Categories
мэдээ улс-төр

Хоёр орны төрийн тэргүүн өнөөдөр уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар хийж буй төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтах ёслол өнөөдөр 17.00 цагт болж, залгуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын албан ёсны хэлэлцээ эхлэх юм. Хэлэлцээний дараа айлчлалын гол баримт бичиг болох Харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт хоёр тал гарын үсэг зурна.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногийн сүүлээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

Өнөө маргаашдаа иэхэнх нутгаар цаг агаар тогтуун, хангайн уулархаг бүс нутгаар өдөртөө 0-7 градус дулаан бол шөнөдөө -2 оос -10 хум хүйтэн байна. Харин говийн бүс нутгаар өдөртөө 2-оос 12 хэм дулаан байна. Харин нөгөөдрөөс баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 13,14-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 11-13-нд зарим газраар секундэд 12-14 метр, 14-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэд прокурор, мөрдөн байцаагчдын сууж явсан машин осолджээ

Уржигдар буюу энэ сарын 8-нд Сэлэнгэ аймагт прокурор, мөрдөн байцаагчдын сууж явсан машин осолджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэргийн газрын үзлэг хийгээд буцаж явсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын цагдаагийн долоон албан хаагч, нэг прокурорын сууж явсан фургон автомашин осолдож, ослын улмаас Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор эмэгтэй Г хүнд бэртсэн байна.

Ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын хамгийн том эрсдэлийн форум болно

Энэ сарын 11-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд Голомт банк, “Мандал Женерал Даатгал” ХХК, Монголын бизнесийн зөвлөл хамтран “Монгол улсын Эрсдэлийн удирдлагын форум-2015” үйл ажиллагааг зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Уг үйл ажиллагаа нь Монгол Улсын эдийн засгийн салбар, бизнесийн салбарын эрсдэлийн эргэн тойрон дох асуудал, түүнийг даван туулах арга зам зэрэг чухал сэдвүүдийг хөндөн хэлэлцдэг нэр хүндтэй үйл ажиллагаа юм.

Форумын зорилго нь улсын хэмжээнд тулгараад буй эрсдэлүүдийг судлан шинжилж, илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулах замаар нийгмийн эрсдэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах явдал юм.

Форумын үйл ажиллагаа доор цар хүрээг хамран өрнөх аж:

  • 2016 оны Макро эдийн засгийн төлөв байдал, голлон анхаарах эрсдэлүүд
  • Хямралын үед бизнесийг тогтвортой үргэлжлүүлэх эрсдэлийн удирдлага
  • Байгалийн гамшгийн эрсдэл, гамшгийн бэлтгэл

“Монгол Улсын Эрсдэлийн удирдлагын форум-2015” форумд Бизнес эрхлэгчдийн санааг чилээж буй ирэх оны макро эдийн засгийн төлөв байдал, хямралыг дагасан эрсдэлийн асуудлуудад мэргэжлийн хүмүүсийн гаргасан тооцоо, таамаг зэрэг сэдвийг хамарсан найман илтгэл тавигдна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдээд байна.

Categories
мэдээ цаг-үе

Ханбогд суманд гарсан тэмээний үл мэдэгдэх өвчин үхэрт халдаж байна

Галбын цэнхэр говийг хөндлөн гулд туулаад Номгон гэх дүнхийсэн хөх уулыг чиглэн давхилаа. Удалгүй говийн намхан бор толгод давж малчин Л.Отгондүү, А.Буд нарын гэрийн гадаа хүрч очлоо. Намрын салхи чөлөө завгүй салхилж, өрхний оосор бүч гэрийн дээврийг балбаж, салхины аясаар гэрийн яндан сэнсрэн дуугарах ажээ. Зорьж очсон айлын гэрийн гадаа арав гаруй ингэ зогсож, хэвтэх нэг нь хэвтсэн байдалтай байв. Эх нь үхсэн ботгонууд чөлөө завгүй буйлж, том том нулимс унагаад зэлээ тойрох нь өрөвдөлтэй. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багт тэмээний үл мэдэгдэх өвчин гарч, айлын арав гаруй тэмээ үхсэн гэх мэдээллийг аваад нийслэлээс хөдөлж, сурвалжлага бэлтгэхээр зорьсон газартаа хүрч ирээд байгаа нь энэ.

Гэрийн эзэдтэй мэнд мэдэлцээд гэрт орцгоолоо. Л.Отгондүү гэх 40 гаруй насны эр “Хэдэн тэмээгээ үхүүлээд л сууж байна. Юунаас болоод яагаад үхээд байгааг тогтоох газар Монголд олдохгүй л юм шиг байна. Сум аймгийн эмч нар ирж үзлэг хийсэн. Бүр задлан хийгээд дээж аваад явсан. Шинжилгээний хариу нь бидэнд албан ёсоор ирээгүй байна. Гэхдээ ямар өвчин бэ гэдгийг тогтоож чадахгүй байгаа гэсэн хариуг аймгийн малын эмч нар өгсөн. Яахаа мэдэхгүй болж аргаа бараад сууж байна.

Манайх гэдэг айл хэдэн үеэрээ тэмээ маллаж ирсэн. Говь нутагт тэмээ ингэж олноороо үхэж байгааг үзээгүй. Энэ талаар сонсож байгаагүй” гэж байлаа. Л.Отгондүү А.Буд, Б.Өлзийбүрэнгийнх гэх гурван хот айл 200 гаруй тэмээтэй юм байна. Намар ингээ саадаг гэнэ. Иймд 30 гаруй ботготой тэмээгээ гэрийнхээ гадаа аваад үлджээ. Харин бусдыг нь хээрээр маллаж байгаа аж. Өнгөрсөн сарын 13-нд хүрэн ингэ нь гэнэт л босч чадахгүй болчихсон гэнэ. Өргөөд босгохоор урд хоёр хөл нь тэнийхгүй. Босоод зогслоо гэхэд хамаг бие нь салгалаад, амнаас нь шүлс асгараад байсан гэнэ. Өндөр хэмтэй халуурч байгаа бололтой шинж тэмдэг илэрч байсан аж. Ингээд эхний тэмээ үхжээ. Нэг зэлний арав гаруй ингэ ийм маягтай өвдсөн гэнэ. Ингэхээр нь сумын мал эмнэлэгт “Манай нэг ингэ үхчихлээ. Урд хоёр хөл нь татаад бүх бие нь салгалж байгаад үхлээ” гээд дуудлага өгчээ.

