Categories
мэдээ нийгэм

Энэ өвөл уулархаг нутгаар цас ахиу орох төлөвтэй тул зам даваа хаагдаж болзошгүй гэв

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11 дүгээр сард Алтай, Хангайн нуруугаар, 12 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас их хэмжээний цас орох төлөвтэй байна. Иймд улсын чанартай авто замын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарах шаардлагатай. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах, онцгой үед ажиллах шуурхай хэсэг, нөөцийн болон хяналтын цэгийг тодорхой зайны хуваарилалтайгаар бий болгох хэрэгцээ үүсч болзошгүй байгаа аж. Тиймээс аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд гарах хүндрэлээс сэргийлэх зорилгоорзудын гамшигт өртөж болзошгүй бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настан иргэд, отроор явах малчдын судалгааг гарган, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, жолооч нарыг дулаан хувцас, хэрэгслээр хангах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материалын нөхөн хангалтыг бүрдүүлэх ажлыг хийж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Увс, Баян-Өлгий, Архангай зэрэг 10 гаруй сумын 3.5 сая малыг отрын бүст өвөлжүүлэхээр болжээ

Засгийн газрын тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгчээ. Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгууд хадлан, тэжээлийн нөөцөө сайн бэлтгэсэн дүнтэй байна гэж Шадар сайд Ц.Оюунбаатар “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгийн зарим сумын 15 мянган өрхийн 3.5 сая малыг сум болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутгуудад өвөлжүүлэхээр гэрээ хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Хоёрхон жилийн дотор татагдсан цэргүүдээс тав нь эндэж, тав нь ар гэрийнхнийхээ асаргаанд байгаа гэв

Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх сумдаас цэрэгт татагдан алба хааж байгаад нас барсан цэргүүдийн талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон ар гэрийнхэн нь сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хөвсгөл аймгаас хоёр жилийн хугацаанд дээрх цэргийн ангид татагдан очсон цэргүүдээс тав нь нас барсан бол тав нь ар гэрийнхээ асаргаанд байгаа аж. Эл асуудлаар ар гэрийнхэн нь Хилийн цэргийнхэнд хандаж байсан ч хариу өгдөггүй, мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2013 оноос эхэлж Хууль зүйн яаманд гурван удаа, Хилийн цэрэгт нэг удаа тус бүр албан бичиг явуулж байжээ. Эцэст нь цэргүүдийн ар гэрийнхэн Хилийн цэргийнхэнтэй уулзуулж өгөх хүсэлт тавьсан тул Ц.Даваасүрэн гишүүн хоёр талыг оролцуулсан уулзалтыг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан байна. Энэ талаар Ц.Даваасүрэн гишүүн “Уг уулзалтад Хилийн цэргийнхэн оролцоод цэргүүдийн ар гэрийнхнээс уучлал гуйсан. Гарч яваад хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ эдгээр хүмүүсийг хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Хилийн цэргийнхний нэр хүндийг гутаалаа” гэсэн нь хариуцлагагүй явдал. Уг уулзалт бодит баримтан дээр үндэслэгдэж яригдсан. 2015 оны тавдугаар сард 0311 дүгээр ангид хуваарилагдсан залуусаас хоёр нь амь үрэгдсэн. Цэл залуухнаараа 21, 19-тэйдээ эндсэн байхад суурь өвчтэй гээд мэдэгдэл хийгээд хэнэггүй сууж байдаг юм. Хоёрхон жилийн дотор татагдсан цэргүүдээс тав нь эндэж, тав нь ар гэрийнхнийхээ асаргаанд байна. Асуудал хүнд байгааг холбогдох газарт нь мэдэгдэж, арга хэмжээ авч анхаарахыг хүссэн, юу ч хийгээгүй, энэ хооронд хоёр цэрэг эндсэн” гэж тэрээр мөн хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын анхны 3D хүүхэлдэйн кино “Жангар” нээлтээ хийнэ

