Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Хаянхярваа: Хоёр нам нэгдлээ гэхэд МАН гэх үү, МАХН гэх үү гэдэг нэрний асуудал яригдаж таарна

УИХ дахь МАНын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

МАН, МАХНыг ирэх оны сонгуульд хамтдаа орох ёстой гэдэг өргөх бичгийг хоёр намын ахмадууд намын дарга нартаа өргөн барилаа. Нэгэн дээвэр доор явж байгаад тус тусын замыг хөөсөн хоёр нам нэгдэж явах боломж байгаа юм уу. Ашиг сонирхлын зөрчил гарах байх даа?

-Өнгөрөгч долоо хоногт МАН, МАХН-ын ахмадууд буюу цагтаа нам төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс хоёр нам нэгдэж, хамтарч ажиллах ёстой гэдэг албан ёсны шаардлагыг МАН, МАХН-ын дарга нарт гардуулсан. Үүнээс улбаалан нийгэмд энэ чигийн яриа их гарч байх шиг байна. Би энэ процессыгнийгмийн захиалга юм уу даа гэж харж байгаа шүү. Монгол Улсад улс төрийн нам олдсон уу гэхээс цөөдөөгүй. Өнөөдөр улс төрийн намуудын чанар чансааны асуудал яригдах ёстой. Тиймээс эдийн засаг хямарчихсан, улс төр нь хямралтай амаргүй байгаа энэ цаг үед улс төрийн намууд хүчээ нэгтгэх, улс төрийн хүчнүүд бодлогоо нэгтгэх, өөрсдийн байр суурийг тодорхой болгох хэрэгтэйбайгаа учраас нийгэм өөрөө шаардаж байгаа юм болов уу даа.

Хоёр нам нэгдлээ гэхэд үзэл бодлын зөрүү гарах байх. Хоёр намынхан хэдэн жил бие биенийгээ үзэж чадахгүй, газар доогуур ортол нь муулаад явсан даа?

-Би бол үзэж чадахгүй гэдэг үгтэй санал нийлэхгүй. Орон нутгаар явж байхад хоёр намын гишүүд “Бид нэг нам нийлэх ёстой” гэдэг байсан. Үзэл бодлын зөрүү гээд байгаа зүйл чинь толгой дотор л байдаг. Толгой дотроо намын эрх мэдэл бүхий хүмүүсийн хүрээнд ойлголцлоо бий болгож чадвал гишүүд нэгдэхгүй гэж хэлэхгүй, Ардын нам муухай, Хувьсгалт нам муухай гээд орилолдоод байхюм байхгүй ээ. Тиймээс улс төрийн нам гээчийн толгойд байгаа хүмүүс нь эв эе, учир зүйгээ ололцоод явчихвал ердийн гишүүд бодлогыг дагаад явчих ийм л зүйл. Үүн дээр МАН-ын удирдлагуудын зүгээс тодорхой алхмуудыг хийж, уулзалт зохион байгуулж байгаа гэсэн мэдээлэл бий. Өнөөдрийн байдлаар уулзаад ийм шийдэлд хүрсэн гэсэн мэдээлэл хараахан алга.

Танай намын хувьд хоёр нам нэгдэх асуудлыг Их хурал, Бага хурал, удирдах зөвлөлийнхөө алинаар нь шийдэх вэ?

-Хоёр нам намынхаа Бага хурал юм уу, Их хурлыг хуралдуулах байх. Хурлаас гарсан шийдвэрээ тодорхой болгоод явах ёстой гэж харж байгаа.

Гэхдээ МАН гэдэг нэрээрээ явах уу, МАХН гэдэг нэрээр явах уу гээд л маргаан үргэлжлэх нь дамжиггүй?

-Үнэн. Хоёр нам нэгдлээ гэхэд цаашид МАН гэх үү, МАХН гэх үү гэдэг нэрний асуудал яригдаж таарна. Хоёр намын аль нэг нэрээр нэрлэлээ гэхэд дахиад өөр улс төрийн хүчин гарч ирээд нөгөө нэрийг нь ашиглаад байхааргүй нөхцөл боломжийг үүсгэх шийдвэр гаргаж байж эцсийн байдлаар шийдэх ёстой.

Хоёр нам сонгуульд нэгдэж орохоор болбол үр дүн нь ямар байх бол?

-Одоогийн байгаа түвшнээс харьцангуй дээгүүр байх магадлал нэмэгдэнэ гэж харж байгаа.

Хоёр нам өрх тусгаарлах болсон шалтгаан дарга нарын хоорондын зөрчил шүү дээ. Хоёр нам нэгдлээ гэхэд дахиад л хоёр том фракц бий болчих юм биш үү?

-Миний хувьд фракц болоод задраад явчих зүйл гарахгүй болов уу гэж бодож байна. Үндсэндээ улс төрийн хүрээлэл дотор ажиллаж байгаа МАН, МАХН аль алиных нь гишүүд нэг нам байж, нэг зорилготой учир зүйгээ олоод л явдаг байсан. Тиймээс хүндрэл гээд байх зүйл гарахгүй байх. Мэдээж улс төрийн нам л болсон хойно нам дотор байдаг эрүүл, саруул мэтгэлцээн гарна. Эхэн үедээ зарим нэг асуудлаас болоод бие бие рүүгээ хатуу, хөтүү үг чулуудах л байх. Гэхдээ манай хоёр намын улс төрд явж байгаа, ялангуяа тэргүүлэн явж буй хүмүүсийг улс төрд хатуужсан хүмүүс гэж ойлгодог. Харилцан бие биенээсээ ирэх томоохон чулууг тэсээд гарчих, хоёр намын дунд хаясан чулууны учрыг нь олоод тойроод гарчих, хүний хатгаасыг зөв, буруугаар нь ялгаад салгачих ажил, амьдралын туршлагатай улстөрчид байгаа учраас айхтар хүндрэл гарахгүй.

