Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 1994 төгрөг байна

Зургадугаар сараас эхлэн өсч, 2005 төгрөгт хүрээд буурсан долларын ханшид энэ долоо хоногт өөрчлөлт бараг ажиглагдсангүй. “Найман шарга зах дээр” нэг ам.долларыг 1992 төгрөгөөр авч, 1994төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1998 төгрөгөөр зарж байна. Хэрэв энэ оны сүүлээр төлөвлөсний дагуу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн 4.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирвэл долларын буурна гэж албаны хүмүүс үзэж байгаа. Гэхдээ ирэх жилийн төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр бодож суулгасан. Тиймээс хэрэв Оюутолгойн бүтээн байгуулалтын санхүүжилт орж ирэхгүй бол долларын ханш ахиад өсч магадгүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Саран хөндий

Дахин дахин үзээд ч уйддаггүй хуучны сайхан кино шиг номууд бий. Жэк Лондонгийн “Саран хөндий” тийм л зохиол. Зохиолчийн ур чадвар уншигчийг татна. Эсвэл юу ч үгүй хоосон хос залуус мөрөөдлийнхөө хүчээр өөрсдийнхөө Саран хөндийг олоод, аз жаргалтай амьдарсан эгэл түүх, америк мөрөөдөл сэтгэл эзэмддэг ч байж мэднэ. Залуу хосын танилцсан түүхийг догдлон уншиж, гэрлэх үеийн аз жаргалыг нь хамтдаа мэдэрч, зовлон гунигийг нь шимшрэн уншиж, мөрөөдлөө олсон баяр жаргалыг нь хамт амтлах дэндүү кайфтай. Билл, Саксон хоёрт байгаа юм гэвэл сайхан бие, хүч чадал, мөрөөдөл, залуу нас л байдаг. Магадгүй хамгийн том баялаг энэ ч байж магадгүй. Индүүчин ажилтай сайхан бүсгүй Саксон мөрөөдлийнхөө залуутай бүжгэн дээр таарсан нь тэрэгчин дээр нь бас боксчин байсан Билл байлаа. Эхэндээ тэд байр тавилга түрээсэлж, өөрийн гэсэн орон гэртээ аз жаргал амтална. Саксон нь индүүчний ажлаасаа гарч, гэртээ суун, гэр бүлээ аз жаргалтай байлгах бүхнийг хийнэ. Нөхрийнхөө хайрыг хадгалж үлдэхийг хүссэн түүнд шинэ хөрш Мерседес авгай олон юм ухааруулдаг. Том аж ахуйтныд төрж өссөн Мерседес амьдрал үзсэн хүн гэнэ. Цагтаа цалгиж, харчуудыг сөхрүүлж явсан тэрбээр эрчүүдийг эрхэндээ байлгах жорыг Саксонд зааж өгнө. “Эхнэр хүн олон эмэгтэйг төлөөлж чаддаг байх ёстой. Хэзээд шинэ, хэзээд өөр байж чадах хэрэгтэй. Үргэлж өглөөний шүүдэр шиг гялалзаж, хэзээ ч гандан үжирдэггүй ганган цэцэг шиг байх хэрэгтэй. Хайр дурлалын цэцэрлэгт могой гэж бий. Нэр нь уйдал. Энэ могойн толгой дээр гишгэж байхгүй бол цэцэрлэгийг чинь сөнөөнө. Хэзээд илэн далангүй байх хэрэггүй. Эр хүнтэй суугаад, төгс ялалтад хүрлээ гэж боддог эмэгтэйчүүд тэнэг. Санаа амарч, таргалж, өнгөө алдан гашилж бишдээд сүүлдээ хаягддаг улс” гэх мэтээр эмгэн сургамжилдаг нь эмэгтэйчүүдэд сонирхолтой зөвлөгөө байх болов уу.Саксон ч ухаалаг эмэгтэй учраас Биллийнхээ хайрыг хадгалаад аятайхан амьдарч чадах ч төлөвлөгдөөгүй асуудлууд гэнэт гарч ирнэ. Хотыг бүхэлд нь хамарсан ажил хаялтын дүйвээнд бяцхан орлого нь хумигдаж, хямдхан хөлстэй ажлын төлөө яс булаалдсан ноход шиг хэмлэлдэхэд хүрнэ. Билл нь танигдахын аргагүй өөрчлөгдөж, хүн амьтантай зодолдож, “урвагчдыг” хашраах ажилд оролцох болжээ. Хажуу өрөөндөө суусан эрийг зодсоноор нөхөр нь сар баривчлагдахад хүрнэ. Эмэгтэй хүн хэвлий дэх үрээ алдсандаа баярлана гэдэг тартагтаа тулсны шинж. Ажил хаялтын үеийн мөргөлдөөн, зодоон нүдээн, алаан хядаан хөл хүнд бүсгүйн нүдний өмнө өрнөж, хүүхдээ алдахад хүрнэ. Зүсэм талхны төлөө тэмцсэн тэр хар бор өдрүүдэд хүүхэд тэжээх гэдэг хүнд ачаа болох байлаа. Эцэст нь Саксон амьдралаа, хайр дурлалаа аварч үлдэхийн тулд Оклендаас явах шийдвэр гаргана. Окленд бол замын зөвхөн эхлэл болохоос төгсгөл биш гэдэг үг түүний сэтгэлд хадагджээ. Биллийг гэртээ ирэхэд хоёулаа ярилцаж, пүүгээгээ үүрээд замд гарцгаана. Хөдөө нутагт очиж газар авч, аж ахуй эрхэлж амьдрахаар шийдэцгээжээ. Замд гармагцаа Америкт суурьшиж, орон зайгаа эзэлсэн португальчуудын газар эзэмших хэв маягийг нүдээрээ харж, шинэлэг маягаар аж ахуйгаа эрхэлж, ихээхэн орлого олдог Мортимер авгайтай танилцсан нь тэднийг цаашдаа өөрөөр амьдрахад хэрэг болно. Португальчууд алга дарам газрыг ч арчилж тордож ашиг авахаа мэддэг бол Билл морины талаар мэдлэгтэй хүн. Тэрбээр сүйрч байгаа бяцхан фермд, эзэн өвгөнд тусалж газар хагалж хонохдоо “Малыг зөв арчилна гэдэг ашиг олно гэсэн үг шүү дээ. Хөгшин адуу ажилд муу мөртлөө их идэхийг нь яана. Энэ өвгөний морьд өгөөжгүй болж, өвгөнийг өөрийг нь цөлмөж байна. Хот газрын морьдоор хичнээн их юм хийлгэдгийг санахад эднийх дэндүү чамлалттай” гэж хэлдэг. Газар, малын ашиг шимийн тухай энд өгүүлэгдсэн санаа манайханд ч хамаатай нь лав. Билл нь хоёр ч удаа боксын рингэнд ялалт байгуулж, явган гарсан хоёр маань мөрөөдлийн сүйх тэрэг, хос морьдоо өөрийн болгоно. Замдаа тэд найз нөхөдтэй ч болно. Энэ бүхэн нь Саран хөндийгөө олоход тус болдог. Мөрөөдлийн газраа замд үзсэн харсан, сонссон дуулсан мэдлэгээ ашиглан ашигтай зохион байгуулж чаддаг. Одоо тэд ажилчин хүмүүс биш ажилчинтай хүмүүс болжээ.Тэд амьдралаа аварч чадсан төдийгүй хайр сэтгэл нь ч шинээр нахиална.

