Categories
мэдээ улс-төр

Зээлийн хүүг бууруулна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Тус төсөлд эдийн засгийн өсөлт ирэх онд ДНБ-ийн 4.1 хувьтай тэнцэнэ гэж заасан юм. Үүнийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар бодитой тооцоогүй, үүнээс болж төсвийн орлого бодитойгоор тавигдахгүй 1 их наяд төгрөгийн алдагдал эргэн үүсч, хүндрэл үүсгэнэ гэж үзэж байна.

Үүний өмнө УИХ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ хүрээнд зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах даалгаврыг Монголбанк, Засгийн газарт өгөхөөр боллоо.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Хилийн тагнуулын хурандаа Н.Адъяа, Ч.Дашдорж нарыг хорьжээ

Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын газрын хурандаа Н.Адъяа, Ч.Дашдорж нарыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр тэднийг улсын нууцад хамаарах хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Одоогоор мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж эх сурвалж хэлсэн юм. Хэрэгт холбогдсон хурандаа нарыг өчигдөр орой ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулжээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьдрал яах вэ, Анжела Дэвис юу болж байна

УИХ-ын баасан гаригийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Тэр мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сэтгүүл зүйн амин чухал сэдвийг хөндсөн. Д.Оюунхорол гишүүн “Засгийн газар хийсэн ажлаа ард түмэнд сурталчилж, тайлагнаж байх хэрэгтэй. Ингэхгүй бол ард түмэн Засгийн газар хоёр хоорондоо хөндийрнө. Засгийн газар юу хийж байгааг ард түмэн мэдэхгүй байна. Тиймээс хийсэн ажил, баталсан хууль тогтоомжоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахад мөнгө төсөвлөж байх хэрэгтэй. Тэр хаалтын гэрээ гээд яриад байдаг юм чинь огт байдаггүй юм билээ. Хийсэн ажлаа сурталчилж гэрээ хийхийг л тэгж хэлдэг юм байна. Ихэнх хэвлэл мэдээлэл хувийнх байдаг учраас ингэхээс ч өөр аргагүй” гэж хэлсэн.

Ингэж ажлаа сурталчлахгүй бол төр засаг ч юу хийж байгааг мэдэхгүй олон нийт буруу ойлголттой өнгөрдөг. Эрхэм гишүүний хэлсэн үгийг сэтгүүлчид сонссон ч сонсоогүй мэт огт анзаараагүй. Угтаа зогсоо зайгүй түүний үгийг өлгөж аваад нэвтрүүлж, нийтэлж байх байлаа. Хэвлэлийнхний оршин тогтнох, эрхийнх нь төлөө ойрд хэн нэгэн улстөрч ингэж дорвитой дуугарсангүй.

Өмч нь хувийнх учраас сэтгүүлчид өөрсдийн ажилд хөндий хайхрамжгүй ханддаг. Дээр нь одоогийн эрх баригчид Монголын сэтгүүл зүйд халтай хууль журам, дүрэм гаргаж, байсхийгээд хэвлэлийн эрх чөлөөнд халдсан заалт сэм шургуулж, эсвэл гэнэт орж ирдэг. Эхнийх нь Засгийн газар мөнгө гаргаж хийсэн ажлаа сурталчилж болохгүй, Ерөнхийлөгчийн сонгуулиар сонинд сурталчилгаа тавьж болохгүй, мөн хувийн хэвлэл мэдээллийн байгууллагыг устгах хуулийн төсөл парламентын босго давж орж ирээд ногоон гэрлээр батлагдахын өмнө больсон. Хэрэв хэлэлцсэн бол зуун хувийн саналаар батлагдах байв. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиуддаа чөлөөт хэвлэл, сэтгүүлчдийн эрхэд маш ноцтой халдсан заалтууд оруулсан байв. Үүнд “Мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байршуулсан, түгээсний төлөө төлбөр авсан бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл онооно” гэж заасан байв. Мөн “Сэрэмжлүүлэг зар сурталчилгааг тухайн хэвлэл мэдээллийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг харгалзалгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төлбөргүй түгээгээгүй бол хувь хүнийг 250, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэсэн заалт ч байсан. Ардчилсан засаг чөлөөт хэвлэлийн эрх чөлөөнд тэр тусмаа хувийн хэвлэл мэдээлийн байгууллагад төрөөс дарамт үзүүлэх, боомилох, ийм заалт оруулсан нь үнэхээр ичгэвтэр, зэвүүцэм байлаа. Энэ мэтээр тоочвол тоймгүй их юм болно. Төр нь буу шийдэм бариад, хэвлэл мэдээллийн байгууллагыг шууд хаагаагүй ч хуулийн хачирхалтай заалтуудаараа амийг нь авч, амыг нь боохыг санаархсан хэрэг.

