Categories
мэдээ нийгэм

Зарим авто худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн хэмжээнд автомашины худалдаа эрхэлж байгаа нийт 101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байдгаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан үзлэг шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбай, ил зогсоол, зориулалтын бус газарт худалдаа эрхэлж буй 68 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд хамтран эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд газраа зориулалтын дагуу ашиглахыг сануулж, хууль зөрсчсөн аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах тухай албан мэдэгдэл өгөөд байгаа юм.

Энэхүү мэдэгдлийн хүрээнд “Мөнгөн хүлэг” ХХК, “Хан-Өндөр” ХХК, “Баттогтох”, “Хосхүлэг” ХХК, “Баянзүрх моторс” ХХК, Роял моторс ХХК, “Поп карс” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд шаардлагыг хүлээн авч гадна талбайдаа авто машин худалдахаа зогсоосон байна. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн, “Сарны титэм үзэсгэлэн” ХХК, “Таван богд смарт электроникс” ХХК, “Материал импекс” ХХК, “Эс Энд Эй” ХХК, “Богц оюут” ХХК, “Метро моторс” ХХК-иуд гадна талбайдаа машин худалдаалах үйл ажиллагаагаа зогсоожээ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа авто захуудын эзэмшиж байгаа газар нь орон сууц, сургууль, цэцэрлэг, гэр бүлийн хэрэгцээний болон нийтийн эзэмшлийн зам, талбайн зориулалтаар ашиглаж, эзэмшихээр заасан газрууд байдаг гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээлж байгаа юм. Тиймээс энэхүү шалгалтыг цаашид үргэжлүүлж зориулалтын дагуу газраа ашиглаагүй аж ахуйн нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүлэх юм байнагэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн зөвлөхөөр сонгогдсон А.Баттөр гэж хэн бэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр А.Баттөрийг томилсон байна. А.Баттөр өмнө нь Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр 1965 онд Ховд аймагт төрсөн, Ардчилсан намын гишүүн. Эдийн засагч мэргэжилтэй хүн юм байна. 2012 оноос Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байжээ.

Товч намтар

Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр Ховд аймгийн харьяат. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Шинэ Зеландад Викторийн их сургууль, Бельгийн Вант улсад Европын стратеги, Олон улсын харилцааны төвийг төгссөн. Хөгжлийн ухааны магистр цолтой. ГХЯ-нд атташе, Франц улс дахь ЭСЯ-нд соёлын атташе, ЮНЕСКО-гийн Байнгын төлөөлөгчийн газарт дипломат ажилтан, ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал, 1998-2000 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн сайд, 2004-2006 онд Гадаад хэргийн дэд сайд, 2008 оноос Монгол Улсаас БЕНЕЛЮКС-ийн орнууд, Европын хамтын нийгэмлэгт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан олны танил улс төрч, дипломатч юм.

Categories
гадаад мэдээ спорт

Жэйми Варди 10-р сарын шилдэг тоглогч боллоо

Английн Премьер Лигийн 10-р сарын шилдэг тоглогчоор Лестер Сити клүбийн довтлогч Жэйми Варди тодорчээ. Өнгөрсөн сард 4 тоглолтод оролцож 5 гоолыг оруулсан тэрээр 9 тоглолтод дараалан гоол оруулаад байгаа. 28 настай Англи довтлогч анх удаа энэ шагналыг авч байгаа нь энэ юм. Варди 12 гоолтой лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж яваа бол Лестер Сити тэргүүлэгч Ман Сити, Арсенал багуудаас ердөө ганц оноо дутуу 3-т явна. Английн шигшээ багийн дасгалжуулагч Рой Хожсон Вардиг энэ 7 хоногт болох нөхөрсөг тоглолтын бүрэлдэхүүнд дууджээ. Өнгөрсөн сарын шилдгийн төлөө Өзил, Жиру, Де Бройне, Игало, Батланд нар нэр дэвшсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн есөн хөлт их цагаан тугийг маргааш цэнгүүлнэ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдөр маргааш буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тохионо. Энэ өдөр дараах арга хэмжээнүүд болно.