Энэ бол үнэхээр урам зориг өгдөг зохиол. Амьдрал дээр үнэхээр ийм мөрөөдөл биелэх болов уу.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш Хятадыг зорино

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9 нд буюу маргааш БНХАУ-ыг зорино. Тэрбээр БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар энэ сарын 9-11 ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар бараалхах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт баруун болон төвийн нутгаар цас орно

Энэ сарын 9,11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 9-нд зарим газраар, 11,12-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Сармис, зөгийн балны соустай шаржигнуур гахайн мах

Орц:

Ижил хэмжээгээр хувааж бэлдсэн гахайн гол мах -зургаан хэсэг

Гурил-нэг аяга

Давс-хоёр цайны халбага

Хар перец-хоёр цайны халбага

Цагаан гаа–нэг цайны халбага

Ганга-нэг цайны халбага

Улаан чинжүүний нунтаг-нэг амны халбага

Улаан перец-нэг цайны халбага

Өндөг-хоёр ширхэг

Ус-нэг цайны халбага

Соусбэлдэхэд:

Оливийн тос-хоёр амны халбага

Хэрчиж жижиглэсэн сармис-3-4 хумс

Зөгийн бал-нэг жижиг аяга

Шар буурцагны сүү-аяганы дөрөвний нэг

Хар перец-нэг цайны халбага

Хийх дараалал:

Гуриландаа давс, чинжүүний нунтаг, хар перец, цагаан гаа, ганга зэргээ хийгээд сайтар хутгана. Дараа нь өндгөө устайгаа холиод зуурмаг бэлтгэнэ. Махаа давсалж байгаад амталсан гурилан дээгүүр өнхрүүлж, өндгөнд дүрэн ахин гуриландаа бөмбөрүүлнэ.

Хайруулын тавагныхаа талаар буюу махаа давж гарахаар хэмжээтэй тос хийж халаана. Зөөлөн гал дээр махаа 4-5 минут сайтар эргүүлж жигд шарна. Ингэж шарсныхаа дараа зөгийн бал, сармистай соусаа дээрээс нь асгана. Хачирт нь будаа, гоймон гээд хүссэн зүйлээ бэлтгэж болно.

Зөгийн бал сармистай соус бэлтгэхэд:

Саванд хоёр амны халбага оливийн тос хийж дээрээс нь жижиглэж бэлдсэн сармисаа хийнэ.

Үүнийгээ зөөлөн галаар шарж дээрээс нь шар буурцагны сүү, хар перец, зөгийн балаа нэмнэ. Ингээд 5-10 минут халуун плиткан дээр байлгаад дараа нь хөргөөрэй.

Бэлдэх хугацаа -15 минут

Шарах хугацаа -15 минут буюу нийт 30 минут л зарцуулна.

Анар, өргөст хэмхийн салат

Эртний Персийн уугуул жимс болох анар нь кальци, магни, кали, В-гийн төрлийн аминдэмүүд болон С витамин агуулдаг тул хүний биеийн дархлааг дэмжиж цусны даралтыг багасган зүрхний шигдээс өвчнөөс сэргийлдэг шидтэй.

Мөн эмэгтэйчүүдэд туйлын хэрэгтэй жимс гэлцдэг бөгөөд хөхний хорт хавдар үүсэхээс сэргийлдэг. Энэхүү гайхамшигт анар жимсийг ашиглан гэрийн нөхцөлд хийхэд амархан амтат салатны жорыг хүргэж байна.

Бэлдэх зүйлс:

Хальснаас нь салгаж бэлдсэн анар жимс – нэг аяга

Хэрчсэн даршлаагүй өргөст хэмх – хоёр аяга хагас

Элгэн тараг – Аяганы 1/3

Жижиглэж хэрчсэн сармис -1-2 хумс

Хэрчсэн улаан сонгино -нэг ширхэг

Гоньд

Нимбэг

Давс, перец

Өргөст хэмх болон ногоон гоньдийг зураг дээр харагдаж байгаа шиг хэрчиж бэлдэнэ. Улаан сонгиноо маш нимгэхэн, уртаар нь хэрчинэ. Ингээд хэрчсэн сармисаа нэмээд бүгдийг нь холино.

