Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Раш: МАН, МАХН эвсэл байгуулахыг миний бие дэмжсэн учраас өргөх бичигт гарын үсэг зурсан

Өчигдөр МАН болон МАХН-ын ахмадуудын төлөөлөл МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарт өргөх бичиг барьсан. Ахмадуудын зүгээс 2016 оны УИХ-ын сонгуульд МАН, МАХН-ыг эвсэл байгуулан сонгуульд хамтарч оролцохыг уриалсан юм. Уг өргөх бичигт ахмадуудын төлөөлөл болж орсон УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөрийн баатар Р.Раштай уулзлаа.

-МАН болон МАХН-ын ахмадуудын төлөөлөл хоёр намынхаа удирдлагуудад өргөх бичиг барилаа. Ер нь ингэж өргөх бичиг барьж, уриалга гаргах ажлыг хэзээнээс санаачилсан юм бэ?

-Хоёр нам эвсэл байгуулан сонгуульд оролцох хэрэгтэй гэх яриа намын 26 дугаар их хурлын үеэр болсон юм. Тэрнээс хойш сонгууль болоход хүсэж байсан үр дүндээ хүрээгүй. Ингээд намын зарим гишүүд нам эвсэл байгуулах талаар “Ер нь нэгдсэн байдлаар цаадуулд чинь хэлье. Чи нэгдээч” гэхэд нь би тэгье гэсэн. Эвсэл байгуулахыг миний бие дэмжсэн учраас өргөх бичигт гарын үсэг зурсан. МАХН-ын 26 дугаар их хурлын үеэр намын нэр солихтой холбоотой асуудлаар санал авахад нийт гишүүдийн 80-90 хүртэлх хувь нь дэмжиж байсан. Манай нам хэзээнээсээ л дотоод сахилга бат сайтай. Дээрээс хэлснийг “За” гэж хүлээж аваад хэрэгжүүлдэг нам шүү дээ. Ер нь намын нэр солих тухай асуудал нэлээн дээр үеэс яригдсан. 1990-ээд оны эхэн үеэс л ярьж байсан. Гэвч нэр солих цаг хугацааны тухайд улс төрийн алдаа хийсэн байна. Сонгууль дөхчихсөн байхад нэр усаа өөрчилсөн нь алдаа болсон. Ер нь нэр гэдэг чинь одоо цагийн хэллэгээр брэнд гэсэн үг юм байна. Хүн нэрээ, тогос өдөө ч гэдэг. Тэгэхээр нэрээ хайрлаж, хүндэтгэн тун болгоомжтой хандах ёстой юм байна.

-Ахмадуудын төлөөллийн өргөх бичгийг хоёр намын удирдлага ямар түвшинд хүлээж авч байгаа бол?

-Би хөдөө томилолтоор явж байгаад дөнгөж дөрөө мултлаад чамтай уулзаж байна. Чухам цаадуулын чинь нүүр царай хэр зэрэг хувьсаж өөрчлөгдсөнийг би сайн мэдэхгүй байна. Ямархуу янзтайгаар гардаж хүлээж авсныг мэдсэнгүй. Бодвол энэ олон хүн ингэж ярьж байгаа нь дэмий хоосон зүйл биш байх гэж хүлээж авсан байх. Ер нь тэгээд аливаа зүйл олныхоо үгийг дагах ёстой байдаг. Тэр утгаар хандсан байлгүй гэж найдаж байна.

-Өчигдөр МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарт өргөх бичиг гардууллаа. МАХН-ын удирдлагуудад хэзээ хандах вэ?

-Ямар ч байсан хоёр намын удирдлагад өгнө. Нэгд нь өгөөд, нөгөөд нь өгөхгүй гэх зүйл байхгүй.

-Уг нь энэ хоёр нам угсаа гарал нэгтэй. Нэгдэхгүй, эвсэхгүй байх эрх ашгийн зөрчил байхгүй биз дээ?

-Намуудын удирдлагын өрөөгөөр хааяа нэг шагайхад хананд нь Д.Сүхбаатар жанжны зураг өлгөөтэй байдаг. Мөн Бал даргын ойгоор хөшөөн дээр нь цэцэг өргөхөд хоёр намын удирдлага, төлөөлөл зогсож л байх жишээтэй. Амьдрал дээр ийм л байна шүү дээ. Тэгэхээр цаад язгуур үзэл санаа нэг гэдэг нь харагдаж байгаа юм. Нэг ёсондоо цаад угт ямар нэгэн асуудал байхгүй. Харин наагуур янз бүрийн бодол санаатай улс байх шиг байгаа юм. Ламбугай, ламбугай тааллаараа гэдэг шиг өөр өөрсдийнхөө үзэл бодлоор хандаж таарна. Гэхдээ цаана нь том эрх ашиг байна гэдгийг санах хэрэгтэй. Улс орны том эрх ашигт баригдах байлгүй дээ гэж бодож байна.

-Сонгуулиас өмнө эвсэл байгуулж чадах болов уу. Хэрвээ нэгдвэл ямар ирээдүй хүлээж байгаа бол?

-Хамгийн муу хувилбараар бодоход сонгуульд эвсэл үүсгэн хамтарч орж болох юм. МАХН одоо МҮАН-тай нэгдээд эвсэл болчихсон яваа. Ер нь эвсэл болж сонгуульд оролцсон түүх ардчиллын 25 жилийн дотор олон бий. Эвсэнэ гэдэг шинэ зүйл биш. Малын зөргөөр машин яваад аль хэдийнэ зам болгосонтой ижил зүйл.

-Уг нь эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Гэвч өнөөгийн улс төрийн амьдрал тогтвортой биш байна. Намууд битгий хэл нам дотроо учраа ололцохгүй болсон байна шүү дээ?

-Улс төрийн намаар дамжиж сонгуульд нэр дэвшдэг. Бие даагч гэж бий л дээ. Тиймээс улс төрийн намууд ихээхэн хүчтэй, алсын хараа бодлоготой байж намын гэхээсээ улс орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьдаг байх ёстой. Өнөөдөр улс орон яггүй байдалд орсон шиг байна. Малчин түмэн малаа борлуулах зах зээлгүй болчихож. Одоо яах болж байна вэ, төр юу бодож байгаа вэ гэхчилэн ярьж байна. Гэхдээ дан ганц малчид ч биш нийгэм тэр чигтээ л яах вэ гэлцэж байгаа. Уг нь монгол хүмүүс төрөө их хүндэлдэг. Төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг. Ийм болохоор л намууд хүчтэй, алсын хараат бодлоготой, зорилготой, сайн зохион байгуулалттай, нэгдмэл байх учиртай юм. Сайн санааны үзүүрт тос гэж монгол үг байдаг. Дээрээс нь нэг зүйл хэлэхэд манай намуудын тухай хууль буруу байна. Уншигч олон намайг биеэ магтаж байна гэж бодохгүй байх гэж найдаж байна. Юу вэ гэхээр одоогийн Намын тухай хуулийг хэлэлцэж, баталж байхад талийгаач Наранцацралт бид хоёр эсрэг санал өгч байсан юм. Мань хүн манай өрөөнд орж ирээд “Энэ хууль нэг л биш болчихлоо. Мундаг санхүүгийн олигархиуд ирээдүйд улс төрийг багалзуурдах нь” гэх яриа өрнүүлж байсан юм. Тэр үедээ ч бид хоёр эсрэг санал өгч байлаа. Тэгэхэд манай намын бүлгийн удирдлага “Бүлгийн саналаас яагаад гажив” гэж асууж байсан. Харин өнөөдөр ингээд бодохоор зөв талдаа байж гэж бодмоор юм шиг болж байна. Одоо харин улс төрийн намуудаа л бэхжүүлж, дөмөгхөн байгаасай л гэж бодох боллоо. Бас эхэндээ би фракцуудыг дэмждэг байлаа. Улс амьтан санаа бодлоо илэрхийлж байх, нэг нэгнийхээ үгийг дуу дуугаа авалцан дэмжихэд хэрэгтэй юм байна гэж боддог байсан. Олон хүн сууж байгаа бүлгийн хурал дээр ганц нэг хүн юм яриад ямар ч нөлөө байхгүй. Энэ утгаараа фракцийг зөв гэж боддог байсан. Харин одоо эрх баригч намын дотор болж буй үйл явдлыг харахаар фракц байх хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу гэж бодогдох боллоо. Гэхдээ улс төрийн нам үнэхээр хүчтэй болоод, дотоод төлөвшил сайтай болоход фракцийн асуудал байхгүй ч болж болно. Уг нь намуудын дүрэмд “Фракцтай байж болно” гэж заасан байдаг. Манай намын дүрэмд лав болно гэж заасан байдаг юм. Гэтэл өнөөдөр болно гэдгийг хэрэгтэй гэж орлуулаад байх шиг байна. Ер нь намын төлөө нам байх биш, улсын төлөө нам байх ёстой гэдгийг бодох хэрэгтэй. Улс орны язгуур эрх ашигт нийцсэн зүйл дээр намууд улс төрийн өндөр соёл гаргаж, харилцан бие биедээ буулт хийвэл сайнсан даа л гэж бодож байна.

