Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ үргэлжилж байна

Сагсан бөмбөгийн залуучуудын Улсын аварга шалгаруулах “U19” тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэллээ. 19 хүртэлх насны залуу тамирчид оролцож буй тус тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй зургаан багийн тамирчид өрсөлдөж байгаа юм байна. Хөдөө, орон нутгаас Хөвсгөл, Эрдэнэт, Дорноговь аймаг, нийслэлийн алслагдсан дүүрэг болох Налайх, Багануураас тамирчид оролцож байгаа аж. 19 хүртэлх насны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд баасан гарагт тодрох юм.

“U19” залуучуудын сагсан бөмбөгийн тэмцээнийг Доржпаламын Даваахүү агсаны нэрэмжит болгон зохион байгуулж эхлээд өдгөө гурав дахь жилтэйгээ золгоод байгаа юм. Энэ удаад ч талийгаачийн ар гэрийнхэн тэмцээнийг ивээн тэтгэжээ.

Categories
мэдээ улс-төр

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Ашигт малтмалын тухай хуульд 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр оруулсан нэмэлтээр стратегийн ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээ, түүнийг орлуулан тооцох, нөөц ашигласны тусгай төлбөр тогтоохтой холбоотой зохицуулалтыг бий болгосон юм. Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс нь үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамруулна гэж заасан боловч цацраг идэвхт ашигт малтмалын төрийн эзэмшлийн хувь хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлсэн тохиолдолд уг харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээг тусгаагүй байна. Тухайлбал, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой төрийн эзэмшлийн хувь хэмжээг одоогийн нөхцөл байдалд үр ашигтайгаар хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчин тодорхой бус, нарийвчилсан зохицуулалтгүй байгаа юм. Цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөртэй холбоотой зохицуулалт хийх шаардлагатай байгаа тул Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

Монгол Улсын дээд боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэх, дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт энтрепренер болон болон инновацийг хөгжүүлэх зорилгоор Засгийн газрыг төлөөлж АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олголоо.

Тэрбээр АНУ-ын Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгчид хандан дээд боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах саналаа албан захидлаар хүргүүлжээ. Энэ саналын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны баг Массачусетсийн технологийн институтид ажиллаж, тус сургуулийн Гадаад харилцаа хариуцсан захирлаар ахлуулсан баг хамтран ажиллах нөхцөлийн урьдчилсан судалгаа хийхээр Улаанбаатарт ирж, ШУТИС, МУИС, МГХДС болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажилласан байна. 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Массачусетсийн технологийн институтийн Дэд ерөнхийлөгч Клауд Канизарес нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан сургалт судалгаа хийх, профессоруудтай сургалт, арга зүйн чиглэлээр хамтрах, зочин багшаар ажиллах талаар харилцан тохиролцжээ. 2015 оны 11 дүгээр сарын 15-20-нд Монгол Улсын Засгийн газар, Массачусетсийн технологийн институттэй хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцоод байна.

Categories
мэдээ нийгэм

2025 он хүртэл хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байх төлөвтэй байна

2014 оны байдлаар нийт хүн амын 28,1 хувийг 0-14, 65,7 хувийг 15-59, 6,2 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна. 2010-2040 оны хэтийн шинэчилсэн тооцоогоор хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байх хандлага ойрын 10 жилд үргэлжлэхээр байгаа юм. Энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, орлого хуримтлуулах, хүн амын өсөлтийг дэмжих хүчин зүйл бодитой байгааг харуулж байна. Гэвч 2025 оноос нийт хүн амд нөхөн үржихүйн идэвхтэй насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурч, 60-аас дээш насныхан бусад насны бүлгийн хүн амаас илүү хурдацтай өссөөр 2040 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Categories
мэдээ улс-төр

Мөнгөний бодлогыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнгөрсөн долоо хоногт дээрх бодлогын анхны хэлэлцүүлгийг хийх шатанд зээлийн хүүг бууруулах нь зүйтэй хэмээн үзэж энэ саналаа УИХ-д оруулж ирсэн. Зээлийн хүүг нэгээс гурван хувь болгон бууруулахыг даалгахаар болсон.

