Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын гадаад сурталчилгаа монголчуудыг гутаахад чиглэж байна

Ази, Европын орнуудын дээд хэмжээний уулзалт ирэх онд Монгол Улсад болно. Үүний бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсыг гадаадад хэрхэн сурталчлах тухай хөтөлбөр боловсруулахаар болжээ. Ер нь Монголын тухай ямар сурталчилгаа өмнө нь байсан, гадныхан бидний юуг нь илүү сонирхдог тухай ч авч үзэж. Судалгаагаар Монгол орон, монголчуудын талаарх дараахь мэдээллүүдийг гадныхан хамгийн их сонирхон үздэг байна.

Цаатнууд. Монголын тайгад амьдардаг цаатнуудын тухай гадныхан хамгийн их сонирхдог байна. Цаа буга бол тэдний гол хэрэглээ. Унана, ачина, сүүг нь ууна, махыг нь хэрэглэнэ. Хөхөө өвлийн тачигнасан хүйтэнд урцанд амьдарч, хүүхдүүд нь хөл нүцгэн цасан дээр гүйлдэх тэдний ер бусын амьдрал. Амьтны арьсаар хийсэн гутал, малгай сэлт нь тайгын хүйтнийг давахад тусалдаг бол гадныханд тэд цармын өндөрт амьдардаг зэрлэг хүмүүс шиг харагддаг. Тэгж л ойлгогддог.

Ардын урлаг: Мон­голын ардын урлаг тэр дундаа хөөмийг гадныхан их сонирхдог. Манай хөөмийчдийн өмссөн зүүсэн нь ч этгээд сонин болохоор анхаарал татдаг биз. Эртний баатруудын өмсгөл зүүлт мэт дээл хувцас өмсөж, сүртэй том үслэг малгайнууд тавьдаг нь яг хэдэн зууны өмнөөс ирсэн хүмүүс мэт харагддаг байлгүй. Дэлхийд гайхагддаг гэдэг манай уран нугаралт ч бусдыг нүдийг бүлтийлгэдэг. Үегүй мэт үелзэн хөдлөх нугараачдыг тэд жирийн хүн гэдэгт эргэлздэг. Ямартаа л гадны нэг жуулчин бидний тухай “голио мэт исгэрч, могой мэт мурилздаг” гэж ярьсан байхав.

Кино: Монгол киночдодоо үнэндээ гомдмоор санагдах үе бий. Яагаад гэхээр гадны том тэмцээнд оролцохдоо киночид маань Монгол орныг амьдын там гэж харуулахыг хичээдэг мэт. Траншейныхан, том том шуудай хог үүрээд явж байгаа халтар царайтууд, гуйлга гуйгаад сууж буй сэгсгэр үстэй хүүхдүүд, уранхай ноорхой хувцастай настнууд, авлига авч байгаа дарга нар гээд хамгийн муу муухай гэж юу болохыг яруу тодоор кинондоо харуулдаг. Хонь гаргаж байгаа үйлдлийг нэг бүрчлэн үзүүлж ч байх шиг. Нэг, хоёрдугаар сарын Улаанбаатарын харанхуй хөшгөн утаа ч кино хийх нэг сэдэв нь. Энэ мэт яавал Монголыг дэлхийд муухай харагдуулчих вэ хэмээн уралдаж байгаа мэт хамгийн хэцүү, болохгүй бүтэхгүйгээр нь кино хийнэ. Мэдээж, дэлхийд байхгүй тэр хатуу хэцүү, гаж амьдралыг харуулсан тэдэнд шагнал өгнө. Өөрсдийгөө дэлхийн хэмжээнд явна хэмээн сагсуурцгаана.

Уул уурхай: Сүүлийн жилүүдэд уул уурхайтай холбоотой мэдээлэл их цацагдах болжээ. Харамсалтай нь дандаа сөрөг мэдээлэл. Монголд очиж уул уурхайд нь хөрөнгө оруулалт хийвэл мөнгийг нь дээрэмддэг, эзнийг нь барьж шоронд хорьдог. Монголын төр дээрэм хийдэг гэх мэтээр урсана. Үүнийг уншсан хүмүүс биднийг тал нутагт амьдардаг зэрлэгүүд мэтээр төсөөлдөг.