Төрийн далбаа мандуулах ёслол 10.00 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд

Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол 10.40 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд

Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслол 11:40 цагаас Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд

Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас болно.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавын хэрэгт холбогдсон Д.Чинбаярын ялыг 17.6 жил болголоо

Тайвань руу Монгол Улсын
дотоод нууцтай холбоотой асуудлыг
орчуулан гаргаж, тагнуул хийж
байсан үндэслэлээр УИХ-ын гишүүн
М.Батчимэгийн зөвлөх
З.Пагмажав, Д.Чинбаяр нарт анхан
шатны шүүхээс 16-22 жилийн ял оноосон.
Тодруулбал, З.Пагмажавыг эмэгтэйчүүдийн
хорих ангийн чанга дэглэмтэй
ангид 16 жил хорих ялаар
шийтгэжээ. Мөн эх орноосоо
урвасан хэрэгт холбогдсон Д.Чинбаярт чанга дэглэмтэй хорих
ангид 22 жилийн хорих ял
оноогоод байсан.

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн туслах З.Пагмажавын
хэрэг давж заалдах шатны
шүүх хурлаас мөрдөн байцаалтад
буцаад байсан. Харин өчигдөр Д.Чинбаярт холбогдох эх орноосоо урвасан,
тагнуул хийсэн гэх хэргийг
нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах
шатны шүүх дээр хэлэлцээд
түүний 22 жилийн чанга дэглэмтэй
хорих ялыг 17.6 жилийн чанга дэглэмтэй
хорих ял болгосон байна.

Д.Чинбаяр, З.Пагмажав нарыг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн
79.1-т зааснаар буруутгаж байгаа юм. Уг
зүйл ангид “Монгол Улсын
иргэн тус улсын тусгаар
тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан
хамгаалах хүчин чадалд хохирол
учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын
албанд элссэн, төрийн нууцыг
гадаад улс, түүний тагнуулын
албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын
эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг
гадаад улсын байгууллагатай хамтран
ажилласан, дайны байдалд буюу
дайн бүхий байдал зарласан
үед дайсны талд шилжин
орсон бол арван зургаагаас
хорин таван жил хүртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ”
хэмээн заажээ.

Ж.БАЯР

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтайд газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Цогт суманд газар хөдөлжээ. Өчигдөр 16:35:00 цагт тус сумын төвөөс зүүн зүгт 20 км-т 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ. Газар хөдлөлт иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохиролгүй гэж Цогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга С Онцгой байдлын ерөнхий газарт мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх сургуулиуд шаардлага хангаагүй байна

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгждэг “Үдийн цай” хөтөлбөрт НМХГ-аас шалгалт хийжээ. Шалгалтад нийт 60 сургууль хамрагдсан байна.

Шалгалтаар “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоо” болгох албан ёсны шийдвэр гараагүй ч зарим сургууль энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь тогтоогджээ. Дээрх сургуулиуд НӨХГ, сургуулийн захиргаатай хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулан ажиллаж байгаа боловч уг гэрээнд сурагчдын үдийн цайнд олгож буй хоол, хүнсний чанар, аюулгүй байдал, цайны газар, гал тогооны стандарт, ариун цэврийг хангах талаар тусгаагүй байна.

Түүнчлэн сургуулиудын цайны газрын 45 хувь нь зориулалтын бус стандартын шаардлага хангаагүй ажлын байртай байна. Тухайлбал, нийслэлийн 5, 35, 16, 17, 50, 72, 74, 21, 55, 79, 87, 102, 111, 120, 122 дугаар сургууль зориулалтын бус орчинд хоол үйлдвэрлэж байгаа бөгөөд хоол хүнс бохирдох нөхцөлтэй байгаа нь илэрчээ.

Зарим сурагч хоол идэх аягаа өөрсдөө уутанд хийж авч явдаг нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа аж. Мөн зарим сургууль амархан хагарахгүйг нь бодож меламинтай хуванцар аяга, сав хэрэглэж байгаа нь тогтоогджээ. Мөн шалгалтаар Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар ЕБС-д зарахыг хориглосон чихэр, шоколад, хийжүүлсэн ундаа, шарсан төмс, бургер зэрэг хүнсний бүтээгдэхүүн зарж байгаа сургуулиудад хариуцлага оногдуулахаар болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Нямдорж: Санал асуулга явуулах гэсэн луйвар явагдаж байна

УИХ-ын гишүүн Ц.Ням­дорж цаг үеийн байдалтай холбогдуулан дараахь тодруулгыг өглөө.

