Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан П.БҮРЭНТӨГС: Хавдрын аянд бөхийн байгаа хандивлалаа. Монголын минь ирээдүй гэрэлтэй байх болтугай

Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнхийн нэрэм­жит барилдаан өнгөр­сөн бямба гаригт болсон. Тус барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат бөх Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлсэн юм. Тэрбээр хавдрын эсрэг аянд нэгдэж түрүү бөхийн бай шагналд авсан таван сая төгрөгөө өнөөдөр Хав­дар судлалын үндэсний төвд гардуулан өгөх юм. Ингээд П.Бүрэнтөгс арслантай ярилцлаа.

Юуны өмнө танд баяр хүргэе. Х.Баянмөнх аваргын нэрэмжит барилдаанд түрүүлж, шагналын мөн­гөө хавдрын эсрэг аянд зориулна гэлээ. Сүүлийн үед бөхийн ертөн­цөд сонсогдож бай­гаа­гүй маш сайхан мэдээ байна…

-Монголын ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Увс нуур” бөхийн гал 90 жилийнхээ ойн хүрээнд “Монгол бөхийн баяр” гэж өргөн дэлгэр сайхан баяр хийсэн. Үүний хүрээнд өвгөн аваргынхаа хүндэтгэлийн барил­дааныг амжилттай сайхан зохион байгууллаа. Өөрийн зүгээс барилдааны бай шагналаа нийгэмд тулгамдаад байгаа гол асуудлын нэг хавдрын эсрэг үйл ажиллагаанд зориулж байна. Монголчуудыг түгшээж буй асуудлын нэг нь хавдар болчихлоо. Миний ойрын хүрээнд ч их байна. Сэтгэл их эмзэглэж явдаг. Тэр үүднээс нэгдье гэж бодсон юм.

Хэр хэмжээний мөнгө гардуулж байна?

-Түрүү бөхийн байгаа тэр чигт нь бэлэглэж байна. Заалны барилдааны түрүү бөхийн бай янз янз л байдаг юм даа. Би нийг­мийн чиглэлийн ажлаас хойш сууя гэж боддоггүй. Аль болох оролцохыг хичээж, дэмжиж явдаг юм. Нэг ч гэсэн хүн хавдраас салж, Монголын минь ирээдүй гэрэлтэй байх болтугай.

Бөхчүүд улсын болоод аливаа барилдаанд түрүү­лээд том жийп машин, байр авдаг. Харин та байгаа хандив­ласан анхны хүн боллоо. Бусад бөхчүүд ч үлгэр дуурайл авч цаашдаа ийм жишээ олон гарна байх?

-Ийм жишиг тогтвол сайн байлгүй яахав. Монголчууд бид бие биедээ тустай дэмтэй явбал сайхан л байна.Бид өөрсдөө л нэгнийгээ дэмжиж, туслах хэрэгтэй шүү дээ.

Нэгэнт уулзсаных хоёулаа бөхийн яриа руу оръё. Энэ жил таны бэлтгэл их сайн байна гэж хүмүүс ярилцаж байна. Таны хувьд улсын баяр наадамд залуу арслан Э.Оюунболдыг давах боломж байсан уу?

-Улсын баяр наадамд хэн илүү бэлтгэл сургуулилттай, од хийморьтой нь сайн барилдаж, үзүүр түрүү авдаг. Тэр хүний наадам бол­дог. Залуу арслан надаас илүү хийморьтой, илүү бэлтгэл сайтай байсан учраас наадмын түрүү авсан байх аа. Тийм ч учраас сайхан барилдаж арслан болсон. Миний хувьд өөрийнхөө бодож хүсч явсан хэмжээндээ барилдаж чадаагүй ч байгаа хэмжээгээ мэдэж авсан гэж бодож байна. Цаашид илүү сайн хичээж барилдах, бэлтгэл сургуулилтаа сайн хийх ёстой юм байна гэдгийг мэдэж авсан.

Ялангуяа та наймын даваанд наад­мын түрүү авах найдлага төрүүлж байсан Улсын заан Ч.Санжаадамбыг хаясан шүү дээ. Тэр их сонирхолтой барилдаан болсон доо?

-Бас л өөрийн онцлогтой сайхан барилдаан болсон л доо. Энэ цаг үеийн шилдэг сайхан зааныг амлаж аваад сайхан барилдлаа. Бид чинь энэ цаг үеийн бөхийн түүхийг бичилцэж байгаа хүмүүсийн нэг гэж боддог. Тэр утгаараа сайхан байсан.

Та улсын цол авснаасаа хойш ард түмнийхээ хүлээж байсан шиг сайн барилдаан үзүүлж чадахгүй байсан. Ер нь аймгийн цолноос улсын цолонд хүрэх сэтгэл зүйн хувьд ямар байдаг вэ?

-Монгол бөхөд эрэмбэ дэс дараа гэж нэг сайхан юм бий. Тухайн үедээ аймгийн цолтой бөхчүүдээс 100 гараад зогсч байсан. Ер нь улсын цолд хүрэхийг зорьж л байсан. Тэгтэл шууд улсын том цол авчихсан. Тэр том бөхчүүдийн дээр гараад зогсчихоор байр сууриндаа дасан зохицох асуудал гарч ирдэг юм билээ. Хэтэрхий том бөхчүүдтэй эн зэрэгцээд ирэхээр биеэ барьж байсан. Хоёрдугаарт тамирчин хүнд бэртэл гэмтэл гэж нэг асуудал гарч ирдэг. Намайг ч гэсэн дайраад гарсан. Энэ бас бага зэрэг нөлөөлсөн байх.

Ямар бэртэл авсан бэ?

-Бага зэргийн бэртлүүд авсан. Одоо харин бэлтгэл сайхан жигдэрч байна.Бэртэл гэмтэл холуур байна.

Дараа дараагийн барил­даанд тань биеэ барих тэр мэдрэмж, сэтгэл зүй нөлөөлсөн биз?

-Тэгэлгүй яахав. Хамгийн том асуудал чинь тэр байхгүй юу.

Монгол Улсын арслан цол авсан тэр жилийн барилдаанаа эргэн нэг дурсахгүй юу. 2012 оны наадам байх аа?

-Яахав тэр жил ерөнхийдөө өөрийгөө гайгүй том цолд хүрчих байх гэж бодож байсан. Гэхдээ түрүүлнэ гэж бодоогүй. Харин заан бол болчих байх гэсэн итгэлтэй байсан. Тэр жилийн бэлтгэл сургуулилт ч сайн байсан. Манай “Увс нуур” бөхийн гал гэж сайхан хамт олон байна. Төрийн наадмын олон түрүү бөх нэг дор цуглаж, нэг сэтгэлээр нэг зүгт зорин сайхан бэлтгэл хийдэг. Энэ бас нөлөөлсөн дөө.

