Categories
мэдээ спорт

“Хакүхо цом” сүмо бөхийн тэмцээн маргааш болно

Мэргэжлийн сүмо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит
“Хакүхо цом” сүмо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн
маргааш(XI.08) Спортын төв ордны “А” зааланд болно.

“Хакүхо цом” өсвөрийн сүмочдын тэмцээнийг “Хакүхо сан”-гаас санаачлан зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Их аваргын ивээл дор явуулдаг, “Эрүүл монгол хүүхэд”-ийн төлөө уриатай
тэмцээнийг “Хакүхо сан”, Их Шавийн дээд сургууль хамтран зохион байгуулж
байгаа бөгөөд тэмцээнд оролцогчид 8, 9, 10, 11, 12, 13-15 гэсэн зургаан
насны ангиллаар өрсөлдөнө.

Тэмцээний бүртгэл өчигдөр дууссан бөгөөд техникийн зөвлөгөөний хурал
өнөөдөр 15.00 цагаас Их шавийн дээд сургуулийн байранд болно.

Тэмцээнд өрсөлдсөн өсвөрийн тамирчдаас Текниктэй бөх, Дайчин бөх, Уран
барилдааны шагналтан тодруулна. Улмаар нас насны ангилалд медальт байр
эзэлсэн болон амжилттай барилдсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж, 2016
оны хоёрдугаар сард Японы Токио хотноо зохиогдох “HAKUHO CUP” олон улсын
тэмцээнд оролцох найман хүүхдийг сонгон шалгаруулах юм.

Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг, Д.Сумъяа нар дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос Абу Дабигийн “Их дуулга” тэмцээний дараагаар жүдочдын чансааг шинэчиллээ.

Монголын жүдочдын чансаа дээшилж Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг нар хоёрдугаарт бичигдэж байна.

Парисын Их дуулгын хүрэл медальт, Абу Дабигийн Их дуулгын алтан
медальт Л.Отгонбаатар наймд, залуучуудын дэлхийн чансаанд гуравдугаарт
бичигдэж буй Ц.Цогтбаатар насанд хүрэгчдийн ангилалд 30 дугаарт байрт
орж ирлээ.

Жүдочдын дэлхийн чансаанд эхний 30-д эрэмблэгдсэн жүдочдыг сонирхуулъя.

Эрэгтэй

-60кг нийт 327 жүдоч

  • Г.Болдбаатар-хоёрдугаарт-1868 оноо
  • Д.Амартүвшин-есдүгээрт-1422 оноо
  • Г.Хэрлэн-23 дугаарт-708 оноо
  • Ц.Цогтбаатар-30 дугаарт-583 оноо

-66кг нийт 386 жүдоч

  • Д.Төмөрхүлэг-хоёрдугаарт-2185 оноо
  • Д.Алтансүх-16 дугаарт-950 оноо

-73кг нийт 400 жүдоч

  • С.Ням-Очир-аравдугаарт-1226 оноо
  • Г.Одбаяр-16 дугаарт-1001 оноо
  • Х.Цагаанбаатар-28 дугаарт-616 оноо

-81кг нийт 367 жүдоч

  • О.Ууганбаатар-23 дугаарт-770 оноо
  • Н.Дагвасүрэн-28 дугаарт 658 оноо

-90кг нийт 281 жүдоч

  • Л.Отгонбаатар-наймдугаарт-1373 оноо

-100кг нийт 244 жүдоч

  • Н.Түвшинбаяр-17 дугаарт-951 оноо

+100кг нийт 197 жүдоч

  • Б.Тэмүүлэн-21 дүгээрт-801 оноо
  • Ө.Дүүрэнбаяр-29 дүгээрт-608 оноо

Эмэгтэй

-48кг нийт 184 жүдоч

  • М.Уранцэцэг-нэгдүгээрт 3178 оноо

-52кг нийт 206 жүдоч

  • М.Бундмаа-16 дугаарт-952 оноо
  • А.Цолмон-21 дүгээрт-711 оноо

-57кг нийт 246 жүдоч

  • Д.Сумъяа-нэгдүгээрт-2451 оноо

-63кг нийт 212 жүдоч

  • Ц.Мөнхзаяа-долдугаарт-1759 оноо
  • Ц.Цэрэннадмид-13 дугаарт-916 оноо

-70кг нийт 174 жүдоч

  • Ц.Наранжаргал-17 дугаарт-1027 оноо
Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч даваа гаригт Хятадыг зорино

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9 буюу ирэх даваа гаригт БНХАУ-ыг зорино. Тэрбээр БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар энэ сарын 9-11-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны
дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар
бараалхана.

Categories
мэдээ нийгэм

Дугуйн марафон болж байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын
Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн
холбоо хамтран “Дугуйн марафон”-ыг хүүхэд, залуучуудын дунд зохион
байгуулж байна.

Марафонд оролцогчид эрэгтэй, эмэгтэй насны ангиллаар Үндэсний цэцэрлэгт
хүрээлэнгийн дугуйн замд өрсөлдөнө. Өнөөдөр хүүхдүүд өрсөлдөж байгаа
юм.

Бага насны хүүхдүүд 3-4 нас /50 м/, 5-6 нас /50 м/, 7-8 нас /100 м/,
9-10 нас /500 м/, 11-12 нас /1000 м/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар,
өсвөр үе, залуучууд 13-14 нас /3 км-1 тойрог/, 15-16 нас /3 км-1
тойрог/, 17-18 нас /6 км-2 тойрог/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр тойргоор уралдаж байна.
Харин маргааш насанд хүрэгчид өрсөлдөнө.

Categories
мэдээ нийгэм

Монгол иргэд Хятадад цасанд боогджээ

БНХАУ-д их хэмжээний цас орны улмаас
Бээжингээс Эрээн рүү зорчиж явсан Монголын иргэд Жин-Тэй тосгоны ойролцоо
цасанд боогдож, гурав хоног саатжээ. Гадаад хэргийн яамны зүгээс БНХАУ-ын Эрээн
хот, Хөх хотод Монгол Улсын төлөөлөн суугаа консултай утсаар холбогдож зохих
арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж. Нийтдээ 200 гаруй монгол иргэн цасанд
боогдсоноос зарим нь Жин-Тэй тосгонд ирсэн бол зарим нь автобусанд хоноглож
байгаа гэнэ. Энэ тухайгаа монгол иргэд ар гэрийнхэндээ мэдэгдэж, улмаар Гадаад
хэргийн яамныхан зохих мэдээллүүдийг авснаар ажилдаа орсон байна. Хятадын
талаас хоёр долоо хоног цас үргэлжлэн орно гэж мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Дамжин суулт үнэгүй боллоо

Хоёр дахь автобусандаа дамжин сууж байгаа зорчигч өнөөдрөөс үнэгүй
зорчиж эхлээд байна. Ингэхдээ нийтийн тээврээр үйлчилүүлсэн зорчигч нь
сэлгэн суусан автобусандаа 30 минутын дотор амжиж үйлчлүүлсэн нөхцөлд
дээрх хөнгөлөлт эдэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эхний автобусандаа 500
төгрөг төлж, дараагийн автобусанд 30 минутад багтаж суусан нөхцөлд
үнэгүй зорчих эрхийг эдэлж байгааг дуулгая. Энэ боломжийг нийтийн
тээврийн цахим карттай бүхэн эдэлнэ.

Онцолоход, НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаас өнгөрсөн сард нийтийн
тээврийн сэлгэн суултыг хөнгөвчлөх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан
нь арваннэгдүгээр сарын 7-ноос буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд
байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Жамбалжав: Төрийн тусгай албаны эмнэлгийг хувьд зувчуулах гэж байгаа нь хууль зөрчсөн асуудал

Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжавтай ярилцлаа.

-Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэх нь гэж ярьж байна. Та эмнэлгийн байгууллагад олон жил ажилласан, асуудлыг хамгийн сайн мэдэх хүний хувьд эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-1990 оноос эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтэд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбар өөрчлөгдөж зах зээлийнхээ жамаар хөгжиж байна. Гэтэл иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх ёстой салбар нь ямар ч өөрчлөлтгүй эмх замбараагаа алдаж дампуураад байна. Миний бие 40 гаруй жил эрүүл мэндийн салбарт зүтгэж сумын эмчээс аймгийн мэс заслын эмч, клиник болон улсын томоохон эмнэлгүүдийн захирал, Эрүүл мэндийн яамны бүх газрын даргаар ажиллахдаа салбарынхаа төлөө гэх санаа агуулж, амжилт бүтээл, сайн сайхан талаас нь харж бодож явлаа. Тиймээс салбараа муулуулахгүй, муулахгүй байх сэтгэл зүрхтэй байдаг ч өнөөгийн доройтол, арчаагүй байдлыг нууж чадахгүй нь. Болж байна гээд хоосон алга ташиж суух нь утгагүй гэж үзсэн болохоор алдаа дутагдал, өнөөгийн бодит байдлын талаар санал бодлоо түмэн олонтойгоо хуваалцаж төр засгийн эрх мэдэлтнүүдийг анхаараасай гэж хүссэн юм.

-Салбар доройтож байгаа нь хэнтэй, юутай холбоотой юм бэ?

-Өнөөгийн алдаа дутагдал эрүүл мэндийн төлөө өдөр, шөнөгүй зүтгэж байгаа 40 гаруй мянган хүнтэй холбоогүй. Амьдралд хүрэлцэхгүй хэдхэн төгрөгийн цалинтай ажиллаж, унтах нойроо хугаслан зүтгэж ирсэн ахмад буурлуудын бүтээж бий болгосон үйл ажиллагааны ерөнхий голдрил л явж байна. Ингэсний хүчинд эрүүл мэндийн салбар хэвийн үйл ажиллагаатай мэт харагдаж байгаа нь манай салбарын эмч ажилтнуудын ажлаа мэддэгийн ач тус. Сүүлийн жилүүдэд эмч, сувилагчийн буруугаас хүний амь нас хохирч байгаа нь дан ганц тэдний буруу биш. Энэ бүхэн тухайн байгууллагын удирдлага, зохион байгуулалттай шууд холбоотой. Эмч нар эмчилгээ үйлчилгээ явуулах, мэс засал хийх, халдварт өвчнөөс сэргийлэх, өвчнийг тархуулахгүй байх зэрэг нь эмнэлгийн тусламжийг зохион байгуулж буй албан тушаалтантай шууд хамааралтай байдаг. Мөн тогтолцоотой холбоотой.

-Янз бүрийн өвчин, тэр дундаа халдварт өвчнөөр өвчилж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг удирдах албаны хүмүүстэй холбож ойлгох хэрэг үү?

-Сүүлийн үеийн мэдээгээр бэлгийн замын өвчлөл 1.5 дахин нэмэгдсэн байгаа. Мөн сүрьеэ өвчний тархалт ихсэн, эхийн эндэгдэл нэмэгдлээ. 0-5 насны хүүхдийн эндэгдэл буурахгүй байна шүү дээ. Гадаадад эмчлүүлж буй монголчуудын тоо өдрөөс өдөрт өсөж байна. Манай эмнэлгүүдийн эмчилгээний чанарын үзүүлэлт муу, эмч сувилагч нар алдаа гаргаж, өвчтөний амь нас хохирч байгаа нь ерөөсөө л эрүүл мэндийн салбарын шат шатны удирдлагатай холбоотой. Тухайлбал, бригадын бага эмч, сумын эрүүл мэндийн даргаас авахуулаад нэгдсэн эмнэлэг, аймаг, дүүрэг, улсын эмнэлгүүдийн дарга, ерөнхий эмч, захирал, Эрүүл мэндийн яамны хэлтэс, газрын дарга цаашлаад Эрүүл мэндийн сайдтай шууд холбоотой. Уг нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд мөрдөж байгаа хууль эрхзүйн актууд чамгүй олныг батлан гаргасан. Эрүүл мэндийн гол хуулиуддаа 3-5 жил тутам байнгын нэмэлт өөрчлөлт оруулж, хуультай холбоотой дагалдан гарах 800 гаруй журам батлан гаргасан байна. Сайн, чанартай хууль гарсан ч үй олон журам, тушаал заавруудыг мөрдөн ажиллуулах ёстой ч мэдлэг дорой, ар өврийн хаалгаар тавигдсан дарга нар байгууллага дээрээ зохион байгуулалт хийж чадахгүй байна.

-Эмнэлгийн үйлчилгээ, чанар муу байгаа тухай ярихаар өөдөөс төсөв, санхүү тааруу байна гэдэг. Үнэхээр төсөв нь хүрэлцдэггүй юм уу?

-Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, төсөв жилээс жилд нэмэгдсээр ирсэн шүү дээ. Ямартай ч манай төрийн түшээд эрүүл мэндийн төсвийг хасаж таналгүй байнга нэмэгдүүлж байдаг нь хүний амь юутай үнэтэй вэ гэдгийг анхаарч байгаатай холбоотой. Хэдийгээр эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа зардал бага, дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувь байна гэж ярьдаг хэдий ч улсын төсөв, эмнэлгийн байгууллагуудын өөрийн орлого, олон улсын хандив тусламж, хувь хүмүүс, албан байгууллагын өгөөмөр тусламжийг тооцвол боломжийн санхүүжилттэй. Гагцхүү энэхүү санхүүжилтийг зөв зохицуулж чадахгүй, үрэн таран хийж байгааг хэн ч анхаарахгүй, хэн ч хяналт тавихгүй байна. Тухайн эмнэлэгт оны эцэст тодорхой хэмжээний мөнгө үлдвэл төрийн сан хураагаад авдаг. Тиймээс эмнэлгүүдийн удирдлага мөнгөө зарцуулж дуусгах зорилготой, дээрээс нь ахиухан мөнгө төсөвт суулгуулах сонирхолтой байдаг.

-Яам хяналт тавьдаг байлгүй дээ?

-Эрүүл мэндийн салбарын амин чухал хэсэг, тархи толгой нь байх ёстой яам нь бодлого боловсруулах битгий хэл ямар ч чадваргүй дампуурлын байдалтай байна. Туршлагатай, сүүлийн жилүүдэд бодлого боловсруулж ирсэн чадвартай төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халж, оронд нь ямар ч ажлын туршлагагүй, мэдлэг мэргэжил дорой хүмүүсээр яамаа дүүргэсэн. Мэргэжилтнүүдээс авахуулаад хэлтэс, газрын дарга нар нь хүнд сурталтай, асуудлыг шийдэх чадваргүй өөрсдөөсөө түлхэж бөөрөнхийлсөн хүмүүс ажиллаж байна. Миний л мэдэхийн одоо яамны эмнэлгийн тусламжийн асуудал хариуцан ажиллаж буй Л.Зэндмаа гэдэг жаахан охин нийслэлийн Эрүүл мэндийн газарт олигтой ч ажиллаж байгаагүй. Нийслэлийн эмнэлгүүдийн тусламжийн асуудлыг бантагнуулж хаясан хүн өдгөө Монгол Улсын хэмжээний эмнэлгийн тусламжийн бодлогыг боловсруулж зохион байгуулна гэж юу байх вэ дээ. Мөн нийгмийн эрүүл мэндийн асуудлыг зохион байгуулах хэлтсийн дарга П.Оюунцэцэг дүн бүртгэлийн эмч бөгөөд ямар ч ажлын туршлагагүй.Үүнээс өмнө маш сайн туршлагатай Нарангэрэл гэж хүн ажиллаж байлаа. Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.Баяр урьд нь Мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээний даргаар ажиллаж байсан бөгөөд энэ ажлаа хийж чадахгүй халагдаж солигдоод энд тэнд хурган дарга хийж байсан. Ийм нөхөр Монгол Улсын хэмжээний эрүүл мэндийн салбарын бодлогыг хэрэгжүүлж чадна гэж үү. Саяхан Баянхонгор аймагт жирэмсэн эхийн төрөлтийн явцад эмнэлгийн тусламжийг буруу зохион байгуулснаас нарийн мэргэжлийн тусламж авч чадалгүй нас барсан хэрэг гарсан. Гэтэл зөвхөн тухайн эмнэлгийн эмч, эмнэлгийн байгууллагын дарга нарт хариуцлага тооцоод өнгөрлөө. Угтаа энэ бол зөвхөн эмч нарын алдаа биш. ЭМЯ-наас орон нутагт эмнэлгийн тусламжийг зохион байгуулж чадахгүй байгаагийн тод жишээ.

