Categories
мэдээ спорт

Сумогийн гурав дахь өдрийн тойм

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын башё буюу Кюүшюү башёгийн гуравдахь өдрийн барилдаанууд өнөөдөр өндөрлөлөө. Өнөөдрийн барилдаанд Харүмафүжи аварга Болгарын бөх Аойяаматай барилдлаа. Хоёр бөхийн барилдаан сонирхолтой болж шүүгч нар удаан хуралдсаны эцэст Харүмафүжид ялалтыг өгөв. Дэвжээний захад Аойяама манай аваргыг зайлсан боловч хөлийн өсгий нь гадаа түрүүлж хүрсэн байсан учраас өнөөдөр ялагдав. Харүмафүжи аварга маргааш нутгийн бөх Ичиножёотой барилдах юм. Ичиножёо маэгаширагийн 1-т бичигдсэн учраас Аваргуудтай дараалан барилдаж байна.

71 дахь ёкозүна Какүрюү М.Ананд өнөөдөр Ичиножёотой барилдсан бөгөөд туршлагаар илүүрхэн давлаа. Хэдийгээр Ичиножёо аваргын дайралтыг зогсоон барьцаа авсан ч хурд, техникээр дутуу байв.

Манай шинэ озеки Тэрүнофүжи өнөөдөр маэгашира Окиноумитай хүч үзсэн ба уветанаге мэхээр ээлжит даваагаа авлаа. Маргааш тэрбээр арал бяртай бөх Аойяаматай барилдана.

Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал өнөөдөр египетийн бөх Оосүнарашитай барилдаж ээлжит даваагаа авлаа. Энэ барилдаан маш сонирхолтой болсон бөгөөд Оосүнараши Их аваргын хүчтэй дайралтыг няцаасан ч дэвжээний захад түрэгдэн гарсан юм.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 3-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 2-1

Ёкозүна Какүрюү М.Ананд 2-1
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-1
Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 0-3
Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-0
Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 1-2
Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 1-2

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ганчимэгийг АТГ-аас шалгаж байна

Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн сэжигтнээр татаж, 14 хоног 461-р ангид хорихоор болсон билээ. Түүнтэй хамт 4-5 хүнийг давхар шалган, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн тухай МАХН-аас мэдээлж байсан. Өчигдөр орой 18.00 цагийн үед ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгээс АТГ-аас байцаалт авч эхэлсэн талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Түүнийг цагдан хорилгүйгээр, гадуур шалгаж буй аж.

Өмнө нь Г.Ганчимэгийг холбогдох хууль журам зөрчиж, Төрийн нарийн бичгийн даргаар томилсон байна гэсэн албан тоотыг АТГ-аас Г.Шийлэгдамбад хүргүүлж байжээ. Г.Шийлэгдамбыг байцаах 14 хоногийн хугацаанд УПЕГ-аас яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах юм байна. Хэрэв Г.Шийлэгдамбын гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэлх хорих ялаар шийтгүүлж болзошгүйг эх сурвалж өгүүлж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Ромео Жульетта” маргааш нээлтээ хийнэ

Хүн төрөлхтний хайр дурлалын билэг тэмдэг болсон Ромео & Жульетта жүжиг маргааш нээлтээ хийх гэж байна. Энэ удаад Улсын драмын эрдмийн театрын(УДЭТ) найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Монголын үзэгчдэд гурав дахь удаагаа тавигдах гэж буй билээ. Жүжгийн гол дүрүүдэд УДЭТ-ын хамгийн залуу жүжигчдийг тоглуулж байгаагаараа онцлог юм. Мэдээж Ромеогийн дүрд Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрд О.Дөлгөөн нар тоглож байна.