Улсын гарьд Д.Рагчаатай үзүүр түрүү булаалдаж байсан. Завханы М.Баяр­жавхлан гээд олон сайн бөхийг давж улсын цолонд хүрч байсан шүү дээ…

-Тэр үед чинь Г.Өсөх­баяр аварга, О.Балжин­ням аварга, С.Мөнхбат аварга, арслан цолтой байсан манай Г.Эрхэмбаяр аварга нар барилдсан. Ер нь тэгээд жил болгон барилддаг улсын баяр наадмын том цолтой бөхчүүд барилдаж байсан л даа. Дөрөвийн даваанд нутгийн аварга С.Мөнхбаттай сайхан барилдаж, тавын даваанд Булган аймгийн харьяат Монгол Улсын заан М.Өсөхбаярыг даваад улсын цолны босго алхаж байсан. Цаашлаад Булган аймгийн харьяат улсын начин Э.Энхбаттай тунаж харцага болж, зааны даваанд Монгол Улсын гарьд М.Баяржавхлан заан намайг амалж авсан. Гарьдын даваанд энэ цаг үеийн бөхийн түүхийг бичилцэж яваа Г.Эрхэмбаяр аваргатайгаа тунаж гарьд болсон. Тэгээд л есийн даваанд хүндэлж явдаг бөхчүүдийн нэг Д.Рагчаа гарьдтай барилдаж түрүү авсан даа. Би Д.Рагчаа гарь­даас 12 насаар дүү шүү дээ.

Түрүүлсний дараахь сэтгэгдэл ямар байв. Хэр баярлаж хөөрсөн бэ. Тухайн үед цэнгэлдэх дүүрэн хүмүүс бүгд уухайлж, орилолдож бай­хад та харин ч их тайван байх шиг санагдсан?

-Барилдаж байх хугацаан­даа барилдаанаа л ахиулахыг бодож анхаарлаа төвлөрүүлнэ л дээ. Тамирчин хүний сэтгэл зүй. Яг түрүүлсний дараа шоконд орчихсон доо. Хүмүүсийн баярлаж байгаа, хөөрч байгаа байдал, тэр хүмүүсийн уур амьсгал гээд л. Монголчууд чинь бөхөө дээдэлж, хүндэлдэг ард түмэн. Урьд нь тийм юм үзэж байгаагүй болохоор бага зэрэг шоконд орсон доо.

Увс аймгийн бөхийн багш Ш.Бат-Очир багш тань тэр барилдааны дараа манай сонинд уйлж байгаад ярилцлага өгч байсан. Харин таны хувьд сэтгэлийн хөөрөл их багатай хүн юм шиг?

-Би ер нь их тайван хүн ш дээ. Тайван байхыг өөрөө ч гэсэн их хичээдэг. Манай багш надаас гадна сайхан сайхан цолтой бөхчүүдийг төрүүлж байна даа. Увс аймгаас гарч байгаа ихэнх залуус багшийн гарыг дамждаг. Намайг анх бөхийн замд оруулсан хүн гэж хэлж болно. Багш гэхээр хүнийг бэлтгэл хийлгэдэг, мэх заадаг хүн гэж ойлгодог. Гэхдээ манай багш хүнд амьдрах ухааныг сайн ойлгуулж өгдөг. Өөрөө бас тийм чадсан амьдралтай хүн биш шүү дээ, сургуулийн биеийн тамирын багш гэдэг чинь. Шуудай, шуудайгаар нь боов хийж тавиад л, бид нар тэрийг нь бэлтгэлээ тарж очоод идчихнэ. Гэрт нь бөөндөө очиж цуглаж сууна, ярилцана. Ер нь дандаа хүний IQ хөгжүүлсэн юм хэлж, ярьдаг хүн л дээ. Намайг ийм амжилт гаргахад их нөлөөлсөн гэж боддог юм. Ш.Бат-Очир багшийн шавь нараас улсын харцага У.Бат-Орших тэр хүний гар дээрээс гарсан. Сая начин болсон Энхбаяр байна. Бид нар нэг багшийн шавийн хувьд багшдаа баярласнаа илэрхийлж бөхийн дэвжээтэй болгож байгаа. Үүнийг энэ дашрамд хэлэхэд таатай байна. Удахгүй очиж гардуулж өгнө. Багшийгаа цаашид улам олон сайн шавь төрүүлнэ гэж найддаг шүү.

Бөхийн дэвжээнд хөлөө олоход тусалсан бусад сайхан багш нарынхаа талаар энд бас дурдахгүй юу?

-Тэгэлгүй яахав. Би 2007 онд арван жилээ төгсөөд Батлан хамгаалахын их сур­гуульд эрх зүйч мэргэжлээр сурч байсан. Хоёр сар хэртэй сураад сургуулиа хаяж, А.Сүхбат аваргын “Олимп” сургуульд орж бөхөөр тууштай явах зориг гаргасан гэх юм уу даа. А.Сүхбат аваргынхаа шавь болж хоёр жил гаруй явсан. Тэр хүнээс авсан юм их бий. Дараа нь “Увс нуур” гал дээрээ нэгдэж О.Балжинням багштайгаа хоёр, гурван жил бэлтгэл хийсэн. Төрийн наадамд түрүүлэхэд хүргэсэн хүн маань. Одоо улсын гарьд Б.Гантогтох, улсын арслан Б.Ганбат багш нар маань хичээллээд явж байна. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин Г.Жамсран багш маань жил гаруй багшил­сан. Д.Бумбаяр багш байна. Манай аймгийн том цолтой бөхчүүд бүгдээрээ л бид бүхэнд мэдэж сурсан юмаа харамгүй зааж сургадаг даа.

Увс аймгийн Давст сумаас Мядагийн Мөнгөн арслан гэж алдартай бөх төрж байсан. Тэр хүнээс хойш улсын цолтой бөх танаас өөр төрөөгүй байх аа?

-Увс аймгийн Давст сум өвөрмөц нутаг гэж хэлж болно. Бөх их цөөтэй. Ерөнхийдөө хоёр арслантай сум. Аймгийн цолтой бөх ч ер нь их цөөхөн. М.Мөнгөн багштай их ойр дотно холбоотой байдаг. Байнга зааж зөвлөдөг.

Танай аав, ээжийн удамд барилддаг, бөхийн цолтой хүн байгаа юу?

-Энэ үедээ барилдаж байсан хүн ер нь байхгүй. Манай аав бие хаа томтой, жирийн сайхан малчин хүн байдаг. 1992 онд Улсын аварга малчин болж байсан.

