүү болон удирдлагын түвшний албан бичгийг гэрч байлцуулан хураан авч, зарим эрх бүхий албан тушаалтнаас тайлбар авсан аж. Тус компанид нэгжлэг хийсэн нь “Шинэ төмөр зам” төслийн ажилтай холбоотой баримт хайсан юм байна. Тодруулбал, 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн МАН Засгийн эрхийг барьж байх үед Таван толгой-Гашуун сухайтын 267 км замыг концессын гэрээгээр барих эрхийг “Энержи ресурс” авч байжээ. Шинэ замын шаваа тавьж, зам барих мөнгөө хэрхэн босгож байгаагаа ч тайлагнаж байсан байна.

Хамтран ажиллах түншүүдээ шалгаруулж, ер нь хувийн компанийн ажил эхэлсэн гэдэг. Үүнээс өмнө буюу 2012 оны тавдугаар сарын 31-нд “Энержи Ресурс”-тай “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлд Төмөр замын суурь бүтэц барих- ашиглах-шилжүүлэх концессын гэрээ байгуулж 19 жилийн дараа Засгийн газарт хүлээлгэн өгөхөөр болсон байна. Ингэхдээ 2014 оны IV улиралд барьж дуусгахаар гэрээнд тусгажээ. Мөн 2015 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад бүрэн өгч, зүгшрүүлэлт хийнэ гэж гэрээнд заажээ. “Энержи Ресурс” ХХК ч дотоодын туслан гүйцэтгэгч 10 компанийг хөрс, шорооны ажилд шууд ажиллуулж эхэлсэн байна. Энэ 10 компани нь өмнө нь Говийн авто замыг барьсан туршлагатай компаниуд гэж байгаа. Зам барих хүнд даацын техник хэрэгсэлтэй учраас энэ компаниудыг нүүлгэн шилжүүлэхэд “Энержи Ресурс”-аас нэг тэрбум төгрөг гаргаж өгчээ. Энэ замыг хэрэв ашиглалтад оруулбал найман жил хоёр сарын дараагаас ашигтай ажиллаж эхлэх тооцоо гарч байсан байна. Харин дараа нь “EPC” буюу ерөнхий гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендерийн үйл явц болжээ.

Гэтэл сонгуулийн үр дүнгээр АН ялалт байгуулж, олонхи биш ч хамгийн олон суудалтай нам болж чадсан. Энэ үеэс Шинэчлэлийн Засгийн газар төмөр замыг төр барих ёстой хэмээгээд хувийн компанийн концессын гэрээгээр барьж эхэлсэн зүйлийг өөрсдөө барихаар гэрээлсэн явдал байсан байна. АН сонгуульд ялснаас жилийн дараа, 2013 оны тавдугаар сард Монголын төмөр зам төрийн өмчит компани, “Энержи ресурс рэйл”, “Самсунг СТ” компаниуд эрх, үүрэг шилжүүлэх гэрээг үзэглэсэн хэмээдэг. Үүний дараахан Монголын төмөр замын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Солонгосын “Самсунг СТ” компани үргэлжлүүлэн ажиллана. Учир нь, энэ компанийн “Энержи ресурс рэйл”-тэй байгуулсан гэрээг “Монголын төмөр зам” эрх шилжүүлэн авсан” гэсэн байдаг.

Энэ л үеэс төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд “Энержи ресурс рейл” ХХК-ийн “Samsung CT” компанитай байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК шилжүүлэн авчээ.