Та төсвийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа гишүүн. Ирэх оны төсөв хэрхэн батлагдах төлөвтэй байна. Төсөв дээр засаж янзлах зүйл их байгаа талаар ярьж байсан?

-УИХ-ын даргын байгуулсан төсвийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Бүлэг дээрээ төсвийн ажлын хэсгийг ахалсан. Төсвийн тодотгол хэлэлцэхээс эхлээд байр сууриа тодорхой илэрхийлж ирсэн. Хамгийн гол нь орлого, зарлага хоёроо зөв тооцох ёстой. Тэгж байж төсвөө өнөөгийн нөхцөл байдалдаа нийцүүлж, зөв бодлогоор явах шаардлагатай. Төсвийн тодотгол хэлэлцэж байхад “Танай саналыг авлаа” л гэсэн. Ойр зуурын жижиг санал авсан хэрнээ хамгийн гол санал аваад хамтарч ажиллах зүйл дээрээ чадахгүй байна. Орлогоо зөв тооцоолж, хасч болох бүх зардлаа таная гэдэг манай бүлгийн саналыг аваагүй.

Төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг тав биш гурван хувь руу оруулъя гэдэг зарчмын саналыг төсвийн тодотголоороо хүлээж авсангүй. 2016 оны төсөв батлах гээд хэлэлцэж байгаа энэ үед өнөөх л байдал руугаа орох маягтай явж байна. Манай намын зүгээс гаргасан шинээр барилга байгууламж барихыг тэвчин хуучин барилгуудаа гүйцээх хэрэгтэй гэдэг саналыг зарчмын хувьд хүлээж авч байх шиг байна.

Үр дүн гарч л байгаа юм байна. Гэтэл МАНынхан бүгдийг л үгүйсгэж яриад байдаг

-Гэхдээ нэг жишээ хэлье. 24 тэрбум төгрөгийг төмөр замын цэрэгт зарцуулахаар оруулж ирж байна. Үүнийг нь харахаар энэ бол сонгуулийн шоу л байна гэж харахаар байгаа юм. Цэргүүд төмөр зам барина ч гэж юу байхав дээ. Төмөр замыг Валасовын арми барьдаг байсан тэр үе, өнөөдрийн цаг үе хоёр тэнгэр, газар шиг ялгаатай. Үүнийг ард түмэн ойлгож байгаа. Үүнийг би маш сайн мэдэж байна. Сонгууль дөхсөн тул 24 тэрбум төгрөгөөр баахан залуучуудыг ажилтай болгож төмөр зам бариулна гэж бүртгээд “Манай намын төлөө саналаа өгөөрэй” гэж хэлэх гэж байгаа башир арга байна л гэж хараад байгаа шүү. Үүнийг би шударгаар хэлж байна. Энэ мөнгө нь төсөв дээр батлагдах л юм бол ийм юм болно. Харж л байгаарай. Ийм маягаар төсвийн зарлагыг үрэлгэн байдлаар оруулж байгаад харамсаж байгаа юм. Энэ бол нэг л жишээ.

Малын хашаанд гэхэд нэг тэрбум төгрөгөөс эхлээд төсвийн үрэлгэн зардал нэлээд харагдаж байсан. Ирэх оны төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх обьект гэхэд сургууль, цэцэрлэг, соёлын төв гээд хөвөрч байна. Магадгүй сонгуулийн мөнгөө хардалт багатайгаар ингэж оруулж ирж байгаа болов уу?

-Би болсон, болоогүй найман удаагийн төсөв батлах ажилд оролцлоо. Барилга обьектыг шинээр эхлэх асуудал дээр зөвхөн сонгуулийн өмнөх жил ч биш бусад жилүүдэд ч шүүмжлэлтэй ханддаг.

Шинэ сургууль, цэцэрлэгтэй болохыг дэмждэггүй гэсэн үг үү?

-Яалаа гэж. Би анх гишүүн болохдоо барилга обьектууд дээр цөөн ч хамаагүй хэдэн төгрөг тавиад ажлыг нь эхлүүлчихвэл миний нэр хүнд орон нутагтаа өснө. Дараагийн сонгуулиар ногоон гэрлээр сонгогдоно гэж боддог байсан. Ганц би ч биш бүх гишүүд тэгж боддог. Гэтэл үнэндээ тийм биш гэдгийг ойлгосон. Жилийн жилд барилгын ажил эхэлж байгаа бол тухайн жилд нь дуусгах зарчмаар явах ёстой. Сургууль, цэцэрлэгийн барилгыг монголчууд өөрсдөө нэг жилийн дотор барьчихдаг болсон. Энэ бүхнээ бид тооцож богино хугацаанд барьж ашиглалтад оруулдаг зарчим руу орохгүй бол талаар нэг тараадаг.

Тэр нь юу гэсэн үг вэ?

-20 суманд цэцэрлэгийн ажил эхлүүлээд хаядаг. Тэр нь тухайн жилдээ дуусдаггүй.

Дараагийн жилд нь ажил нь үргэлжлэхээр ханшийн зөрүү гэдэг дэмий зүйл рүү орж мөнгө идэх үүсвэр болдог. Үүнээс улбаалан барилга нь чанаргүй болдог талтай. Манайхан төсөв хэлэлцэх явцад иймэрхүү зүйл ноёлж байна. Үүнийг УИХ-ын гишүүд бид ухамсраараа ойлгоод зогсоох ёстой атал тэгдэггүй. Ардчилсан намынхан л тэгж байна гэж буруу чихээд байх хэрэггүй. Бүх гишүүдэд ийм ойлголт байдаг. Бид жинхэнэ утгаар нь төсөв хэлэлцдэг болъё гэвэл гишүүд санал нэгтэйгээр үүнийг зогсоох ёстой. Бодит обьектуудаа санал нэгтэй дэмжих хэрэгтэй л дээ.