Гэр бүлээ танил­цуулаач?

-Гэргий, хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байна. Манай гэргийг Ч.Номин-Эрдэнэ гэдэг. Хэнтий аймгийн дархан сумын харьяат. Анх Батлан хамгаалахын их сургуульд ороод танилцаж, ханилсан.

Энэ намрын барил­даа­нуудад таныг тогтмол оролцож, амжилттай барил­даж байгаад хүмүүс их ам сайтай байх юм?

-Бөх хүн, тамирчин хүний хийх ажил чинь л энэ шүү дээ. Ажилчин хүн ажлаа тасалж болдоггүйтэй адил би ч гэсэн барилдаанаа таслахгүй, илүү чамбайруулж барилдахыг боддог. Би хүсэл зорилгодоо хараахан хүрч чадаагүй байна. Тийшээ л зорьж явна даа.

Танд ирэх жилийн наадамд түрүүлэх итгэл хэр байна?

-Тухайн наадамд түрүүлнэ гэдэг чинь бэлтгэл сургуу­лилт, тэр өдрийн од, аз хиймориос шалтгаалдаг. Тэрэнд хүрэхийн төлөө л бэлтгэл сургуулилт хийж байгаа.

Мөн сүүлийн жилүүдэд сайн барилдаж байгаа Э.Оюунболд, Ч.Санжаа­дамба, Б.Гончигдамба, Ц.Содномдорж гээд залуу бөхчүүдээс та хэнийг нь ирэх жилийн наадамд илүү сайн амжилт үзүүлнэ гэж үзэж байна вэ?

-Яг хэнийг нь гэж хэлэх их хэцүү. Монгол бөх өнөөдөр мэргэжлийн түвшинд хөгжчихсөн. Сард л гэхэд дөрвөөс таван барилдаан болдог. Долоо хоног болгон л барилдаан болж байна. Бөхчүүд байнгын бэлтгэл сургуулилтад хамрагдаад нарийн бэлтгэлтэй болчихсон. Ийм үед тэр түрүүлнэ, энэ түрүүлнэ гэж хэлэхэд арай л эрт болов уу. Илүү хөдөлмөрлөсөн, сүлд хийморь нь дээшээ байгаа нэг нь л түрүүлэх байх даа. Хүний буян заяа гэж нэг юм байх байлгүй дээ.

Тамирчин хүмүүс гэдэг чинь бөхөд хайртай ард түмэн, олныхоо тус дэмээр л явдаг. Байнгын ажил хийгээд байж чадахгүй. Өдрийн хоёр бэлтгэл хийнэ. Миний хувьд 2009 оноос “ТЭЦ-4” компанид харьяалагдаад явж байгаа. Мөн “Гацуурт” групп, зэвсэгт хүчний 350 дугаар ангийн харьяа, “Увс нуур” бөхийн дэвжээнд харьяалагддаг. Эдгээр байгууллага хамт олон, дэмжиж тусалдаг хүмүүстээ баярлалаа. Мөн нутгийн ах, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ахдаа чин сэтгэлээсээ дэмжиж тусалж, сэтгэлийн үгээ хэлдэгт нь баярлаж явдаг юм. Нийт Монголын ард түмэн, Увс нутгийнхаа зон олны итгэлийг алдахгүй илүү сайн барилдахыг хичээнэ.

Categories
мэдээ цаг-үе

Галбын говийн хүрэн тэмээд халдварт” ботулизм өвчин туссан уу

Түрүүч ньӨдрийн сонин”-ы 272 (5224) дугаарт


-20 гаруй тэмээ үл мэдэгдэх өвчнөөр өвчлөөд сар болох гэж байхад мэргэжлийн байгууллагуудын шинжилгээний хариу гараагүй л байна-

Өмнөговь аймгийн”Ханбогд сумын Номгон багийн малчдын тэмээнд туссан үл мэдэгдэх өвчин үхэрт халдаж эхэлсэн. Номгон багийн малчин Л.Отгондүү, А.Буд, Б.Өлзийбүрэн нарын 20 гаруй ингэ салганаж, амнаас нь сэвс, хөөс сахардаг үл мэдэгдэх өвчнөөр өвчилж, өчигдрийн байдлаар 13 тэмээ үхэж, арав гаруй нь өнөө маргаашгүй болоод байна.

Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтынхан болон Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, малын эмч нар тэмээний өвчин гараад байгаа хот айлд өвчин гарсны дараахан очсон байдаг. Тэгсэн мөртлөө өвчин гарсан газарт ямар нэгэн хорио цээрийн дэглэм тогтоож хамгаалалтад авалгүй явж одсон нь өнөөдөр ч хэвээр байна. Хууль журмандаа үл мэдэгдэх шалтгаанаар мал олноор үхэж үрэгдсэн тохиолдолд хамгийн эхний ээлжинд хорио цээрийн дэглэм тогтоодог байна. Өвчний голомт бүхий газраас хүн болон мал гаргахгүй, гаднаас хүн оруулахгүй байлгаж хорих ёстой гэнэ. Гэтэл тийм арга хэмжээ огт авалгүй өдийг хүрчээ. Үүнээс гадна өнөөдрийг хүртэл халдварт өвчин мөн үү, эсвэл өөр зүйлээс болж тэмээ үхээд байна уу гэдгийг мэргэжлийн байгууллагынхан эцэслэн тогтоогоогүй байна.