Энэ бүгдийг сэтгүүлч нар тоогоогүйн гор одоо гарч ирж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын хэвийн ажиллагааны гол үндэс суурь болсон реклам, зар сурталчилгаа байхгүй болсон. Өнөөдрийн Монголын хэвлэл мэдээллийг хар. Нэг муу, улс төрийн сулхан нийтлэлтэй, 12 нүүр цулгай сонин гарч байна. Телевизүүд ганц олдсон рекламаа бүтэн өдөржин давтдаг. Үзэж байсан нэвтрүүлэг, киногоо энэ хооронд бараг мартчихдаг юм. Сэтгүүлчдийн үзэж чаддаггүй, байнга шүүмжилдэг гадаадын хөрөнгө оруулагчид аль хэдийнэ явчихлаа. Баячууд гэж элдвээр зүхдэг дотоодын үйлдвэрлэгчид, бизнесмэнүүд реклам тавих чадваргүй болж. Ингээд нөгөө ардчиллаар олж авсан хэвлэн нийтлэх эрх чөлөө маань хэвлэл мэдээллийн байгууллагатайгаа устах өнгөндөө орж, сэтгүүлчид гудамжинд гарч эхэллээ. Өчнөөн олон хэвлэл мэдээллийн байгууллага үүдээ хааж, зарим нэг нь сонгууль дөхөж байгаа болохоор тэр хүртэл амь зогоох төдий бүр тасарчихалгүй явж байна. Монголын сэтгүүл зүйг ганц зогоож байсан нь Засгийн газар, хувийн хэвшлийнхний сурталчилгаа, сонгууль. Энэ бүгдийг хийрхүү, эх оронч дүр эсгэсэн сэтгүүлчдийн хийрхэл дээр тоглон улстөрчид нь элдэв хууль журмаар үгүй хийх болсон. Ингээд ажлаа хаячихаад, эрх баригчдын дохиогоор явсан, үнэн хэрэгтээ аягаа ч зөв угааж чадахгүй цагаан гартнууд болсон сэтгүүлчид өөрсдөө буруутай. Үүний жишээ нь баасан гаригт өөрсдийнх нь эрх ашгийг хөндөж дуугарсан Д.Оюунхорол гишүүний үгийг хэн ч тоосонгүй. Социализмын үед хөдөө орон нутагт Төв хорооныхны томилсон төлөөлөгчийг очиход зуд турхан болоод хот нь харлачихсан, өөрөө ядарч туйлдаад жигтэйхэн, өнгө зүс муутайхан байж “Амьдрал ямар байна” гэж асуухад өөдөөс нь “Амьдрал яах вэ, Анжела Дэвис яаж байна” гэж асуусан өвгөн шиг өөрсдийнх нь хувь заяатай холбоотой асуудал яригдаж байхад мэдсэн ч шинжгүй, хаалтын гэрээ муухай, аж ахуйн нэгж, баячууд муухай, гадаадын хөрөнгө оруулагчид муухай гэсээр Монголын хэвлэлүүд гудамжинд гарлаа. Малчдад Анжела Дэвис ямар хамаа байхав. Өөрийнх нь амьдрал, нүдэн дээр нь зуд турханд үгүй болж байгаа хэдэн мал нь хэрэгтэй баймаар. Хэвлэлийнхэн бид ч өөрсдийнхөө хувь заяатай холбоотой зүйлийг хойш тавьчихаад “Анжела Дэвисийг” асуугаад сууж байна. Анжела Дэвис гэж АНУ-ын коммунист хөдөлгөөний үүсгэн байгуулагч нарын нэг, арьсны үзлийн эсрэг тэмцэгч өнгөт арьст эмэгтэй. Коммунизмыг дэмжигч хүн болохоор л ЗХУ-ын нөлөөгөөр манайхан мэддэг болсон. Тиймдээ ч өөрийнх нь аж байдлыг асууж байхад үзэл сурталжсан өвгөн өнөөх арзгар үстэй, өөрт нь огтоос падгүй Анжела Дэвисийг асууж байгаа нь тэр. Тэрнээс хойш бүхэл бүтэн өөр нийгэмд орчихоод байхад өнөөх л малчин өвгөн шиг юм яриад байж байгаа нь халаглам.