Дараа нь шахсан нимбэгний шүүснээс бага зэрэг дусаагаад давс болон таргаа нэмээд сайн холиорой.

За ингээд бидний зууш бэлэн боллоо.

Хийхэд амархан бөгөөд их чамин харагдаж байгаа биз. Загасны махтай хамт идвэл гайхалтай зохицол болно.

Бэлтгэсэн:

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Олон улсад Монголоо төлөөлж буй дэд хурандаа Ч.Ариунаа

“Цаг, хором бүрээр хэмжигдэн “Хүний амь насыг аварч, хамгаалж явдаг эгэл баатруудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг юм. Тийм болохоор би ажил мэргэжилдээ хайртай” гэж ярих бүсгүйг Ч.Ариунаа гэдэг. Онцгой байдлын ерөнхий газарт ажилладаг, дэд хурандаа цолтой нэгэн. Түүнийг энэ удаагийнхаа “Өдрийн зочин” буландаа урилаа. Дэд хурандаа Ч.Ариунааг онцолж байгаа минь дараахь учиртай юм.

НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс өнгөрсөн сарын 27-29-ний өдрүүдэд Тайландын Вант улсын Бангкок хотод хуралдсан байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны дөрөвдүгээр хуралдааны үеэр 2015-2017 онд ажиллах Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны дарга болон орлогч нарыг томилох асуудлыг хэлэлцсэн байна. Чингээд хорооны даргаар Фижи улсын Хөдөө аж ахуй, орон нутаг, далайн хөгжил, үндэсний гамшгийн удирдлагын сайд, Орлогч даргаар Бүгд найрамдах Киргизстан улсын Онцгой байдлын дэд сайд, Филиппин улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдлагын үндэсний албаны дарга болон Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ч.Ариунаа нар тус тус томилогдсон юм байна. Бүр тодруулбал, Монгол эмэгтэй бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцохоор болжээ.

Уг ажиллагааны удирдах бүрэлдэхүүнд сонгогдохоор олон орны зочид төлөөлөгч өрсөлдсөн ч дэд хурандаа Ч.Ариунаа шалгарч чаджээ.

Залуу нас, чин сэтгэлээ онцгой байдлын салбарт зориулж яваа бүсгүйн туулж ирсэн амьдралын түүхийг сонирхлоо. Тэрбээр нийслэлийн ерөнхий боловсролын XVIII дунд сургуулийг төгссөн. 1997 оны хавар дунд сургуулиа төгсөөд нэгэн их сургуульд шалгалт өгөөд тэнцчихсэн байжээ. Гэтэл дотнын найз нь ирээд “Хоёулаа Батлан хамгаалахын их сургуульд шалгалт өгье. Гоё хувцас өмсдөг юм байна лээ” гэж ятгасан байна. Цэргийн амьдралын талаар тухайн үед анхан шатны ямар ч төсөөлөлгүй байсан түүний санаанд гаалийн байцаагч нарын өмссөн хувцас жавхаалаг сайхан харагдаж байсан нь буусан гэнэ. Ингээд Батлан хамгаалахын их сургуульд очиж шалгалт өгчээ. Гэвч найз нь биш Ч.Ариунаа тэнцжээ. Улмаар БХИС-ийн Хилийн цэргийн сургуульд суралцаж, 2001 онд сургуулиа төгсөөд, ангиараа Сүхбаатарын талбай дээр сүр жавхлантайгаар жагсаж, ромбо дипломоо гардан авчээ. Сургуулиа төгссөний дараа Сэлэнгэ аймаг руу томилогдсоноор хотын хүүхэд хөдөө орон нутагт ажиллах нь тэр. Тэрбээр удалгүй Улсын иргэний хамгааллын газарт ажилд оржээ. Эндээс л түүний Онцгой байдлын салбарт ажиллах зам мөр тавигдсан түүхтэй аж. 2010 онд Австралийн Үндэсний их сургуулийг гэр бүлийн хамт зорьж бакалаврын дараахь диплом, магистр гэсэн хос дипломтой 2013 онд төгсөж ирээд ОБЕГ-таа эргэн ажиллаж эхэлжээ.

Ч.Ариунаа дэд хурандааг ажлынхан нь “Их зарчимч. Ямар нэг ажил эхлүүлчих юм бол дуусгаж байж санаа амардаг. Ийм л хүмүүс онцгой байдалд байх хэрэгтэй” гэж үнэлж байна лээ. Харин Ч.Ариунаа “Манай ээж хатуу, зарчимч талдаа хүн. Ээжийн минь хатуу юм шиг хэрнээ зүг чигийг заах, аливаа зүйлийг бодож эргэцүүлэхээр үгс миний амьдралд их хэрэг болдог гэж боддог. Би ээжээсээ суралцдаг. Зарчимч зан өөрийнхөө үзэл бодолд тууштай, үнэнч байхад нөлөөлдөг гэж боддог” хэмээн даруухнаар хариулсан юм.

Бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг удирдах бүрэлдэхүүнд Монгол Улсыг төлөөлж оролцох болсон түүнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Э.Баатар

Categories
мэдээ цаг-үе

Рок-н-роллын хаан

Тэр хэдийгээр Рок-н-роллыг үндэслэж санаачлаагүй ч гэлээ зөвхөн түүний ачаар энэ хөгжмийн урсгал дэлхийд тархаж өөр бусад хөгжмийн чиглэлүүд мэндлэх хаалга үүд нээгдсэн билээ. Тийм учраас түүнийг Рок-н-роллын хаан гэдэг . Тэр бол Элвис Аарон Пресли.