Манай орны зээлжих зэрэглэл буурлаа гээд дахин зарлачихлаа. Хонгилын үзүүр дэх гэрэл ч алга болчихов уу даа?

-Монголбанк, улсын төсөвтэй холбоотой өрийн талаар өөрийнхөө хэмжээнд тодорхой мэдээлэл авч байна. Энэ чиглэлийн өндөр боловсролтой хүмүүсээс би зөвлөгөө авдаг. Зөвлөгөө авч байхад өр болохоо байчихлаа гэдгийг олон хүн хэлж байгаа юм. Манайхан ирэх оны эдийн засгийн өсөлтийг 4.1 байна гээд байгаа нь худлаа гэдгийг хэлж байна. Ч.Хүрэлбаатар гишүүн Дэлхийн банкны хамгийн сүүлийн мэдээг авчихсан явж байна лээ. Үүн дээр Дэлхийн банк 0.8, Олон улсын валютын сан 0.6 хувиар манай улсын эдийн засгийг өснө гээд тооцчихсон байна. Тиймээс 2016 оны төсвийг 4.1 гэдэг өсөлттэйгээр шууд төсөөлж болохгүй. Үүнийгээ багасгах ёстой. 0.8 биш юмаа гэхэд 2.1 гэдэг ч юм уу бодит байдал руугаа оруулахгүй бол 2016 он дуустал гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй нь тодорхой болчихлоо. Японы Элчин сайд Шимизү гуай “Монголчууд гадаадын хөрөнгө оруулагчдад дэндүү хатуу ханддаг. Англи, Америк, Герман гээд барууны хөрөнгө оруулагчид одоо байхгүй. Хятадын цөөн хэдэн компанийн хөрөнгө оруулалт үлдлээ” гэх худал мэдээллийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын дараа Л.Эрдэнэчимэг гишүүн олон нийтэд өгсөн гэж ярьсан байна. Таван толгойн ТЭЗҮ-ийг 2015 ондоо багтааж өгнө гээд танай сонинд ярилцлага өгсөн байсан. Тэрийг нь Японы Элчин сайд нь “Тийм юм байхгүй. Худлаа мэдээлэл өгч байна” гээд ярилаа. Энэ мэтчилэн улстөрчид бид хэлэх үгээ мэдэж, болгоомжтой ярих ёстой. Мэдэхгүй бол худлаа шоу маягаар ярьж болохгүй. Ялангуяа гадаад харилцаатай холбоотой асуудлаар шоудаж болдоггүй юм. Энэ чинь өөрөө манай орны нэр хүндийн асуудал шүү дээ. Түүнээс биш гишүүд бид хоорондоо МАН, АН болж талцаад улс төр хийж байгаа зүйл биш. Энэ гадаад талд УИХ-ын гишүүн гэдэг биднийг төрийн бодлого тодорхойлох түвшний хүмүүс гэж хүлээж авдаг. Гэтэл төрийн бодлого тодорхойлдог хүмүүс нь ийм ороо бусгаа зүйл яриад байвал Монголын парламентыг ийм л гэж харна. Их хурлын гишүүн гэдэг чинь парламентын тусгал байдаг юм.

Categories
мэдээ цаг-үе

Агч модны навчин дор

-ЗОХИОЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ-

Хойт Америкийн хамгийн хөгжингүй орны нэг Канадад аялаад ирсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Д.Цэм­бэлийн манай сонины захиалгаар бичсэн нийтлэл тэмдэглэлийг уншигч танаа толилуулж байна.

Номхон далайн түрлэг татлагын үеэр эрэгт нь удтал зогсов. Өчигдөрхөн миний хөл дор их далай долгилж, дээр нь суусан сүрэг бор галуу ар араасаа эрэг рүү түрэн ирж буй давалгааны аясаар дайвалзан хөвж байлаа. Түрлэг, татлага хоёр мөнхөд улирах цаг хугацаа ирж, буцаж байгаатай адил юм. Түрлэг эхлэх бүр хүн төрж, татлага болох бүр хүн нөгчдөг гэж Англи зохиолчийн бичсэнийг санаад өөрийгөө Номхон далайн хамгийн баруун эрэгт, ирэх, буцахын зааг дээр, орших, эс оршихуйн зааг дээр зогсож байгаагаа ухаарав. Энэ бол үлгэрийн сайхан Канад орон.

Хаалттай нийгмийн үед зөгнөлт зохиолч Жюль-Верний “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” алдарт романд гардаг гурван метр ган жад барьсан Канадын загасчин өвгөн Недлендээс өөр нэг ч танил Канад бидэнд байсангүй.

Ингэхэд үзэсгэлэнт агч модыг төрийнхөө сүлдэнд дээдлэн залсан Канад гэж ямар орон бэ, Канадчууд гэж хэн бэ?

Английн колони байсан баруун эргийн Бритиш Колумб мужийн аядуу зөөлөн, Номхон далайн талын канадчууд гэж байна. Францын колони байсан, Консерватив үзэлтэй, өөрсдийгөө “дээд арьстан” гэх үзэл давамгайлсан Монреалынхан (Кубек муж) буюу Атланта талын канадчууд, бас Альберто мужийн (уул уурхайн) хүн ам сийрэгдүү суудаг, манайхаар бол хөдөөгийн канадчуудаас тус тус бүрддэг.