-Та улс төрийн ахмад зүтгэлтэн байсан хүний хувьд өнөөгийн улс төрийн байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Хэрүүл ихтэй газар хиншүү хүртэл тогтдоггүй гэж үг байдаг. Энэ л манайд болоод байна гэж харж байгаа. Уужуу тайван ухаанаар асуудалд хандах хэрэгтэй. Яахав ээ, улс төрийн нам бол засгийн эрхийн төлөө байдаг. Гэвч чадахгүй бол нэг их мэрийгээд байх хэрэг байна уу даа. Өөрөө өөрийгөө мэдрэх хэрэгтэй. Өнөөдөр улс төрд тулгарч буй асуудлууд явж явж Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал болж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганхуяг: Одоо л нэг тэрбум ам.долларын зээлээ авахгүй бол дахин олоход хэцүү

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-Байнгын хороодоор БНХАУ-ын Экспорт, импортын банкнаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ. Та уг зээлийн хэлэлцээрийн тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Уг зээлийн хэлэлцээрийг би дэмжиж байгаа. Эгийн голын усан цахилгаан станцад хөрөнгө оруулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг бүр ч их дэмжиж байна. Монгол Улсын хувьд өнөөдрийн нөхцөлд ч гэсэн гаднаас эрчим хүчний тал дээр хараат байгаа.

Эрчим хүч гэдэг манай улсын хувьд хамгийн чухал салбар. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ маш их өсч байгааг хүн бүр мэдэж байгаа байх. Одоо бол бидэнд эрчим хүчний найдвартай хангамж гэдэг хамгийн чухал, тулгамдсан асуудлын нэг болчихлоо.

-Эгийн голын усан цахилгаан станцын төслийн онцлог нь юу вэ?

-Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бол өөрөө сэргээгдэх эрчим хүчний төсөл л дөө. Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор Хөвсгөл нуурын гуравны хоёртой тэнцэх хэмжээний усан сан бий болно. Аялал жуулчлал, байгаль орчиндоо ямар нэгэн сөрөг нөлөөгүй.

-Гишүүдийн зүгээс өрийн тааз чинээндээ тулсан байгаа. Улсын өрийн хэмжээ нэмэгдэх юм биш үү гэдэг байр суурийг илэрхийлсэн. Харин та ямар бодолтой байна вэ?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж уул уурхай, төмөр зам, эрчим хүчний салбарын төслийг улсын өрд оруулахгүй гэж баталсан. Учир нь тэдгээр төслүүд нь өөрсдөө өрөө төлөөд явчих бүрэн боломжтой байдаг. Тиймээс заавал улсын өрөнд тооцох шаардлагагүй.

Нэг тэрбум ам.долларын зээлээс санхүүжих Баянзүрх, Налайх дүүргийн холбох замыг 4-6 эгнээтэй болгоно. Одоо байгаа зам нь хоёр эгнээтэй, байнга замын түгжрэл үүсдэг газар. Налайхаас цаашаа явж буй замууд нь харин тун сайхан болчихсон. Тиймээс үүнийг шийдэх шаардлагатай. Зам барих мөнгө нь өрийн таазандаа ороод явчихна. 2016 онд өрийн тааз 58.5 байна гэсэн байгаа. Сангийн яамныхан үүндээ багтаж байгаа гэсэн. Нэг тэрбум ам.долларын зээлийн 700 гаруй сая ам.доллар нь Эгийн голын усан цахилгаан станцад орж зориулагдана.

-Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний дутагдалтай хэсгээ хангаад явахад том түлхэц болно. Гэхдээ уг усан цахилгаан станцын төсөл 20 гаруй жил яригдаж ирсэн. Одоо нэг хөрөнгө мөнгөтэй болоод явна гэсэн чинь ОХУ үүнийг хүчтэй эсэргүүцнэ гэсэн яриа гарч байгаа. Ийм популизмаас болоод маш удаан хугацаанд энэ төсөл гацаанд байсан…

-ОХУ Эгийн голын усан цахилгаан станцыг зөвшөөрөхгүй гэдэг яриаг сонссон. Өнөөдрийн нөхцөлд манай хоёр хөрш маш нягт харилцаатай байгаа. БНХАУ-ын Засгийн газар энэ төсөлд зээл өгье гэсэн болохоор тэр хавьдаа зохицуулагдаж байгаа болов уу гэж ойлгоод байгаа шүү. Олон жил яригдаж буй энэ асуудлаа бид шийдээд л явах ёстой.

Ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. Тэр үед л гарын үсэг зураад явчихвал энэ төсөл хэрэгжинэ гэсэн үг. Үүнийг бид хойш нь тавьчихвал дахиад ийм зээл олдоно гэдэг хэцүү гэж харж байна. Хамгийн гол нь БНХАУ-ын Экспорт, импортын банкнаас зээлээр хэрэгжиж байгаа учраас хойд хөрш гайгүй дэмжчих байх. Харин Шүрэнгийн цахилгаан станц дээр эсрэг байгаа гэж сонссон.

-Шатахууны үнэ ханш нэмэгдэх нь гэдэг яриа гараад байна. Улсын төсвийн орлогоо нөхөх гээд нефть импортлогч, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дарамтын шахалтад оруулах шаардлага байгаа юм уу?

-Нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байх бүрэн үндэслэл бий. Учир нь дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ буурчихсан. Үүнээс улбаалан бензин, шатахууны үнэ буураад байгаа. Тиймээс үнэ буурсан энэ зөрүүгээр Онцгой албан татвар, Гаалийн татвараар улсын төсөвт авч байгаа юм. Мэдээж олон улсын зах зээлд түүхий нефтийн үнэ өсч, гаднаас оруулж ирж буй нефтийн үнэ нэмэгдчихвэл үнэ тогтвортой байхын тулд дээрх татваруудаа буулгачих юм. Дэлхий нийтэд ч гэсэн ийм зохицуулалт байдаг.

УИХ дээр Онцгой албан татварыг нэмэх интервал буюу зайг өсгөж өгсөн. Түүний нефтийн үнэ баррель нь 30 ам.доллар боллоо. Энэ үед ч гэсэн татвараа авах ёстой. Тиймээс татварын дээд хязгаараа дээш нь тавьж өгсөн ийм л асуудал. Өнөөдрийн нөхцөлд бензиний үнийг нэмэх нь бүү хэл харин ч бууруулах боломжтой байна. Татвараа бид бага авах юм бол үнэ бууруулж болно. Өөр ямар ч асуудал байхгүй. Онцгой албан татвар нэмэх шийдвэрийг УИХ гаргасангүй. Дээд хязгаарыг нь л дээш нь өсгөсөн. Сая УИХ дээр ярьж байхад 12 хувийн ашигтай явж ирсэн гэж ярьж байна лээ. Тэр утгаараа Онцгой албан татвараа жаахан нэмэх шийдвэр гаргасан байх. Дахин хэлэхэд олон улсын зах зээл дээр нефтийн үнэ өсөхөд татвараа дагаад буулгана. Ийм механизм руу орчихсон.

-Хувийн хэвшлийнхэн өнөөдөр бол татварын дарамт доор хэцүү байгаа гэдэг. Татвараас болоод үнээ нэмчих юм биш үү. Тэр ачаа нь ард түмний нуруун дээр л буучих гээд байх юм?

-Бензин, шатахуун гэдэг бол өөрөө стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс төр гадагшаа нэг цонхоор хандах ёстой. Газрын тосны тухай хуульд бензин импортлогч нь мэргэжлийн холбооны гишүүн байна. Мэргэжлийн холбоо нь төрийн байгууллагатай хамтарч ажиллана гээд нэгдсэн бодлоготой болсон. Газрын тосны газар, нефть импортлогч компаниуд хамт сууж байж хэлэлцээрийг хийдэг байсан. Зөвхөн Монголд нийлүүлж буй бензин 300-400 ам.доллараар илүү байсан. “Энэ яагаад ийм байгаа юм бэ” гэхэд “Та нар нийлүүлээд ир. Өөр яах вэ гэдэг байсан ш дээ” гэдэг байлаа. Тэгэхээр нь бид “Хятад руу экспортолж буй түүхий нефтийнхээ оронд бензин авъя” гэхэд үнээ яаж тохирох вэ гэдэг асуулт гарч ирсэн. Гэтэл тэд “Сингапурын хөрөнгийн бирж дээр газрын тосны үнэ байгаа. Эндээс тооцъё” гэсэн юм. Бид олон улсын аргачлал тэгшитгэлээр тооцож Роснефть компани хүлээн зөвшөөрсөн. Ингэж бид бензиний нэгдсэн бодлоготой болсон. Одоо бол зохиомлоор үнэ нэмэх боломжгүй болсон л доо.

