Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллага онц ноцтой гэмт хэргүүдийн сэжигтнүүдийг илрүүллээ

Өчигдөр Цагдаагийн Ерөнхий Газраас валютын ченж Б-ийн амь насыг хөнөөсөн талаар, хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хүмүүсийг саатуулсан мөн үйлдвэрийн бус аргаар галт зэвсгийн сумыг үйлдвэрлэдэг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлсэн зэрэг мэдээллийг хийлээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд валютын ченж Б-гийн амь насыг хохироосон онц хүнд гэмт хэрэг энэ сарын 1-ний өдөр гарсан ба уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн иргэн 22 настай Б-ыг баривчилж, хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа үргэлжилж байна гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү мэдээллээ. Гэмт этгээд хохирогчийн 40 гаруй сая төгрөгийг авч, гэр орныг нь шатааж хэргийн ул мөрийг арилгах оролдлого хийсэн ч Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хэргийг шуурхай илрүүлжээ.

Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай тэмцэх хэлтсээс хэд хэдэн газар явуулсан нэгжлэгийн үеэр үйлдвэрийн бус аргаар галт зэвсгийн сумыг олон тоогоор үйлдвэрлэдэг бүлэг этгээдүүдийг илрүүлсэн байна.

Нэгжлэгийн үеэр байлдааны зориулалттай галт зэвсэг болон 14 ширхэг ангийн буу, галт зэвсэг, сум угсарагч багаж, төрөл бүрийн сум угсрах зориулалт бүхий багагжны хошуу, хонгио 2000 ширхэг, сумны хошуу 1900 ширхэг, тэслэгч бялт 5000 ширхэг, их хэмжээний дарь, олон тооны сум хураан авсан байна.

Уг галт зэвсгүүдийг үйлдвэрлэсэн гэх бүлэг этгээд нь хууль бусаар бууны хэлбэр, загвар зориулалт өөрчлөх, гол төмрийн калибрыг өөрчлөх, өөр буунд угсрах хууль бус үйл ажиллагааг ч явуулж байсан гэж цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээллээ. Мөн гэмт этгээдүүд дээрх эд зүйлсээ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг байсан байна.

Тэдэнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 185 дугаар зүйл, 188 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Зохион байгуулалттай тэмцэх хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүдэн шүүх ажиллагааг таслан зогсоох зөвлөмжийг НҮБ-аас ирүүллээ

Манай улсын Хүний эрхийн комисст ирж буй гомдлын 80 орчим хувь нь эрүүдэн шүүхтэй холбоотой гомдол байдаг байна. Иймд НҮБ-аас манай улсад Эрүү шүүлтээс ангид байх, таслан зогсоох зөвлөмжийг ирүүлжээ. НҮБ-аас Ази-Номхон далайн бүсийн хүний эрхийн байгууллагуудын дунд “Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрт хамрагдах хэрэгтэйг НҮБ-аас манай улсад зөвлөжээ. Учир нь Монгол Улсад эрүүдэн шүүх ажиллагаа байсаар байгаа. Гэхдээ бүр илүү ноцтой байдалд байж магадгүй гэж тэд үзсэн байна. Энэ тухай ХЭҮК-ийн гишүүн н.Оюунчимэг ингэж ярилаа.

Хууль зүйн яам, Хууль сахиулах их сургууль, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг зургаан байгууллагаас 25 албан хаагчийг сонгон сургагч багш нарыг бэлтгэж байна. Тэд эрүүдэн шүүхээс урьдчлан сэргийлэх, гарсан зөрчлийг цаг тухай үед нь таслан зогсоох үүрэгтэй юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар смарт карт”-ын удирдлагуудыг саатуулаагүй гэв

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн удирдлагуудыг цагдаагийн байгууллага саатуулаад байгаа тухай мэдээлэл гараад байгаа. Тэгвэл тус компанийн маркетингийн менежер Ц.Түвшинжаргал мэдэгдэл хийжээ. Тэрээр “Энэ ор үндэсгүй худлаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье. Өчигдөр нийслэлийн тээвэрлэгч компаниудын хурал болох байсан ч цуцлагдаад өөр хэлбэрээр хийгдсэн. Тус хурал дээр удирдлагуудыг саатуулсан зүйл огт болоогүй. Манай удирдлагууд ажил дээрээ бүгд ирчихсэн ажлаа хийгээд байж байна. Тиймээс энэ мэдээллийг гаргасан байгууллагаар уучлалт гуйлгуулна. Хэрэв энэ алдаатай мэдээллээ залруулахгүй бол бид хууль хяналтын байгууллагад хандана. Худлаа мэдээлэл бичиж нэр төрд халдсанд харамсаж байна” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Олонлог, Хүрээ, И Эс Эм сургуулийн хүүхдүүд үдийн хоолноос хорджээ

Он гарсаар гурван сургуульд хоолны хордлого, хордлогот халдвар гарсан. Энэ дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран хийсэн шалгалтаар үдийн цайг үдийн хоол болгон өргөжүүлж байгаа нь хордлого гаргах нөхцөл болж байгааг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд “Хүрээ”, олон улсын “И Эс Эм”, “Олонлог” бүрэн дунд сургуулийн цайны газрууд хоол үйлдвэрлэлийн технологи, урсгал ажиллагаа, эрүүл ахуйн стандарт шаардлага хангахгүйн дээр багш, ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгийг хуурамчаар бүрдүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна.