-Уг нь эмнэлгүүд нэг үеэ бодвол хэрэгтэй тоног төхөөрөмжөө авч чаддаг болсон. Энэ яамны ажил биш гэж үү?

-Сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр л явж байна шүү дээ. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хавдрын эсрэг хөдөлгөөн эхлүүлж олон нийтийн анхаарлыг хандуулж чадаж байна. Чадахаар барахгүй ХСҮТ-ийн өргөтгөлийг барих мөнгийг 2016 оны төсөвт суулгууллаа. 25 дугаар суваг телевизийнхэн 1000 төгрөгийн хандивын аян өрнүүлж 100 гаруй сая төгрөгөөр Түлэнхийн төвд арьс нөхөхөд хэрэгтэй багаж авч өгсөн. “Бороо гоулд” компани нэгдүгээр төрөхийг барилаа. Гуравдугаар төрөхийг УИХ-ын гишүүд хөөцөлдөн байж бариуллаа. Баянгол дүүрэгт С.Эрдэнэ гишүүн шинэ эмнэлэг нээхийн зэрэгцээ 140 ортой хүүхдийн эмнэлэг байгуулсан. Гэтэл Эрүүл мэндийн сайд хаана юу хийж байна вэ. Эрүүл мэндийн сайд солигдох бүртээ ёс юм шиг Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар өөрийн хүнээ авчирдаг. ЭМЯ-ны төсөв хөрөнгө, зарцуулалт ямар ч эмх замбараагүй, тендер явуулж байгаа нь хувийн ашиг сонирхлынх гэдгийг түмэн олон ярьж байна. Түрүүчийн хүмүүс ч ял хүлээж байна. ЭМЯ-ны сүүлийн жилүүдийн санхүү, төсөв, зохицуулалт, тендер шалгаруулалтыг холбогдох байгууллага шалгах шаардлагатай. Эрүүл мэндийн салбарын баригдаагүй царцаасан барилгуудын хөрөнгө оруулалт ч но-той байгаа шүү.

-Сайд солигдох бүртээ өөрийн хүнээ авчирдаг гэсэн үг үү?

-Одоогийн ЭМЯ-ны төрийн захиргаа удирдлагын дарга, сайдын нарийн бичиг нар эрүүл мэндийн салбараас тэс өөр салбарын хүмүүс. Г.Шийлэгдамба сайдтай хамт ажиллаж байсан, эсвэл хамаатан садангийн хүмүүс гэнэ лээ. Бүхэл бүтэн салбарын хүний нөөц, хүний нөөцийн хөгжил, албан тушаалын томилгоог энэ салбарыг огт мэдэхгүй хүн хариуцан сууж байна гэдэг эмгэнэл бус уу. Уг нь манай салбар бусдыг бодвол хэн дуртай нь ажиллаад байдаггүй, өвөрмөц, тусгай мэргэжлийн салбар. Би эрүүл мэндийн салбарыг удирдсан сүүлийн найм, есөн сайдтай ажиллаж байлаа. Мэргэшсэн эрдмийн зэрэг цолтой, эмчийн чагнуур зүүж, эмнэлэг дээр хонон өнжин өвчтөний амь насны төлөө тэмцэж байсан хүмүүс энэ салбарыг толгойлж байхад арай өөр байсан юм шүү. Хэдийгээр мэргэжлийн бус ч гэлээ мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож, болохоосоо болохгүйг хүртэл зүтгэж өөрийн чадах ёстой юмыг хийж байсан хүмүүс уг нь байсан л юм. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд Т.Ганди эрүүл мэндийн салбарын эрх зүйн актыг боловсронгуй болгоход хичээн зүтгэж, мэргэжлийн хүмүүс болон эрдэмтэн зохион байгуулагч дэд сайд Ш.Энхбат, зөвлөх А.Дамдинсүрэн нарынхаа үгийг сонсож бас ч гэж муугүй ажиллаж байсан. Сайд асан С.Ламбаа эдийн засагч хүний хувьд салбарынхаа эдийн засгийн байдал, эмнэлгүүдийнхээ уялдаа холбоог сайжруулах тал дээр анхаарч чадварлаг газрын дарга нараар хүрээлүүлэн ажиллаж байсан тул өнөөдөр эрүүл мэндийн салбарт нэр хүндтэй үлдсэн. Одоогийн сайд харин яаман дээрээ ч сууж ажиллаж чадахгүй юм. Нэг бол гадуур ажилтай, эсвэл томилолттой л гэнэ. Тэр ч байтугай төрийн нарийн бичгийн дарга эмэгтэйгээ дагуулаад Америк явж, яамыг долоо хоног эзэнгүй байлгасан. Бас сонсох нь ээ, нэг архи уухаараа долоо, найм хоног алга болдог гэнэ. Би Ерөнхий сайдаас асуумаар байдаг юм. Эрүүл мэндийн салбар нь иргэдийн амь насыг хамгаалах, өвчилсөн үед эмчилж эдгээх ажлыг хэрэгжүүлэн зохион байгуулах асуудал Монголын төр засагт хамаагүй хэрэг үү гэж. Бас Г.Шийлэгдамба сайд “Жамбалжав дарга аа, Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын сайдаар эмч хүн ажиллах хэрэггүй болохоор дотроос нь сайд томилж болохгүй гэж хэлсэн” гэсэн. Үнэхээр тэгж хэлсэн юм уу гэдгийг асуухсан.

-Гээндээ ч бий, гоондоо ч бий гэсэн үг байдаг. Эмч нар хүнд суртал гаргаж, авлига өгөөгүй өвчтөнүүдэд анхаарал халамж муу тавьдаг гэдэг?

-Өнөөдөр ард иргэд өвдлөө гэхэд хэвтэх эмнэлэг алга. Эмнэлэг олдлоо ч оргүй болчихдог. Амаржих дөхсөн эх төрөх эмнэлэгт очиход ор олдохгүй, хонгилд сууж байна шүү дээ. Ер нь хүн өвдлөө гэхэд танил эмчийн эрэлд гардаг. Очоод бүх шатанд нь мөнгө барьж байна. Эрүүл мэндийн салбар авлигаараа тэргүүлдэг гэдэг нь үнэний ортой болж байна. Би эмнэлэгт ажиллаж байхдаа мэс заслын дараа хэдэн бууз, халуун савтай цай бариад орж ирэхийг авлига гэхгүй, сэтгэлийн зүйл гэдэг байлаа. Гэтэл манай салбар үнэн хэрэгтээ авлигад баригдчихаж. Ингээд зогсохгүй улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдлэг чадвар өндөр, дадлага туршлагатай эмч нараа өндөр настай болсон байна гээд халчихсан. Оронд нь баруун, зүүнээ мэдэхгүй шахам хүүхдүүд ажиллуулж байна. Энэ бүхэнд хяналт, шалгалт хийж зохих дүрэм, журмаа мөрдүүлдаг газар байх ёстой. Эрүүл мэндийн яаманд ямар ч бодлого алга. Хөөрхий нийслэлийн Эрүүл мэндийн газар, хэдэн дүүргийн эмнэлэгт чамгүй зохицуулалт хийдэг, эрүүл ухамсартай, мэргэжлийн хүмүүс л энэ салбарыг арай ч унагачихгүй зүтгэж байна даа.

-Нэгдүгээр эмнэлэг дээр л гэхэд бөөрний дутагдалтай хүмүүст зориулсан аппаратад танил талгүй, арын хаалгагүй бол орж чаддаггүй гэх яриаг зөндөө л сонсож байлаа?