Зам, тээврийн сайд, Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан тушаалын дагуу “Энержи Ресурс Рейл” ХХК болон “Samsung CT” компанитай “Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ”-г байгуулсан хэмээдэг. Өөрөөр хэлбэл, шинэ төмөр замын суурь бүтцийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Samsung CT” ажиллажээ. Засгийн газрын 121 дүгээр тогтоол гарах хүртэл “Энержи Ресурс” ХХК “Ухаа худаг-Гашуун сухайт”-ын чиглэлд төмөр зам барих төсөлд 60 сая ам.доллар зарцуулсан байжээ. “Энержи Ресурс” ХХК болон “Энержи Ресурс Рэйл” ХХК-тай байгуулсан “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг тус тус цуцлах арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-д даалгасан байна. Ингээд “Монголын төмөр зам” ТӨХК-д эрхийг нь шилжүүлсэн. Ингэхдээ эрх шилжүүлэх гэрээ хийжээ. Энэ гэрээг хийсний дараа А.Гансүх сайд байхдаа “Энержи Ресурс” компани ерөнхий гүйцэтгэгч компаниараа Самсунгийг сонгож авсан” гэх мэдээлэл хийж байсан аж. Ингэхдээ “Бид энэ гэрээг аваад гэрээний үнийг нэг ч центээр өөрчлөөгүй” хэмээж байсан гэдэг. Гэтэл бодит байдал дээр тийм биш аж. Эрх, үүрэг шилжүүлэх гэрээнээс дараахь баримтыг харж болно.

”Энержи Ресурс” компани “Самсунг”-ийг шалгаруулахаар тохиролцсоноос бус гэрээ байгуулаагүй юмсанж. Зүгээр л тохиролцсон төдийг “Ерөнхий гүйцэтгэгчийн эхний гэрээ” гэж тодорхойлжээ. Засгийн газраас үүнээс өмнө гаргасан 161, 121 дүгээр тогтоолоор “Шинэ төмөр зам” ХХК байгуулж, 51 хувийг нь төрийн өмчид, 49 хувийг нь гадна дотны хөрөнгө оруулагчид өгөх бөгөөд түүндээ “Энержи Ресурс”-ийн хувийг багтаасан аж. Гэхдээ бас л дутуу дулимаг гэрээ хийснээр хэдэн хувь байх нь тодорхойгүй үлдсэн нь нотлох баримттай гарч иржээ.

“Монголын төмөр зам”-ын Төслийн хэлтсийн дарга А.Зориг(Б.Батзаяатай хамт хоригдоод байгаа) шаардлагатай бичиг баримтын талаар “Энержи Ресурс”-аас лавлаж байсан гэнэ. А.Зоригт “Бид Самсунгийн гэрээгээр олон газраас санхүүжилт авах талаар ярилцаж явж байгаа юм. Тэгээд Самсунгийн тендер ямар байдлаар явагдсан, тэр үед Азийн хөгжлийн банк зэргийн шаардлагын дагуу явагдсан эсэх гээд бүх л мэдээллийг шаардаж байна” хэмээгээд “Энэ талаар тэдэнд гаргаж өгөхөөр ямар нэгэн баримт бичиг гэх мэт зүйлс байдаг юм болов уу” гэдгийг ч асууж байжээ. Харин түүний асуултад “Энержи Ресурс”-ийн энэ төслийг хариуцсан захирал Д.Энхбаатар “2008-2009 онд сонголтууд хийгдсэн. 2011-2012 онд short list хийгээд тухайн компаниудад RFP, урилгын хамт бэлдэж өгөөд түүний дагуу материалууд авсан. Short list гэдэг бол эцсийн шалгаруулалт биш бөгөөд санал өгсөн компаниудаас тунаж үлдээсэн л хэсэг аж. Тэр материалууд танайд бүгд шилжсэн байгаа. Сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон компаниудаас тодруулга авч ажиллаад гэрээний ерөнхий хэлбэр, тусгай нөхцөлүүд тохирч дуусах үед Засгийн газрын тогтоол гарч, тэр хэвээр нь хүлээлгэн өгсөн” гэж хариу мэдэгдэж байжээ. Өөрөөр хэлбэл “Самсунг”-ийг шалгаруулаагүй байхад нь алдарт 121 дүгээр тогтоол гарсан учраас ерөнхий гүйцэтгэгчээр сонгоогүй эрхээ “Монголын төмөр зам” шилжүүлж өгсөн байна. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжгүй болжээ. Мөн Самсунгийг яаж сонгосон нь тодорхойгүй учраас хөрөнгө оруулах боломжгүй гэж гадны компаниуд үзжээ. Учир нь энэ төслийн ерөнхий гүйцэтгэгчээ хэн, хэзээ, яаж сонгосон нь мэдэгдэхгүй булхайтай сонгосон учраас гадны хөрөнгө оруулагчдад энэ нь таалагдаагүй гэх зүйл ч яригддаг юм байна. Иймд дээрх асуудлын эцсийг олох гэж “Энержи Ресурс Рейл” ХХК-д нэгжлэг хийсэн аж. Харин тус команитай холбоотойгоор энэ хэрэгт байцааж шалгасан хүн байхгүй байгаа гэнэ.