Тодруулбал, есдүгээр сарын 13-нд Олонлог бүрэн дунд сургуулийн хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн хоолны хордлого, хордлогот халдварын улмаас зургаан хүүхэд хэвтэж эмчлүүлжээ.

Хоолны хордлогын үед 1-5-р ангийн 352 сурагч тандалт судалгаанд оролцоход 167-д нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна.

Тус сургуулийн цайны газрын

  • хоол үйлдвэрлэлийн технологи, урсгал ажиллагаа стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй,
  • үдийн цай, үдийн хоол бүрд технологийн картыг боловсруулж, баталж мөрдүүлээгүй,
  • түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт хангалтгүй,
  • үдийн цайнд нийлүүлсэн сүү, тараг нь гарал үүсэл, ариун цэврийн гэрчилгээгүй,
  • дотоод хяналт байхгүй,
  • цайны газрын хоёр ажилтан эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдаагүй, нян судлалын лабораторигүй эмнэлгээр нян тээгчийн шинжилгээг хуурамчаар бичилт хийлгэсэн зэрэг зөрчил илэрчээ.

Олонлог сургуулийн гал тогооны ажиллагсад болон бага ангийн багш нарт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хуурамч бичилт хийж өгсөн Батном лабораторид мөнгөн торгууль ногдуулсан байна.

Мөн “Хүрээ”, олон улсын “И Эс Эм”, “Олонлог” сургуулийн цайны газарт ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийн мөрдөлт хангалтгүй зэрэг зөрчил илэрчээ.

Тиймээс цаашид сургуулиудын цайны газарт анхаарал хандуулах шаардлагатай учраас нийслэлийн 60 сургуульд шалгалт явуулж байна.

Үдийн цайтай холбоотой хордлого гарсан, гарч байгаатай холбоотойгоор эцэг эхчүүдийг энэ тал дээр анхаарал хандуулж, хүүхдүүдийнхээ идэж буй хоол хүнс, түүний чанар, аюулгүй байдалд анхаарлаа хандуулахыг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Дамжин суултын хөнгөлөлт 4 цагийн дараа идэвхжинэ

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний сэлгэн суултын хөнгөлөлтийн асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр маргаашнаас сэлгэн суултын хөнгөлөлт хэрэгжиж эхлэх юм.

Уг хөнгөлөлт нь зөвхөн “U-Money” карттай иргэдэд үйлчилнэ. Автобусанд суухдаа болон буухдаа картаа уншуулснаар хөнгөлөлт эдлэх эрхтэй болно. Арын хаалганы унших төхөөрөмжинд картаа уншуулсан хугацаанаас хойш дараагийн автобусны орох хаалганы төхөөрөмжинд картаа уншуулах хүртэлх 30 минутанд хөнгөлөлт хүчинтэй аж. 30 минутаас хэтэрсэн тохиолдолд хөнгөлөлт хүчингүй болох юм байна. Хөнгөлөлтийг нэг удаа эдлэх эрхтэй бөгөөд гурав дахь удаагаа автобусанд суухад тухайн чиглэлийн тарифаар төлбөр төлөгдөнө. Харин эхний сэлгэн суусан хугацаанаас хойш 4 цагийн дараа дахин хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна.

Мөн эхний суусан чиглэлийн автобусандаа эргээд суух тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй бөгөөд өөр чиглэлийн автобусанд суусан тохиолдолд үнэгүй аж.

Categories
мэдээ улс-төр

Б.Батболд: Ардчилал нэрийн дор монголчуудыг талцуулан хувааж буй системийг эвдэх хэрэгтэй

Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболдтой ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт болсон “Бид хамтдаа” үндэсний форум дээр та “Улс орноо цэгцэлж авахгүй бол болохоо байлаа” гэсэн. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт МАН-ын зохион байгуулсан “Бид хамтдаа” үндэсний форум боллоо. Тэр үеэр С.Бямбацогт гишүүний илтгэлд “Монгол Улс системийн хямралд ороогүй” гэх үзэл санаа давамгайлж байна лээ. Парламентад суудалгүй манай намын тухайд долоо хоног бүрийн бямба гаригт бусад улс төрийн намууд болон иргэний хөдөлгөөний нөхдүүдтэй ийм маягийн уулзалт яриа хийдэг. Үүний зорилго нь нэгдүгээрт, намуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол улмаар нэгдэл, нягтралыг бий болгохыг зорьдог. Манай намын бусдаас ялгардаг нэг онцлог нь асуудалд судалгаа тооцоотой ханддаг явдал. Нөгөө талаасаа намын үзэл баримтлал, үнэт зүйлс нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахтай холбоотой бүх асуудалд чухал ач холбогдол өгч ханддаг юм. Түүнээс биш бүх зүйлд оролцоод популизм хийгээд байдаггүй. Форумын илтгэгч нарын ярьж буйг сонсохоор тэдний үнэлэлт, дүгнэлт зөрүүтэй, тодорхой нэгдсэн байр суурьгүй байна. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр Монгол Улс удирдлагагүй завин дээр байгааг илтгэж байгаа юм. Хоёрдугаарт, өнөөдөр бий болсон гадаад, дотоод нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж чадаагүй байна гэдэг цаашдаа эдгээр улсаас олигтой юм хүлээх хэрэггүйг илтгэж байгаа л хэрэг. Асуудлынхаа мөн чанарыг таниагүй болохоор ямар ч логик гаргалгаа гарахгүй байна. Яг өнөөдрийн нөхцөл байдалд бид дундын болон алсын зайн төлөвлөлттэй холбоотой ямар ч гоё зүйл ярих утгагүй.