Шинжилгээний хариу гарсан ч ямар өвчин болохыг тогтоож чадаагүй гэнэ

Сумын эмч нар ч дуудлага өгсөн даруйд ирсэн байна. Ирж үхсэн ингэ болон бусад ингэнд үзлэг хийжээ. Гэхдээ ямар өвчин гэдгийг тогтоож чадахгүй гэдгээ шууд хэлсэн байна. Учир нь тэмээ дээрх шинж тэмдэг бүхий өвчнөөр үхэж үрэгдэж байсан тохиолдол байхгүй гэнэ. Сумын малын эмч нар аймгийн төвд мэдэгджээ. Сумын ИТХ-ын дарга аймагт ажлаар явж таарсан болохоор Өмнөговь аймгийн малын эмч нарыг өвчин гарсан газар аваад очжээ. Аймгийн эмч нарыг ирэх үед таван тэмээ үхээд байсан аж. Бүгд нэг ижил шинж тэмдгээр үхсэн байна. Аймгийн малын эмч нар үхсэн тэмээнүүдэд задлан хийгээд бүгд л шулуун гэдсэнд нь бага зэргийн цус хурсан байгаагаас өөр тодорхой шинж тэмдэг илрээгүй байна гэжээ. Дөрөв хоногийн дотор найман тэмээ нэмж үхсэн гэнэ. Энэ байдлаараа 20 гаруй ингэний урд хоёр хөл нь саажиж, өвс идэж, ус уухаа байжээ. Үхсэн тэмээний эд эсээс дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид явуулсан байна. “Шинжилгээний хариу гарахыг хүлээнэ. Шинжилгээний хариу гарчих юм бол дахиж ирнэ. Ямар өвчин бэ гэдгийг тогтоосны дараа бид ирж дараагийн арга хэмжээг авна. Тэр болтол ямар нэгэн эмчилгээ хийхгүй” гэж хэлээд явжээ. Ингээд ор сураггүй болцгоосон байна. Тэр хооронд тэмээнүүд үхсээр байгаа аж. Сум, хоршооны малын эмч нар ээлжилж А.Отгондүүгийнд байрлаж байгаа гэсэн. Ханбогд сумын Номгон багт тэмээ халдварт өвчний улмаас үхэж үрэгдээд байна уу, эсвэл ямар нэгэн зүйлд хордсон байна уу гэдгийг өнөөдрийг хүртэл бүрэн тогтоож чадаагүй байна. Гэхдээ гэрийн эзэд буянт малаа үл мэдэгдэх өвчнөөр үхэж үрэгдээд байгааг зүгээр хараад сууж чадалгүй сумын төв, аймаг дээрээс эм тариа авчирч хийж эхэлсэн гэнэ.

Их үдийн алдад хоршооны багийн эмч Бадамханд, Л.Отгондүү болон эхнэрийнх нь хамт гарч тэмээнүүдэд тариа тарив. Дөрвөн хөлийг нь тушиж хатуу хийж байгаад унагаж, толгой дээрээс нь дарж байгаад зүрх судасны үйл ажиллагаа сайжруулах эм болон олон төрлийн витамин тарилаа. Ингэнүүдийг бурантагнаас нь татаж хөтлөх гэхээр урд хоёр хөл нь саажилттай болчихсон юм шиг эв хавгүй гишгээд газарт унаад өгөх юм.

Тэгснээ хамаг бие нь татваганаад тийчилж, толгойгоороо газар саваад унав. Нүд хальтирмаар дүр зураг харагдах ажээ. Олон хоног ус ууж, өвс идээгүй ингэнүүдийн гэдэс махийчихсан байна. Ботго нь өвчтэй эхийнхээ сүүгүй мөөмийг хөхөх гэж оролдоод байх юм. Харин эх нь үхсэн ботго эздийнхээ сэтгэлийг сэмэртэл өдөр шөнөгүй буйлах. Хаа нэгтээгээс эх нь гараад ирэх юм шиг алсыг харуулдаж зогсоод буйлах юм. Удалгүй юу болов гэмээр тэмээний зэл, хашааг тойроод л тэшээд байх. Эх нь үхсэн ботго ийм өрөвдөлтэй болдог ажээ. Сар орчим л эздийнхээ сэтгэлийг сэмлэж, зүрхийг шимширтэл буйлж байна. Цаашаа хэдэн хоног өдөр шөнөгүй эхийгээ үгүйлэх ботгоны уйтай буйлах дуу сонсохыг бүү мэд. Арав гаруй ингэнд тариагаа хийж дуусгалаа. Ямар нэгэн зүйлд хордсон юм биш байгаа гээд хордлого тайлах натри бөөнөөр нь хийсэн байна. Гэтэл тусыг эс олж бүр хурдан үхэж эхэлжээ. Тэгэхээр нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах болон олон төрлийн витамины агууламжтай тариа хийж байна лээ. Биднийг очих үед банкнаас малчны зээл аваад гурван сая орчим төгрөгийн эм, тариа авчээ. Эм, тарианд зүгээр болчих юм болов уу гэж горьдохдоо л хийж байгаа гэсэн. Мөн шар будааны шүүс амаар нь өгч байв.

Л.Отгондүү “Говийн хаан юмсан. Юунаас болдог юм бол доо. Ямар нэгэн шалтгаантай болоод л ингэж үхээд байх шиг байна. Халдварт өвчин байж магадгүй гэж таамаглаж байна. Бие биендээ өвчин нь халдаад байх шиг санагдаад байна. Гэхдээ ботгонууд нь өвчлөхгүй болохоор гайхаад байх юм. Ингэж олноор үхээд байхад улсаас огт анхаарахгүй байгаад гайхаж байна. Уг нь энд тэнд малын өвчин гарлаа гэхэд улс даяар шуугиан болоод, тэр газарт хөл хорио тогтоож, харуул хамгаалалт гаргаад сүйд болдог биз дээ. Гэтэл чиний мал үхэж байгаа нь бидэнд хамаагүй гээд хаяж байгаа юм шиг холбогдох газрууд нь алга болчих юм. Мал чинь төрийн өмч гэдэг биз дээ. Сүүлдээ айх юм. Галбын говийн ганган хүрэн тэмээг устгаж үгүй болгох халдварт өвчин юм биш байгаа. Миний хэдэн тэмээ үхээд дуусдаг л юм байгаа биз. Улсдаа тэмээгээр тэргүүлдэг сум, тэр тусмаа сүүлийн үед ховордоод байгаа Галбын говийн ганган улаан тэмээ тэр чигтээ устаж үгүй болчих вий дээ. Муу ёрлож байгаа юм биш. Ямар өвчин бэ. Халдвартай юу, халдваргүй юу гэдгийг нь бүрэн тогтоох ажлыг хурдан шуурхай хийхгүй удаад байгаад гайхаад байх юм. 20 гаруй хоног гэдэг бага хугацаа биш” гэлээ. Үхсэн арав гаруй тэмээг гүнзгий нүх ухаж байгаад булсан байна.

Тэмээнээс үхэрт халдварлажээ

Өдөржин салхилсан салхи орой нар жаргах үед намдав. Хэдэн үеэрээ мал дагаж өнөөг хүрсэн Л.Отгондүү А.Буд, Б.Өлзийбүрэн нарынх үл мэдэгдэх өвчний улмаас нэг ч тэмээгүй болох вий гэсэн айдастай сууцгааж байна лээ. Айл саахалтынхан нь бүгд тэднээс дайжаад нүүжээ. Сум орон нутаг, аймаг, Хүнс хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн газар, хүрээлэн гээд малтай холбоотой төрийн олон газар байх боловч арав гаруй тэмээ үхээд байхад анхаарал огт хандуулахгүй байгаа нь хачирхалтай.

Өнчин ботгоны буйлаан дунд арайхийн нүдний хор гаргаад өглөө эрт босов. Малаас хүнд халдварладаг өвчин байвал энд байгаа найман хүн бүгд амь насаа алдах эрсдэл дунд амьдарч байна.

Зүүн хойд талд бор толгодын цаахна том том шувуу эргэлдээд байлаа. Үл мэдэгдэх өвчин туссан хар ингэ тэндээсээ хөдөлж чадахгүй үхсэн байж магадгүй гэж гэрийн эзэд хэлэв. Шувуу бужигнаад байгаа газарт очлоо. Хар ингэ үхээд хоножээ. Тэмээ үхсэн газраас холгүй мөн л шувуу бужигнаад байгаа харагдлаа. Холоос харахад тэнд хоёр үхэр байв. Нэг нь хэвтчихсэн. Нөгөөх нь зогсож байлаа. Ингээд яваад очтол нэг үхэр нь үхжээ. Л.Отгондүүгийн хээр хоносон үхэр юмсанж. Ирэх жил тугалах гунж нь үхчихсэн байна. Шүдлэн үхэр нь удахгүй үхэх гэж байгаа бололтой. Хамаг бие нь салгалаад амнаас нь шүлс, хөөс сахарчээ. Зогсож байгаа газраас нь холдуулах гэсэн боловч урд хоёр хөл нь хөдөлж чадахгүй болчихсон байлаа.