Categories
мэдээ цаг-үе

Кёкүтэнхо Н.Цэвэгнямын ээж Я.Цэвэлмаа: Хүүгээ зодог тайлахыг мэдэж байсан ч их цочирдсон

Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгнямын ээж Я.Цэвэлмаатай ярилцсанаа хүргэе.

-Таныг өвөлдөө Япон руу явчихдаг гэж хүү тань хэлж байсан. Хэзээ явах гээд бэлтгээд байна даа?

-Ирэх сарын ихээр явна гээд л байж байна.

-Тэнд хэр уддаг вэ?

-“Ээж ирж хүүхэд хараарай” гээд дуудахаар нь явдаг. Өвлийн гурван сар хүүхэд харж байгаад хавар цас ханзраад ирэнгүүт л Монгол руугаа тэмүүлчихнэ шүү дээ.

-Та хэдэн хүүхэдтэй юм бэ. Цэвэгням л гээд байхаас биш бусад хүүхдүүдийг чинь тэр болгон хүн танихгүй байх?

-Гурван хүү, нэг охинтой.Дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том нь Цэвэгням. Удаах нь Цэрэнсамбуу гээд хүү бий. Түүний дараагийнх нь охин Хишигсүрэн. Бага нь хүү, Лувсандорж.

-Ямар мэргэжлийн хүмүүс вэ. Хүүхдүүд тань Японд ажиллаж, амьдардаг гэж сонссон юм байна?

-Цэвэгнямын удаах Цэрэнсамбуу Налайх дүүрэгтээ ажиллаж амьдарч байна. Хувиараа бизнес эрхэлдэг. Охин Японд даатгалын компанид ажиллаж байгаа. Бага хүү Лувсандорж мөн Японд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид ажиллаж байна.

-Дүү нар нь ахыгаа бараадаад явжээ?

-Тэгсэн. Хоёулаа л арван жилийнхээ хажуугаар япон хэлний сургалтад явж бага сага хэлтэй болсон. Ах нь сургуулиа төгсөнгүүт л хажуудаа татаад авчихсан.Бага хүү 1999 онд явсан. Охин арван жилийн сургуулиа төгсөөд Япон явсан. Тэндээ их сургуульд сурч төгссөн.

-Бага хүү тань сумод барилдаж байсан гэсэн?

-Бага хүү Лувсандорж 1999 онд ахынхаа араас сумоч болохоор Япон явсан юм. Нэг хэсэг барилдаж байгаад 2007 онд сумогоо орхиод барилгын салбарт орсон л доо.

-Яагаад үргэлжлүүлж барилдаагүй юм бэ?

-Яахав олигтой барилдаж, дээд цолонд хүрч чадахгүйгээ мэдээд зодог тайлчихгүй юу (инээв). Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг юм гэнэ лээ. Миний хүү ах шигээ мундаг сумоч болно гэж хүсч, мөрөөдөж л байсан юм байлгүй. Сумогоо орхиод буруудсангүй ээ. Одоо сайхан ажил төрөл хийгээд сайн л яваа.

-Та Цэвэгнямыг сумод хөл тавихаас нь өмнө гагнуурчин болгохоор сургуульд оруулсан байсан юм билээ. Яагаад гэнэт сургуулиа орхиод сумо барилдахаар хүний нутгийг зорих болов оо. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хүүгээ наймдугаар анги төгсөхөд нь би хөтөлж яваад Налайхын ТМС-д гагнуурын ангид оруулчихсан. Хүн хоолоо олж идэх мэргэжилтэй байх нь чухал шүү дээ. Миний хүү ч сурч буй мэргэжилдээ их дуртай байсан. Тэгсэн нөхөр маань нэг өдөр телевизийн нэвтрүүлэг үзэж суугаад Монгол бөхийн өргөөнд сумод барилдах хүүхдүүдийг бүртгэж байгаа талаар зар сонссон байсан. Надад энэ тухайгаа хэлээд маргааш нь хүүгээ дагуулаад хот яваад өгдөг юм байна. Удсан ч үгүй тэнцчихсэн гээд ороод ирсэн. Нөхөр бид хоёр ажил төрөлтэй болохоор тэр болгон хүүгээ дагуулаад шалгалт шүүлгийг нь өгүүлээд явах боломжгүй байсан. Тэгсэн манай танил Долгор гээд бүсгүй бидний өмнөөс хүүг маань дагуулж бүх л шалгалтад явсан. Хамаг юмыг нь л Долгор бүтээсэн дээ. Одоо хэр Долгортоо баярлаж явдаг юм.

-Та хоёр хүүгээ хожим ийм сайхан амжилтад хүрэх сумоч болно гэдэгт их л итгэл муутай байж дээ, янз нь…

-(инээв). Залуу байж дээ.Би цэцэрлэгийн багш. Манай нөхөр санхүүгийн мэргэжилтэй. Хоёулаа спортоос хол байхгүй юу. Хүүгийн маань хувь заяа орвонгоороо өөрчлөгдөх гэж байхад нөхөр бид хоёр ажил гээд л ухаан, сөхөөгүй гүйгээд байдаг.

-За тэгээд хүү тань хүний нутаг руу явах нь тодорхой болчихлоо. Тухайн үед юу бодогдож байв?

-Анхандаа хүний нутагт очиж харийн спортоор хичээллэнэ гэхээр сэтгэлд жаахан буухгүй л байсан. Тэглээ гээд бүх шалгалтдаа тэнцээд гараад ирсэн хүүхдийг ямар явуулахгүй гэлтэй биш. Хүүгээ “Аавын бийд хүнтэй танилц, Агтны бийд газар үз” гэж бодоод л явуулчихсан. Цэвэгням маань1992 оны хоёрдугаар сард анх Япон улсыг зорьж байлаа. Гадаад явах гэж байгаа гээд манайхан бүгд л хөөрөөд автобус дүүрэн хүн онгоцны буудал дээр очиж байлаа шүү дээ. Уйлалдаад л. Гаргаж өгчихөөд гэртээ ирэхэд эл хуль оргиод эвгүй л байж билээ.

-Тухайн үед хүүтэйгээ захиагаар л харилцдаг байсан биз дээ?

-Хуудас хуудсаар нь захиа бичилцэнэ. Жаргал зовлон, санагалзсан сэтгэлээ захиагаар л дамжуулна. Одоогийнх шиг ямар интернэт, гар утас гээч нь элбэг байсан биш. Холбоон дээр очиж дугаарлаж байгаад л утсаар ярьдаг байлаа. Ард баахан хүмүүс дугаарлачихна. Хамаагүй чанга ч ярьж болохгүй. Хүнээс санаа зовоод шивнэж ярина. Одоо бол яаж л бол яаж холбоо барих юм байна ш дээ. Юм хөгжинө гэдэг чинь их сайхан юм.

-Тэгсэн хэдхэн сарын дараа оргоод ирдэг…

-Наймдугаар сарын дундуур оргож ирсэн.

-Оргож ирэх тухайгаа танд хэлж байсан уу?

-Хэлж байсан. “Хүнд хэцүү бэлтгэл хийгээд их шантарч байна. Гэрээ маш их санаж байна. Эндээс оргоод очно оо ээж ээ” гэсэн захиа явуулсан.Тэгэхэд нь нөхөр бид хоёр хүний нутагт хэцүү байгаа хүүгээ ямар ирж болохгүй гэлтэй биш хүрээд ир, миний хүү л гэлээ. Тэгсэн наймдугаар сард Япон руу хамт явсан, хамт бэлтгэл хийж байсан таван хүүхэдтэй цуг оргоод ирдэг байгаа. Эхлээд дэвжээнээсээ оргож Японд суугаа Монгол Улсын элчин сайдын яаман дээр очсон юм билээ. Яамнаас нааш нь нутаг буцаасан гэсэн. Энхбатаас бусад нь оргосон гэж байсан.

-Оргож ирсэн хэрнээ эргээд Япон явсан. Тухайн үед та дургүйцэж байсан уу?

-Есдүгээр сард дэвжээний багш нь ирж бүх эцэг, эхчүүдтэй нь уулзаж ярилцсан. Хэсэгхэн хүнд үеийг л давчихвал ирээдүйтэй бөх гэж багш нь хэлсэн. Ингээд миний хүү, Батбаяр хоёр буцаж явсан. Өөрийн нүдээр хараагүй болохоор хүүгээ хичнээн зовж байсныг мэдэхгүй шүү дээ. Тэр үеийг бодвол ч одоо сэтгэл амар, хүүгээрээ бахархаад сууж байна. Амьдрал гэдэг сайхан юм шүү. Хүний хувь заяа гэж их сонин юм.

-Япончууд хүүг тань сумогийн домог гэж нэрлэдэг. Сумогийн домог маань багадаа хэр дүрсгүй хүүхэд байв?