Эхлээд улс орноо цэгцэлж авахгүй бол болохгүй болчихлоо. Гадаад, дотоод нөхцөл байдал маань энэ хэвээрээ цааш үргэлжлэх бололцоогүй болгож байна. Хэрвээ бид энэ байдлаараа аяглаад байвал Засгийн газрын ордны гадаа хоёр улсын туг мандах байх. Нэг нь Монгол Улсынх, нөгөөх нь өөр улсын туг байх магадлал маш өндөр болчихсон байна. Хамгийн наад захын жишээ, бид сүүлийн дөрвөн жилийн дотор эдийн засгийн хувьд хараат болчихлоо шүү дээ. Үндсэндээ эдийн засгийн тусгаар тогтнолоо алдсан гэсэн үг. Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тоог хоёр дахин нугалсан өртэй болсон байна. Монгол Улсын Засгийн газрын өр 11 тэрбум ам.доллар байна. Хувийн хэвшлийнхэн 10 тэрбум ам.долларын өртэй. Дээрээс нь Монголбанк хэчнээн хэмжээтэй юанийн зээл авсныг шаардаад байхад гаргаж өгөхгүй байна. Эдийн засгийн аюулгүй байдал улсынхаа аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихлээ.

-Ийм байдалд хүрсэн тухай улстөрч болгон л ярьж байна. Гэтэл гаргалгааны тухай бараг ярихгүй байна шүү дээ?

-Одоо гоё сайхан ярихаа болих хэрэгтэй. Цаад тал нь хавар гэхэд асуудал үүсэж эхэлнэ. Дулаан, цахилгааны үнэ нэмэгдчихсэн, ам.долларын ханш өссөн, ард түмний орлого эрс муудсан байна. Гаргаж байгаа зардлаа хааж чадахгүй хэмжээнд хүрлээ. Бүх хуримтлагдсан муу зүйл нэг цэг дээр төвлөрчихлөө. Одоо тэгэхээр эрсдэлийн менежментээ яаж хийх вэ гэдгээ ярилцах ёстой. Хэн нь юу чадахаа ярилцъя. Гэхдээ камерын өмнө биш. Аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн чиглэлээр судалгаа хийдэг багууд хөлсөлж ажиллуулах хэрэгтэй.Эхний ээлжинд үүсээд байгаа нөхцөл байдлаас тун бага хохиролтой гараад системээ тогтворжуулах хэрэгтэй. Үүний дараа реформ хийе. Өнөөдөр Монгол Улсын асуудал юунд байна вэ гэхээр хоёр том дээрэмчний бүлэглэлд байна гэж улсууд яриад байна шүү дээ. “МАН-гар”-ын бүлэг, “АН-гаахай”-н бүлэг гэж нэрлээд байна. Хамгийн гол асуудал үүсгэж байгаа эх сурвалжийн нэг нь улс төрийн намын санхүүжилттэй холбоотой гинжин урвал юм. Эндээс улбаатай тохиолдлын, мөнгөө төлсөн л бол төрийн ямар ч албанд очиж болж байна. Авлига, хээл хахуулийн асуудал үүнээс улбаалан гол асуудал үүсгэж төрийн системийг устгах хэмжээнд хүрээд байгаа юм. Үүнийг алга болгоод улс төрийн намуудыг гарааны ижил тэгш нөхцөлтэйгөөр сонгуульд оролцуулбал ард түмэн зөв сонголт хийж чадна. Монгол гадартай, гадаад дотортой нөхдүүд яаж улсаа хөгжүүлэх юм бэ. Үндэсний үзэлтэй, эх орноо гэх үнэн сэтгэлтэй хүмүүсээ төрд гаргаж ирэх хэрэгтэй цаг үе болжээ. Аливаа юманд сэтгэлээрээ хандаж байж бодит эерэг үр дүн гардаг нь зүй тогтол. Монголоо үгүйсгэсэн хоноцын сэтгэлтэй хүн яаж Монголын төлөө ажиллах юм бэ. Хамгийн тод жишээ нь, Оюутолгойг тойрсон үйл явдлууд байна. Мөн Тавантолгой компанийг нэг компанийн өрийг төлөхөд нь зориулж, хувийн компанид шилжүүлэх гэж оролдсон үйл явдал. За тэгээд Ноён уулын гээд тоочоод байснаас Монголд ашигтай уул уурхайтай холбоотой үйл явдал юу байв гэх нь амар байх. Хамгийн сүүлд өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэргийг хамруулах оролдлого хийж уг хуулийг баталсан. Монголын болон олон улсын зүгээс эрс эсэргүүцэлтэй тулж нэг юм зогслоо. Энэ бол эрх зүйт төрийг үгүй хийх хор уршигтай үйлдэл шүү дээ, цаад утгаараа.

-Эдийн засгийг богино хугацаанд сайжруулдаггүй юмаа гэхэд одоо байгаагаас нь дордуулахгүйн тулд яах ёстой вэ?