Үргэлжлэл бий>>


Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Оюутолгой төсөл энэ эрчээрээ хэрэгжвэл Монголын эдийн засаг 35 их наяд болох боломж бий

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.

-Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилснээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ, тоогоор харьцуулж сонирхуулаач?

-Өнгөрсөн оны байдлаар манай эдийн засаг 22 их наяд төгрөг байгаа. 2009 онтой харьцуулахад гурав дахин өссөн дүн. Хэрвээ энэ эрчээрээ явж чадвал 2018 он гэхэд эдийн засаг 35 их наяд төгрөгт хүрэх боломжтой. Эдийн засаг ингэж өсвөл өрийн хязгаар ч доошилно. Зээлээ төлж чадах чадвар маань ч өснө. Үүнд Оюу толгойн оруулж буй хувь нэмэр их л дээ. Эдийн засаг 2009 онтой харьцуулахад, ийм богино хугацаанд гурав дахин өссөнд Оюу толгойн хөрөнгө оруулалт чамгүй нөлөө үзүүлсэн. Оюу толгой дангаараа өнгөрсөн жилүүдэд 5-6 тэрбум ам.долларын бодит хөрөнгө оруулалт хийсэн. Энэ төсөл хэрэгжээгүй бол манай эдийн засаг арван их наяд төгрөгөөр бага, жижиг эдийн засаг байх байсан. Оюу толгой төслийн эхний үе шат Монголд ийм том нөлөө үзүүлсэн. Ил уурхай нийт баялгийн багахан хэсгийг агуулдаг.Төлөвлөсөн ёсоор гүний уурхайд байгаа баялагтай хэсэг рүүгээ орж чадвал зэсийн үнэ хэдий унасан ч орлого эрс өснө. Ойрын хоёр жилдээ зэсийн үнээс хамаарч 3-4 орчим тэрбум ам.долларын борлуулалт хийх тооцоо бий. Энэ жил хоёр тэрбум арай хүрэхгүй байх. Ирэх жилүүдэд борлуулалт буурна гээд байгаа нь гүний уурхайн бүтээн байгуулалт удааширсан болон алтны агуулга бага зэрэг буурч байгаатайхолбоотой. Гүний уурхайн бүтээн байгуулалт хэдэн жил үргэлжилнэ.

-Тэгэхээр ил уурхай ядуу агуулга руугаа орчихож байна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Цаашдаа бүрэн хүчин чадлаараа ажиллавал жил бүр 2-3 тэрбум ам.долларын нэмэлт орлого олно. Эдийн засагт том нөлөө үзүүлнэ гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэлээд өсгөж өгнө. Хэрвээ 2014 оныг суурь болгоод 2015, 2016 оныг харвал эдийн засаг дор хаяж найм орчим хувьтай өсөх боломж бий.

-Цэвэр Оюу толгойгоос хамаарах өсөлтийг хэлж байна уу?

-Тийм.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт талаасаа Оюу толгой эдийн засагт яаж нөлөөлж байна?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд энэ жил зөвхөн Оюу толгойд гэхэд 300 орчим сая ам.доллар байгаа. Жил бүр нэг тэрбум ам.доллар орно гээд тооцохоор цаашдаа өсөөд явна. Тэр хэрээрээ төлбөрийн тэнцэлд сайн нөлөө үзүүлнэ.

-Энэ жил “Оюу толгой” төсөл төсөвт татвар, төлбөр хэлбэрээр хэчнээн төгрөг төвлөрүүлэхээр байна вэ?

-2015 оны хүлээгдэж байгаа төсвийн орлого дөрвөн их наяд төгрөг. Оюу толгойн хувьд ерөнхийдөө 400 орчим тэрбум төгрөгийн татвар, төлбөрийн орлого оруулчих байх гэсэн хүлээлт бий. Энэ бол урьдчилсан таамгаар гаргасан тоо. Төсвийн орлогын арав орчим хувийг эзэлнэ гэсэн үг. Цаашдаа гүний уурхайд хөрөнгө оруулалт хийгдэнэ. Өсөн үржүүлэх коэффициентээр нэг ам.долларын хөрөнгө оруулалт эдийн засагтаа хоёр ам.долларын өгөөж өгдөг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр гүний уурхайн хөрөнгө оруулалт эдийн засгийг нэлээд тэлэх боломж өгнө. Одоогоор Оюу толгой үйл ажиллагааныхаа нийт зардлын 60-70 хувийг Монголд зарцуулж байгаа. Тэр ньМонголын банкаар орж ирдэг. Гадуур Монголын банкаар орж ирдэггүй гэсэн буруу ойлголт анзаарагддаг. Физикийн хувьд боломжгүй л дээ. Ажилчдынхаа цалинг өгөх, дотоод ханган нийлүүлэлтийн худалдан авалт гээд мөнгө орж ирэх өчнөөн шалтгаан бий. Орж ирж буй мөнгийг цаашид өсгөх боломж ч байгаа. Монгол компаниудын оролцоог ахиулах бодлогоор нийт зардалд гарч байгаа 60 хувийг цаашдаа 80 хувь болгох зорилт тавиад ажиллаж байна. Өөрөөр хэлбэл ханган нийлүүлэлтийн жар орчим хувийг Монгол компаниуд хийдэг, цаашдаа 80 хувь болгохын төлөө явна гэж ойлгож болно. Оюу толгойн бусад салбарт үзүүлэх нөлөө нь тэр хэрээр эрчтэй, далайцтай болох юм.

-Гүний уурхайн бүтээн байгуулалт зогссон жилүүдэд бид хэчнээн ам.долларын боломж алдсан бол, багцаа тооцоо бий юу?

-2013, 2014 онд Оюу толгой төсвөө батлахдаа зөвхөн үйл ажиллагааны зардал, цалинг л баталж байсан. Том хөрөнгө оруулалт хийгээгүй. Уг нь гүний уурхайд жилд ойролцоогоор 700 саяас нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх учиртай байсан. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт 2013, 2014 онд хийгдээгүй гэсэн үг. Ийм хэмжээний мөнгө эдийн засагт орсон бол шууд утгаараа хоёр тэрбум ам.долларын өгөөж өгөх байсан. Энэ хугацаанд өгөх байсан янз бүрийн татвар, цалингийн зардлуудыг тооцвол 200 гаруй сая ам.долларын боломжийг бид алдсан. Гэхдээ асуудал шийдэгдсэн. Хоёр жил үргэлжилсэн маргаантай асуудал дээр хувь нийлүүлэгчид ойлголцолд хүрээд явж байна.

-Төслийн санхүүжилт оны өмнө бүтнэ гэсэн мэдээлэл бий. Явц нь ямархуу байна вэ?