Элвис Пресли 1935 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн. Америк орон зөвхөн цагаачдаас бүрддэгийн том жишээ нь Преслигийн “цусан дахь найрлага” юм. Эцгийнхээ талаас шотланд, герман, англи цус шингэсэн байдаг бол эхийнх нь талд итали, еврей, ирланд хүмүүсийн хольц бий. Нэлээн сайн ухвал чероки омгийн индиан хүмүүс ч Элвисийн элэнц хуланцууд мөн гэх баримтууд байдаг гэсэн. Элвисийн аав нь түүнийг бага байхад банкны чек хуурамчаар үйлдсэн хэргээр шоронд орж байсан, “наранд” гараад удаан хугацаанд ажилгүй байсан гээд л ерөнхийдөө тэдний гэрийг ээж нь л атгаж байжээ. Глэйдис, хүүгээ хар багаас нь сүм, хөгжим хоёрыг шүтэх хүмүүжлээр өсгөсөн бөгөөд энэ хоёрыг нэгтгэх ганц зам нь сүмийн найрал хөгжмийн чуулга байв. Элвис ийнхүү багаасаа сүмийн хоорт дуулж хоолойны өнгө аясаа тогтоож ирсэн бөгөөд 10 настай байхдаа хүүхдийн дууны “Old shep” уралдаанд шагналт байранд орж байжээ. Ээж нь түүний дуулах авьяасыг цаашид хөгжүүлэхийн тулд есөн насных нь төрсөн өдрөөр гитар бэлэглэж байсан нь ирээдүйн замыг нь засч өгсөн мэт. Уг нь Элвис бэлгэндээ дугуй авахуулна хэмээн мөрөөдөж байсан ч гэлээ ээжид нь дугуй авах хэмжээний мөнгө байгаагүй, байсан мөнгө нь гитарын хэмжээнд л хүрч байсан гэх хууч яриа байдаг юм билээ. Ямартай ч энэ цагаас эхлэн хүү, гитар хоёрын нөхөрлөл үхэн үхтлээ салаагүй юмдаг.

1953 оны наймдугаар сарын нэгэн өдөр Преслигийн хувьд тун чухал үйл явдал боллоо. 18 нас хүрсэн Пресли ээжийнхээ төрсөн өдрөөр өөрийн зохиосон дуу хөгжимтэй пянз бэлэглэх гэж нэгэн дуу бичлэгийн студийн хаалга татсан гэх. Яагаав нөгөө хуванцар, нимгэхэн цэнхэр пянзууд байдаг шүү дээ. Хүүгийн дуу студийн эзэнд таалагдаж гэнэ. Хоёр дуутай тийм хямдхан пянз бичүүлсэн Элвис, дуу бичлэгийн Sun records студи хоёрын хамтын ажиллагаа ийнхүү эхэлжээ. Дараа жил нь нөгөө алдарт “That’s all right” дуу нь бичигдэж Элвис Пресли гэдэг нэр Америкт цуурайтаж эхэлсэн юм. Түүнээс хойш 10 гаруй жил Пресли хаан суудалд морилж, олон ч чанартай бүтээл гарган дэлхийд түгээсэн бөгөөд тэр бүгдийг дэс дараалан тоочих нь илүүц биз. Тэр 1958-60 оны хооронд хоёрдугаар танкын дивизэд алба хааж ахлагч цолтойгоор халагдсан, жинхэнэ хугацаат цэргийн албан хаагч. Баруун Германд байрлах энэ цэргийн ангид алба хааж байхдаа ирээдүйн эхнэр Присцилла Бульетэйгээ танилцаж 1967 онд гэрлэсэн. Таван жил хамт амьдарсан тэдний амьдралын “уран бүтээл” нь хожмоо Майкл Жексон, Николас Кэйж нарын эхнэр болж байсан Лиза Мариа Пресли юм.

60-аад оны төгсгөл үеэс Преслигийн нэр хүнд уруудаж, пянз хальс нь олигтой зарагдахаа больж, тоглосон кинонуудыг нь хүмүүс үзэх нь татарч эхлэлээ. Энэ үетэй нь давхцаад тэр бүдүүрч, хуучны эрч хүчтэй бүжгүүдээ хийж чадахаа болив. Нэг хэсэг түүний бие хамгаалагчаар ажиллаж байсан нөхөр “Элвис юу болоод байна?” хэмээх нэртэй ном гаргаж түүндээ поп хөгжимчний хөшигний цаадах амьдралыг хар цагаангүй илчилдэг байгаа. Хар тамхинд донтсон, ганцаараа үлдэхээс айдаг, хүүхэмсэг гээд л түүнийг баахан муулсан номыг Элвис олж хараад “Хүмүүс ээ, миний нүглийг уучлаарай. Бурхан минь, энэ номыг уншсан хүмүүст бага ч гэлээ намайг зөв талаас нь ойлгуулаасай, аминь” хэмээн бичиж байлаа.

Тэр 1977 оны наймдугаар сарын 16-нд нас барсан бөгөөд задлан шинжилгээ хийсэн эмч нар түүний цуснаас 22 төрлийн эм илрүүлсэн гэлцдэг. Зарим нь түүнийг хар тамхиныхаа донг хэтрүүлж нас барсан ч гэдэг юм билээ. Түүний шүтэн бишрэгчид Преслиг үхсэн гэдэгт огт итгэдэггүй тул байнга булшийг нь хөндөж шарил дотор хэн байгааг үзэх гэж онгичдог байсан тул хожмоо цогцсыг нь занданшуулж “Грейсланд”-д цацсан юм.