Миний бие Номхон далайн хамгийн баруун эргийн канадчууд буюу Бритиш Колумбын нэлээд хотуудад очсон юм. Өвлийн олимпийн нийслэл Ванкуверт ирсэн хүн өөрийгөө Ази, Номхон далайн аль нэг орны хотод хөл тавьсан мэтээр төсөөлөхөөс аргагүй. XVIII зууны үед энэ бөглүү хязгаарт зам тавих нүсэр хүнд ажилд нухлагдаж байсан хятад ажилчдын үр удам мөн Хонгконг коммунист Хятадын мэдэлд шилжихээс өмнөхөн амжиж ирсэн баян хятад болон япон, тайландчууд бараг алхам бүрт тааралдана. Нэгэн дунд сургуулийн биеийн тамирын багш хөл бөмбөгийн тоглолтын дараа маргааш Францын далбаатай ирэхээ мартуузай хэмээн өсвөрийн тамирчдад сануулж байв. Торонто юм уу Монрель зэрэг томоохон хотуудыг бодвол арьсны үзэл энд байдаггүй, бараг мэддэггүй, олон үндэстний үр хүүхдүүд нэгэн халуун ам бүл шиг аж төрж байгааг харах болно. Ванкувер хотын дарга нь өнгөт арьстан байсан, бас дэлхийд алдартай Бритиш Колумбын их сургуулийн Ерөнхийлөгч энэтхэг гаралтай эрдэмтэн байх жишээтэй. Удирдах албыг заавал цагаан арьстан канад хүн хаших албагүй, арьсны өнгөнөөс үл шалтгаалан хэн, юу чадаж байна, тэр нийгэмд байр сууриа эзэлдэг байна. Харин мужийн төв Виктория хотод азийнхан байхгүйтэй адил, ялангуяа засаг захиргааны байгууллагуудад нь ажиллаж буй ази царайтай хүн өдрийн од шиг ховор.

Ванкувер бол амьжиргааны өртөг Нью-Йорк, Вашингтоноос ч илүү өндөр, тэгсэн атлаа газар газрын хүмүүсийг өөр рүүгээ даллан дуудах увдистай, цэвэр цэмцгэрээрээ дэлхийд эхний тавд ордог, Хойт Америкийн үзэсгэлэнт хот юм. Тэгвэл энэ хотын үнэ цэн нь чухам юундаа байгаа бол? Номхон далайн чийглэг зөөлөн уур амьсгал, Хавайн арлуудын зүгээс үлээх дулаан агаар, аварга мод битүү ургасан давтагдашгүй үзэсгэлэнт байгаль, хүн амьдрах таатай орчинд нь байдаг юм болов уу? Ялангуяа Хонгконгын баян хятадууд энд хэдэн зуу, мянгаараа ирж суурьшсан нь орлого олох гэсэндээ бус, насан туршид нь, бас үр удамд нь хэрэглэж хүрэлцэхүйц их мөнгөө энд үрэн таран хийж, санаснаараа жарган суухыг урьтал болгосон гэмээр. Тэд хотын үйлчилгээний бараг бүхий л газрыг эзэгнэн, үнэтэй машин хөлөглөж, өргөст тортой шоронгийн хананаас өндөр, сүрлэг, гоёмсог ургамлан ханаар тусгаарласан орд харшид сууцгаана.

Баян, хоосны хоёр туйлыг эндээс л харж болно. Үлгэрийн сайхан энэ хотын “өвгөнтийн хөндийд” хар тамхичид, гуйлгачид, нийгэмдээ шаарлагдсан хүмүүс хэдэн арав, зуугаараа хоног төөрүүлж, шар нар бор хоногийг өнгөрөөнө. Харахад хөдөлмөрийн чадвартай залуус хүртэл малгайгаа дээш харуулан тавьж, хөгжим тоглон, хэд гурван цент горилон хоёр гурваараа сууцгаах нь гол төлөвхар тамхи, мансууруулах бодист донтогсод гэнэ. Зовлонгийн зуун найман аялгуу, жаргалын жаран наймыгаа даран гунигтайяа эгшиглэхийг эндээс л харж болно. Харин илт гуйлга гуйж буй азичууд, ялангуяа хятадууд энд харагдахгүй, бараг байхгүйтэй адил. Олон зууны тэртээ энд анх хөл тавьсан алдарт жуулчид, бас далайн дээрэмчид, колоничлогчид, бидний ярьдгаар тэдгээр “сайн эрсийн” үр удмын хийморь нь эдүгээ арай харьчихаагүй баймаарсан.

“…хар үс, шаргал арьс, өргөн шанаа, монхордуу хамартай монголчууд надад Америкийн уугуул индианчуудыг санагдуулдаг” гэж дал гаруй жилийн тэртээ Монголд зочилсон Америкийн Дээд шүүхийн шүүгч, нийтлэлч Уильям Дуглас бичжээ. Би тэрхүү “монхордуу” хамартангуудын нэгийг “Өвгөнтийн хөндийд” харсан юм. Тэр хүн Азийн аль нэг орноос ирээгүй л юм бол эндхийн уугуул индиан байхаас зайлахгүй. Тэр бас л малгайгаа дээш харуулан тавиад хөгжим тоглон гуйлга гуйж байв. Хар тамхинд орсон байж таарна.