Бид тэмээнд туссан үл мэдэгдэх өвчин үхэрт халдаад байхад нь очиж таарсан юм. Малчин Л.Отгондүүгийн тэмээн сүрэг ус ууж, өвс идэж чадахгүй, урд хоёр хөл нь явж чадахгүй татаж, бүх бие нь нэлэнхүйдээ салганан хамар амнаас нь сэвс, шүлс их хэмжээгээр гоожно. Энэ шинж тэмдэг хэд хэдэн үхэрт нь илэрчээ. Тэмээг хамгийн тэсвэр тэвчээртэй амьтан гэдэг. Дэлхийд тэмээ шиг 60 хоног хоол тэжээлгүй, 40 хоног ус уулгүй амьд байж чаддаг амьтан тун ховор гэж ярьдаг. Энэ ч утгаараа өвчилсөн ингэнүүд хэд хоног зовж, тарчилсны эцэст үхэж байхад халдвар авсан үхэр маш богино хугацаанд үхэж байлаа. “Халдварт өвчин биш бололтой. Өөр малд халдварлахгүй байх шиг байна” гэж итгэж найдаж байсан малчид хэцүү байдалд орж, яах учраа олохгүй сандралдаж байна лээ. Цасан шуурга, хүйтэн бороог үл ажран жилийн дөрвөн улиралд нэг ч хоног хараа салгалгүй малаа өсгөж үржүүлэх гэж үйлээ үзэж байгаа малчид халуун намраар хот нь харлаж байгаад үнэндээ аргаа барж байв. Тэд нүдэндээ нулимстай “Монголд төр засаг байгаад ч нэмэр алга. Жирийн малчин биднийг тоох газар алга бололтой. Та нарын мал халдварт өвчин тусаад үхнэ үү, яана бидэнд хамаагүй гэж гэсэн шиг л байна. Үнэндээ хамаагүй л дээ. Гэсэн ч бид эмч, удирдлагуудыг харахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байгааг та нар харж байгаа биз дээ. Өөрсдөө яаж ч хичээж, арчилж, залбираад болохгүй байна. Дуудлагаар ирэх шатахууны мөнгө байхгүй мал эмнэлгийн газар байгаад яах юм бэ. “Шатахууны мөнгийг нь эндээс өгнө. Хүрээд ирэх боломж байна уу” гэхээр шинжилгээний хариу гартал хүлээнэ гэж хариулаад өрөөндөө суугаад байна. Бүр аргаа бараад Монголын нэр алдартай бөө, лам болгон дээр очлоо. Арга чарга бүгдийг нь хэрэглэж байна гээд баахан мөнгө биднээс авсан. Тус нэмэр болж байгаа зүйл алга байна” хэмээн ярьж байна лээ.

Үхэр халдварт өвчин тусаад үхэж байгаа гэдгийг сумын малчын эмчид дуулгав. Сумын малын эмч аймаг руу, аймгаас улсын Мал эмнэлэг рүү хэл хүргэх бололтой. Ямар ч байсан иргэн хүнийхээ үүргийг биелүүлж тэмээний өвчин малд халдварлаад байгааг анхан шатны байгууллагад мэдэгдлээ.

Үл мэдэгдэхөвчин тэмээ, үхрийн мэдрэлд нөлөөлсний улмаас үхэж байгаа нь үнэн

Баянсагалбар хоршооны эмч н.Бадамхандаас тэмээ, үхэрт илрээд байгаа өвчний талаар цөөн асуултад хариулт авлаа.

Тэмээ, үхэрт илрээд байгаа үл мэдэгдэх өвчний илэрч байгаа шинж тэмдгийг тодруулахгүй юу?

-Тэмээ халдварт өвчин тусах эрсдэл маш бага байдаг. Ханбогд суманд малын эмч болж томилогдож ирснээс хойш тэмээ халдварт өвчин тусч байсан тохиолдол гарч байгаагүй. Айлын нэг тэмээ халдваргүй өвчин тусаад үхэж байсан. Бид малчин Л.Отгондүүгийн тэмээ үхээд байна гэсэн мэдээлэл аваад сумын төвөөс гарсан. Илэрч байгаа шинж тэмдэг нь тэмээний төв мэдрэлд нөлөөлөөд байна гэж хэлж болно. Хөл нь татаж, бие нь салганах зэрэг нь төв мэдрэлийн системд нөлөөлсөн үед илэрдэг шинж тэмдгүүд.

Та тэмээ, үхэрт илрээд байгаа үл мэдэгдэх өвчинг халдвартай байх гэж таамаглаж байна уу?

-Шинжилгээний хариу гараагүй байхад халдвартай юу, халдваргүй юү гэдгийг хэлж болохгүй. Ямар ч байсан нэг зэлний 20 гаруй ингэ өвчилсөн. Тэгсэн мөртлөө өвчин гарах үед гэрийн гадаа уяатай байсан хоёр ат, эхийгээ хөхөж байгаа ботгонд өвчин илрэхгүй байгаа. Тэгэхээр халдварт өвчин биш ч юм шиг. Үхэрт ингэнүүдэд илэрсэн өвчний шинж тэмдэг илэрч байгаагаас хараад байхад халдварт өвчин байж магадгүй юм. Гэхдээ эцсийн байдлаар шинжилгээний хариунаас бүх зүйл тодорхой болно.

Говьд өнөө жилхур бороо элбэг байсан гэсэн. Өвс их ургасан жил хортой өвс их ургадаг. Энэ хавиар ургадаг юм биш байгаа?

-Энэ жил бороо олон удаа орж өвс их сайхан гарсан нь үнэн. Гэхдээ говьд хэдхэн төрлийн өвс ургамал ургадаг. Нутгийн малчдад өөр төрлийн, өмнө нь огт үзэгдэж байгаагүй өвс ургамал ургасан зүйл ажиглагдаагүй гэсэн. Гэхдээ өвс ургамал, уснаас дээж авсан байна лээ гэв.

Ботулизм өвчний шинж тэмдэг

Тэмээ болон үхэрт илэрч байгаа үл мэдэгдэх өвчний шинж тэмдэг зэргээс харахад Монгол Улсад 60 гаруй жилийн өмнө гарч байсан ботулизм гэх өвчин байж магадгүй гэдгийг малын эмч нар болон малын халдварт өвчин судлаач эрдэмтэд хэлж байна лээ. Л.Отгондүү А.Буд, Б.Өлзийбүрэн нарын хотод гараад байгаа өвчин дээрх өвчний шинж тэмдэгтэй их төстэй байгаа юм. Ботулизм өвчин нь мал, амьтны хүүр, сэг зэм ялзрах ялангуяа задгай ус, гар худаг зэрэгт мал амьтан унаж үхсэн нөхцөлд буюу малын тэжээл ялзрах үед өвчин үүсгэгч үржин маш хүчтэй хор гаргадаг тул хортой ус, тэжээл ууж идсэн мал амьтанд тусдаг байна. Ингэснээр төв мэдрэлийн систем гэмтэж, залгиур хоолой хэл, доод эрүүний булчингууд саажиж, арьсны мэдрэх чадвар алдагдаж гэнэт үхэх буюу ус ууж, өвс тэжээл идэж чадахгүй хэвтсээр үхдэг. Өвчний оношийг ялзарсан, өмхийрсөн ус тэжээлийн байдал, шинж тэмдгийг нь харгалзан тогтоодог боловч үхсэн мал, амьтны ходоодноос 100-200 мл шингэн авч, лабораторид явуулан туршилтын амьтанд өгч хордох эсэхийг нь харгалзан тогтоодог гэнэ. Залгиур, хэл эрүү саажиж их биеийн булчин чангарал огцом чангарч, огцом сулардаг байна. Өвс, ус ургамал, шавьжинд хор нь агуулагдсан байдаг аж. Энэ өвчин нь адуу, үхэр, тэмээ зэрэг олон төрлийн амьтанд халдварлах боломжтой гэнэ. Хүнд хүртэл энэ өвчин халдварладаг гэнэ. Хүн ботулизм өвчний халдвар авсан тохиолдолд мэдрэлд нөлөөлж, бүх биеийн булчин хэт чангарч, суларч, залгиур эрхтэн гэмтэж амьсгалын зам хаагдаж, өндөр хэмтэй халуурч амь насаа алддаг байна.