– Төслийн санхүүжилт оны өмнө бүтэх магадлал өндөр байгаа. Засгийн газраас хийх шаардлагатай алхмаа хийчихсэн. “Рио” банкуудтай хийх гэрээ хэлцлээ эцэслэх шатандаа орсон гэж би хувьдаа ойлгож байгаа. Оюу толгой дэлхийн маш нэр хүндтэй банкуудаас зээл авч байгаа. 15 нь банк, гурав нь санхүүгийн байгууллага. Дэлхийн банк, Олон улсын валютын санг гадны банк гэж буруу ойлгоод байдаг. Дэлхийн хэмжээний банк шүү дээ. Манай улс хувь эзэмшигчийнх нь нэг. Хөгжлийн шинж чанартай ийм банкууд ашиг олох зорилгоор жижиг үндэстнийг шулан мөлжих бодлого явуулдаггүй. Дэлхийн улс орнуудыг нэн ядуу, туйлын ядууралгүй байлгах зорилготой л олон улсын санхүүгийн байгууллагууд. Монголын ард түмэнд, хөгжилд нь хэрэгтэй төсөл гэдэг үүднээс Дэлхийн банкнаас Оюу толгойг дэмжиж баталгаа гаргаж өгч байгаа юм. Манайханд газраа барьцаалах нь гэсэн буруу ойлголт байна. Газрын тухай хуулинд бий. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид үсрээд л газар ашиглах эрх бий. Зөвхөн ашиглах эрхтэй компани газар барьцаална гэсэн ямар ч ойлголт байхгүй. Гадны нэр хүндтэй банкууд зээлээ өгөхөөс өмнө хуулийн судалгааг маш нарийн хийдэг. Эрх зүйн хувьд ямар ч боломжгүй зүйлийг тэд барьцаанд авахгүй нь ойлгомжтой.

-Гүний уурхайн бүтээг байгуулалт ирэх хавраас ид өрнөнө гэж байгаа. Нийт хэчнээн ажлын байр бий болох нь вэ, дагаад босох салбар гэвэл та аль салбарыг онцлох вэ?

-Гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжлээд явж байна. Ид ажил нь ирэх оны хавраас эхлэнгүүт олон залуус ажилтай болно. Ажилтай болсон залуус банкнаас зээл авч таарна. Залууст хамгийн хэрэгтэй зүйл бол орон сууц, сургууль, цэцэрлэг, машин байдаг. Тэр хэрээр худалдан авалт ихэснэ гэсэн үг. Үйлчилгээний салбар тэлнэ. Дагаад барилга, банк, боловсролын салбар босоод ирнэ. Эдийн засагт наад зах нь ийм эерэг өөрчлөлт гарна. Нийтдээ 3000 орчим ажлын байр бий болно гэсэн тооцоо бий. Эдний 95 хувь нь монголчууд байх юм. Одоо бол Оюу толгой компанид 3000 орчим хүн, төслийн хэмжээнд гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийг нэмбэл нийтдээ 6000 орчим хүн ажиллаж байна. Мөн л 95 хувь нь монголчууд. Уул уурхайн том төсөлд нэг ажлын байр бий болоход дагалдаад арван ажлын байр бий болдог гэж үздэг. Өрөмдлөг, зураг дизайн, барилга гээд дагаад бий болох ажлын байр өчнөөн л дөө.

-Оюу толгой төслийн хувьд зардлын өсөлт гэж том асуудал яригдаж байсан. Ер нь дэлхийд гэж ярихад Оюу толгой шиг мега төслүүдийн хувьд зардлын хэтрэлт хэр байдаг вэ?

-Оюу толгой төслийн нэгдүгээр үе шатанд гол маргаан нь зардлын хэтрэлт байсан л даа. Хоёрдугаар үе шатанд үүнийг гаргуулахгүй байх талаар анхаарч ажиллаж байгаа. Менежмэнтийн зардлыг бууруулсан. Цаашдаа зардлыг аль болох оновчтой болгохын төлөө ажиллана. Гэхдээ зардал хоёр талтай. Нэгдүгээр үе шатанд зардал 1.4 тэрбум ам.доллароор хэтэрсний бараг хорин хувь нь НӨАТ. Компанийн хувьд зардал ч улсад орлого болоод орчихсон мөнгө. Казахстанд манайхтай ижил зардал хэтэрсэн тохиолдол гарч л дээ. Тэр үед Назарбаев “Казахын эдийн засагт мөнгө болоод орсон бол, үүний цаана казах хүмүүс ажилтай бол яахав дээ. Үүнтэй харьцуулахад том асуудал биш” гэж хэлж байсан юм билээ. Ер нь иймэрхүү том төслүүд дээр зардлын хэтрэлт их гардаг. Жишээ нь маш нарийн тооцоотой гэгддэг Герман улс байна. Зүүн Германы онгоцны буудал дээр мега төсөл хэрэгжүүлсэн жишээ бий. Анх хоёр тэрбум ам.доллар гэж тооцсон. Хоёр гурван жилийн өмнө ашиглалтад оруулна гэж анх төлөвлөсөн. Гэтэл өнөөг хүртэл ашиглалтад ороогүй, одоогоор нийт гүйцэтгэл нь найман тэрбум ам.доллар болчихсон байх жишээний. Төлөвлөж байсан зардал нь дөрөв дахин хэтэрнэ гэдэг бол том тоо.

-Олон улсын үнэлгээний газрууд манай зээлжих зэрэглэлийг бууруулж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт энэ эрчээрээ урагшилбал зээлжих зэрэглэлд нөлөөлөх үү?

-Манай зээлжих зэрэглэл сүүлийн үед буурах гээд байгаа ч эргээд сайжрах боломжтой. Оюу толгой, Таван толгой төсөл амжилттайгаар хэрэгжээд явбал зээлжих зэрэглэл нэмэгдэх нь тодорхой. Ер нь ирэх гурваас дөрвөн жилд эдийн засаг хоёр дахин томрох боломж бий. Ингэж өсөхөд хамгийн том нөлөө үзүүлэх нь мэдээж Оюу толгой төсөл. Оюу толгой Монголыг дэлхийд таниулж байна л даа. Энэ төслийн хоёр дахь үе шатанд тохирсон гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө Монголыг олон улсын хөрөнгийн зах зээлд эргүүлж авчирлаа. Стратегийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах болон урт нэртэй хуулиудаас болж гадаадын хөрөнгө оруулалт үргэсэн. Ялангуяа 2012 оноос өмнөх үед байдал маш хэцүү байсан. Сая хэлсэн санхүүжилтийн төлөвлөгөө энэ хэцүү байдлыг эргүүлэхэд чухал арга хэмжээ болсон л доо. Дэлхий дээр уул уурхайн компанийн хувьцааны үнэ хэд дахин унаж байна. Хамгийн гайгүй нь “TRQ”-гийнх. Хувьцаа нь харьцангуй тогтвортой уналттай, цаашид өсөх магадлалтай байгаа ганц компани. Оюу толгойн төслийн санхүүжилт дор хаяж 4.2 тэрбум ам.доллар. Энэ утгаараа дэлхийн санхүүгийн түүхэнд байгаагүй том хэлэлцээр. Тэгэхээр дэлхийн хөрөнгө оруулалтын зах зээлд Монголыг сайнаар сурталчлахаас арагүй. Бизнес хийж байгаа хүмүүст маркетинг чухал байдаг. Монголыг дэлхийд таниулж байгаа, маркетинг болж буй төсөл нь Оюу толгой.

-Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад ирвэл Монголд ямар давуу талуудыг өгөх вэ?

-Одоо бол жилд 700 орчим мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Гүний уурхай алсдаа бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл энэ хэмжээ хоёр дахин нэмэгдэх боломжтой. Өндөр агуулгатай алт, зэс рүүгээ орохоор борлуулалтын орлого одоо байгаагаасаа хоёр дахин өсөх тооцоо бий. Тэгэхээр жилд дөрвөн тэрбум ам.долларын орлого олно гэсэн үг. Тэр үедээ хөрөнгө оруулалтаа нөхөх хэрэгтэй. Хоёрдугаарт Монгол Улс Азийн бүс нутагт нэлээд том тоглогч болно. Одоо бол бид үнэ дагагч. Дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмалын үнэ ямар байна, тэр жишгээр л баялгаа борлуулдаг. Хэрэв бид гол тоглогч болчихвол үнэ тодорхойлогч болно.