-Б.Бямбадоржийн удирдсан нэгдүгээр эмнэлгийн үйл ажиллагаа маш муу байгаа нь үнэн. Иргэдээ ялгаварлан гадуурхах, хэвтэн эмчлүүлж буй өвчтөнийхөө эмчилгээг харьяаллын бус гэж хаадаг болсон шүү дээ. Өнгөрсөн онд л гэхэд гемодиализэд орох өвчтөнүүдийг харьяаллын гэж ялгаад дарга цохолт хийдэг болсон. Нэг ёсондоо мөнгөтэй, эсхүл Б.Бямбадоржийг таньдаг бол бөөрний аппаратад орж амь аврагдах юм байна л даа. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, ажилтнууд бол үнэхээр сайн ажилладаг. Ялангуяа ахмад эмч нар маань олон жилийн туршлагатай, гагцхүү тэдний үйл ажиллагааг дэмжиж удирдлагын зохион байгуулалт менежментийг зөв хийх ёстой юм. Нэгдүгээр эмнэлгийн сайн нь Б.Бямбадорж даргын биш, тэнд ажиллаж байгаа чадвартай эмч, ажилтнуудын гавьяа шүү дээ. Би нэгээхэн цаг үед тус эмнэлгийн даргаар ажиллаж байсны хувьд хэн нь яаж ажилладгийг мэднэ.

Ер нь төрийн мэдэлд ГССҮТ, ХӨСҮТ, ХСҮТ, Үндэсний их сургуулийн эмнэлэг, хүчний байгууллагын эмнэлэг байх ёстой.Төр, нийгмийн эрүүл мэндийг авч явах ёстой байдаг. Бусад эмнэлэг буюу I, II, III эмнэлгүүд болон дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэг хувийн салбарт байхад улсын төсөв хэмнэгдэнэ. Дээрээс нь менежмент сайжирна. Эмнэлэг эзэнтэй болно. Авлига газар авахаа болино. Хамгийн гол нь төсвийн ачаалал эрс буурах учиртай. Менежментээр хувьчлагдсан Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эмнэлгийг хар л даа. Улсаас ямар нэгэн төсөв авдаггүй. Эрүүл мэндийн даатгалын мөнгөөр үйл ажиллагаагаа явуулж маш сайн ажиллаж чадаж байна. Гэтэл улсын эмнэлгүүд нь төсвөөс баахан мөнгө авч байгаа хэрнээ өрөнд ороод, төсөв авч байгаа мөртлөө эм тариагаа тасалж хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдээр өөрсдөөр нь эм, тариа авахуулдаг. Удирдлагууд нь улсын мөнгө идээд тендер нэрээр хувьдаа ашиг гаргаж байгаа. Тэр бүү хэл сайд дарга нарт авлига өгөөд тэр суудалдаа өнө удаан жил суугаад байгаа юм биш үү. Зарим сайд эмнэлгийн дарга нараас мөнгө нэхэж авдаг гэж олон түмэн ярих юм. Үнэн байж мэдэх л юм.

-Эмнэлгийн хувьчлал гэснээс Төрийн тусгай албаны эмнэлэг барина гэж байсан. Уг барилгын асуудал юу болсон бэ?

-Төрийн тусгай албаны эмнэлэг барина гээд төсвөөс хөрөнгө гаргаж байснаа гэнэтхэн цэргийн эмнэлэгтэй нэгтгэлээ. Болох л зүйл. Гэвч эмнэлгийн зориулалтаар барьсан барилгад хуулийн байгууллага оруулахаар хөрөнгө зардал гаргаж байснаа дахиад л буцлаа. Одоо эмнэлэг хэвээр нь үлдээхээр болсон юм гэсэн. Ашиглаж эхэлье гэтэл хөрөнгө мөнгөгүй болсон гээд байх юм. Тэгснээ нэгдүгээр эмнэлгийн дарга Б.Бямбадоржийн мэдэлд өгчихөж. Нэг ёсондоо Б.Бямбадорж даргын удирдлага дор хоёр эмнэлэг ажиллах хэрэг үү.

-Төрийн тусгай албаны эмнэлгийг Б.Бямбадорж даргын мэдэлд өгчихсөн хэрэг үү?

-Тус эмнэлгийг Б.Бямбадорж концессын гэрээгээр дуусгахаар болсон юм гэнэ. 30-аад тэрбум төгрөгөөр барьж дуусгаад 30-40 жилийн дараа улсад оруулсан мөнгөө буцааж авна гэсэн. Энэ бол зүгээр л луйвар. Хэрэв концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа юм бол хуулиараа төрийн албан хаагч төрийн эмнэлгийг гэрээ хийж авч болдог юм уу. Тэгээд ч Б.Бямбадорж тийм сайн менежер мөн үү. Төрийн тусгай албаны эмнэлгийг хувьд зувчуулж байгаа нь хууль зөрчсөн асуудал биз дээ. Нэг талаас нэг монгол эмч хувийн хөрөнгөтэй болж байгаа нь сайхан ч Г.Шийлэгдамба сайд нутаг нэгтэндээ шууд өгч байгаа нь хэтэрхий соёлгүй, ёс суртахуунгүй хэрэг. Шуудхан хэлэхэд Төрийн тусгай албаны эмнэлэг зориулалтаараа ажиллахгүй юм бол гэмтлийн эмнэлэг болгох хэрэгтэй. Б.Бямбадоржийн хувийн эзэмшилд өгсөн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй. Тэр ч байтугай энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар болон холбогдох хуулийн байгууллага шалгах нь зүйтэй юм.

Гэмтлийн эмнэлэг өнөөдөр савандаа багтахгүй, дээр нь Түлэнхийн тасгийг оруулсан нь эмнэлэг хамгааллын дэглэмийг ноцтой зөрчиж байгаа гэмт хэрэг. Түлэнхийн шарх бол идээлүүлэгч стафилококк агуулдаг халдвар тараах аюултай байхад мэс засал хийлгэсэн өвчтөнүүдтэй агаарын урсгал нэг газарт байж болох уу. Гэтэл бариад дуусаж байгаа эмнэлгээ хувьдаа бизнесийн эмнэлэг болгож байдаг. Бас нэгэн зүйлийг хэлэхэд Б.Бямбадорж оо, уучлаарай. Би хувь хүн гэдэг утгаар нь чам руу дайраагүй. Бас чамайг хамт олон эсэргүүцэж байхад сайн ажиллах залуу хүн гэж дэмжин орлогчоороо дэвшүүлж ажиллуулсан. Бидний хувийн харьцаа бол хувийнхаараа. Харин энэ үйл ажиллагаа бол улс эх орон, ард түмний төлөө тул би асуудлаа ил тавьж байгаа юм. Ухаантай ойлгож хүлээж аваад хариуцсан нэгдүгээр эмнэлгийн ажлаа сайжруулахыг би чамаас хүсэж байна. Эрүүл мэндийн салбар, эмнэлгийн үйлчилгээ гэдэг бол ард түмний өмч. Эн тэргүүний хэрэгцээ. Тиймээс эрүүл мэндийн олон мянган эмч ажилтан та бид энэ салбараа арчаагүй байдлаас гаргах хэрэгтэй. Ард түмнийхээ төлөө зүтгэх эрхэм зорилго бол зөвхөн та бидний амин чухал зорилт шүү.