Хувцаслалт: Манай тамир­чид олимпод оролцохдоо нээлтийн үеэр ер бусын сонин хувцас өмсөн гарч ирдэг байсан нь сүүлийн үед арай гайгүй болоод байгаа. Амьтны арьсан том том малгай өмсөөд ч гарч ирж байх шиг. Монгол бөхийн өмсгөлтэй тугаа мандуулаад ч алхаж байх шиг. Энгийн үедээ түвшин сайхан хувцасладаг хэрнээ дэлхийн улсуудын тэр том наадмын үеэр хачин гайхам хувцас өмсдөг нь ч юув. Испанид болсон загварын шоунд манайхан оролцохдоо бас л бусдын нүдийг орой дээр нь гаргасан тухай яриа бий. Зуны улиралд болсон загварын шоунд бусад улсууд хөнгөн нимгэн хувцас сурталчилж байхад манайхан нэхий дээлээ өмсөөд гараад ирсэн гэдэг.

Бидний тухай ийм л гаж буруу мэдээлэл дэлхий нийтэд хамгийн их цацагддаг. Заримыг нь бүр бид өөрсдөө түгээхийг яана. Үүний үр дүнд Монгол Улсыг, монголчууд биднийг гадныхан юу гэж боддог вэ? Захын хүн л “Чи намайг Монголд очвол морьтой тосох уу. Та нар хичээлдээ мориор явдаг уу. Танайд машин байдаг уу. Монголчууд интернэт гэж мэдэх үү. Халуун усанд орж болох уу” гэж асуудаг. Тэд биднийг морь унаж, малын арьсаа нөмөрсөн бүдүүлгүүд гэж боддог учраас ингэж асуудаг юм. Халуун орны ширэнгэнд амьдардаг хүн иддэг зэрлэг омгийнхон мэтээр төсөөлдөг учраас ингэж ханддаг юм.

Бид энэ бүх гадаад суртал­чил­гааг байнга л шүүмжилж, Монголоо монголоор нь дэлхийн хүмүүст таниулах ёстой хэмээн бичиж ирсэн билээ. Хариуд ардын урлагаа мууллаа, уран бүтээлчдээ шүүмжиллээ гэх мэтээр баахан ад үзэнгүй хандлагууд ирдэг юм. Харин аз болж Ази, Европын улсуудын дээд хэмжээний уулзалт манайд болохоор төлөвлөгдсөнөөр Монголын гадаад сурталчилгаа ямар байгааг үнэнээр нь харах боломж олдов. Хараад бодит байдалтай нүүр тулгарч байгаа нь энэ.

Одооноос эхлээд бид дээрх шиг хар бараан мэдээлэл, сөрөг сурталчилгааг хааж, гэрэл гэгээтэй бүхнээ дэлхийд сурталчилъя. Монгол бол хөгжиж буй орон, монголчууд бол дэлхийн соёлт хүн төрөлхтний нэг юм гэдгийг ойлгуулж залруулах хэрэгтэй. Газар нутаг, цаг агаарын нөхцөл нь л өөр болохоос Монгол Улс бол Зүүн Европын орнуудтай бараг ижилхэн шүү дээ. Бид НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон улс. Дэлхийн олон оронтой дипломат харилцаатай. Нийслэлд нь дэлхийн брэндийн дэлгүүрүүд албан ёсоор ажилладаг. “KFC”, “Burger King” гээд дэлхийд алдартай түргэн хоолны сүлжээ ресторануудтай. Интернэт, гар утастай. Алдарт Форд, Бенз, Тоёота, Аудигаас эхлээд бүхий л загварын машинууд гудамжаар нь давхилдаж байдаг улс шүү.

Монголчууд бол орчин үеийн хүмүүс шиг костюм өмсөж, цаг зүүдэг, франц сүрчиг хэрэглэдэг, гаж буруу царайгүй, өндөр ч биш, нам ч биш ард түмэн. Өөрөөр хэлбэл, бид бусад шиг л орчин үеийн хүмүүс.

Монголчуудыг төлөөлүүлэн гадаадад сурталчилдаг цаатнуудыг бидний үр хүүхэд төдийгүй өөрсдөө ч бид төдийлөн сайн мэддэггүй. Хөөмийлж, уран нугардаг хүмүүс монголчуудын дунд тийм ч олон байдаггүй. Бид амьтны арьс нөмөрч, энд тэндээсээ үс ноос унжуулан гудамжаар алхдаггүй. Хүн амын тун цөөн хувь нь гуйлга гуйж, хог түүдэг. Энэ бол дэлхийн ямар ч улсад байдаг л зүйл. Харин бидний алдаа бол тун цөөхөн байдаг зүйлээ монголчууд бүгдээрээ ийм мэтээр дэлхийд сурталчилдагт байгаа юм. Тэр хэрээр гадныхан монголчуудыг бусдаас гаж, стандарт бус ард түмэн гэсэн ойлголттой болжээ.