Хэвлэлийнхнийг хаалтын гэрээ хийдэг гэж зүхэж байхад хэн ч дуугардаггүй. Угтаа цагаан дээр хараар “Хамаг мууг нь халхална, хаана” гэсэн хаалтын гэрээ гээч юм байдаггүй. Хамтын ажиллагааны гэрээ буюу хийсэн ажлаа, бараа бүтээгдэхүүнээ сурталчлуулахад байгууллага хоорондын гэрээ байгуулдаг. Ийм гэрээг шууд л хаалтын гэрээ гэж хэлэх нь дэндүү том эндүүрэл. Дэлхийн бүх л хэвлэл мэдээллийн байгууллагад хамтын ажиллагааны гэрээ буюу зар сурталчилгаа, хийсэн ажлаа хувийн хэвлэл мэдээллийн байгууллагад мөнгөө төлж гаргадаг. Байдаг л зүйл, байх ч ёстой. Чөлөөт хэвлэл бол төрийн байгууллага биш учраас эдийн засгийн ойлголтоороо реклам зар сурталчилгаанаас л санхүүжилтээ олдог. Үүнийг ойлгоход тийм хэцүү байна гэж үү.

Гэтэл хэвлэлүүд, сэтгүүлчид дал наяад оны намын үзэл сурталжсан үе шиг эрх баригчдыг уухайлан долдойдож, юу хэлснээр магтаад суудаг болж. Мөнгөнд дургүйдээ биш амьдралаас тасарсан, үндсэн үүргээ умартсан долдойнууд болж. Эцэст нь хэлэхэд Анжела Дэвис яах вэ, амьдралаа бодох цаг боллоо, хэвлэлийнхээн. Ганц ч гэсэн улстөрч ч гэлээ бидний төлөө дуугараад эхэлж.

Categories
мэдээ нийгэм

Нөгөөдөр Замын-Үүдийн боомт амрах бол Алтанбулагийн боомт ажиллана

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархалын өдөр энэ сарын 12 -нд тохиож, бүх нийтээр амрахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд болон Хятадын Эрээн хотын боомт 12-нд амрах юм байна. Харин энэ чиглэлийн олон улсын галт тэрэг хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх аж. Хойд хилийн хамгийн том боомт болох Алтанбулаг нөгөөдөр хуваарийн дагуу буюу 24 цагаар ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Налайхын уурхайд хоёр хүн бүтэж нас баржээ

Даваа гаригийн 15 цагийн орчимд уурхайн гүнд нэг хүн ухаан алдаад уначихлаа гэсэн дуудлагыг Налайх дүүрэг дэх Онцгой байдлын газрын уул уурхайн аврах анги хүлээн авчээ. Дуудлага авсан даруйдаа гурван минутын дотор аврах ангийнхан газар дээр нь очиход уурхайн гүнд нэг биш гурван хүн ухаан алдсан байжээ. Ийнхүү тэднийг уурхайн хонгилоос цаг алдалгүй гаргасан хэдий ч нэг нь ухаан орж, хоёр хүн нь нас баржээ. Энэ талаар Онцгой байдлын газрын уул уурхайн аврах ангийн салбарын дарга Н.Бямбүрэнгээс тодруулахад “Барагцаалбал 30 гаруй метрийн гүн уурхайн нүхэнд гурван хүн ороод, ухаан алдсан байсан. Нэг нь түрүүлж ороод ухаан алдчихсан гэсэн. Түүнийг аврах гэж араас нь хоёр залуу орсон байгаа юм. Агааргүй орчинд бүгчимдэн, гурвуулаа ухаан алдсан. Тэднийг гаргаж ирсэн даруйдаа бид хиймэл амьсгал болон зүрхний массаж хийн анхны тусламж үзүүлсэн. Нэг нь ухаан орсон ч хоёр нь нас барсан” гэсэн юм.