-Нэг их айхтар сахилгагүй хүүхэд байгаагүй. Хааяа л хичээл тасалж надад зэмлүүлдэг байлаа. Аав нь ямар хүүдээ юм хэлэх биш. Би л хаа нэг загнана. Бусдаар ч гайгүй байсан. Гэм хоргүй цагаахан зантай тийм л хүүхэд байлаа. Ер нь манайхан чинь их зөөлөн, уяхан хүмүүс ш дээ. Их бэлэн нулимстай хүмүүс.

-Хүүгээ энэ олон жилийн дараа дээд зиндаанд түрүүлэхэд хүүгээрээ үнэхээр бахархаж байсан биз. Цэвэгням гэлтгүй танай гэр бүлийнхний гол мөрөөдөл байв уу?

-Тэгэлгүй яахав. Миний хүү 17 настайгаасаа л сумо бөхөд зодоглосон хүн. Ид залуу халуун нас нь сумогийн дэвжээнд үлдсэн. Тиймдээ ч барилдаж эхэлсэн мөчөөсөө л нэг ч гэсэн түрүүлчих юмсан гэсэн бодол өөрт нь байсан нь ойлгомжтой. Насан туршдаа хүсч мөрөөдсөн амжилтаа гаргана гэдэг спортын хүний хувьд ямар сайхан зүйл болохыг үгээр хэлэхийн аргагүй болов уу. Хүү маань “Ээж ээ. Хүү нь чадлаа. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа” гэж хоолой нь зангирч ирээд л хэлсэн. Бид нар ч их хөөрсөн. Уйлах дуртай юм болохоор уйлж л байлаа. Яахав баярын нулимс юм даа.

-Хэрвээ аав нь байсан бол нулимсаа барьж чадахгүй л байсан байх даа…

-Мэдээж хөгшин минь байсан бол яаж догдолж, хөөрч гүйхийг би мэдэж байна. Аав нь байсан бол энэ олон жил барилдсан хүүгийнхээ үр дүнг нь хараад хүүгээрээ ямар их бахархах байсан гээч. Амьд сэрүүн байхдаа хүүдээ “Нөөц бололцоогоо сайн ашигла, дээд цолонд хүртэл бэлтгэл сургуулилт хий. Гэхдээ бэртэл гэмтлээс болгоомжилж сайн барилдаарай” гэж захидаг байсан. (хоолой нь зангирч, нулимс нь цийлгэнэж хэсэг чимээгүй суув)

-Сая зодог тайлах тухайгаа гэрийнхэнтэйгээ зөвлөсөн байсан уу?

-Яахав цухуйлгаж байсан. “Би дахиж барилдаж чадахгүй, дахиж амжилт гаргана гэдэг хүнд болсон ээж ээ. Би зодог тайлна” гэж утсаар ярьсан. Гэхдээ тийм хурдан зодог тайлчихна гэж бодоогүй. Долдугаар сарын башё дуусаад зодог тайллаа гэхэд нь үнэхээр цочирдсон. Эвгүй л юм билээ. Аливаа нэг юм хэмжээ, хязгаартай шүү дээ. Хангалттай сайхан амжилт гаргасан, хүү минь. Олон ч рекорд эвдлээ.Үүнээс илүү амжилт гэж юу байхав.

-Таны хүүхдүүд ихэнх нь Японд амьдардаг юм байна. Ихэвчлэн аль хүүхдийндээ байдаг вэ?

-Бага хүү, охин хоёр хоёулаа гэр бүлтэй болсон. Бага хүү нэг хүүхэдтэй. Охин хоёр хүүхэдтэй. Гэхдээ ихэнхдээ Цэвэгнямындаа л байдаг. Хүүхэд харна. Барилдаантай сард туслах бөхчүүд нь дагаад л гэрт нь орж гараад л явж байдаг. Цэвэгнямын ээж ийм хүн байдаг гээд бүр андахгүй болчихсон болохоор мэндлээд л явна. Мэндлэхээс цаашгүй юм даа. Ямар ойлголцох биш.

-Хүүгээ харь орны бүсгүйтэй гэр бүл болоход эх хүний хувьд битүүхэн эмзэглэж байв уу?

-Нэг их тийм зүйл бодогдоогүй. Үндэс угсаа л өөр болохоос биш адилхан л хүн. Тэгээд ч барилдааны бэлтгэл гээд гадуур ямар тэр болгон яваад хүн амьтантай танилцаад байх биш. Өөр сонголт байгаагүй байлгүй. Угаасаа нутаг орноосоо хол, хүний нутагт суугаа хүнд цай хоол сайтай, хайр халамжтай хүн л чухал шүү дээ. Ер нь хүүгээ гадаад хүнтэй суучлаа гэж нэг их хүндээр тусгаж аваагүй.

-Ээжүүд манай бэр цай хоол сайтай, ажилсаг гэж ирээд л магтдаг. Танай бэр ямар байна. Ёс заншил өөр хүнийг бас шүүх хэцүү болов уу?

-Манай бэр их ажилсаг. Үр хүүхэд, хань ижилдээ их халамжтай. Гэр орны арын ажлыг нь яв цав авч явдаг. Ер нь япон бүсгүйчүүд их ажилсаг шүү.

-Бэр тань монгол хэлээр хэр ярьж байна. Хэр ойлголцож байна?

-Ганц нэг монгол үгээр ярина. Ямар ч байсан орчуулагч хэрэглэхгүй ойлголцоод л байдаг. Би мэддэг хэдэн япон үгээ хэлнэ, бэр маань өөрийнхөө мэддэг хэдэн монгол үгээ хэрэглэнэ. Ингээд л ойлголцоод хэл авалцчихдаг ш дээ (инээв).

-Цэвэгнямын хүүхдүүд монголоор ярьдаг уу?

-Ярихгүй ээ. Энэ жил зодог тайлсан гээд гэр бүлээрээ ирсэн. Өмнө нь аавыгаа өөд болсны дараахан нэг гэр бүлээрээ ирээд явсан. Том охин нь гарчихсан байсан. Тэрнээс гэр бүлээрээ ирэх нь ховор. Хүү бол жил болгон л ирнэ. Гэхдээ энэ зун гэр бүлээрээ ирээд явсан. Хүүхдүүд нь хэдэн монгол үгтэй болоод буцаж байна лээ. Уг нь хүүхэд амархан хэл сурах юм билээ.

-Худуудтайгаа хэр дотно байдаг вэ?

-Манай худууд Токиогоос зайтай амьдардаг. Хааяа ажлаар Токиод ирэхдээ хүүгийнд ирнэ. Тэр үед нь хүүгээ хажуудаа суулгаж байж л худуудтайгаа хэл авалцана шүү дээ. Бүр Цэвэгням ажилтай ирж амжихгүй бол бэрээрээ дамжуулж ойлголцоно. Гэхдээ л нутаг ус нэг биш болохоор монгол хүмүүс шиг учиргүй сэтгэл санаагаа уудлаад байх яриа өрнөхгүй л дээ.

-Цэвэгням ээжийнхээ гарын хоолыг их санадаг байх даа. Таныг очихоор хамгийн түрүүнд ямар хоол хийлгэж байна?

-Цуйван хийлгэж иднэ. Ээжийнхээ гарын хоолыг их санаснаа гайхна. Дараа өдрөөс нь бууз, хуушуур гээд л хийлгэнэ шүү дээ.

-Японд хэр идээшиж байна?

-Хүүхдүүд дээрээ очдог болохоор нэг их харийн нутаг шиг санагдаад байхгүй. Японы хоол сайхан ш дээ. Гэхдээ л төрж өссөн газар, нутаг усаа их санана. Хавар болов уу үгүй Монгол руугаа тэмүүлнэ шүү дээ, энэ сэтгэл минь. Миний хүү 23 жил сумогоор барилдлаа. Цаг хугацаа гэдэг чинь харвасан сум шиг л өнгөрдөг юм байна. Японы ард түмэн ч гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс. Үндэсний спортод нь гадны орны бөхчүүд илүүрхлээ, эзэгнэлээ гээд ямар нэгэн байдлаар гадуурхахгүй. Харин ч хайр, хүндлэлээ харамгүй зориулдаг улс юм. Миний хүүг дэмжиж, хүндэлж явдаг болохоор япончуудад баярлаж явдгаа хаана ч хэлж явах юм даа. Одоо ч гэсэн танай сониноор дамжуулж чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдлын тойм

08.30 цагт: “Хөгжлийн бэрхшээл болон сэргээн засах судлалыг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Эрүүл мэнд, спортын яамны сургалт мэдээллийн Б танхимд болно.

09.00 цагт: ЧД-ийн Онцгой байдлын хэлтэс, Захиргааны хэргийн давж заалдах шатны тамгын газар, Тахарын ерөнхий газар, 10-р тойргийн Нийслэлийн Тахарын алба хамтран Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах тактик сургалт зохион байгуулна.