-Шийдэлгүй проблем байдаггүйтэй адил гарцгүй нөхцөл байдал бас байхгүй. Юуны өмнө яагаад ийм байдалд орсон учир шалтгаан, оношоо зөв тавих ёстой. Онош зөв тавиагүй тохиолдолд асуудал шийдэгдэх цаг хугацаа, хүч хөрөнгө, үргүй зардлаас авахуулаад олон юм болно. Дараа нь асуудалд хандах хандлага гэж юм бий. Тэр нь асуудлыг аль өнцгөөс харж чадаж байгаагаас их шалтгаална. Товчхондоо гарах гарц бол зөндөө л байна. Асуудал голдуу зардал чирэгдэл дагуулж байдаг, бага хохиролтой богино хугацаанд асуудлаа шийдэх үү, асуудлаа барьж авалгүй тойрч дөлсөөр шийдэж байгаа дүр үзүүлж байгаад унах уу гэдгээ л эрх баригчид эхний ээлжинд шийдэх ёстой гэж бодож байна. Өнгөрсөн долоо хоногт МАН-аас зохион байгуулсан “Бид хамтдаа” форум дээр тавигдсан илтгэлүүдийг харж байхад асуудал юунд байна гэдгээ зөв оношлоогүй шиг харагдлаа. Тэгэхээр асуудал угаараа шийдэгдэхгүй л гэсэн үг. Суурь нь илжирч муудаад унаж байгаа байшинг будаг засал хийж хэсэг хугацаанд сэтгэлээ хуурч байгаатай л адил дүр зураг харагдаж байх шив дээ. Аливаа гоц шийдэл маш энгийн байдаг юм. Будаа идүүлэхэд төсвийн орлогоо яаж нэмэх тухай бодох биш төсөв бүрдүүлдэг хэсгээ бодитой дэмжих, төсвөөс цалинждаг хэсгээ багасгахын тулд ажлын байр бий болгодог жижиг, дунд үйлдвэрийг бодитой дэмжих хэрэгтэй. Энэ маягаар асуудалд хандах хандлага, бодлогоо зөв гарах хэрэгтэй. Бодлого зөв гарахын тулд онош зөв бодит байх ёстой гээд л нөгөө богино эргэлтэд ороод байгаа юм. Монголд байгаа бүх асуудлын эх сурвалж нь төрийн байгууламж, түүнийг бүрдүүлж бий болгодог нам гэдэг институци. Түүний хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаатай шууд холбоотой системийн том алдаа гаргачихаад алдаагаа засахыг эрх баригч намууд хүсэхгүй хямралын гүн намагт жил ирэх бүр шигдэн орж байна. Улс төрийн намын санхүүжилтийн асуудал нь төрийн системд суусан хамгийн хөнөөлтэй вирус болж байгаа. Мөн Үндсэн хуулийн төрийн байгууламжийн хэсэг ч бас нэгэн хөнөөлтэй вирус.

-Энэ юу гэсэн үг вэ. Та тайлбарлахгүй юу?

-1992 онд монголчууд ардчилсан, зах зээлийн нийгэм байгуулах үзэл санаа бүхий Үндсэн хуулийг баталсан. Бид тэр зорилгоо биелүүлээд өнөөдөр бий болсон үр дүнг нь нийтээрээ амсаж байгаа. Бид ардчиллын төлөө байх ёстой юм уу үндэсний эрх ашгийн төлөө байх ёстой юм уу гэдэг сонголтоо хийх тэр цаг үед иржээ. Үүний тулд 25 жилийг зарцуулсан байна, үүнийг ойлгохгүй байгаа бол хэн нэг нь биднийг засаж тохинуулах байх даа. Зарим улс төрийн зүтгэлтнүүд хүртэл бид төрөө өөрсдөө засаглаж үзээгүй 300 жил болчихсон учир их хэцүү байна. Засдаг улсад өгчих нь амар ухааны юм сүүлийн үед ярьдаг болж. Түүх бол үндэстний ой санамж байдаг. Ой санамжаа алдсан хүн нэрээ мэдэхгүй, гэрээ олохгүйтэй адил нөхцөл байдалд л бид байна. Дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байсан эдийн засгийн загвар цаашид ажиллахаа больж байгаа. Дэлхий нийт дэглэмийн өөрчлөлтийн өмнө ирчихлээ шүү дээ. Монголыг тойрсон гадаад хүчин зүйл асар хурдтай хувьсан өөрчлөгдөж тогтворгүй болж байна. Дээрээс нь дотоод хүчин зүйл маань ч ямар аюултай байдлын өмнө ирчихээд байгааг ойлгох таних хэрэгтэй байна. Юуны өмнө дотооддоо оюун санаа, эв нэгдлийн хүчийг бий болгож тогтворжуулах асуудал өнөөдөр юу юунаас илүүтэй хурцаар тавигдах ёстой. Үүнийг хамтын хүчээр хийж чадахгүй бол бид хамгийн үнэ цэнтэй тусгаар тогтнол гээч үндсэн суурь, эрх ашгаа алдахад хүрсэн. Орчин үед геополитикийн арга хэрэгсэл өөрчлөгдөж эдийн засаг, санхүүгийн арга хэрэгслээр дамжуулж хүчирхэг гүрнүүд эрх ашгаа хангадаг болсон. Монгол Улс өнөөдөр эдийн засаг, санхүүгийн хувьд бусдын хараат болсон байгаа нь миний хэлээд байгаагийн баталгаа юм даа. Тун удахгүй бид их өр төлж эхэлнэ. Юугаар, яаж гэдэг нь ойлгомжгүй. Дээрээс нь Монгол гэдэг айлын галыг алдуулахгүй авч гарах гаргалгаа нь дахиад л зээл тусламжид дулдуйдахаас өөрийг бодож олохгүй юм шиг. Гэх мэтээр энэ эрх баригчдаас хүлээх юм үндсэндээ байхгүй. Энэ тогтворгүй систем цааш ажиллахгүй, тэгэхээр нэн даруй эд нар сайн дураараа тарж ардын түр хурлыг байгуулаад түр хурал нь үндэсний эрх ашгаар засаглах үзэл санаа бүхий Үндсэн хуулийг баталж улс төрийн реформыг нэн даруй хийх нь нийт монголчуудын эрх ашигт нийцнэ гэж бид үзэж байгаа.

-Монгол Улсын эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл байдал хэзээнээс сайжирна гэж бодож байна?

-Би ерөнхийдөө байдлыг хэлчихлээ дээ. Юун түрүүн улс төрийн реформыг нэн даруй хийж энэ болохгүй бүтэхгүй системийг халах хэрэгтэй. Түүнгүйгээр цааш явах боломж байхгүй. Улс төрийн реформ хийнэ гэдэг нь Үндсэн хууль, улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулиа үндэсний, нийтлэг эрх ашигт нийцүүлэн шинээр хийх ёстой юм. Үүнийг өнөөдрийн эрх барьж байгаа намууд хийж чадахгүй нь дэндүү ойлгомжтой байна шүү дээ. Тийм болохоор ард түмний түр хурлыг зохион байгуулах ёстой. Үүнийг үндэсний эрх ашиг шаардаж байгааг ухамсартайгаар ойлгох хэрэгтэй. МАН-ын Монгол, АН-ын Монгол, МУНН-ын Монгол гэж байхгүй. Бид нэг эх оронтой, нэг эрх ашигтай, нэг цул үндэстэн. Ардчилал нэрийн дор монголчуудыг талцуулан хувааж байгаа системийг нэгтгэн нийлүүлж нэг зүгт хардаг системийг бий болгоно л гэсэн үг. Намууд улс орныг хөгжүүлэх, ард түмнээ хангалуун сайхан амьдруулах хөтөлбөрөөрөө л уралддаг байх. Түүнээс биш элдэв харийн үзэл суртал, санаа бодлоор ард түмнээ мунхруулахгүй, талцуулахгүй байх, төрийн үзэл суртал нь үндэсний эх оронч үзэл санааг бүх шатанд суртлаа болгох тийм системийг л бид ажиллуулах ёстой. Энэ нь бусдыг үзэн ядах, бусадтай сөргөлдөх биш эзэн зочны харьцааны зарчим дээр суурилсан байх, гадаад эдийн засгийн харилцаа нь харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчим дээр суурилах ёстой. Гадаад бодлого нь хоёр хөрштэйгөө харилцах харилцааг тэргүүлэх чиглэл болгон улс үндэстний тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах олон талт бодлого дээр суурилсан зарчмыг үндэс болгосон байна.

Энэ мэтээр гадаад, дотоодын олон асуудлыг цогц хэлбэрээр харж улс төрийн реформыг хийх хэрэгтэй. Түүний дараа л хөгжил дэвшил ярих боломж бүрдэнэ. Тэрнээс өнөөдөр шиг зөвхөн эдийн засгийн өнцгөөс аливаа асуудалд хандан улс орны эрх ашгийг уландаа гишгэдэг байдлыг үгүй хийх системийг бий болгох тухай үзэл санаа дор системийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй байгаа юм.

-Та ирэх сонгуульд хаанаас нэр дэвших вэ?

-Баянзүрх дүүргээс л нэр дэвшдэг, тэндээ л нэр дэвшинэ гэж бодож байна. Өнөөдөр Монголын төр хямралын нөхцөл байдалд ажиллах маш сайн төлөвлөгөө, эрсдэлийн менежмэнтийг бодитой хийх нь хамгийн чухал тулгамдсан ажил. Тэгж байж бид сонгууль явуулах боломж нөхцөлийг хангах учиртай цаг үед иржээ гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Categories
мэдээ нийгэм

Л.Оюунгэрэл: Өвөл нарны тос заавал түрхэх ёстой Зөвлөгөө

Манай орон эрс тэс уур амьсгалтай. Тиймээс улирал улирлын онцлогоор бүсгүйчүүд арьсаа зөв арчилж хамгаалж байх хэрэгтэй. Өвлийн улирал хаалга тогшлоо. Хүйтний улмаас нүүрний арьс эмзэгшиж, хуурайших хандлагатай болдог. Өвөл арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол хүйтэнд цохиулсан цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт байдаг. Энэ талаар “Саранзүү” салоны “Гэрэлтэх” гоо сайхны салоны гоо сайханч, маникюрчин Л.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Өвлийн улирал болж байна. Бүсгүйчүүд нүүрээ хэрхэн арчлах ёстой вэ?

-Нарны тос заавал хэрэглэх ёстой. Хүмүүс зөвхөн зуны улиралд л нарны тос түрхэх ёстой гэж ойлгоод байдаг юм. Эрс тэрс уур амьсгалтай учраас хүний арьс мэдрэмтгий болчихсон байдаг. Хэт хүйтэн газраас халуун газар руу ороход нүүр улайдаг шүү дээ. Энэ нь арьсаа эмзэглүүлчихсэн гэсэн үг. Тэгэхээр арьсаа цочроож эмзэглүүлэхгүйн тулд кремнийхээ доор нарны тос заавал түрхэх ёстой. Энэ нь мөн хүйтэн агаараас хамгаалдаг юм.

-Арьсаа хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ?

-Хэт хүйтрэх үед арьсанд цочрол өгч хуурайшдаг. Гэрийн нөхцөлд зөгийн балыг өндөгний шартай холиод маск тавьбал тэр нь хуурайшсан арьсанд зориулагдсан үйлчилгээтэй болно. Харин зөгийн балыг өндөгний цагаантай холивол холимог арьсны маск болно. Мөн ногоон огурцыг нимгэн зүсээд нүүрэндээ тавьбал арьс чийгшүүлж, цайруулах, нөсөө толбоны эсрэг үйлчилгээтэй байдаг.

-Нүүрээ гуужуулах тал дээр хүмүүс өөр өөр мэдлэгтэй байдаг. Энэ тал дээр зөвлөгөө өгөөч?

-Манайхан арьсаа гуужуулаагүй байж тос түрхээд байдаг. Тэгээд тос нөлөөлөхгүй байна гэдэг. Үхжсэн арьсаа гуужуулсны дараа эрүүл арьсан дээр тэжээлийн тос түрхвэл сайн нөлөөлдөг юм. Хүмүүс арьсаа арчилж байна гээд өдөр болгон маск тавиад л гуужуулаад байдаг. Долоо хоногт дор хаяж хоёроос гурван удаа маск тавих хэрэгтэй. Монголын нөхцөлд арьс мэдрэмтгий болчихсон байдаг учраас хоёр удаа гуужуулахад болно.

-Арьсаа яаж бүрэн цэвэрлэх ёстой байдаг юм бол?

-Арьсаа байнга цэвэрлэдэг байх шаардлагатай. Өдөр болгон залхууралгүй угааж, тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Шүдээ өдөр болгон угаадаг шигээ л дадал болгох нь зөв. Хүмүүс зөвлөгөө авах гэж ирэхдээ заримдаа арчилгаа хийгээд хааяа хийдэггүй гээд байдаг. Үе үе арчилгаа хийгээд л болиод байхаар арьс цочрох аюултай. Үнэтэй биш энгийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд л нүүрэндээ арчилгаа сайн хийх юм бол асуудал гарахгүй. Манайхны бас нэг алддаг зүйл бол гараа давхар арчилдаггүйд оршдог. Гарандаа чийгшүүлэгч тос л түрхээд байдаг юм. Нүүрээ яаж арчилж байна гараа ч гэсэн адилхан арчлах ёстой. Сүү, зөөлрүүлсэн усаар нүүр, гараа угаавал сайн нөлөөтэй байдаг.

-Арьсаа хурдан цайруулах арга бий юу?

-Төмс чанасан усанд гараа угаахад цайрдаг. Мөн төмсөө нухаад нүүрэндээ маск тавих нь сайн нөлөөтэй. Өндөг зөгийн балан дээрээ нимбэгний дусал хийгээд нүүрэндээ тавьбал хурдан цайрдаг.

ЗӨВЛӨГӨӨ

Витаминт маск

Хүйтэнд удаан хугацаагаар байсны дараа арьс чинь таталдаж байвал халуун компресс тавиарай. Энэ нь цочрол авсан нүүрэнд сайн нөлөөтэй аж. Нүүр, гарын алчуурыг содтой халуун усанд дүрж норгоод нүүрэндээ хоёроос гурван минут тавина. Дараа нь нэг цайны халбага А витаминтай өндөгний шар, ургамлын тосоор 15-20 минут маск тавиад буцалсан хүйтэн усаар угаана. Ургамлын тос болон өндөгний шар хоорондоо тэнцүү хэмжээтэй байх хэрэгтэй юм байна.

Нүүрэнд зориулсан дасгал

Хүйтэн, салхитай өдөр гадаа байхдаа үе үе хамар болон хацартаа чимхэх хөдөлгөөнөөр иллэг хийх хэрэгтэй. Мөн амьсгаагаа гүнзгий аваад түгжээд нүүрээ чинэртэл нь байлгана. Ямар ч тохиолдолд нүүрээ цасаар үрэх хэрэггүй. Энэ нь арьсанд маш хортой. Бас мөс хэрэглэх хэрэггүй. Энэ арга нь зөвхөн зун л үр дүнтэй байдгийг санаарай.

Гараа арчлах арга

Өвөл гарын арьс онцгой арчилгаа шаарддаг. Бээлий өмсөх нь маш ач холбогдолтой. Хэрэв арьс хуурайшиж, холцруутсан бол нэг цайны халбага содыг нэг литр буцалсан усанд хийгээд гараа арван минут дүрээд арчилгүй хатаана. Дараа нь гарандаа тос түрхээрэй. Гартаа маск тавих хэрэгтэй. Нарны хамгаалалтын тосоо гарандаа зузаан түрхээд даавуун бээлий өмсөөд хэдэн цаг болоход таны rap зөөлөн булбарай болно.

С.Ариун

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Зөвлөлдвөл ардчилал зөвшилцвөл хуйвалдаан

“Хэзээ ч гундаж гандахгүй юм шиг сонсогддог ардчилал гэгч маань өнөөдөр дэлхий дээр гурав дахь ухралтынхаа үед явж байна.