Categories
мэдээ цаг-үе

“Реал” Мадрид, “Ман Сити”, “Зенит”, “Барселона” зэрэг багууд дараачийн шатанд шалгарлаа

“Реал”Мадрид-ПСЖ 1:0

Тэмцээний эхний үеийн 33 дахь минутад гэмтсэн зүүн жигүүрийн хамгаалагч Марселогийн оронд анх удаа үндсэн бүрэлдэхүүнд багтан талбайд гарсан Начогийн “сохор” гоолын ачаар мадрид­чууд өрсөлдөгчөө буулган авч, уйтгартай тоглолт үзүүллээ хэмээн эсэргүүцэн шүгэлдэх үзэгчдийнхээ шуугиан дор талбайгаасаа явцгаалаа. Серхио Рамос “Зарим нэг зүйлийг зөв хийж гурван оноо авсан ч гэлээ сэтгэлд баясал алга байх чинь. Нутгийнхаа талбай дээр ингэж тоглож арай болохгүй байх. Ярилцах л хэрэгтэй” гэсэн байх юм. Улирлын өмнө Анчелоттиг сольж Бенитесийг авчрахдаа энэ испани дасгал­жуулагч довтолдоггүй, хамгаал­даг уйтгартай нэгэн гэдгийг мэдэж л байсан шүү дээ. Тийм ч учраас багийнх нь үндсэн хаалгач Кейлор Навас 540 минут гоол алдаагүй гэх үнэм­лэхүй амжилт тогтоон “Реал” зургаан тоглолт дараа­лан хаалгандаа бөмбөг алдалгүй үлдэж чадлаа. Нод­нин, уржнангийн тоглол­тууд­тайгаа нийлүүлбэл тэд хэсгийн тэмцээнд нийт 19 тог­лолт дараалан хожигдож үзсэнгүй гэх тоо ч гарч байна.

“Севилья”-“Ман Сити” 1:3

Баян араб эзэнтэй “Ман Сити” Аваргуудын лигт оролцох болсон цагаасаа хойш анх удаа хоёр тоглолт дутуу байхад хэсгээсээ шалгарч плей-оффт тоглох эрхээ авч байх юм. Хашир сууж байгаагийн илрэл юм болов уу. Мануэль Пеллегрини “Эртхэн шиг плей-оффт шалгарна гэдэг чинь тун сайн. Одоо хэсгээ тэргүүлэхийн төлөө тэмцэнэ дээ. Сайн тоглолоо. Яя Туре, Фернандиньо, Фернандо нар үүргээ сайн гүйцэтгэж өрсөлдөгчдөө шахаж тоглосон нь асар их үр дүнтэй боллоо. Богино дамжуулалт, хоосон зайг олж харах, хурдан довтолгоо зэрэг нь амжилтын үндэс болдог юм” гээд хэвлэлийн хурал дээр баахан тактик ярьж байсан нь тоглолт таалагдсаны илрэл. Түүнээс биш ихэвчлэн хэн нэгнийг муулаад л орж ирдэг хүн шүү дээ. Харин “Севилья”-гийн хувьд харамсмаар. Даржин төсөвтэй ч гэлээ өөрийн гэсэн өнгө аястай, хэнийг ч дуурайдаггүй цоглог тоглолттой энэ багийн дараачийн шатанд шалгарах боломж бараг л замхарлаа.

“Шахтёр”-“Мальме” 4:0

Донецк хотод харьяалагд­даг ч гэлээ дайны хөлөөс дүрвэн баруун тийшээ Львов хотод шилжин төвхнөсөн “Шахтёр” энэ жилийн Аваргуудын лигийн анхны гоол, анхны хожлоо авсан ч гэлээ хөлбөмбөгөөс үл хамаарах үйлээр нэрээ цуурай­туулж байх юм. Украйны балиашигууд тэмцээн эхлэхээс өмнө “паб”-д сууж байсан шведийн хөгжөөн дэмжигчид рүү халдаж зодсон, үймээн дэгдээсэн, уушийн газрын өмчийг эвдсэн гээд бичигдэж байна. Улс орныхоо нөхцөлөөс шалтгаалдаг юм болов уу гэлтэй хэзээ нэгэн цагт асар амгалан тайван байсан украинчууд сүүлийн үед Европ тивдээ нэлээн ширүүн балиашгуудтай орнуудын тоонд дээгүүр бичигдэх боллоо. Нацист мэндчилгээг талбайд үзүүлсэн, Словений хөгжөөн дэмжигчдийг доромжилсон, “Челси”-тэй тоглох үеэр хар арьстай үзэгчийг түмэн камерын өмнө олуулаа нийлж зодсон гээд л тун ойрын үед Украины багуудын хар хуудсууд овоороод байна. Европын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд нэг л өдөр “ниргэнэ дээ.”

“Лион”- “Зенит” 0:2

Орос улсын аварга баг “Зенит” энэ жил олон улсын дэвжээн дээр гайхалтай тоглож байна. Дотоодынхоо тэмцээнд ихэвчлэн хамгаалж байгаа багийн эсрэг довтолж тоглодог тул тэр бүр хождоггүй, харин Аваргуудын лигт тогтмол сөрөг довтолгоогоор нааддаг тул амжилтад хүрч байна хэмээн тайлбарлаж байгаа. Ямартай ч тэд авах ёстой онооны дээд хязгаар 12-ыг авсан анхны баг болж плей-оффт шалгарлаа. Энэ жил “Спартак”-аас “Зенит”-д ирсэн Дзюба, Бразилийн довтлогч Халк хоёрын хослол сүүлийн үед ойлголцлын өндөр түвшинд хүрч байна гэдэг нь жигтэйхэн. Энэ тоглолтод л гэхэд Дзюбагийн оруулсан хоёр гоолын дамжуулалтыг Халк өглөө. “Эхний бөмбөгийг Халк хоосон хаалганд оруулах хэмжээнд дамжуулсан шүү дээ. Харин гоолыг бараг л хөлийн хурууны үзүүрээр хийчих шиг боллоо. 45 размерын гутал өмсдөг маань тус болсон гэх үү. Үнэндээ бол бас л Халкийн гавьяа шүү дээ” гэж Дзюба хэлсэн байна лээ.

“Бавари”- “Арсенал” 5:1

Хэрвээ Петр Чех хаалган дээр зогсож байгаагүй бол “герман машин” өрсөлдөгчөө хоёр оронтой тоогоор бут ниргэхээр тийм “аймаар” нэг талдаа тоглосон тэмцээн байлаа. Германы баг хүссэн үедээ ямар ч чиглэлээр, холоос, ойроос, толгойгоороо гээд л төрөл бүрийн гоол оруулав. Эдгээр гоолуудын нэгийг нь энэ жил анх удаа талбайд гарч буй “мөнхийн залуу” Роббен хийсэн нь тэмдэглүүштэй. “Арсенал” хэдийгээр гурав дахь хожигдлоо амсаж байгаа ч гэлээ плей-оффт шалгарах боломжоо алдаагүй байгаа гэхээр бас л сонин.

“Барселон”- “Батэ” 3:0

Агуу “Барселон” бас дараа­чийн шатанд шалгарлаа. Тэд Мессигүйгээр тоглож дасаж байна. Том гэмтэл авсан Месси үзэгчдийн суудалд суугаад нөхдийнхөө тоглолтыг үзсэн энэ удаагийн тэмцээний гол од нь Бразилийн Неймар байв. Хоёр гоол, нэг үр дүнтэй дамжуулалтаар тэмцээнийг өндөрлүүлсэн Неймар “Тоглолт таалагдлаа. Илүү дутуу зүйлгүй, бүгд үүргээ ухамсарласан сайхан наадаан боллоо. Бидэнд Месси үгүйлэгдэж байгаа нь үнэн. Тэр чинь энэ дэлхийн шилдэг нь шүү дээ. Гэхдээ түүнийг эзгүй байх үед миний бэлтгэл бас гологдохооргүй сайн байна шүү, тийм ээ” гэж ярилцлага өгчээ.

“Рома”- “Байер” 3:2

“E” хэсгийн нөгөө хоёр баг болох “Рома”, “Байер” нар 14 хоногийн өмнө 4:4-өөр тэнцэж байсан наадмаа дахиад үргэлжлүүлье гэж тохирсон мэт нээлттэй тоглож үзэгч олныгоо баясгав. Харилцан довтолж ээлжлэн гоол оруулсаар эцэстээ тоглолтын төгсгөлд Пьяничийн торгуулийн цохилтоор италичууд ялалт байгууллаа.