Канадчууд айх аюулгүй амгалан тайван орчинд аж төрж байгаагаа илт мэдэрдэг бололтой, олны нүднээс зайдуу битүү ширэнгэнд гаргасан замаар удтал зугаалахдаа өөрсдийгөө яг л гэртээ байгаа юм шиг төсөөлдөг болжээ.Хэрэв тэндхийн ойн жимээр хэн нэгэн зугаалж яваад халдлагад өртдөг юм гэлээ гэхэд хот даяар шуугиан дэгдэж, хууль хяналтынхан сонор сэрэмжээ дээшлүүлж, нийгмийн ажилтнууд болон хэв журам сахиулагчдын тоог нэмэгдүүлж, телевиз сонин хэвлэлээр сэрэмжлүүлэг байнга явуулдаг юм байна. Канад бол дэлхийн хамгийн аядуу тайван, ард түмнийхээ аюулгүй байдлыг хангасан орны тоонд зүй ёсоор ордог. Замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталдаг оронд л бүх хууль дүрэм хэрэгждэг гэж үздэг нь хэтрүүлэг биш. Канадын аль ч хотод зам хөндлөн гарахдаа гарцны дэргэдэх шонд байрлуулсан товчлуурыг өөрсдөө эхэлж дарахад ногоон гэрэл асч, баруун зүүнээс ирж буй бүх машин зогсож хүмүүсээ өнгөрүүлнэ. Зарим зорчигч гэрлээр зохицуулдаггүй гарцанд тулж ирээд тээврийн хэрэгслийн замыг чөлөөлж эхлээд явна уу гэж дохисон ч тэд та нарыгаа эхэлж өнгөрүүлж байж явна даа гэсэн шиг байрандаа хүлээн зогсдог аж. Энд зам хөндлөн гарахад явган зорчигч хамгийн давуу эрх эдэлнэ. Дараа нь дугуйтай хүн, гуравт нийтийн тээврийн хэрэгсэл, бүр сүүлд нь хувийн тэрэг явах жишээтэй. Эмнэлэг, цагдаа, галын алба зэрэг тусгай үйлчилгээнийхэнд зориулсан хамгийн баруун талын зурвасаар хэн дуртай нь яваад байдаггүй, явахыг ч боддоггүй. Харин манайд бүр эсрэгээр, тэр ч бүү хэл томоохон албан тушаалтнууд тусгай гэрэл дохиог дураараа хэрэглэж байгаа нь хүн төвтэй нийгмийн шинж яавч биш. Хүнийг биш гаднын нэртэй фирмийн брэнд болсон машиныг илүү “хүндэтгэдэг” тогтолцоонд бид орчихсон юм биш үү? Дотор нь согтуу алуурчин юм уу, чөтгөр сууж явсан ч ялгаагүй. Гэтэл тиймгүй юм байна шүү, хүмүүс ээ! Эдүгээ мөрдөж эхэлж буй замын хөдөлгөөний хуулийг бид талархан хүлээн авч хэрэгжүүлэх ёстой. Дашрамд хэлэхэд, арай л хөнгөдсөн үү гэхээс биш нэг их чангатгасан зүйл бараг байхгүй дээ. Хэрэв гаднынхан энэ талаар зориуд ажил болгож судалгаа хийдэг юм гэлээ гэхэд нийгмийн тогтолцоо, хууль дүрэм нь чухам хэнд үйлчилж буйг төвөггүй мэдэх болно. Гэвч энэ бүгдийг “илрүүлэх” гэж явдаг завтай гаднын хүн хэн ч байх билээ, бид өөрсдөө хөдлөхгүй байгаа юм чинь.

Канад оронд бүхнээс илүү харж хамгаалдаг нэг л зүйл байдаг нь хэлсэн хэлээгүй нүдэнд харагдаж байдаг. Энэ бол хүний амь, амар амгалан байдал. Зан сайтад хүн бүхэн цугладаг гэж манайхан ярьдаг. Хүний сайн санаа, сайхан сэтгэл, хүнлэг харилцааны гайхамшгийг эндээс алхам бүрд харж болно.

Ойн жимээр явж байсан, нохой дагуулсан канад бүсгүй бидэнтэй хятадаар мэндлэхэд миний ач хүү Ананд “Бид Хятад биш Монгол” гэв. Канад бүсгүй “Аа, Монгол уу? ” гэж найрсгаар хэлээд манай энд коёоте чоно элбэгтэй. Хэрэв чонотой тааралдвал өөр зүг рүү анхаарал хандуулж болохгүй, зөвхөн чонын нүд рүү эгцлэн харж чанга дуугаар хашгиран мод, чулуу шидвэл явчихна гэж тэр бүсгүй хэллээ. Гартаа гишүү барьсан нөгөө бүсгүй цааш явснаа эргэж хараад “Чоно тааралдвал хоол битгий өгөөрэй. Тэгвэл ойр ойрхон эргэж ирээд байдаг юм шүү.” гэв. Тэр бүсгүй үл таних хүмүүст ийнхүү чин сэтгэлээсээ анхаарал тавьж байгаа нь нийт канадуудын найрсаг харилцаа, хүн хүндээ анд нөхөр байх эрхэм зарчмын хэм хэмжээ болсныг харуулна. Дараа нь тааралдсан дугуйтай өвгөн ой дахь горхи руу зааж “тэнд минж байгаа, оромжийг нь харж байна уу?” гэснээ “энд ямар нэг жимсний үнэр ханхлаад сайхан байна шүү” гэж сайн танилдаа хэлж байгаа юм шиг найрсгаар өгүүлэв. “Баавгайд ч хоол өгөөд хэрэггүй, дахин дахин идэх юм горилж ирнэ. Тэр нь байхгүй бол өөр рүү нь дайрч ч болзошгүй” гэж хэлэх хүн ч тааралдав. Үнэхээр ч энэ газар хойт Америкт байдаг коёоте чонын идээшсэн таатай орчин, хүнээс бараг айдаггүй, хүн ч түүнийг айлгаад байдаггүй, айлын үүд хавиар үе үе чоно эргэлдэх нь хэвийн үзэгдэл болжээ. Араатан амьтдын жинхэнэ амьд музейг эндээс л харж болно. Амралтын бүс нутаг Вестлер ууланд тарвага хошгирч, татлаган замаар уул өөд өгсөж явахад тэртээ дор баавгай харагдах бол энүүхэнд.