Үүнийг давах зам буюу төр аливаа тулгамдсан асуудалдаа ард түмнийг идэвхтэй, үр дүнтэй татан оролцуулах аргачлал нь “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” орчуулгын бүтээлд минь бий” хэмээн Стэнфордын судлаач, улстөрч Г.Занданшатар ярих боллоо. Энэ ном төрсөнтэй холбоотойгоор зөвлөлдөх ардчилал гэх үг хэллэг илүү их тодорч байгаа ч анх Үндсэн хуулийн өөрчлөлтийг Зөвлөлдөх ардчиллын аргачлалаар шийдэх саналыг дэвшүүлэн “Зөвлөлдөх Ардчилал ба Үндсэн хуулийн өөрчлөлт” олон улсын онол, практикийн хурлыг Г.Занданшатар өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан. Зөвлөлдөх ардчиллаар бол аливаа шийдвэр гаргахын тулд математикийн арга буюу түүврээр иргэдийг сонгож тэднийг мэдээллээр хангасны дараа тухайн асуудалтай холбоотой санал асуулгыг явуулах нь сая ард түмэнд ээлтэй зөв шийдвэр гарах аж.

Төрийн тэргүүнээсээ эхлээд түшээдийн, шүүх засаглалаасаа улс төрийн намуудын ч үг, үйлдэлд итгэхээ больсон ард түмэн өөрсдийнхөө буюу Монгол хүний саруул ухаанд найдах цаг болжээ гэж судлаач Г.Занданшатар хэлж байгаа. Түүнийхээр бол зөвлөлдвөл ардчилал, зөвшилцвөл хуйвалдаан юм байна. Гэтэл өнөөгийн Монголын улс төрд зөвшилцөл гэдэг үг л хамгийн их хэрэглэгдэж, улстөрчид бараг хэрэглэхдээ ч дуртай байх шиг ажиглагдах нь хуйвалдаан их байгаагийн шинж үү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үүсээд байгаа асуудлаар А.Гансүх 2013 онд АТГ-т өөрийн хүсэлтээр шалгуулж байжээ

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шалгаж, өнгөрсөн бямба гаригийн үүрээр баривчилсан билээ.

Дээрх асуудалтай холбоотой буюу 2013 онд Зам тээврийн сайд асан, одоо УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийг Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулахдаа ажлын төсөвт өртгийг өндөр үнээр тогтоолгон онц их хэмжээний хөрөнгө завшсан гэж олон нийтийн сүлжээгээр иргэн Л.Даваапил мэдээлсэн байдаг. Мөн олон нийтийн сүлжээгээр ийн бичсэн нь гүтгэлгийн шинжтэй гэж үзэн шүүхээс иргэн Л.Даваапилд ял оноож байсан аж. Үүнтэй холбоотой А.Гансүх өөрөө АТГ-т хандан шалгуулж байжээ. Авлигатай тэмцэх газар түүнийг шалгаад буруугүй болохыг нь тогтоож албан бичиг ирүүлснийг нийтэлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эндрью Вүдлэй: Оюу толгойн далд уурхай Монголыг зэс, алтны дэлхийн тоглогч болгоно

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт ирэх оны хавраас ид өрнөнө гэсэн гэгээтэй мэдээг баталсан үйл явдал өчигдөр боллоо. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувийг агуулж байгаа далд уурхайн ханган нийлүүлэгчдийн форум Дуурь бүжгийн эрдмийн театрт болов. Форумд Оюу толгойд ханган нийлүүлэлт хийх хүсэлтэй 29 орны 600 орчим компани оролцож далд уурхайд ханган нийлүүлэлт хийхийн тулд ямар шалгуур хангах ёстойгоо сонирхлоо. Энэ компаниудын дийлэнх нь монголынх байлаа. Тодруулж хэлбэл 400 нь үндэсний компани байсан юм. Гадны компаниудын хувьд Хятад, Канад, Австрали, Америкийн бизнес эрхлэгчид форумыг зорьж иржээ.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Рио тинто “компанийн Төмрийн хүдэр болон Зэсийн төслүүд хариуцсан захирал Стив Фелис, “Оюу толгой” ХХК-ийн Далд уурхайн захирал Крис Айчисон, Төслийн хангамжийн менежер Эндрью Арнет нарын илтгэлээс далд уурхайн бүтээн байгуулалтын талаар бүх талын мэдээллийг авч болохоор байв.

Бизнес эрхлэгчдээс худалдаж авах зүйлсээ зарлав

Өнгөрсөн жил “Оюу толгой” компани нийт худалдан авалтынхаа 50 хувийг дотоодын компаниудаас хангасан байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын явц дахь худалдан авалтын дийлэнх нь монгол компаниуд байхад анхаарна гэж тэд онцлов. “Оюу толгой” төслийн удирдлагууд ханган нийлүүлэгч компаниудад нээлттэй өрсөлдөх боломжийг олгохоо амлалаа. “Оюу толгой” төслийнхөн худалдаж авах бараа, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг энэ үеэр зарласан юм. Их хэмжээгээр хэрэглэх материалуудад цахилгааны болон харилцаа холбооны хэрэгсэл, хоолой, насос, агааржуулалтын тоног төхөөрөмж, дагалдах үйлчилгээ, галын аюулаас сэргийлэх үйлчилгээ, тоног төхөөрөмж, далд уурхайн хоргодох байр зэрэг оржээ. Мөн метал хийц, төмөр, өрөмдлөг, өрөмдлөгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, гүний уурхайн тулгуур бэхэлгээний материал, хөдөлгөөнт тоног төхөөрөмж, дагалдах үйлчилгээ зэргийг “Оюу толгой” төсөлд ханган нийлүүлэх боломж нээлттэй байгаа аж. Төслийн хангамжийн менежер Эндрью Арнет ямар шаардлага хангасан компаниудтай хамтран ажиллахаа танилцуулсан юм. “Оюу толгой” ханган нийлүүлэгчээ сонгон шалгаруулахдаа аюулгүй ажиллагаа, бизнесийн ёс зүй, үр өгөөжтэй урт хугацааны түншлэл, дэлхийд өрсөлдөхүйц чадвар гэсэн суурь зарчмыг баримтлах аж. Ханган нийлүүлэгчдийн сонгон шалгаруулалт удахгүй эхлэх юм байна.