09.00 цагт: Одон орон судлалын “Хүрэлтогоот” цогцолборт МЗЭХ, БСШУЯ-ны хамтран зохион байгуулж буй “Хүрэлтогоот-2015” семинарын Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар хуралдаан эхэлнэ.

09.00 цагт: “Blue sky” зочид буудалд Компанийн удирдлага, хуульч, зөвлөхүүдэд зориулсан арбитрын ажиллагааны тухай суурь ойлголт олгох семинар болно.

10.00 цагт: НМХГ-ын хурлын танхимд Олонлог, олон улсын И-Эм-Си бүрэн дунд сургууль дээр гарсан хоолны хордлого, халдвартын дэгдэлтийн үед хийгдсэн тандалт, хяналт шалгалтын талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.

10.00 цагт: Нийтийн Тээврийн газраас нийтийн тээврээр зорчигчдын дамжин суултын талаар мэдээлэл хийнэ. /Хаяг: Нийслэлийн Тээврийн газар. Улаанбаатар шилэн банк 11 давхар

10.50 цагт: Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах “Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын эрх зүй ба эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр сургагч багш бэлтгэх тусгай хөтөлбөрт сургалт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын сургалтын танхимд болно.

11.00 цагт: Төрийн өмчийн хорооны дарга асан, Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар “Халх гол” чөлөөт бүсийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж буй талаар “Монгол ньюс” Мэдээллийн төвийн байранд мэдээлэл хийнэ.

12.00 цагт: ИЗНН-ын удирдлагууд тус намын байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт: Хан-Уул дүүргийн Хөгжлийн холбооноос НИТХ-ын дарга Д.Баттулгын хууль бус үйлдлийн талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13.00 цагт: 2015.11.06-09-ний өдрүүдэд зохиогдох “Монгол Бренд – АСЕМ 2016” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа “Мишээл Экспо” төвд болно. АСЕМ-ын уулзалтын бүх төрлийн үйлчилгээг Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр бэлтгэх, дотоодын бараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж, сав баглаа боодол нь олон улсын түвшинд хүрснийг сурталчлах зорилгоор бүх салбарын 120 гаруй үйлдвэрлэгчид оролцоно.

14.00 цагт: ГХЯ, МУИС-ийн ОУХНУС хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Ёслолд ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг, ТЗУГ-ын захирал Т.Тэгшжаргал, тус газрын 2-р НБД А.Гэрэлмаа, БТЗГ-ын дэд захирал Д.Баярхүү, Дипломат академийн захирал, ТҮГЭС Х.Бэхбат, МУИС-ийн ОУХНУС-ийн захирал С.Баттулга нар болон хоёр талын бусад албаны хүмүүс оролцоно.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг танилцуулна

УИХ-ын чуулганын нэгдсэн хуралдаан өнөөдөр мөн л 14.00 цагт товлогджээ. Өчигдөр тодорхойгүй шалтгаанаар чуулганы хуралдаан болоогүй. Өнөөдөр үдээс хойш эхлэх чуулганы хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх юм байна. Үүнээс гадна чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Халиун: Би Монголд болоогүй тоглолтыг хийх ёстой

Хөгжмийн зохиолч, найруулагч Н.Халиунтай ярилцлаа. Түүнийг “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранбаатарын хүү гэдгийг хүмүүс андахгүй. Монголын томоохон хамтлаг дуучидтай 20 гаруй жилийн турш хамтран ажилласан гэх боловч тэрбээр одоо л анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж буй. Түүний “Халиуны ертөнц” тоглолт энэ сарын 13,14-нд “UB palace”-ын концертын их танхимд болно.

-Анхны тоглолтоо хийх гэж байгаа сэтгэгдлээсээ хуваалцаач. Томоохон хамтлаг дуучдын тоглолтын ар талд ажиллаж байсан таны хувьд догдлол хэр их байна?

-Сэтгэгдэл маш их өндөр байна. Догдлох зүйл байлгүй яахав. Бусад дуучдын олон тоглолтын ард гарчихсан учраас ерөнхийдөө бэлтгэл ажил сайн байгаа. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явна. Дээхнэ үед бүх юмыг өөрөө хийдэг байсан, одоо бүхэл бүтэн баг ажиллаж байгаа учраас зохион байгуулалт сайн байна.

-Та уран бүтээлээ туурвиад 20 гаруй жил болжээ. Яагаад өдий болтол нэг ч тоглолт хийгээгүй юм бэ?

-Хүн урьдаар чанартай хийсэн бүтээсэн юмтай байх ёстой. Бүтээлээ сайн хийгээд тодорхой цаг хугацааг туулан хүнд хүргэсний дараа уран бүтээлийн тоглолтоо хийнэ гэж бодсон. Ямар ч байсан 20 жилийн хугацаанд олон дуучинтай ажиллаж, олон тоглолт бүтээлцлээ. Бас миний тоглолтод хамаарагдана л даа. Дуучин Т.Ариунаатай нэлээд хэдэн тоглолт хийлээ. Үүний ард би өөрийн гэсэн хөгжмийн хэлээрээ ард түмэнтэйгээ уулздаг. Яг уран бүтээлч, хөгжмийн зохиолчийн хувьд өдийд тоглох цаг үе нь ирсэн гэж боддог. Найзууд маань ч “Чи тоглох болчихсон хүн. Тоглолтоо заавал хий” гэж хэлдэг. Би өөрийгөө тоглолт хийх хэмжээнд арай дутуу байна гэж боддог.

-Таны тоглолтын урилгыг дуучид баяртай хүлээж авсан байх. Үзэгчдэд ч гэсэн хүлээлт байгаа болов уу?

-Маш сайхан тоглолт болох ёстой. Тэгэхээс өөр арга байхгүй. Бид мэргэжлийн улсууд. Надад өөртөө тавьдаг шаардлага байдаг. Маш өндөр хэмжээний тоглолт болох ёстой. Монголд хийж байгаагүй тоглолтыг хийх ёстой гэдэг бол миний зорилго. Гадны дуучид, одуудын хэмжээний тоглолтыг яагаад хийж болдоггүй юм. Одууд нь байна. Мундаг хөгжимчид нь байна. Хүлээн авах үзэгчид нь байна.

-Тоглолтод ямар гэнэтийн бэлэг хүлээж байна. Хуучны дуучдаас оролцох юм шиг байна?

-Ямар ч байсан ихэнх хамтлаг оролцоно. Миний уран бүтээл дээр хамтарч ажилласан бүх хамтлаг дуучид, найзуудыгаа урьсан. Тоглолтын сурприз тоглолтон дээрээ л байдаг. Дуучин Мягмарсүрэн, Байзада, Минжинсор гээд ойрд тайзан дээр гараагүй олон уран бүтээлч оролцоно.

-Олон улсын хэмжээнд хүрсэн тоглолт хийхийн тулд тайзны засалт гэрэлтүүлэг хамгийн чухал. Энэ тал дээр урьд урьдын хамтлаг, дуучдын тоглолтоос илүү байх уу?

-Бид байгаа савандаа захирагдана. Монголд одоогийн байдлаар “UB palace”-ын концертын танхим хамгийн их багтаамжтай, хамгийн туршлагатай хамт олонтой байгууллага. Тайзны асуудлыг “Оn’n off” продакшны Ононбат бүгдийг хариуцаж байгаа. Цэвэр өөрийнхөө үзэл бодол, фантаз, бүх уран сэтгэмжээ шингээн ажиллаж байгаа.

-Халиуны ертөнц ямар вэ?

-Миний уран бүтээлээр дамжуулж миний ертөнцийг мэдэрч болно. Үгээр хэлбэл их юм байгаа л даа. Тайзан дээрээс хөгжмөөр дамжуулж хүн болгон миний ертөнцийг мэдрээсэй гэж хүсч байна.

-Таныг Монголын хамгийн анхны аранжировк гэх юм?

-Анхны аранжировк гэж арай хэлж болохгүй юм. Миний аавын үеийн “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Айзам” гээд бүх хамтлаг өөрийн гэсэн арнжировшк, найруулгатай байсан. Халиун гэдэг арнжировк яагаад гарч ирсэн гэхээр хөгжимд хандах хандлага өөр болчихсон юм.Өөрөөр хэлбэл хөгжмийг бүтээдэг хүмүүсийн үүрэг роль тодорхой болоод ирсэн учраас аранжировк гэдэг мэргэжил товойгоод гараад ирчихсэн. Яг тэр үед нь би үйл ажиллагаа, уран бүтээлээрээ нэлээд хувь нэмэр болчихсон. Тэгээд л аранжировшик Халиун гэдэг нэр сансрын нисгэгч Гүррагчаа гэдэгтэй адил гараад ирчихсэн байхгүй юу.