Рок-н-роллын хаан Элвис Аарон Преслигийн тухай зарим баримтууд:

-Тэр эхээс төрөхдөө ихэр байсан ч нөгөө ихэр нь удалгүй нас барсан. Шүтлэг ихтэй ээж нь нас барсан ихрийнх нь нэр Аароныг түүн дээр нэмж Элвис Аарон Пресли хэмээн нэрлэх болжээ.

-Пресли уг нь цайвар үстэй, гэхдээ Марио Ланцэг шүтдэг байсан тул үхэн үхтлээ үсээ хараар буддаг байжээ.

-Түүний нэр хүнд сулрах үе нь Beatles-ийн сэргэн мандалтын үетэй давхацдаг. Тийм учраас Ливерпүүлийн дөрвөлд Элвис дургүй байв. Ялангуяа Жон Леннонд. Өөрийн найз Холбооны мөрдөх товчооны захирал Эдгар Гуверт хандан Ленноныг АНУ-аас хөөх талаар гуйлт гаргаж байсан гэх хов сонсогддог.

Б.Хулан

Categories
мэдээ цаг-үе

Загвар сонирхогчид, брэнд дэлгүүрийн эзэд Монгол руу хандах боломжийг нээж байна

“Дархан минж” компани дизайнер Ариунаа Сүритэй хамтран “Snow 2016” загварын шоуг зохион байгуулахаар болжээ. Монгол хонины нэхийг шинэлэг технологиор хэрхэн сайжруулж, шинэ брэнд загварыг гаргасныг уг шоугаар харуулахаар зорьж байгаа аж. Загварын шоу арваннэгдүгээр сарын 14-нд “Crocus Event Hall” танхимд болох юм. Энэхүү арга хэмжээ нь олон сонирхолтой үзүүлбэрээр дүүрэн бөгөөд гадны нэртэй загвар өмсөгчид ирж оролцоно. Ингээд загвар зохион бүтээгч Ариунаа Сүригээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ удаагийн загварын шоугаар дамжуулан Монголын цоо шинэ брэндийг гаргаж ирнэ гэж сонслоо. Шинэ брэндийн онцлог?

-Брэндийн онцлог нь “Дархан минж” компанийн зөөлөн уян нэхийн дээр суурилуулан гаргаж байгаа. Технологи нь маш нарийн хийцтэй, Европт 2014 онд гарч ирсэн технологийг ашиглаж боловсруулсан. Нэхий нь маш өндөр өртгөөр гарч ирж байна. Тэгэхээр энэ нэхий загварууд маань өмнө нь гарч байсан нэхийнээс яалт ч үгүй үнэтэй. Үүнийг манайхан ойлгох байх. Турк нэхийг дөрөв, таван саяаар худалдан авч байхаар Монголынхоо турк нэхий шиг нэхийг худалдан авч өмсөөрэй гэх байна.

-Ямар үнэтэй вэ?

-Үнийн хувьд дотоод зах зээл дээрээ 1-2 сая төгрөгийн хооронд төлөвлөж байгаа, гадаад зах зээл дээр арай өндөр үнэтэй борлуулагдах болов уу.

-Загварынхаа сэдэв, нэр, логонд яагаад “Мазаалай” баавгайг сонгосон юм бэ. Ний нуугүй хэлэхэд үнэхээр даанч өрвийсөн муухай амьтан шүү дээ. Үр төлөө идчихдэг гэсэн. Ач холбогдол тун бага, мөхөж сөнөж байгаа амьтан гээд л зарим хүмүүс мазаалайд ам муу байхыг сонссон?

-Мазаалай байвгайг сэдэв дээрээ түлхүү оруулж байгаа. Мазаалай баавгай гэхээр хүмүүс юу гэсэн үг юм, ийм эв дүүгүй, царай муутай амьтнаар сэдэв болгоод гэх байх. Гэхдээ тийм биш ээ. Мазаалайны сэдэвтэй гэхээр заавал нэг өрвийсөн арзайсан юм гаргана гэсэн үг биш. Мөн мазаалай баавгай дэлхий дээр ганцхан Монголд үлдсэн. Говь-Алтай аймагт ердөө 22-хон тоо толгой мазаалай байдаг юм билээ. Бид энэхүү шоугаараа дамжуулж мөхлийн эрмэгт ирээд буй мазаалай баавгайг хүн бүхний анхааралд хүргэж, хамгаалах, өсгөж үржүүлэх боломжийг эрэлхийлж байна. Загвараар хүнд маш их мэдээлэл, сэдлийг төрүүлж болно. Хятад л гэхэд хулсны баавгайгаа хамгаалж, хүмүүсийн анхаарлыг татахын тулд ийм шоу хийж байсан.

-Хонины нэхий төрөлхийн өтгөн шигүү үстэй байдаг. Түүнд нь тохируулж загвараа бүтээх хэр хүндрэлтэй байв?

-Ийм юмнаас л загвар зохион бүтээгч хүний ур чадвар, авьяас харагддаг. Мэдээж хав хатуу юмаар уян дизайнд тохирсон юм гаргаад байж болохгүй. Арьс маань янз янзын онцлогтой. Хониныхоо наснаас хамаараад. Маш нарийн мэдрэмж шаардсан ажил. Хонины арьсан дээр ажиллахад л хамгийн зөөлөн, арай зөөлөн, үстэй үсгүй гэж хувааж байгаад тохируулан загвараа гаргах жишээтэй.

-Шоунд танилцуулах загварууд тань өдөр тутам өмсч болох энгийн загварууд байх уу, аль эсвэл авангард маягийн өвөрмөц загварууд байх уу?