Монголын эртний утга зохиолын гурван оргилын нэг “Жангар” туулиас сэдэвлэн бүтээсэн 104 ангит 3D хүүхэлдэйн кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Эх нутаг, улс үндсээ хамгаалж, нөхөрлөлийн чин шударга зан чанар, Монголын эрэлхэг баатрын ариун үйлсийг харуулaх үндэсний баатрыг 3D графикаар амилуулсан анхны дэлгэцийн бүтээл юм. Ингэхдээ уран зохиолын гурван оргилын нэг болох “Жангар” туулийг сонгон авч хүүхэд багачуудад өв уламжлалаа сурталчилан таниулах, дэлхийн олон улсад нээлтээ хийснээр эх орныхоо үүх түүхийг үнэн зөвөөр гаргах зорилготой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Түрүүлсэн мориныхоо бай шагналаас асрамжийн газарт хандивлана гэв

Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хурдан хүлэг АНУ-ын Breeders’ Cup морин уралдаанд түрүүлсэн билээ. Дэлхийн морин спортын холбооноос АНУ-д 32 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү тэмцээн нь дэлхийн аварга шалгаруулах зэрэглэлийнх бөгөөд уралдаанд оролцуулахын тулд өндөр шаардлага тавьдаг байна. Тус хурдан хүлэг цэвэр цусны англи адуу ба өдгөө таван настай аж. Уг хурдан хүлгийн гаргасан амжилт нь уралдаанд түрүүлээд зогсохгүй Ази тивээс авч буй анхны түрүү гэдгээрээ онцлог юм.

Дөрвөн жилийн өмнө энэхүү хүлгийг Монгол Улсын тод манлай уяач Д.Онон, Алдарч уяач Э.Ганбат нар keeneland дуудлага худалдаанаас Д.Ганбаатарт авч өгч байжээ. Д.Ганбаатар “Монголчууд морьтой харьцахдаа, морь уяхдаа ямар их авъяастай юм бэ гэдгийг дэлхийд харуулах үүд хаалгыг нээсэндээ бид баяртай байгаа. Бидний зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хурдан мориныхоо бай шагналаас асрамжийн газар байдаг хүүхдүүдэд өгнө” гэжээ.

Categories
мэдээ спорт

Буудлагын Азийн АШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ

Кувейт улсад 13 дахь удаагийн буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ удаагийн тэмцээнд 32 улсын 1500 тамирчин оролцож байгаагаас Монголын баг залуучууд, насанд хүрэгчдийн өргөн бүрэлдэхүүнтэй Кувейтийг зорьсон.

Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 25м-н спорт гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Гантуул нар багаараа хүрэл медаль авлаа. Энэ дасгалд БНСУ, БНХАУ-ын багууд алт, мөнгөн медалийг хүртжээ.

Мөн энэ өдөр Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг залуучуудын баг авчээ. Залуучуудын хэвтээ 60 сум буудах дасгалд Т.Золжаргал.О.Есүгэн, Э.Энхмаа нар медалийн тавцанд зогслоо.

Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний онцлог нь олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээн байсан. Гэвч зохион байгуулагч Кувейт улсаас тэмцээнийг удирдахаар томилогдсон Израилийн иргэн Яир Давидовичид виз олгохоос татгалзсан юм. Үүнээс улбаалан олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Кувейтэд болж буй тэмцээнээс олимпийн эрх олгохгүй байхаар шийдвэрлэсэн билээ. Тэд Кувейтийн үндэсний олимпийн хороо улс төрийн нөлөөнд автаж, олимпийн хартыг зөрчсөн гэх үндэслэлээр энэхүү шийдвэрийг гаргасан хэмээн тайлбарлажээ.

Categories
мэдээ нийгэм

МАХН-ынхан Шийлэгдамбадаа итгэж байгаа, авлига авах хүн биш гэв

Авлигатай
тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилсантай холбоотой
МАХН-аас мэдээлэл хийлээ. Тэд хоёр дахь үеийн хэлмэгдүүлэлт явагдаж байна гэж
үзэж байгаагаа илэрхийлэв. Тус намын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хэлэхдээ
“Нийтийг хамарсан тагнах чагнах ажиллагаа, хэлмэгдүүлэлт болж байна. 1937 оны
хэлмэгдүүлэлтийг дахин давтахгүй гэдэг ч зөв санаа бодолтой хүмүүсийг мөрдөн
мөшгих, хэлмэгдүүлэх явдал гаарч байна. Шударга үнэнийг олох ёстой хуулийн
байгууллага энд татагдан орж байгаад харамсч байна. Шүүх, прокурор, АТГ бол
иргэдийг хэлмэгдүүлдэг арга хэрэгсэл болж байгаа нь аймшигтай. Монголд хууль
ёс, шударга ёс гэдэг зүйл байхгүй болж. Манай намын хувьд Шийлэгдамбадаа итгэж
байгаа, авлига авах хүн биш. Энэ бол зохион байгуулалт хийсэн ажиллагаа” гэв.
Мөн тус намын Гүйцэтгэх товчооны гишүүн Э.Эрдэнэжамъян “Г.Шийлэгдамба сайдыг өчигдөр
16 цагийн үед АТГ-аас дуудаж, үдшийн 00.00 цаг хүртэл хаана аваачсан нь
мэдэгдэхгүй байсан. Үүрийн дөрвөн цагийн үед 461 дүгээр ангид хорьсон гэсэн
мэдээлэл авсан. Энэ хугацаанд хаана юу хийлгэж яаж байлгасныг нь мэдэхгүй
байна. Хамт баригдсан хүмүүс нь суллагдсан, тэд өнөөдөр байцаалт өгч байгаа.
Г.Шийлэгдамба сайд бол авлига авах хүн биш. Ер нь сонгууль болох гэж байгаа энэ
үед зориудаар ард иргэдийн дунд манай намын нэр хүндийг унагах гэсэн ажиллагаа
гэж үзэж байна” гэсэн юм. Уг хэвлэлийн хурлаас хийсэн дэлгэрэнгүй мэдээллийг
“Өдрийн сонин”-д нийтлэн хүргэх болно.

Categories
мэдээ улс-төр

МАХН-аас хэвлэлийн хурал зарлав

Эрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулсан талаар МАХН-аас хэвлэлийн хурал зарласан байна. Хэвлэлийн хурал өнөөдөр 13 цагаас МАХН-ын төв байранд болох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхи хэрэглэсэн бүсгүйчүүдийг саатуулжээ

Өчигдөр Эрүүгийн цагдаагийн
газрын хар тамхитай тэмцэх тасгаас шалгалт явуулж 24-28 насны дөрвөн эмэгтэйг
хар тамхины хэрэгт сэжиглэн саатуулсан байна. Хэргийн газраас ice буюу мөс их
хэмжээгээр олдсон бөгөөд энэ хэрэгт сэжиглэгдэж байгаа дөрвөн бүсгүйн хоёр нь
хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгааг Цагдаагийн
ерөнхий газраас сая мэдээлэл хийхдээ дуулгав. Мөн сүүлийн үед цахим худалдааны
хэрэг их гарах болсон бөгөөд иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Энэ оны
эхний арван сарын байдлаар нийт 1.8 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдээд байгаа
аж. Цахим худалдаатай холбоотой гэмт хэрэг анх 2012 онд бүртгэгдэж байсан бол
одоо улам ихсэх хандлага ажиглагдаж байгаа гэв. Тиймээс иргэдийг ялангуяа
гадаадаас интернет худалдаа хийхдээ сэрэмжтэй байхыг анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Ченжийн аминд хүрсэн сэжигтнийг барьжээ

Энэ
сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд амьдардаг валютын ченж учир
битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан. Цагдаагийн ерөнхий газраас сая
мэдээлэл хийж, энэ хэргийн сэжигтнийг баривчилсан гэв. Сэжигтэн 22 настай Б
гэгч бөгөөд түүний биед үзлэг хийхэд эд мөрийн баримт болох 40 гаруй сая
төгрөгийг биедээ авч явж байжээ. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс
үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.