Канадын өргөн уудам нутгийн төв хэсэг нь цаг агаарын хувьд Монголтой төсөөтэй, үржил шимтэй болохоор хөрсөнднь юу ч хаясан ургадаг аж. Унагасан юм уу тайрсан модных нь хавтгай ёзоороос хүртэл зулзаган мод ургажээ. Хотын төвд ширэнгэ дундуур тал бүр тийш салаалсан жим гаргаагүй бол хүн бүү хэл, коёоте чоноос өөр амьтан нэвтрэх аргагүй. Жим бүхний эх бас уулзваруудад очих газрын чигийг заасан тэмдэг, чоноос болгоомжлохыг зөвлөсөн бичигт самбарууд байрлуулсныг хараад манайх ядаж автобусны буудлаа хаягжуулдаг ч болоосой гэсэн бодол төрнө. Харин жим дагуу салхинд унасан, эсвэл олон жил, бүр хэдэн ч зууны өмнө тайрч унагасан аварга модод баруун зүүнгүй хөглөрч зам хөндлөн унасан зарим модны дундуур хүн явахад зориулсан хөндлөн ховил гаргасныг харахад канадчууд манайхтай адил ойгоо цэвэрлэх гэж төдийлөн санаа тавьдаггүй юм болов уу гэмээр. Гэвч өөрсдийгөө хямд эрчим хүчээр бүрэн хангадаг орны ард түмний хувьд түлээ нүүрс түлнэ, шаглана бас модны хулгай гэсэн ойлголт байдаггүй бололтой. Мэдээж дэд бүтэц тийм ч сайн хөгжөөгүй, зах хязгааргүй хойт нутгийн оршин суугчид модоо түлэлгүй яахав.

Канад бол олон үндэстний урлаг нь индианчуудын язгуур урлагтай хослон хөгжсөн газар юм. Миний бие Ванкуверт ирээд удаагүй байхад жар дахь жилдээ зохиогдож буй ардын дуу, хөгжмийн их наадам сүр дуулиантай болж өнгөрөв. Хөгжиж буй орны дундаж амьдралтай хүн аль нэг өндөр хөгжилтэй оронд ирсэн тэр мөчөөсөө эхлэн тэндхийн эмзэг бүлгийнхэнд тооцогдохоос өөр аргагаүй, юм бүхэн нь тэнгэрт хадсан үнэтэй. Үзвэр үйлчилгээ ч ялгаагүй. Дуу хөгжмийн уламжлалт их наадмыг үзэхээр бас уг наадамд оролцохоор дэлхийн олон арван орны хүмүүс ирцгээсэн тул хотын зочид буудал, зоогийн газрууд хүнээр пиг дүүрчээ. Тасалбарын үнэ гэхэд л 150 канад доллар буюу манайхаар бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаагүй илүү байна. Бас тэнд ордог юм гэлээ гэхэд хоол, ундаа бусад үйлчилгээ авах хэрэгтэй болно. Хэтрүүлж хэлбэл, төлбөрт нь одон орны хэмжигдэхүүн гэмээр их тоо гарахгүй л байх. Тэгвэл “Өвгөнтийн хөндийн” гуйлгачдаас эхлээд хэдэн зуу, мянга, саяар тоологдох ядууст иймэрхүү арга хэмжээ хүртээлгүй байх нь. Тэд чинь бас л урлаг соёлоор ангаж цангадаг хүмүүс. Харин Канадад соёл урлагийн иймэрхүү томоохон арга хэмжээнд нийгмийн давхарга бүхний төлөөллийг оролцуулахыг эрхэмлэж, эмзэг давхаргынханд үнэ төлбөргүй үзвэр үзэх, үнэгүй бэлэг, үдийн тансаг хоол бас л үнэгүй авах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр иржээ. Тэдэнд үйлчилдэг хүмүүсийг хүртэл томилж, буцах унааных нь зардлыг мөн олгож байв. Орлогоо бодолгүй яахав. Гэвч хүнийг түүнээс дээгүүрт тавьдаг “хүнлэг энэрэнгүй” гэсэн манай үндсэн хуулийн заалт энд жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаатай биечлэн танилцлаа. Бас их, дээд сургуульд орох гэвч мөнгөгүй, авьяаслаг хүүхдүүдийн сургалтын төлбөрийг даадаг тогтолцоо ч үйлчилж байна. Хэрэв нутгийн уугуул иргэд бол бүр ч давуу эрх эдэлдэг аж.

Дэлхийн улс түмнүүдийн дуу хөгжмийн бүтээлүүд хүн төрөлхтний нийтлэг хүсэл эрмэлзлийг тусгасан түгээмэл сэдвүүдийг хамардаг бол тэдгээрийг илэрхийлэх арга хэв маяг нь тухайн ард түмний зан байдал, онцлог төдийгүй, газар зүйн байрлал, цаг агаар зэргээс шалтгаалан янз бүр байдаг бололтой.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд

2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 09-ӨӨС 13-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ


НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 09-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 09-ний Даваа гарагт:

  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Төрийн албаны зөвлөлийн байранд;
  • Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгах Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороотой хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
  • Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд;
  • Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас “А” танхимд;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.

11 дүгээр сарын 10-ны Мягмар гарагт:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас Барилга, хот байгуулалтын яам 2 давхрын хурлын зааланд.

11 дүгээр сарын 11-ний Лхагва гарагт:

  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 10-ны Мягмар гарагт:

1.Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 6 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай.

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгох /Иргэний хуулийн 17.1.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх/.

11 дүгээр сарын 11-ний Лхагва гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Бүгд Найрамдах Унгар Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Био комбинат төрийн өмчит үйлдвэрийн газрыг шинэчлэх төслийн талаарх холбогдох байгууллагын мэдээллийг сонсох.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвецид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

ДӨРӨВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 10-ны Мягмар гарагт 09.00 цагаас:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.

11 дүгээр сарын 13-ны Баасан гарагт 09.00 цагаас:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 6 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд / Засгийн газар 2015.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвецид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаас Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ус уухад учир бий

Амралтын өдрийн өглөө уламжлал ёсоороо дөрвөн аяга ус уучихаад буцаад хэвтэж байтал Японы “NHK” телевизээр гарч буй нэвтрүүлэг анхаарал татав. Учир нь усыг хэрхэн зөв уух тухай байсан юм.