Галбын ганган хүрэн тэмээн сүрэгт халдварт өвчин гарч тэр нь үхэрт халдаад байхад Ханбогд сумынхан мэдэж байгаа ч юм алга. Тэмээ, үхэрт халдварт өвчин гарсан нь тус аймгаас сонгогдсон УИХ-гишүүн болоод Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн, сумын удирдлагуудад огт хамаагүй бололтой. Ханбогд сумын Засаг дарга Т.Буян-Өлзий тэргүүтэй сумын удирдлагууд Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүдтэй “Галбын говийн хүрэн тэмээг Геннесийн номонд бүртгүүлнэ” гээд л малчдыг “Тэмээ цуглуул. Том биетэй, өнгө зүс сайтай бүх тэмээгээ олж ир” гээд хэдэн өдөр Л.Отгондүүгийн гэрийг тойрч давхисан гэнэ. Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүдтэй хамт тэмээний хүндийн жин, өндөр, ноосны урт, тавхай зэргийг хэмжиж үзэх гэнэ. Галбын говийн хүрэн тэмээг үйлдвэрлэлд бүртгүүлэх ажил хийгдэж байгаа нь энэ аж. Үүний дараа Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Ханбогд суманд тэмээний баяр хийх юм байх.

Хэрэв ботулизм гэх өвчин мөн бол говь нутгийн бахархал болсон хүрэн тэмээ тэр чигтээ дуусч, бусад мал, Ханбогд сумын малчдад халдварлах аюул ойрхон байна.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Интерполоор хэн хэнийг эрэн сурвалжилж байгаа вэ?

Дэлхийн Интерполийн төв Францын Леон хотод байдаг байна. Манай улс уг байгууллагад гишүүнээр элсээд 20 гаруй жил болж байгаа. Гишүүн болсон орны цагдаа, хууль хяналтын байгууллага эрэн сурвалжилж байгаа хүний тухай олон нийтэд мэдээлэх ёсгүй аж. Харин хууль хяналтын байгууллага мэдээлэл авах, ашиглах эрхтэй байдаг юм байна. Интерполд элсэн орсноос хойш манай улсаас олны анхаарлын төвд орсон ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор, “Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр, “90 сая”-ын гэх тодотголтой мөнгө залилсан Т.Гансүх, удаа дараа улсын хил зөрчин, хууль бусаар оргон зайлсан У.Болд нарыг энэ шугамаар эрэн сурвалжилж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байдаг. Өдгөө Интерполоор манай улсын долоон иргэн эрэн сурвалжлагдаж байна. Энэ талаарх мэдээллийг сонирхуулъя.

Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат

Манай улсаас Интерполоор эрэн сурвалжлагдаж буй хүмүүст хамгийн сүүлд нэмэгдсэн нь Ч.Ганбат юм. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Samsung CT corporatian” компанийн удирдлагуудыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнгөрсөн аравдугаар сарын 30-нд баривчилсан. Уг хэрэгт холбогдуулан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг цуг баривчлах тушаал гарсан ч тэд оргон зайлсан тухай мэдээлэл гарч байлаа.

Д.Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т буюу “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл заалтаар шалгаж байгаа. “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатыг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа аж.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү, Н.Энхтуяа нь 1960 оны хоёрдугаар сарын 29-нд төржээ. Англи, орос хэлтэй тэрээр Сингапур дахь Монголын далайн тээврийг хариуцан ажиллаж байсан гэгддэг. Монголын далайн тээврийг хариуцан Сингапурт олон жил амьдарсан түүний эзэмшиж байдаг 335 хөлөг онгоц байдаг гэсэн яриа ч бий. Түүнийг мөнгө завшуулсан, оргон зугтсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа юм.

БСШУЯ-ны дэд сайд Б.Тулгын төрсөн ах Б.Хуяг

1978 онд төрсөн Б.Хуягийг Интерполоор эрэн сурвалжлах болсон нь мөн л Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой. Н.Энхбаярын туслах байсан БСШУ-ы дэд сайд Б.Тулгын төрсөн ах энэ залууг мөнгө завшиж, оргон зугтсан нэрийдлээр эрэн сурвалжилж байгаа юм. Тэрээр Монголд байхдаа “Хар дун” гэх компанийн захирал байжээ. Түүний хувьд НИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор “Өргөө” зочид буудлыг өөрийн “Хар дун” компанид шилжүүлсэн нь ийн эрэн сурвалжлагдахад хүргэжээ. “Өргөө” зочид буудлыг өөрийн нэр дээр авахаас найм хоногийн өмнө Б.Хуяг нь “Хар дун” компаниа байгуулж байсан гэдэг. Эх сурвалжийн хэлж байснаар компаниа байгуулаад удаагүй байхад тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүй “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, Б.Хуяг захиралтай “Хар дун” компанийн 75, нийслэлийн өмчийн 25 хувийн оролцоотой “Дун-Өргөө” ХХК-ийг шинээр байгуулжээ. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр туслахынхаа төрсөн ахын нэр дээр компани байгуулж “Өргөө”-г өөрийн болгосон гэсэн таамаг бий.

Ц.Гансүх болоод бусад

Өнгөрсөн онд Ц.Гансүх гэгчийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Тэрээр өдгөө 43 настай бөгөөд Төв аймгийн харьяат аж. Монголын цагдаагийн байгууллага түүнийг хүн амины хэрэг үйлдсэн, бусдын биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж буй ч ор сураггүй алга болсон тул ийнхүү Интерполд хандах болсон байна. Түүнчлэн Интерполоор Баян-Өлгий аймгийн иргэн, Т.Анез болон 36 настай Г.Нэргүйг бусдыг залилан мэхэлсэн хэргээр, 42 настай С.Энхчимэгийг бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан хэргээр эрэн сурвалжилж байгаа аж.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ 99 суудалтай болж, бүрэн эрхийн хугацаа нь таван жил байна