Дэлхийн улсууд өөр өөрийн нэрийн хуудас болсон алдартай сайхан кинотой байдаг. Манай уран бүтээлчид ч тийм киног бие биенээсээ өрсөн хийх уралдаанд мордох цаг нь болжээ. Монголыг дэлхийд муухай харагдуулах, бүдүүлэг, хүн төрөлхтнөөс гаж харагдахуйц, үндэстнийг гутаасан кино хийсэн хүмүүст өндөр татвар тавьж шийтгэж баймаар санагдана. Уран бүтээлчид, киночид, гэрэл зурагчид ч цаашид бүтээл туурвилдаа энэ бүхнийг тусгаж анхааралдаа аваасай.

Адель шиг, Селена Гомес шиг, Жастин Бибер шиг авьяастай дуучид Монголд бий. Тэднийгээ олж, дэмжиж, дэлхийд гаргах, Монголын нэрийн хуудас болгох, сурталчилгаа хийх боломж дүүрэн бий. Монголыг монголоор нь дэлхийд таниулах тийм л мэдээлэл, сурталчилгааг одооноос хийх, түгээх хэрэгтэй байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өөд болсон иргэддээ хүртэл тэтгэмж өгөхөөр эдийн засаг дампуурахгүй яах вэ дээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Уламжлал ёсоор манай сонины бямба гаригийн дугаарт нэг ангийнхан булан нийтлэгддэг. Энэ өдөр хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны ангийнхан буюу Булган аймгийн төвийн нэгдүгээр арван жилийг 1963-1973 онд төгссөн төгсөгчид уригдлаа.

Мөн ирэх онд болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр аль болох үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ бэлтгэж ашиглахыг зорьж байгаа. Үүнтэй холбогдуулан гарсан үзэсгэлэнгээс бэлтгэсэн сурвалжлагыг уншаарай.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Өөд болсон иргэддээ хүртэл тэтгэмж өгөхөөр эдийн засаг дампуурахгүй яах вэ дээ” хэмээх нийтлэл хэвлэгдсэн юм. Уг нийтлэлээр төсвийн үрэлгэн бодлого болоод нийгмийн даатгалын сангаас 10 мянган тэнгэрт заларсан иргэдийн бичиг баримтаар тэтгэвэр авч тэр байтугай цалингийн зээл авч байсан явдлыг шүүмжилсэн. Үүнээс ургуулаад үзвэл гурван сая иргэнтэй боллоо гэж хөөрцөглөж байсан нь ч эргэлзээтэй санагдана. Түүнчлэн энэ Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүтэй эдийн засгийн асуудлаар хийсэн сонирхолтой ярилцлага тавдугаар нүүрт хэвлэгдсэн болно.

Рок-н-роллын хаан гэгддэг Элвис Преслигийн амьдрал уран бүтээлийн тухай нүүр ч хэвлэгдсэн юм. Мөн уламжлал ёсоор өд бэх, хэлэх эрхийн индэр, ном ярьж өгье зэрэг булангуудыг бэлтгэн хүргэж байна. Ном ярьж өгье буланд Жек Лондоны “Саран хөндий” зохиолыг онцолж үйл явдал, уран яруу дүрслэлийн талаар сонирхолтойгоор өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Г.Шийлэгдамба: Сейфэнд их мөнгө байсан нь үнэн

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр дөнгөж сая мэдээлэл хийлээ. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг энэ сарын 4-ний өдөр АТГ-аас баривчлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор сайд Г.Шийлэгдамба Ерөнхий сайдад хандан захидал ирүүлсэн байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр “Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ирүүлсэн захидалдаа “АТГ-аас намайг их хэмжээний авлига авсан хэрэгт тулган байцаасан. Тухайн үед миний өрөөнд олон жил найзалсан найзаасаа авсан их хэмжээний мөнгө байсан нь үнэн. АТГ-аас энэ мөнгийг хууль ёсны орлого мөн эсэхийг шалгах шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу шалгах үйл явц үргэлжилж байна. Цаашдаа хэргийг хянаж, шийдэх асуудал удаашрах байх. Мөн улс төрийн нөхцөл байдлын улмаас Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаанд ч эрсдэл учруулж болзошгүй байна. Иймд Эрүүл мэнд, спортын сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгч байна. Надад итгэж, нэр дэвшүүлсэн, хамтран ажилласан Засгийн газрын нэг танхимын гишүүд, “Шударга ёс” эвслийн бүлгийн нөхөддөө талархсанаа илэрхийлье. Би энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж, цагаадна гэдэгт итгэлтэй байна” гэж дурьдсан байна. Г.Шийлэгдамба сайдын чөлөөлөгдөх өргөдлийг Ерөнхий сайд хүлээж авсан” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг: Шилэн дансны хууль сайн хэрэгжиж байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар илтгэл тавьсан. Өнгөрсөн хугацаанд шилэн дансны вэб сайтад давхардсан тоогоор 166000 гаруй иргэн хандаж, 2 сая гаруй мэдээлэ авсан байна. Мөн төрийн бүх шатны 5600 гаруй байгууллага хамрагдаж байгаа гэдгийг онцоллоо.