-Аавыг тань “Соёл- Эрдэнэ” хамтлагийн ахлагч Б.Наранбаатар гэдгийг хүн бүр мэднэ. Өдий дайны явахад аавын тус дэм, нөлөө их байсан биз?

-Байлгүй яахав. Миний үзэл бодол, чиг баримтлал бол аав шигээ агуу их зүйлийг бүтээх. Аав маань 70-аад оны эхээр Монголын рок попын үндэс суурь болсон “Соёл-Эрдэнэ” хамтлагийг байгуулсан. Аливаа юмыг шинээр бий болгох гэдэг үнэхээр ач холбогдолтой. Тухайн үед нийгмийн тогтолцоо ямар байсан билээ. Рок поп хөгжим ямар дарамтад байлаа. Тэр бүх зүйлийг сөрөөд тийм хамтлаг байгуулна гэдэг асар том түүхэн гавьяа. Тэр гавьяаг үүрэлцээд, үр удамдаа дамжуулаад дараагийн түвшинд аваачих нь нэр төрийн хэрэг.

-Урлагийн гэр бүлд өссөн хүмүүс бага наснаасаа л бүтээл хийж эхэлсэн байдаг. Танд ч бас багын дурсамж дүүрэн уран бүтээлүүд байдаг биз?

-Хүүхэд байхдаа гитар бариад л сэтгэлийн хөөрлөөр үерхэл нөхөрлөлийн тухай ч юм уу янз бүрийн дуунууд хийнэ л дээ. Тэр маань зөвхөн найзуудын хүрээнд дуулагдаад алга болдог байсан. Пионерын зуслан дээр бас янз бүрийн дуу зохиогоод явдаг хүүхэд байлаа. Тэр бүхнийг санахад хэцүү л дээ. Мартагддаггүй, хүмүүсийн хүртээл болсон анхны дуу гэвэл “Танилцъя охин” дуу. Дуучин Байзада ард түмэнд хүргэсэн. Сэдэв нь одоо бодоход ичмээр л дээ. Гэхдээ хүүхэд залуучуудын дунд үнэхээр хит болж чадсан дуу.

-Та уран бүтээлийн сандаа хичнээн дуутай вэ?

-Дууны тухайд 100 гаруй уран бүтээл бий. Кино, жүжгийн долоон хөгжмийн зохиол байдаг юм. Дуунуудын маань нэлээд хувь нь хит болсон байдаг. Ер нь хүний сэтгэлд хүрсэн сайхан уран бүтээл хийхийг зорьдог.

-Таны сэтгэлд хамгийн дурсамж үлдээж бүтсэн дуу тань юу вэ?

-Миний бүх дуу учир шалтгаантай. Орчноосоо ямарваа нэг сэдэл олж зохиосон байдаг. Бас яруу найрагчидтайгаа маш ойр дотно ажилладаг. Тухайн шүлэгний агуулга гээд бүх зүйлд нь нэвтэрч бүтээхийг хичээдэг. Ялангуяа намрын улиралд зохиосон дуунууд үнэхээр сайхан байдаг.

-Уран бүтээлчидтэй олон жил харьцахаар тэднийхээ зан авирыг андахгүй болчихдог байх?

-Дуучин болгонтойгоо тааруулж харилцана. Манай дуучид их гоё, сэтгэлийн хөдөлгөөнтэй. Үнэн юмыг нүүрэн дээр нь хэлчихдэг. Шүүмжлэл магтаалын алийг нь ч хайрлалгүй хэлдэг. Уран бүтээлчдэд үнэхээр их хайртай. Бүгдээрээ л миний бүтээлийг амилуулж өгсөн.Уран бүтээлчид миний хувьд алт шиг эрдэнэ.

-Таныг их өндөр шаардлагатай хүн гэж байна. Та хэр хатуу хүн бэ. Ааштай юу?

-Шаардлага өндөртэй. Аашлах үедээ аашилж, уурлах юман дээрээ уурлалгүй яахав.Бид нар мөнхийн бүтээл хийхээр ажиллаж байгаа учраас тодорхой хэмжээний зан характерын илрэлүүд байх ёстой. Гэхдээ театрын найруулагчдыг бодоход зөөлөн хүн шүү, би.

-Дуу бичиж, найруулахаас гадна далд авьяас байдаг уу?

-Хүмүүс намайг хошин шогийн мэдрэмжтэй гэдэг. Болж өгвөл найзуудыгаа инээлгэх, өөрөө найзуудаасаа хошин шогийн өнгө аясыг мэдэрч баясах дуртай. Ер нь найзууд маань надтай байх их дуртай л даа. Дандаа инээдэг, их гэгээлэг гэж урам хайрладаг. Энэ зан маань бас нэг талын сэтгэлээс гарч байгаа авьяас юм даа.

-“Хайр хөглөх дуу” шинэ уран бүтээл тань хэдийнэ сонсогчдод хүрээд эхэлжээ. Тоглолтдоо зориулж өөр уран бүтээл хийв үү?

-Тоглолтдоо зориулж дуу бүтээгээгүй. Гэхдээ сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүдээсээ хүргэнэ. “Хайр хөглөх дуу” их өвөрмөц ш дээ. Монголын сор болсон дөрвөн хүн дуулсан. Дөрвөн өөр ертөнц. Энэ дөрвөн хүн байгаагаараа л бодь хүмүүс.

-Залуу уран бүтээлчидтэй хэр хамтран ажиллаж байна?

-Ажиллаж байна аа. Гэхдээ одоогоор төслийн хэмжээнд явж байгаа учраас зарлаж болохгүй. Би аль болох залуу уран бүтээлчдийг тэсрэлттэй гаргаж ирэхийг хичээж байна. Түүнээс биш тэр гарч ирнэ гээд дуншаад байхаар сонин биш болчихдог.

-Хүүхдийн уран бүтээлийг дэмжиж ажиллаж байгаа харагддаг. Монголд хүүхдийн уран бүтээлийг дэмжиж ажиллах студи, найруулагч хэр их байна вэ?

-Хүүхдийг би үргэлж дэмждэг. Хүүхэд өөрөө их ариухан, урлаг туурвих маш том эрч хүч болдог. Тийм ч учраас хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэд оролцсон урлагийн үйл ажиллагаанд хамтран ажиллах дуртай. Хүүхдийн зохиолууд, хүүхдийн жүжгийн хөгжим. Одоо ч төлөвлөсөн ажил байна. Өдөр болгон шахуу над дээр хүүхдүүд, залуу уран бүтээлчид ирж, зөвлөгөө авдаг. Хойч үеэ бэлдэхэд зөвхөн Халиун гэлтгүй мэргэжлийн уран бүтээлчид салбар салбартаа хичээл зүтгэлтэй ажилладаг гэж хэлж болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

И.В.Рой: “Эрдэнэт” үйлдвэр хүндхэн нөхцөлд ч үүргээ нэр төртэй биелүүлж байна

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Игорь Владимирович Рой-той “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгчийн орлогч Б.Цэнддоогийн хийсэн ярилцлагыг толилуулж байна. Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн эргэн тойронд сүүлийн үед өрнөсөн зарим асуудлыг энд хөндөж ярилцсан юм.


-Сүүлийн хэдэн хоногт “Эрдэнэт” үйлдвэр нь хэвлэл мэдээллийн сонирхлыг татсан газрын нэг боллоо л доо. Ялангуяа удирдах багийнхны буруутай үйл ажиллагаанаас болж хувь эзэмшигч талуудын эрх ашиг хохирч байгаа гэж ойлгогдохоор ч зүйл харагдаж байна.

– Эхлээд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах багийг бүрдүүлдэг, бодлогыг тодорхойлдог тогтолцоог хамтдаа тодруулцгаая. Таны асуултын хариу ч тэндээс тодрон гарна байх гэж бодож байна. Юуны өмнө “Эрдэнэт” бол Монгол, Орос хоёр улсын хамтын үйлдвэр, хоёр орны ард түмний дундын бүтээн байгуулалт. Монголын тал 51, оросын тал 49 хувийг тус тус эзэмшдэг. Хамтран эзэмшигч талуудыг төлөөлсөн Удирдах Зөвлөл буюу манайхны ярьж сурснаар “Совет” үйлдвэрийн хувь заяатай холбоотой бүхнийг шийддэг. “Совет”-оос зөвшөөрөгдсөн удирдлагын менежмэнт үйлдвэрийг удирдана. Удирдахдаа дээрээс буюу мөн л “Совет”-оос баталж өгсөн үйлдвэрлэл,санхүү, бизнесийн төлөвлөгөөний дагуу менежмэнтээ хийнэ.

Ингээд харахаар Монгол Улс ба ОХУ-ын Засгийн газар, хоёр талын үндэсний эрх ашгийг төлөөлсөн Удирдах зөвлөл л хамтарсан үйлдвэрийн бодлогыг тодорхойлдог, тэндээс томилогдсон менежмэнтийн баг уг бодлогыг хэрэгжүүлдэг гэсэн үг.