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн
хуулиа баталсан. Түүнээс хойш 2000 онд
нэмэлт, өөрчлөлт оруулж байлаа. Аль
ч УИХ-ын
үед Үндсэн хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах эсэх тухай
сэдэв анхаарлын төвд байж, Үндсэн
хуульдаа гар хүрэх эсэх
талаар мөнхийн маргаан үүсч
байдаг. Өмнөх парламентын үед
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах
эсэхээр ажлын хэсэг байгуулагдаж
ажилласан ч шийдэлд хүрэлгүй
бүрэн эрхийн хугацаа нь
өндөрлөсөн. Мөн энэ парламентын
үед ч Үндсэн хуульд
нэмэлт өөрч­лөлт оруулах
нь зүй­тэй хэмээж
ажлын хэсэг бай­гуулж,
УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан. Тус ажлын хэсэгт
УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцан, Су.Батболд, Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, С.Баярцогт, Н.Батцэрэг нарын
хүмүүс багтсан юм. 1992 оны
шинэ Үндсэн хуулийг батлахад
гар бие оролцож байсан
туршлагатай, тулхтай хүмүүс цөөнгүй
багтжээ хэмээн тэд­нийг
олон нийт үнэлж байлаа.
Юутай ч тэд хоёр
жил орчим Үндсэн хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуу­лийн төсөл дээр
ажиллаад дараахь өөрчлөлтүүдийг тусган
санал оруулж байгаа юм
бай­на. Одоогийн байдлаар
уг хуулийн төслийг АН,
МАН, ИЗНН, “Шударга ёс”
эвсэл, бие даагчдаас бүрдсэн
47 гишүүн дэмжиж гарын үсэг
зураад байгаа ажээ. Энэхүү
өөрчлөлтүүдийг нэг бүрчлэн харцгаая.

Нэр өөрчлөх тухай. Ажлын
хэсгийнхэн Үндсэн хуулийн нэрийг
“Монгол Улсын Эх хууль”
хэмээн өөрчлөх санал оруулж
ирж байгаа юм байна.
Тэд үүнийгээ “Нийгмийн харил­цааг зохицуулах
эрх зүйн хэм хэмжээний
эх сур­валж нь
болж байгааг харгалзан үзэж
“Эх хууль” гэж нэрлэх
нь зохистой байна” гэж тайлбарлажээ.
УИХ-ын гишүүдийн тоог
99 болгоно. Олон улсын парламентын
гишүүдийн тоог хүн амтай
нь харьцуулсан судалгаа, 1992 оноос хойших хүн
амын өсөлтийг харгалзан УИХ-ын төлөөлөх
чадавхийг дээшлүүлэх үүднээс гишүү­дийн
тоог нэмэгдүүлж 99 бол­гоно гэжээ.
Засгийн газрын бүрэн эрхийн
хугацаа таван жил болно.
УИХ, Засгийн газрын бүрэн
эрхийн хугацаа дөрвөн жил
байгаа нь Засгийн газар
мөрийн хөтөлбөрөө хэрэг­жүүлэхэд хангалтгүй
гэж үзжээ.

Тиймээс энэ хугацааг таван
жил болгон нэмснээр Үндсэн
хуулийн 21 дүгээр зүйлд өөрчлөлт
оруулах шаардлага гарч байна. Хэрэв
УИХ-ын бүрэн эрхийн
хугацааг таван жил болговол
орон нутгийн ИТХ, Засаг
даргын бүрэн эрхийн хугацааг
ч сунгах юм
байна. Үүний тулд Үндсэн
хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр
дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн хоёр
дахь хэсэг, 30 дугаар зүйлийн хоёр
дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн нэг
дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн гурав
дахь хэсэг, 60 дугаар зүйлийн хоёр
дахь хэсгийн “дөрвөн жил” гэснийг
“таван жил” гэж өөрчлөх
ажээ.

Ерөнхий сайд танхимаа өөрөө
бүрдүүлнэ. Нэг ёсондоо Ерөнхий
сайд Засгийн газрын гишүүдийг
томилно, чөлөөлнө, огцруулна гэсэн үг. Засгийн
газрын тэргүүний танилцуулсан гишүүдийг бүрэлдэхүүнээр нь УИХ-аас
батлан томилох ажээ. Засгийн
газрын бүтэц, бүрэлдэхүүний тоог
Үндсэн хуулиар тогтоох, УИХ-ын гишүүн Засгийн
газрын гишүүнээр хавсран ажиллах хязгаарыг
тогтоох, Ерөнхий сайдыг огцруулах,
дараагийн Ерөнхий сайдыг томилох
асуудлыг хамтад нь тавьж
шийдвэрлэдэг болгохоор өөрчлөлт оруулсан байна.

Ерөнхийлөгчийг
ард түмэн сонгохгүй. Монгол
Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх, түүнийг
сонгох журмыг төрийн тэргүүн,
ард түмний эв нэгдлийг
илэрхийлэгч институт болох зарчмынх нь
хувьд нийцүүлэн өөрчлөх ажээ. Ингэснээр
Ерөнхийлөгчийг ард түмэн биш
УИХ, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын
болон аймгуудын ИТХ-ын дарга
нар нууц санал хураалтаар
сонгох юм байна.

Гурван хоттой болно. Монгол
Улсын нутаг дэвсгэр, засаг
захиргааны хуваарь, нутгийн өөрөө удирдах
ёсны байгууллагын эрхзүйн зохицуулалтыг өнөөгийн
шаардлагад нийцүүлэн өөрчлөхөөр болжээ. Тухайлбал, Дархан,
Эрдэнэт хот гэж тодорхойлсон
заалт өмнө нь Үндсэн
хуульд байгаагүй. Тэгвэл Улаанбаатар, Дархан,
Эрдэнэт хот нь засаг
захиргааны тусгай нэгж мөн
гэж үзээд тэдгээрийн удирдлагын
эрх хэмжээ, засаг захиргааны
зохион байгуулалт, үйл ажиллагааны журамд
өөрчлөлт оруулах юм байна.

Засгийн газар есөн яамтай
байна. Үндсэн хуулийн гуравдугаар
бүлгийн 39 дүгээр зүйлийн хоёр
дахь хэсэгт өөрчлөлт оруулан
Засгийн газрыг есөн яамтай
болгохоор өөрчилжээ. Үүнд, Сангийн яам,
Дотоод хэрэг, хууль зүйн
яам, Гадаад хэргийн яам,
Байгаль орчин, хөгжлийн яам,
Батлан хамгаалахын яам, Гэгээрлийн яам,
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын
яам, Хөдөө аж ахуйн
яам, Дэд бүтцийн яам
багтах юм байна. Мөн
Ерөнхий сайд шаардлагатай гэж
үзвэл Засгийн газрын үйл
ажиллагааны тодорхой асуудал хариуцсан гурваас
илүүгүй гишүүн нэмж болно.
Ерөнхий сайд Засгийн газрын
бүрэлдэхүүний саналаа УИХ-д
өргөн мэдүүлнэ гэжээ.