Оюу толгой олон бүлэг ордоос бүрддэг. Одоо бидний хэрэгжүүлж буй үе шат цаад ордууд руугаа нэвтрэх үүд хаалга нь. Ер нь дэлхий даяар байгалийн нөөц баялгийн хэмжээ багасч байгаа. Ил аргаар олборлох боломжтой ихэнх ордыг ашиглаад дуусч байна л даа. Цаашдаа гүний буюу илүү төвөгтэй нөхцөлтэй уурхайнуудыг ашиглах боломж хүн төрөлхтөнд үлдсэн. Оюу толгой дээр ярихад монголчууд өөрсдөө энэ төсөл дээр ажиллаж сураад, технологийг нь эзэмшчихвэл маш том боломж биднийг хүлээж байна. Цаашдаа түүхий эд экспортлохоос гадна ийм төвөгтэй нөхцөлөөс түүхий эдийг яаж гаргаж авах вэ гэдэг ур чадварыг экспортлох боломж монголчуудын өмнө нээгдэнэ. Одоо ч гэсэн Оюу толгойд ажиллаж байсан залуус гадны том уурхайнуудад ажиллаад эхэлчихсэн.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдлын шинэ стандарт баталжээ

Хөдөлмөр аюулгүй байдал алдагдсанаас иргэд эрүүл мэнд амь насаараа хохирох явдал их байдаг. Тэгвэл ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн шинэ стандарт баталжээ. Үйлдвэрлэлийн ослыг бууруулах боломжтой энэхүү үндэсний стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж байгууллагууд осол аваарыг 80 хувиар бууруулах боломжтой гэж судлаачид үзэж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Хилчин гавьяат, бүжигчин жолоочийнд зочлоход…

Үлгэр эхлэх намуун үдшийн

Дүүлгэр саран доор саналаа, чамайгаа

Үүрийн зүүднээс учрал бэлэгдэн

Үнэнч хайраа дэвсэн хүлээнэ

Цээлийн харгуйг нууцхан ширтээд

Цэрэг чамайгаа дуулан хүлээнэ…

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга (ХЦДБЧ)-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Бямбасүрэнгийн Ганчимэгийнд өнжихөөр товлосноос хойш энэ дуу амнаас гардаггүй, цэрэг хувцастай бүсгүйн дуулж байгаа донж нүдэнд харагдаад. ХЦДБЧ-ын дуучин Г.Мөнхжаргал “Чиний минь ирэх харгуй” нэртэй дээрх дуугаа Б.Ганчимэг гавьяатад “Чиний дуу шүү” гэж албан ёсоор өгч байсан гэдэг. Уншигчид маань эл дууг “Чиний миний харгуй”, “Цэрэг чамдаа” гэх мэтээр өөрсдийнхөөрөө нэрлэдэг ч Б.Ганчимэг гавьяатынх гэдгийг андахгүй. “Танайд өнжье”-гөө бэлтгэхээр “Цээлийн харгуйг нууцхан ширтээд…” гэж аялсаар өнгөрсөн бямба гаригийн бага үдэд Б.Ганчимэг гавьяатынд очиход цэцэгсийн үнэр, хайлсан тосны үнэр холилдоод тун аятайхан дулаан мэдрэмж төрүүлэв. Гэрийн эзэн Д.Баттөмөр “Манай хүн өчигдөр клипний зураг авахуулаад хэрэглэсэн сарнайгаа аваад ирсэн юм. Та нарт хайлмаг хийгээд хиншүү гаргачихлаа. Цонх онгойлгосон, гайгүй байх аа” гэж тайлбарлаж, биднийг зочны өрөөндөө урив.

Бүжигчин жолооч

Хойморт залсан Галдан Бошигт хааны хөрөг, мөнгөн аягатай цайны ааг, ширээн дээрх арвайн гурил, хайлсан тос зэргээс тэднийхийг баруун аймгийн айл гэдгийг түвэггүйхэн мэдчихэв. Д.Баттөмөр гуай цайндаа арвайн гурил цацахыг шамдуулж, гэргий нь ханийнхаа хайлсан тосны амттайг гайхуулна. Аагтай цайнаас үүдэж нутаг усны тухай яриа өрнөлөө. Д.Баттөмөр гуай Увс аймгийн Зүүнговь сумынх. Аавынхаа төрсөн дүүгийнд өргөгдөж байсан түүхтэй гэнэ. Өргөсөн аав Даржаа нь Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан Т.Рагчаа агсантай цуг Увс аймгийн Хяргас сумын тэжээлийн хүрээнд лам байсан гэнэ. 1937 оны хэлмэгдүүлэлтээр аав нь Зүүнговьдоо очиж МАХН-ын гишүүнээр элсч, багийн дарга, сумын аж ахуйн нярваар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан тухай ярилаа. Аавыгаа “Улсын нэгдүгээр зэргийн шатарчин” гээд “Манайхан урлагийн талын авьяастай хүмүүс” гэж тодотгов. “Аав минь ихэл хөгжим их сайхан тоглоно. Хонио хотлуулчихаад хотлоороо дуулж хуурдаад, бий биелнэ. Тэндээс л гэр бүлээрээ урлагт дурласан байх” гэлээ. Тэднийд ороход Зүүнговь сумын үзэсгэлэнт байгалийн дор “Өгөөмөр дулаан ах мину” гэдэг шүлэгтэй том жааз нүдэнд туссан юм. Д.Баттөмөр гуай өнгөрсөн жил 70 насныхаа ойн баярыг хийхэд төрсөн дүү УДЭТ-ын захирал, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу ахдаа зориулж шүлэг бичсэнээ дурсгасан нь тэр байв. Соёлын тэргүүний ажилтан Р.Дэлгэрмаа төрсөн дүүгийнх нь охин. Д.Баттөмөр гуай өөрөө бүжигчин, бий биелээч, Соёлын тэргүүний ажилтан цолтой. Аравдугаар ангиа төгсөөд 1964 онд Увс аймгийн Соёлын ордонд орсноос хойш бүжигчин, бүжгийн багш, туслах найруулагчаар арав гаруй жил ажилласан түүхтэй. Дараа нь мэргэжлээ сольсон ч бүжгийн урлагаа орхиогүй бүжиглэсээр яваа гэнэ. Хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөн 1984 онд Хөгжим бүжгийн сургууль төгссөнөөсөө хойш 20 шахам жил Ардын дуу бүжгийн чуулгад ажиллаад өдгөө гэр бүлээрээ АНУ-д амьдарч байгаа аж. Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын дэглэсэн “Нарны домог” бүжгийн таван баатрын нэг гэвэл уншигчид андахгүй биз ээ.

Зочны өрөөнд Д.Баттөмөр ахын наадмын нээлтэд бүжиглэж байгаа зураг нүдэнд туслаа. Зургийн түүхийг сонирхоход гэргий нь “Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын нээлтэн дээр бүжиглэсэн зургийг хүү нь аваад угаалгаж өгсөн нь энэ. Манай Баагий гурван удаа улсын баярын нээлтэд бүжиглэсэн. Энэ жил төрийн хүндэтгэлийн концертод тоглосон шүү дээ” гэж тайлбарлав. Харин хоёр хүү нь хуульч мэргэжилтэй. Цагдаа, прокурорын байгууллагаар өндөр алба хашдаг юм билээ.