Юутай ч энэ мэтээр хуулийнхны ажил үргэлжилж байна. Анхаарал татаж буй нэг асуудал нь АТГ өмнө нь энэ хэргийг шалгаж байсан гэх яриа. Нөгөө талаас цагдаагийн байгууллага энэ хэргийг илрүүллээ. Мэдээж нэр бүхий хоёр хүний асуудлыг АТГ шалгах үлдэж байгаа. Харин тэдэнд хүсэл сонирхол бий юү. Анхнаасаа ийм сонирхол хүсэл байгаагүй юу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Гэтэл шалтгаан нь 19 хоногийн дотор АТГ-ынхан гомдлын дагуу шалгаж хэргийг нягтлах ёстой. Тус газрын аль нэг алба нь асуудлыг шалгалгүй хурааж байгаад хугацаа нь болохоор “тогтоогдсонгүй” гэсэн хариу өгчихсөн бололтой гэдгийг эх сурвалж хэлж байна.

Энэ ярианы өөр өнцөгт ЦЕГ-ын дарга Р.Чингисийн шууд удирдлаганд дээрх хэрэг явж байгаа. Түүнийг МАН-ын дарга М.Энхболдын хүн. Түүнийг хөдөлгөөд буй цаад хүн нь МАН-ын дарга биш үү гэсэн хардлага ч явж байна. Энэ хэргийг дагаад багагүй улстөржилт газар авч, янз бүрийн таамаг хардлага тээсэн сураг ажиг явж байна. Гэвч аливаа юм хоёр талтай байдаг. Энэ хэргийг лавшруулан шалгахад “МТЗ”-ийн Гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нарыг баривчилж байж дараагийн хүмүүст хүрэх алхам болох учиртай ч гэж яригдаж байна. Гэвч тэд гадаадад байгаа, хэдий хугацаагаар Монголд орж ирэхгүй байх вэ гэдэг нь таамаг хэвээр байгаа аж.

Д.Маргад

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас З.Баянсэлэнгийг саатуулах уу?

Өнгөрсөн шөнө 22.30 минутын орчимд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан. Өдгөө түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм. Түүнийг авлигал авч байгаад газар дээрээ баригдсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм. Өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Шийлэгдамбыг баривчилсаны дараа АТГ-ынхан Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг мөн хайж эхэлсэн байна. АТГ-аас түүнийг хайж өглөө яаман дээр нь очжээ.

Яг одоо Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан Г.Шийлэгдамбын асуудлаар хуралдаж байгаа юм. Харин АТГ-аас одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хорихоос 20 хүүхэд суллагдана

УИХ-ын нэгдсэн чуулганаар өршөөлийн тухай хуулийг эцэслэн баталсан нь 2500 гаруй хоригдол суллагдах нөхцөл байдлыг бүрдүүлээд байгаа. Тэднийг энэ долоо хоногт багтаан суллаж дуусах юм. Хоригдлуудыг суллах, гэрт нь хүргэх болон бусад зардалд улсын төсвөөс нийт 130 гаруй сая төгрөг зарцуулж байгаа юм байна.