Ерөнхий шүүгчийг Улсын Дээд шүүхийн
шүүгчид нууц санал хураалтаар
сонгоно. Үндсэн хуулийн гуравдугаар
бүлгийн 51 дүгээр зүйлийн хоёр
дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий
зөвлөлийн санал болгосон Улсын
дээд шүүхийн шүүгчдийг УИХ-ын зөвшөөрснөөр, бусад
шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн
санал болгосноор тус тус Ерөнхийлөгч
зарлиг гарган батламжилна” гэжээ.
Мөн Ерөнхий шүүгчийг Улсын
дээд шүүхийн шүүгчид дотроосоо
гурван жилийн хугацаагаар олонхийн
нууц санал хураалтаар сонгохоор
болжээ. Сонгогдсон хүнийг нэг удаа
улираан сонгож болох юм
байна. Ингэснээр Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч
томилдог биш, шүүгчид дотроосоо
сонгодог болон өөрчлөх ажээ.

Сумын Засаг даргыг иргэд
өөрсдөө сонгоно. Үндсэн
хуулийн гуравдугаар бүлгийн жардугаар зүйлд
“…Сум, хотын Засаг даргыг
иргэд таван жилийн хугацаагаар
шууд сонгож, аймгийн Засаг
дарга батламжилж, мөн хуульд заасан
үндэслэлээр чөлөөлж, огцруулна. Сум, хотын Засаг
даргын сонгуульд улс төрийн нам
нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд иргэн зөвхөн
өөрийн нэрийг дэвшүүлнэ” гэж
заахаар төсөлд тусгажээ.

Улсын ерөнхий прокурорыг Ерөнхий
сайд нэр дэвшүүлнэ. Үндсэн
хуулийн гуравдугаар бүлгийн 56 дугаар зүйлийн хоёр
дахь хэсэгт “Улсын ерөнхий
прокурорыг Ерөнхий сайд нэр
дэвшүүлж УИХ-ын зөвшөөрснөөр
Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар
зарлиг гарган батламжилна” гэж
заажээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Гишүүд популист болж байгаа нь хувийн өмчид санаа зовох гол үндэслэл юм

Үндсэн хуулийг өөрчлөх тухай бид ид шуугиж эхэлж байна. 99 тэнгэртэй байна ч гэл үү, яана ч гэлээ гэцгээгээд л. Тэнгэр ч биш л дээ. Гишүүдийн тоог ярьж байгаа юм. Тэднийг тэнгэр гэх нь зөв гэж мэтгэх хүн ч байгаа л байх. Гэхдээ гишүүдийг юу гэх нь гол биш. Харин манай Үндсэн хуульд хувийн өмчийн баталгааг алдагдуулсан нэг заалт байдаг нь харин ёстой өөрчилмөөр зүйл байгаа юм.

Хоёрдугаар бүлгийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн хэсгийн 16 дугаар зүйлийн гуравт …Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно… гэсэн заалт байдаг. Энэ нь эсрэгээрээ хувийн өмчийг хууль гаргаад хураан авч болно гэсэн агуулгатай юм. Тэгвэл хэн эрх барьж байна тэр нөхөр дургүй хүнийхээ өмчийг хууль гаргаж байгаад хураагаад авчихаж болно гэсэн үг. Ингэхээр Монгол Улсад хувийн өмч ямар ч баталгаагүй гэсэн үг. Яг энэ тохиолдлыг ашиглах гэж оролдсон үзэгдэл УИХ-ын зүгээс ойр ойрхон гарах болоод буй нь хувийн өмчийн дархлааг хуульд суулгаж өгөх хэрэгтэй болоод байна. Популист гишүүд олширч байгаа нь хувийн өмчид санаа зовох үндэслэл улам бүр нэмэгдээд байгааг ч хэлэх үү.

Хувийн өмчийг баталгаатай болгохын тулд Үндсэн хуульд ямар ч тохиолдолд хувийн өмчийг нийгэмчлэх юм уу төр хүч хэрэглэн хууль баталж дайчлан авахгүй байх заалт хэрэгтэй. Амьдрал баян, юу ч тохиолдож болно. Бүүр аргагүй тохиолдол гэж ч байдаг. Тэр өмчөөс болоод Монгол Улс тусгаар тогтнолоо алдах гээд байх ч юм уу. Ийм үед л хувийн өмчийг хураах, дайчлан авах хууль гаргадаг байх хэрэгтэй. Тийм учраас ямар тохиолдлыг арга үгүй тохиолдол гэж үзэх вэ гэсэн хуулийн заалтуудыг Үндсэн хуульдаа суулгаж өгвөл иргэдийн өмчлөх эрх баталгаатай болно.

Categories
мэдээ нийгэм

Хонгорцог одтой, цагаагчин туулай өдөр

Аргын тооллын арван­нэгдүгээр сарын 11. Буд гариг. Билгийн тооллын битүүн. Хонгорцог одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 08:13 цагт мандан, 17:39 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтлэлч Баабарын “Улсаа нураачихалгүй сонгууль хүргэх юмсан” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, уншигч та бүхний гар дээр очлоо. Дэлхийн банкнаас танилцуулсан Монголын эдийн засгийн тоймыг дэлгэрэнгүйгээр нь өнөөдрийн дугаартаа хүргэж байна. Тэдний таамагласнаар ирэх онд гадаадын хөрөнгө оруулалт сэргэвэл эдийн засгийн идэвхижил аажмаар нэмэгдэнэ гэсэн өөдрөг таамаглалыг гаргажээ. Харин үүний тулд хөрөнгө оруулалтын урьдчилан таамаглаж, бодлого зохицуулалтууд шаардлагатай гэсэн зөвлөмж гаргажээ. Засгийн газрын хуралдааны тойм дөрөвдүгээр нүүрт орсон бол Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүн БОХХААБХ-ны дарга Су.Батболдын ярилцлага хоёрдугаар нүүрт орлоо. Харин тавдугаар нүүрт УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Үндсэн хуулийг өөрчлөх төслийг Их хуралд өргөн барьсантай холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлсэн ярилцлагыг багтаалаа. Гуравдугаар нүүрт гарсан нэрт нийтлэлч Баабарын “Улсаа нураачихалгүй сонгууль хүргэх юмсан” хэмээх нийтлэлд “ … Ардчилал өөрийн зарчимтай, дэг журамтай, үнэлэмжтэй. Сонгууль бол ардчилсан төрийг буй болгох механизм болохоос улс орноо нурааж тоглох солиорол биш шүү” гэсэн санааг энгийн, сонирхолтой бөгөөд дэлгэрэнгүйгээр нийтэлжээ. Баримт, үйл явдлын долдугаар нүүрт үүрэн телефоны дараа төлбөрт дугаар барьцаалан зээл олгоно гэх нэрийн дор хэрхэн иргэдийг луйвардаж байгаа талаарх дэлгэрэнгүй сурвалжлага болон ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын дарга асан хурандаа нарт ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл багтлаа. Түүнчлэн байгаль орчноо хамгаалах үйлсэд сүүлийн 40 гаруй жилд зүтгэсэн Д.Бямбажавын талаар “Хүмүүс хувь тавилан” буландаа багтаасан бол зохиолч, яруу найрагч Р.Эмүжингийн “Эрх чөлөө унтлагын өрөөнд байдаг” хэмээх ярилцлага Уран бүтээлч буланд тус тус багтлаа. Түүнчлэн цаг үеийн мэдээ мэдээлэл, нийтлэл зэрэг материалууд өнөөдрийн дугаарт гарлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхсайханы танилцуулсан “Байгалийн нөөцийн харти” зөвлөмжийн талаар “Өдрийн сонин”-оос уншаарай