Д.Баттөмөр ах даргын жолооч. Бүжигчин хүн яагаад даргын жолооч болчихов гэж үү. Хашир хүн, бүжиглэж байхдаа судас нь томроод байгааг анзаарч. Хориод жил бүжиглээд тэтгэвэрт гарчихаад юу хийх билээ гэж бодож. Сум, бригадаар тоглолтоор явахдаа театрын автобус, том тэрэг барьж давхиад байсны “буян”-аар жолооч болохоор шийдсэн гэдэг. Ингээд жолоочийн мэргэжил эзэмшиж аймгийн дарга нарын тэрэг барьж байтал аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад хот руу сайдаар томилогдсон Болд “Улаанбаатарт найдвартай жолооч олдохгүй байна. Та жолоочоо явуулаач” гэж утсаар ярьсан гэдэг. Ингээд сайдын татаасаар хотод ирснээс хойш өдгөөг хүртэл даргын жолооч хийж байгаа гэнэ. Өдгөө Засгийн газрын авто баазын жолооч буюу Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн машин барьж байгаа. Жолоочийн хажуугаар бүжгээ орхино гэж байхгүй. Байгууллагынхаа шинэ жил, урлагийн арга хэмжээнд бий биелсээр л байгаагаа “урлагийн буян” гэж тодотгоно. Бас “40 гаруй жил даргын тэрэг барилаа. Төрийн хайр их юм” гэж ажлаараа бахархах.

Сувилагч дуучин

Гэрийн эзэн өөрийнхөө тухай ярьж байснаа “Хүүе ээ, гол хүнээ яриулъя. Тэнд хоол ч болохоо болилоо” гээд өндөлзөх нь тэр. Баруун аймгийнхан зочноо цайгаар шахдаг хойно. Гурван аяга аагтай цай уучихсан, бас гэрийн эзний хайлсан тосноос халбагадчихсан бид хоолонд төдийлөн яарсангүй. “Хоол яах вэ” гэж яриандаа шунаж байгаагаа ойлгууллаа. Гэргий нь ч “Баагий суу л даа. Хүүхдүүдтэй хууч хөөр” гэж тал засав. Ер нь гэргий ханийгаа яриулаад байх бодолтой, толгой дохиод, инээгээд л суух. Тэгэхтэй зэрэгцүүлээд “Танай хүн бүжигчин жолооч. Та харин сувилагч дуучин байх аа” гэж яриаг эзэгтэй рүү хандуулаадахав. Ганаа гавьяат Булганы харьяат, айлын том охин. Аав нь Булганы Хангал, ээж нь Дундговийн Адаацаг сумынх. Ганаа гавьяатыг бага байхад тэднийх хотод нүүж иржээ. Аав Бямбасүрэн нь Авто тээврийн нэгдүгээр баазад насаараа жолоочоор ажилласан. Ээж Долгорсүрэн Нефть хангамжийн төв баазад бичээч, лаборантаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Дундговийнхон дуу хууртай хойно. Ээж нь Бүх ард түмний урлагийн наадмын олон шагналтай. Эмээ нь ч нутагтаа цуутай дуучин байж. Ээж нь толины өмнө сууж байгаад урлагийн наадамд бэлтгэдэг. Гараад явангуут манай хүн ээжийнхээ суудал дээр сууж байгаад “Талын таван толгой”-г хангинуулж өгнө. Юм оёж байгаагаар жүжиглээд л дуулаад байдаг. Байрныхан нь ч андахгүй. Заримдаа гэрийнхэн нь “Муу ёрлоод, байнга дуулж байх юм” гэж зэмлэдэг ч байж. Эмээ, ээжийгээ дуурайсан дуулах авьяастай охиноо аав нь Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны дэргэдэх “Улаан бүч” чуулгад бүртгүүлж, урлагийн замыг нь эхлүүлсэн гэдэг. “Улаан бүч” чуулгад тэнцэж Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддорж, хөгжим судлаач Ч.Буянхишиг нарын шавь болжээ. Гэхдээ манай хүн аавынхаа мэргэжлийг өвлөж эмч болох хүсэлтэй. Сурлагатай ч байж. Гэвч Анагаахын дээд сургуульд оноо хүрэлгүй сувилагчийн сургуульд элсч. Сургуулиа төгсөөд одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн клиникийн нярайн сувилагчаар жил ажиллажээ. “Асаргаа, сувилгаа ихтэй хүнд хүүхдийн судас олно гэдэг яггүй биз” гэж асуухад нөхөр нь “Манай хүн мэргэшсэн сувилагч. Миний бие тавгүйрхэхээр л явж байгаа машин дотор судас тариа хийчихдэг. Өөрийнхөө судсыг ч ганц хатгаад л олно” гэж магтав. “Мэргэшсэн сувилагч яагаад дуучин болчихов оо” гэж цаашлуулахад “Авьяас гэж орхиж болох зүйл биш. Сувилагчаар ажиллаж байхдаа уралдаан тэмцээнд ордог байлаа. Японы дууны уралдаанд орсны дараа тасгийн эрхлэгч маань СУИС-д шалгалт өгөхийг зөвлөлөө. Шалгалт өгөхөөр очоод “Талын таван толгой”-гоо дуултал Н.Норовбанзад гуай Улсын ардын дуу бүжгийн чуулгад ажиллах санал тавьжээ. Маргааш өглөө нь очиход “Бадарчин” дуулалт жүжигт шууд дуулах эрх авчих нь тэр. Чуулгад дөрвөн жил ажиллахдаа СУИС-д гурван удаа шалгалт өгч. Тэнцүүлдэггүй гэнэ шүү. Дуулахаар л “Ийм сайхан задгай хоолойгоо хадгалаад чуулгадаа л бай” гэдэг гэнэ. Гурав дахь удаагаа шалгалт өгөхдөө “Та нар намайг авчихаач. Би боловсролтой дуучин болмоор байна” гээд уйлтал Ардын жүжигчин Г.Хайдав гуай “Та нар наад хүүхдээ авчихаач” гэчихээд “Миний охин иймэрхүү л хоолойтой болно доо” гээд Ардын жүжигчин А.Загдсүрэнг дуулуулахад шалгалт өгч байгаа манай хүн “Өө, болж л байна ш дээ” гээд “дүн” тавьчихсан гэдэг. Шалгалтын комисс “Бүжиглэх үү” гэхэд нь “Бүжиглэнэ ээ” гээд туфлиэ тайлаад чулуудчихаж гэнэ. “Хөл чинь даарна” гэхэд “Халтираад байдаг юм” гэчихээд бий биелээд эхэлж. Нүдний булангаар хартал шалгалт авч байсан мундгууд инээлдээд, нэгийгээ нудраад сүйд гэнэ. “Баларлаа” гэж бодсон ч хөдлөөд л байж. “Болно, болно” гэхдээ хүртэл багш нар инээдээ барьж дийлэхгүй байсан ч сурах шуналыг нь дэмжиж тэнцүүлсэн гэдэг. Эхний хоёр жил ч тал дээрээ байгаа юм шиг задгай дуулсаар байж. Ж.Гантөмөр, Н.Ганхуяг гавьяат, Ц.Ерөө гээд алдартнуудын шавь тэрбээр 2011 онд магистраа хамгаалжээ.