Жүжгийн нээлтийн ажиллагаа маргааш 17.00 цагаас УДЭТ-ын гадна талбайд болно. Харин энэ үеэр үзэгч, хосуудын дунд сонирхолтой уралдаан зарлажээ. Жүжгийн нээлтэд зориулж зарласан “Миний хайрын андгай” уралдааны шилдэг таван хос бие биедээ хайраа илэрхийлэх торгон мөч болох нь ээ. Мөн “Хайр дурлал” сэдэвт уран зураг, баримлын үзэсгэлэн гарах юм байна. Цаашлаад жүжгийн дүрүүдийн зураг бүхий хос цамц, тэмдэглэлийн дэвтэр зэрэг олон бүтээгдэхүүнээс сонгон авах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүдийн бизнес төв байгуулна

Жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан бизнесийн чиглэлээр сургалт зохион байгуулах, бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх, цаашид өргөжүүлэн хөгжүүлж, удирдах таатай, боломж, нөхцлөөр хангах зорьж буй.

Энэ хүрээнд АНУ-ын Азийн сан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран “Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн бизнес төв” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төв нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд санхүүгийн болон шинэ техник технологийн талаар мэдлэг олгон, дэмжлэг тусламж үзүүлэх юм байна.

Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нэгэн адил эдийн засгийн боломжуудыг ашиглаж, бүтээмжтэй ажиллахад саад болж байгаа бэрхшээлүүдийг арилгаснаар эдийн засгийн хөгжилд тэдний оролцоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж. Дэлхийн ихэнхи орнууд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг сайжруулах нь эдийн засгийн үр ашгаас гадна нийгэм, соёлын өндөр ач холбогдолтой гэж үздэг байна

Categories
мэдээ нийгэм

Электроникийн улсын XVII олимпиад зохион байгуулагдлаа

Электроникийн улсын XVII олимпиадыг 2015 оны 11 дүгээр сарын 07-08 ны өдрүүдэд МУИС дээр амжилттай зохион байгууллаа.

Тус олимпиад нь электроникийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, оюутнуудын сурах эрмэлзлэлийг дээшлүүлэх, электроникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон их дээд сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах, электроникийн мэргэжлийг сурталчлах зорилготой билээ.

Энэ жилийн олимпиадын дадлагын даалгаварт PLC буюу үйлдвэрлэлийн контроллёрыг програмчлах даалгавар оруулснаараа онцлог байлаа. Ингэснээр үйлдвэрийн бүтээмжийг дээшлүүлэх, автоматжуулатын түвшинг дээшлүүлэх инженерүүдийг бэлтгэх тогтолцоог их дээд сургуулиудад нэгдсэн байдлаар хэвшүүлэхэд чухал алхамж болох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Төрийн соёрхолт Ц.Чинзоригийн нэрэмжит өдрүүд болно

“Зүүдний говь”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж”, “Дууны хорвоо”, “Ус мөрөн олон чиг”, “Чингис хааны говь”, “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл” “Уйлж дуулах хорвоо” зэрэг олон сайхан дууны аялгууг бичсэн Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны 60 насны ойд зориулан түүний уран бүтээлүүд энэ долоо хоногт цувралаар тоглогдохоор болсныг өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 12-14-ний өдрүүдэд тоглолтууд болох юм байна. “Чинжигийн сонгодог аялгуу” тоглолт 12-нд, “Эх орондоо дуулах бүүвэйн дуу” тоглолт 13-нд, “Дууны хорвоо” уран бүтээлийн цэнгүүн 14-ний өдөр тоглогдох аж. Тус тоглолтод дуулагдах дуунуудыг хамгийн анх дуулж олны хүртээл болгосон дуучид, уран бүтээлчид үзэгчдэд хүргэх юм. Түүнчлэн Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн “Уйлж дуулах хорвоо” нэртэй ном болон хос цомгийг гаргажээ. Номонд түүний зохиосон 60 шилдэг уран бүтээлүүд орж байгаа бөгөөд мэргэжлийн уран бүтээлч төдийгүй, хөгжим сонирхдог бүх хүмүүст зориулан гаргасан хэмээн онцолсон юм.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж, Си Жиньпин нар уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар 2015 оны 11 дүгээр сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нар дагалдан яваа төлөөлөгчдийн хамт БНХАУ-ын ШаньСи мужийн Си Ань хотын түүх соёл, хөгжил цэцэглэлтэй танилцан тус мужийн даргатай уулзжээ. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон гэргий Х.Болормаа нар Бээжинд хүрэлцэн очиж, 16:00 цагт БНХАУ-ын АИХ-ын ордонд БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзсан байна. Тэд Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцох юм байна. Өнөө орой БНХАУ-ын дарга Си Зиньпин, тэргүүн хатагтай Пөн Ли Юань нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нарт хүндэтгэлийн зоог барих аж.