Дараа нь УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар бүлгийн санал, дүгнэлтийг танилцуулсан. Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

21 аймгаас 15 нь шилэн дансаа хөтөлдөггүй юм байна. Энэ аймгуудад ямар арга хэмжээ авсан юм бэ. Хуулийг хэрэгжүүлэх талаар ийм арга хэмжээ авлаа гэдгээ хэлээч?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Шинэ хууль анх удаа хэрэгжиж байгаа. Хэрэгжүүлэх явцад тодорхой хэмжээний алдаа гарч байхыг үгүйсгэхгүй. Шилэн дансны хэрэгжилтийн гуравдугаар улирлын тайланг одоо авч хэлэлцэнэ. Хангалтгүй хэрэгжүүлж байгаа гурван аймгийн Засаг дарга, гурван яамны асуудлыг авч үзэж, торгуулийн арга хэмжээ авна. Ерөнхий сайд хуулиа хэрэгжүүлэхгүй байна гэж яриад байна. Тийм биш ээ. Ерөнхий сайд өөрөө удирдаад, манлайлаад явж байгаа. Бид програм хангамжийн хувьд шинээр хийсэн. Энэ програм хангамжийг сайжруулах зүйл бий.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

Шилэн данс хөтлөхгүй байхын тулд 5-аас доош сая төгрөгөөр гүйлгээ хийгээд байх шиг байна. Үүнд аудитын шалтгалт хийх үү. Хэрвээ нэг байгууллага дээр олон удаагийн гүйлгээ байвал шилэн данс хөтлөхгүй байхын тулд хэрэглэж байгаа арга, заль болж хувирна шүү дээ. Тэгээд шилэн дансыг хөтлөөгүй гээд 15 аймгийн нэр яваад байна. Дандаа АН-ын удирдлагатай аймгууд байгаа. Цалин хассан гээд жижигхэн зүйл яриад байна. Үүний цаана маш олон саяын авлигын асуудал ч явж байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр цалин хасаад өнгөрч болохгүй. Шилэн дансаа удирдахгүй байгаа аймгуудын зардлаас 30 хувийг нь хасъя гэх ч юм уу. Маш тодорхой хариуцлага тооцмоор байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Аймгуудын шилэн дансны хэрэгжилтийг ярихад аль аймгийн засаг дарга нь аль намын хүн байна вэ гэдэг нь 37 дугаар асуудал. Бүгдийг нь жагсааж байгаад хамгийн муу ажилласан гурван аймгийн Засаг даргад цалинг нь хассан. Үүний дараа нөхцөл байдал сайжрахгүй бол ажлаас нь халах л заалттай. Эхний шатны арга хэмжээгаа авч байгаа. Энэ маань өөрөө дохио болж байна.

Мөн энэ үеэр гишүүд Ерөнхий сайд өөрөө шилэн дансаа хөтлөхгүй байна хэмээн шүүмжилсэн. Харин энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ерөнхий сайд өөрөө ямар ч гүйлгээ, төлбөрийн баримт дээр гарын үсэг зурдаггүй. Ерөнхий сайдын ажлын алба, Засгийн газрын хэрэг эрхлэх газар энэ асуудлыг хариуцаж байгаа. Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго энэ талаар мэдээлэл өг” гэсэн юм.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго: Ерөнхий сайдын төсвийн багцаас сард хоёр удаа л гүйлгээ гардаг. Энэ нь Ерөнхий сайдын цалин. Тэр бол 5 сая байтугай 2 сая ч хүрэхгүй. Төрийн айлчлал зэрэг асуудал төрийн нууцтай холбоотой учраас шилэн дансны мэдээлэлд оруулдаггүй.