Хилчин гавьяат

СУИС-аа төгсөөд чөлөөт уран бүтээл хийж байхад нь Соёлын гавьяат зүтгэлтэн, хурандаа И.Төмөрбаатар хурандаа Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ажиллах санал тавихдаа “Чөлөө авах энэ тэр бол асуудалгүй шүү. Дуртай цагтаа чөлөө аваарай” гэж панаалдаж. Ингээд сарын дотор дэд ахлагч болж, төд удалгүй даргаасаа чөлөө гуйтал “Цэргийн хүнд чөлөө байхгүй. Чамайг хуурсан юм” гээд тас гэдийчихсэн гэдэг. Тэр цагаас хойш тушаалаар ажилладаг, цэргийн хүн болчихоод байгаа. “Та унтах дуртай гэж ярьсан байх аа. Хоцрохоос эхлээд цэргийн хүнд энэ дутагдал болж нөлөөлнө биз” гэвэл “Эхэндээ өглөөний нэгтгэлээс байнга хоцорно. Жилийн эцсийн үр дүнгийн хурал дээр Д.Доржпалам хурандаа “Өглөө цонхоор харахад Ганчимэг л хоцорчихоод гүйж яваа харагддаг юм” гэж хэлэхэд нь айхавтар ичиж билээ. Тэрнээс хойш хоцрохоо больсон” гээд инээхэд Баагий ах ханийнхаа мөрийг илэнгээ “Цэргийн амьдрал бас сайхан шүү. Миний хань хүний мөрөөсөл болсон хүмүүст очиж дуу хуур бэлэглэдэг юм” гэж ярианд оролцлоо. “Хилээ тав тойрчихжээ. Явах бүртээ шинэ уран бүтээлтэй ирдэг. Манай хилийнхэн их хөөрхөн… Аан, тийм нарийн ширийнийг ярьж болохгүй байх, тиймээ Баагий” гэснээр гэр дүүрэн инээдэм болов. Хилчид араас нь цөөнгүй захидал нисгэдэг бололтой юм. Түүнийгээ ярих гэснээ инээдэм болгоод өнгөрчихөв. Эх орныхоо найман зүгт явахад цасанд суух, халуунд цангах бэрхшээл байлгүй л яахав. Түүнийг зовлон, бэрхшээлд тооцдоггүй нь ярианаас анзаарагдана. “Хилчид маань биднийг очиход байр сууц бэлдчихсэн хүлээж байна. Хоноод яв, хоноод яв” гэж ятгана. Шөнөжин бүжиглэнэ. Бөөн эрч хүч буцна шүү дээ” гэж ярихдаа гавьяатын нүд гэрэлтэж байв. Төрсөн нутгаа, хань ижлээ санасан хилчдэд дуулах дуу нь хүртэл бодлоготой байхгүй бол сэтгэл санааг нь үймүүлчихэж мэднэ. Хаана ч очсон “Чиний минь ирэх харгуй”-гаа хэд, хэд дуулчихна. 2000 оны эхээр нэг арга хэмжээн дээр дуулахаар очиход нэгэн бүсгүй энэ дууг дуулж байгааг сонсоод хөгжмийн зохиолч Ганбат “Чамд тохирох дуу байна” гээд аяыг нь үл ялиг хурдлуулж өгч байжээ. Дараа нь дууны эзэн өөрт нь албан ёсоор өгсөн гэдэг. Үүнээс гадна “Хилчний вальс”, “Ханийн хайр”, “Хань” зэрэг олон сайхан дуу гавьяатаар овоглодог.

Ганаа гавьяат ХЦДБЧ-ын дуучин Дүүриймаа гэдэг шавьтай. Шавь нь уралдаанд оролцохоор Москва явжээ. Хөгжмийн зохиолч Л.Балхжавын дууг дуулдаг “My voice” уралдаанд шавь нь амжилттай оролцож байгааг гайхууллаа.

Хос вансэмбэрүү цэцгийн түүх

Уран бүтээлийн тухай ярилцаж суухад гэрийн эзэн хоол бэлэн болгожээ. Манай зурагчин ажлаа хийж дагаад гал тогооны өрөө рүү гүйгээд л байгаа хэрэг. Гэнэт гэрийн эзэн “Энэ хүү миний зургийг аваад байх юм. Ганаа, миний хань гал тогоогоо хүлээж ав. Би ганцаараа ажилтай юм шиг харагдаж болохгүй биз дээ” гэхэд Ганаа эгч жигтэйхэн сандарч “Би бас хоол сайхан хийдэг шүү. Баяр ёслолоор хөлсөө гартал гүйнэ шүү дээ” гээд бууз таваглаад ирлээ. Баяр ёслол гэснээс тэднийх сүүлийн хэдэн жил цагаан сараар гадаадад байсан учраас дорвитой тэмдэглэж чадаагүй гэнэ. Наадмаар Баагий ах нээлтэд бүжиглэчихээд бөх үзээд суучихна. Зочид хүлээж авах ажлыг гэргий хариуцахаас аргагүй. Гэргий тоглолттой үед Баагий ах ачааллыг өөртөө авна. Хоёулаа ах дүү олонтой болохоор хөл ихтэй байдаг бололтой.

Хоол идэх зуураа том өрөөний эд, зүйлийг ажиглаж суулаа. Хойморт гэр бүлийн хоёрын цэнхэр дээлтэй зураг хараа булаав. Бас Төрийн ордны төв хаалган дээр Ганаа гавьяат цэцэг тэвэрчихсэн, Баагий ах гараараа далласан сүртэй зураг төгөлдөр хуур дээр нь байна аа. “Ганаа 2011 онд гавьяат авахад нь би албан тушаалаа ашиглаад Төрийн ордон орчихсон юм. Бид хоёр төв хаалгаар гараад ирэхэд ХЦДБЧ-ынхан “Чиний минь ирэх харгуй”-г бүгдээрээ дуулаад бид хоёр жигтэйхэн хөөрчихсөн байсан үе зурагт үлдсэн нь энэ. Дараа нь Ганаа маань гавьяатынхаа тэмдгийг зүүгээд уран сайхны зураг даруулсан. Би ижилсээд Соёлын гавьяатын тэмдгээ зүүж байгаад бас зураг авахуулчихсан байгаа биз” гэж гэрийн эзэн тайлбарлалаа. Хос зургийн наана хуучны гаанс байсан нь тэр айлын хамгийн үнэтэй эд. Ааваас нь үлдсэн өв гэнэ лээ. Бас модон дээр зуруулсан тэдний хөрөг хараа булаана. Чежүд аялж байхдаа зуруулсан гэнэ. Хойморт Ганаа гавьяатын авсан өргөмжлөл, шагнал өрөөстэй юм. Жил бүр байгууллагынхаа аварга болдог бололтой. Баагий ахын шагнал ч их. Хоймор эзэгнэх зураг, эд зүйл, сувенир эмх цэгцтэй гэж жигтэйхэн. “Гэргий нь цэргийн хүн болохоор ийм цэгцтэй байдаг байх даа” гэвэл Ганаа гавьяат “Манай хүн ийм нягт нямбай. Би ч цэргийн ажил, хань хоёроосоо суралцаж яваа хүн шүү дээ” гэж инээнэ. Хоймортоо тавьсан систем хөгжмийн тухайд “Байгууллагын арга хэмжээнд дуулчихаад сууж байтал сугалаа тат гээд. Сугалаа автал тэндхийн хамгийн том шагнал нь энэ хөгжим байж таараад би хожчихсон. Одоо үүнийгээ тавьж байгаад шавьтайгаа дуулж өгнө шүү дээ. Манай байрныхан андахгүй” гэв. Баагий ах ярианд оролцож “Өчигдөр доод давхрын хүү “Эгч ойрд яагаад дуулахгүй байна” гэж асууж байна лээ. Орц болгонд бөө бөөлж байгаа биз дээ. Дуу хууртай байх хүмүүс харин ч таатай юм шиг байна лээ” гээд хөгжимнийхөө микрофоныг яаж ажилладгийг нэгд, нэгэнгүй тайлбарлаж өглөө.