“Челси”-“Динамо”Киев 2:1

Лондонгийн “Челси” их л ядарч байж Украины аваргыг хожлоо. “Челси”-гийн эхний гоолыг өрсөлдөгч нар нь өөрийнхөө хаалганд хийсэн бол хоёр дахийг нь нөгөө л Виллиани нөгөө л стандарт цохилтоосоо оруулж байх юм. Өөрөөр гоолдох арга байдаг юм гэдгийг мартсан гэлтэй. Терри 107 дахь удаагаа багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд багтан Аваргуудын лигийн тоглолтод оролцсоноороо Английн багууд дотроо байхгүй удаан тоглож буй нэгэн болж байна. Үзэгчид тоглолтын дараа баахан алга ташиж зогссон бөгөөд Моуриньог битгий яваасай, багтаа үлдээсэй, хүнд үеэ даваасай гэж дэмжиж буй нь илт байв. “Би тэдний ийм үйлдэлд нь асар их талархлаа. Тийм ээ, манай баг тааруухан амжилт үзүүлж хэцүүхэн байгаа нь үнэн. Гэхдээ ийм үе ирэхэд эр хүн шиг нүүр тулан давж гарах чадалтай байх хэрэгтэй хэмээн багийнхандаа хэлдэг. Хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг амжилтаар хариулах юмсан” гэж португали дасгалжуулагч хэлэв.

Categories
мэдээ цаг-үе

Баатарлаг тариаланчдын ТРАКТОРТОЙ ТЭМЦЛИЙГ эргэн дурсахуйд

Одоогоос 13 жилийн өмнө болсон тракторчдын тэмцлийн гол зорилго нь юу байсан, тэр үед Монголын ардчилалд ямар аюул нүүрлээд байсан, эрх баригчид яаж дураараа аашилж, иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж байсан талаар л эргэн дурсъя. Нэрт нийтлэлч Баабар нэгэн удаа “2002-2004 онд Л.Гүндалайгийн УИХ дээр хэлж байсан үг, хийж байсан тэмцэл, Э.Бат-Үүлийн тракторчдын бослого, миний бичсэн нийтлэлүүд Монголын ардчилалд ихээхэн хувь нэмэр болсон доо” гэж бичиж байлаа. Газрыг шударгаар хувьчлахын төлөө хөдөлгөөн байгуулагдсан болон трактортой тэмцэл мөн чанартаа ийм юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2002 оны зургадугаар сарын 28-нд баталсан байдаг. Тухайн үеийн УИХ дээрх хуулийг иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авалгүйгээр наадмын өмнөхөн яаравчлан баталсан. Энэ хуулиар иргэд газар өмчлөх эрхтэй болсон ч эгэл жирийн тариаланчдад тариалангийн газрыг нь шударгаар өмчлөх эрхийг олгоогүй. Нийслэлийн гэр хорооллын иргэдэд мөн эзэмшиж байсан хашааных нь газрыг өмчлөх боломж олгоогүй байлаа.

Эндээс газрын төлөөх тэмцэл эхлэх нөхцөл бүрдсэн юм. Уг хууль батлагдсаны дараахан улсын наадам болж Монгол даяар их амралтын улирал эхэлсэн. Гэвч иргэдийн дунд ялангуяа газар тариалангийн гол бүс нутаг болох Төв, Сэлэнгэ аймаг, нийслэлийн гэр хорооллынхны ярианы сэдэв газар өмчлүүлэх хуулийн тухай байв. Тэрхүү яриа өргөн олныг хамарч, хүрээгээ тэлэх тусам Газар өмчлүүлэх хууль иргэний эрхийг ноцтой зөрчсөн нь мэдрэгдэж, хуулийн заалтуудыг хугацаа алдалгүй өөрчлөх шаардлагатай гэсэн шийдэлд хүрсэн.

Ийм үзэл бодолтой хүмүүсийн тоо нэмэгдсээр “Газрыг шударгаар хувьчлахын төлөө хөдөлгөөн” байгуулсан. Анхдугаар хурал нь 2002 оны есдүгээр сарын 28-нд МоАХ-ны “цагаан байр”-ны хурлын зааланд болсон юм. Хуралд Улаанбаатар хотоос Эрдэнийн Бат-Үүл, Догмидын Сосорбарам,Төв аймгаас Шагдарсүрэнгийн Бямбажав, Халтарын Батнэрэн, Гомбын Дашрэнцэн, Хаянхярваагийн Баттөгс, Новиканы Дукат, Батнэрэнгийн Баярмагнай,Сэлэнгэ аймгаас Буурайн Лувсандагва, Пүрэвсүрэнгийн Жавхлан, Дэмбэрэлийн Баасансүрэн, Чулуундоржийн Ганзориг, Болдын Алтантуяа, Чимэдийн Наранцацралт, Лувсанжавын Отгонгэрэл нар оролцож тус хөдөлгөөнийг байгуулж, хөдөлгөөний тэргүүнээр Э.Бат-Үүл, дэд тэргүүнээр Ш.Бямбажав, тэргүүлэгчдээр Г.Дашрэнцэн, Б.Лувсандагва, Цэрэн-Очир, П.Жавхлан, Х.Баттөгс нарыг баталсан. Тус хөдөлгөөн нь газар тариалангийн газрыг тухайн орон нутагт амьдарч тариалан эрхэлдэг иргэдэд шударгаар хувьчлан өмчлүүлэх, мөн нийслэлд барилгажих талбай гэх шалтгаанаар хураан авах гэж буй газрыг гэр хорооллын хашаа бүхий иргэдэд хувьчилж өмчлүүлэхийн төлөө тэмцэхээ гол зорилго болгосон юм.