-Өдөр тутам өмсөхөд бэлэн загвар байдаг. Мэдээж хэрэг дэлхий дахинд хэдэн саяар давтагдчихсан загвар хийхээс илүүтэй монгол хэмнэл агуулсан, гэхдээ хэтрүүлчихсэн биш, яг донж маяг нь таарчихсан загвар бий.

Та бүхэн шууд аваад өмсөхөд ч боломжтой загваруудыг анхаарч хийсэн.

-Шоунд гадны хоёр загвар өмсөгч ирнэ гэсэн. Тэдний талаар илүү тодруулаач?

-Мэдээж хэрэг үйл ажиллагаагаа өргөн цар хүрээнд хийхийн тулд гаднаас моделиуд авчирч загвараа танилцуулж байгаа. Монгол брэндээ дэлхийн зах зээлд гаргахын тулд гадны загвар өмсөгчдөөр өмсүүлж сурталчлуулах шаардлагатай.

Тэднийг дагаад олон улсын загварын салбарын телевизүүд, хэвлэл мэдээллийнхэн хамт явж байдаг болохоор урьсан юм. Норвегийн загвар өмсөгч Энок Гровен оролцоно. Загварын салбарт нэлээд олон жил ажилласан, нэртэй загвар өмсөгч. Өвөрмөц төрхтэй учраас онгон дагшин байгальтай Монголын онцлогийг илүү харуулж чадах болов уу гэж бодсон. Мөн Германы загвар өмсөгч Ребека Кью оролцоно.

-Тэд каталогийн зураг авалтад орох болов уу?

-Каталогийн зургаа Говь-Алтай аймагт авахаар явах гэж байна. Говь-Алтай аймгийг сонгох болсон нь мазаалайтай холбоотой. Загварын өнгө төрхөнд тохирсон байгаль тэнд байгаа.

Үүнд тулгуурлан Монголынхоо байгалийг сурталчилж гоё талаас нь үзүүлэхээр зорьж байна. Бид маш олон хүнд нэг зэрэг хүрдэг учраас буруу алхам хийж болохгүй. Загвараа зөв сурталчлах ёстой. Зургаа авсан ч гэсэн стандартад нийцэх хэмжээний зураг авмаар байна.

-“Fashion TV”-тэй хамтран зохион байгуулж байгаа гэсэн. Шоу Fashion телевизээр гарах уу?

-“Fashiоn channel”-ийн хамт олон найруулга, тухайн өдрийн бүх процессыг зохион байгуулж хариуцан ажиллана. Энэ нь манай загварын салбарынханд, тэр тусмаа над шиг загвар зохион бүтээгчид маш том тус дэм. Бүх л юмаа өөрөө зохицуулахын оронд нэг том баг хамт олон гарч ирээд хамтран ажиллаж байгаад баярлаад баршгүй юм. Хэдэн жилийн өмнө ийм байгаагүй. Өөрөө бүгдийг нь хийдэг байсан. Аливаа зүйл хөгжих тусам бид нар танилцуулах арга барилаа улам нарийн чанартай, далайцтай болгоно. Дараа дараагийн шоунд гадны том том брэнд дэлгүүрийн эзэд, загвар сонирхогчид ирэх боломжийг нээж өгч байгаа юм. “Fashiоn channel”-ийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Мөн бидний ард маш олон оёдолчин, уран бүтээлч байдаг. Тэр бүх хүмүүстээ баярлалаа.

-Гадны моделиуд ирнэ гэж байна. Тэднийг дагаад гадны загвар зохион бүтээгчид, шүүмжлэгчид бас ирэх болов уу?

-Ер нь маш олон загварын салбарынхан оролцоно. Шүүмжлэгчид ирвэл илүү сайн л байна. Шүүмж гэдэг чинь ганцхан муулаад байхыг хэлж байгаа юм биш.

Сайн мууг нь маш оновчтой хэлж зөвлөнө гэдэг бидний цаашдын ажилд жинтэй хувь нэмэр болно гэсэн үг.

Бидний хувьд ч гэсэн шүүмжлэгчдийг сонсохыг маш их хүсч байгаа.

-Танай загварууд яг хэзээнээс худалдаанд гарах вэ?

-“Snow 2016” загварын шоу маань энэ сарын 14-ний өдөр болно. Шоу танилцуулга хийгдсэний маргааш өдрөөс Улаанбаатар их дэлгүүрийн салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ дээ.

-Баярлалаа. Танай шоу арга хэмжээнд амжилт хүсье.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өөд болсон иргэддээ хүртэл тэтгэмж өгөхөөр эдийн засаг дампуурахгүй яах вэ дээ

Шог зургийг С.ЦОГТБАЯР

Ердөө хоёр, гуравхан жилийн өмнө Монгол гэдэг Азийн жижигхээн улс мөнгөтэй, баян гэж жигтэйхэн орон байлаа. Харамсалтай нь уул уурхайгаасаа баахан мөнгө олж дэлхийг дэлдийлгэсэн бидний оргил үе удаан үргэлжлээгүй. Энэ цагийн өнгөнд Монгол гэдэг улс шалдаа уначихаад байгаа нь нуух аргагүй үнэн. Иргэд нь халаас нимгэн гундуухан, ам нээвэл л зээл ярьсан төр нь мөнгөтэй орнууд руу горьдонгуй харсан шигээ зутруухан аж төрж байна даа.