Албанынхнаас тодруулахад, Өршөөлд хамрагдсан иргэдийг өчигдрөөс эхлэн шүүхээс суллаж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаа энэ баасан гараг хүртэл үргэлжилнэ. Орон нутагт суллагдсан ялтнуудыг Улаанбаатар луу тээвэрлэх үйл ажиллагаа өнөөдрөөс явагдах аж. Ялтнуудыг нэгдсэн журмаар Зайсан дахь хорих 401 дүгээр ангид авчран нутаг орон руу нь явуулах юм. Суллагдаж байгаа ялтнуудын 800-900 нь нийслэлд, бусад нь хөдөө орон нутагт хүргэгдэх аж. Хүүхдийн хорих ангид ял эдэлж байгаа 27 хүүхдийн долоод нь энэ хууль үйлчлэхгүй. Харин үлдсэн 20 хүүхэд нь суллагдах юм байна.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Суданд Оросын онгоц дахин осолджээ

Өмнөд Суданд Орост үйлдвэрлэсэн ачаа тээврийн “Ан-12” онгоц нислэг үйлдэж байхдаа дэлбэрчээ. Жуба хотод болсон уг ослын талаар “Аль-Арабия” агентлаг өчигдөр мэдээлэв. Өмнөд Суданы Ерөнхийлөгчийн засаг захиргааны онцолсноор осол гарах үед онгоцонд хөлгийн багийн таван гишүүнээс гадна 15 зорчигч байсан. Азаар хоёр хүн амьд гарсны нэг нь хүүхэд.

Онгоц унасан газраас 41 хүний цогцос олдсон талаар мэдээллээ. “Антонов” концерны үйлдвэрлэсэн уг ачааны онгоц Палоч хотыг зорихоор хөөрсөн аж. Гэрчүүдийн мэдээлснээр онгоцны сүүл хэсэг болон зарим хэлтэрхий нь Цагаан Нил мөрний дагуу унажээ. Үүнтэй зэрэгцэн Африкт ачаа тээвэр зөөдөг Оросын компаниас осолдсон онгоц нь өөрсдийнх нь гэдгийг батлаагүй байна. Одоогоор ослын шалтгаан тодорхой бус бөгөөд эрэл хайгуулын ажлыг үргэлжлүүлсээр байна.

Categories
мэдээ нийгэм

Ш.Батбаярт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүллээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Манлайжаргал, Ш.Батбаяр, М.Бадрах нарт холбогдох хэргийг ялтан, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцлээ. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Д.Манлайжаргал, М.Бадрах нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Манлайжаргалд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 2 жилийг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид 3 жил 6 сараар тогтоож, М.Бадрахад 3 сар 1 хоногийн баривчлах ял шийтгэжээ. Харин Ш.Батбаярыг төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сар хорих ял оногдуулсан аж. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Ш.Батбаярт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, нэн даруй суллахаар шийдвэрлэсэн бол Д.Манлайжаргалд өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг тэнсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, сүүлчийн тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Англи хэлний түвшнээрээ Монгол Улс сүүлчээсээ зургадугаарт багтжээ

Боловсролын асуудлаар судалгаа явуулдаг Швейцарийн “EF Educa­tion First” олон улсын байгууллагаас жил бүр улс орнуудын дунд англи хэлний боловсролын түвшний талаар судалгаа явуулдаг уламжлалтай. Өөрөөр хэлбэл, тухайн улсын англи хэлний сургалтын чиг хандлагыг тодорхойлохоос гадна англи хэлний түвшинг эдийн засгийн өрсөлдөх чадвартай нь харьцуулалт хийдэг байна. Тав дахь нь болох энэ удаагийн жагсаалтад 70 орон орсноос манай улс англи хэл эзэмшсэн түвшнээрээ 43.64 оноогоор 64 дүгээрт бичигджээ. Энэ нь маш доогуур үзүүлэлт бөгөөд дээрх жагсаалтад багтсан Азийн 16 орны 15-т нь орсон байна. Харин манай урд хөрш болох Хятад улс 49.41 оноогоор 47 дугаарт, хойд хөрш маань 51.59 оноогоор 39 дүгээрт тус тус жагсчээ. Энэхүү жагсаалтаар урьдын адил Скандинавын орнууд тэргүүлсэн хэвээр. Тухайлбал, Швед 70.94 оноогоор нэгдүгээрт бичигдсэн бол хоёрдугаарт Нидерланд 70.58, гуравдугаарт Дани улс 70.05 оноогоор оржээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын удирдлагын баг хуралдаж байна

Өчигдөр оройны 22 цагийн үед Авилгатай тэмцэх газраас Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг цагдан хорих 461-р ангид саатуулсан талаар бид цаг тухай бүрд нь мэдээлсэн.