Энэ утгаараа хоёр орны ард түмний эрх ашиг, сонирхол энд бүрэн тусч байгаа гэдэгт итгэж байдаг. Энэ сонирхлыг тусгасан төлөөлөгчид удирдах багтаа итгэл үзүүлсээр байгаа гэдэг нь талуудын эрх ашиг тусгагдаж хамгаалагдсаар байгаа гэсэн санаа.

-Та өөрөө уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах багт багтаад хэр удаж байна.

-Би 2013 онд томилогдож ирсэн. “Эрдэнэт” үйлдвэрийг ерөнхий захирлаар ахлуулсан удирдлагын менежмэнт удирддаг гэдгийг дээр хэлсэн. Ийм болохоор намайг ирснээс хойш манай баг, манай хамт олны хийж бүтээсэн зүйлийн талаар яриагаа үргэлжлүүлье.

2013 оноос өмнөхөн зэсийн үнэ оргилдоо хүрч байсан. Өмнөх үеийн удирдах баг илүү их баялаг, өгөөжтэй үед, илүү их боломж, илүү их ашиг орлого дээр менежмэнтээ хийж байжээ гэсэн үг. Энэ нь бидний хэнээс ч хамаараагүй, дэлхийн зах зээлийн байдлаас л хамаарсан зүйл байсан.

Нэг тонн зэсийн үнэ 2012 онд 7949 ам.доллар байсан, жил дараалан буурсаар 2015 оны эхний 10 сарын байдлаар дундаж үнэ нь 5658 ам. доллар хүртлээ уруудсаныг та бүхэн биржийн мэдээллээс харж байгаа.

Манай багийн зорилго бол дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тасралтгүй унаж байгаа хүнд үед арвилан хэмнэлтийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх замаар үр ашигтай ажиллах бүхий л боломжийг бүрдүүлэх явдал байсан. Бид зэсийн үнэ тасралтгүй буурч байгаа үед бүтээгдэхүүний өртгийг хямдруулах хөтөлбөр хэрэгжүүлсний үрээр өнөөдөр ашигтай ажилласан хэвээр байгаа. Нэг тонн зэсийн өртгийг 2013 онтой харьцуулахад 9.6 хувиар, 2012 онтой дүйцүүлэхэд 16.9 хувиар бууруулж чадсан нь манай хамт олны бас нэг амжилт. Манай үйлдвэр хамт олноо, Эрдэнэт хотоо, Орхон аймгаа авч явдаг төдийгүй, улсын төсвийн үлэмж хувийг бүрдүүлж өгдөг бөгөөд энэ үүргээ хүндхэн нөхцөлд ч гэсэн нэр төртэй биелүүлж байна гэж үзэж болно.

Үйлдвэрийн “Совет”-ын шийдвэрийн дагуу нь хоёр том төслийг хэрэгжүүлсэн нь Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл болон Эрдэнэт Медикал оношлогооны Төв юм.

-Арвилан хэмнэлттэй зэрэгцсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэж та Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлөө нэрлэлээ л дээ. Энэ бүтээн байгуулалт оновчтой болж чадсан уу, тэнд зарцуулсан хөрөнгийг хадгалсан нь дээр байсан юм биш биз гэсэн эргэлзээ бас байна?

-”Эрдэнэт” үйлдвэр жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг байлаа. Харин өргөтгөл хийснээр энэ үзүүлэлт зургаан сая тонн хүртэл нэмэгдэнэ. Гэхдээ ашиглалтад орох кноп даруутаа л хүчин чадлаа бүрэн ашиглах боломж уул уурхайн ийм том үйлдвэрт байхгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлээд өгнө.

Харин бид наадмын өмнөхөн нээж байсан баяжуулах үйлдвэрийн өргөтгөл саяын есдүгээр сарын байдлаар хүчин чадлынхаа 90 хувьд бараг хүрээд байна. Энэ бол манай хамт олны маш сайхан амжилтын нэг юм.

Бидний хийж буй нөгөө бүтээн байгуулалт маань “Эрдэнэт” үйлдвэр, эрдэнэтийнхэн төдийгүй нийт монголчуудад ач тусаа өгөх учиртай. Энэ бол хамгийн орчин үеийн, тодорхой хэлбэл 2014-2015 онуудад Япон, Солонгост бүтээгдсэн тоног төхөөрөмж бүхий эмчилгээ оношлогооны төв юм. Энэ төв оны сүүлчээр ашиглалтад орно.

Мэдээж хэрэг үйлдвэрийн удирдах зөвлөл буюу “Совет”-оор батлагдсан, дэмжигдсэн төлөвлөгөөний дагуу эдгээр бүтээн байгуулалтыг бид богино хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.

Нэмж хэлэхэд, үйлдвэрийн өргөтгөлийн байгууламжийг бүтээн босгох, ашиглалтад оруулах үйл хэргийг манайхан өөрснөө удирдан хэрэгжүүлсэн, харин гүйцэтгэх ажилд монгол, орос болон хятад компаниуд оролцсон.

-Хамтарсан үйлдвэрийн орлогоос Оросын тал хүртэх учиртай ногдол ашгийг өгөөгүй олон жил болсон тухай яриа гарч байна. Оросын талд ногдох ёстой мөнгийг хадгалж ч байсан. Одоо тэндээ байхгүй болсон, эргэлтэд оруулсан гэсэн янз бүрийн тайлбар сонсогдох боллоо.

-Асуудлыг, ялангуяа “Эрдэнэт” шиг аварга том бүтээн байгуулалттай холбоотой юмыг нэг талаас, ганц өнцгөөс өрөөсгөлөөр харж болохгүй.

Оросын талын 2012 оны ногдол ашиг дансанд хадгалагдсан байсан. Мөнгөн хөрөнгө нь үйлдвэрийн эргэлтийн хөрөнгөд чиглэгдсэн, үүний зэрэгцээ техникийн шинэчлэл болон дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтад чиглэгдсэн.

Үйлдвэрийн өөрөө нунтаглах өргөтгөл ашиглалтад орсны үрээр манай нэмэгдэл орлого 11 сая ам.доллар болсон. Наадмаас хойших хэдхэн сарын үзүүлэлт шүү дээ. Оны сүүлчээр 28 сая ам.долларт хүрнэ. Ирэх 2016 онд хэрвээ зэсийн үнэ 6200 ам.доллар орчимд хэлбэлзлээ гэж бодоход 120 сая ам.долларын ашгийг нэмж олох боломж бүрдэнэ. “Совет” буюу “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах зөвлөлийн шийдвэр зөв зүйтэй, бөгөөд ирээдүйгээ харсан шийдвэр байсныг манай өргөтгөлийн үйл явц, эхний үр ашиг харуулаад байна.

Монгол Улсын Их Хурал нь “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны талаархи Засгийн газар хоорондын гэрээнд өөрчлөлт оруулж өнгөрөгч аравдугаар сард соёрхон баталлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувь эзэмшигч нь “Ростех” корпораци болсон. Засгийн газрын хоорондын гэрээний дагуу 2012 он хүртэлх ногдол ашиг ОХУ-ын төсөвт шууд орсон. 2012 оноос Засгийн газрын хоорондын гэрээний дагуу ногдол ашиг хүлээн авагч нь улсын өмчит “Ростех” корпораци болсон.

Тийм учраас өмнө нь “Эрдэнэт” үйлдвэр нь “Ростех” корпорацид ногдол ашиг шилжүүлж чадаагүй юм. Өнөөдөр “Ростех” корпораци нь ногдол ашиг хүлээн авах эрхтэй боллоо.

-Хамгийн гол нь Оросын тал ногдол ашгаа гэнэт нэхэж байна. Мөнгийг “Эрдэнэт”-ийн өнөөгийн удирдлага дураараа өр зүйлд зарцуулсан учраас үйлдвэр өрөнд орчихоод бараг Монголын талд ногдох хувь хэсгээ зарахдаа тулсан ч юм уу гэсэн ойлголт олны дунд байна.

-Өнөөдөр үйлдвэрт “Ростех” корпорациас 2012 оны ногдол ашгийг төлөх тухай мэдээлэл байхгүй. Дараагийн жилүүдэд цэвэр ашиг хуваарилах болон ногдол ашиг төлөх асуудал нь зөвхөн компанийн “Совет”-ын эрх юм.

Үйлдвэр сүүлийн бүх жилүүдэд ашигтай ажиллаж байна. 2013 оны цэвэр ашиг нь 125 тэрбум төгрөг, 2014 оных 167.5 тэрбум төгрөг. Зэсийн үнийн маш огцом уналттай байсан ч (арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар нэг тонн зэсийн үнэ 5137 ам.доллар) үйлдвэр нь 2015 оны эхний есөн сарын байдлаар алдагдалгүй бага хэмжээний ашигтай ажиллалаа. Үүний зэрэгцээгээр үйлдвэр дээр хямралын эсрэг хатуу арга хэмжээ авагдсан ч орон тооны цомхотгол хийгээгүй.