Өнөөдөр “Blue sky” зочид
буудалд Монгол Улсын сайд М.Энхсайхан “Уул уурхайн засаглал” сэдвээр
илтгэл танилцуулж “Байгалийн нөөцийн харти” зөвлөмж бичгийг танилцуулсан
билээ. Илтгэлийнхээ эхэнд тэрбээр нэгэн санааг их тодотгосон юм. Тэр нь манайх
шиг гадаад өр ихтэй орнуудад тасын сан орж ирэх эрсдэл өндөр байдаг гэнэ. Улс
орнуудын өрийг худалдаж авдаг тусгай сангуудыг ингэж нэрлэдэг юм байна. Тас
шувуу үхдэл иддэг амьтан. Тэр утгаар нь дэлхийд ийм нэршил гарчээ. Тасын
сангуудыг оруулж ирэхгүйн тулд мөнгө олж өрөө төлөх боломжтой цорын ганц
салбарынхаа засаглалыг сайжруулах хэрэгтэй гэсэн санаа байлаа. Монгол Улсын
сайд М.Энхсайханы засаглал сайжруулах олон аргын нэг нь иргэд, шийдвэр
гаргагчдыг зөв мэдээллээр хангах бөгөөд сэтгүүлчид энэ утгаараа уул уурхайн
засаглалд гол үүрэгтэй гэсэн гаргалгаа нь анхаарал татав. Том орд дээр гэрээ,
хэлэлцээрийг хэр ашигтай хийх нь мэдлэгээс хамаардаг, мэдээлэл бага тал нь молигодуулахад
амархан байдаг, Оюу толгой дээр гэхэд л “Рио”-той ижил түвшний мэдээлэлтэй байж
амжилттай хэлэлцээр хийнэ гэсэн тогтож сонсохоор жишээнүүд цөөнгүй дуулдав. Энэ
талаар “Өдрийн сонин”-оос дэлгэрүүлэн уншаарай. Та манай сониныг захиалахыг
хүсвэл 9911-2954 дугаарт холбогдоорой.

Categories
мэдээ улс-төр

УИХ-аар хэлэлцсэн асуудлуудын тоймыг маргаашийн “Өдрийн сонин”-оос уншаарай

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн
хуралдаанаар УИХ-ын Монголын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах
“Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах
тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Дараагаар нь Монгол Улсын Засгийн
газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил
төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон баталлаа. Үүний
дараа төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах
тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэцүүлгийг хийсэн юм. Эдийн засгийн
байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан
гишүүд асуулт асууж, санал хураасан юм. УИХ-ын гишүүн Ц.нямдоржийн гаргасан
зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах саналыг тус байнгын хороо дэмжсэн. Түүнчлэн
ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг давхар хэлэлцсэн. Ийнхүү
чуулганаар хэлэцсэн дээрх асуудлаар УИХ-ын зарим гишүүд ямар байр суурьтай
байсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргаашийн “Өдрийн сонин”-ы хоёр,
дөрөвдүгээр нүүрээс уншаарай.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хорооны эмч нарыг чанаржуулахсан

Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Мөнхтүшиг

Хорооны эмч нар харилцааны соёлгүй, мэдлэг байхгүй юм. Нэг эмч нь бүх төрлийн өвчинг үздэг юм шиг, нэг бол тус тусдаа өөр өөр эмч байдаг ч юм шиг олон ааштай хүмүүс байх юм. Жишээ болгож ярихад “Би охинтойгоо үзүүлэх гэж яваад зүрхээ үзүүлчээд өөр эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч гэсэн өрөөний гадна зөвлөгөө авах гээд сууж байсан чинь гарч ирээд түрүүн өөр эмчид үзүүлчихсэн байж дахиад үзүүлэх гээд байж байх юм, эмч нарыг голоод ялгаад байгаа юм уу хаашаа юм. Гэж том том дуугарч зөвлөгөө өгөх нь бүү хэл хэл амаар доромжилж гарлаа”.

Өмнө нь байсан дүүргийн эмнэлэгт хяналтанд байдаг байсан гээд энд хяналтанд орох гэсэн чинь шинжилгээ чинь зүгээр байна гээд аваагүй.

Бие өвдөөд үзүүлье гэхээр үзэхгүй. Тийм болохоор заавал дээд шатны эмнэлэг болон таньдаг хүндээ хандаж байж эмнэлэгт хэвтдэг. Ингээд эмнэлгээс гарч аюул өнгөрсний дараа бичиж өгсөн эмчилгээ нь таарахгүй. Нэг бол нэг төрлийн эмээр бөмбөгддөг. Өөр эмчээс лавлаж асуухаар нэг төрлийн өөр нэртэй эмийг баахан биччихсэн байна гэх юм. Мэдэхгүй уухаар нь давхцаад зарим нь дооз нь ихдээд охиноо алдах дөхсөн. Мөн энэ хороонд шилжиж ирээд нөхрийгөө тархи толгойны гэмтэлтэй, өмнө байнгын хяналтад байсан гээд үзүүлсэн чинь сайн мэдэхгүй юм байна, түргэн дуудаад үзүүлчих гэж хэллээ. Ажил тарсны дараа түргэн дуудахаар хурдан ирдэг юм. Та түргэнээ дуудачих гэх энэ үгийг олон сонсох боллоо. Хорооны өрхийн эмнэлэгт шинэ төгсөж ирсэн , дадлагын эмч нар байх юм. Соёл, мэдлэг чадвар юу ч байхгүй. Иргэдийг баахан худлаа үнэн эмээр бөмбөгдөөд л сууж байх юм. Сүүлдээ ч очиж үзүүлэхээсээ зайлсхийдэг болсон. Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэг л энэ хорооны эмнэлгүүд дээр харагдах юм.