Түүнчлэн өчигдөр 12 цагийн орчимд уурхайн гүнд хоёр хүн ухаан алдаж уналаа гэсэн дуудлага ирсний дагуу Налайх дахь уул уурхайн аврах ангийн албан хаагчид газар дээр нь очсон бөгөөд 240 метр гүн уурхайн 90 орчим метрт гар аргаар нүүрс олборлож байсан хоёр хүн ухаан алдсан байжээ. Тэднийг нүхнээс яаралтай гарган, эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогоор тэдний биеийн байдал сайн байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нийтлэлч Баабар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө

Өчигдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нийтлэлч Баабарыг хуурамч бичиг баримтаар тэтгэврээ тогтоолгосныг нь нийгмийн даатгалын газрынхан илрүүлсэн гэж мэдээлсэн. Өнөөдөр Нийгмийн даатгалын газар албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан “Бат-Эрдэнийн Батбаяр буюу олноо Баабар гэж алдаршсан нийтлэлч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэврээ тогтоолгожээ. Баабар гуай минь дээ” хэмээн жиргэж, нийгэмд нэлээдгүй шуугиан тарив. Энэ асуудалтай холбоотойгоор эх сурвалжаас тодруулахад “Баабар нийтлэлч энэ долоо хоногт багтаан сэтгүүлчдэд нэгдсэн мэдээлэл өгнө” гэсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн банкнаас манай улсад хандан дараах зөвлөмжийг гаргажээ

Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн тойм тайлангаа гаргажээ. Энэ удаагийн тайландаа Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт 2.3 хувьд хүрнэ гэж тэмдэглэжээ. Харин төсөөлөл буурсан шалтгааныг энэ намар тариаланчид ургацынхаа багагүй хувийг алдсан. Дээрээс нь аж үйлдвэрийн салбараас олох ашиг таамагласнаас бага байсан зэрэг нөлөөлсөн хэмээн тайлбарлалаа. Гол нь ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарах магадлалтай гэв. Ялангуяа уул уурхайн салбарын бууралт ирэх оны эдийн засагт томоохон дарамт болно гэдгийг санууллаа. Ирэх онд зөвхөн дотоодын нөхцөл байдлаас гадна, гаднын нөлөөлөл багагүй бий гэв. Ялангуяа экспортын гол зах зээл болсон БНХАУ эдийн засгийн өсөлтийн цаашдын чиг хандлага тодорхойгүй энэ үед байдал хаашаа ч эргэж мэдэхийг сануулж буй юм.

Дэлхийн банкнаас дараах зөвлөмжүүдийг гаргажээ.

1.Төсвийн нэгдмэл байдлыг бэхжүүлэх бодлогоо үргэлжлүүлж, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг биелүүлэх

2.Хөгжлийн банкны арилжааны шинжтэй зээлүүдийг төсөвт нэгтгэх нь төсвийн нэгдмэл байдлын төлөвлөгөөний үр дүн, түүнд итгэх итгэлийг дээшлүүлнэ

3.Төв банкнаас хэрэгжүүлж буй зарим талаар төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг зогсоож, тэдгээрийг Засгийн газарт шилжүүлэх шаардлагатай

4.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх нь эдийн засагт гадаад секторын тэнцвэргүй байдал болон шокын эсрэг тохиргоо хийгдэх, валютын нөөцийг хамгаалахад дэмжлэг болно

5.Банкны системийн болзошгүй эрсдэлд бэлэн байх чадварыг улам сайжруулах шаардлагатай

6.Эдийн засгийн идэвхжил саарсан нөхцөлд нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг зорилтот бүлэгт илүү оновчтой чиглүүлснээр нийгмийн халамжийг сайжруулна.