Б.Бямбасайхан: Арван мянган хүн ажилдаа эргэж орно

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил тодорхой хугацаанд удааширсан хэдий ч хувь нийлүүлэгч талууд маргаантай байсан асуудлууддаа ойлголцолд хүрч, түүнийгээ баталгаажуулсан. Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр 2016 онд Монголын эдийн засаг дор хаяж таван хувиар өсөх боломж бүрдэж байна. Хөгжингүй улсуудын хувьд ДНБ-ий таван хувийн өсөлт боломжийн тооцогддог ч манайх шиг хөгжиж байгаа, жижиг эдийн засагт ийм өсөлт хангалтгүй. Тийм учраас “Оюу толгой” төслөөр өдөөгдөн өсөх эдийн засгийг зөв хөрөнгө оруулалт болгон эдийн засгийн үсрэнгүй хөгжилд бид хамтдаа хүрэх нь чухал. Гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай 4.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг олон улсын 19 банк, санхүүгийн байгууллагаас зээлэх ажлыг энэ ондоо багтаан эцэслэхээр ажиллаж байна. Ажил их өөдрөг байгаа. Далд уурхайн ажил эхэлснээр ямар ч байсан нэг тэрбум ам.долларыг Монголын эдийн засагт оруулж ирнэ. Дэд бүтэц, төмөр зам, цахилгаан станц зэрэг томоохон төслүүд “Оюу толгой” төслийн санхүүжилтийг дагаад олон улсаас хөрөнгө оруулалт татах боломжтой болж байна. “Оюу толгой” төсөл Монгол гэх хаалттай зах зээлийг дэлхийд нээж өгч байна.” гэж ярилаа. Далд уурхайг ашиглалтад оруулахад 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гараад байгаа. Олон улсын 19 томоохон санхүүгийн байгууллагаас энэ мөнгийг босгохоор хэлцэл хийж буй. Б.Бямбасайхан далд уурхайд зарцуулах энэ санхүүжилт оны өмнө шийдэгдэнэ гэсэн мэдээг форумын индрээс дуулгасан юм.

Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр 3000 орчим ажлын байр шинээр бий болох тооцоо гарчээ. Харин “Оюу толгой” төсөлд компаниуд ханган нийлүүлэлт хийгээд эхлэхээр хамгийн багадаа арван мянган хүн ажлын байрандаа эргэж ирэх гэнэ. Ханган нийлүүлэгч компаниудын бизнес сэргээд ирэхээр арилжааны банкуудын үзүүлэлтүүд сайжирч, идэвхжинэ гэж Б.Бямбасайхан онцлов. Төслийн худалдан авалтын 80 гаруй хувийг монгол компаниудад зарцуулахаар төлөвлөжээ. “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэйгийн хэлснээр Оюу толгойн гүний болон бусад орнуудыг ашиглавал 2100 он хүртэл ашиглах бололцоотой гэнэ. Тэрээр “Далд уурхайн бүтээн байгуулалтыг дагаад маш олон төрлийн бизнесийн боломжууд үүсч байгаа. Барилга бүтээн байгуулалт, төрөл бүрийн мэргэжилтэй боловсон хүчин, бараа материал хангамжийн үйлчилгээ гэж ирээд яривал олон боломж бий. Бид Монголын компаниудтай хамтран ажиллахыг чухалчилж байна. “Оюу толгой” бол Монгол компани. Бид зардлаа хэмнэж, үр ашгаа өсгөхөд анхаарч байгаа. Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 хувь нь газрын гүнд бий. Далд уурхай Монголыг зэс, алтны дэлхийн гол тоглогч болгоно. Та бүхэн далд уурхайн бүтээн байгуулалтын нэг хэсэг болно” хэмээн ярилаа. “Рио тинто”-гийн төмрийн хүдэр, зэсийн төслүүд хариуцсан захирал Стив Фэлис “Зэсийн үнэ цэн улам өсөх ирээдүй байна. Эрчим хүч гаргаж авах, хиймэл дагуул, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэх зэрэгт зэсийг өргөнөөр ашигласаар байгаа. Бид гүний уурхайн бэлтгэл ажлаа эхэлчихсэн. Одоо шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажил үргэлжилж байгаа” гэж онцлов. Сонирхуулж хэлэхэд Оюу толгойн зэсийн баяжмалаар АНУ-ын Луизана муж улсад чийдэн үйлдвэрлэж байгаа гэнэ.

Одоогоор Оюутолгойн далд уурхайд 14 километр урт хөндлөн хонгил бариад байгаа. Цаашид 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барих төлөвлөгөө гаргажээ. Ингэснээр Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь нь байгаа гүний уурхайн нөөцийг ашиглах боломж нээгдэх юм.

Ц.СҮРЭН