Дэлхийн эдийн засаг хэцүүдсэн учраас гэсэн тайлбар Монголын хямралд хэтэрхий томдоно. Эдийн засаг халгиж цалгисан хэдхээн жилд байдгаа баруун солгойгүй цацсан учраас бид модоо барьцгаасан юм. Төр нь баян ядуу гэж ялгалгүйгээр бүх иргэндээ сар тутам мөнгө өгч тансагласныг давтаж улиглаад яахав. Тэнгэрийн оронд оччихсон хүмүүстээ хүртэл мөнгө өгч халгиж цалгисны хажууд давхийж цочихоор зүйл огт биш. Бүр арван мянган бүрлээч шүү. Тэтгэврийн доод хэмжээ 200 мянган төгрөг гээд бодоход л нийгмийн даатгалынхан сар бүр хоёр тэрбум төгрөгийг бидний татвар гэж төрд төлдөг мөнгөнөөс хулгайлсан болж таарч байгаа юм. Ийм олон хүнийг нийгмийн даатгалын хэдэн нөхөд цаасан дээр амьдруулаад, тэтгэврийг нь өмнөөс нь аваад хэнд ч мэдэгдэхгүйгээр өнөөдрийг хүрчихэж.

Нас барсан хүний тэтгэврийн мөнгийг иддэг алба хаагчид ингээд зогсоогүйг монголчууд сая л мэдлээ. Орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн буурлууд банкнаас зээл хүртэл авсан гээд төсөөл дөө. Диваажин гэж байдаг бол, дэлхийгээс явагсад тэнд очдог нь үнэн бол хамгийн мөнгөтэй хөгшчүүл нь Монголоос очсон хүмүүс болж таарах нь л дээ, янз нь. Бусад орны бүрлээчид нь “Танай улс ч баян юм аа, энд ирсэн хойно чинь ч гэсэн мөнгө өгөөд. Гэтэл манай улс таг” гэцгээн атаархангуй харцгаагаад л. Байж боломгүй үйлдэл хийж мөнгө идсэн нөхдийг бодохоор ийм утгагүй төсөөлөл санаанд ургаад болохгүй юм. Ийм л гашуун шогийг монголчууд бултаараа харлаа, сонслоо, гайхширлаа. Ихэнхэд нь хэлэх үг олдоогүй байх.

Иргэний бүртгэл замбараагүй, урсгалаараа яваагийн тод жишээ энэ боллоо. Эргэж харж, нягталж хянахгүй бол горьгүй нь дээ гэж хэлэхээс аргагүй нөхцөл үүсчихэж. Саяхан гурван сая дахь иргэнээ өлгийдсөн он сар ч худлаа болж таарах нь. Сард дунджаар 7000 орчим нялхас төрдөг, 1400 орчим хүн нас бардаг гэсэн багцаа таамаг дуулддаг. Орчлонгоос явагсдаа хасаад тооцохоор таван мянга гаруй гэсэн тоо гарна. Тэгэхээр гурван сая дахь иргэн маань лав л өнгөрсөн оны нэгдүгээр сард мэндэлсэн Монголжин охин биш болж таарлаа. Цаасан дээр амьдарсаар байгаа тэтгэврийн хөгшчүүлээ хасч тооцвол гурван сая дахь иргэн маань Монголжингоос хоёр сарын дараа төрсөн болж таарах нь. Тэр хугацаанд нас барсан хөгшчүүлээ өнөө тэтгэвэр, мөнгө авдаг “амьгүй албат”-ын жагсаалтад оруулчихаагүй бол шүү дээ. Оруулсаар энэ цагийг хүрсэн бол гурван сая дахь иргэн төрөөгүй ч байж мэдэх юм.

Нас барагсад нь амьдраад, тэтгэврээ аваад, өндөр шалгууртай арилжааны банкнаас зээл хүсээд, зээл нь гялалзтал бүтээд явсан юм чинь сонгуульд санал өгөх бол энүүхэнд. Ер нь ч сонгууль өгдөг болж таараад байна. Төрд байгаа хэдэн хүний хүслээр “амьдраад” яваа хүмүүс саналаа өгсөн гээд нэг эргэцүүл дээ. Ийм нөхцөлд ард түмний сонголт чин үнэн байж таарах уу. Ардчилсан сонгууль түмний сонголтоор биш төрийн тааллаар яваад байна уу даа гэж хардах шалтгаан нь бэлхнээ гараад ирчихлээ. Арван мянган “амьгүй албат”. Хардах томоос том шалтгаан.

Ингээд бодохоор энэ улсад ер нь төр гэж байна уу. Хүн, малаа үнэн зөв тоолж, сонгуулиа явуулж чадахгүй бол төр оршихын хэрэг алга мэт санагдах юм. Тэгэхээр төр өөрийгөө тогтож нэг хараад эрс шийдэмгий арга хэмжээ авах цаг ирчихэж. Төр төрөөрөө оршъё гэвэл ингэхээс аргагүй. Эхлээд цаг алдалгүйгээр иргэний бүртгэлээ амьтай, бодитой, чамбай болгоё.

Төр төрөөрөө оршиж чадахгүй байгаа жишээ өчнөөн бий. Төрийн байгууллагууд нь улс төрийн намуудын, улстөрчдийн тулааны зэвсэг болчихсоныг дээр, дооргүй л гадарладаг. Ил цагаандаа гарчихсан учраас гадарлах гэдэг үг зөөлдөх байх. Ер нь тийм. Энэ долоо хоногт шуугиан болсон арван мянган “амьгүй албат”-ын дуулианы үеэр ч маш тод анзаарагдсан. Цагдаа нь нийгмийн даатгалаа хянаад байна уу, нийгмийн даатгал нь цагдаагаа хянаад байна уу гэж асуумаар үйл явдал нүдэн дээр өрнөлөө. Бэлгэ, ёсыг эрхэмлэдэг, орчлонгоос одогсдодоо хүндэтгэлтэй хандаж араас нь муу үг унагахыг хүртэл цээрлэдэг монголчуудын санаанд багтамгүй энэ хэргийг илрүүлсэн улс нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн. Уг нь тэд илрүүлсэн хэргээ зарласан юм. Дараахан нь нийгмийн даатгалын хэсэг ажилтан “Бид буруугүй. Цагдаагийнхан л хуурамч бичиг баримтаар дөчин сая төгрөгийн тэтгэвэр авсан” гэсэн агуулгатай мэдэгдэл хийж харагдсан. Хэн нь хэнээ хянаад байгаа юм бүү мэд. Зүй нь цагдаа нь нийгмийн даатгалаа…. За ингэсгээд орхиё. Зэрэгцээ өрнөсөн энэ мэдэгдлүүдээс бидэнд хамаатай нэг том зүйл байгааг л эргэлзэхгүйгээр мэдэж байна. Төрд алба хаадаг, тодорхой эрх эдэлдэг хүмүүсийн халаасанд хууль бусаар орж байгаа төгрөг бүр биднийх. Тодруулж хэлбэл цалингаа аваад, баялаг бүтээгээд явж байгаа хүмүүсийн татвар гэж төрд өгдөг мөнгөнөөс төрд ажилладаг хэд нь хумслаад байна. Уг нь бидний төрд өгсөн мөнгө хүүхдэд минь сургууль, цэцэрлэг, цаашлаад яривал зам, гүүр, эмнэлэг гээд тухтай амьдрах орчинд минь нөлөөлөхөөр зүйлсэд зарагдах учиртай юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга
Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.11.06/ Монгол Улсын Үндсэн хуульд
оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 онд
баталж мөрдсөнөөс хойш 23 жил болж байна. Энэ хугацаанд Үндсэн хууль,
түүний Хавсралт хуульд заасны дагуу Монгол Улсын төрийн байгууллагыг
шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлсэн.
Үүний дагуу Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд зарчмын
шинэтгэл хийгдэж, улмаар боловсронгуй болон хөгжиж байна.

Ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлж
ирсэн үйл явцад төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт, тэнцвэрт
байдлыг хангахтай холбогдсон зарим нэг асуудал, сорилтыг шийдвэрлэх
шаардлага нийгмийн хөгжлөөс урган гарч ирсэн.

Улсын Их Хурлын даргын 2013 оны 02
дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг
одоогийн Үндсэн хуулийн үйлчлэлийн улмаас нийгэмд нэгэнт бий болсон учир
шалтгаануудыг харгалзан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
шаардлагатай гэж дүгнэсэн юм.

Энэ дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуульд
оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг Улсын Их
Хурлын даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны 08 тоот захирамжаар
томилон ажиллуулсан.

Ажлын хэсэг 2015 оны 01 дүгээр сарын
21-нээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан урьд
нь хийгдсэн судалгаа, дүгнэлтүүдтэй танилцаж, Үндсэн хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар удаа дараагийн
хуралдаанаараа хэлэлцэж, саналаа нэгтгэх, холбогдох асуудлаар судалгаа,
лавлагаа гаргуулах, Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч,
Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн
үндэсний комисс зэрэг төрийн холбогдох байгууллагуудын саналыг авч,
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хуралд ирүүлсэн
иргэдийн саналыг судлах зэргээр ажилласны үндсэн дээр Үндсэн хуулийн
нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулжээ.

Улсын Их Хуралд суудалтай бүх нам, эвсэл
буюу Ардчилсан нам, Монгол Ардын нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл,
Иргэний зориг-Ногоон нам, мөн бие даагч гишүүдийн төлөөлөл болох Улсын
Их Хурлын нийт гишүүний 60 гаруй хувь нь гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төрийн байгууллын
талаар Үндсэн хуульд тусгасан зарчмыг хөндөхгүйгээр Улсын Их Хурал,
Ерөнхийлөгч, Засгийн газрын хоорондын харилцан хамаарал, тэнцэл, эрх
мэдэл хоорондын ялгаа заагийг тодорхой болгохоор тусгажээ.

Засгийн газар тогтвортой ажиллах эрх
зүйн орчинг бүрдүүлэх, Ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж,
хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах хариуцлага, Засгийн
газрын үйл ажиллагаагаа тогтвортой явуулах бие даасан байдлыг
дээшлүүлэхээр заасан байна.

Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог
байсныг Улсын Их Хурлаас өргөтгөсөн төлөөлөлтэйгээр, зургаан жилийн
хугацаагаар, нэг удаа сонгодог байх, Ерөнхийлөгч нь ард түмний эв
нэгдлийг илэрхийлэгч институт байх зарчимд бүрэн эрхийг нь нийцүүлэн
өөрчлөлт хийжээ.

Хотыг засаг захиргааны нэгжид
хамааруулах, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, бүх
шатны Засаг даргыг томилж, сонгох, чөлөөлөх зарчим, эрх зүйн
зохицуулалтыг боловсронгуй болгох, уг үйл ажиллагаанд улс төрийн намын
оролцоог хязгаарлах, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн хоорондын зарим
харилцааг зохистой болгох чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт,
өөрчлөлтөд тусгажээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын
Их Хурал хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө энэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах, түүнтэй холбогдон
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах нь
зүйтэй гэж үзэж холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн
мэдүүлсэн байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэснээр иргэд Монгол Улсын
Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн
бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт
шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн
байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасны дагуу төрийн
үйл хэрэгт шууд оролцох эрхээ хэрэгжүүлэх, Үндсэн хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах асуудлаар нийгмийн зөвшилцлийг бий болгох чухал ач
холбогдолтой бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хууль ёсны хүлээн
зөвшөөрөгдсөн байдлыг баталгаажуулах юм гэж хууль санаачлагчид үзжээ.

Ард нийтийн санал асуулгыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр явуулахаар төсөлд тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.