УИХ-ын гишүүн А.Тлейхан:

15 хүн гээд, тэрний 3-ыг нь арга хэмжээ авсан гээд байна. Хэнд нь хариуцлага тооцоод, хэнийх нь толгойг илээд байгаа юм. Хууль хүн бүрт эрх тэгш үйлчилдэг биз дээ. Ерөнхий сайд та уурлаж, бухимдах хэрэггүй. Засгийн газрынхаа нөөц сангийн мэдээллийг яагаад оруулдаггүй юм. Тэрнийгээ оруулаад, мэдээлэх л ёстой.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Тлейхан гишүүн ойлгохыг хүсэхгүй байна уу, эсвэл үнэхээр ойлгохгүй байна уу. Аймгуудын асуудлыг С.Баярцогт сайд дахиад хариулж өг.

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:

Засгийн газрын нөөцтэй холбоотой саналуудыг би маш ойлгомжтой тайлбарласан. Засгийн газрын нөөц сан зарлагынхаа статусаар багцлаад, нэг батлагддаг. Хэрэгжилт нь ямар төсвийн ерөнхийлөн захирагч дээр асуудал нь шийдэгдэж байгаа. Дундговь, Завхан, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарын цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан. Үүнийг авахдаа ямар үндэслэл гаргасан бэ гэхээр шилэн дансанд байршуулаагүй байгаа мэдээллүүдийг аудит, авлигалтай тэмцэх газар, дотоод хяналт шалгалтын мэдээллийн дагуу анх удаа арга хэмжээ авсан. Энэ дагуу хамгийн их зөрчилтэй гурван аймаг дээр арга хэмжээ авсан. Энд ямар нэгэн намын асуудал байхгүй.

Categories
мэдээ нийгэм

Суллагдсан хоригдлууд үймээн дэгдээжээ

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж төрөөс 3000 орчим хоригдлыг өршөөж буй. Нийслэлийн хувьд өчигдрийн байдлаар ШШГЕГ-ын харьяа 431, 409 дүгээр ангиас нийт 90 орчим хоригдол суллагдсан юм.

Харин Дархан-Уул аймгийн чанга дэглэмтэй 435 дугаар ангиас 197 ялтан өршөөлд хамрагдаж, 126 хүн суллагдсан байна.

Тэгвэл суллагдсан зарим хоригдлууд үймээн дэгдээж, улмаар цагдаагийн хаалга татжээ.

Тодруулбал, Дархан-Уул аймагт байрлах чанга дэглэмтэй 435 дугаар хорих ангиас суллагдсан хэсэг залуус Эрдэнэт хотод очиж, олон нийтийн газар үймээн дэгдээжээ. Тэд цагдаагийн байгууллагынхныг очиход өмнөөс нь эсэргүүцэл үзүүлэн, нударга зөрүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Камертон хамтлаг тоглолтоо хийнэ

Энэ жил 20 жилийн ой нь тохиож буй “Камертон” хамтлагийнхан энэ сарын 20-нд 19:00 цагаас Crocus Event Hall-д ганцхан удаа тоглолтоо хийхээр боллоо. 1995 оны зургадугаар сарын 24-нд Хөгжим Бүжгийн Сургуулийн оюутан байсан Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулахаар санал тавьснаар Камертон хамтлаг үүсэн байгуулагдаж байсан түүхтэй.

Хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш арван цомог гаргаж, 15 тоглолт хийж, “шилдэг поп хамтлаг”, “шилдэг бүтээл”, “Алтан микрофон” наадмын “шилдэг хамтлаг”, “шилдэг цомог”, “Пентатоник” наадмын “шилдэг хамтлаг”-аар тус тус шалгарсан зэргийг дурьдаж болно. Түүнчлэн хамтлагийнхан бие даасан цомгуудаа гаргасан бөгөөд дуучин Д.Болд “Хайрын хүч”, “440 герц”, “Амьдралын гол дүр”, “Only one”, “Би чамд хайртай”, “Монгол поп”, “My duets”, “Монгол поп”, “Монгол поп 2” зэрэг цомгууд гаргасан бөгөөд хамгийн сүүлд саяхан “Цамцаа тайчаад шид” шинэ цомгоороо фенүүдтэйгээ уулзсан юм. Харин Эба “4th street” цомгоо 2007 онд, Мээдээ “Mi amore” цомгоо 2005 онд, Ганаа “Дурлалын тэнгис” цомгоо мөн 2005 онд тус тус гаргаж байсан юм.