Өглөө бүр өлөн элгэн дээрээ хэд, хэдэн аягаар угсруулж ус уух нь буруу гэж ирээд л ярилаа. Тавхан минутын өмнө литр шахуу ус нэг дор уусан болохоор анзаарахгүй өнгөрч чадсангүй. Уг нэвтрүүлэгт оролцож буй эмч нарын яриаг сонстол “Эмэгтэйчүүд, ялангуяа залуу бүсгүйчүүд арьсаа сайхан болгохын тулд ус уух хэрэгтэй” гэж байна. Үргэлжлүүлээд “Өглөө босоод өлөн байх үедээ ус уух хэрэгтэй. Гэхдээ нэг дор их хэмжээгээр уугаад хэрэггүй” гэлээ. Учир нь нэг дор таван зуун граммаас илүү ус уухаар ходоод сунадаг гэнэ. Улмаар ус биеэс гадагшлахад ходоод хоосорч өлсөх учиртай. Энэ үед хоол идэхээр ходоод өмнөх уусан усны хэмжээгээр дүүрч байж сая цадах мэдрэмж төрүүлдэг ажээ. Тиймээс нэг дор их хэмжээний ус уувал ходоод сунаад, идэмхий болдог гэж тайлбарлаж байна лээ.

Манай ихэнх бүсгүйчүүд ус л уугаад байвал жин хасна гэж боддог. Улмаар гэнэт ус уухаа санаад нэг дор 500 грамм орчим ус залгилчихдаг. Харин ингэж уух нь буруу ажээ. Хэрэв та арьсаа чийглэг байлгах, улмаар биеийн жингээ хэвийн хэмжээнд барихыг хүсдэг бол өдөрт 1.8-2.5 литр ус уухад л тохиромжтой юм байна. Гэхдээ бага, багаар биедээ шингээж уугаарай. Ингэхийн тулд өглөө боссон цагаасаа хойш бага, багаар хувааж уусаар 18 цагт зогсоох ёстой юм байна. Учир нь орой уусан ус бөөрөнд ачаалал өгдөг ажээ.

Хэрэв хоолны дараа болон нэг дор их хэмжээгээр ус уувал ходоод сунаж хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг байна.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Авлигатай тэмцэх ариун ажил улс төрийн шоу болж Монголын нийгмийг хагаралдуулах ёсгүй” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин” даваа гариг бүрийн өглөө “Танайд өнжье” булангаа хүргэдэг билээ. Өнөөдөр Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин, гавьяат жүжигчин Б.Ганчимэгийнд өнжсөн тэмдэглэлээ хүргэж байна. Үлгэр эхлэх намуун үдшээр Дүүлгэр саран дор саналаа чамайгаа… хэмээх уран бүтээлээр нь түүнийг сонсогчид, уншигчид сайн мэднэ. Эрхэм уран бүтээлчийн өргөө хоймроос сурвалжилсан тэмлэглэлийг нэг, 12, 13 дугаар нүүрээс уншаарай.

Улс төрийн мэдээллийн нүүрт Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн ярилцлага, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн ярилцлага зэргийг нийтэллээ. Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрт “Авлигатай тэмцэх ариун ажил улс төрийн шоу болж Монголын нийгмийг хагаралдуулах ёсгүй” нийтлэл хэвлэгдлээ.

Манай сонины эрэн сурвалжлах, тоймчдын албаны сэтгүүлч Э.Хүрэлбаатар Ханбогд суманд томилолтоор ажиллаад ирсэн юм. Монгол орны аймаг, сум бүхэнд очиж ажилласан түүний энэ удаагийн томилолт нэгэн ноцтой асуудлыг хөндөж байна. Учир нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд тэмээний үл мэдэгдэх өвчин гарч, нэлээд олон тооны тэмээ үхчээ. Эх нь үхсэн ботгонууд чөлөө завгүй буйлж, зэлээ тойрон бөн бөн нулимс унагаад малчны гадаах намрын сүүлч даанч нэг уйтай байгааг энэхүү сурвалжлагад дүрсэлжээ. Шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжсөн өнөө цагт ямар өвчин тархаад байгааг улс тогтоож чадахгүй, нэг хотны гурван гэрийн амин зуулга болсон хэдэн тэмээ хиараад дуусч байгааг, мөн энэ өвчин үхэрт халдаж байгааг нэг, 17 дугаар нүүрээс уншина уу.

Түүнчлэн Баримт, үйл явдал булангаас “Г.Шийлэгдамба сайдад авлига өгсөн гэх компанийн захирлыг шалгаж эхэлсэн бололтой” материалыг, Эдийн засаг булангаас “”Оюу толгой” төсөл энэ эрчээрээ хэрэгжвэл Монголын эдийн засаг 35 тэрбум ам.доллар болж томорно” хэмээх ярилцлагыг уншаарай.