УИХ-ын дарга С.Төмөр-Очир,Ерөнхий сайд Н.Энхбаяр болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарт өгөх өргөн барих бичгийг хэлэлцэн баталж, олон нийтэд хандан сонордуулга гаргаж байлаа. Анхдугаар хурлын тухай материал 2002 оны аравдугаар сарын 01-ний өдөр “Өдрийн сонин”-д бүрэн эхээрээ тайлбартайгаар хэвлэгдэж байсан. Ер нь тэр үед УИХ дан ганц намаас шахуу бүрдсэн, сөрөг хүчингүй байсан болоод ч тэр үү манай хөдөлгөөний талаар үнэн бодитоор мэдээлдэггүй, харин мушгин гуйвуулж, гүтгэн доромжилж, огт худлаа мэдээлэл гаргадаг байлаа.Энэ хүнд хэцүү үед “Өдрийн сонин” л өдөр алгасалгүй үнэн бодит мэдээлэл цацаж байсан. Манай хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгчөөр Г.Эрдэнэбат гаргуун сайн ажиллаж байлаа. Тус хөдөлгөөний шаардлагад албан ёсны хариу огт ирүүлээгүй, хуулийн ноцтой заалтуудыг өөрчлөх талаар эрх баригчид ямар нэг алхам хийгээгүй тул тариаланчид, нийслэлийн гэр хороололд оршин суугчдын тэмцлийг трактортой жагсаал, цуглаан хэлбэрээр хийхээр шийдвэрлэж бэлтгэл ажилдаа орж билээ.Хөдөлгөөний удирдах зөвлөлийн хурлаас трактортой жагсаал, цуглаанд оролцох тариаланчдыг зохион байгуулахаар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт Э.Бат-Үүл, Б.Лувсандагва, П.Жавхлан,Төв аймагт Г.Дашрэнцэн, Х.Баттөгс нарыг томилон явуулж байв. Арваннэгдүгээр сарын 2-ноос Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын төв талбайгаас трактортой жагсаал, цуглаан эхэлж байсан түүхтэй. Сэлэнгэ аймгийн төвөөс эхэлсэн трактортой жагсаалд Ерөө, Хушаат, Баянгол,Орхон сумаас тус бүр гурав, Сант сумаас хоёр, Зүүнбүрэн, Шаамар, Алтанбулаг сумаас тус бүр нэг, Сэлэнгэ аймгаас бүгд 17, Төв аймгийн Баянчандмань сумаас зургаа, Жаргалант, Заамар сумаас тус бүр гурав, Борнуур сумаас хоёр, Угтаалцайдам сумаас нэг, Төв аймгаас бүгд 15, Дархан-Уул аймгийн Хонгор сумаас 2, нийт 34 трактортой 86 тариаланч нийслэлийн баруунаас буюу 22-ын товчоогоор жагсан орж ирж байлаа. 22-ын товчоогоор орж ирсэн трактортой тариаланчдын жагсаал туулах зам нь богино ч тулгарсан бэрхшээл, зовлон, саад тотгор нь даанч их байсан.Трактортойгоо тэмцэгчдийн ихэнх нь сумаасаа гараад жагсаалдаа нэгдэж чадалгүй тэр үеийн эрх баригчид, сумдын Засаг дарга, түүний Тамгын газар, хэсгийн төлөөлөгчдийн хийсэн үйлдлээс болж нийслэлд ирж чадаагүй юм. 2002 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр тэмцэгчид маань Эрх чөлөөний талбайд 35 трактороо жагсаан байрлуулсан. 22-ын товчоогоор буюу нийслэлийн баруун талаас жагсан орж ирсэн 34 тракторын тоог 35 болгосон цогтой тэмцэгч бол Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Маньбазарын Энхтүвшин байв. Нийслэлийн зүүн чиглэлийн замыг тэр үеийн эрх баригчид 22-ын товчоо шиг замыг нь хааж хориг тавиагүй учраас М.Энхтүвшин маань шууд Эрх чөлөөний талбайд хувийнхаа трактортойгоо ороод ирсэн байдаг. Эхнээсээ л трактортой тариаланчдын тэмцэл олны анхаарлын төвд орж, МоАХ-ны болон Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, Хүний эрхийн төлөөх ТББ-ууд, зарим эмэгтэйчүүдийн байгууллагууд гээд л мөн ч олон байгууллага, иргэд дэмжиж, улс орныг хамарч хүрээгээ тэлсэн дээ. Эрхээ хамгаалахын төлөө тэмцсэн иргэдийн тэмцлийг Н.Энхбаяр тэргүүтэй эрх баригчид л нухчин дарахыг оролдож, элдэв хориг саад тавьж, Сүхбаатарын талбайд байрлуулсан тракторуудаа шөнийн цагаар жижүүрлэн хонож байсан тракторчид,тариаланчид, МоАХ-ны гишүүд, тэдний тэмцлийн талаар сурвалжилж байсан сурвалжлагчид, нийслэлийн гэр хороололд амьдардаг зарим иргэдийг шөнийн хоёр цагийн үед нүд ирмэхийн зуур 1000 орчим цагдаагийн хүчээр баривчилж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, хувийн өмч болох тракторуудыг нь дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компанийн бэлтгэгдсэн авто машинуудаар чирж, журмын хашаанд оруулсан байдаг. Тэгсэн ч тариаланчид маань тэмцлээ цааш үргэлжлүүлэн Төв аймгийн Жаргалант, Баянчандмань сумаас дахин таван трактор оруулж, 2003 оны дөрөвдүгээр сарын 7-нд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 21 сумаас 248 тариаланч явган маршаар нийслэлд жагсан ирээд, нийслэлийн гэр хороололд амьдардаг иргэдийн төлөөлөлтэй нэгдэн Сүхбаатарын талбайд суулт хийсэн юм. Энэхүү суулт бүтэн долоо хоног үргэлжилсэн.

Энэ суултын үед ч эрх баригчид маань үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн тэдний доороо дэвсэж суухаар авчирсан эсгий, хөвөнтэй гудас болон дулаан хувцсыг оруулахгүй цагдаа нараар хураалгах үүрэг өгч, тэмцэгчид цагдаа нарын хооронд үймээн үүсгэж байсны дээр хэсэг цагдаа тэдний заримыг зодож, гаваараа толгойг нь хага цохиж, даанч хүнлэг биш хандаж байсан даа. Газрыг шударгаар хувьчлахын төлөө хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүд,тус хөдөлгөөний салбар зөвлөлийн дарга нар хуралдаж, суултыг зохион байгуулах зөвлөлөө байгуулж, ,ерөнхий зохицуулагчаар Төв аймгийн Жаргалант сумын Б.Бунтар, Мэдээлэл сурталчилгааны албыг Сэлэнгэ аймгийн Орхон сумын Д.Батмөнх, Сургалтын албыг Төв аймгийн М.Ариунболд, Сурталчилгааны албыг Сэлэнгэ аймгийн Сант сумын Ж.Оюунжаргал, Эрүүл мэнд, ахуй үйлчилгээний албыг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Г.Лхагважав нарт хариуцуулан ажиллаж байв. 2002, 2003 он дамжин өрнөсөн тэмцэл маань ийм л болж өнгөрсөн дөө. Хэдхэн сарын өмнө Цандэлэг тэргүүтэй Тариаланчдын холбооныхон комбайн, трактортойгоо Чингисийн талбайд жагсаал, цуглаан хийгээд буудайгаа талбай дээр асгаж байгаад хэлэх үгээ хэлээд л явна лээ. Тэдний жагсаалыг хотын шинэ удирдлагууд маань цагдаагаараа хамгаалуулаад тайван л болоод өнгөрсөн. Юм гэдэг ийм л байх ёстой юм байна. 13 жилийн өмнө болсон трактортой тэмцлийн талаар та бүхэнд сэргээн сануулсан нь ийм л учиртай.

Монгол Улсын гавьаят багш Шагдарсүрэнгийн Бямбажав

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Урьдчилсан дүнгээр ургацынхаа 30 хувийг алдаад байна

Тариаланчдын тариа ногоогоо хураах их ажил ямартай ч ард үлдлээ. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил бүрэн дуусаад байна. Хэн хэдэн га талбайгаас хичнээн тонн үр тариа авсан гэх тоог тус бүрдээ тариаланчид гаргаж суугаа. Харин улсын хэмжээнд хичнээн тонн ургац хураасан болох нэгдсэн мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуйн яам энэ сарын 20 гэхэд гаргахаар бэлтгэж байна. Тодруулбал, хөдөө орон нутгуудад газар тариалангийн холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэсэн үг.

Ямартай ч Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас урьдчилсан баланс мэдээллийг гаргажээ. Өнөө жил улсын хэмжээнд нийт 512 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Ингэхдээ 360 мянган га-д улаан буудай, 12.9 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо тарьсан байна. Харин 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал тарьсан юм байна. Ийм хэмжээний тариалалт хийгээд ургац хураалтын үеэр хичнээн тонн үр тариа авахаа мэдээж тооцоолж гаргасан байдаг. Урьдчилсан байдлаар 400 мянган тонн буудай, 117 мянган тонн төмс, 75 мянган тонн хүнсний ногоо хураахаар тооцоо гаргажээ. Түүнчлэн 28 мянган тонн тосны ургамал, 53 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах урьдчилсан баланс гаргасан байна.

Тэгвэл хамгийн сүүлийн мэдээгээр улсын хэмжээнд 278 мянган га талбайгаас 200 мянган тонн буудай хураан авчээ. Мөн 163 мянган тонн төмс, 71 мянган тонн хүнсний ногоо, 42 мянган тонн малын тэжээл, 21 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Үүнээс харахад буудайн хураалт тооцоолсноос 50 мянган тонноор бага байна. Харин өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 289 мянган тонноор бага байгаа юм. Учир нь өнгөрсөн онд 489 мянган тонн буудай хураан авч байжээ. Тосны ургамал, малын тэжээлийн тухайд урьдчилсан байдлаар гаргасан тооноос 4-5 мянган тонноор буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ энэ жил төмс ургац сайтай байсан талаар тариаланчид ярьж байсан. Тэгвэл төлөвлөснөөсөө 50 мянган тонноор илүү төмс хурааж авчээ. Одоогоор дотоодын гурил үйлдвэрлэлд 108 мянган тонн буудай нийлүүлээд байгаа аж.

Ургац хураалтын талаар Хүнс, хөдөө аж ахуйн Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-Энэ жилийн тухайд өмнөх жилүүдээс ургац хураалт харьцангуй багатай байна гэсэн урьдчилсан тоо гарсан байна. Үүнд цаг агаарын нөхцөл байдал голчлон нөлөөлсөн гэх юм?