Үндсэн хуулийг өөрчлөх төслийг Их хуралд өргөн барьчихлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгаа вэ. Ард нийтийн санал асуулга явуу­лах болж байна аа даа?

-Монголын төрийг самрах ажлаа хийж байгаа юм байлгүй. Арваннэгдүгээр сарын 6 их хачин өдөр болж өнгөрлөө. Монгол төрийн тогтолцоог орвонгоор нь эргүүлэх Сонгуулийн хуулийн өөрчлөлт л гэнэ. Түүгээр нь гурван сонгуулийг нэг хуулиар явуулах юм гэнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна л гэнэ. Ард нийтийн санал асуулга хийх л юм гэнэ. Энэ бүх үйл явцыг хараад байхад цэлмэг тэнгэрээс гэнэт бороо ордог шиг тийм зүйл боллоо. Наадах чинь бүтэхгүй ээ.

Нэгдүгээрт, энэ Их хуралд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх ёс суртахууны эрх байхгүй. Энэ Их хурал байгаа үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж огт болохгүй. Нэр нүүрээ барсан ийм Их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж юу байдаг юм.

Хоёрдугаарт, энэ өөрчлөлтийн талаар манай нам Удирдах зөвлөлөөрөө болон ямар ч шатны хуралдаанаараа хэлэлцээгүй. Ялангуяа Ард нийтийн санал асуулга явуулна гэдгийг бүр ч яриагүй. Өөрчлөлт оруулна гээд байгаа төслийн доторх нарийн ширийн зүйлсийг нь одоо л уншиж эхэлж байна. Арваннэгдүгээр сарын 6-нд өргөн мэдүүлчихээд бүлгээр хэлэлцүүлэн энэ сарын 26-нд ард нийтийн санал асуулга явуулна гээд байна. Ийм хугацааны хайрцагт орчихоод байгаа юм. Нэгэнт хэлэлцэж амжихгүй өөрчлөлтийг хэлэлцэж цаг алдаж яадаг юм. Д.Дэмбэрэл УИХ-ын дарга байх үед баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хууль гэж байдаг юм. Тэр хуулиар нарийн дэг журмыг нь заагаад өгчихсөн. Нарийн дэг журмыг зөрчиж санал асуулга явуулах гэсэн луйвар явагдаж байна л даа.

Луйвар гэдэг нь…

-Тэр хуульд зааснаар сонгуулийн хугацаанаас зургаан сарын өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гээд заачихсан. Өргөн барьсан төслийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээд, заалт тус бүрээр нь санал хураалт явуулаад ард нийтийн санал асуулга явуулахаар болбол санал асуулгад оруулах заалт бүрийг эцэслээд УИХ-аар хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн төслийг ард нийтэд санал асуулга явуулна гээд хуульд нь заачихсан байгаа. Өргөн мэдүүлсэн төсөл дотор нь юу гэсэн байна вэ гэхээр УИХ-ын нэр бүхий 11 гишүүний өргөн мэдүүлсэн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал асуулга явуулах гэж байгаа. Тэгээд хэлэлцэх нь зүйтэй гээд санал асуулгаар шийдчих юм бол хэлэлцээд тэрийг нь өөр болгочихвол яах вэ. Санал асуулгын Үндсэн хуулийн заалт дотор санал асуулгаар нэгэнт тогтсон зүйлийг хэрхэвч өөрчилж болохгүй гэсэн хатуу заалттай. Ингээд ерөнхий том зургийг нь хараад байхад анхаарал нь төвлөрч байгаа хүнд асуудлаас холдуулж цаг хугацаа хожих гэсэн илт төрийн луйвар явагдаж байна гэж би ойлгоод байгаа. Наадах чинь батлагдаж чадахгүй. Нэмэлт өөрчлөлт оруулах хууль бол жишээ нь олон нийт, улс төрийн намуудын оролцоог дээд зэргээр хангаж зохион байгуулна гэж байгаа. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал тэр хуулийнхаа заалтын 5.1.1-ийг хэрэгжүүл гэсэн үгтэй юм байна лээ. Нэгэнт энэ батлагдахгүй учраас буруу, зөв гэж ярих нь утгагүй асуудал. Өчигдөр (уржигдар) манай намын бүлэг дээр яриад санал асуулгыг дэмжихгүй гэсэн шийдвэр гарсан. Энэ нь УИХ-ын 57-оос доошгүй гишүүн энэ өргөн мэдүүлсэн төслийг хоёрдугаар хэлэлцүүлгээр оруулаад дэмжих юм бол цаашаа санал асуулгад орно. 57 нь одоо байхгүй байгаа учраас наадах чинь цаашаа явахгүй. Бас нэг анхаарах зүйл байна.

Тэр нь юу вэ?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол өөр ямар ч асуудал хэлэлцэж болохгүй гэж тэр нэмэлт өөрчлөлт оруулах хууль дотор байгаа. Хэрвээ үүнийг Байнгын хороогоор хэлэлцээд эхэлбэл УИХ энэ төсөв хэлэлцдэг асуудлаа зогсоохоос өөр аргагүй байдалд хүрнэ. Зохион байгуулалтын шинжтэй ганц нэг асуудал хэлэлцэж болно. Хууль, бусад шийдвэрийн төслийг энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд эхэлсэн бол хэлэлцэж болохгүй гэсэн хуулийн заалттай. Ер нь бол Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг ч байхгүй гэсэн үг л дээ. Зохион байгуулалтын шинжтэй ганц нэг асуудлыг хэлэлцэнэ л гэж байгаа. Ийм учраас наадах чинь УИХ-ын төлөө Үндсэн хуулийг сайжруулах санал гэхээсээ илүү улс төрийн ээлжит жүжиг тавигдаж байна гэж харагдаж байна.

Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм уу. Та юу гэж бодож байна?

-Шаардлага байх нь бол байгаа. Гэхдээ тэр шаардлага жишээ нь энэ Засаг дарга нарыг томилдог системд шилжих ёстой гэж би ярьдаг хүн л дээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярихын тулд ёс суртахуунтай нэр нүүртэй байх хэрэгтэй шүү дээ, нэгдүгээрт. Энэ УИХ шиг нэр нүүрээ барсан хурал байна уу. Гурван сар Өршөөлийн хууль хэлэлцдэг Их хурал гурав хоногийн дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж байхгүй.

Дараагийн парламент нь чадна гэсэн баталгаа байна уу. Бүр дордоод ороод ирвэл яах вэ?

-Дордоод ороод ирвэл өөрчлөлт орохгүй л гэсэн үг. Дордох хувилбар байж л таараа. Би жишээ нь дараагийн парламент олигтой бүрэлдэхүүнтэй парламент гарна гэдэгт ерөөсөө итгэхгүй байгаа хүн. Одоо байж байгаа царайг нь хар л даа. Сайн дурын жүжигчид л самарч байна. Тэгэхээр одоогийн энэ хямрал, бүх юмны бурууг Үндсэн хууль руу чихээд гарах ийм улс төрийн оролдлого явагдаад байна. Одоогийн энэ Үндсэн хууль мөрдөгдөж байсан энэ хугацаанд эдийн засаг 10 хувьтай ч өсч байлаа. Зургаан хувьтай ч өсч л байсан. Төр донслохгүй, айвуу, тайвуу ажлаа хийж болдог л байсан. Асуудал Үндсэн хуульдаа биш, Үндсэн хуулийн дагуу төр түшиж байгаа түшээдэд л ийм сонирхол байгаа.

-2016 онд Үндсэн хуульд өөрчлөлт хийх ёстой юм байна гэж ойлгож болох уу?

-Би тэгж бодохгүй байна. Үүнийг нарийн ярих асуудал. Зөв гэж байсан юм чинь буруу тийшээ эргэчих гээд байна. Энэ Их хурал, энэ олигархи чинь энэ бүрэлдэхүүнээрээ явбал Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодгийг болиулах дүр зураг харагдаад байна. Өргөн барьсан энэ төслөөр чинь Ерөнхий сайд гэдэг жигтэйхэн амьтан гарч ирээд бүх сайд нараа томилоод Засгийн газрыг Их хурлын хяналтгүй болгоод, дургүй нь хүрвэл Их хурлаа тараагаад хаячихдаг дарангуйлагч гарч ирэх гээд байна. Тэр нь мөнгөнд идэгдсэн олигархижсан, гэмт хэргийн үүр уурхай болчихсон Ерөнхий сайд гарч ирвэл яана. Ийм хувилбар байж л байгаа шүү дээ. Тарахаасаа айгаад Их хурал нь ч юм ярьж чаддаггүй цаад талд нь бөөн идэлт уулт, олигархижсан Ерөнхий сайд дийлдэхээ байвал яана. Тэгэхээр өргөн барьсан энэ төслийг хэрхэвч дэмжиж болохгүй. Эд хүчээр шийдээд санал асуулга руу явах хэмжээнд хүрвэл би санал асуулгад битгий оролц гэж уриална. Огт болохгүй. Энэ их сонин. УИХ 99 гишүүнтэй болох юм гэнэ. Есөн яамтай болох юм гэнэ. Гурван есийн тоо байгаа биз. Ноднин 888 төсөл гэж нэг юм гаргаж ирээд нураад дууссан. Одоо тэгээд 999 болж байгаа юм байна л даа. Энэ дотор дандаа бөөгийн тоонууд явж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иймдээ хүрэхээрээ л ардчиллынхан нэгнийгээ хөнөөдөг юмдаа

Үнэндээ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харахаар, ойлголцох бус улам хурцдан чангарч байгааг нь харахаар айдас төрж байна. Шулуухан хэлэхэд хэн нь бол доо гэж хүртэл бодогдоход хүрч байна.

ЗТЯ-ны төрийн бичгийн дарга асан Б.Батзаяаг ЭЦГ-аас баривчиллаа. Зөрүүлж байгаа юм шиг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ нь баривчиллаа. АТГ хэний мэдэлд байдаг, ЦЕГ нь хэний мэдэлд байдаг нь хэнд ч тодорхой. Тийм атал тал талд бөөн таамаг, мэргэчүүл, тэдний үгэнд автсан хэвлэл мэдээллийнхэн, сошиал ертөнцийнхөн… шуугиж байна аа. Үүнд үнэндээ мэргэ, таамаг ердөө хэрэггүй. Жишээ нь энэ бүх баривчилгааны дараа эхлээд хэн гэгч нь бухимдахнав, бухимдсан нөхөр юу ярихнав гээд ганц өдөр тэвчээд харчихад бухимдсан нөхөр учрыг хүмүүст хэлээд өгчих юм. Яг л ингэж бодож дуусаагүй шахуу байхад хэн нэг нь бухимдаад эхэлж байгаа биздээ. Том ярилцлага өгөөд, тодорхой төслийн тухай яриад, зарим хүний нэр усыг дурдаад. Иргэн таны хүлээж байсан мэдээлэлд багцаа өгчихөж байгаа биз. За нэг иймэрхүү учиртай юм болж байгаа бололтой, одоо энэ зодоонд ил хийгээд далдуур хэн хэн оролцох нь уу сайн анзаарая гэж бодож дуусаагүй шахуу байтал чинь телевизээр бас нэг нь яриад эхэлж байгааг.

Тэгэхээр дараалсан баривчилгааны дараахь гарцаагүй үнэн логик гэвэл АН-ынхан Засгийн газраараа дахиад оролдож мэдэх юм байна. Тэгж байж энэ бүхэн илааршина гэдэг ч юм уу, эсвэл хүнд байдлаас гарцгаана ч гэдэг юм уу, тийм нэг тэнэглэл явж байгаа нь өнөөдөртөө лав үнэн боллоо.

Энэ мэтээр баривчилгааны дараах өөрийн логикийг цааш нь үргэлжлүүлвэл бүр ч нигуртай, шившигтэй дүр зураг руу орж явчих учир орхиё зүгээр. Харин ганцхан зүйлд л санаа зовж байна. Энэ бүхэн эцэстээ 99 оны, ийм нэг намрын зэвэргэн өдрийн аймшгийг давтчих бий гэж. 1999 онд ийм л зодолдсон өдрүүд болж С.Зориг гэнэт алагдсан шүү дээ. Ардчиллынхан 1996-2000 оны хооронд Засаглалд байхдаа яг л өнөөдрийнх шиг нөхцөл байдал дунд Засгийн газраа унагаж, хөнжилдөө орох завгүй хөлхөлдөн тэмцэлдэцгээсэн. Ерөнхий сайдуудаа дараалан сольсоор сонгууль болохын өмнөхөн Р.Амаржаргалаар Ерөнхий сайдыг хийлгэж үзээд сонгуульд орж амар сайхандаа жаргацгаасан юм. Өнөөдөр ч гэсэн Р.Амаржаргал л үлдэх шивдээ. Ингээд бүгдээрээ сонгуулиар навс тавиулаад 90 хувь нь гудамжинд гарч нөгөө хэд нь авгай хүүхдээ аваад Америк руугаа явцгаана. Ард нь хэн хэн үлддэг вэ гэхээр ардчилал мандтугай гэсэн нийтлэлүүдээ Баабар, Цэнддоо хоёр нь бичээд, Алтанхуяг, Гончигдорж нар нь намын байраа сахиад, Бат-Үүл нь хэдэн партизантайгаа тракторчдын жагсаал цуглаан ч гэх шиг зүйлсийг сэдээд, хөдлөх ч мөнгөгүй болсон намдаа хэдэн төгрөг олох гэж Лу.Болд мэт нь үйлээ үзсээр үлдэцгээдэг жам ёсны үзэгдэл бий болж. Аз болоход ардчилал амьд байгаа шүү гэдгийг өдөр бүр тунхагласаар байх “Өдрийн сонин” гэдэг том индэр Монголд байх юмдаа. Гэхдээ л өдөр бүр ардчиллыг тунхаглах нь амаргүй, ямар хэцүүг энэ сонины эрхлэгч л ганцхан мэдэх байх. Одоо бүр ч зовох байх. Яагаад гэвэл Ардчиллынхан сая төрийн эрх барих хугацаандаа чөлөөт хэвлэлд чөдөр тушаа болох бүх ажлыг сэдэн санаачилж хэрэгжүүлсэн. Өөрсөндөө л хор хүргэсэн хэрэг л дээ.

Өнөөдөр байдал иймдээ тулсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрч АН-ын лидерүүд алдаагаа засаж авахгүй бол ирэх сонгууль муугаар төгсөх нь. Сонгуульд нам ялагдлаа, АН-ын ажил автоматаар “Өдрийн сонин”-ы редакци руу шилжинэ. Ийм цикль өмнө нь лав найман жил үргэлжилсэн. Одоо хэдүй хугацаанд үргэлжлэхийг тааж мэдэхгүй нь. Ийм таагүй цаг ирэх үед харин өнөөдөр АН-ын нэрээр УИХ-ын гишүүн, сайд, дарга нар хийж байгаа сүрхий нөхөд сураг ч үгүй болцгоодог нь бас л жам юм. Зарим нь бараг “Би АН-ын гишүүн” гэж хэлэхээсээ айдаг байж магадгүй.

АН-ын лидерүүд одоо л эрх ашгийн дундын хувилбараа олж ойлголцохгүй бол ийм юм руугаа явах нь. Юун Засгийн газар огцрох вэ. Одоо огцруулбал тэгээд л нам сөнөнө. АН-ын өнөөдрийн томчууд “Дүүрсэн хэрэг, өөрсдийнхөө эрх ашгаар дуусая” гэж бодоцгоож байгаа бол эргээд ирэхэд чинь хүлээж авах масс нийгэмд ч тэр, намд ч тэр, дараагийн үеийнхэнд чинь тэр байхгүй болсон байна. Та нарын хэн чинь юу хийснийг, юу яриад явсныг, тэрбүү хэл юу санаж сэдээд, бодож төлөвлөөд, гар хөлөө бэлдээд, хар зураг гаргаад явсныг бүгд л багцаалж мэддэг, хаалганы цаана ярьцгаасаар байгаа юм билээ шүү.

Энэ бүгд улс төрийн орчинд болдог, болж байсан порцесс гэж хэлэх хүн байж магадгүй. Тэгвэл энэ бүх үйл явц дунд байж болохгүй процесс өрнөсөн 1999 оныг сана. Ардчиллынхан иймдээ хүрэхээрээ л нэгнийхээ амь насаар тоглодог ойрхоны түүх байгааг сана. Хүнд амь наснаас нь илүү эрх ашиг гэж байдаггүй юм. Тэр ч байтугай орчин цагт амь наснаас үнэтэй эх орон ч гэж байхгүй.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын үйл ажиллагааны шинэлчилсэн хуваарийг танилцуулж байна

НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 11-ний Лхагва гарагт:

  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 11-ний Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгох /Иргэний хуулийн 17.1.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх/.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын 48 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 6 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

ГУРАВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 11-ний Лхагва гарагт 09.00 цагаас:

  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилнэ/.

11 дүгээр сарын 13-ны Баасан гарагт 09.00 цагаас:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын 48 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 6 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаас Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.