Мөн “Орчин цагийн Ромео Жульетта нээлтээ хийх гэж байна” сурвалжлага, “Халх гол” чөлөөт бүс нь Монголын хөдөө аж ахуйг шинэ түвшинд гаргах юм” ярилцлага зэргийг өнөөдрийн дугаараас хүлээн авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар Галбын говиос сурвалжлан хүргэж байна

“Өдрийн
сонин”-ы Эрэн сурвалжлах, тоймчдын албаны сэтгүүлч Э.Хүрэлбаатар Ханбогд суманд
томилолтоор ажиллаад ирлээ. Монгол орны аймаг, сум бүхэнд очиж ажилласан түүний
энэ удаагийн томилолт нэгэн ноцтой асуудлыг хөндөж байна. Учир нь Өмнөговь
аймгийн Ханбогд суманд тэмээний үл мэдэгдэх өвчин гарч, нэлээд олон тооны тэмээ
үхчээ. Эх нь үхсэн ботгонууд чөлөө завгүй буйлж, зэлээ тойрон бөн бөн нулимс
унагаад малчны гадаах намрын сүүлч даанч нэг уйтай байгааг энэхүү сурвалжлагад
дүрсэлжээ. Шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжсөн өнөө цагт ямар өвчин тархаад
байгааг улс тогтоож чадахгүй, нэг хотны гурван гэрийн амин зуулга болсон хэдэн
тэмээ хиараад дуусч байгааг маргаашийн дугаараас тодорхой уншаарай. Та манай
сонины дугаарыг 99112954 дугаарт холбогдон захиалах юмуу эсвэл Монгол
шуудангийн салбар, сонин түгээх цэгээс худалдан аваарай.

Categories
мэдээ нийгэм

Гурил үйлдвэрлэлд 108.0 мянган тонн буудай нийлүүлэв

Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах мэдээ гарсан.

Гэвч тариалангийн бүс нутгаар 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай, 6 дугаар сард олон хоног үргэлжилсэн аагим халуун болж хөрсөн дээрх хамгийн их температур 60-64 градуст хүрч 18-27 хоног үргэлжилсэн нарны хэт их халалт явагдсан нь гангийн нөхцөлийг үүсгэсний зэрэгцээ 08.12-09. 20-ийг хүртэл тариалангийн бүс нутгаар нэлээд хэмжээний хур тунадас орж, дулаан байсан нь тариа хэнзлэх, хог ургамал их хэмжээгээр түрж ургах нөхцөлийг бий болгосон.

Түүнчлэн 9 дүгээр сарын 24-30, 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд нийт нутгаар их хэмжээний хур тунадас, нойтон цас орсон нь ургац хураалтын явцыг сааруулсны зэрэгцээ ургацын хаягдалыг нэмэгдүүлж байгаагаас урьдчилсан байдлаар балансаар тогтоогдсон ургац 30 орчим хувиар буурах нөхцөл байдал үүссэн байна.

10 дугаар сарын 30-ны байдлаар 50.7 мянган га-г ангилан хадаж, 50.0 мянган га-г цайруулан, 228.4 мянган га-г шууд хурааж, нийтдээ 278.7 мянган га-гаас 211.3 мянган тонн үр тариа, үүнээс 200.0 мянган тонн буудай, 163.9 мянган тонн төмс, 71.6 мянган тонн хүнсний ногоо, 42.8 мянган тонн малын тэжээл, 21.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 108.0 мянган тонн буудай нийлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван нинжа нурангид дарагдаж амиа алджээ

Өнгөрсөн сарын дундуур буюу 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 19:00 цагийн орчим Баянхонгор аймгийн Дөвөнтийн нурууны “Сайрын худаг” гэх газарт “Монголболгаргео” ХХК-ийн нөхөн сэргээлт хийсэн уурхайн талбайд гар аргаар алт олборлож байсан /нинжа/ иргэд 5 м гүнтэй нүхэнд гурван иргэн нурангид дарагдаж амиа алдсан хэрэг гарсан байна.

Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын аврах бүлэг, Цагдаагийн газрын томилгоот бүрэлдэхүүн 22:40 цагт ослын газарт хүрэлцэн очиж, газар орны нөхцөл байдал, аврах ажиллагааг явуулах боломж зэргийг судлан үзэж эрэн хайх, аврах ажиллагаа явуулан, өглөөний 05:55 цагт цогцсуудыг гаргаж, цагдаагийн байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Уурхайн осолд иргэн “М” 39 настай, иргэн “Г” 31 настай, иргэн “А” 35 настай иргэд осолдсон ба Баян-Овоо, Галуут сумын иргэд болохыг тогтоосон байна. Тус аймагт 2015 он гарсаар уул уурхайн 2 тохиолдол гарч, нийт 4 хүн осолдож амь насаа алдаад байгаа аж.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас, уул уурхайн компаниудын хуучин ашиглаж байсан цооног, карьер, нөхөн сэргээлт хийсэн талбай, мөн нуранга үүсэх аюул үүссэн болон ашиглахыг хориглосон талбайд ямар нэгэн хамгаалалтгүй орж гар аргаар алт олборлох, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ ажиллахгүй байхыг анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Өршөөлд хамрагдаж орон нутагтаа буцлаа

Хэнтий аймгийн Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбогдуулан аймгийн прокуророор ахлуулсан ажлын хэсэг гарган тус аймаг дахь Хорих 419 дүгээр ангид хорих ялаар шийтгүүлж, эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлэх асуудалд хамаарах ялтнуудын судалгааг гарган холбогдох арга хэмжээ авч ажиллажээ. Энэ ажлын хүрээнд 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр ялтнуудын хувийн хэрэг материалыг хянаад, прокурорын тогтоол үйлдэж шүүхэд бүрэн шилжүүлсэн ба 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” тухай хуулийн 4 дүгээр зүйлд хамрагдсан гэмт хэрэгт шийтгүүлсэн Сүхбаатар, Дорнод, Улаанбаатар, Дорноговь, Хэнтий аймгийн шууд суллагдах ялтнуудын асуудлыг шүүхээр бүрэн шийдвэрлүүлж дуусган ялтнуудыг өдөртөө багтаан оршин суух аймаг, орон нутагт нь хүргүүлж хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Пүрэв гаригт бүх нийтээр амарна

Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр ирэх арваннэгдүгээр сарын 12-ны пүрэв гарагт тохиож байна. Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” –ийг “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ны өдөр хэмээн тэмдэглэж байхаар заасан билээ. Мөн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, ёслон тэмдэглэж байхаар болсон байдаг. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амрах юм.