Categories
мэдээ спорт

“Хакүхо цом” сумо бөхийн тэмцээний аваргууд шалгарлаа

Мэргэжлийн сүмо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” сүмо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч ням гаригт буюу 11 дүгээр сарын 8-ны өдөр Спортын төв ордын “А” зааланд боллоо. “Хакүхо сан”-гаас санаачлан зургаа дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн нийт 229 сүмоч хүүхэд 8, 9, 10, 11, 12, 13-15 гэсэн зургаан насны ангиллаар өрсөлдлөө. Энэхүү тэмцээний нас насны ангилалд медальт байр эзэлсэн болон амжилттай барилдсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж, 2016 оны хоёрдугаар сард Японы Токио хотноо зохиогдох “HAKUHO CUP” олон улсын тэмцээнд оролцох найман хүүхдийг сонгон шалгаруулах юм байна.

Тэмцээний дүнг танилцуулья:

8 нас:

1. Э.Цэрэнпунцаг (Өвөрхангай Хархорин. Орхон цогцолбор)

2. Э.Тэнүүн (Плеханов сургууль)

3.Н.Батмөнх (Шавь цогцолбор)

9 нас:

1. М.Даваа-Эрдэнэ (Сэлэнгэ сайхан сум Сэлэнгэ хотол сургууль.)

2. Ө.Бат-оргил (Баянгол дүүрэг – 43 сургууль)

3. О.Өсөх-ирээдүй (Баянзүрх дүүрэг 120-р сургууль.)

10 нас:

1. Э.Жавхлантөгс (Өвөрхангай Хархорин)

2. Э.Баяржавхлан (Өвөрхангай Хархорин)

3. Э.Жамбалжамц (Баянхонгор аймаг Япон сургууль.)

11 нас:

1. А.Сосорхүү (Баянхонгор Япон сургууль.)

2.Э.Ирмүүн (Плеханов сургууль)

3.Б.Баярболд (СХД Үндэсний биеийн тамир.)

12 нас:

1. Б.Мөнхжаргал (Дархан-Од цогцолбор)

2. Бат-Оргил (Өвөрхангай Хархорин Од сургууль)

3. М.Алтанхуяг (Ирээдүй цогцолбор)

13-15 нас:

1. Т.Тэмүүлэн (Наранбүрэн сургууль)

2. Б.Одхүү (Дундговь – “Аварга” дунд сургууль.)

3. Б.Билгүүн (“Аварга” дунд сургууль) тус тус эхний байруудад шалгарлаа.

Categories
гадаад мэдээ

Оросын хөнгөн атлетикчид сэргээш өргөнөөр хэрэглэдгийг илрүүлжээ

Дэлхийн Сэргээшийн эсрэг Агентлаг (WADA) Оросын тамирчдыг сэргээш хэрэглэсний төлөө олон улсын тэмцээн уралдаануудад оролцохыг хориглох хэрэгтэй гэсэн мэдэгдлийг өчигдөр хийжээ. Үүнээс гадна Оросын дундын зайн гүйлтийн таван тамирчин, дасгалжуулагч болон албаны нийт таван хүнийг бүх насаар нь тэмцээн уралдаанд оролцохыг нь хориглох санал гаргасан байна.

Шалгалтаар Оросын атлетикийнхны дунд сэргээш хэрэглэх, түүнийгээ нуух арга нь бүх түвшинд соёл болон хөгжсөнийг илрүүлсэн гэнэ.Үүнд Оросын засгийн газар, Спорт хариуцсан сайд нь шууд оролцож, WADA-г хуурч мэхлэх арга хэмжээ авдаг байжээ. Мөн Москва дахь сэргээшийн лабораторийн захирал Григорий Родченков сэргээш хэрэглэсэн нотолгоо болох 1,417 шалгалтын баримтыг устгах тушаал өгч байсан байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулж буй хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрүүдийг хэлэлцэж, соёрхон баталсан. Дараа нь Төрөөс мөнгөний талаар 2016 онд баримтлах бодлогын үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн явцад гишүүд банкуудын өнөөгийн нөхцөл байдал, чанаргүй зээлийн өрийн үзүүлэлт, улсын валютын нөөц болон зээлийн хүүг бууруулах бодлогын талаар байнгын хорооны дарга Ж.Батсууриас асуулт асууж, хариулт авсан. Ингээд зарчмын зөрүүтэй гурван саналын томъёоллоор санал хураалгаж, дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын төсвийн төсөл, дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.