Тэдний төгөлдөр хуурын дээд талд хос вансэмбэрүү залсан нь үнэхээрийн төгс харагдах юм. Төгөлдөр хууран дээр сарнай дэлгэсэн хоёр таваг, цонхон дээр мөн ийм гурван таваг байснаас анхилуун үнэр үнэртсээр. Төгөлдөр хуур, вансэмбэрүү цэцгийн зурагнаас хараа салгахгүй байгааг минь анзаарсан гэрийн эзэн “Манай Ганаагийн найз бүсгүй өнгөрсөн жил бэлэглэсэн юм. Тэр намхан вансэмбэрүү нь миний хань. Өндөр нь би. Доор нь Бахын ноот байгааг анзаарч байна уу. Урлагийн гэр бүл гэдгийг илтгэж байгаа нь тэр” хэмээн тайлбарлав. Хайрын илэрхийлэл болсон цэцгийн тухай ярьчихаад тэдний танилцсан түүхийг асуулгүй өнгөрвөл алдас болно биз.

Д.Баттөмөр гуайн гурван хүүгийн ээж эмч мэргэжилтэй бүсгүй байж олон жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Б.Ганчимэг гавьяат ч залуудаа үрээ алдаж, ханиасаа холдож байсан. Хүний амьдралд жаргал зовлон ээлжилдэг хойно. Дуучин бүсгүй дуулахаас өөрийг мэдэхгүй хэдэн жил амьдарч. 2006 оны өвөл Үндсэн хуулийн Цэцийн шинэ жилийн арга хэмжээнд дуулчихаад гарахад нүдэнд дулаахан эр “Ах нь гэрт нь хүргээд өгөх үү” гэсэн нь одоогийн хань нь. Машинаа засварт өгчихсөн байсан болоод ч тэр үү цааргалалгүй зөвшөөрсөн гэдэг. Түүнээс хойш машин засвараас гартал хэдэн орой Д.Баттөмөр ханийнхаа жолооч хийжээ. Төд удалгүй нэг гэрт орсноос хойш арваад жил болж байгаа. Тэр хоёрын харц, харилцаанаас хүндлэл, хайр мэдрэгдэнэ. Хил хамгаалах ерөнхий газрынхан ч “Манай Ганаа гавьяат ханийн халамжинд жаргаж яваа хүн. Хаана л явна, Баагий ах халамжилж харагддаг” гэж ярьсан нь аргагүй юм.

Ийн хөөрөлдөж суутал манай зурагчин “Нэгдүгээр нүүрт орох сайхан зураг дармаар байна” гэснээс үүдэж бөөн ажил болоодохлоо. “Өдрийн сонин”-д гоё зураг гарах ёстой, энэ дээл болох уу, тэр дээлтэй хэдэн зураг бий, дэмий” гэхчилэн хувцас сонгох гэж хэцүү ажил гарлаа. Хичнээн ч олон хос дээлтэй юм. Ганаа гавьяат хэнэггүй юм аа, “Миний хань сонгочих оо” гээд үсээ янзлаад суучихав. Баагий ах баахан дээл зэрэгцүүлж байгаад бид хоёроос зөвлөгөө авч эхлэв. Тэгснээ цэнхэр дээл өмсөхөөр сонгож, өмсөх малгайгаа сонгох гэж бас яггүй ажил өрнөлөө. Хувцас хунар дэлгэснийх Ганаа гавьяат тоглолтын дээлнүүдээ сонирхуулж нүд хужирлав. Манай зурагчин Баагий ахад хар малгай зохиж байгааг хэлтэл Ганаа гавьяат “Тэгэлгүй яадаг юм. Би сонгосон юм чинь. Баагийдаа энэ малгайг авчихаад Бээжингийн нисэх буудал дээр байж байтал нэг хятад охин ачаа шалгахдаа аваад шидчихдэг байгаа. Эр хүний малгай шидээд байхдаа яадаг юм гээд баахан орилоод загначихсан” гэж ярихдаа одоо ч хятад бүсгүйд уурласан хэвээр байгаа нь ажиглагдав. Эр хүний малгай, бүсийг дээдэлдэг монгол уламжлал энэ шүү дээ.

Цэнхэр дээлээр ижилссэн хос төгөлдөр хуур дээрээ хослон

“Сүүний үнэр шингэсэн

Сэвлэг даахьтай байхад минь

Дууны сайхан эгшгээрээ

Эвлэг зөөлөн бүүвэйлсэн…” гэж үнэхээрийн сайхан дуулж өглөө. Тэдний дуунаас тийм гэхийн аргагүй энэрэл мэдрэгдэж байсныг энд дүрсэлж бичихэд хэцүү юм.

Ингээд “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт залрах зураг дарсны дараа гэрийн эзний сэтгэл “хувирчихав”. “Баянаа аваргын нэрэмжит барилдааны урилга байгаа юм. Цаг болохоо болилоо. Ах нь түрүүлээд явлаа. Та хэд минь тухтай байгаарай” гээд хувцас хунараа шалавхан сольж гарав. Ганаа гавьяат “Манай хүн бөх гэхээр ухаанаа алдчихдаг юм. Бушуу яв, яв” гээд түрүүн дэлгэж орхисон дээл, хувцсаа эмхэллээ. “Хэн түрүүлэх бол” гэж сонирхвол “Өнөө арслан болсон…“ гэснээ “Орой мэдээрэй” гээд хэлэх гэснээ залгичихав. Гэрийн эзэн гарахдаа “Ганаа, машины чинь түлхүүр хаана байгаа билээ. Энэ гараашийн түлхүүр. Гарахдаа гэрийнхээ түлхүүрийг мартав” гээд эгээтэй л хүүхдэд хэлж байгаа мэт захьчихаад гараад явчихлаа.

Ард үлдсэн Ганаа гавьяат “Эмэгтэй хүн сайн ханьтай учрахаар жаргадаг юм байна. Манай хүн халамжтай. Надад бурханаас өгсөн бэлэг гэж баярладаг юм” гэж нөхрөө магтах аж. Үлдсэн бид Ганаа гавьяатын уран бүтээлийн талаар үргэлжлүүлэн хөөрөлдөж, гэрэл зургийн цомгийг нь сонирхлоо. Ганаа гавьяат гурав, дөрвөн СD дээрээ ажиллаж байгаа. 40 гаруй ТВ концерт тоглосон гээд уран бүтээлийн олз ихтэй яваа. 2006 онд “Чингис хаан” рок дуурьт Өүлэн эхийн дүрийг бүтээхдээ “Сайхан ээж хүний дүр бүтээж ээжийнхээ ачийг бага ч болов хариулахсан” гэдэг мөрөөдөлдөө хүрч чаджээ. Энэ дүрийг бүтээхдээ Ардын жүжигчин Н.Сувд гуайн жүжгүүдийг их судалсан гэдэг. Одоо тэрбээр урлагийн сургууль байгуулчих мөрөөдөлтэй яваагаа ярилаа. Урлагийн сургуулиа байгуулж олон шавьтай болох мөрөөдөлтэй гавьяат маань “Ерөөлтэй аялгуу” цомгийнхоо дууг бичүүлэхээр амралтын өдрийн орой гэрээсээ гарсан юм.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. Чуулганаар хэлэлцэх асуудлууд.


1.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна.

2.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

3.Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

4.Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

5.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.СОДБИЛЭГ танилцуулна.

6.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.СОДБИЛЭГ танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 2 хэм дулаан

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 9-14 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 0-5 градус хүйтэн, говийн бүсийн нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 13,14-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 11-13-нд зарим газраар секундэд 12-14 метр, 14-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.