“Эрдэнэт” үйлдвэр нь Эрдэнэт хотын үндсэн суурь юм. “Эрдэнэт” үйлдвэр нь Орос, Монголын найрамдлын бэлгэ тэмдэг юм. Хамгийн сайхан анд нөхдийн нэг, дэлхийн хоёрдугаар дайны үед манай ард түмний тууштай үнэнч хамтрагч байсан гэж монголчуудаа бид хүндэлдэг бөгөөд үйлдвэр дээр Орос, Монголын хамтарсан мэргэжилтнүүд эв найрамдалтай ажилладаг.Монгол Улсад айлчлах үедээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин “Эрдэнэт”-ийг Орос, Монголын уул уурхайн салбарын амжилттай хамтын ажиллагааны хамгийн сайн жишээ бөгөөд үйлдвэрийн төлөвлөгөөнд технологийн бүрэн шинэчлэл багтаж байгаа гэж тэмдэглэсэн.

-Шилэн дансны хуулийг “Эрдэнэт” үйлдвэр мөрдөхгүй байна гэсэн шуугиан бас дэгдлээ л дээ.

-Шилэн данс бол шударга ёсыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах хэрэгсэл гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ нэг зүйлийг бодолцох учиртай. Улсын байгууллагууд нь нэг талаас татвар төлөгчдийн хөрөнгийг төсвөөр дамжуулан авч зарцуулдаг нэг хэсэг байна. Гэтэл улсын өмчөөр үйлдвэр худалдаа эрхлэн мөнгө олж түүгээрээ улсын төсвийг бүрдүүлж өгдөг бизнесийн газрууд ч бас байдаг.

Харин бизнес нь улсын мэдлийнх, хувь хүнийхээс үл хамааран өрсөлдөөн дунд оршин тогтнодог. Өрсөлдөөн учраас бизнесийн нууц гэж байдаг. Энэ нууцыг төрөөс хүлээн зөвшөөрдөг ба Монгол Улсын парламентаас баталсан нууцын тухай хуулиар энэ эрх хамгаалагддаг. Азийн уул уурхайн компаниудаас эхний аравт ордог Эрдэнэт үйлдвэр бол томоохон зах зээлийн, ширүүхэн өрсөлдөөн дунд оршдог. Арилжаа бизнесийн сонирхлын үүднээс өрсөлдөгч нараас нууцалж, зохих хүрээнд хадгалах мэдээлэл гэж “Эрдэнэт”-д бас байна.

Иймээс л энэ хуулийг хэрэгжүүлэх аргачлалыг гаргаж өгөх, түүнийгээ Байгууллагын нууцын тухай хуультай нийцүүлэх нь чухал юм.

Биднийг Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа гэвэл гүтгэлэг болно. Засгийн газрын www.gov.mn сайтад бид шилэн дансаа байршуулсан байгаа. Шилэн дансны хууль ёсоор бид өрийн бичиг болон өрийн баталгаа гаргасан эсэх, банкнаас авсан зээл, тендерт (худалдан авалтын) холбогдох мэдээллээ оруулсныг тэндээс үзэж болно. Компанийн бизнесийн бүхий л нууцыг нээлттэйгээр задлах нь компанийн үйл ажиллагааг ноцтойгоор хүндрүүлж, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

-Манай уншигчдын сонирхсон сэдвээр ярилцлага өгсөнд баярлалаа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ханиад эмчлэх энгийн арга

Өдийд ханиад томуу ихэсдэг. Ялангуяа бага насны хүүхдүүд цэцэрлэгээсээ ханиад авчих гээд байдаг талтай. Ханиад шуухинаа хүрэх бүрт нь эмээр бөмбөгдөөд байхаар хүүхдийн дархлаа сулардаг. Тиймээс эм тарианд найдахаас өмнө асаргаа чухал гэдгийг эмч нар зөвлөдөг билээ. Ус сайн уулгах, цэвэр агаарт гаргах, нуруунд нь доргиох массаж хийх гээд асаргаа мундахгүй. Бас ханиадыг эмгүйгээр, гэрийн нөхцөлд эмчлэх арга ч олон. Дээр үед архаг хатгаатай хүний уушгин тушаа адууны нимгэн хэрчсэн махаар жин тавьж эмчилдэг байсан талаар хөгшчүүл ярьдаг. Сүүлийн үед үүнтэй төстэй буюу байцааны навчаар ханиад эмчлэх орос арга үр дүнгээ өгч байгаа талаар ээжүүд ам дамжин ярьж байгаа. Цэртэй ханиалгаж байгаа бол энэ арга илүү тохиромжтой. Буцалж буй халуун усанд бөөрөнхий ногоон байцааны навчыг дүрж зөөлрүүлнэ. Зөөлөрсөн навчин дээрээ зөгийн бал түрхээд ханиадтай хүнийхээ цээж, нуруун дээр наана. Дээр нь бариу цамц өмсүүлээд салхи авахуулахгүй хонуулах ёстой. Эхэндээ нойтон байцаа эвгүй мэдрэмж төрүүлэх боловч хорсгох зэрэг зовиур байхгүй. Маргааш өглөө нь авахад байцаа жижгэрч зөөлөрсөн байдаг. Зөгийн бал цэр ховхолж, ханиадыг багасгахаас гадна арьсанд тэжээл өгдөг сайн талтай. Бас наадаг гич (горчичник)-нд зөгийн бал түрхээд дээрхийн адил нуруу, цээжиндээ наавал ханиад намддаг. Зөгийн бал түрхвэл гич хорсгохгүй учраас өвчтөнд мөн зовиургүй гэсэн үг.

Бас цээж, хоолойгоо шар тосоор тослоод унтахад ханиалгах нь намдаж, хоолой сэрвэгнэхээ больдог. Баавгайн тос нуруунд нь бага зэрэг түрхэх арга ч бас бий. Чанасан сүүнд тарваган шийр хийгээд уулгахад ч ханиад намдчихдаг.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 2 хэм хүйтэн байна

Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Баруун болон говийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Увсын баруун, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 15-20 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Г.Шийлэгдамба сайд эмнэлгийн зөвшөөрөл олгох нэрийдлээр авлига авсан бололтой” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы арваннэгдүгээр сарын 6-ны баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн судалгаа шинжилгээний байгууллага өнгөрсөн сард нэгэн сонирхолтой тандалт судалгааг явуулжээ. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн аль хувилбарыг түлхүү хэрэглэн, итгэл хүлээлгэдэг талаар судалгаа юм л даа. Үүгээр солонгосчуудын 98.2 хувь нь өдөр тутмын сонинг үнэн бодитой, чухал хэрэгцээт мэдээллийг олж авах гол хэрэгсэл хэмээн итгэл төгс хариулжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл манай сонины 11 дүгээр нүүрт орлоо. Өдрийн сурвалжлагаараа улсын хэмжээн дэхь ургац хураалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 400 мянган тонн буудай хураан авахаас талыг нь хураан авчээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг зургадугаар нүүрнээс уншаарай. Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжавын эрүүл мэндийн салбарын өнөөгийн бодит байдлын талаарх ярилцлага дөрөвдүгээр нүүрт багтлаа. Долдугаар нүүрт Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулан шалгах болсон талаарх дэлгэрэнгүй нийтлэл багтжээ. Түүнийг бусдаас 500 сая төгрөгтэй тэнцэх ам.доллар хахууль хэлбэрээр авахыг завдсан уу, түүнийг АТГ-аа авлига авахыг завдсан үйлдэл дээр нь барьсан уу, тэрбээр МАХН-ын санхүүжилтийг олдог байсан уу зэрэг олон сонирхолтой асуудлыг тус нийтлэл хөнджээ. Өнөөдрийн Дэлхийн спорт булангаараа Аваргуудын лигийн дөрөвдүгээр тойргийн дараагаар шалгарсан “Реал” Мадрид, “Ман Сити”, “Зенит”, “Барселона” зэрэг багуудын тоглолтын тоймыг хүргэж байна. Гадаад мэдээллийн булангаараа Оросын “Когалымавиа” компанийн “Airbus A321” онгоцны ослын шалтгааныг бусад улс орнууд хэрхэн таамаглаж байгааг тусгажээ. Их Британийн Ерөнхий сайдын тамгын газраас тэсрэх бөмбөгнөөс үүдэлтэй байж болзошгүй хэмээн үзэж байгаа бол АНУ-ын “Accosiated Press” агентлагаас үүнийг лалын бүлэг зохион байгуулөсан хэмээн үзэж байгаа аж. Харин Оросын тал дээрх таамаглалыг үгүйсгэсээр байгаа аж. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг есдүгээр нүүрнээс уншаарай. Эдгээр болон цаг үеийн бусад мэдээлэл өнөөдрийн дугаарт хэвлэгдлээ.