Харин яг одоо МАХН-ын удирдлагын баг шуурхай хуралдаан зарлаж, хуралдаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Учир нь Г.Шийлэгдамба Эрүүл мэндийн сайдын албан тушаалаас гадна, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж буй нэгэн юм. Тэд энэ удаагийн хурлаараа намын удирдлага зохион байгуулалтыг хэрхэх, Г.Шийлэгдамбыг хэн орлох тухайгаа ярилцаж байгаа аж. Тэдний хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Автобусаар цахим картаар зорчдог иргэд нөгөөдрөөс дамжиж суухдаа үнэгүй явдаг болно

Өнгөрсөн сард болсон НИТХ-ын ээлжит бус хурлаар нийтийн тээврийн үйлчилгээний дамжин суултын хөнгөлөлтийг нөгөөдрөөс эхлүүлэхээр болжээ. Дамжин суултын хөнгөлөлт нь зөвхөн “U money” картаар хөнгөлөгдөнө. Энэ нь энгийн, хүүхдийн, хөнгөлөлттэй зорчигчийн карт бүгд хамаарна. Картаа уншуулахад дамжин суултын хөнгөлөлт эдлэх тохиолдолд тусгай дуут дохио дуугарна.

Иргэд зорчигчид та бүхэн дамжин суухдаа дараах хэдэн нөхцөлийг анхаарна уу.

-Автобусанд сууснаас хойш 30 секундийн дараа картыг уншуулах /буух/ боломжтой болох бөгөөд 30 секундийн дотор эргэн буух тохиолдолд хөнгөлөлтийн эрх идэвхжихгүй.

-Эхний автобуснаас буухдаа арын хаалганд картаа заавал уншуулах ёстой бөгөөд арын хаалганд картаа уншуулсан хугацаанаас дараагийн автобусны орох хаалганд картаа уншуулах хүртэлх хугацаа 30 минутаас бага байх ёстой.

-Дамжин суултын хөнгөлөлтийг эдэлсний дараа дахин суухад энгийн тарифаар төлбөр төлөгдөнө. Дахин дамжин суултын хөнгөлөлт эдлэхийн тулд эхний хөнгөлөлт эдэлсэн хугацаанаас хойш 4 цагийн дараа дамжин суухад хөнгөлөлт эдлэх боломжтой болно.

-Олон хүний төлбөр төлсөн картын тухайд дамжин суухдаа ижил тоогоор дахин уншуулах эсвэл карт эзэмшигч ганцаараа уншуулсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл 3 хүний төлбөрийг нэг картаар төлж зорчоод дахин дамжин суухдаа дахин 3 хүний юм уу эсвэл 1 хүний төлбөр төлөхөд л хөнгөлөлт эдэлнэ. Харин өөр тоогоор буюу 2 хүний төлбөр төлөхөд хөнгөлөлт эдлэхгүй.

-Нэг чиглэлийн автобуснаас буугаад эргээд тэр чиглэлийн автобусандаа суух тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
-Буух хаалганд картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.

-Дамжин суух хугацаа 30 минутаас хэтэрсэн тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.

-Дамжин суултын хөнгөлөлтийн хэмжээ нь энгийн карт 500 төгрөг, хүүхдийн карт 200 төгрөг байна. Өөрөөр хэлбэл автобусны үнэ 500 төгрөг байх үед бүрэн хөнгөлөгдөнө. Харин автобусны үнэ жишээ нь 700 төгрөг байвал 500 төгрөг хөнгөлөгдөж 200 төгрөгийн төлбөр төлөлт хийгдэнэ.