Categories
мэдээ спорт

Манай жүдочид ОХУ-ын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийнэ

Энэ арын 8-18-ны өдрүүдэд манай жүдочид ОХУ-ын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийнэ. Тэд энэ удаад өөрийн улсын нэгдүгээр шигшээ багаа манай улсад бэлтгэл хийлгэх бөгөөд 10 хоногийн хамтарсан бэлтгэлийн дараагаар Азийн цуврал тэмцээнүүдэд оролцох юм байна. ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагчаар Хасанби Таов, Сергей Косменин, Константин Философенко нар ажиллаж байгаа ажээ.

Ирэх тамирчид:

Эрэгтэй

Беслан Мудранов, Роберт Мшвидобадзе, Дмитри Куликов, Михайл Пульяев, Камал Хан-Магомедов, Арсен Галстян, Денис Лаврентев, Арби Данилханов, Муса Могушков, Денис Ярцев, Магомед Назмудинов, Алан Хубецов, Сиразудин Магомедов, Иван Воробев, Кирилл Денисов, Кирилл Вопросов, Адлан Бисултанов, Тагир Хайбулаев

Эмэгтэй

Наталья Кондратева, Кристина Румьянцева, Ирина Дольгова, Ирина Заблудина, Пари, Суракатова, Екитрина Валькова, Ирина Газиева, Алена Прокопенко, Алена Качаровская, Анастасия Дмитриева

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо хуралдаж байна

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2016 оны улсын төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Өглөө 09.00 цагт хуралдах байнгын хорооны хуралдаан хойшилж, 11.30 цагт хуралдсан юм. Ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналыг шийдэхээр байв.

Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төсөл дээр ажиллах шатанд шүүгчид болоод төрийн байгууллагынхны цалинг хасахгүй хэвээр үлдээхээр шийдсэн байна. Мөн төсвийн алдагдал ДНБ-ийн 3 хувиас хэтрэхгүй байхаар төлөвлөжээ.

Хэлэлцүүлэг эхлэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар “Байнгын хорооны хуралдаан дээр бүлгийн гишүүдээс гаргасан саналуудыг татаж авахаар шийдсэн” гэх мэдэгдэл нь гишүүдийн дунд маргаан дэгдээсэн юм.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийг төлөөлж Д.Тэрбишдагва гишүүн “Бүлгийн гишүүдээс гарсан саналыг татан авах талаар бүлгийнхээ төвшинд яриагүй учраас боломжгүй” гэдгээ мэдэгдэж, мөн Төсвийн байнгын хороог ажил хэрэгч байдлаар 2016 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэхийг хүссэнээр хуралдаан үргэлжилсэн.

Байнгын хорооны гишүүд зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцээд түр завсарлаад байсан юм. Учир нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай байлаа. Чуулганы нэгдсэн хуралдааныг дундуур Төсвийн байнгын хороо дахин хуралдахаар болсон юм.

Тус байнгын хорооны гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллийг сонссоны дараагаар дахин хуралдаж, ирэх оны төсвийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Categories
мэдээ улс-төр

Есөн яамтай ажиллах төслийг татав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хурал даргалагч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах болсон тухай дуулгалаа.

Засгийн газар дээрх хуулийн төслийг татаж авснаар 2016 оны наймдугаар сарын 1-нээс эхэлж Засгийн газар 9 яамтай ажиллах боломжгүй болж байгаа юм.

Эдийн засаг хүнд байгаа тул Засгийн газар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа яамдын бүтцэд цомхотгол хийж, одоогийн 17 яамыг ирэх оны наймдугаар сараас 9 хүртэл цөөрүүлэхээр болж, УИХ-д холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байсан юм. УИХ-аар дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүд “Шинээр бүрдэх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг ийн хуульчилж баталгаажуулах нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно” гэж үзсэн учраас төсөл санаачлагч татан авлаа.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн А.Бакей нарын 16 гишүүний санаачлан боловсруулсан Сонгуулийн хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа.

Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанар, уялдаа холбоог сайжруулах шаардлага зэргийг харгалзан сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох, Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаатай хангах, түүнчлэн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчинг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангахад чиглэгдсэн өөрчлөлтийг хийх зэргээр сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж улам боловсронгуй болгох шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг нэгтгэн хуулийн төслийг бүхэлд нь “Сонгуулийн хууль” гэж нэрлэжээ.

Сонгуулийн хуулийн төсөл нь хоёр хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүр бүлэг, дэд бүлэгтэй, нийт 19 бүлэг, 164 зүйлтэй юм.