Үүнтэй холбогдуулан гишүүд тодорхой асуулт тавьж, хариулт авч байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

Сонгинохайрхан
дүүргийн 91 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.
Өргөтгөлийн хоёр давхар барилгын ажил өнгерсөн зургаадугаар сард эхэлсэн бөгөөд
нийслэлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулжээ. Энэхүү өргөтгөл ашиглалтад
орсноор тус цэцэрлэг Сонгинохайрхан дүүргийн V, VI, XXIII хорооны 160 хүүхдийг
нэмж авч, сургуулийн емнөх боловсрол олгох боломжтой боллоо.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Г.Уянга: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн тоо өчигдөр орой 19 болж Н.Алтанхуяг, Х.Баттулга нар нэмэгдсэн байж магадгүй гэх мэдээлэл цацагдах болсон. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хүртэл дарханы засаг даргад А.Энхболдыг батламжилсан явдалд Ерөнхий сайдыг буруутгаж, огцруулах бичигт гарын үсэг зурах болсноо мэдэгдэж байсан.

УИХ-ын гишүүн Г.Уянга огцруулах бичигт гишүүдийн гарын үсэг цуглуулж байгаа нь Ерөнхий сайдын шийдвэр, явуулж буй үйл ажиллагаанд сэтгэл дундуур гишүүдийн хувьд завшаан болсон гэхэд хилсдэхгүй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Уянгаас тодруулахад “Н.Алтанхуяг, Х.Баттулга нар гарын үсэг зураагүй” гэж товчхон хариулсан юм.

Categories
энтертаймент-ертөнц

“Мартахаасаа өмнө” дууны клип залуусыг байлдан дагуулж байна

Төрийн соёрхолт, Камертон хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд өөрийн “Мартахаасаа өмнө” дуундаа саяхан клип хийлгэжээ. “B production” болон “TJ entertainment”-ийн хамтын бүтээл болох тус клипийг өнгөрсөн долоо хоногт Youtube дээр тавигдсан даруйдаа 8200 гаруй хүн үзжээ. Дууны үгийг DNK, аяыг Ocean Grey бичжээ.

Дуучин бол өөрийн фейсбүүк хуудаснаа “Энэхүү уран бүтээлээ хайр дурлалтай учирсан бас учирч байгаа учрах гэж байгаа бүх хүнд энэ дуугаа зориулъя” хэмээн бичжээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Оюунбаатар ЭМС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилсон байна.

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг их хэмжээний авлига авсан хэргээр АТГ-аас энэ сарын 04-нд баривчилсан. Үүнтэй холбогдуулан Г.Шийлэгдамба сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн.

Ерөнхий сайд түүний хүсэлтийг хүлээн авч, өчигдөр буюу энэ сарын 09-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шадар сайд Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Categories
мэдээ нийгэм

Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулна

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/870 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллогыг 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдрүүдэд явуулахаар боллоо. Тооллогын комиссыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ даргалах юм.

Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комисс нь 2015 оны тооллогын бэлтгэл ажлыг дүүргийн тооллогын комисстой хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үндэсний Статистикийн хорооноос баталсан заавар, аргачлалын дагуу зохион байгуулна. Тооллогыг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өглөөний 800цагаас эхэлж, 12дугаар сарын 17-ны өдрийн оройн 2000цагт дуусгана. Мал, тэжээвэр амьтдын тооллогын өдрүүдэд нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтэст тооллогын жижүүр өдөр бүр өглөөний 800-2000 ажиллаж, тооллогын аргачлал, заавартай холбоотой лавлагаа өгөхөөс гадна тооллогын явцын мэдээлэл солилцож байхыг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан удирдамжид заажээ. Мөн дүүргийн Засаг дарга нь дүүргийн тооллогын комисстой хамтран тооллогод мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулах, тооллогын явцын мэдээг хугацаанд нь мэдээлэх, дүнг нэгтгэн гаргах, тооллогын явцад элдэв зөрчил гаргахгүй байх үүргийг хүлээнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.