-Тариалалт хийснээс хойш тав, зургадугаар сарын сүүлээр тариалангийн бүс нутгуудаар хур бороо ороогүй. Ерөнхийдөө 50 гаруй хоног бороо ороогүй. Таримлын ид бутлалт, соёололтын үед хөрсний чийг, хур бороо маш чухал байдаг. Тэгвэл энэ жил үр тариа зөвхөн хөрснийхөө чийгээр дээшээ зүтгэж ургасан. Таримлын өсөлт 14-20 хоног зогсонги байдалд орсон. Тариалангийн бүс нутгаар долдугаар сарын 7-ноос бороо орсон. Үүнээс хойш тариа нэлээн сэргэсэн.

-Мэдээж урьдчилсан балансыг гаргасан байсан биз дээ?

-Цаг агаарын нөхцөл таагүй байсан ч энэ жилийн ургацын урьдчилсан балансыг гаргасан байгаа. Наймдугаар сарын 25-нд гарсан урьдчилсан балансаар 297 мянган га талбайгаас тариа хураахаас 278 мянган га-аас буудай хураана. 12.1 мянган га-гаас төмс, 6.6 мянган га талбайгаас хүнсний ногоо, 53 мянган га-гаас тэжээлийн ургамал, 55 мянган га-гаас тосны ургамал хурааж авна гэсэн урьдчилсан баланс гарсан. Баланс гарсны дараа есдүгээр сарын 3-наас ургац хураалт улсын хэмжээнд эхэлж 7-н гэхэд ерөнхийдөө жигдэрсэн байгаа. Гэтэл наймдугаар сарын сүүлээр ихэнх нутгаар бороо орсон. Уг борооны улмаас хавар өсөлт нь зогссон тариа хэнзэлж урган ургац хураалтад нэлээд бэрхшээл үүсч удааширсан.

-Ургац хураах үеэр ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрсэн. Энэ үеэр тариаланчид хэр хэмжээний хохирол амссан бэ?

-Хураалт жигдрээд явж байтал есдүгээр сарын сүүлийн арав хоногт газар тариалангийн бүс нутгуудаар хур тунадас их орлоо. Зарим газраараа нойтон цас орсон. Мөн аравдугаар сарын сүүлийн хоёр гурав хоног усархаг бороо орлоо. Үүний улмаас ургац хураалт багагүй хугацаагаар хойшилсон. Зарим тариаланчид тариагаа цасанд даруулсан гээд бидний балансаар тогтоосон ургацын хэмжээ буурсан.

-Энэ жилийн ургац хураалт тооцоолж байснаас хичнээн хувиар багассан бол?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ургац хураалт дуусаад байна. Хөдөө орон нутгийн үтрэмд буудайгаа цэвэрлэх, ялгах ажил явагдаж байна. Одоогийн байдлаар нэгдсэн мэдээлэл гараагүй байна. Энэ сарын 20-н гэхэд яаманд тодорхой болно. Бид ямар ч байсан энэ сардаа багтаагаад орон нутгуудаас ургацын дүнг авч нэгтгээд Засгийн газарт танилцуулах болно. Өнөөдрийн байдлаар 200 мянган тонн улаан буудай үтрэм дээр буусан гэсэн мэдээлэлтэй байна. Анх яамны зүгээс 300 мянган га-д улаан буудай тариална гэж төлөвлөгөө гаргаж байсан. Ингээд 360 мянган га талбайд улаан буудай тариалсан. Үүнээс 400 гаруй мянган тонн улаан буудай хурааж авах бөгөөд дотоодын үйлдвэрүүдэд 320 мянган тонн буудай нийлүүлнэ гэсэн төлөвлөгөө байсан. Харамсалтай нь энэ тоондоо хүрээгүй. Урьдчилсан балансаар дотоодынхоо гурилын хэрэгцээний 58 хувийг хангана гэж үзэж байсан бол өнөөдөр 50 хувьд ч хүрээгүй л сууж байна.

Сүүлийн жилүүдэд цаг агаар тааламжтай байсан. Үүнээс гадна тариаланчид дахин цаг агаар тааламжтай байх юм шиг бодож сэлгэн тариалалтыг нэг их илүүд үзэхгүй өмнө тарьсан гуурсандаа тариалалт дахин хийсэн. Энэ нь өнөө жилийн ган гачигтай холбоотойгоор ургацын гарц муудсан байх жишээтэй. Мөн балансад орсон талбайд тариа хэнзлээд ирэхээр тэжээлд бэлтгэх зориулалттай хураадаг ч юм уу. Ийм байдлаар урьдчилан тооцоолж гаргасан баланс өөрчлөгдөж байна л даа. Төмсний гарц бол энэ жил сайн байсан. Харин хүнсний ногооны хувьд хавар бороо хургүй байсантай холбоотойгоор мөн өсөлт буурч гарц багассан. Мөн эмийн ургамал ургалт муу жил байлаа.

-Тариаланчид бүгд л ерөөсөө хур бороогүй ороогүй гэж байна. Яг аль нутгаар илүү гантай байсан бол?

-Тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн ихэнх сум, Төв аймгийн хойд тариалан бүхий зургаа, долоон сум, Булган аймгийн хойд сумд, Хөвсгөл аймгийн зүүн хойд сумд, Хэнтий аймгийн зарим сум байна. Яг эдгээр нутгаар хур бороо багатай байсан гэсэн үг. Тэр дундаа Сэлэнгэ аймгийн Сант, Баруунбүрэн, Номгон сум болон Дарханы Орхон сум ганд хамгийн их нэрвэгдсэн. Долоон сарын бороо ч дээрх сумдад ороогүй.

-Зарим тариаланчид ургацынхаа 70-90 хувийг алдсан гэх мэдээлэл цацах боллоо. Яг хэдэн хувиар алдаад байна вэ?

-Би дээр хэлсэн. Зарим аж ахуйн нэгж ургацынхаа 80 хувийг ч алдсан тохиолдол байна. Гэхдээ нэг аж ахуйн ургац хураалтын байдлаар улсын хэмжээний хохирлыг тооцох боломжгүй шүү дээ. Мэдээж зарим тариаланчид хүнд байдалд ороод байгаа нь үнэн ч нийтэд улс тэр чигтээ ургацаа алдчихсан мэт ташаа ойлголт төрүүлж болохгүй. Яамны зүгээс шат дамжлагатай балансын мэдээллийг гаргадаг. Би ганцаараа нэгдсэн тоо цээжээрээ гаргачихдаг юм биш. Нэгдсэн тоо гараагүй байхад би худлаа тоо хэлэх эрхгүй. Нэгдсэн мэдээлэл энэ сарын сүүлээр тодорхой болно гэв.

Энэ жилийн тухайд ургац хураалтын гол шалтгаан нь тав, зургадугаар сарын олон хоног үргэлжилсэн бүгчим халуун байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайн үед хөрсөн дээр 60-64 хэм хүрч халсан байна. Энэ нь гангийн нөхцөлийг үүсгэсний зэрэгцээ найм, есдүгээр сард орсон их хэмжээний хур тунадас нь тариа хэнзлэх, хогийн ургамал их хэмжээгээр ургах нөхцөлийг бий болгожээ. Ингээд тариа хураах үеэр их хэмжээний нойтон цас орж, хөрсөнд цочир хүйтэрсэн гээд цаг агаарын эдгээр үзэгдэл нь урьдчилсан балансаар тогтоогдсон ургац хураалтын тоо 30 орчим хувиар буурах нөхцөлийг үүсгэсэн байна. Тодруулбал, аравдугаар сард 50.7 мянган га-г ангилан хадаж, 50 мянган га-г цайруулан, 228.4 мянган га-г шууд хураалт хийсэн юм байна. Сэлэнгэ аймаг нийт 242 мянган тонн, Төв аймаг 113 мянган тонн, Булган 47 мянган тонн тариа, ногоо хурааж эхний гуравт бичигдэж байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд нийт 489 мянган тонн буудай, 164 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 51 мянган тонн тосны ургамал, 40 мянган тонн тэжээлийн ургамал хураан авч байсан юм. Энэ нь сүүлийн 20 жилд хурааж байгаагүй их хэмжээний ургац хураасан тохиолдол болсон билээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН