Categories
мэдээ нийгэм

Монголын футзалын шигшээ баг ОХУ-д нөхөрсөг тоглолт хийжээ

Монголын футзалын шигшээ баг ОХУ-ын Эрхүү хотноо нөхөрсөг тоглоод хийгээд ирлээ. Тэд аравдугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын ВЧНГ, Зенит Иркут болон СПС багуудтай нөхөрсөг тоглолтыг хийж, нэг хожил авчээ. Эхний тоглолтоо ВЧНГ багтай хийж, 4:8-аар хожигдсон ч Зенит Иркут багийг 7:5-ын харьцаагаар хожсон байна.

“Зенит Иркут” багийн хувьд тун сайн баг гэдгийг спортын багш нар онцолсон бөгөөд Монгол Улсын шигшээ баг бэлтгэл сайтай байгаагаа харууллаа. Энэ сарын 14-19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд ирэх жил Узбекстан улсыг зорих эрхийн төлөөх тоглолтод БНХАУ, БНСУ, Тайвань, Хонгконг болон Монгол Улсын шигшээ баг өрсөлдөнө. Эдгээр өдрүүдэд эрхэм үзэгч та бүхэн Монголын футзалын шигшээ багаа дэмжиж нэгэн туган дор нэгдэхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

“Монголын гадаад сурталчилгаа монголчуудыг гутаахад чиглэж байна” нийтлэлийг гуравдугаар нүүрнээс уншаарай

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт “Монголын гадаад сурталчилгаа монголчуудыг гутаахад чиглэж байна” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. Ирэх жил Улаанбаатар хотод Ази Европын орнуудын дээд хэмжээний уулзалт болохоор төлөвлөгдсөнтэй холбоотойгоор Монголыг гадаадад хэрхэн сурталчлах талаарх хөтөлбөр боловсруулахаар болжээ. Үүний хүрээнд Монгол орны талаарх ямар мэдээллийг гадныхан илүү ихээр сонирхдог болохыг харуулжээ. Харамсалтай нь гадныхан биднийг өнөөдрийг хүртэл цаа бугаа хариулж, арьсаар нь хувцас хийж өмсдөг, хөөмий болон уран нугаралтыг маань ихэд сонирхон ямарсайндаа “голио мэт исгэрч, могой шиг мурилздаг” гэсэн яриа хүртэл гарах билээ. Хамгийн харамсалтай нь гадны томоохон кино наадамд оролцохдоо Монголыг амьдын там болсон газар хэмээн үзүүлэхээс гадна уул уурхайд нь хөрөнгө оруулбал мөнгийг нь дээрэмдэж, эзнийг нь барьж хорьдог гэх утга бүхий мэдээлэл гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрнө. Бидний талаарх иймэрхүү гаж мэдээлэл авсан гадныхан захын монгол хүнээс “Чи намайг Монголд очвол мориор тосох уу”, “Танайд машин байдаг уу”, “Монголчууд интернэт гэж мэдэх үү”, “халуун усанд орж болох уу” гэх зэргээр асуудаг. Тиймээс “Өдрийн сонин”-ы нийтлэлч Д.Оюунтуяа Монголын талаарх дээрх бүх сөрөг ойлголтыг халах үүднээс үүнтэй холбоотой ташаа мэдээлэл, сөрөг сурталчилгааг хааж, өөрсдийнхөө талаарх гэрэл гэгээтэй зүйлсийг дэлхий дахинаа сурталчлан, таниулахыг санал болгож томоохон нийтлэл хэвлүүлж байна. Бүрэн эхээр нь “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас хүлээн авч уншаарай. Манай сониныг 99112954 дугаарт холбогдон захиалаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Баянсэлэнгэ: Намайг албан ёсоор шалгаж, мэдүүлэг авахаар хэн ч ирээгүй

Өчигдөр оройн 22 цагийн орчимд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулсан талаарх мэдээлэл өнөөдөр багагүй шуугиан дэгдээсэн билээ. Түүнчлэн өнөө өглөө “УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг мөн АТГ-аас шалгаж эхэлжээ. Түүнийг байцаахаар яам дээр нь очсон боловч тэрбээр байсангүй” гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр тархсан. Тэгвэл Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ АТГ-аас өөрийг нь огт дуудаж, байцаагаагүй гэдгийг мэдэгдсэн юм. Тодруулбал тэрбээр “Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг саатуулсантай холбогдуулан намайг шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан. Би өглөөнөөс хойш Төрийн ордонд байсан. Намайг албан ёсоор шалгаж, мэдүүлэг авахаар хэн ч ирээгүй. Надтай холбоотой асуудал байгаа юм бол тайлбар өгөөч гэсэн албан бичгийг АТГ-т хүргүүлэхээр төлөвлөөд байна” гэсэн. З.Баянсэлэнгэ гишүүнтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг маргаашийн “Өдрийн сонин”-ы хоёрдугаар нүүрнээс уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийхөн орон нутгийн уулзалтаа Дархан-Уулаас эхэллээ

Монголын Залуучуудын Холбоо “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг орон даяар
өрнүүлж байгаа бөгөөд “Хулгайчгүй
Монгол” хөдөлгөөнийхөн орон нутгийн уулзалтаа Дархан-Уул аймгаас эхэллээ.
Уг
уулзалтаар Хар/Цагаан жагсаалт гаргах журам танилцуулж, жагсаалтын судалгааны
санал асуулга аван иргэдийн санал бодлыг хуваалцсан юм. Уулзалтын эхэнд МЗХ-ны
ерөнхийлөгч А. Мөнхбат лекц уншсан бөгөөд “МЗХ бол бүх цаг үеийн
туршид Монголын хөгжлийн хөдөлгүүр байсан. Дархан,
Эрдэнэтийг босгосон, атрын аяныг эхлүүлсэн гээд өнгөтэй өөдтэй болгон МЗХ-той
холбоотой байдаг.
Одоо дараагийн бүтээн байгуулалт, өөрчлөлт
шинэчлэлтийн үеийг бид өөрсдөө эхлүүлье” хэмээн уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Улз голын гүүр ашиглалтад орлоо

Дорнод аймгийн Дашбалбар сумын ИТХ-ын 2015 оны 14 дүгээр хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 2015 оны хөрөнгө оруулалтад нэмэлт өөрчлөлт оруулж Улз голын гүүрийг сэргээн засварлах ажлыг баталсан байна.

Энэ ажлын хүрээнд сумын үнэлгээний хорооноос Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Улз голын модон гүүрний засварын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан дүгнэлтээр өнгөрөгч есдүгээр сарын 9-ний өдөр “Амжилтын үндэс” бүлэгтэй гэрээ байгуулсан. Сумын Засаг даргын захирамжаар Улз голын модон гүүрийг сэргээн засварласан ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсгийг гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ашиглалтад хүлээн авчээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2015” үзэсгэлэн худалдаа болно

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жил бүр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатарт үйлдвэрлэв – 2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох бөгөөд тус үзэсгэлэнд нийслэлийн 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцох юм гэж НЗДТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар зэвсэг үйлдвэрлэгчдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай тэмцэх хэрэгтэй хэлтсээс үйлдвэрийн бус аргаар галт зэвсгийн сумыг олон тоогоор үйлдвэрлэдэг бүлэг этгээдийг илрүүлжээ. Хэд хэдэн газар явуулсан нэгжлэгийн үеэр байлдааны зориулалттай галт зэвсэг болон 14 ширхэг ангийн буу, галт зэвсэг, сум угсрагч багаж, төрөл бүрийн сум угсрах зориулалт бүхий багажны хошуу, хонгио 2000 ширхэг, сумны хошуу 1900 ширхэг, тэслэгч бялт 5000 ширхэг, их хэмжээний дарь олон тооны сум хураан авсан байна.

Мөн бүлэг этгээд нь хууль бусаар бууны хэлбэр, загвар зориулалт өөрчлөх, гол төмрийн калибрыг өөрчлөх, өөр буунд угсрах хууль бус үйл ажиллагааг ч явуулж байсан талаар эх сурвалж мэдээлж байна. Гэмт этгээдүүд эд зүйлээ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг байжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 185 дугаар зүйл, 188 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Зохион байгуулалттай тэмцэх хэлтэст шалгаж байна.

Categories
гадаад мэдээ спорт

Лос Анжелос Клипперс улирлын эхний хожигдлоо амслаа

НБА-гийн талбайд өнөөдөр 10 тоглолт боллоо. Тухайлбал өнгөрсөн жилийн аварга баг Голдэн Стэйт Уорриорс талбай дээрээ Лос Анжелес Клипперс багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 56-63 харьцаагаар талбайн эзэд тэргүүлж байсан ч гуравдугаар үед Клипперс довтолгоо ээлж дарааллан амжилтай болж нэг онооны илүүгээр өндөрлүүлжээ. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед тоглолт сонирхолтой болсон бөгөөд Уорриорс 108-112 харьцаагаар хожжээ.
Тус тоглолтод Стивэн Карри 31 оноог авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Крис Пол 24 оноо, 9 оновчтой дамжуулалт, Блэйк Гриффин 23 оноо, 10 самбараас бөмбөг авчээ.

Бусад тоглолтууд
Бостон Селтикс 98-100 Индиана Пэйсэрс
Сан-Антони Спөрс 99-102 Вашингтон Уйзардс
Бруклин Нетс 87-101 Атланта Хаукс
Нью-Иорк Никс 86-96 Клевлэнд Кавалерс
Орлондо Межик 114-119 Хьюстон Рокетс
Филадельфи 76 87-91 Милоуки Багс
Торонто Репторс 103-98 Оклахома Сити Тандер
Сакермэнто Кингс 97-118 Финикс Санс
Портленд Трэйл Блэйзэрс 108-92 Юта Жазз
Лос Анжелес Клипперс 108-112 Голдэн Стэйт Уорриорс

Categories
мэдээ нийгэм

МҮЭХ-оос хөдөлмөрийн хамтын маргаанаа үргэлжлүүлсээр байх болно гэв

Цалин нэмэгдүүлэх Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаад МҮЭХ-оос шүүмжлэлтэй хандаж, хөдөлмөрийн хамтын маргаанаа цааш үргэлжлүүлсээр байх болно гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

Цалин тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор 2014 онд улсын төсөвт 500 тэрбум төгрөг суулгаж өгсөн ч төсвийн тодотголд тусгаагүй аж. Үүний дараа 2015 оны улсын төсөвт газрын тосны борлуулалтаас 90 тэрбум төгрөг цалин тэтгэвэрт төсөвлөж тус оны нэгдүгээр сарын 15-ны өдөр гурван талт хэлэлцээр байгуулсан ч мөн л хэрэгжилгүй өдийг хүрчээ. Энэ асуудлаар МҮЭХ өнгөрөгч аравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлээд Засгийн Газарт хэд хэдэн удаа үүргээ биелүүлэх шаардлага хүргүүлсэн боловч өдийг хүртэл ямар ч хариу авч чадаагүй байна. Иймд Хөдөлмөрийн хамтын маргаанаа цаашид үргэлжлүүлэх шийдвэрт хүрээд байгаа юм байна. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “ Бид Монголын Засгийн газраас биелэгдэх боломжгүй зүйл шаардаагүй. Эдийн засгийн хямралтай үед төр засгаас нэмэлт зүйл хүсээгүй. Эх үүсвэртэй, үндэслэлтэй шаардлага хүргүүлсэн байгаа. Энэ асуудалд Засгийн газраас яаралтай хариу өгөхгүй бол бид хуулийн хүрээнд Хөдөлмөрийн хамтын маргааны хүнд хэлбэрт орохоос өөр аргагүйд хүрнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Анагаах Ухааны Төв номын сан” нээлтээ хийлээ

Нийт 150 мянга гаруй номтой, 50 компьютертэй интернет өрөө, 17 суудал бүхий цахим номын сан, 56 суудал бүхий эрдэм шинжилгээний танхим, 42 суудалтай гадаад уншлагын танхим, 46 суудалтай тогтмол хэвлэлийн танхимаар үйлчилдэг Анагаах ухааны төв номын сан өнөөдөр нээлтээ хийлээ. Шинээр номын санг орчин үеийн номын сангийн жишигт хүргэхийг хичээн зохион байгуулсан бөгөөд сүүлийн үеийн автоматжуулалт бүхий галын дохиолол, хөдөлгөөн мэдрэгч, интернэт, гадаад болон дотоод хяналтын камер, тоон технологит суурилсан харилцаа холбооны үйлчилгээ бүхий хяналтын цогц системүүдийг байршуулжээ.

1942 онд Монгол Улсын Их Сургууль байгуулагдсан цагаас МУИС-ийн номын санд анагаахын холбогдол бүхий ном хэвлэлийг бүрдүүлж эхэлсэн. 1962 оноос АУДС бие даасан сургууль болсноор үндэс суурь тавигдсан Анагаах Ухааны Төв Номын Сан (АУТНС) нь зөвхөн АШУҮИС-ийн профессор багш, ажилтан, оюутан, судлаач төдийгүй Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд үйлчилдэг улсын хэмжээний анагаах ухааны чиглэлийн төв номын сан болон хөгжиж байна. Тус номын сан нь үндсэн фондоо нээлттэй үйлчилгээнд шилжүүлж байгаа анхны сан болжээ.