Маргааш буюу 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын Ардын Их Хурлын дарга Жан Дө Зянь, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянь нар бараалхах юм.

Categories
мэдээ нийгэм

Багш, сурагчид цахим сурах бичиг ашиглана

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд өчигдөр төрийн өмчийн ЕБС-д ажиллаж байгаа 25.000 багш нэг бүрт зөөврийн компьютер, бүх сургуульд 11.340 ширхэг зөөврийн компьютерийн лаборатори олгосон.

Тэгвэл багш, сурагчид зөөврийн компьютерээ юунд, хэрхэн ашиглах талаар албаны хүнээс тодруулахад, “ЕБС-ийн сурах бичгүүдийг цахим хэлбэрт оруулсан. Мөн байгалийн ухааны хичээлүүдэд хэрэглэгдэх интерактив хувилбаруудыг дуу дүрстэй, хөдөлгөөнтэй, сонирхолтой хэлбэрээр оруулсан байгаа.

Эндээс багш, сурагчид зөөврийн компьютерээ ашиглан сурах бичгүүдээ хэрэглэхээс гадна тухайн хичээлүүдийг илүү сонирхолтой явуулах боломж бүрдэж байгаа” гэв. Сурах бичгийн хангамжийн талаар хүмүүс жил бүр л шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл одоо багш, сурагчид econtent.edu.mn веб сайтад нэвтрээд л бүх сурах бичиг, байгалийн ухааны хичээлүүдийг чөлөөтэй хэрэглэх боломж бүрдлээ.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэц маргааныг хянан хэлэлцэнэ

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд, газар барьцаалах гэрээ байгуулахдаа талууд харилцан тохиролцсон бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар хангаж болохоор зохицуулсан нь иргэний газар өмчлөх эрх болон шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж, улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлсэн билээ.

Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Медведев онгоцны ослын талаар тайлбар хийв

Оросын А321 онгоц Египетэд сүйрсэний шалтгаан террорын үйл ажиллагаатай холбоотой гэж «Российская газета» сонинд өгсөн ярилцлагадаа ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өгүүлжээ. “Террор хийгдсэн байж магадгүй гэх мөрдөн байцаалтын нэг хувилбар юм. Антитеррорын хорооны бэлтгэсэн материалд үндэслэн нислэгийг зогсоох ерөнхийлөгчийн зарлиг гарсан байгаа” гэж ерөнхий сайд хэлжээ.

Одоо Египетэд 80 мянга орчим оросууд амарч байгаа ба тэднийг нэг талын тусгай нислэгээр зөөх юм. Аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигчдын ачааг тусгайлан зөөж байгаа ажээ.

Олон улс орнууд тийшээ нислэгээ зогсоосон байна. Арваннэгдүгээр сарын 8-нд The Sunday Times сонин онгоцонд бөмбөг тавих ажиллагааг зохион байгуулсан хүний нэрийг нэрлэсэн юм. Синайн хойгийн “Исламын улсын муж” гэх «Вилаят Синай» террорист байгууллагын лидер Абу Усама аль-Масри уг аллагыг хийлгэжээ. Сонинд бичсэнээр тэсрэх бөмбөгийг буудалд ажиллаж байсан тус байгууллагын гишүүн онгоцонд тавьсан юм байна.